Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Харийнхан монгол тэмээний тухай-1Уншсан545

Бэлчээрт гарсан тэмээ нэг их удахгүй, 2-3 цагийн хугацаанд л цаддаг бөгөөд дараа нь хэвтэж амрах юм уу, ийш тийш тэнэж сэлгүүцнэ.

 

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж байна. “МОНСУДАР”  хэвлэлийн газар “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралыг эрхлэн гаргаж байгаа бөгөөд монголчуудын аж амьдрал, монгол хүнийг тодорхойлон бичсэн жуулчдын бүтээлийг эх хэлнээ орчуулан уншигч олондоо хүргэх, монголын түүхийг гадны хүмүүс хэрхэн ойлгож, бичиглэн үлдээснийг таниулах, бид бодит байдал дээх хэрхэн амьдарч байв гэдгийг  тодруулах зорилготой аж.

Уг цуврал бүтээлийн дундаас алдарт Н.М.Пржевальскийн Монгол, Гань-су, Хөх нуур, Умард Төвдөөр 11000 бээрийг туулан, судалгаа хийж бичсэн “Монгол орон ба Тангудуудын нутаг газар” хэмээх хоёр боть бүтээлээс толилуулж байна.

Өмнөх нь: -Пржевальский Хишигтэн аймгийн нутгаар http://www.tolgoilogch.mn/_xb0xt+h5xk

-Нутгийн иргэдээс нууцаар газрын зураг авсан нь http://www.tolgoilogch.mn/_0fbht+-ed2

-Цахар монголчуудын зан чанар эвдэрсэн гэж дүгнэжээ http://www.tolgoilogch.mn/_hw9osawyu7


III бүлэг. Монголын өндөрлөгийн зүүн өмнөд зах

 

 (Интер номын дэлгүүрийн салбаруудаар

худалдаалж байна)

Би номынхоо энэ бүлгийн эцэст Монголын хамгийн гайхамшигтай, сонин сайхан амьтан болох тэмээний тухай өгүүлье. Энэ амьтан бол нүүдэлчдийн мөнхийн дагуул, тэдний эд баялгийн бас нэг гол эх сурвалж, говь цөлөөр хийх аяллын юугаар ч орлуулж боломгүй зүтгэх хүчин мөн. Бүхэл бүтэн гурван жилийн турш аялахдаа бид тэмээтэй ямагт хамт байсан бөгөөд тэднийг байж болох бүхий л нөхцөл байдалд харж байсан болохоор энэ амьтныг судалж мэдэх олон учрал тохиол гарсан болой.

Монголд зөвхөн хоёр бөхтэй тэмээ (Camellus Bactrianus) л байдаг агаад Туркестаны тал нутагт элбэг орших ганц бөхт тэмээг энд огт үл мэднэ. Монголчууд ихэд хайрлан дээдэлдэг энэ амьтнаа тэмээ гэсэн ерөнхий нэрээр нэрлэх бөгөөд эцэг тэмээг буур, жирийн эр тэмээг ат, эм тэмээг ингэ гэх ажээ. Сайн тэмээний гадаад шинж тэмдэг гэвэл: бахим лагс биетэй, өргөн палигар тавхайтай, өргөн эгц бөгстэй, хоорондоо нэлээд зайтай, босоо, өндөр хоёр бөх байдаг явдал юм. Эхний гурван шинж нь түүний хүч тэнхээтэйн илрэл бол сүүлчийн шинж буюу босоо, өндөр том бөх нь түүний тарга хүчийг, улмаар говь цөлөөр хийх аян замын бүхий л хатуу ширүүнийг даван туулах чадвартайг нь илэрхийлнэ. Их өндөр байх нь энэ амьтны тийм ч их сайн сайхан чанарыг үл илтгэнэ, харин дээр дурдсан шинжүүдийг агуулсан дунд зэргийн чацтай тэмээ нь өндөр, жижиг тавхайтай, хөнгөн нимгэн биетэй тэмээнээс хавьгүй илүү болой. Тийм хэдий ч адил нас, ойролцоо шинжүүдтэй тэмээд дотроос биеэр арай томыг нь бие жижигтэйгээс нь илүүд үзэж сонгодог ажээ. Нийт Монголын тухайд хамгийн сайн тэмээг Халхад өсгөж үржүүлнэ, эндхийн тэмээ биеэр том, хүч тэнхээ ихтэй, тэсвэр сайтай байдаг. Алашаа болон Хөх нуурт өсөж үрждэг тэмээ бие хамаагүй жижигтэй, хүч чадал багаас гадна Хөх нуурын тэмээний хоншоор богино, мохоо харин Алашаагийн тэмээний ноос илүү бараан өнгөтэй. Бидний ажигласнаар дээрх шинж тэмдгүүд тогтвортой хадгалагдаж байдаг болохоор Өмнөд Монголын тэмээд умардынхаасаа огт өөр, онцгой үүлдэр байх бүрэн магадлалтай.

Зах хязгааргүй уудам энэ их тал буюу говь тэмээний үндсэн гол нутаг, ийм нутагт тэмээ яг л өөрийн эзэн Монгол хүний нэгэн адил тэнүүн жаргалтай байдаг ажээ. Эзэн, мал хоёрын хэн хэн нь суурин амьдралаас дайснаасаа дутаах мэт нүүр буруулдаг бөгөөд тэмээ чөлөөт байдалд нэн дуртай учир хамгийн сайхан хоол хүнстэй байлаа ч гэсэн хашаанд хашсан бол түргэн хугацаанд турж эцсээр эцэстээ үхнэ. Чулуун нүүрс, талх тариа мэтийн хүнд ачаа зөөх гэж ганц нэг хятадуудын тэжээж торддог тэмээд л арай өөр, тэсэж байгаа мэт боловч тал нутагтаа бэлчиж яваа тэмээдийн дэргэд даанч өрөвдөлтэй харагддаг аж. Тэгэхдээ, хятадуудын тэмээ дөрвөн улирлын эдэлгээ үл даана, зуны цагт тэдгээрийг Монголын зах хязгаар нутагт аваачиж, тарга тэвээрэг авахуулдаг гэнэ.

Тэмээ гэдэг амьтан маш өвөрмөц. Хоол тэжээл голж шилдэггүй, номхон дөлгөөн зан ааштайгаараа тэмээ үлгэр жишээ амьтан боловч зөвхөн говь цөлд л тийм болой. Бид эх орондоо байхдаа олж харсан тэр сайхан нутаг бэлчээрт тэмээ язартлаа цадаж, тарга тэвээрэг авахын оронд өдөр ирэх тутам эцэж турна. Гань-сугийн их уулын өндөр газрын өвс ногоо сайтай газарт бид тэмээдтэйгээ ирснийхээ дараа үүнийг нүдээрээ харсан билээ. Цай зөөдөг өөрийн гэсэн тэмээтэй болох гэж оролдож үзсэн Хиагтийн худалдаачид ч бас ингэж ярьж байлаа, аль аль тохиолдолд нь говьд байдаг идэш хоолгүй болсон тэмээд муудаж доройтсон гэнэ. Энэ амьтны дуртай хоол нь хөмөл, бударгана, дэрс, шаваг, заг тэрчлэн ялангуяа исгэлэн ногоон жимстэйгээ байгаа хармаг зэрэг болно. Ер нь тэмээнд давс зайлшгүй хэрэгцээтэй агаад Монголын говь талын өвс ургамалт хөрсөн дээр ихээхэн ил гарсан байдаг хужир гэгддэг цагаан давсархаг давхрааг нэн дуртай иднэ. Хужир байхгүй нөхцөлд тэмээ сард 2 юм уу, 3 удаа цэвэр давс иддэг ч тэр нь түүнд нэг их сайн биш байдаг. Хэрэв энэ амьтан удаан хугацаанд хужиргүй байвал өвс тэжээл нь хэчнээн элбэг байсан ч эцэж турж эхэлнэ. Тийм тэмээ цагаан чулууг давс, хужир гэж бодон үмхэж, амандаа хүлхэж эхэлнэ. Ялангуяа удаан хугацаанд хоол тэжээлгүй явсан тэмээний хувьд цагаан чулуу улам доройтуулж сульдуулах үйлчилгээтэй ажээ. Хужир мараа болон ислэг гашуун ургамал ургадаггүй учраас л уулархаг газар оронд бэлчээр, өвс ургамал нь хэчнээн сайхан байлаа ч тэмээ идээшиж, нутагшиж чаддаггүйг тайлбарлаж болно. Түүнээс гадна, зуны турш дураараа хэрэн хэсэж явдаг говь цөлийн уудам дайд тэдний хувьд энд байдаггүй.

Тэмээний хоол тэжээлийн тухай яриагаа цааш үргэлжлүүлэн хэлэхэд тэдний нэлээд нь энд юм бүхнийг, бүр юу ч хамаагүй өгөрч цайсан яс, өөрт нь тохсон өвс сүрэл чихсэн тохош, арьс шир, сур үдээр зэргийг хүртэл иднэ. Тэмээд манай цэргүүдийн ширэн эмээл, хүрэмний ханцуйг идчихсэн юмдаг. Монголчууд бидэнд ярихдаа удаан хугацаанд өлөн зэлмүүн явсан ачлагын тэмээд нь нэг удаа тэдний хуучин майхныг нэг мэдэхэд идчихсэнийг дурдсан юм. Зарим тэмээ мах, загас ч иднэ, бидний эдэлж явсан тэмээд хатаахаар өлгөсөн үхрийн махыг маань хулгайгаар идчихсэн байж билээ. Энэ ховдог амьтдын нэг нь чихмэл хийх гэж арьсыг нь туламлаад авчихсан шувуудын махыг хүртэл хуу хамж, хатаасан загасыг маань хулгайлан нохойд зориулсан шөлний үлдэгдэл шавхрууг хүртэл залгичихсан удаатай. Тэгэхдээ ийм төрлийн хоол хүнсийг ганц нэгхэн тэмээ л жич байдлаар хэрэглэх ажгуу.

Бэлчээрт гарсан тэмээ нэг их удахгүй, 2-3 цагийн хугацаанд л цаддаг бөгөөд дараа нь хэвтэж амрах юм уу, ийш тийш тэнэж сэлгүүцнэ. Монгол тэмээ идэш хоолгүй 8-10 хонож чаддаг бол зун, намрын цагт уух юмгүйгээр 7 хонож чадна. Миний бодоход тэмээ зуны аагим халуунд ус ундгүй 3- 4 л хонож чаддаг байх. Тэгэхдээ ууш, идэшгүй тэсэх чадвар нь тухайн тэмээний өөрийнх нь байддаас хамаарна, хэдий чинээ нас залуу, тарга тэвээрэг сайтай бол төдий чинээ тэсвэр сайтай байдаг. Яг бидний хувьд гэвэл зөвхөн ганц удаа, тухайлбал 1870 оны 11-р сард бүтэн 6 хоногийн турш тэмээгээ услаагүй бөгөөд тэд маань ч огг ажрахгүй явж байсан юмдаг. Зуны улиралд тэмээдээ хоёроос илүү хоногоор услахгүй байсан явдал бидэнд огт байгаагүй билээ. Ийм цагт өдөр болгон тэмээ малаа услах хэрэгтэй байдаг бол намар, хаврын цагт нэг юм уу, хоёр өнжөөд услахад мал ер ажирдаггүй. Өвлийн цагт тэмээ цасаар ундаашчихдаг учир огт усалдаггүй.

Зан аашийн хувьд тэмээ хамгийн доод зэргээр үнэлэгддэг, энэ амьтан хамгийн тэнэг бөгөөд маш аймхай. Хөл доогуур нь туулай харайхад л бүхэл бүтэн хөсөг үргэж цочин, замаасаа гарна. Ганц том хар чулуу юм уу, бөөн яс үс, сэг зэм тааралдахад л багагүй айж үргэнэ. Тохош юм уу, ачаа тэн нь унахад тэмээ ухаан алдталаа айн, харсан зүг рүүгээ тонгочин одоход бусад нь ч гэсэн ихэвчлэн дагалдана. Чоно дайрлаа гэхэд тэмээ ганц тийрэх юм уу, тавраад л алчихаж чадах атал хар тэнхээгээрээ орилон, шар сэвсээрээ булахаас үл хэтэрнэ. Энэ тэнэг амьтан хэрээ, шаазгайд хүртэл дээрэлхүүлнэ, нуруун дээр нь тохошноос үүдэлтэй шарх сорви аль эсвэл бүр бөхийг нь хүртэл тоншиж эхлэхэд тэмээ ердөө л орилж, сэвсээрээ тургина. Сэвс гэдэг нь хивж боловсруулагддаг хоол тэжээл нь бөгөөд энэ амьтны уурсан хилэгнэсний илэрхийлэл болой. Түүнээс гадна уурлаж хилэгнэсэн үедээ дороо дэвсэж таварна, бас сүүл шүү юмаа мушгируулж шавхуурдана. Дашрамд хэлэхэд, энэ амьтан ерөнхийдөө юм бүхэнд хэнэггүй, амгалан тайвнаар хандах учир уур уцаар багатай. Харин хоёрдугаар сард болдог орооны үеийн буурын хувьд байдал огт өөр. Энэ цаг үед буур туйлаас догширч, ижил сүрэг рүүгээ төдийгүй, хүн амьтан руу хүртэл дайрна. Тэмээний нийллэг явагдахад хүний тусламж заавал шаардагдана. Ингэн тэмээ хээлээ 13 сар тээгээд нэг, өдрийн од мэт ховор тохиолдолд ихэр ботго гаргана,1 ингэ ботголоход ч гэсэн хүмүүсийн туслалцаа хэрэгтэй болно. Нялх ботго эхний хэдэн өдөртөө хамгийн арчаагүй амьтан байдаг учир эхийн нь гэдсэн доогуур тавьж байж хөхийг нь хөхүүлнэ. Ботго сайн тэнцмэгцээ эхээсээ салахгүй дагах бөгөөд эх нь ч гэсэн ботгондоо ухаангүй хайртай, салгамагц цаг үргэлж гунганан буйлж эхэлдэг зантай. Сая төрсөн ботгоны чөлөөт амьдрал тийм ч удаан үргэлжилдэггүй, эхийг нь үнээ мэт саадаг зантай монголчууд хэдхэн сарын дараа л ботгыг гэрийнхээ ойролцоо зэллэнэ. Хоёртойд нь торомны хамрыг нүхэлж шор мод (буйлыг хэлж байна - Орч) шургуулан, хожим түүнээс нь ногтыг орлодог уяа (бурантаг - Орч) бэхэлнэ. Цаашилбал түүнийг сургаж номхруулан, бурантагнаас нь дугтран сөг, сөг, сөг... гэж хэлэхэд хэвтдэг болгоно. Хоёр настайд нь аян жинд авч яван говь цөлийг туулж сургана, гурван настайгаас нь унаанд, дөрөвтэйгөөс нь багаахан ачаа ачиж, тэгнэж сургана. Харин таван настай тэмээ ажилд аль хэдийн бэлэн болдог.

Тэмээ бүр өтөлж хөгширтлөө, өөрөөр хэлбэл 25 нас хүртлээ уналга, ачлагад эддэгддэг боловч хамгийн таатай үе нь 5-15 нас болой. Тэмээ 30 гаруй, нөхцөл сайн бол бүр 40 хүртэл насална.

Хүнд ачаа ачихын тулд тэмээг эхлээд хомноно, дараа нь хом дээр тэнгээ тавьж ачаапна. Халх нутагт тэмээ нэг бүрийг хомнохдоо зургаа юм уу, бүр найман эсгий бамбайгаар хоёр бөх, нурууг нь ороож зөөллөнө, дараа нь эсгийгээ тусгай модоор (шат хэмээнэ - Орч) хоёр хажуугаас нь дарж бэхлэн, дээрээс нь тэн буюу тэнгүүдээ тавина. Өмнөд нутагт эсгийний оронд сүрэл чихсэн уутаар бамбай хийж, түүндээ модон шатуудаа бэхэлнэ. Тэмээн хөсгөөр аян жин тээхэд сайн ачаалах явдал онцгой чухалд тооцогдоно, учир нь муу, буруу ачаалсан тэмээний нуруу удахгүй автаж гэмтэн, шарх нь эдгэрэхээс нааш дахин эдлэх аргагүй болдог. Нуруу нь автаж гэмтсэн тэмээг түргэн эдгээхийн тулд монголчууд өдөр болгон дээрээс нь шээх эсвэл шорвог цай, усаар шавшина. Тэр ч байтугай нохойгоор шархыг нь мэрүүлж долоолгоно. Ийм шарх зуны цагт эдгэрэхэд нэн хэцүү, ялаа батгана дээрээс нь өт цацна. Намрын аян жиндээ мордохын өмнө монголчууд зун нь сайтар таргалсан тэмээдээ арваад, түүнээс ч илүү хоногоор уяж сойн бэлтгэнэ. Энэ хугацаанд тэмээд нь гэрийн ойролцоо газарт шаасан урт аргамжаанаас бурантгаараа уяатай байх бөгөөд өвс тэжээл өгөлгүй, 2-3 хоногт нэг удаа усална. Замд гарахын өмнө ингэж сойсноор тэмээд гэдсээ татаж, хуримтлагдсан өөхөн тарга нь чамбайрч бэхэждэг гэнэ.

Үргэлжлэлтэй.

Монсудар


Үргэлжлэл: Харийнхан монгол тэмээний тухай-2

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]