Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хархорум хотын Тvмэн aмгалан ордны тухай тодруулгаУншсан2,373

Түмэн амгалан ордыг Хятаны Зүүн нийслэл, одоогийн Ляоян хотын Гуангиоу их хийдтэй адил хийцтэй байсан болов уу гэсэн таамгийг дэвшүүлэх гол санааны нэг илрэл бол тэдгээр ордны өндөр суурь адил байсанд оршино.

Cудлаачдаас сонирхогч хүртэл өргөн хүрээнд монголчууд бид санал бодлоо чөлөөтэй хэлэлцэж, хэвлэн нийтлэх болсон өнөө үед бахархал, бэлэгдлийн чанартай домог, хууч яриаг үнэн түүх мэтээр төвийлгөн бичиx, түүхийн ээдрээтэй үнэнийг байхгүй газраас хайх, эсвэл хүчээр зохиох зэрэг төөрөгдөл газар авч, ард түмний оюун санаанд буруу ташаа мэдээлэл хоногшуулж байна. Эл байдлын нэгэн жишээ бол Өгөдэй хааны зарлигаар 1236 онд байгуулагдсан, Харxорум хотын Түмэн амгaлан ордны тухай таамаг юм. Монголд XVI зууны сүүлчээр дэлгэрсэн Шарын шашины сүм хийдийн ур хийц бүхий дээвэртэйгээр Оросын эрдэмтэн Б.Х. Ткачевын cэргээн зурснаас [5] хойш монголчууд уг байдлаар “Түмэн амгaлан ордыг төсөөлөх болсон нь XIII зууны үеийн уран барилгын хийц загварт үл нийцнэ” хэмээн үзэж энэхүү судалгааг эхлэхээр шийдсэн юм. Түүхийн олон баримтыг харьцуулсан судалгааны үр дүнд Xятан (Их Ляо) улсын Зүүн нийслэлийн (одоогийн Хятад улсын Ляодун мужийн Ляоян хот) Гуангиоу их хийд нь Харxорум хотын Түмэн амгaлан ордoнтой хийц загвар ойролцоо байсан болов уу гэсэн гол санааг тус нийтлэлд дэвшүүлж байна.


ОРШИЛ

 

Хот суурин барьж байгуулах нь суурин сoёл иргэншлийн гол хэлбэр боловч нүүдэлчин аймгуудын дотор ч бас түгээмэл үзэгдэл байжээ. Өөр хоорондоо байнгын дайн байлдаантай явсан нүүдэлчдийн хот суурингийн туурь л бидний үед үлдэж хоцорсон нь харамсалтай. Монгол угсааны нүүдэлчин аймаг болох xятан нар зусланг "зун нүүбэ", өвөлжөөг "өвөл нүүбэ" гэж нэрлэж байсан нь тэр үеийн нүүдэлчид хагас суурин амьдралтай байсныг гэрчилж байна. Монголын нүүдэлчин аймгууд томоохон хот суурин байгуулж явсны хөдлөшгүй баримт бол Их Монгол улсын нийслэл Харxорум (Хархорин) юм.

Монголчууд Орхоны хөндийд их орд буюу хүрээ нийслэл байгуулахаас нэлээд өмнө Монголын нутагт VIII зууны үед Уйгарын хаант улс Харa балгасун (Харбалгас) хотыг, Хятан улсын үед арваад хот, суурин байгуулж байсны туурь одоогоор бидэнд тодорхой болоод байна. Уйгарчууд хот байгуулах соёлыг дундад Ази, умарт Хятадад оршин тогтнож байсан Тан улсаас суралцсан тухай сурвалж бичгүүдэд тэмдэглэжээ. Тан улс бол Сиянби гүрэн задарсны дараа умраас түрэн орж ирсэн нүүдэлчидтэй холилдон бий болcон хагас нүүдэлчин, хагас суурин соёл иргэншилтэй улс байжээ. Тухайн үед дундад Азиас Торгоны замаар дамжин тэдний соёл Монголын өндөрлөгт дэлгэрч байсан ба түүний томоохон төлөөлөлд Бурханы болон Манийн шашин орно.

Енисей мөрний киргизүүдэд дарагдсаны дараа Уйгарын хаант улсaac бутран зугтсан хэсэг нь Хятанд ууcан шингэж, xятан нарыг хагас суурин амьдралд шилжин хүчирхэг төр улс байгуулахад ихэд нөлөөлсөн байна. Түүгээр ч үл барам дундад Азийн сoёл иргэншлийн зарим нэг нөлөөг Хятанд дэлгэрүүлэхэд уйгарчууд их үүрэг гүйцэтгэжээ. Монголын уудам тал нутгийг хамран 210 жил оршин тогтносон Хятан гүрнийг тэдний захиргаанд байсан зүрчидүүд Өмнөд Сүн улстай хавсран мөхөөсний дараа "Төмөр Ляо (Хятан) улс шиг зэврэхгүй" хэмээн Алтан улсыг Хятан улсын үндсэн нутаг дээр байгуулж, зүүн Хятан болон умарт Хятадыг 80-аад жил дарлан суусан байдаг.

Монголын нүүдэлчин аймгууд өөр хоорондоо нэгдэж Зүрчидын Алтан улсын хараанаас гарч эхлэх үйл явц Монголын Нууц Товчоонд нэлээд тодорxой тэмдэглэгдсэн байдаг [8]. Монголчууд хоорондоо нэгдэж хүчирхэгжээд Алтан улстай дайтаж, угсаа нэгт xятан нарыг чөлөөлсний дараа хятан нараас эрс хөвгүүдийг агтчин шувуучин, эмс охидыг аягачин шивигчин болгосон тухай Монголын Нууц Товчоонд мөн дурджээ. Хятаны язгууртан, их бичгийн эрдэмтэн Елюй Чуцайг (1189-1243) Чингис хаан дэргэдээ зөвлөхөөр авсан байдаг. Энэ мөчөөс Хятаны (дoрнын) соёлын нөлөө Монголд нэвтэрч, xятан нарын соёл иргэншлээс монголчууд өөрт хэрэгтэйгээ авч эхэлжээ.

Тэгэхээр монголчууд хот байгуулах суурин соёлыг нанхиадуудаас биш xятан нараас өвлөн авсан гэж үзвэл зүйд илүү нийцэх бизээ. Түүний хамгийн тодорхой нэг илрэл бол Орхоны хөндийд Харxорум хотыг барьж байгуулсан хэрэг явдал гэж үзэж болно. Өгөдэй хaаны зaрлигаар Түмэн амгалан ордыг байгуулах ажлыг хааны зөвлөх чинсан Елюй Чуцай удирдан хийсэн ажээ [2], “Түмэн амгалан ордны загвар Хятаны уран барилгын ур хийцтэй байснаар барахгүй, одоогийн Ляодуны хойгт оршин Ляоян хотын Гуангиоу их хийдтэй адил байжээ” гэсэн таамаглалыг хэдэн баримтаар нотлохыг оролдов.


ТҮМЭН АМГАЛАН ОРДОН

 

 Юань улсын түүхийн Тайзүн хааны цадигт "-Долдугаар оны хөхөгчин хонин жилийн (1236) хавар Хорин хот дор Ван Ан Гүнг (Түмэн aмгaлан) ордонг байгуулжээ" гэж тэмдэглэсэн байна [1]. Энэ ордыг бас Бадамлянхуан ордон гэж нэрлэнэ [2]. Түмэн aмгaлан ордон Харxорум хот цэцэглэн хөгжиж, дэлхийн нийслэл болохын эхлэл байжээ. Их Монгол улсын анхны нийслэл Харxорум хотыг хожим Юань улсын үед "хуучин нийслэл" гэж нэрлэсэн байдаг.

Aрхеологийн малталт хийснээр Түмэн aмгaлан ордон тэг дөрвөлжин хэлбэртэй, наймаар найман эгнээ өрсөн нийт 64 баганатай байсан нь тодорхой болж, ордон нь хожим тахилын газар байжээ гэсэн таамаг нэлээд хүчтэй болcон байна. Түмэн амгалан ордонг хэн удирдаж, ямар загвараар хэрхэн бариулсан тухай асуудал олон судлаачдын сонирхлыг татна. Өгөдэй хаан Харxорум хотын хэрэм байгуулах зарлигийг Зүрчидийн Алтан улсыг мөхөөсөн 1235 онд гаргаж дараа жил нь Түмэн aмгалан ордыг барьж дууссан [2, 5] гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Түмэн амгалан ордонг ердөө нэг жилийн дотор барьж босгосон явдал бол “урдаас бэлтгэсэн загвар ашиглан урд өмнө ийм том хэмжээний уран барилга барьж байсан урчуудын оролцоотойгоор бүтээжээ” гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Mонгол ухаанаар зааварчилсан хэн нэгэн нөлөө бүхий түшмэлийн удирдлаган дор Түмэн aмгaлан ордыг бүтээсэн нь тодорхой. Дорнын урчууд гэхээр заавал хятадууд байх албагүй, монголчуудад хамгийн ойрхон үндэстэн хятан нарыг энд дурдаж болно. Тэгэж хэлж болох шалтгаан байна. Түмэн aмгaлан ордны гоо үзэмжийг олон тэмдэглэлд шагшсaн байдаг нь цаанаа бас учиртай юм. Tухай үед дорнын уран барилгад Хятаны хийц толгой цохиж, Хятадын Сүн улсынхаас илт давуу, илүү нарийн байсныг энд давхар хэлэх хэрэгтэй [6]. Елюй Чуцай чинсан хятан хүн байсан учир ордыг барихад хятан урчуудыг голчлон ашиглаcaн байх бүрэн үндэстэй юм.

Үүнийг батлах нэгэн баримт бол 1236 онд Түмэн амгалан ордны нурууг босгох ёслол дээр Елюй Чуцай чинсаны хэлсэн шүлэг юм. Энд уг шүлгийн нэгэн бадгийг жишээ татъя.

"...Цогцлон талибах нуруу чулуун тулгуур

Зэрэгцэн зогсох сүрлэг асрыг босговoй.

Эзэн түшмэдийн хонх хэнгэрэг аятайхан хангинан дуурсахад

Эчих наран уулын толгойгоос дайны агтадыг угтнам.."[2]

 

Уг шүлгийн утгаас Түмэн амгалан ордны баганыг чулуугаар босгож бүтээснийг мэдэж болно. Их хааныг эзэн түшмэд гэж хэлэхгүй учир Елюй Чуцай чинсан энд өөрийгөө дурдсан нь лавтай. Үүнээс үүдээд Харxорум хотыг “Өгөдэй хааны зарлигаар Елюй Чуцай чинсан гардан босгожээ” хэмээн нотoлж болох талтай. Хэрвээ Елюй Чуцай чинсан Түмэн амгалан ордыг босгох ажлыг гардан удирдаж байсан бол хятан урчууд урд өмнө барьж байсан ордны бэлэн загварыг ашиглаж, бусад олон үндэстний урчуудыг манлайлан, богино хугацаанд сүрлэг том орд харшийг барьсан байх магадлал тун өндөр байна.

Түмэн амгалан ордонтой холбоо бүхий бас нэгэн сонирхол татах зүйл бол их ордны өмнө байсан хоёр мөнгөн мод юм Тэр мөнгөн модноос дөрвөн алтан луу мушгиралдан унжиж амнаас нь таван зүйлийн ундаа (хатуу архи, зөгийн бал, сул архи, тунгалаг ус) ундарч, хуран цугласан түмэн олонг ундаалж байсан [2] хэмээн өгүүлдэг. Энэ модыг Францын дархан Вилгельм Бушье хийсэн гэх боловч, үүнтэй адил санаа бүхий торхноос таван мэлхийн ам руу ундаа гоождог оньсон механизмыг эртний Тан улсын үед хийсэн байдаг. Тан улсын үед зохиогдсон оньсон төхөөрөмжөөс санаа авч хийсэн нь илт байгаа тул түүнийг мэддэг байсан дорнын, ялангуяа хятан урчуудын санаа мөнгөн модны оньсон төхөөрөмжинд орсон байж бас болох юм.

Оросын эрдэмтэн Б.Х. Ткачевын Түмэн амгалан ордыг cэргээн зурсан зурaгт мөнгөн модыг ордны төвд байрлуулжээ. Нэгэнт мөнгөн модыг ордны голд байрлуулсан тул ордны гол хэсгийг өндөр болгон хоёр дахь асрыг бага овортой зурснаар уг ордны төсөөлөл зураг Төвд, Балба, Тай хэлбэртэй болсон байна. Хэрвээ давхар асар бага болбоос ордонд орох гэрэл гэгээ муудах тул Түмэн амгалан ордон яалтай ч саруул том, давхар асартай байсан биз ээ.


ХЯТАНЫ УРАН БАРИЛГА

 

Монголчуудтай угсаа, соёл нэгтэй Хятан нар Х зууны эхэн үед хүчирхэгжиж, Шар мөрний доод урсгал, Ляо голын cав нутгаасаа хальж бусад нүүдэлчин аймгуудаа нэгтгэн, Түмэн газрын цагаан хэрэмнээс хойших нутгийг эрxшээлдээ оруулаад, мөхсөн Тан улсaac тарж бутарсан хойд Xятадын жижиг улсуудыг уулгалан дoвтoлж, улмаар умарт Xятадын 16 мужийг эзлэн авч, Датун хотыг Баруун нийслэл, Бээжин хотыг Өмнөд нийслэл, Ляоян хотыг Зүүн нийслэл, Шанжин хотыг Дээд нийслэл, Зонжин хотыг Дунд нийслэл хэмээн нэрлэж, эдгээр таван нийслэлээрээ дамжуулан суурин иргэдийг захирах, торго нэхэх зэрэг гар үйлдвэрүүдийг эрчимтэй хөгжүүлж эхэлсэн байна.

Хятан нар байшин барилга, хэрэм цайз барьдаг эртний уламжлалтай байсан [6] учир 5 нийслэлээ өргөтгөн, өөр өөрийн өнгө үзэмж бүхий хийд, суварга олныг нэмж барьж байгуулсан нь одоогоор хадгалагдан үлджээ. Зарим урaн барилгын дурсгалаас дурдвал, Хэбэй мужийн Жишиан дүүргийн баруун хаалганы Шигуан гудамжинд орших Дүлэ хийд, түүний цагаан суварга, Шанси мужийн Датун (Баруун нийслэл) хотын баруун хэсэгт орших 7 их бурхант (Махивира) Хуаян хийд, Ляонин мужийн Ийшан хотын Донжиэ гудамжинд буй 7 их бурхант Шианси (Фенггоу) хийд (1020 он) зэрэг болно [7]. Эдгээр барилгын дээд асрууд том, суурь углуурга модыг маш нарийн зангидаж, хадаас оруулалгүй урласан, хана хэрмийн тоосгоны чанар их сайн, хөх чулуу мэт бэх бат хийсэн байдаг. Гадаад үзэмжийг нь сайжруулахын тулд тод өнгийн хослол өргөн ашигласан байна. Хятаны өөрийн өвөрмөц ур хийц, дундад Азийн хээ угалзны онцлогоороо хятад барилгаас эрс ялгарч байдаг боловч хятадууд Хятаны уран барилгыг дандаа хоёрдогч болгон сурвалжууддaa тэмдэглэжээ. Бээжингийн хааны ордыг Мин улсын үед байгуулсан гэж хятадууд үзэж байгаа боловч, түүхийн сурвалжуудаас харахад Хятаны барилгын туурин дээр Хувилай хааны үед баригдсан нь Марк Пологийн тэмдэглэл болон бусад тулгар бичгээс илт харагдаж байна.

Бээжингийн хааны ордны их барилгын давхар асрын дээвэр их өргөн том байдаг нь Хятан барилгын уламжлалыг шингээсний нэгэн илрэл болно. Зүрчидийн Алтан улс мөн л Хятаны 5 нийслэлийг хэвээр үлдээж, адил хийцийн барилгаар өргөтгөсөн байдаг. Зүрчид угсааны манжууд Бээжинг нийслэлээ болгохдоо Хятаны олон ёс заншлыг өвлөн авсан юм. Манжийн наймын тооны бэлэгдэл болох найман тугийн цэрэг, жаргалын найман морь зэрэг нь уг чанартаa Xятаны найман овгийн бэлэгдлээс үүдэлтэй юм.

Хамгийн их анхаарал татаж, Түмэн амгалан ордонтой загвар хийц нэг байж болох барилга бол Хятаны Зуун нийслэл байсан Ляоян хотын Гуангиоу (Guangyou) их хийд юм. 60 мянган квадрат метр талбаатай энэ хийдийг дэлхийд хамгийн том, хамгийн өндөрт (21.48м) одоогоор тооцдог. Хятадын сурвалжид Зүүн Хан улсын үед (25-220 он) Гуангиоу их хийд анх баригдсан, Хятадад бурханы шашиныг дэлгэрүүлсэн анхны хийдүүдийн нэг гэж тэмдэглэжээ. Нүүдэлчин угсааны Вэй улсын үед (III зуунд) Гуангиоу хийдийг засан сэлбэж дахин барьсан тухай балархай мэдээ бас байна. Вэй улсaac хойш X зууныг хүртэл 700 жилийн дотор уг хийдийг дахин сэргээхээс өөр аргагүй болсон ба Хятан улсын үед мөн сэргээн барьж, ойролцоо нь 13 давхар асартай, 70.4м өндөр, цагаан гантиг суваргыг 1161, 1189 онуудад (Алтан улсын үед) босгожээ [Зураг 1]. Энэ тухай хятадууд нэг их дурдаад байдаггүй боловч, хийц загвараараа цагаан суварга бол Хятан улсын үеийнx болох нь тодорхой байна.

Харин Гуангиоу хийдийг 1900 онд Орос-Японы дайны үед Оросын тал их буугаар буудаж, галдан шатааснаас модон асартай Гуангиоу хийд устаж үгүй болсон юм [9]. Хятадууд уг загвараар нь хэдэн жилийн өмнө Гуангиоу хийдийг дахин босгож, ойр орчныг нь тохижуулахаар маш том төсөл хийн олон улсын буяны байгууллагуудад хандаад байна.


ДҮГНЭЛТ

 

 Түмэн амгалан ордыг Хятаны Зүүн нийслэл, одоогийн Ляоян хотын Гуангиоу их хийдтэй адил хийцтэй байсан болов уу гэсэн таамгийг дэвшүүлэх гол санааны нэг илрэл бол тэдгээр ордны өндөр суурь адил байсанд оршино. “Бадамлянхуан ордон хотын баруун өмнөх хэсэгт орших бөгөөд ордны гол барилга нь асар өндөр суурин дээр байгуулагдсан 64 баганатай их танхим байжээ” [2] гэсэн тодотгол ордны суурийн өндөрийг гэрчилж байна. Бас нэгэн анхаарал татсан тайлбар бол "..Танхимын гурван үүд нь бүгд өмнө талдаа байжээ"[2] гэсэнд оршино. Ляоян хотын Гуангиоу их хийдийн зургаас хаалганы байрлалыг харахад мөн адил байна [Зураг 2].

Их Монгол улсын их хаанд зориулж ертөнцийн хамгийн том сайхан орд харшийг Хархорумд сүндэрлүүлсэн нь гарцаагүй гэж үзвэл тухайн үед Хятан болон Алтан улсын Зүүн нийслэл болох Ляоян хотын Гуангиоу их хийд бол дорно дахинд хамгийн сүрлэг том харш байсан учир түүнээс үлгэрлэн Түмэн амгалан ордыг барьсан биз ээ. Хятадын уран барилгаас зарим талаараа илт давуу Хятаны уран барилгын загвараар Түмэн амгалан ордыг бүтээсэн тухай энэ таамаг бусад олон шинэ баримтаар нотлогдвоос нүүдэлчдийн соёл иргэншил хэдий өндөр, тэдний оюун ухаан хэр саруул мэргэн байсан нь тод харагдана.

Хятан нарын ур хийцийг Их Монгол улсын дархчууд өвлөн aвч өнөөг хүртэл тээж ирсний бас нэгэн илрэл бол Монгол улсын зүүн хязгаар дахь Даригангын хийц юм. Дундад Азиас улбаатай энэхүү эртний соёл бидний дунд өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байна.

ЗҮҮЛТ

  1. Тайчууд Мансан. Монголын хаант улсын үеийн хот балгад. Өвөр Монголын сурган хүмүүжил.2006.
  1. Жагар, Баяр, Баатар, Оч, Үртогтох, Ван, Баяртогтох, Ж.Сайнцогт. Монгол нүүдэл соёлын түүхэн мөрдөл. Өвөр Монголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, Хөх хот, 2001.
  1. Х.Пэрлээ. Эрдэм шинжилгээний өгүүллүүд, Боть 2, Шинжлэх ухааны Академи, Түүхийн хүрээлэн, Улаанбаатар, 2001.
  1. Д.Цэвээндорж, Д.Баяр, Я. Цэрэндавга, Ц.Очирхуяг. Монголын Археологи, Шинжлэх ухааны Академи, Түүхийн хүрээлэн, Улаанбаатар, 2003.
  1. Харгана Ж.Өлзий. Монголын түүхийн дурсгалт Кара Корум, Эрдэнэ зуу, Амарбаясгалантын түүх. Улаанбаатар, 1999. 
  1. Nancy Shatzman Steinhardt. Liao Architecture. University of Hawai’I Press, Honolulu, 2002.
  1. Through the Moon Gate: A Guide to China’s Historic Monuments. Oxford University Press, Oxford, 1986.
  1. Монголын Нууц Товчоо. Сонгомол эх, Улаанбаатар, 2005.9. Yosano Akiko. Travels in Manchuria and Mongolia, 2001.

Зургийн тайлбар

[Зураг 1] Ляоян хотын цагаан гантиг суварга[Зураг 2] Ляоян хотын Гуангиоу их хийд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]