Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Японы Үхэн байлдах анги Халх голд хорт бактери цацсан ньУншсан7,391

Японы 731 дүгээр отрядын “Үхэн байлдах анги” өөрөөр хэлбэл амиа золиослогч анги Халхын голын хөвөөнд хүрэхэд Зөвлөлт, Монголын цэрэг мэдсэнгүй.

Өмнөх хэсгийг энд дарж уншина уу.

Хамгийн гол нь Квантуны арми Халхын голын баруун эрэгт гарахаас өмнө бактерийн зэвсэг хэрэглэвэл өөрсдөө голын баруун талыг эзэлсний дараа хор аюулыг амсч болзошгүй хэмээн дэслэгч генерал М.Комацубара ихэд болгоомжилсон байна. Тэрээр гарч болзошгүй эрсдлийг зайлшгүй харгалзан үзэх нь чухал гэж шийдвэрлэжээ. Японы 23 дугаар явган дивизийн удирдлага эдгээрийг нарийн нягт судлан эргэцүүлсний эцэст бактерийн зэвсгийг зөвхөн өөрсдөө ялагдаж ухрах үедээ л хэрэглэвэл зохистой гэж үзжээ. Тэд дайны байдал өөрсдөд нь ашиггүй болбол Халхын голын дээд урсгалд бактери хийж урсгалын доор байгаа Монгол, Зөвлөлтийн цэргийг хордуулах замаар давшилтыг нь зогсоох, мөн дайнд ялагдвал нууц байдлаар бактерийн сум харвахаар тооцоолсон байна.

Харин Японы 731 дүгээр отрядын дарга Иси Сиро Халхын голын дайнд оролцох тушаал аваад “Их дорнодын цахилгаан дайн”-д гавьяа байгуулах, бактерийн зэвсгийнхээ хүчин чадлыг турших боломж олдсонд ихэд баярлаж байжээ. Тиймээс 731  дүгээр отрядын бактери судлаач 400 гаруй хүнийхээ бараг хагасыг нь дайны талбарт татан ирүүлж “Квантуны армийн хижгээс сэргийлэх тасаг” гэсэн нэрээр уг дайнд оролцуулжээ. Тэрээр “Квантуны армийн хижгийг сэргийлэх тасаг”-т дайнд хоёр чухал үүрэг гүйцэтгэхийг даалгажээ. Үүнд:

Нэгд, бага дэслэгч Сасакийн удирдлага дор 3 хэлтсийн арав гаруй бага түрүүч, сурган хүмүүжүүлэх хэлтэст суралцуулсан хүмүүсийг оролцуулж, бактерийн хижгийг сэргийлэх, ус хангах тасаг ба тохируулах тасгийг зохион байгуулж ажиллуулахаар шийдвэрлэжээ. Энэ тасаг нь голын усыг шүүн тунгааж, өөрсдийн цэргийг цэвэр усаар хангах үүрэгтэй юм. Энэ тасгийн хэрэглэх ус тунгаах багаж 20, ус шүүн тунгаах багаж 100 болон бусад хэрэгцээтэй багаж хэрэгслийг 6 дугаар сарын сүүлчээр галт тэргээр Хайлаарт авчирсан байна. Харин хүмүүс нь 731 дүгээр отрядын тусгай машинаар өдөр, шөнөгүй явсаар шууд Номунханы дайны талбарт хүрч иржээ. Дайны үед хижгийг сэргийлэх тасаг бүрд ус тунгаах машин нэгийг өгсөн бөгөөд энэ нь нэг суман цэргийн нэг долоо хоног хэрэглэх усыг шүүн цэвэрлэх чадалтай байжээ. Энэ машины усны сав нь модоор хийсэн тул дайсанд олзлогдоход хүрвэл шатааж орхино. Ийм төхөөрөмжийг тэр үед Зөвлөлтийнхөн судлан бүтээж чадаагүй байжээ.

Хоёрт, тусгай тасаг зохион байгуулж бактерийн зэвсгийг туршин хэрэглэнэ. Зургаадугаар сарын сүүлчээр Иси Сиро хошууч Дей Чүгээр удирдуулсан “Үхэн байлдах анги”-ийг (амиа золиослох анги) байгуулжээ. Хошууч Дей Чү тушаал аван Харбины 731 дүгээр отрядаас Хайлаарын зүг мордохын өмнө Иси Сирогийн нүүрэн дээр хуруугаа тас хазаж, Японы туган дээр цусаараа нэрээ бичиж үнэнч зүтгэхээ тангарагласан бөгөөд түүний удирдсан үхэн байлдах ангийн дайчид ч мөн адил тангараг өргөжээ. Тэд “Ямато”-гийн зориг санааг бадруулан Наран улсын эзэн хаанд үнэнч шударга зүтгэн, 731 дүгээр отрядын нууцыг задлахгүй байхаа андгайлан тангарагласан байна. Энэ тасаг нь Халхын голын усанд бактери цацаж дайсны цэргийг халдварт өвчнөөр өвчлүүлэн хохирол учруулах үүрэгтэй байжээ.

Японы армийн бактерийн дайны тухай Хан Сиү, Син Пен Лин нарын бичсэн “Япон цэргийн 731 дүгээр отрядын нүгэлт түүх” номонд, “7 дугаар сарын 12-ны өдөр Үхэн байлдах анги Халхын голын хөвөөний нарсан модон дотор орлоо. Тэд бүгд погон, малгайн тэмдэгтэй, япон цэргийн шар хувцас өмссөн нь хүмүүс тэднийг Квантуны армийн бактерийн анги гэж мэдэхээс сэргийлжээ. Хийлдэг завинд арван хэдэн том төмөр бочка нэг хэсэг шилэн сав, усны төмөр сав суулга, урт бариултай шанага зэргийг тээж, онцгой багаж материалаа хуваан үүрчээ. Тэд хошууч Дей Чүгийн удирдлагаар нарсан ойн захаар нуугдан явсаар Халхын голын хөвөөнд ойртов” гэжээ.

Японы 731 дүгээр отрядын “Үхэн байлдах анги” өөрөөр хэлбэл амиа золиослогч анги Халхын голын хөвөөнд хүрэхэд Зөвлөлт, Монголын цэрэг мэдсэнгүй.

 

Тэд сахлаг өвс, нарсан ойн дундуур нуугдаж, завиндаа сууж бактерийн шингэнтэй лонх, усны төмөр сав суулга, шанага зэргээ тээвэрлэн завины татлагын нэг үзүүрийг нь эрэг дээрх бүдүүн модноос уяж завиа аргамжжээ. Тэд завиндаа хурдан сууж голын дундуур сэлэн завь аргамжсан олс чангарах үед байлдагчид хор цацах бэлтгэлээ хийв. Тэд өөрсөддөө халдварлуулахгүйн тулд урсгал сөрөн явж бактериа цацна. Эрэг дээр үлдсэн цэргүүд модонд уясан аргамжаар урсгал өөд завийг татаж, завин дээрх цэргийн зарим нь сэлүүрээр завиа сэлүүрдэж, зарим нь бактерийн лонхны бөглөө авч, бактерийн шингэн өсгөврийг лонхтой нь усанд хаяна. Ойролцоогоор 1 километр хиртэй урсгал сөрөн явж 22.5 кг орчим бактери цацжээ. Үүнд: булчин задлах тахал, цусан суулга, ямын бактери байсан бөгөөд эдгээр бактери усанд уусан урсана. Завь голын эрэгт хүрмэгц тэд машиндаа сууж Жанжин сүмийн зүг явав.

 1945 оны Чөлөөлөх дайнаар олзлогдож Зөвлөлтийн шүүхээр орсон 731-ангийн удирдлагууд

1939 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 1 цаг 30 минутад 731 дүгээр отрядын дарга Иси Сиро Хулстай голын өмнө хөвөөнд байсан Квантуны армийн 71 дүгээр ангийн төвд байсан дарга, байлдагч нарт “Халхын голын усыг хэрэглэж болохгүй. Голын ус нэгэнтээ хордсон” гэж мэдэгджээ. Ийм учраас Номунханы дайны өмнө фронт дахь Япон цэрэг болон хуурмаг Манжийн цэрэг ус тунгаах машинаар усаа шүүн хэрэглэх болов.

Хятадын судлаач Han Xiao-гийн бичсэн “Японы армийн 731 дүгээр ангийн ялт хэргийн шүүх” номонд “Эдгээр боомын бактеритай сумыг хийсний дараа Ямакүчигийн тасгийн хүмүүс Номунханы фронтын их бууны галын шугаманд хүргэсэн гэж бичсэнээс үзвэл бактери агуулсан их бууны тэдгээр сумаар буудсан нь эргэлзээгүй.
       

 Туршилтын "амьд бай"

  1939 оны  8  дугаар сарын дундуур Хайлаарт 731 дүгээр отрядын Ямашитагийн удирдсан өвчний  гаралтыг судлах тасаг мөн хижгийг сэргийлэх 10 гаруй мэргэжилтэн цугларч өвчний тархалт, бактерийн үйлчилгээг судалжээ. Тэд 7 хоногийн дотор япон цэргийн дарга, байлдагчдад үзлэг хийж шалгахад 8500 хүн өвчилсөн байсан бөгөөд өвчин нь өөрсдийн тавьсан бактериас үүсэлтэй болохыг тогтоожээ. 731 дүгээр отрядын 2 дугаар эмнэлгийн цэргийн эмч, дэслэгч Kamaми, цэргийн эмч, хошууч Мияа, Биба, Күраками нарт тахлын нян халдварлаж нас баржээ.

1954 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хятадын Мүгдэнд болсон Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн шүүх хурал дээр Японы цэргийн эмнэлгийн дэслэгч Такуйчи мэдүүлэхдээ “Иси Сиро бактерийн судалгааны ажлыг эрчимжүүлэхийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж, бактерийг их хэмжээгээр үржүүлж байсан. Тэрээр Квантуны армийн цэргийн эмнэлгийн хэлтсийн дарга, дэслэгч генерал Озикатай биечлэн харилцаж Хайлаарын хуурай замын цэргийн эмнэлэгт том хэлбэрийн өндөг дарах машин (бактери үржүүлэх багаж)  хуурайгаар бактери устгах багаж 2, бактерийн өвчний үүсэлт, шинж байдлыг хянан шалгах багаж 2, тодотгогч шил 2 суурь болон өвчний зүйн туршилтын төхөөрөмжийг нэмэн өгч, барилга байгууламжийг нь ч хоёр дахин өргөтгөсөн” гэжээ.

Япончууд 1939 оны 7 дугаар сарын 13-нд хорлон сүйтгэх зорилгоор Халхын голын усанд хийж халдварлуулан бохирдуулсан биологийн агент-бактери нь олон улсын өвчний 10 дугаар ангилалд багтдаг бөгөөд одоо нийтээр хэрэглэж буй өвчний нэр нь дээр заасан эх үүсвэрүүдээс ихээхэн зөрөөтэй байгаа тохиолдолд Анагаах ухааны олон улсын байгууллагуудын зөвлөлөөс зөвлөмж болгосон боом, холера, балнад зэргийг ашигласан байдаг.

Ч.ЧУЛУУНБААТАР

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 12 сар 23. 21:52
Зочин

Тэд хятад, өвөр монголчуудыг туршилтад оруулж алдаг байсан гэдэг.

2016, 12 сар 23. 15:53
хүн

өвөөгийн маань аав халх голд халдварт өвчнөөр үрэгдсэн байдаг . эдгээр нөхдүүдийн хийсэн хэрэг байна ш дээ. муу япончууд одоо ялагдсан болохоороо ийм даруухан байгаа болохоос уг чанар нь их л зэвүүн улс даа

2016, 12 сар 23. 19:02
будаааЗочин

харин тийм одоо ч нутаг усыг маань хараад нус,шүлсээ гоожуулдаг байхдаа зэвүүн юмнууд

6 сар 13. 13:55
l odsuren

chuluunbaataraa ene usiig hoduulsan gedeg unen snuu manai ovoo hordood oros emchiin achaar amid garsan yaj emchluulsenee yridag baisan ug hor ursgal usand saarmagjdag baisan gedeg

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү