Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хат суусан он жилүүдийн дурсамжУншсан4,254

Бид бослоо цээж нүцгэн гараад жагс гээд л бага дарга команд өглөө, бид ч өмд гутлаа углан гараад жагслаа мэндэлж байна “нөхөр бага түрүүчийн амрийг эрье” гээд л... “баруун тийш эргэ, гүйгээд марш” гээд л баахан уул толгод хэсүүлэн гүйлгэсээр нэгэн голын хөвөөнд /Улиастайн гол/ авчраад нүүр гараа угаав, хүйтэн усаар анх нүүр гараа угааж байгаа нь тэр.

1981 оны зуны дунд сарын аагим халуун нартай нэгэн өглөө ЦНДС-ийн жагсаалын талбайд бүх аймаг, нийслэл хотоос цугласан банди нар бие биенээ харцгааж бас ажиглан гайхан зогсож байтал бууралдуу толгойтой, намхан нуруутай цэрэг хувцастай “ах” ирж биднийг бүртгэн жагсаагаад, Та нар цэргийн төв эмнэлэгт очиж нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж, үзлэгээр тэнцсэн хүмүүс “Шар хад” дахь сургалтын төвд карантинд гарах болно гэв. Ийнхүү бид гурван өдрийн турш эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж баахан шинжилгээ өгч ёстой л нэг задлуулаад дэлгэсэн мэт үзүүлэв. Нөгөө дарга биднийг жагсаагаад хэсэг нөхдийн нэр дуудаж, эдгээр хүмүүс эрүүл мэндийн улмаас цэргийн сургуульд тэнцэхгүй хэмээн зарлав. Бусад нь маргааш өглөө  ЦНДС-д цуглан цэргийн дүрэмт хувцсанд шилжих тул өөрсдийн өмсөж буй энгийн хувцсаа авах хүн дагуулж ир, тэндээсээ сургалтын нэгдсэн төвд карантинд гарна гэлээ.

 

Тухайн үед Хятад, Вьетнамын хооронд дайн дэгдэж зүүн өмнөд Азийн цагийн байдал нэлээд хурцадмал байсан тул манай улс тухайн үедээ армиа өргөтгөх бодлого барьж байсан ба манай оныхон харьцангуй олуулаа байлаа. Одоо бодоход 400 гаруй хүүхдийг гадаад, дотоодын цэргийн их, дээд сургуульд элсүүлэн суралцуулахаар шийдвэрлэж байсан юм. Энэхүү дурсамждаа ЦНДС-ийн хашаанд дөрвөн жил казармагийн дэглэмд бэлтгэгдсэн онжавуудын тухайгаа дурсан бичиж байна. Бидний оны гэх нөхдөөс Шар хадны карантинд гарч хэд хоног бэлтгэл сургууль хийгээд ЗХУ-д цэргийн сургуульд суралцсан журмын нөхдийн талаар энд дурсаагүй бөгөөд тэд хэрхэн суралцсан тухай сайтар мэдэхгүй бөгөөд энэхүү дурсамждаа оруулаагүй тул хүлцэл өчмой.

1981 оны 7 дугаар сарын 28-ны өглөө ЦНДС-ийн жагсаалын талбай дүүрэн, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Нөгөө дарга буюу хүний нөөцийн дарга, хошууч Дашпилэн бас нэлээд хэсэг цэргийн дарга нарыг дагуулан ирээд биднийг хуваариллаа. Тэдгээр нь мэргэжил тус бүрийн курсын дарга нар байлаа. Биднийг хүлээн авч нэгэн байшингийн үүдэнд аваачаад л баахан цэргийн хувцас өгөв, тухайн үед бараг л дааж ядан ийм их хувцас өмсдөг юм байх даа гэж л бодож явлаа. Ар гэрийнхэндээ өөрсдийн өмсөж байсан энгийн хувцасаа хураалгалаа. Дарга нар, одоо ар гэрийнхнээ явуул, бид сургалтын нэгдсэн төв рүү явна гээд л  үүрэгдэж байна, дотор жаахан эвгүй оргин яаж тэр сургалтад орно доо гэх маягийн юм бодно. Одоо ингээд л нөгөө цэргийн дарга болох эхний алхам эхэлдэг байж дээ гэх мэт зүсэн зүйлийн юм бодож суутал бас үл таних ангийн олон нөхөд. Юун орон нутгаас ирсэн танил нөхөд хаана явааг ч бүү мэд, тус тусын ангидаа очсон байх, бүгд “алга” болов. Тун удалгүй бүрээн дуу тасхийж бидний нөхөд жагсаалын талбайд жагслаа. Баахан цэргийн машин цуваа татан зогссон байв. Биднийг тус тусын машинд суулган нэгэн зэрэг нирхийтэл асаан хөдөллөө. Жаал явж байгаад зогслоо. “Машинаас” гэж хэн нэгэн дарга команд өгөв, бодвол буух л байх гэж бид гайхацгаан машинаас уван цуван бууцгаалаа.

Зуны халуун агаараар цээж дүүрэн амьсгалаад эргэн тойрон хартал баахан майхан  барьчихсан, тус бүрд нь хуваарилан оруулав. Бас болоогүй ээ, нөгөө хүлээн авсан цэргийн дарга нар нэлээд хол зогсчихсон, биднийг алагласан мөрдэстэй “дарга” нар командлах боллоо. Ийнхүү шинэ цэргийн карантин эхэллээ. Нэгэн майханд бүгдээрээ жагсаалаараа явж ороод анхныхаа үдийн хоолыг зооглолоо. Талх нь гэж нэг талхыг /тухайн үед нэг төгрөг 40 мөнгөний үнэтэй одоогийн 1200 төгрөгийн дөрвөлжин талх/ дөрөв хуваагаад тавьчихсан, түүнийг хараад пөөх ийм том талхыг яаж идэж барна даа гэх маягийн юм бодож суусан ч сургалт эхлээд 7 хоногийн дараа нөгөө том талх бараг л 2-ыг идсэн ч яахав гэхээр л байлаа даа.

Бидний ихэнх нь хөдөөнийх байсан бөгөөд цэргийн карантины тухай төдийлөн сайн мэдэхгүй яг л энгийн оюутан мэтээр л сургагдана гэж бодож байсан бодол талаар болж цэргийн сургалт гэж юу байдгийг мэдрэх боллоо. Харин цөөн тооны цэргийн дарга нарын хүүхдүүд л үүнийг төсөөлж байсан байх. Даан ч тэдгээрийг бүү хэл дэргэдээ зогсож байгаа журмын нөхрөө ч танихгүй байж дээ. Хуваарилагдсан майхандаа ирж, өөр өөрсдийн ор дэрийг бас бус зүйлийг хүлээн авч, бага дарга зарим зүйлийг нэг бүрчлэн зааж өгч байв. Дахиад л бүрээн дуу тасхийж бид жагслаа. Дахин хоол идэхээр жагсаалаараа хөл гараа олохгүй баахан будилангуй цэрэг эрс явлаа. Мөн л нөгөө талх, таваг дүүрэн кааш идлээ, их л сайхан байна. Харин хоол идэх босох суух нь хүртэл “команд”-аар болохоор нэг л тиймэрхүү, яасан ч их команд өгдөг юм бэ гэж бодож суулаа. Дахин команд.... босож суух бүх л мөчид командууд... гэтэл манай бага дарга, за одоо ор дэрээ засна гээд л заахаар нь унтах юм байх гэсэн чинь хүн бүр оройн зугаалганд гарахын өмнө ороо “засна” гэдэг нь өөр засалт байжээ. “Оройн зугаалга” гэдэг нь тухайн үедээ их гоё санагдаж одоо л нэг ойр орчиноо сайн харж авах тухай бодож байтал тэр “зугаалга” бас л өөр зугаалга байлаа. Баахан жагсааж  байгаад л жагсаалын дууг дэвтэр дээр бичүүлэн цээжлүүлж түүнийгээ оройн зугаалгын үед дуулах нь их л сонин байж билээ. Арайхийж нэг юм оройн ажиллагаа дуусав бололтой жинхэнэ утгаараа ороо засцгаан амрах боллоо, гэтэл бас болоогүй ээ өмссөн хувцасаа хэрхэн эвхэж тавих талаар бас л заалаа дахин дахин хийлээ нэлээд орой болсон бололтой дөнгөж сая нэг юм орондоо орлоо, нам унтсан байв. Гэтэл гэнэт бүрээн дуу тасхийж “Сэрээд” гэдэг команд энд тэндгүй тачигнаж эхлэв. Өглөө дөнгөж үүр сайхан цайж байсан мөч байлаа. Бид бослоо цээж нүцгэн гараад жагс гээд л  бага дарга команд өглөө, бид ч өмд гутлаа углан гараад жагслаа мэндэлж байна “нөхөр бага түрүүчийн амрийг эрье” гээд л... “баруун тийш эргэ, гүйгээд марш” гээд л баахан уул толгод хэсүүлэн гүйлгэсээр нэгэн голын хөвөөнд  /Улиастайн гол/  авчраад нүүр гараа угаав, хүйтэн усаар анх нүүр гараа угааж байгаа нь тэр.

Өдрийн цагаар жагсаалын бэлтгэл, өдрийн хоолны өмнөх гүйлт /ойролцоогоор 8-10 орчим км/ оройн тооны дараах бага дарга нарын үүрэгдэлт гэх мэтийг даван туулсаар карантины хугацаа дуусч, бүх хүмүүсийн нүүрний арьс хуурч, бас бие нь чангарч, эр цэргийн анхны хатуухан давааг давж, билэгт сайн өдөр ар гэрийнхэн ирж, дарга нар бүгд цуглан, бүх нийтээрээ нэгдэн жагсаж карантины захирал, хошууч генерал Туваанжав нэгэн генералд илтгэл өгснөөр /тэр нь тухайн үеийн манай сургуулийн захирал хошууч генерал Ч.Самбуу/ баярын ажиллагаа эхэллээ. Бид эр цэргийн тангараг өргөлөө. Ийнхүү цэргийн сургуулийн сонсогч боллоо. Карантин буулаа. Бид дотор буюу цэргийн байрандаа эргэн иртэл гоё гоё ах  нар хашаа дүүрэн, нүдэнд хичнээн сайхан харагдаад, хичээл сургууль эхлээд л бид мэрийн суралцаад л бас үе үе “Түгшүүр” дохиогоор ажиллаад л амралтаараа  ээж аавдаа очоод л, шалгалт, шүүлэг өгөөд л явсаар байтал нэг мэдэхэд 4 жил улиран оджээ. Энэхүү суралцах хугацаанд Сүхбаатарын цалинт сонсогч С.Ганболд /улс төрийн анги,  БХЭШХ-ийн түүх судлалын төвийн дарга, хурандаа, цэргийн ухааны доктор/, ахлах түрүүч Д.Батболд /холбооны анги, ОБЕГ-ын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, ерөнхий инженер/, сонсогч Ц.Төвсанаа, бага түрүүч В.Чимэдсүрэн, сонсогч Ганбаатар /ерөнхий цэргийн анги/, С.Лхагвасүрэн, Б.Бат-Очир /улс төр/, Д.Володя /танк/, Б.Даваадорж, А.Болдбаатар, Ж.Түмэн-Өлзий  /артиллери/, Ч.Энхболд /холбоо/, З.Дамис, Ч.Батсайхан /авто/, М.Гантөмөр, С.Долоонжин /ар тал/ нарын сонсогчид  сургуулиа онц дүнтэй төгссөн билээ.

....1985 оны зуны эхэн сарын нарлаг сайхан өглөө Жанжин Сүхбаатарын талбай руу хэсэг автобусны цуваа хөврөн айсуй. Жанжны талбай хөл хөдөлгөөн ихтэй, бид дөрвөн жилийн өмнө өмсөж ядан будилж байсан хувцас биш аль хэдийн жигдрээд сурчихсан офицерын формоор гангалан мөрдэснөөс бусдыг нь өмсөн өөр өөрсдийн автобусанд сууж талбайн зүг хөдөллөө. Жагслаа. БХЯ-ны сайд дарга нар, алаг эрээн генералууд,  эцэг, эх, ахан дүүс, ар гэрийнхэн, бас зарим нэг гэр бүлийнхэн гэх мэт хүмүүс хуран цугларчээ. Жагсаал жигдэрлээ. Сургуулийн захирал хурандаа Р.Гаваагийн /ЗХЖШ-ын дарга агсан хошууч генерал/ яруу хоолой цангинан БХЯ-ны сайдад илтгэл өгөв. БХЯ-ны сайдын тушаалыг боловсон хүчний хэлтсийн дарга, хурандаа Даваа уншин танилцуулж бид тус тусын ширээн дээр хүрэлцэн очиж сургууль төгссөн энгэрийн тэмдэг, боловсролын диплом, дэслэгчийн алтан шаргал мөрдэс гардан авлаа. Ийнхүү бид цэргийн сургуулиа 282-уулаа амжилттай төгсөн эх орныхоо өнцөг булан бүрт анхны томилолтоо аван тус тусын албандаа мордон ажилласнаас хойш 30 жилийнхээ нүүрийг үзэж буй энэхүү мөчөө санан дурсаж хойч үедээ өвлүүлэн үлдээх бас сургамж дүгнэлт болох болов уу гэдэг үүднээс үүнийг тэрлэв. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний онжавууд амжилт бүтээлээр арвин байлаа. Бидний дундаас цэргийн ухааны доктор /Ph.D/  2, хурандаа цолтон 18, удирдах албан тушаалтан 28, олон улсын дипломат ажилтан 1, энхийг сахиулах олон улсын ажиллагаанд 7 алба хаагч тус тус оролцсон, ОУХ Мастер цолтон 1, спортын мастер 1, спортын дэд мастер 1, Морин хуур урлаачийн 9 алдартан 1, МУСТА 2, улс орондоо тэргүүлэх чиглэлийн бизнесмен 17  төрөн гарсан байна.

          Хурандаа В.ЧИМЭДСҮРЭН

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 16. 21:06
Зочин

1990 ОНООС ӨМНӨХ ҮЕД ЦЭРГИЙН ДАРГА НАР ИХЭВЧЛЭН ГАДААДАД БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН БАЙСАН

8 сар 16. 21:01
Зочин

1990 ОНООС ӨМНӨ БИЕ БЯЛДАР САЙТАЙ ОЮУНЫ ЧАДВАР ӨНДӨРТЭЙ НЬ ОРЖ БАЙСАН

8 сар 16. 20:58
Зочин

19990 ОНООС ӨМНӨХ ҮЕД ЭРЭГТЭЙ ОЮУТНУУД ИХ ДЭЭД СУРГУУЛЬД ЭЛССЭНИЙ ДАРАА ЦЭРГИЙН АЛБАНД 3 ЖИЛ ЯВААД ЦЭРГЭЭС ХАЛАГДАН ИРЖ СУРАЛЦААД ТӨГСДӨГ БАЙСАН ЮМ, ОДОО ОЮУТНУУД ЦЭРЭГТ ЯВАХААС БАРАГ Л ЗУГТАХ БИЗ ЦӨӨХӨН ХЭДЭН САР БОЛОХООР Л ЯВАХГҮЙ ГЭЛТЭЙ БИШ ЯВДАГ Л БАЙХ

8 сар 15. 7:32
Барс

Шилдэг нь элсдэг байлаа гэж хойч үедээ худал хэлж, төөрүүлээд хэрэггүй ээ, үнэн үнэнээрээ байг. Шалгалтын оноо хүрээгүй, жаахан тааруунууд л тунаран үлдэж цэргийн сургуульруу бөөндүүлдэг байсанаас бус тухайн үедээ ч бас одооч, сурлагаар манлайлагчид цэргийн сургуулийг сонгож байгаагүй нь бодит үнэн. Харин залуусыг хатуужуулан "хүн" болгодог талаасаа бол шалгарсан сургууль гэдэгтэй маргах хүн цөөн буйзаа. Энэ утгаараа одооны "Оюутан цэрэг" ч маш ухаалаг, цаг үетэйгээ нийцсэн сайн хөтөлбөр гэдгийг бараг бүр рүн батлан хэлнэ байх.

8 сар 21. 8:50
Зочин

Ёстой үгүй шүү Барс нэртэн гуай. Шилдэг нь ордог байсан. Одоо бол өөр болсон.

8 сар 18. 7:33
Зочинganjigvvr

bars dvv bvv tegee bindnii beiin tsereg hal vzej haluun chuluu doloodon er tseregvvd odoonii ene oyutan tsereg gej de ehiinhee huhnuus salaagvi amitad shvv dee

8 сар 16. 20:43
Зочин

БАРС сонин хүн юм Онц сурдаг нь гадаад дотоодын цэргийн сургуульд орж байсан. Сүүлийн үест л тийм болсон доо 1990 оноос хойш .Оюутан цэрэг гэгч балайг гараагүй үеийг хэлж байна дүү. Барс дүү ч төөрөлдүүлэгч байна даа Улаан шугам татаж байх үеийг хэлж байна Одооны цэргийг хэн цэрэг гэхэв, оюутан цэргийг хэн цэрэг гэхэв, одооны ихдээд сургуулийг сургууль ,оюутанг оюутан гэхэд хэцүү л байна даа

8 сар 13. 21:34
1212

ЦНДС -д хамгийн шилдэг нь л элсдэг байлаа шүү дээ Гялалзсан яралзсан үнэндээ залууст үлгэр жишээний гайхамшиг л байлаа

8 сар 14. 10:21
Зочин

ЦНДС бидний бахархал

8 сар 15. 16:45
Зочин

Цэргийн дээдэд сурлагаар тэргүүнийх нь орж бгаагүй ,харин бие бялдарийн хөгжилийн хувьд тэргүүнийх нь орж бсан. Шалгалт нь ч тийм бсан .

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]