Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хаврын 17 учрал киноны Шелленберг, Мюллер нарын бодит түүхУншсан6,360

Шелленберг энэ үед Канарист амиа хорлохыг санал болгожээ. Гэвч “жижигхэн” адмирал эрс татгалзсан байна.

Оросын нэрт жvжигчин Вячеслав Тихоновыг манай уншигчид “Пеньковад болсон явдал”,” Цагаан чихт хар Бим” зэрэг киногоор нь андахгүй бол “Хаврын 17 учрал” нь түүнийг кино урлагт мөнхөлсөн билээ.

Алдарт зохиолч Юлиан Семёновын зохиолоор бүтээсэн энэ бүтээлд оросын тагнуулч хурандаа Петр Исаев буюу СС-ийн штандартенфюрер Штирлицийн дүр, тагнуулч хүний алдах эрхгүй няхуур амьдрал, алхам тутмын бэрх гачланг гарамгай бүтээсэн байдаг. Кинонд Штирлицтэй хамтран ажилладаг германы тагнуулын албаны дээд офицерууд болох Вальтер Шелленберг (нэрт жүжигчин Олег Табаков амьдруулсан), Генрих Мюллер нар болон зарим түүхт хүний амьдрал, хувь заяа бодит амьдралд хэрхэн өрнөснийг сонирхуулъя.

Фридрих Вильгельм Канарис (1887-1945) /Адмирал, Нацист Германы цэргийн зүтгэлтэн/

1935-1944 оны хоёрдугаар сар хүртэл Канарис Абверийн (Германы цэргийн тагнуулын алба) тэргүүн байжээ. Албан тушаалаасаа буусны дараа Герман улс дайнд ялагдсаныг ойлгосон тэрээр фюрерийн эсрэг генералуудын хуйвалдаанд оролцсон аж. 1944 оны долдугаар сарын 20-нд Гитлерийн амь насанд халдсан бvтэлгvй оролдлогын дараа бүх Герман даяар хоморголон баривчилжээ.

7000 илүү хүн баривчлагдсаны дотор Канарис ч багтсан байлаа. Абверийн дарга Канарисийг Эзэнт улсын аюулгvй байдлын ерөнхий удирдах газрын (РСХА) хэлтсийн дарга Шелленберг өөрөө ирж баривчилсан гэдэг.

Энэ хоёр тагнуулч найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд Шелленбергийг “айлчлан ирэхэд” Канарис огт гайхсангүй. Тэр ч бүү хэл “Яагаад ч юм бэ чамайг л ирэх байх гэж хvлээж байлаа” гэж хэлсэн гэдэг.

Харин Шелленберг энэ үед Канарист амиа хорлохыг санал болгожээ. Гэвч “жижигхэн” адмирал эрс татгалзсан байна. Түүнийг нацист Германы хамгийн аймшигтай тамлагчдын нэг Хуненкотен эрүүдэн тамлажээ. Түүнд хүнд дөнгө зүүж, зодож нүдсээр хамрыг нь хугалж орхисон байж.

1945 оны дөрөвдүгээр сарын 8-нд Флоссенбюргийн хорих ангид түүнийг цаазаар аваачжээ. Канарисийг Герман улс үг дуугүй бууж өгөхөөс ердөө сарын өмнө дүүжлэн хороосон нь энэ.

Вальтер Шелленберг (1900-1952) /СС-ийн бригаденфюрер, эзэнт улсын аюулгvй байдлын ерөнхий удирдах газрын зургадугаар газрын дарга/

1900 оны нэгдүгээр сарын 16-нд Саарбрюкенд төрсөн. Бонны их сургуулийн эрх зvйн факультетийг төгссөн. Багш нарынх нь нэг 1923 онд тvvнийг национал-социалист нам болон СС-д элсэн орвол албан тушаал, эрх мэдэлд хүрэх зам нээгдэнэ хэмээн ятгаж чаджээ. Герман улсын хууль тогтоомжийг хөгжүүлэх тухай түүний илтгэлүүд Рейнхард Гейдрихийн анхаарлыг татаж чадсанаар өөрийнхөө удирдлагад авч ажиллуулав.

1939 оны есдүгээр сараас 1941 оны зургадугаар сар хvртэл сөрөг тагнуулын асуудал хариуцсан зургадугаар Е хэлтсийг толгойлжээ. Түүний удирдлага дор олон нууц ажиллагаа хэрэгжсэн байдаг.

1939 оны арваннэгдүгээр сард түүний ажилтнууд Гитлерийг хороохыг оролдсон хэргээр Голландад английн хоёр ч тагнуулчийг хулгайлж байв.

1940 онд л гэхэд Британийн арлуудад цөмрөн орсон тохиолдолд яаралтай баривчлах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргачихсан байсан гэдэг. 1941 оны зургадугаар сарын 22 буюу Герман Орос оронд довтолсон өдөр Шелленбергийг дээрх РСХА-гийн зургадугаар газрын даргаар томилжээ.

1944 оны хоёрдугаар сарын 18-нд Гиммлерийн ерөнхий удирдлага дор ажиллах Германы нэгдмэл тагнуулын системийг байгуулах шийдвэрт Гитлер гарын vсэг зурав. Харин долдугаар сарын 20-нд фюрерийн амь насанд халдсан оролдлогын дараа Шелленберг өөрийн биеэр Канарисыг баривчилсан гэдэг.

Дайны төгсгөлд Шелленберг тагнуулуудаараа дамжуулан Генрих Гиммлерийн зүгээс америкийн тусгай албадтай ганцаарчилсан найрамдал байгуулах нөхцөлүүдийн талаар хэлэлцээ хийсээр л байлаа.

 Олег Табаков

Баривчлагдсан Шелленбергийг 1947 онд болсон нацистын гэмт хэрэгтнүүдийг шүүсэн Нюрнбергийн олон улсын шүүхээс зургаан жил хорих ялаар шийтгэсэн байна. Гэвч тэр 1950 онд чөлөөлөгдөөд дурсамжийн номоо гаргасан байдаг. Шелленберг 1952 онд Италид насан эцэслэжээ. “Хаврын 17 учрал” кинонд түүний дүрийг Оросын алдарт жүжигчин Олег Табаков чадварлагаар бүтээсэн гэж мэргэжилтнүүд дүгнэдэг билээ.

Генрих Мюллер /СС-ийн группенфюрер, гестапогийн удирдагч/

Бавари нутгийн тариачны үр удам. Өмнө нь Мюнхений эрүүгийн цагдаагийн ажилтан байсан бөгөөд энд байхдаа 1933 он хүртэл нууц байдалд тэмцлээ үргэлжлүүлсэн юм. Энэ хугацаанд нацистуудад цөөнгүй хүнд цохилт өгч, аранга нь болж явсан. Харин Гитлер засгийн эрхэнд гармагц тэрээр урд нь Веймарын бүгд найрамдах улсад зүтгэж байсны адилаар шинэ дэглэмд морь нохой мэт хүчээ өгөх болжээ. Генрих Гиммлер тvvний сахилга батыг туйлын сохроор даган мөрддөг чанар болон мэргэжлийнх нь ур чадварт нь татагдан анхаарлаа хандуулах болжээ.

Мюллер нацист намд элсэх өргөдлөө нэг биш удаа өгсөн боловч бүтэн зургаан жилийн турш түүнд татгалзсан хариу өгч байсан нь сонин байдаг. Хэдийгээр тэр зөвхөн 1939 онд л намын гишүүн болсон хэдий ч энэ нь 1935 оноос хүчирхэг гестапог үндсэндээ удирдахад нь огтхон ч саад болоогvй юм. Мюллерийн ур чадварыг үнэлэн бишрэгч Гиммлерийн зvгээс түүнийг ихэд ивээн тэтгэж байсан нь тvvнд гестапод өөрийн гэсэн гайхалтай биеэ даасан, өргөмжит байр сууриа хадгалах боломж өгсөн байна. Тэгээд ч Гиммлер түүнд олон “тун ярвигтай харгис даалгавар” өгч байсан нь Мюллерийн адгуусны мэт зан чанартай нь холбоотой гэж ч үздэг.

Мюллерийн анхны хэргүүдийн нэг нь Бломберг-Фричийн хэрэг байжээ. Мөн Глейвиц дэх хутган үймүүлэх ажиллагааг боловсруулсан хийгээд “Улаан найрал дуу” нууц байгууллагыг мөрдөн мөшгилт түүний нэртэй холбоотой.

 

1942 оны нэгдүгээр сарын 20-нд еврейчүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг эцэслэсэн Ванзейн бага хуралд оролцсон нацист дэглэмийн хамгийн дээд 15 удирдагчийн нэг нь тэр байлаа.

1943 оны зургадугаар сард тvvнийг Италийн жүүдүүд баривчилгаанаас хэрхэн зугтааж буй шалтгааныг тогтоолгохоор Ром хот руу ч илгээж байв. “Жүүдийн асуудлаархи мэргэжилтний” хувьд гуравдугаар рейхийн сүүлчийн өдрүүдэд Мюллер Берлин хот дахь фюрерийн алдарт бункерт байсан мэдээ ч бий.

Чухамхүү Мюллерт сандарч тэчьяадсан, хэнд ч итгэхээ болиод байсан Гитлер нуувч бункерээс зугтаан зайлах гэж оролдсон хэрэгт өөрийн эхнэр Ева Брауны эгчийн нөхөр Герман Фегелейнийг мөрдөн байцаах үүрэг даалгавар өгч байжээ.

Харин тавдугаар сарын эхний өдрүүдээс “№1 гестапочин” Генрих Мюллер ор сураггүй алга болсон бөгөөд түүний цаашдын хувь заяа хэрхсэн нь одоо хүртэл тодорхойгүй байгаа билээ. 1973 онд түүний нэр хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж буй нацистын гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад бичигджээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]