Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Б.Лхагвасүрэн: “Хойд насандаа аавыгаа олж уулзаж чадах болов уу” гэж би дандаа боддогУншсан11,443

Намайг ургуулсан мод унаж, нөмөрлөж байсан уул минь нурж байхыг үзэх шиг тийм том эмгэнэл байдаггүй юм билээ.

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч “Болор цом” наадмын гурван удаагийн эзэн, драмын урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн шагналт, утга зохиолын “Алтан– Өд” наадмын хоёр удаагийн шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Америкийн дэлхийн утга зохиолын их сургуулийн хүндэт доктор, эрдэмтэн С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналт Б.Лхагвасүрэнтэй аавынх нь талаар ярилцлаа. 

Түүнтэй аавынх нь тухай ярилцах санал тавихад “Би ер нь аавыгаа нэг их яриагүй юм байна” гэсээр зөвшөөрөв. Агуу их найрагч ачит аавыгаа ийн дурслаа. 

-Таны аав ямар хүн байсан бэ?  

-Миний аав дөрвөлжин бурам шиг сайхан эр байсан. Хүний аливаа дурдатгал сэтгэл зүрх, оюун тархинаас эхэлдэг. Тиймээс ч би аавынхаа тухай дурдатгалыг ясан доторхи чөмөгнөөсөө эхэлье. Миний аав олон таван үггүй эгэл хүн байсан. Над шиг чалчаа юм байгаагүй ээ. 

Би энэ чалчаа байдлаа их саглагар модон дор суусан шувуу болгон жиргэдэгтэй зүйрлэн цагаатгаж боддог. Аав маань уран гоё үг унагаж, гуадаж ярьдаггүй, уур хилэнгээс хол, зөрүүдэд их ойр хүн байсан даа. Хадар хүдэр татсан түргэн хөдөлгөөнтэй, шазруун, шударга нэгэн байлаа. 

-Та нэгэн бүтээлдээ “Ангир шар нарны дор аавынхаа хайранд 49 жил өлгийдүүлж өссөн” гэж дурссан байсан?  

-Аав минь ханьгүй, би ээжгүй олон жил хамт амьдарсан. Хоёр биеийнхээ дутууг нөхөж, амьдралын нугачааг давсан. Олон нөхөөстэй дээл шиг он жилүүдийг хэнэггүйхэн эр зангаар л өнгөрүүллээ дээ. Эргээд бодоход, аавынхаа энэ занд эрэмшээд би хэнэггүй явсан байна лээ. 

Аав минь намайг амьд харагдаж бас зовоохгүй байсанд минь сэтгэл нь “цадаад” юу ч нэхэж, шаардаж байгаагүй. Би уг нь сайн хүн болж өсөх ёстой ч чадаагүй юм. “Сайн хүний үр сайн хүн байж чаддаггүй юм байна даа” гэж би одоо хэр нь боддог.

Баярлуулж, энхрийлэн ачийг нь хариулаагүйдээ өөрийгөө зэмлэж ханахгүй явна. Уг нь би аавтайгаа бараг зэрэг өтөлсөн юм сан. Тэгсэн мөртлөө ухаан суугаагүй байснаа одоо хүртэл нэхэн санаж, харамсдаг.  

-“Элэг уйлдаг бас инээдэг эрхтэн” гэдэг. Бавуугийн ганц хүү аавыгаа элэгний хавдраар насан өөд болоход өөрийгөө их яллаж үлдсэн хэрэг үү?  

-Аавыгаа хэвтэрт байхад нь гурван сар сахисан. Намайг ургуулсан мод унаж, нөмөрлөж байсан уул минь нурж байхыг үзэх шиг тийм том эмгэнэл байдаггүй юм билээ. Аавын минь тасран алдаж байгаа улаан гол нь амьдралд бус зөвхөн надад хоргодсондоо л торж байх шиг санагдаж байсан. 

Үхэл гээчийг миний аав их амгалан тоссон. Түүнээс зугтах гэж тавтиргүй зан гаргаагүй. Би гэдэг хүн амьдарч чадсан шигээ үхэж ч чаддаг эр зоригтой, гүдэсхэн аавтай байсан юм билээ.

Сүүлчийн удаа над руу харахдаа таньж ядаад ч байх шиг атлаа “Орчлонгийн хамгийн сүүлд харах зүйл минь энэ” гэж турь муутайхан ширтэж байсан. Тэр харцанд өлгийтэй байхаас минь өдий хүрсэн би тэр чигээрээ эргэж нэг багтсан байх аа.  

-Таны аав ээжийн тань шарил дээр “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар тань бүгд иржээ. Хүү бид хоёр чинь энд... гэж хэлээд хоолой нь зангирч байсан” гэж бичсэнийг тань уншаад зөндөө уйлсан...  

-Миний аав амьдралыг ямар энгийн, үнэнээр нь ойлгодог юм бэ гэж би гайхдаг. Аливаа зүйлд их адгуу хүн байж билээ. Тэр зан чанар нь надад даанч өвлөгдөөгүй юм. Би аймхай, залхаг зантай. Үүнийг маань миний хань л цагаатгаж явдаг.  

Хүмүүн гэгч ер нь алдар хүнд, магтаал сайшаалд хөөрөгдүүлэн нисэхээс татгалзаж ямагт газрын татах хүчинд л ойр байгаасай гэж би дандаа бодож явдаг. Баярлах, гомдох, атаархах, үзэн ядалт, муу муухай бүхний дунд нэг л зан чанартай хүн байх ёстой.  

-Аав тань тантай адилхан “нялцгай” хүн байгаагүй гэсэн. Та өөрийгөө яагаад “нялцгай” гэв?  

-Яах вэ дээ. Аав ээж, амраг хань, үр хүүхдэдээ эрхлээд нялцгай болсон хэрэг. Энэ нялцгай биет амьтан би бээр алдаж онохын дэнсэн дээр яаж ч амьдарсан хайраар угтуулж, хайраар үдүүлнэ гэж тэнэглэн боддог юм. Энхрий нялцгай болно гэдэг чинь өөрөөс эхэлдэг эд биш шүү дээ.  

-Аавыгаа өөд болсны дараа “Тэгэх минь яалаа, ингэхгүй яав даа” гэж их харамссан гэсэн. Алдсаныхаа дараа ухаардаг нь амьдралын нэг өнгө юм уу даа? 

-Хүн болгонд л тийм зүйл байдаг байх. Ухаарсны дараа гэмшил ирдэг. Энэ асуудал ухаарахын өмнөх гэмшил байдаггүйгээс л болдог байх. Их л буруу дараалал юм шиг ээ.  

-Ач хүү нь өвөөгийнхөө хөргийг зурах үед Та их баярласан гэсэн?  

-Миний хүүгийн зурсан тэр хөрөг бие, сэтгэлд минь нэвт шингэсэн дүр байсан болохоор гоодож зурсан бусдаас нь илүү үнэтэй санагдсан. Ач хүү минь өвөөгөө зурна гэдэг том баяр байлгүй яахав. Гэртээ ороод хаана ч очоод суусан тэр хөргийн нүд намайг дандаа харж байдаг.  

-Аавынхаа харцнаас юуг ойлгож үлдсэн бэ?  

-“Бие нь хүний дайтай болох яах вэ, хүн шиг хүн яваарай” гэсэн дуугүй үг л олж харсан даа. Тийм харцтай би дахиад учрахгүй биз дээ.  

-Яагаад? 

-“Хойд насандаа аавыгаа олж уулзаж чадах болов уу” гэж би дандаа боддог. Аавыгаа тамд очиж эрэхгүй. Яагаад гэвэл, миний аав тамд очих нүгэлгүй амьдарсан. Бурхдын орон буюу диваажинд л байгаа байх. Тэнд очиж уулзъя гэхэд диваажингийн хаалга миний өмнө онгойх ч юм бил үү, үгүй ч юм бил үү.  

-“Эцэг гэдэг зүтгэж элэгддэг их үүсгэл” гэж Та хэлсэн байна лээ. Яагаад ингэж хэлэв?  

-Ижий, аав хоёроо элэгдэж мөлийх тутамд би бүтэн болж байсан. Тэд маань амьдралын дутуу, амьтны ааш араншин, хорвоогийн хатууд элэгдээгүй. Намайг л гэсээр яваад элэгдсэн. Би бол үүсгэгчээ үгүйсгэсээр өндийсөн үгүйсгэгч бодьгал юм.  

-“Хоёр хүн нэг авсанд багтахгүй” гэж хэлээд Та аавыгаа гомдоосондоо их шаналдаг уу? 

-Амихандаа би аавыгаа тайтгаруулах санаатай яруу найрагдсан нь тэр. Яруу найрагт алдас хааяа байдаг шүү дээ. Аав минь нэг их гомдоогүй байх. Харин миний хүү ухаантай хүн болох нь дээ гэж дуншсан болов уу.  

-Аав тань бие нь доройтоогүй байхдаа ачаасаа “Уртын дуу тавиад өгөөч” гэж гуйсан гэдэг юм билээ?  

-Би дэргэд нь байгаагүй л дээ. Аав минь дуунд их дуртай. Миний аавын амьдралд уйлах өдрөөс дуулах өдөр нь олон байсан байх аа. Орчлонгоос хүн явахдаа хоргодох юмны нэг нь дуу байдаг юм байна гэж би ухаарсан. Хүн ер нь дуун дунд амьдарч дуусдаг. Бүүвэйн дуунаас эхлээд уртын дуу хүртэл амьдардаг гэж боддог.  

-Таны гарыг атгаж байхад мэдрэгдэж байсан тэр зүрхний цохилтыг дүрслэн хэлээч?  

-Би тэр цохилтоос амьдын хэмнэлийг л сонссон. Энэ хэмнэл битгий тасраасай гэж бодож байлаа. Тэр цохилт их яаруу. Ааваасаа хагацахын зовлон над руу ирэх гэж яараад байгаа юм шиг тийм хурдан. Нар жаргахын өмнө төө хэрийн зайнд гэгээ асгаж, тэр цохилтын хэмнэлээр доошлоод байгаа ч юм шиг. Тэгээд л миний эцэг нар жаргасан даа.   

-Ер нь хүмүүс эцгээ бага, эхийгээ их ярьдаг юм шиг санагддаг. Танд тэгж бодогддог уу?  

-Хүний эцэг, эх гэдэг намайг их, бага ярилаа гэж зарга мэдүүлдэггүй их хайр болохоор тэгдэг байх л даа. Хэн боловч ижий, аавтайгаа урт удаан хамт байгаасай гэж би залбирдаг. 

-Та аавдаа зориулж олон сайхан шүлэг бичсэн шүү дээ. Ер нь хэчнээн бүтээл зориулсан бол? 

-Зөндөө шүлэг бичсэн дээ. “Хэчнээн шүлэг бичсэн ч миний аавын дэргэд юу ч биш шүү дээ” гэж хааяа уцаар төрдөг. Бичиж дурсаад хариулчих тийм жаахан ачлал бол аав, ээж хоёр биш. Би ямагт аав, ээжээсээ бага байж орчлонг туулна.    

-Таны 25, 49-ний жил их хатуу орж дээ? 

-Жил орох гэдгийг номын мэргэд төрсөн он, цагийн ааш араншин, агаар ус яг л тэр хэвээрээ давтагдахыг хэлнэ гэдэг юм билээ. Би хагацал, баяр давхацсан жил төрсөн байсан юм байлгүй дээ. Миний 25, 49 насны жил гунигийн үүл зангирч бороошсон он байсан даа. Тэр үед би хүүхдийнхээ алга, ургасан өвс хоёр дээр нулимсаа дусаахгүй юмсан гэж их бодсон. Гэтэл нууж унагасан нулимс юун дээр ч хамаагүй дусдаг юм билээ.  

-Байгаль үг хэлэхгүй ч өөрийнхөө зовлон жаргалыг мэдэрдэг зүрхийг бүтээдэг шүү дээ. Түүнтэй адил аав тань одоо таны яриаг уншихгүй ч гэлээ, сүнс нь сонсч байгаа байх даа? 

-Хүний харааны хурд муу болохоор харж чаддаггүй л болохоос биш бид эртний их сүнсүүдтэй хамт байгаа гэж би боддог. Магадгүй, аавын минь сүнс намайг тойрон эргэж байгаа байх. Амьдад нь баярлуулж чадаагүй ч сүнснийх нь өмнө алдасгүй байх сан даа.  

-Та тамхи их татах юм аа. Аав тань бүр тэтгэврийн мөнгөөрөө хүртэл тамхи авч өгч байсан гэсэн?  

-Тэр юу ч биш ээ. Намайг зургаан настай байхад ижийгээр минь тамхины сав оёулаад “Уран” Чоймбол гэдэг хүнээр мод толгой хийлгэж өгсөн юм. Хүмүүс гайхаад асуухаар нь “Хүүхэд их хэвлүүхэн, хөөрхөн харагддаг юм” хэмээж байсан гэнэ лээ. 

-Тэгээд зургаан настайгаасаа эхэлж тамхи татсан юм уу? 

-Тэгтлээ их сүйд болж татаагүй ээ /инээв/. Хүүхэд учраас хэсэг сонирхож тоглоод л хаячихсан байх. 26-тай байхдаа ижийгээ нас барснаас хойш тамхинд орсон юм шүү дээ. Хүний амьдралд тохиолдсон явдлууд их товчхон юм билээ. Нэг янжуур асаагаад дуустал нь татахад л бодож амждаг. Тамхи зугаатай эд шүү. Миний бодлоор тамхи бол завсарлага. Үхтэлээ татна даа.  

-Эцэг, эхчүүд хүүхдээ хурдан өсөөсэй гэж боддог. Энэ ч утгаараа сургаалиа их хайрладаг байсан байх?  

-Тийм гэнэ лээ. Аав маань нэг өдөр намайг мөлхөж байхыг хараад ижийд хандан “Иш, би хүүгээ том болчихоод даалууны мөрийд унасан морио өгч, эмээлээ үүрээд ирж явахыг нь харах юм сан” гэж суусан гэдэг.

Эмээ тэндээс нь “Хош гэж, тийм хүн болохдоо яадаг юм бэ” гэхэд нь аав “Хүн л болж байвал ямар ч байсан яадаг юм” гэсэн тухай ижий маань ярьдаг сан. Мөн их хайр шүү.

Б.Анхцэцэг 

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 12. 15:32
иргэн

Халх даяар Цуутай Яруу найрагч маань Тамхинаас болж Амиа өгнө шүү За тэр илүү дутуу Уянгын яриа энэ тэр бол яахав ээ Өдий Насны өвгөн Ярилгүй л яахав дээ

9 сар 12. 14:54
Зочин

Үхэж төрөх, хагацал өнчирөл хорвоогийнжам ёс. Ганцхан энэ өвгөн өнчирсөн юм шиг л шалчигнаж буруу зөнөх юм. Худлаа гансарч ганирхаж хөөрхий эцэг эхээ дараа төрөлд очих замд нь саад болсон увайгүй сувдаг хүн байх гэж. Хүмүүний өрөвдөх хайрлах сэтгэхүйг ашигласан шуналын дэв.

9 сар 12. 14:35
Зочин

сайхан ярилцлага байна. Хүн болгонд л аав, ээж нь хамгийн эрхэм, хайртай хүмүүс нь байдаг шүү дээ. Хүн болгон тэр мэдрэмжээ, хайраа уран гоёор, илэн далангүй ярьж чаддаггүй л болохоос. Энэ хүний уран цэцэг үгийг бид шүүмжлэх, өөлөх эрхгүй. Ярьсан үгнийх нь утгыг ойлгоод уншиж чадвал, ганц ч гэсэн үгийг нь сургамж мэт хүлээж авч чадвал их юм даа. Та минь урт насалж, олон бүтээл туурвиарай.

9 сар 12. 13:21
Зочин

Буруу өтөлж байгаа байх. Нэг их уянгын халил хэлэх гэж ядаад л.. Бас настай хүний намбагүй эрээ цээргүй асуулт асууж бас өөрөө хэлэх..

9 сар 12. 12:47
Зочин

Б.Лхагвасүрэн дандаа хүний эмзэг, нандин сэдвийг хөндөж нэг бол уйлуулж, нэг бол өмнөөс нь ичмээр байдлаар зохиолорхуу юм бичиж, бас тасралтгүй ярьж байх юм даа. Хүнд ярих ярихгүй сэдэв, юм гэж бас байнаа. Энэ нөхөр дандаа хүний тэр бүр ярихгүй цээжин дотроо баринтаглаж явах ёстой юмыг эрээ цээргүй уудалж, элдэв өнгө хачир нэмж солиорч явах юм даа. Жинхэнэ Монгол хүн бол ингэж нялцагнаж, буруу өтлөхгүй дээ.

9 сар 12. 13:45
Зочин

та өөрөө бичдэггүй муу амьтан бол дуугүй байгаач

9 сар 12. 13:46
Зочин

Лхагвасүрэн гуай монголын бас л агуу хүмүүсийн нэг юм шүү

9 сар 12. 13:40
ЗочинСумьяа

өөрийгөө хичээгээч. Бүр шал долоон дор юм чалчаад сууж байна биз чи. Өвгөн найрагч үгээр дутаж чамаар заалгав гэж.

9 сар 12. 14:00
Чимгээ

Хөөрхий зочингуудад их найрагчийн үгийн үнэ цэнийг ухаарч ойлгох толгой хүрсэнгүй ээ. Хоёр хоёрын дөрөвтэйгээ л үлддээ. Энэ л энэ зочинд хангалттай юм шиг байна.

9 сар 12. 14:38
Тайван амьдар

Монголчууд үүнийг Зөнөгрөх гэж нэрлэдэг юм

11 сар 12. 21:31
монгол

Хэрэв та ижий аавыхаа талаар их найрагчаас илүүтэйгээр сайхнаар ярьж чаддаг бол магадгүй таны зөв биз. Гэвч миний бодлоор таны амнаас энэ маягаараа аав ээж, эцэг эх гэдэг ч үг унахгүй дурсамж дурдатгал ч байхгүй юмуу л гэлтэй юмдаа. Зочин нэрний ард нуугдаж хүн элдвээр хэлж доромжилж байхаа болимоор юмдаа. Өчүүхэн зүрх тархи сэтгэлтэй махан толгой болдоо.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]