Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Л.Батцэнгэл: Тэр хүнд хувийн амьдрал гэж байгаагүй, ажил, ном хоёроос өөр юм сонирхдоггүй байсанУншсан7,606

Хүндэт иргэний алтан таван хошуу тэмдгийг төрийн далбааны өнгөтэй туузаар зүүхээр хийжээ. Гэтэл Брежнев дарга эл тэмдгийг энгэрт зүүдэг болгож өгөхийг Цэдэнбал даргаас хүссэн аж.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн И.Рэнчинханд гуай Монголын сэтгүүлзүйн түүхэнд мөрөө тод томруунаар үлдээж яваа хүн. И.Рэнчинханд гуайн бичсэн олон сайхан нийтлэл, орчуулгын нийтлэлүүд, ярилцлагыг уншигч түмэн сайн мэддэг. Энэ удаад Ю.Цэдэнбал агсны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Батцэнгэл гуайтай хийсэн ховор ярилцлагыг нь уншигчдадаа сонирхуулж байна.


 

Төр, засгийн ахмад ажилтан Лувсандамбын Батцэнгэлтэй ярилцав. Одоо бол жирийн нэг тэтгэврийн хөгшин. Энэ хүн чухам хэн болох, юу хийж явсан нь ярилцлагыг уншихад ойлгогдох байх.

-Та бид хоёр анх удаа нүүр учирч буй болохоор яриагаа танилцах маягаар эхэлбэл яасан юм бэ?

-Тэр бололгүй яах вэ. Би өнгөрсөн зууны гучаад оны эхээр төрсөн болохоор тэр үеийн зарим хүүхдийн адил хэлмэгдэхийн зовлонг амсаж явлаа. Хожим эсэргүүний хүүхэд гэж адлагдаж, насны намартайгаа золгох үедээ гүтгэгдэж гүжирдүүлж ч байлаа. Нэгэнт та бид хоёр яриа дэлгэж байгаа юм чинь миний туулсан зам, амьдралдаа үзсэн “доромжлол”, “гүтгэлгийн” талаар бидний яриан дундаас хүмүүс ойлголт авах байлгүй дээ.

-Та 1963 оны тавдугаар сарын 25-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын нарийн бичгийн даргаар ажиллах болсон гэдэг. Өмнө нь ямар ажил хийж байв. Томчуудын нүдэнд хэрхэн өртөж энэ ажилд тохоон томилогдов?

-Би багадаа Улаанбаатар хотод Сүхбаатарын цэргийн сургуульд суралцсан. Намайг IX анги төгсөх жил сургууль маань татан буугдаж биднийг Улсын багшийн дээд сургуульд хуваарилж, энэ сургуулийг төгсөж багш болж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургуульд томилогдон ажиллаж байгаад Гэгээрлийн яамны шийдвэрээр Гадаад явдлын яаманд шилжсэн. Тэр жилийн Мартын 8-ны баярыг тэмдэглэх үеэр Улс төрийн товчооны гишүүдэд үзүүлэх киножурналыг киноны дараа гаргах байсныг манай хэлтсийн дарга надад хэлээгүйгээс би журналыг өмнө нь гаргуулж, буруутан болж Цэдэнбал даргатай анх нүүр тулж уулзаж нүдэнд нь өртсөн явдал цаашдаа энэ их хүний дэргэд шадарлаж ажиллах заяа төөрөг минь байсан юм байлгүй.

1963 оны тавдугаар сарын 22-нд сайд Дүгэрсүрэн маань намайг дагуулаад Засгийн газрын ордон руу явлаа. Яах гэж байгаа юм бэ, бүү мэд. Бид нэг өрөөнд нэлээд удаан хүлээж байтал цааш орохыг урив. Урт ширээний урд талын эгнээний эхэнд Ю.Цэдэнбал дарга сууж байгаа харагдлаа. Тэрбээр сайдад хандан “Би танай хүнийг нарийн бичгийн даргаараа ажиллуулна” гэв. Тэнд байсан дарга нарын зарим нь надаас юм асуусан. Хэн хэн юу асуусан, би юу гэж хариулсныг ч бүү мэд, сандарсан гэж жигтэйхэн. Асуулт дуусав бололтой, Цэдэнбал дарга “Чи маргааш өглөө 09.00 цагт ажилдаа ор” гэснээр би том даргын дэргэд шадарлаж ажиллах болсон юм.

-Таныг ийм хариуцлагатай ажилд авахдаа ингэж шуурхай шийдсэнийг бодоход урьдчилан сайтар судалсан байж таарах нь ээ дээ?

-Сүүлд хүнээс дуулахад намайг хоёр жил хүн дагуулж судалсан юм билээ. Тэгээд ажил, гэр хоёрын хооронд л явдаг, замдаа өөр газраар ордоггүй, элдэв хүнтэй уулзаж саатаж сатаардаггүй хүн байна гэж үзсэн байдаг.

-Танаас өмнө Цэдэнбэл гуайн нарийн бичгийн даргаар хэн гэдэг хүн ажиллаж байгаад юуны учир халагдсан юм бол?

-Зохиолч Доржпалам гэдэг хүн ажиллаж байгаад бие нь муудаж өөр хүн ажиллуулах шаардлагатай болсон юм билээ. Би ийм том даргын дэргэд ажиллах ямар ч бэлтгэл байхгүй, ёстой юу ч мэдэхгүй амьтан очсон доо. Эхний хоёр сар ёстой “пижигнүүлсэн”. Нэг хүнийг дууд гэнэ. Утас руу нь залгахаар нөгөө хүн авахгүй, өрөөнд нь очихоор сууж л байна. Дарга намайг дуудаж хонх дарахаар түүнийг нь мэдэхгүй утас дуугарлаа гэж бодоод олон утсаа бүгдийг нь авч чагнахад чимээгүй байна. Намайг ингэж будилж байхад Цэдэнбэл дарга өөрөө гарч ирж намайг дуудаж өрөөндөө оруулаад би энд дарахаар гэж ширээнийхээ нэг өнцөгт байх хонхыг харуулаад чиний өрөөнд хонх дуугарна, чи тэгэхлээр над дээр орж ирж бай гэж хэлж байлаа шүү дээ.

-Таныг тэмдэглэл их хөтөлдөг хүн гэж би сонссон. “Миний мэдэх Цэдэнбал” номыг чинь уншихад ч энэ байдал чинь эрхгүй анзаарагдаж байна лээ. Цэдэнбал даргын дэргэд ажиллаж байхдаа ажлын шаардлагаар ийнхүү “алхсан, гишгэснээ” хүртэл бичиж тэмдэглэдэг болсон уу, эсвэл урьд нь ийм зуршилтай байв уу?

-Энэ чинь даргын дэргэд ажиллахаас өмнөх үеийн юм. 1953 оны долдугаар сарын 14-нөөс эхэлж тэмдэглэл хөтөлсөн байдаг юм. Бухарестэд болсон Дэлхийн залуучууд, оюутны IV их наадамд явж байх үеэс л эхэлсэн юм. Хожим нь даргын дэргэд ажиллахад энэ тэмдэглэл хөтөлж ирсэн явдал их дэм болсон.

Ингэж хэлээд Л.Батцэнгэл гуай надад том дэвтрийн нэг хуудсыг нээж үзүүлэв. Цэдэнбал гуайн дэргэд ажиллаж байсан үеийнх нь тэмдэглэл байв. Тэнд 8-24, 8-8 гэсэн тоонууд олон харагдана. Энэ нь Цэдэнбэл гуай тухайн өдөр хэдэн цаг ажилласныг илтгэх аж. 8-24 гэдэг нь өглөөний 08.00-24.00 цаг хүртэл ажилласныг, 8-8 гэдэг нь бүтэн хоног амралгүй ажилласан, өөрөөр хэлбэл өнөөдрийн 08.00 цагаас маргаашийн 08.00 цаг хүртэл өрөөндөө байсныг нь харуулж буй юм байна. Тэгээд 1971-1973 онд Цэдэнбэл гуай 1857 хүнтэй утсаар ярьж, 2923 хүнтэй уулзаж, 1820 хүнийг өрөөндөө дуудаж үүрэг өгсөн, нийтдээ 5612 төрлийн ажил хийсэн гэж бичсэн байх юм.

Дундговь аймагт малчны хотонд. Л.Батцэнгэл гуайг ботго руу даялаад явахад бусад нь “Хаачих нь вэ” гэж. Би “дүүтэйгээ уулзъя” гэж хариулж билээ гээд тэрбээр инээж байсан

-Цэдэнбал дарга та хоёр бичгээр харилцдаг байв уу. Бичгээр танд үүрэг даалгавар өгч байсан уу. Оросоор бичих үү, Цэдэнбал агсан хуучин монгол бичиг ч сайн мэддэг байсан байлгүй.

-Бичгээр харилцалгүй яах вэ. Дарга шинэ, хуучин алинаар нь ч бичнэ. Гоё, гаргацтай бичнэ. Намайг бага сургуульд байхад хуучин бичиг зааж байсны ачаар би хальт мөлт уншдаг, бичдэг байсан. Даргын дэргэд ажилласнаар хуучин бичгийн чадвараа дээшлүүлэх шаардлага ч гарсан.

Л.Батцэнгэл гуай надад жижиг цаас үзүүлээд “Батцэнгэлд, генерал Куприяновт бэлэг бэлтгэсүгэй. Цаг өгвөл болох уу” гэж тушаал ч гэмээр, санал ч гэмээр хэдэн үг хуучин бичгээр бичсэнийг уншиж өгөв.

-Цэдэнбал агсныг их хөдөлмөрлөдөг хүн байсан гэж бичсэн байх нь элбэг тааралддаг. Та ч бас тэр хүнд “чирэгдээд” нойр хоолгүй зүтгэж байсан байж таарна даа.

-Цэдэнбал гэдэг хүнд хувийн амьдрал гэж байгаагүй гэж би хэлнэ. Тэр хүн ажлаа хийдэг, ном уншдаг л хүн байсан. “Гэрээ мартсан Гэсэр” гэдэг шиг л ажилладаг байсан юм даа. Заримдаа гэрт нь очиход шалан дээрээ баахан ном, сонин дэлгэчихсэн дунд нь хөлөө жийчихсэн сууж байдаг сан. Гэртээ ч маш их ажиллана. Хоёулаа ажил дээрээ нойргүй хоночихоод дарга гадагшаа явахдаа “Батцэнгэл чи миний орон дээр дуг хий” гэнэ. Нэг удаа даргын өрөөнд дугхийчихээд утас дуугарахад нь сэрээд гутлаа өмсөх гэсэн чинь багтдаггүй. Олон хоног гутлаа тайлахгүй байхаар хөл хөөчихдөг юм билээ шүү.

-Цэдэнбал агсан мартамхай болж буй нь Танд анзаарагдаж байсан уу. Таны номонд бичсэнээр бол тэрбээр ой сайтай хүн байсан бололтой. Олон жилийн өмнө уулзсан хүнээ нэр, овгоор нь хэлж байсан гэдэг.

-Би чинь энэ хүний дэргэд 15 жил ажилласан хүн. Энэ хугацаанд тийм юм анзаарагдаагүй. Тэгээд ч тэр хүнийг аливааг мартуулахгүй байхыг хичээж ажилладаг байсан гээд хэлчихвэл өөрийгөө магтсан болохгүй байх. Би бүх юмыг бичиж тэмдэглэнэ, өглөө даргыг ирэхээр тэр өдөр хэдэн цагаас ямар ажилтайг нь хэлнэ. Өгсөн үүргийг нь хугацаанд нь биелүүлж, тухай бүрд нь илтгэнэ. Би өөрийгөө ингэж ажиллах ёстой л гэж үзэж байсан. Нэг өдөр 178 хүнтэй утсаар ярьж байсан тохиолдол надад байдаг юм.

-Цэдэнбал гуайд сүүл рүүгээ үг хэлдэг хүн байхгүй болсон болов уу гэж бодогддог. Үүнээс үүдээд нэлээд зоргоороо болж ирсэн үү, үгүй юү. Ялангуяа томилгоон дээр бусдын үгийг хэр сонсдог байв. Тэр хүний үед яамдын сайд, аймгуудын нам, захиргааны даргаар увсынхан түлхүү томилогдож байсан гэх яриа сүүлд сонсогдож байсан шүү дээ.

-Намайг дэргэд нь байхад л өөрөө толгой мэдээд томилгоо хийж байгаагүй гэж би хэлнэ. Харин хүний үгэнд их оромтгой болсон тал бий. Ер нь албан ажлын хувьд хүнийг хохироож, хилсдүүлж байсныг нь би мэдэхгүй. Хэний ч талаар гэсэн хэл ам гарлаа гэхэд шалгуулахаас нааш шийдвэр гаргадаггүй байсан юм шүү. Нуулгүй хэлэхэд Цэдэнбал дарга улс орны болон хувь хүний амьдралын чухал асуудлаар хандах эцсийн дээд шат нь байсан юм чинь ултай хандахгүй бол яаж болох билээ. Тэр үед нам, улс, олон нийтийн байгууллагын удирдлагад 106 хүн алба хашиж байсан. Эд нарын дотор увсынхан гэвэл арван хуруун дотор багтаж байсан.

-Цэдэнбал агсан ер нь уурлаж цухалддаг байсан уу. Уурлахаараа яадаг, ямар авир гаргадаг байв?

-Уурлаж бухимдах үе бас тохиолдож байсан. Ер нь бол дүн нуруугаараа тийм айхтар уурладаг цухалддаг хүн байгаагүй. Хэчнээн уурлалаа ч бүдүүлэг үг, хараал хэлдэггүй. Хаа нэг “цусаар...” гэчихээд гүйцээлгүй орхичихно. 1971 онд нэг сайдад нэлээд бухимдсаныг нь санаж байна. Наадмын дараа Монгол-Оросын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт болох, түүн дээр Алексей Косыгин (ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга байсан энэ хүн айлчилж ирээд байж)-д гардуулах ёстой захидлыг тэр сайд бэлэн болгоогүй байсанд дарга нэлээд бухимдсан.

-Та 15 жил Ю.Цэдэнбалын дэргэд ажиллахдаа нойр хоолгүй зүтгэж байсныхаа зах зухаас сая цухуйлгасан. Нэг хоног нүдний хор гаргалгүй ажилласныг чинь ажлын гурван өдрөөр тооцвол энэ хугацаанд 37 жил, дөрвөн сарын ажил хийсэн гэсэн баримт танд байдаг гэсэн. Ийм айхтар ажлаас халширч ер нь больё гэх бодол танд төрж байв уу?

-Даргын дэргэд 15 жил ажиллахад есөн жилд нь ээлжийн амралтаа эдлээгүй. Хоол идэлгүй өнжих үе зөндөө. Миний хувьд сургуульд явчих юмсан гэх бодол байсан шүү. Энэ хүсэлтээ би 1968 оны зургадугаар сарын 6-нд илэрхийлсэн. Дарга зөвшөөрөөгүй. Ер нь надад хүмүүс янз бүрийн ажил санал болгодог ч дарга зөвшөөрдөггүй байсан. Миний гарыг мухарлаад юу хийх вэ гэж байсан гэдгийг сонсож явлаа. Харин миний бие ажлаас халширч байсан удаагүй.

-Ингээд бодохлоор Дарга чинь Танд дасаж идээшээд өөр хүнтэй ажиллах дургүй болсон байх нь ээ дээ.

-Надад чамаас өөр үг хэлэх, шүүмжлэх хүн байхгүй. Чи бодсоноо надад хэлж бай гэдэг, хэлсэн үгэнд ч ордог байсныг нь бодоход надад итгэж найддаг байсан юм болов уу гэж боддог. Нэг удаа чухал ажил гарч Даргын гэрт очиход Ц.Намсрай (“Үнэн” сонины), Н.Лувсанчүлтэм (Энх тайвны хорооны) нар Даргын төрсөн өдрийг тэмдэглэж байхад нь таарахад Лувсанчүлтэм гуай над руу заагаад “Энэ энд байх ёсгүй” гэхэд Дарга “Үгүй, үгүй. Энэ сайн хөвгүүн байгаа юм. Намайг байхгүйд миний ажлыг хийдэг юм. Яаж энэ хөвгүүнийг олов гэж би олзуурхдаг юм” гэж хэлж байж билээ. Надад итгэж байсан бололтой.

Дарга Булган аймгийн Намын хорооны бүгд хуралд оролцож, хурлаас хойш 23 цагийн үед аймгийн намын хорооны дарга Содномжамцыг дуудуулав. Мань эр халамцуухан ирлээ. Дарга түүнийг зэмлэв. Дараа нь Дарга надад хандаж “Би буцаж очоод УТТ-нд энэ нөхрийн тухай асуудал тавина. Батцэнгэл чи надад сануулаарай” гэв. Би зориуд сануулаагүй явтал Дарга надаас “Содномжамцын талаар сануул гэсэн яасан бэ” гэж асуухад “Яльтай яльгүй шалтгаар удирдах хүмүүсээ халаад байвал цөөхөн монголчуудаас “дарга” хийх хүн олдохоо болих байлгүй” гэж хариулснаас хойш намайг ажиллаж байх хугацаанд аймгийнхны халаа сэлгээ олон болоогүй.

-Цэдэнбал дарга архинд хорхойсох болсон гэсэн яриа хожим нь дуулдаад байсан. Архи нууж авч өрөөнд нь ордог хүмүүс байсан ч гэлцээд байсан шүү дээ. Таныг дэргэд нь ажиллаж байхад ийм юм анзаарагдаж байв уу?

-Миний хувьд дэргэд нь ажиллаад гурав дахь жилийн нүүр үзэж байхдаа л түүнийг архи уусан байхыг анх харсан. Архи өгч албан тушаал горилдог бялдууч хүмүүс байдаг тухай яриа байдаг байсан. Би нэг улаан цайм явдлыг нүдээр үзсэн. 1973 оны хавар болсон явдал л даа. ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт Прагад болоод Цэдэнбал тэргүүтэй манай төлөөлөгчдийг буцахын урьд өдөр МАХН-аас “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлд төлөөлөгчөөр ажиллаж байсан Намсрай ирж Даргатай уулзаад “Та бол манай намын шалгарсан удирдагч, би таны жанжин шугамыг хамгаалан тэмцэх болно. Би таныг хүндэтгэн биширдэг” гээд л ёстой урсгаж гарлаа. Ийм гоёмсог үгэнд Дарга их дургүй хүн байсан. Тэгсэн чинь тэр нөхөр Даргыг гэртээ урилаа. Манай гэргий ч таныг урьж байна гэлээ. Дарга “яах вэ” гэх шиг над руу харахад нь “Даргатай уулзах хэрэг Танд байгаа бол энд тусгай өрөө гаргуулж өгье. Та гэргийгээ энд аваад ир” гэж хэллээ. Авгай нь ирчихээд “Биднийг Францад суулгаж өгөөч” гэж гуйгаад байж билээ.

Энэ Намсрай гэдэг нөхөр Даргад архи өгч байсан тохилдол бас бий. Тэрбээр нэг удаа Прагаас ирчихээд том цүнх бариад Дарга дээр орсон юм. Тэр хүн нэг их удалгүй гарсан ч орой болсон хэрнээ Даргын зүгээс чимээ анир байдаггүй. Нэг л сэжигтэй санагдаад өрөөнд нь орвол нэлээд халамцуу сууж байна. Би хэдэн үг хэлчихлээ. Дарга дуугарсангүй. Дургүй юмандаа дуугардаггүйг нь би мэдэх тул хэлсэн үгнээсээ буцалтай биш. Хэд хоногийн дараа Гадаад харилцааны орлогч сайд Ёндон тааралдаад “Өвгөн, та хоёр юу болоо вэ. Чиний оронд ажиллуулах хүн олж өг гэж Дүүгээ (Дүгэрсүрэн) сайдад хэлсэн байна лээ” гэж байсан.

-Таны ярьснаас үзэхэд Цэдэнбал та хоёрын хоорондуур хүйтэн салхи ийн үлээж эхэлжээ. Аливаад гай болж байдаг архи ч үүнд өөрийн үүргийг гүйцэтгэсэн бололтой. Таны оронд ажиллуулах хүн олж өгөхийг Гадаад харилцааны сайдаас асууж байсныг бодоход Дарга чинь ч сүүлдээ өөрийг тань явуулахаар сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй болчихжээ дээ.

-Би 1963 оны тавдугаар сарын 25-наас 1978 оны долдугаар сарын 17-нд МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарын бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын нарийн бичгийн дарга, сүүлд нь МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн даргын туслахаар ажилласан. 1978 оны гуравдугаар сарын 16-нд бид хоёр бас тар түр хийгээд ажлаас чөлөөлж өгөхийг би зургаа дахь удаагаа хүслээ. Өргөдлөө бичиж өглөө. Тэгээд л удалгүй намайг ажлаас чөлөөлсөн. 1978 оны наймдугаар сарын 12-ны өдөр Цэдэнбал дарга намайг дуудуулж, МАХН-ын Төв хорооны баярын бичиг гардуулж өгсөн. Тэгэхдээ “Чи энд ажиллаад 15 жил болсон байна. Их ч бэрхшээл туулсан, олон ч шөнө нойргүй хоносон. Намайг байсан ч, байгаагүй ч чи сууж л байдаг, надаас илүү суудаг байсан. Манай намд тохиолдсон зүсэн бүрийн үйл явдалтай чи тулгарч байсан” гэж хэлсэн.

Бид зургаа авахуулсан. Түүний ар дээр “н.Батцэнгэлд. Гүн талархал, хүндэтгэл илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гээд Цэдэнбал дарга гарынхаа үсгийг зурсан байдаг юм. Энэ ажлаас гаръя гэх бодол лавшрахад намайг хүмүүс их оролдох болсон нь бас нөлөөлсөн. Заримынх нь хэлсэн ховын талаар Дарга надад хэлдэг л байсан. Хэдийгээр надад илэн далангүй хэлж байлаа ч гэсэн тэр хүний сэтгэлд миний талаар юм үлдэж л таарна. Тэгээд ч тэр биз надад хандах байдал нь сүүлдээ их өөр болсон.

-Үйл явдал болоод өнгөрсөн хойно эргээд бодож байхад тухайн үед бүрхэг байсан юм ч тодроод ирэх нь бий. Монгол Улсаа олон жил удирдсан Цэдэнбал гэдэг хүн том даргын хувьд биш, хүнийхээ хувьд ямар байдлаар таны сэтгэлд үлдсэн байх юм бэ. Ажил, ном хоёрт биеэ зориулсан хүн байсан, тэр хүнд хувийн амьдрал гэж байгаагүй гэж Та хэлсэн. Цэдэнбал юу сонирхдог байв. Одоо хообий гэж нэг юм яриад байх болсон шүү дээ. Тэр хүнд тийм юм байсан уу?

-Тэр хүнд тийм юм байгаагүй гээд хэлчихэд буруудах юм ер байхгүй. Бильярд тоглоно, тэгэхдээ түүнд хорхойсч цаг үрэх гэж байхгүй. “501” гэж хөзрөөр тоглодог тоглоом би зааж өгсөн, нэг удаа тоглосон. Булхай байхгүй их зүгээр юм байна гэж байсан. Чех рүү айлчлалаар явахад Ж.Батмөнх гуай хөзөр аваарай, замдаа тоглоно шүү гэсэн юм. Тэгээд бид онгоцны урд салонд тоглож байв. “Авгай” хажуугаар өнгөрөхдөө биднийг харчихжээ. Над руу их муухай харсан. Буцах замд Эрхүүд үдэлж, хүлээн авалт болж байхад “авгай” "...Энэ нөхөр гэж над руу заагаад Цэдэнбалд мөрийтэй тоглоом зааж өгөөд, ард түмний хөрөнгө үрүүлээд..." гэж байж билээ.

-Нэг хүн гартааман хөөрөг Цэдэнбал Даргад бэлэглэсэн гэсэн яриа байдаг. Түүнийгээ барьдаг (хэрэглэдэг) байсан уу. Одоо ч дарга нар бараг хөөргөөрөө өрсөлдөх маягтай, түүнийгээ хааяагүй барьж, харуулж байх болсон байна шүү дээ.

-Дарга хамрын тамхи татдаггүй байсан, харин амны тамхи хэрэглэдэг байснаа Гагариныг сансарт нисдэг өдөр хаясан гэж байгаа. Цэдэнбал даргад гартааман хөөрөг хүн бэлэглэж байхыг би лав хараагүй юм байна. Тээр жил Даргатай Төв аймгийн малчин Балдан хадаг барьж золгож байхыг харсан. Харин сүүлд “Дээл хийх юм гэхэд нэг нь гурван дээл болох тийм том нанжвандан, дашвандан хадаг” бэлэглэсэн юм шиг сонинд бичсэн байдаг юм. Гэрчгүй юмыг юу гэж ч “буудаж” болно шүү дээ. Тийм биз.

Хөөрхий тэр хүнд илүү дутуу зан, бусдаас ялгарах хэрэглээ, сонирхол гэж ер байгаагүй юм шүү дээ. Үеийн нөхөд, жирийн хүмүүстэй нь уулзуулахгүй тусгаарлачихлаар чинь ажил, ном хоёроос өөр сатаарах юмгүй болохоос аргагүй. Хүн шиг байя гэж бодолгүй яахав дээ, тэр үеийн манайхны ажлын тогтолцоо хүнийг олноос хөндийрүүлсэнд л хамаг учир байсан.

-Үеийн нөхөд, ойр дотнын хүмүүсээ хочоор нь дуудах гэж байх уу. Цэдэнбал даргад өөрт нь хоч байсан уу?

-Тийм юм бол харин байсан шүү. Хоч гэдэг чинь тухайн хүмүүсийн харилцааны байдлыг илтгэдэг юм шиг байдаг. Дотно хүмүүс л биенээ хочоор нь дуудаад байх шиг санагддаг. Дарга нэг өдөр намайг “Халзан Намсрайг дууд” гэлээ. Тэгтэл би “дэлдэн” Намсрайг нь дуудчихаж.

“Халзан” гэдэг нь “Намын амьдрал” сэтгүүлийн Намсрай, “дэлдэн” гэдэг нь “Үнэн” сонины Ц.Намсрай юм байж. “Хар” гэвэл Төв Хорооны Ц.Дүгэрсүрэн, “барим” гэвэл Засгийн газрын Дүгэрсүрэн гэж надад хэлж өгч байсан. Н.Лувсанчүлтэм гуай нэгэнтээ “Чи даргынхаа хочийг мэдэх үү” гэж надаас асуухад нь “мэдэхгүй” гэвэл “халцгай” гэдэг юм гэсэн. Тэгтэл Намсрай хажуунаас нь “гялаан” ч гэж бас хэлдэг юм гэж байсан удаатай.

Тэгэхнээ Дарга хүүхэд байхдаа ээжийгээ гэрээс гарсан хойгуур уяа нь алдуурч галтай тулга руу унаад толгойгоо түлчихсэнээс ар талд нь хэсэг газар үсгүй болчихсон юм билээ. Түүгээр ч барахгүй би хүртэл хочтой болж “Атцэнгэл” гэгддэг байлаа. Бие томтой болохоор намайг чинь ордон дотуур тэмээгээр явдаг, Дэлэг (“Үнэн” сонины)-ийг майга болохоор дугуйгаар явдаг гэж хошигнодог байлаа.

-Ажлаасаа чөлөөлөгдөөд та хаана очив. Том даргын дэргэд олон жил ажилласан хүн халагдахаар хүмүүс хардана биз дээ. Тийм сайхан ажлаас өөрийн дураар татгалзсан гэж бодохгүй байх. Таны шинэ ажлын газрынхан чинь яаж хүлээж авав?

-Үнэхээр хүмүүс намайг хөөгдсөн туугдсан гэж үзээд хандлага нь 180 хэм эргэчихдэг юм билээ. Надад атаархаад эндээс яваасай гэсэн хүн ч олон байсан. Би Даргад өргөдөл өгч байж 1978 онд Чехословакт суугаа ЭСЯ-нд ажиллахаар явсан. Тэгэхэд Улс төрийн товчооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан Т.Рагчаагийн хүү нь тэнд худалдааны атташегаар ажиллаж байв. Гэтэл яагаад ч юм бэ түүнийг нэг чех хүн цохиж унагаад юм хумыг нь авчихсан гэх хэл яриа үүссэн. 119 хуудас шуудангийн бичиг цаас алга болсон юм. Тиймээс ажлын хариуцлага алдсан тэр хүнийг нутаг буцаах болсноос үүдэж Рагчаагийн гүтгэлгээр намайг буруутгаж би буцаж ирсэн. Тэгэхэд Дарга дэргэд нь 15 жил ажилласан надтай холбогдсон тэр худал хэл амыг ядаж нэг шалгуулчихалгүй Рагчаагийн үгээр хандсан.

-Цэдэнбал Дарга, та хоёрын зам ингээд л салсан уу. Түүнтэй дахиж уулзсан уу. Ялангуяа ядарч зүдэрч явсан үед нь Та уулзав уу?

-Чехословакт очоод удаагүй байтал нэг өглөө жижүүрийн утсаар Дарга ярилаа. Чи өнөөдөр Москвад ир гэж байна. Би тэр өдрөө Москвад ирлээ. 1978 оны арваннэгдүгээр сарын 8 байсан юм. “Чи маргааш Улаанбаатар руу нис. Би 11-нд очно” гэлээ. Би ч тэр ёсоор нь 9-нд Улаанбаатартаа ирлээ. Даргыг ирсний маргааш нь очиж уулзвал, чамд намын даалгавар өгнө. Одоо гараад хуучин ажлаа хүлээж ав гэж байна. Уучлаарай Даргаа, одоо надаас урьдынх шиг зүтгэл гарахгүй. Ний нуугүй хэлэхэд Та миний урмыг хугалсан. “Дургүй ламд дарж байж сахил хүртээв” гэгч шиг юм болно гэж би шуудхан хэлсэн дээ. Прага хотоос намайг дуудуулан түвэг учруулж байж хийсэн бид хоёрын энэ уулзалт хэдхэн хоромд болж, биендээ “баяртай” ч гэж хэлэлгүй хөндийдүүхэн өндөрлөсөн.

-Ингээд л “тангараг тасарна” гэдэг шиг юм болсон уу?

-Юм ер нь хачин шүү. Түүнээс хойш Дарга бид хоёр уулзаагүй. Тийм л тавилантай байсан юм байлгүй. 1984 онд нэг өдөр ажил руугаа явж байгаад С.Удвал гуайтай тааралдлаа. Даргатай уулзахад туслахыг би түүнээс хүсэв. Тэгсэн чинь маргааш нь утасдаж “Элчин сайд чинь чамайг Даргад матсан байна” гэдэг байгаа. Тэр үед Бал даргын дүүгийн нөхөр Дорж Чехэд Элчингээр ажиллаж байв. Ийм үг сонсон миний бие үнэнийг олж нэрээ ариусгахаар Рагчаагийн хүү Цогт-Очирын золиос болсон худал гүтгэлгийг няцаахын төлөө тэмцэхээр хатуу шийдсэн. Би үнэнийг олсон. Би бол шашингүй суртал нэвтэрсэн сүсэг бишрэлгүй нэгэн байлаа. Гэтэл надад бишрэхгүй байхын аргагүй явдал тохиолдов. 1984 оны наадмын дараахан юмсан гэртээ харихаар Сүхбаатарын талбай дээр явж байтал хэзээний танил Бихаанз тааралддаг юм байна. Энэ үед би Урчуудын Эвлэлийн Хороонд ажиллаж байлаа. Бихаанз намайг Чехословакт ЭСЯ-нд ажиллаж байгаа л гэж бодож явдаг байж. Москвад сургуульд явахаар дуудагдаж ирээд гүтгэлгээс болоод явж чадалгүй хасагдсанаа нөхөрт дуулгахад, түүний сэтгэл нь зовсон бололтой “Би чамайг нэг хүнтэй уулзуулж өгье” гээд үдээс хойш “100 айлд” нэг айлд дагуулж очив.

Намайг 70 эргэм насны хүнтэй танилцууллаа. Тэрбээр зоос гүйлгэснээ “Чи чинь урьдынхаар бол Богд хаантай шөргөөцөлдсөн хүн юм байна. Гэвч энэ хүнтэй зарга хийгээд юу хийх вэ. Тэртэй тэргүй энэ намар сэнтийнээсээ буух нь ээ, үүнээс хойш чиний үйлс чинь сайхан бүтэх юм байна” гэлээ. Өвгөний төлөг төөрөөгүйд хожим өөрийн эрхгүй бишрэхэд хүрсэн. Нээрээ л Бал дарга тэр намар ажлаасаа чөлөөлөгдсөн.

Би бас нэг сонин тохиолдлыг ярья.

1984 оны арваннэгдүгээр сарын дундуур нэг өглөө ажил руугаа явахдаа (уул нь би “Ленин клуб”-ын араар явдаг юм) би өөрийн эрхгүй МОНЦАМЭ-гийн хажуугийн дөрвөн замын уулзвар дээр ирэхэд улаан гэрэл асаж зам хаагдаад зогсож байхад баруун талаас Дэжид гуай ирж уулзалдав. Би түүнд намайг хүлээн авч уулзахыг хүслээ. Тэрбээр “Маргааш өглөө 09.00 цагт оч, би нарийн бичгийн даргадаа хэлчихье” гэлээ. Би уулзлаа. Бүх үнэнийг баримтад тулгуурлан нуулгүй танилцуулаад намайг шалгаж өгөхийг хүсээд гарав.

Мартсан гэх нь хаашаа юм хэзээ хойно арванхоёрдугаар сарын хорьд дөхөж байхад мөн л МОНЦАМЭ-гийн замын уулзвар дээр Дэжид гуай баруун талаас ирж тааралдаад надаас “ГЯЯ-наас чам руу ярив уу” гэж асуугаад “Чиний асуудлыг шалгаж чамайг буруугүй болохыг тогтоогоод Зөвлөлт, Чехословак хоёрын аль нэгэнд нь ЭСЯ-д ажиллуулахаар шийдсэн” гэж баяртай мэдээ сонсгов.

Тэр өдөр Намын Төв Хорооны боловсон хүчний хэлтсээс дуудаж дээр дурдсан хоёр улсын алинд нь ажиллах вэ гэж санал асуухад нь Чехословак Улсад очъё гэж хэлсэн. Би бол тэнд очиж “Монгол-Чехословакийн найрамдалт харилцаанд сэв суулгасан” гэдэг гүтгэлгийг няцааж нэрээ ариусгах бодолтой ийн сонгосон хэрэг. Нэрээ ч ариусгасан. Манай хоёр орны найрамдлыг бэхжүүлэх үйлсэд оруулсан өчүүхэн хувь нэмрийг Чехословакийн тал өндрөөр үнэлж намайг Найрамдалын алтан медалиараа шагнасан юм.

Би ийнхүү Прага хотыг зорих замдаа Москва хотод саатах зуур тэнд эмчилгээнд байгаа Даргатайгаа уулзахаар Нанзад руу утасдав. Дарга маргааш 15.00 цагт хүлээж авах хариу мэдэгдлээ. Гэтэл манай ЭСЯ-ныхан надад тэр өдрийн галт тэрэгний билет авч өгч, цагийг нь тулгаад уулзах бололцоо олгоогүй хөөгөөд явуулсан.

Чиний тавьсан “Ингээд л “тангараг тасарна” гэдэг шиг юм болсон уу” гэсэн сүүлчийн асуултад чинь “Би ямар ч нөхцөлд Бал даргатайгаа “тангараг тасраагүй”. Гомдох явдал тохиолдож байсан нь үнэн ч би эр хүний гүндүүгүй сэтгэлээр гомдлоо тайлж явдаг юм. Миний ярьсан зүйл бол Бал дарга өөрөө бус, бусдын хатгаасаар, нөхрөө таниагүйн гайгаар хийсэн нүгэл. Нүглийг “нам” биш, “тэнгэр бурхан гэсгээдэг юм” гэж хариулья.

Би Цэдэнбал даргад хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, өдгөө ч хоёргүй сэтгэлээр дурсгалыг нь хүндэтгэж явдаг. Цэдэнбал даргын мэндэлсний 100 жилийн ойн өмнө түүний ажил амьдралын талаар ярилцаж “үнэн”-ийг түмэн олонд сонордуулж байгаа Танд баярлаж байна.

Л.Батцэнгэл гуайн надад ярьсныг цаасан дээр бүрэн буулгавал лавтайяа нэг бэсрэг ном болно. Тэрбээр хоёр дахь номоо бичиж байгаа, Цэдэнбалын 100 насны ой (есдүгээр сард болно)-н үеэр амжаад хэвлүүлчих бодолтой байгаа юм билээ. “Миний хувь тавилан” гэсэн нэртэй байхаар төлөвлөж буй гэсэн.

Гэрт нь очиж Батцэнгэл гуайтай уулзсан юм. Тэрбээр өөрийн тэмдэглэл, ялангуяа медалийн урлагийн талаар хийж бүтээснээ танилцуулж, тэр ч байтугай Зөвлөлтийн удирдагч асан Л.И.Брежневийн бэлэглэсэн бугуйн “Слава” цагийг үзүүлэв. Энэ явдал хөөрхөн түүхтэй аж.

1974 оны арваннэгдүгээр сард БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ой болж. Л.И.Брежнев тэргүүтэй төлөөлөгчид уригдаж оролцжээ. Энэ үеэр Брежневийг шагнах асуудал яригдаж Цэдэнбал дарга Батцэнгэл гуайд, “Уран хүн бурхан ухаантай гэдэг. Чи шагналын талаар нэг юм бодож, маргааш гэхэд бидэнд (Улс төрийн товчоонд) саналаа хэл” гэсэн үүрэг өгчээ.

Тэрбээр энэ үүргийг хүлээж аваад судалгаа хийж БНМАУ-ын хүндэт иргэний цол, тэмдгийг санаачлан бий болгож, Цэдэнбал дарга энэхүү шагналыг ойн баярын хурал дээр Л.И.Брежневт гардуулжээ. Хүндэт иргэний алтан таван хошуу тэмдгийг төрийн далбааны өнгөтэй туузаар зүүхээр хийжээ. Гэтэл Брежнев дарга эл тэмдгийг энгэрт зүүдэг болгож өгөхийг Цэдэнбал даргаас хүссэн аж. Энэхүү тэмдгийг зохиогч маань Зөвлөлтийн мэргэжилтэнтэй хамт шөнөжин ажиллаж өглөө гэхэд бэлэн болгоод Их тэнгэрийн аманд очиж Брежневтэй уулзахын өмнө Цэдэнбал “Би шагналыг гардуулсан. Чи зохиогчийн хувьд түүний энгэрт тэмдгээ зүүж өгөөрэй” гэжээ.

Зочид буудалд орж Брежнев гуайтай Цэдэнбал дарга уулзаж захиалгыг биелүүлснээ мэдэгдэж, “Танд зохиогч нь тэмдгийг зүүж өгнө” гэж. Тэмдгийг зүүж өгсний дараа Брежнев “Алтан гартай залуу байна, амжилт хүсье” гээд уг цагийг бэлэглэжээ.

Батцэнгэл гуай багшаас гадна зураач мэргэжилтэй, 270 гаруй одон, медаль, энгэрийн тэмдгийн загвар зурсан, “Эрдэнийн очир” одонгоор нь Унгарын Ерөнхийлөгчийг шагнасан бол түүний бүтээл Ардын болон Гавьяат цолтон, Төрийн шагналтны энгэр дээр одоо хэр нь гялалзаж байдаг аж.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 10. 21:07
Зочин

сайхан ярилцлага байна даа. тохьтой томоотой улс байжээ.

6 сар 12. 16:37
Зочин

ter hochnii talaar unshij bigaad estoi neg ineelee unen unen Monolchuud ijil nertei humuusiig hochoor n ylgaj duuddad yumaa hoogrhii doo muu darga mn aldaj endej 40jil uls geree tolgoilohdoo eh oronoo gesen setgel teeseer burganii orondoo zalarsan tuunii mn BYUN Mongol d sainn tsag saian amidralruu dahin zaaval hurdeh bolno

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]