Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тувагийн тэргүүнд өгсөн Х.Чойбалсангийн ухамсрын шанааУншсан18,349

Бүх байдлаараа Зөвлөлтийн хараат орон, удирдагчид нь ч Москвагаас томилогддог цаг дор Х.Чойбалсангаас гарсан энэ ааш хэтэрхий эрсдэл дагуулсан, зоримог үйлдэл байж.

Манайхан ер нь нэг л хэл амаа олж өгөхгүй асуудал дээр ухамсрын шанаагаар үзэл бодлоо илэрхийлчих гээд байдаг улс. Бөхчүүд дэвжээн дээрээ, бөхийн хорхойтнуудынхаа нүдэн дээр нэгэндээ ухамсрын шанаа өгөх энүүхэнд, улстөрчид ч яаж дутах вэ ордондоо бас “өгч авалцана”. Гэхдээ энэ бол түүхэнд үлдэхүйц ухамсрын шанаа биш аж. Зүгээр л аахар шаахар, тулга тойрсон асуудлаа ингэж шийдэх гэж оролдоно. Харин түүхэндээ гэх үү, эрт цагт гэх үү, монголчууд баргийн юман дээр гар хөдөлгөж намба алдаад байдаг улс биш хэрнээ улс орныхоо эрх ашиг хөндөгдөх асуудлуудад хэнээс ч айж эмээлгүй байр сууриа хатуухан илэрхийлж байж.

Эрт үед бол сэлэмний ир, жадны үзүүрээр л ярьдаг байсан нь тодорхой.

Ойрмогхны нэг жишээ дурдахад Ерөнхий сайд асан П.Гэндэн байна.

Тэр угаас ам хэл түргэн, үг яриа хурц, омголон цочмог нэгэн байж. Нөгөө талаар олсон боловсрол бага ч хар ухаан сайтай, түргэн гүйлгээ сэтгэдэг удирдан зохион байгуулах байгалийн авьяастай хүн байжээ. Энэ бүх шинж чанарууд нь Монголын нам, төрийн томоохон албан тушаалд байх бүхий л үеийнх нь турш сайн муугаар илрэн гарч байлаа.

Гэхдээ  тэрээр үг яриа хурц, омголон цочмогынхоо хувиар улс эх орныхоо хувь заяаг хөндсөн ямар ч асуудал дээр хэний ч өмнө нуруу цэх зогсож, байр сууриа хамгаалж чаддаг л нэгэн байж.

Тиймээс ч Сталинаас айлгүй, гаансыг нь хуга цохиж чадсан цорын ганц хүн хэмээн Пэлжидийн Гэндэнг ярьдаг билээ. Үнэндээ гаанс хуга цохих нь ч юу юм, тийм баримт түүхэнд үлдээгүй ч нэгэн дайллага дээр согтуугаар Сталинтай хэрэлдэж, агсан тавьсан зэрэг явдал болсон тухай тэмдэглэгдсэн байдаг. Харин тэр ширээ тойруулж хөөсөн, гаансыг нь хуга цохисон гэдэг нь зүгээр л давс яриа болтой.

Гэсэн ч П.Гэндэн И.Сталины өмнө хоосон ч үгүй л байсан байх.

Бүр ойрхны нэг жишээ байна аа. БНМАУ-ын маршал, удирдагч Хорлоогийн Чойбалсан нэгэн удаа Тувагийн төрийн тэргүүн Салчак Калбакхорекович Токатай уулзжээ. Монголчууд Салчаг Тогоо гэх ба манайхаар бол Тувагийн Чойбалсан л даа.

 

Тэрээр Туваг Зөвлөлт Оросын бүрэлдэхүүнд оруулах ажлыг гол санаачлагч, автор нь аж. Тиймдээ ч парламент буюу ардын хурлаа сэмхэн хуралдуулаад улсаа том гүрэнд нэг мөсөн нэгтгэж харьяат нь болох тухай санаачлага гаргаад Москва руу явуулж орхижээ.

Ингэхийнхээ өмнөхөн Улаанбаатарт, бүр тодруулбал Ленин клубын байранд Х.Чойбалсантай уулзжээ. Одоогийн Төв шуудангийн уулзварын дэргэдэх Ленин клуб шүү дээ. Тэр үед төр засгийн томчууд, гадаад дотоодын төлөөлөгчдийн албан, албан бусаар уулзаж, хэлэлцэх ганц тохилог байр байж. Салчак Тока Туваг Орост нэгтгэх санаагаа ч дуулгаж, ам дамжсан яриагаар бол БНМАУ ч гэсэн ийм замаар замнах нь зүйтэй хэмээн араасаа дагуулах аятай зүйл ярьсан байна.

Х.Чойбалсан түүнд нэг л хариу өгсөн бөгөөд унатал алгадсан эсхүл цохисон гэдэг юм билээ. Аль нь байлаа ч албан бус уулзалт учир протокол, тэмдэглэл үлдээгүй хэрнээ тэр үеийн олон хүн гэрчилж хожим хойно бидний үе хүртэл яригдсаар ирсэн түүх юм.

Бүх байдлаараа Зөвлөлтийн хараат орон, удирдагчид нь ч Москвагаас томилогддог цаг дор Х.Чойбалсангаас гарсан энэ ааш хэтэрхий эрсдэл дагуулсан, зоримог үйлдэл байж. Олон нөхдийнхөө, монголчуудынхаа амь насаар авч үлдсэн тусгаар тогтнолын үнэ цэнийг сайн мэдэж байсан болохоор Салчак Токагийн саналд биеэ барихааргүй их бухимдсан нь тодорхой.

Харин Тувадаа эргэн ирээд Салчак Тока дээр дурдсанаар саналаа Москвад илгээсэн бөгөөд үр дүн нь өнөөгийн Оросын Холбооны Бүгд найрамдах Тува улс. Энд тэндгүй сүндэрлэсэн Салчак Токагийн хөшөө. Харц ардын хүүхэд байгаад, харгис феодалуудын гараас улс орноо салгах гэрэл гэгээ Москвагаас гарч байгааг олж харсан Салчак Токагийн тухай ном, зохиол.

Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв. Х.Чойбалсан

Түүхч, нийтлэлч Доржийн Сүрэн

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 12. 10:00
Зочин

1986 онд сургууль төгсөөд мундаг амьтан нутагтаа очиход намайг багаас минь мэдэх нэг өвгөн амничлан нэг юм асууж байсан юм. "Манай улсыг чинь хоёр дахь социалист орон гэж яриад байх юм. Уг нь анх бол нэгдэх нь орос, хоёр дахь нь Тагнидива улс, гуравдахь нь монгол гэж ярьдаг байсан юм. Сүүлдээ л тэр улсын тухай огт ярихаа байчихсан, энэ орос л учрыг нь олчих шиг болсон", тэр тухай юм мэдэв үү гэж байсан юм. Гэтэл нөгөө мундаг сэхээтэн нь юу ч мэдэхгүй байж билээ.

3 сар 18. 13:09
Зочин

Тува аль эрт Николай хааны үед Оросд дагаар орохоор өргөдлөө өгчихсөн байсан л даа. Дэлхийн 1-р дайн, Октябрийн хувьсгал гэж сунжирсаар 40-өөд он хүргэчихсэн байсан юм. Монгол угсааны байтлаа Монголдоо биш харь гүрэнд дагаар орж байгаад нь Чой боож үхэх гэж байсан нь ойлгомжтой. Ардын хувьсгалын дараа Монголоос анх гадаад улсад консул төлөөлөгч томилж суулгасан гадаад улс нь Тува юм. Тэгэхээр Тува хэтээсээ Монголын харъяаны улс биш биеэ даасан улс байсан юм.

3 сар 15. 18:58
Зочинёёё

Хэдий муу нэр дагалддаг ч улс эх орныхоо төлөө муу нэр авсан. Одоогийн энэ муусайн урвагч гадныхны талд гэрээ хийдэг нохдыг бодвол хүн шүүү

3 сар 14. 22:07
Зочин

энэ нэг мөсөн, бүр мөсөн, мөнхөд гэх үгээ газар нутаг, монгол туургантандаа хэрэглэмээргүй байна. алдсан нутаг, адласан хүмүүсээ буцааж авах нь тун ойрхон шүү.

3 сар 15. 13:45
Зочин

Хожим дэлхийн хоёрдугаар дайн дууссаныг тэмдэглэн Улаанбаатар хотод хийсэн хүлээн авалт дээр ЗСБНХУ-н Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Смирнов гэдэг хүн,- Одоо бүгдээрээ кино үзэцгээе гэж хэлсэнд,Маршал ,-Энд чи мэддэг юм уу, би мэддэг юм уу гээд үсдэж аваад дарсанд Маршал Малиновский салгаж ,-Уучлаарай нөхөр Чойбалсан,манай хүн алдаа хийлээ.Та уучил гэж аргадсан түүх бий.Эр хүн шүү.

3 сар 15. 19:04
Зочин

Оросын эрх мэдэл дэндэж байгаад бухимдсан бололтой. Үнэндээ ч зарим талаараа хэтэрч байсан юм шиг байдаг юм. Чойбалсангаас хойш бүр ч их мэдрэгдэж байсан даа.

4 сар 1. 17:59
Зочин

чи 100 настай бхаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]