Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Монголчууд Орос орныг байлдан дагуулсан түүхУншсан17,866

Оросын нутгаар дайран өрнө зүгт зугтаж буй Монголчуудын өст дайсан Кибчагуудын араас нэхэн хөөхийн тулд Бат хан өөрт үл дайсагнасан Оросын вангуудаас тусламж хүссэн юм.

Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар


Ижил мөрний Булгар, Кибчаг, зэрэг бусад олон үндэстэнг байлдан дагуулсан Батын удирдсан Монголын цэрэг 1237 оны өвөл Зүүн хойд Оросын вант улсуудын нутгийн хилд тулан ирээд байлаа. Оросын нутгаар дайран өрнө зүгт зугтаж буй Монголчуудын өст дайсан Кибчагуудын араас нэхэн хөөхийн тулд Бат хан өөрт үл дайсагнасан Оросын вангуудаас тусламж хүссэн юм.

Монголчууд бидний дорд боол Кибчагуудыг орогнуулж зүйл бүрээр туслан тэднийг хаацайлсан хэн бүхэн үхэх ялтай тиймээс бидэнд тус болж Кибчагуудыг барихад тусал хэмээн оросын вангуудад Бат хан үүрэг болгосон. Гэвч эртнээс Кибчагуудтай ураг төрлийн холбоотой байсан оросын вангууд ямар ч хариу өгөөгүй юм.

Оросууд анхнаасаа монголчуудын зорилго байгаагүй юм. Стратегийн гол даалгавар бол Кибчаг байсан. Тиймээс Бат хан тэргүүтэн ноёд оросуудад хүлээцтэй хандаж байсан юм. Бат хан Оросын хил дээр 40-50 мянган цэргийн хүч бөөгнөрүүлээд байлаа. Мөн түүний цэрэг дээр дайны олзлогсдоос бүрдсэн “хашар” буюу өнөө цагийн торгуулийн суман маягийн цэргүүд байжээ. Хашар цэрэг нь хот суурин эзлэн авах үед гуу суваг бөглөх гүүр далан байгуулах зэрэг бүхий л хүнд ажлыг хийдэг тусгай үүрэгтэй байжээ. Хожим оросууд энэ цэргүүдийг торгуулийн суман, салаа болгон ашигласан байх талтай.

Зүүн хойд оросыг эзэлсэн нь

Зүүн хойд Орос хамгийн түрүүнд Монголчуудын хөлд үрэгдсэн юм. Бат хан оросын Воронеж хотын ойролцоо буужээ. Гэхдээ тухай үед Воронеж хот байгаагүй бөгөөд харин Дон мөрний эрэг дэх Онузы голын хавьцаа буусан юм. Эндээс л Оросын вангууд руу элч илгээж байжээ.

Монголын их цэргийн анхны дайлсан вант улс бол Рязань юм. Бат хан ямар ч учир шалтгаангүйгээр дайтаагүй юм. Аливаа зүйлд шалтгаан хэрэгтэй байдаг. Тэр шалтгааныг  нь Оросууд Бат ханд хангалттай бэлдэж өгсөн юм. Кибчагын араас нэхэн яваа тиймээс та нартай байлдах ямар ч учир шалтгаан байхгүй зайлшгүй Рязаны вант улсын нутаг дэвсгэр дээгүүр гарч явах шаардлагатай болсон. Мөн өвөл цаг тул хоол хүнс, агт морьдын тэжээл, хүн хүчний туслалцаа хүссэн юм. Харин Рязаньчууд нутаг дээгүүрээ явуулахыг зөвшөөрөхгүй тэр ч байтугай бид бүгдийг үхсэний дараа энэ бүх хүсэл чинь биелэх байх зэргээр доромжлон төрийн алтан аргамжаа болсон Монголын элч төлөөлөгчийг алсан юм.

Рязань хотод тухайн үедээ 25,000 хүн оршин суудаг. Оросын хамгийн өмнөд зүгийн вант улс, зүүн хойд Орост нэвтрэх үүд хаалга учраас дайн эндээс эхэлсэн. Гурван талаасаа 10 метр өндөртэй, 23-24 метр өргөн суурьтай далан, үлдсэн нэг талаасаа байгалийн хана хэрэм болсон Ока мөрнөөр хамгаалагдсан байжээ. Гадна даланг тойруулан 8 метр гүн гуу татсан 3-4 мянган цэрэг хамгаалуулсан Оросын томоохон хотуудын нэг байжээ. Монголын цэрэг Рязаны ванд бууж өгөхийг шаардсан боловч Рязаны ван татгалзсан хариу өгчээ. Улмаар Рязаны ван Юрий Ингваревич Воронеж голд Монголчуудыг угтан байлдсан боловч бут цохиулан ухарчээ. Энэ тулалдаан Оросууд олон вангаа алдсан байна. Улмаар Монголын цэрэг 1237 оны 12 сарын 16 нд Рязань хот руу дайрснаар хот ердөө л 5 хоног л тэсчээ. 1237 оны 12 сарын 21 нд Рязань хот эзлэгдсэн гэж Каргалов[1], Гудзь-Марков[2] нар өөрсдийн бүтээлдээ дурджээ.

 XIII-р зууны Рязань хотын харагдах байдал

Оросын түүхэнд “догшин Евпатий” хэмээн алдаршсан Евпатий Коловрат 1700 орчим цэрэгтэйгээр Монголчуудыг хиар цохисон гэх домог энэ хотын орчимд үүсжээ. Энэ домгоор Оросууд саяхан кино хийсэн. Үнэхээр ийм зүйл болж Батын цэрэг хиар цохиулсан нь юу л бол. Оросуудын ээлжит зохиомол дүр юм.

Үнэхээр тийм зүйл болсон ч гэлээ Евпатий Коловрат 1700 гаруй хүнээр их цэргийг (түмт гээд байгаа) бутцохих ямар ч боломжгүй харин Батын арын албаны цэргүүд буюу монгол цэргийн 2-3 зуутыг л цохисон байх боломжтой. Гэхдээ ийм домог аль ч ялагдсан үндэстэнд байдаг тул хүндэтгэн үзэх хэрэгтэй.

Монголын цэрэг цааш давшин 1238 оны 1 сарын 10 нд Коломна хотод тулж иржээ. Коломна хот нь тухайн үедээ зам харилцааны огтлолцол дээр байрласан чухал ач холбогдолтой маш сайн хамгаалалттай хот байлаа. Энэ тулалдаанд Оросын хэд хэдэн вант улсууд оролцсон боловч бүгд бут цохиулжээ. Энэ тулалдаанд Чингис хааны тавдугаар хөвгүүн Хүлэгэн амь үрэгдсэнээс харахад тулалдаан нэлээд ширүүн болсон нь харагдана. Коломна хотыг эзлэн авах ажиллагааг Бат хан өөрийн биеэр удирдсан байдаг.

Монголын цэрэг цааш давшин 1 сарын 20 нд стратегийн ач холбогдол багатай Владимирийн вант улсын Москва хотыг эсэргүүцэлгүй шахам эзлэн цааш давшин Суздаль хотыг 2 сарын 5 нд явуут дундаа эзлэн Владимир хотыг 1238 оны 2 сарын 4 нд бүслэн авсан байна[3]. Владимирын их ван Юрий Всеволдович энэ үед хотод байхгүй байсан бөгөөд Владимир хотынхон ихээхэн ширүүн эсэргүүцэл үзүүлсэн боловч 2 сарын 8 нд[4] хот монголчуудын гарт оржээ.

Монголын цэрэг цааш давшин Ростов, Углич, Ярославль, Костром, Кашин, Кснятин, Городец, Галич-Мерский, Переяславь-Залесский, Юрьев, Дмитров, Тверь, Волок-Ламский, Тверь зэрэг 14 хот эзэлсэн байна[5]

Оросуудын үзүүлсэн ганц эсэргүүцэл бол Сити голын тулалдаан юм. Оросууд Сити голын дэргэд 1238 оны 3 сарын 4 нд[6] томоохон эсэргүүцэл үзүүлсэн юм. Владимирийн их ван Юрий Всеволдович оросын өнцөг булан бүрээс 12-15 мянга орчим цэрэг цуглуулан Монголчуудыг хүлээж байжээ.

Монголын жанжин Бурундай буюу Боролдой жанжин 8-10[7] мянга орчим цэрэгтэй хүрэлцэн иржээ. Хоёр талаас нийтдээ 30 орчим мянган цэрэг оролцсон томоохон тулалдаан болсон юм. Новгород хотоос тусламж хүссэн боловч ван Ярослав өөр дээрээ дуудах гай зовлонгоос болж ямар тусламж өгөөгүй юм. Харин Юрьевецийн ван Святослав Всеволодович, Ростовын ван Василько Константинович, Угличийн ван Владимир Константинович, Ярославлийн ван Всеволод зэрэг вангууд өөрсдийн цэргийн хамт ирсэн байна.

Тулалдаанд их ван Юрий болон бусад ван жанжингууд алагдаж Бурундай жанжны удирдсан Монгол цэргийн ялалтаар төгссөн байна. Сити голын тулалдаан нь Орос орны цаашдын хувь заяанд асар их үүрэг гүйцэтгэсэн. Энэ тулалдаанаар зүүн хойд Орос Монголын мэдэлд бүрэн орсон. Сити голын тулалдаан нь Оросын үндэсний гашуудлын хэмжээний түүхэн үйл явдал байсан. Уг тулалдаанаар их ван Юрий, ван Всеволод, Жирослав Михайлович, Василько нар амь үрэгдсэн. Оросын 12-15 мянган цэрэг бүгд амь үрэгдсэн юм.

Бат ханы цэрэг 1238 оны 3 сарын 5 нд Торжок хотыг бүсэлсэн байна. Торжок хот 14 хоног бүслэгдсэний эцэст эзлэгджээ. Торжок хотынхон Новгород хотоос тусламж хүссэн боловч дахин ямар ч тусламж ирсэнгүй байсаар хот эзлэгдсэн. Бат хан Новгород хотыг эзлэх зорилготой байсан боловч цааш явах шаардлагагүй болсон юм. Новгород хотод 100 мод газар[8] ойртож очоод буцсан монгол цэргийн энэ үйлдлийн талаар Оросууд янз бүрээр тайлбар хийдэг. Оросын ард түмний баатарлаг эсэргүүцэл. Хаврын үер, намаг шалбааг гээд байгалийн бэрхшээл зэргээс болсон гэж бас бичдэг.

Үнэн дээ Новгород эзлэгдээгүйн учир шалтгаан бол Новгородын Ярослав ван Торжок болон Сити голын мөн бусад тулалдаанд дундыг сахиж хүлцэнгүй байсныхаа шанд Бат ханаас бүх Оросын их ван гэсэн алдрыг хүртэж Новгород хотоо аварч чадсан юм. Утга учиргүй цус урсахаас сэргийлсэн алхам гэж оросууд үздэг. Ердөө ийм л шалтгаанаар Новгород хот аврагдсан билээ.

Бат хан их цэргээ аван Команий тал руу буцах замдаа Оросын зарим жижиг хотуудыг эзлэн авсан юм. 1238 оны 4 сард Смоленск хотыг явуут дундаа эзлэн авсан Монголчууд Козельск хотыг бүслэн хаажээ.

Доктор Ч.Чойсамбын өгүүлснээр Козельсктэй эртний тооцоотой байсан юм. Учир нь Калка голын тулалдааны үеэр буюу 15 жилийн өмнө Черниговын болон Козельскийн ван Мстислав нар Монголын элч нарын амийг хорооход оролцсон байжээ. Козельск хотын ван Василийн эцэг Мстислав Святославич нь 1223 онд Калка голын дэргэд Монголын цэрэгт бут цохиулж амь үрэгдсэн юм.

Тулалдаан туйлын ширүүн болж өнгөрсөн. Хотыг маш сайн хамгаалсан байлаа. Хот нэлээд өндөрлөг газар байрлаж байсан нь давуу байдлыг олгож байжээ. Энэ тулалдаан 49 хоног үргэлжилж Монголын талаас 4000 орчим цэрэг амь насаа алдаж хотыг хамгаалагчид бүх цэргээ алдсан[9]. Энэ хохирол нь Монголчуудын хувьд томоохон хохирол бөгөөд монголчууд нийт цэргийнхээ 10 орчим хувийг алдсан юм.

 Эртний Козельск хот XIII-р зуун

Козельск хотыг эзлэн авах тулалдаанд Монгол цэрэг тулалдааны сүүлийн өдөр ухарч зугтах тактик хэрэглэн эргэн довтолж толгой дараалан оросуудыг устгасан байна. Хот газрын хөрснөөс арчигдан үгүй болжээ. Бат хан ойролцоогоор 30 мянга орчим цэргээр Козельск хотыг бүсэлсэн бол хотынхон 15,000 орчим цэргээр (хотын нийт оршин суугчдын тоо биш) хотоо хамгаалжээ. Оросууд Козельск хотын баатарлаг хамгаалалтаар бахархах дуртай бөгөөд янз бүрийн домог хүртэл зохиосон байдаг юм. Хотыг 49 хоногийн турш удаан хугацаанд хамгаалахад хотын газар зүйн онцлог байдал ихэд нөлөөлсөн. Хотын хоёр талын гол хавар цас хайлах үед үерлэж мөн хот өндөрлөг газар байрлаж дээрээс нь бүх зүйл ил тод харагддаг 10 метр өндөр хэрэм ханаар хүрээлэгдсэн байжээ.

Оросууд шөнийн цагаар Монголын цэргийн хуаран руу гэнэтийн довтолгооныг үе үе амжилттай хийж байлаа. Тухайн үед Бат хаанд инженерийн цэрэг дутагдаж байсан юм. Хадан, Бүри нар бүх харвагч шидэгч төхөөрөмжөө хаврын цас, шавар шалбааг дундуур маш удаан хотын зүг авч явж байсан юм. Мөн Оросуудын эцсээ хүртэл тулалдсан эр зоригийг энд үнэлэх нь зүйтэй билээ.

 

Бат ханы энэ хохирол нь түүний зүүн хойд Орост хийсэн байлдааны дундаас хамгийн томоохон хохирол нь байжээ. Түмтийн гурван даргын хүү[10], баатарлагаар амь үрэгдсэн байдаг[11]. Бат ханы анхны бие даан явуулсан аян дайны эхний хохирол энэ байлаа. Тиймдээ ч энэ хот “түрэмгий хот” хэмээх нэр зүүсэн нь учиртай биз ээ. Он тооллын бичигт өгүүлснээр балчир Василий ван (тухайн үед найман настай байжээ) алагдсан хүмүүсийн цусанд живж үхсэн гэдэг домог бий. Үүгээр Бат ханы зүүн хойд Орост явуулсан байлдааны ажиллагаа төгсгөл болжээ.

 

Өмнөд Орост явуулсан байлдааны ажиллагаа

Команий талд 1239 оны эхээр их хүн хүч агт морьдоо амрааж хүчээ сэлбэсэн Бат хан өмнөд Оросын хилд 50-60 мянга орчим цэргээр цөмрөн орсон байна. Яг энэ цаг үед Бэрх Кибчагуудын бослогыг дарж үлдсэн цэргийг нь хөөж яваад Өмнөд-Переяславлийн (Переяславль-Южный) нутагт орж иржээ. Оросууд Монголчуудын заналт дайсан Кибчагуудыг нутагтаа орогнуулсан нь тэдний уур хилэнг хөдөлгөж орхижээ. Переяславль хотыг 1239 оны 3 сарын 3 нд эзлэн авч сүйтгэсэн байна.

Үүний дараа Монголын цэрэг агт морьдоо амрааж байгаад намар 10 сарын 18 нд Чернигов хотыг эзлэн авчээ. Энэ удаагийн аян дайнд Бат ханы цэрэгт өөрийнх нь улсын цэрэг зонхилж байсан юм. Дагаар орсон Түрэг гаралтан болон Булгар, Кибчаг, Орос цэргүүд олноор элсэн орсон байлаа.

Цааш Монголын их цэрэг давшин Путивль, Глухов, Вырь, Рыльск хотуудыг эзлэн авч сүйтгэсэн байна. Улмаар Крымийн хойгийн Судак хотыг 12 сарын 26 нд буулган авчээ. Ингэснээр Киев хот орох зам нээлттэй болсон юм.

Тухайн үеийн Киев хот нь худалдаа, эдийн засаг, улс төрийн чухал ач холбогдолтой, өрнө дорнын зааг дээр оршдог 40-50 мянган хүн оршин суудаг хот байсан юм.

Бат хан Киев хотыг эзлэн авах ажиллагааг хан хүү Мөнхөд даалгасан юм. Мөнх Киев хотод 1240 оны эхээр анх тулан ирж элч илгээсэн боловч Киевчүүд хааны элчийг хороож хариу өгсөн байна. Мөнх хаан сайтар бэхлэгдсэн хотыг эзлэн авахад хүн хүч цаг хугацаа хэрэгтэй байсан тул түр холдон их цэрэг ирэхийг хүлээсэн юм. Энэ зуур Мөнх Гүюг нар Кавказын Дербент хотыг эзлэн авсан байна.

Киев хот энэ удаад дайнд маш сайн бэлтгэж байлаа. Хотын эргэн тойрон хамгаалалт хийж, хүнс усны нөөцөө бэлдэж байлаа. Өндөр эгц налуу толгод дээр байрласан “Ярославын хот” хэмээх 12 метрийн өндөр 3,5 км урт чулуун хэрэм ханатай байжээ. Мөн хэд хэдэн гуу жалга Днепер мөрөн гээд инженерийн бүхий л саад бэрхшээлийг байгаль өөрөө бий болгон Киевчүүдэд тусалж байсан юм. Киев хот Владимир ба Ярослав гэсэн хоёр үндсэн жижиг хотоос (дүүрэг) бүрдэж байжээ.

Киевийн ван Михайл Всеволодович Монголчуудыг ирэхээс өмнө Унгар луу зугтаж, шинэ ван Владимир нь нас барж Ростислав гэгч ван болсон боловч Галич-Волынийн ван Данил түүнийг эсэргүүцэн Дмитрийг Киевийн шинэ вангаар өргөмжилсөн үе байжээ.

1240 оны 11 сарын 23 нд Бат, Орд, Байдар, Бүри, Гүюг, Хадан, Бурундай, Сүвэдэй нарын цэрэг Киев хотод тулж ирж хотыг дайран эзлэх ажиллагаа эхлэсэн юм. Тулалдаан харгис ширүүн болсон гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Монголын цэрэг “Лядын хаалга”[12] хэмээх гол хаалга руу үндсэн цохилтоо өгч байжээ. Монгол цэрэг хэрэм хана эвдэгч чулуу шидэгч машин хэрэглэж байлаа. Хоёр тал амрах сөхөөгүй бүхий л зэвсэг хэрэглэн тулалдаж байсан юм. Удалгүй хотын гол хаалга нуран унаж Монгол цэргүүд хотын төвд байсан сүмийг нуугдсан хүмүүстэй нь хамт шатаан нураасан юм.

     1240 оны 12 сарын 6 нд Киев хот эзлэгдэж 50 мянга гаруй хүнээс 2 мянга нь л арай хийж амь гарчээ. Ийнхүү олон зууны турш оросын улс төр, соёлын гол төв байсан Киев хот (Киевийн Русь гэдэг нэр томьёо) үгүй болж дахин урд өмнөх шигээ хэзээ ч хүчирхэг болж чадаагүй юм. Түүний энэ орон зайг хойд Оросын хотууд залгамжлан авсан бөгөөд Новгород, Москва гэх зэрэг хотуудын цаашдын хөгжилд томоохон дэм болсон юм. Нөгөө талаар Киевийн төвлөрлийг үгүй хийх гэж оролдож байсан Оросын вангуудын хүсэл ч биелэж тэд монголчуудын довтолгоон дээр дөрөөлөн Киевийг үгүй хийж чадсан. Чухамхүү энэ түүхийн тэмцэл өнөөдөр хүртэл ОХУ, Украин гэсэн хоёр улсын хооронд оршсоор л байна.

Киев хотыг буулган авсны дараагаар Бат ханы цэрэг Галиц-Волынийн нутгийн зорин хөдөлжээ. Бат ханы цэрэг Владимира-Волыний, Ладыжин, Галич, Ижеславль, Бужск, Звенигород, Колодяжный, Каменец ба Изяславьль, Кремянец ба Данилов, Володимер[13], зэрэг хотуудыг эзлэн авчээ.

1241 оны эх гэхэд Монголчууд Орос орныг нийтэд нь эзлэн аваад Европт нэвтрэн ороход бэлэн болоод байлаа. Тэдний өмнө ганц л дайсан байсан нь өнөөх л гайхал Кибчагууд байлаа. Кибчагууд кибчагууд. Зөвхөн тэдний лай ланчигаас болж Булгар, Орос, Европ хүнд хохирол амссан юм.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

[1] В.В.Каргалов. “Монголо-татарское нашествие на Русь”.М.1966.,с.37

[2] А.В.Гудзь-Марков.”ДоМонгольская Русь в летописиых сводах V-XIII вв”.М.2005.с.452

[3] Мөн тэнд.с.42

[4] В.Г.Вернадский.”Монголчууд ба Орос орон”.УБ.2008.48-р тал

[5] Россия путь сквозь века.”Русь и Монголы XIII в”.М.2010.с.117

[6] Сахаров Н.А. “Битва на Сити в летописях, преданиях, литературе. Заметки на полях.”М.2008.,с.32.

[7] Мөн тэнд.с.44.

[8] БХЭШХ.”Монгол цэргийн түүхийн товчоон I боть”"УБ.1996.256 дэх тал

[9] Лаврентьевская летопись. (начало 80-х гг. XIV в.)

[10] Галицко-Волынская  летопись (XII-XIII вв.)

[11] Ипатьевская летопись (список начала XV в.)

[12] Б.Греков, А.Якубовский.”Золотая Орда”.М.1941.,с.150

[13] Майоров 2012a - Майоров А.В. Повесть о нашествии Батыя в Ипатьевской летописи. Часть первая // Rossica antiqua. 2012. № 1. С. 33–94.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 24. 10:35
Snooker

Мөсөн дээрх тулаан гэгдэх 1242 оны 4-р сарын 5 өдөр болсон гэж үздэг Александ Невский ялалт байгуулсан тухай оросууд ийнхүү сонирхолтой материал хэвлэгдсэн байна.

Сонирхоод орчуулж боломжтой хүн нь орчуулбал бас сонин л юм.
http://tass.ru/spec/ledovoe?utm_source=gazeta.ru&utm_medium=referral&utm_campaign=exchange_gazeta

3 сар 14. 12:00
Зочин Сhuka

Мэддэг хүмүүс нь ийнхүү эх түүхээ бусаддаа таниулан түгээж байдаг нь үнэхээр зөв зүйтэй, буюнтай үйлс шүү. Их баяраллаа. Эх өвгөд дээдсийн минь босоо хийморь сүр сүлд ивээх болтугай!

3 сар 12. 17:09
Зочин

gaihaltai yu ch heleh ve

3 сар 12. 17:09
Зочин

tiimee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]