Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөвлөлтөд бэлтгэгдэж, Америкт сургагдсан хурандаа алуурчид бэлдэж байна

Тажикстаны хурандаа Гулмурод Халимовын тухай Оросын төдийгүй өрнөдийн хэвлэлүүдээр ид хүчээ аван шуугиж байна.

Өмнөх нийтлэлд Исламын улс бүлэглэлд элссэн Тажикстаны хурандаа Гулмурод Халимовыг нутгийнх нь тусгай албад түүний алан хядах бүлэглэл дэх үүрэг ролийг нь тогтоохыг оролдож байгаа тухай, америкчууд болон оросууд Халимовын талаар хэрхэн үзэж байгаа тухай сүүлийн үеийн мэдээлэл хүргэсэн. Тэгвэл Оросын төдийгүй өрнөдийн хэвлэлүүдээр ид хүчээ аван шуугиж байгаа хурандаа Халимовын тухай нарийвчилсан мэдээллийг энэ нийтлэлээрээ хүргэж байна.

Ирак, Сирийг газрын хөрснөөс устгах шахаж байгаа "Исламын улс" бүлэглэлийн цэргийн сургагч нарын дотор өндөр чадвар бүхий оросоор ярьдаг багш нар байгаа тухай мэдээллийг анх Пентагон олж авсан байдаг. Ингээд Иракийн армийнхантай нягт ажиллаж тагнуулын мэдээлэл олж авсны үр дүнд Тажикстаны хурандаа Гулмурод Халимов "Исламын улс"-ын дайчдын цэргийн бэлтгэлийг хариуцан явуулдаг болохыг тогтоосон юм. Тэр цагаас хойш мэдээлэл цэргийнхний гараас алдагдаж эхэлснээр Орос болон Тажикстаны хэвлэлүүдээр сураггүй алга болсон хурандаа Халимов Сирид байгаа тухай, алан хядагч болж хувирсан тухай нийтлэлүүд цуварсан юм.

Уг нь Халимовыг Сирид байгаа тухай мэдээллийг америкчууд ихэд нууцалж байлаа. Зүгээр л "Исламын улс" бүлэглэлийн талд олон орос иргэд байгаа тухай мэдээлэл ихээр цацаж байсан юм. Оросын Гадаад хэргийн яам харин Халимовын мэдээллийг баталж эхэлснээр Тажикстаны ч тэр, Америкийн ч тэр тусгай албад үнэнийг нуух шаардлагагүй боллоо гэж үзсэн байдаг.

Олон улсад аюул тарьж байгаа Исламын улс зэвсэгт бүлэглэлийн талд оросын иргэд байлдаж байгааг олж мэдсэнээ ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Михаил Богданов “Коммерсантъ” сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон ба яг хэдэн хүн лалын зэвсэгт бүлэглэлийн талд дайтаж байгааг тодорхой хэлээгүй ч хэдэн зуун хүн байгаа гэжээ. Юутай ч Гадаад хэргийн яам энэ тоонд хуучин Зөвлөлтийн харьяанд байсан орос хэлээр ярьдаг улсуудын иргэд багтаж байгааг анхааруулсан байна.

Цэвэр оросууд биш стануудын иргэд энэ тооны ихэнхийг бүрдүүлж байж магадгүй, оросоор л ярьж байвал орос хүн гэх нь утгагүй зүйл гэж тэрээр нэмж хэлсэн юм. Харин америкчуудын зүгээс "Исламын улс" хаанаас ч юм зэвсэг хэрэгсэл ихээр худалдаж аваад байна, үүний ард оросын зэвсгийн наймаачид, хуучин зөвлөлтийн орнуудын төр засаг ч байж мэдэх тухай хардаж эхэлсэн.

Исламын улс бүлэглэлийн цэргүүд

Гэтэл энэ эргэлзээг Тажикстанд сураггүй алга болсон хурандаа ил гарч өөрийн яриагаа дүрс бичлэгээр баримтжуулан интернэтэд байршуулснаар тайлсан. Нэг ёсондоо Халимов мэтийн хуучин Зөвлөлтийн исламы шашинт улсуудаас өндөр бэлтгэлтэй офицерууд, зэвсгийн наймаачид Араб дахин руу чөлөөтэй нэвтэрч байгааг баталсан юм. Тэгээд ч зогсохгүй Халимов өөрийг нь америкчууд бэлдэж байсан тухай дэлгэрэнгүй ярьж өгч улмаар Сири, Ирак исламын ертөнцөөс савраа татахгүй бол та нарыг гэр оронд чинь очиж устгана, хөнөөнө хэмээн оросоор ярьсан.

 

Ингээд шинэ шуугиан дэгдлээ. Нөгөө америкчуудын хардаад байсан орос сургагч нь орос биш тажик хүн болж таарсан, тэгээд ч зогсохгүй түүнийг америкчууд бэлдсэн хэмээн хэвлэлүүд дуу дуугаа авалцан мэдээлэв. Үнэхээр ч хурандаа Гулмурод Халимов 2003-2014 оны хооронд таван удаа терроризмын эсрэг тусгай хөтөлбөрт багтан сургалтад суусны гурав нь АНУ-ын "Хар ус" хөтөлбөр байж таарчээ. Тэрээр Тажикстаны Батлан хамгаалах яамны томилолтоор АНУ-д гурван удаа очиж терроризмын эсрэг сургалтад суусан нь батлагдсан. Америкийн Батлан хамгаалах яамнаас жил бүр "Хар ус" хөтөлбөрт хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байгаад тусгаарласан орнуудаас талдаа татаж чадсан Тажикстан, Азербайжан, Гүрж болон Балтийн орнууд Латви, Литва, Эстонийн цэргийн мэргэжилтнүүдийг өөрийн цэргийн хөтөлбөрт сургахаар олон тэрбум долларыг гаргадаг юм.

Гэвч америк иргэдийн өөрсдийгөө хамгаалуулахаар татварт төлсөн мөнгөөр жинхэнэ аймшигт террористуудыг сургаж байсан явдал АНУ-ын дотоодод ч хурц шүүмжлэл дагуулж байна. Заавал гадны тэр тусмаа ислам шашинт иргэдтэй улс орнуудаас хөрөнгө мөнгө цацаж улсынхаа цэрэг зэвсэглэл, террорын эсрэг хэрэглэх арга чарга, хамаг байдгаа дэлгэх хэрэг байсан уу хэмээн олон нийт асууж байна. Террористуудын эсрэг америкчууд ямар арга барилаар тэмцдэг болохыг өөрсдийнх нь мөнгөөр бүрэн мэдэж авсан мэргэжилтэн хурандаа Гулмурод Халимов 2003-2014 онд давтан бэлтгэгдэж байх хугацаандаа Тажикстан улсын Аюулаас хамгаалах албаны тусгай ажиллагаа явуулах үүрэг бүхий "OMON" хэмээх ангийн захирагчаар ажиллаж байв.

Ингээд 2014 оны сүүлээр сураггүй болж удалгүй Сирид гарч ирсэн Халимовын гараар бэлтгэгдсэн олон мянган "Исламын улс"-ын дайчид Ирак, Сирийн засгийн газрын эсрэг амжилттай тэмцэж байгаа нь аргагүй гэмээр. Түүнийг одоо өрнөдийн хэвлэлүүд аймшигт амьтан хэмээн бичиж байгаа. Учир нь Халимов гурвантаа Америкт ирж байсан, тус улсыг сайн мэддэг бас тусгай хүчний дээд зэргийн бэлтгэлтэй учир ямар ч аймшигт халдлага хийхээр төлөвлөж байж мэднэ хэмээн америкчууд айдас тээж эхэлжээ. Хуучин Зөвлөлтийн цэргийн бэлтгэл, дээрээс нь америкийн цэргийн сургалт нэмэгдээд Халимовыг дийлдэшгүй амьтан болгож хувиргасан нь мэдээж хэрэг. Эмгэнэлтэй нь ийм сургагчийн бэлдсэн террористууд ямар аймшигтай байх нь ойлгомжтой юм.

Тажикстаны хилийн цэргүүд

Тажикстаны "OMON" тусгай отрядын бэлтгэл

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 9 сар 17. 0:56
ХИЛИЙН ЦЭРЭГ

Халийдолдойн Жеке гэж Монгол төрөөс төрсөн нэг генерал бас яалаа одоо хаана явна

2016, 9 сар 22. 14:25
иргэн

тэр хүн Исламын улсын цэргийн бэлтгэл хурандаа болсон

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]