Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их хаан ертөнцийн дөрвөн зүгт чичлэв

1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа.

 1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франк, Бургунд, Саксони, Баваричууд байгалийн аргалшгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алджээ. Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв.

 

Нормандын засагчид айснаас үүдэн загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, гутралаар дүүрэн захидал нэг нэгрүүгээ шидэлцэж, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм хачин өдрүүд үргэлжилж байв. Трансильвани, Далмацид бүү хэл Баварийн чанадад, бүр алс Саксонид хүртэл худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарч байж. Валахи орчимд бол бүтэн жилийн туршид ард түмнээрээ ой шугуйд толгой хоргодон, эрхэм дээдэстэн, вантан баронтон, гүнтэнгүүд нь хүртэл мөчир дээр тогтсон ус шимж, модны мөөг, хэрэм, жирхээр гол зогоож явжээ.

Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.

Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Скиф, Авар болоод Гот, Мажарын олон овог аймгууд Европын хилээр цусан зам татуулан ордог ч төдөлгүй өөрсдөө нэг бол боолын талхинд хүзүүгээ тавьж өгдөг байж, эсвэл өөрсдөө тэр ард түмний нэг нь болж дуусдаг байж... Куман, Печенегүүд, Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.

Османы Огуз Түрэгүүд 1389 оны 6 сард эртний эллиний соёл, загалмайн шашны нэгэн түшиг голомт Византыг унагаж, Косовагийн талд Хорват, Серби, Мажарын хамтарсан 80 мянган цэргийг бут цохиж, Лазар ванг олзолж байхад, Вена хотын босгонд лалуудын саран тамгатай туг нь намирч үзэгдэхэд ч Европчууд ер цочсонгүй, Австрийн баронууд Шопронд хөлтэй найр цэнгээн зохиож, Бургундад эзэн хаан зэрлэг гахайтай хөөцөлдөн явжээ.

Эртний Ромын яруу алдрыг дурсаж, дуудан бахархан явдаг тэр Европыг, загалмайтны нэгдсэн Европыг, Бага Ази, Сири, Иордан, Мисирийн эргийг хүнд жадныхаа үзүүрээр чичлэн доргиож явсан идэрхэг хүчирхэг рыцарь баатруудын нутгийг, дайнч готуудын хойчис францууд, кельтүүдийн үр удам германууд, бяралхаг сляванчуудын салаа салбар польш, литов, чехүүд, өнөөх хүннү нарын цус судсаар нь гүйх мажар, домогт викингүүдийн эр зоригийг өвлөсөн скандинавынхан, цоглог золбоолог норманд, англо саксуудын удам англичууд..., зэрэг омог ихт олон үндэстнийг ингэтэл нь айлгасан Тэд хэн байв? Ямар гээчийн бурхны, эсвэл чөтгөрийн хүчийг эрхшээсэн ард түмэн билээ?
Хуучин домогт өгүүлэхээр тэнгэр бурхадтай тэрсэлдээд ялагдаж, алс элсэн цөлийн чинадад, эсвэл тамын орон Тартарт цөлөгдсөн аварга биет титанууд тамаасаа гарч дахин тэнгэр бурхантай дайтаж даагаа нэхэхээр, ертөнцийг харанхуйгаар хулдаж, цусаар урсгахаар ирж яваа нь тэр үү?

***

Тэд бол Монголчууд, гэхдээ ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист боссон дэлхийн дайнд ганцаар ямагт ялан урагшилж байсан монголын армийн зөвхөн нэг жигүүр, нэг замын цэрэг нь байлаа. Тэр үед монголчууд хятадын Хөх мөрнөөс Карпатын нуруу хүртлэх өргөн уудамд одож, энэ өргөн уудмын хязгаар бүрд хүчтэй сул янз бүрийн эсэргүүцэлтэй тулгаран дайтаж байв. 60 сая хүнтэй, цэрэг зэвсэг, эдийн засгийн асар их нөөц бүхий Хятадын Сүн улстай өмнө зүгт, нойтон хамуу шиг бууж өгч л байдаг, араас жад бариад босч л байдаг Солонгосуудтай зүүн зүгт, Сүлжүкийн Рүм, армянтай Бага Азид, аббасидууд, ассасинууд болон Багдадын Халифийн чин сүжигт дайчидтай Ираны толгодын зах хязгаарт,  орос, булгар, кумануудтай Дешт-кипчакийн их талын умардад, мөн эрэлхэг уулынхан, гүржүүдтэй Кавказын ар, өвөр бэлд дайтаж, Хорезм шахын их армийн үлдэгдэлтэй Хиндү Кишийн өндөрлөгт хөөцөлдөж явав.

Их хаан ертөнцийн дөрвөн зүгт чичлэв

Монгол овог аймгуудын хооронд яс хаян хядалцуулж, үе үе уулгалан цөлмөж явсан, Амбагай хааныг нь модон илжгэнд хадаж алсан эртний цусан өшийн тангарагтай Зүрчидийн Алтан улстай бүтэн хорин жилийн турш хатуу ширүүнээр зууралдан дайтсаны эцэст 1234 онд Цайжой бэхлэлтийн баруунш луут шар туг сүлднийх нь сэрэг зэвээр газарт хатган нэгмөсөн дарав.

Гэвч Монголын Их Хөх төрийн эзэд тайвшрах болоогүй байлаа. Алтан улсыг мөхөөхөд хүчин хавсарсан Өмнөд Сүн улс монголчуудын эзэмшилд орсон Алтан улсын хязгаарыг довтлон эзэлж, өмнөдөд дайны гал дахин шинээр дүрэлзэв. Энэ дайн даруй 40 жил үргэлжилсэн билээ. Лалын нэгэн хүчирхэг тулгуур Хорезм унасныг хүлээн зөвшөөрөөгүй Лалын ертөнц монголын зүг ямагт хялалзаж, Бага Ази, Перс, Ойрхи Дорнодод шинэ шинэ дайны галыг ноцоож байв. Кавказын өмнөдөд ч загалмайн Армян, Гүржүүд бүрэн номхорсонгүй, Солонгосууд хүртэл Саритай хорчийг буцангуут  монголын төлөөний бүх даргач түшмэлийг хороож, дахин босов.

Бүр 30 гаруй жилийн өмнө мэргидүүдийг өмгөөлөлдөө авч, монголчуудын өмнөөс сэлмээ далайсан Кумануудын хүч алс баруун умардад хэвээр байлаа. Тэд бол байсан газраа багширч, суусан газраа шавалдаж байдаг суурин иргэд биш, байлдаж тулахдаа монголчуудаас огтхон ч дутахгүй баатар зоригтой овжин шалмаг нүүдэлчид тул тэнгис далайн чинадад байсан ч нэг л өдөр тэдний омголон морьдын тоос Хархориныг булж мэдэх аюул осол ихтэй. Тэднийг мөхөл мөхөөж, мохол мохоохгүй аваас гар сул, хөл амар суух боломжгүй.

Кумануудыг өмгөөлөн, монголын элчийг алсныхаа хариуг 1223 оны хавар Калька голын хөвөөнд хангалттай авсан ч сэргэж, хүчээ авсан Оросын вангууд гашуун ялагдлынхаа өшийг санан зангидаж суулаа. Мөн 1224 онд итгэлийг эвдэн монгол цэргийн ар хударгаар довтлон хэдэн мянган эр цэргийг нь алж устгасан Ижилийн Булгар, Асу, Буртасууд хэгжүүн хэвээр, тэдэнд сануулга өгөхгүй аваас дайчин их хар сүлд гундах билээ.

Эдгээр эгзэг аюул бүхнийг дэнслэн эргэцүүлэхээр Монголын их гүрний хаан Өгэдэй 1235 онд Хархорин хотноо монголын язгуур ихэс дээдэс, баатар ноёдын Их Хуралдайг зарлан хуралдууллаа. Их хуралдай улс төр, цэрэг дайны асуудлыг дэлхийн энгээр хэлэлцээд, дэлхийн түүхийг өөрчилж, улс үндэстнүүдийн хувь заяаг шийдэх дараах шийдвэрүүдийг гаргажээ.Үүнд:
-Зүүнд Солонгосыг номд нь оруулах,
-Өмнөдөд Сүн улстай дайтах,
-Баруунд Кумануудыг мөшгил үгүй болгож, оросын вангууд, Ижилийн булгаруудыг дарах, улмаар баруун хил хязгаарыг бүрэн аюулгүй болгохын тулд Европыг түншиж, шаардлагатай бол байлдан дагуулах,
-Ойрхи дорнодод дайны галыг идэвхжүүлж, Лалын ертөнцөд хатуухан сануулга өгөх, Энэтхэгийн умардад цэрэг илгээн аюул бий эсэхийг турших, эдгээр байлаа. Ийнхүү Монголын Их хаан хүнд болд бялуугаа өргөн ертөнцийн дөрвөн зүгт чичлэв. Монголын баатар их эрс уухайлан хүрхрэв. Ертөнцийн дөрвөн зүгт доргин чичирхийлж, сууж байсан нь босон харайж, унтаж байсан нь цочин сэрж, сэрээгүй нь хар даран хашгирав. Үүлс хуйларч, аянга нижгэнэв. Салхин шуугиж, усан цалгирав. Хад хагарч, хайрга үсчив.

***

Алс баруунш дайлах их аяныг Зүчи ханы ууган хүү Бат болон Дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “Урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүбээдэй баатар нарт даалгаж, бүх хан хөвүүдийн ахмадуудад энэхүү аянд өөр өөрийн цэрэг армийг удирдан оролцохыг үүрэг болгожээ. Түүхэнд “Хан хөвүүдийн аян дайн” (Олонхидоо “Ахмад хөвүүдийн аян дайн гэдэг) гэж нэршжээ. Энэ дайнд Их хаан Өгөөдэйн хөвүүдээс Гүюг (хожим их хаан болсон), Хадаан, ач Хайду, Цагаадай хааны хөвүүдээс Байдар, ач Бүри, Зүчи хааны хөвүүдээс Батхаанаас гадна Бэрх, Орд, Шейбан, Тулуй хааны хөвүүдээс Мөнх, Мөнхтэй эх тусгаар Бужиг зэрэг олон хан хөвүүд оролцжээ.
Тэд юуны өмнө Куманууд, Оросын вангууд, Ижилийн булгаруудаас ял асуух ёстой. Ийнхүү ял асуухын мөн чанарыг түүхч Ж.Бор “Үнэхээр ч хилсээр алагдсан хүмүүсийнхээ өсийг нэхэхгүй орхивол дундад эртний Монголчуудын хувьд уучилж болшгүй гэмт хэрэг болох байлаа. Энэ бол Монголчуудын сэтгэлзүйн ч хэм хэмжээ, Чингисийн “Их Засаг хууль”-иар батлагдсан хуульзүйн ч хэм хэмжээ байсан юм” гэж тодорхойлсон байна.

Б. Номинчимэдийн “Эгнэшгүй нөхрийг олов” номоос

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичихAa
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
  • Аа
2016, 10 сар 27. 17:05
unshigch

odoo bol orondoo baridaj otond idegdsen guilgachin. nogoo alj talj baisan ulsuudasaa guij guvshin avsan mongoor arai iadaj amia zogoono. munharsan omhii yher odoo gazar shoroon deeree gadnii bool bolson

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]