Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Америкчууд сансарт хөөргөсөн 480 мянган зүү хөөргөсөн ньУншсан1,785

Энэ бүтэлгүйтлээс сургамж авсан төслийнхөн дараа нь арай болгоомжтой, ултай хандаж ихээхэн судалгаа хийсний дараа буюу 1963 оны 5-р сарын 9-нд гурав дахь оролдлогоо хийлээ.

1960-аад оны үед Европ Америкийг холбосон телефон кабель нь Америкийн цэрэг дайны хүрээнийхэн, улс төрийнхний сэтгэл зовоосон нэгэн зүйл болон хувирчээ. 1950-иад оноос Европ Америкийн цэргийн холбоог чухам энэ кабель болон ионосферээр дамжих радио холбоогоор барьдаг байсан бөгөөд ЗХУ-тай дайн, мөргөлдөөн болсон тохиолдолд хамгийн түрүүнд энэ кабелийг “Оросууд” сүхээр ч юмуу, гүний бөмбөгөөр ч юм уу тас татаж хаях нь ойлгомжтой эмзэг зүйл байв. Радио холбооны хувьд байгалийн янз бүрийн эрхшээлд ордог, тэгээд ч америкчууд  цөмийн дайны үеэр тропосферд тэслэх хэд хэдэн цөмийн дэлбэрэлтээр дайсны аливаа радио холбоог ажиллах боломжгүй болгох төлөвлөгөөтэй бөгөөд энэ нь өөрт нь ч бас нөлөөлөх болно. Бас "муухай санаатай оросууд“ ч мөн ийм төлөвлөгөөтэй байж болзошгүй гэдгийг тагнуулынхан анхааруулж байдаг.  “Ивануудад ийм эрх байхгүй ч тэд бас цөмийн бөмбөг тэсэлж Европын холбоотнуудтай холбогдох аргагүй болгоно гэдэг бараг л ойлгомжтой зүйл” гэж үзсэн цэргийнхэн илүү найдвартай холбоотой байх арга техник хайж байлаа.

Гэтэл ийм аюулаас зайлсхийж болох, янз бүрийн нөхцөлд найдвартай радио холбоотой байж болох боломжтой талаархи төсөөлөл төдийгүй бүрэн төслийг Массачуссетсын Технологийн Их сургуулийнхан боловсруулан гаргажээ. Тэднийхээр бол дэлхийн агаар мандлын гаднах тойрог замд радио долгионыг ойлгон буцаах тийм зүйл байршуулснаар бүх л асуудал шийдэгдэх ёстой байв. Уолтер Морроу хэмээх нөхрийн удирдлага дор бий болсон энэ төслийг цэргийнхэн дуу алдан хүлээж авсан бөгөөд төслийн нэр нь West Ford. Санхүүжилт ч орж ирлээ, төсөл ч бодит ажил болох боломжтой боллоо.

 

Энэ West Ford хэмээх төсөл нь ямар байдлаар ажиллах юу гээч юм бол?

Төслөөр бол сансарт 4000 (олон улсын сансрын станц 400 гаруй километрийн өндөрт бий) километрийн өндөрт хагас тэрбум металл зүү гаргах бөгөөд тэдгээр нь тойрог замд жигд тарж дэлхийгээс ирэх радио долгионыг буцаан ойлгох антен байдлаар ажиллах ёстой юм байж. Тэрхүү зүү нь зэсээр хийсэн,  1,8 см урттай, 25 мкм диаметртэй байх ёстой. Зүү болгон дэлхийгээс ирэх радио долгионыг буцаан ойлгох антенны үүрэг гүйцэтгэж чадах тооцоотой боловч тойрог зам маань том, багагүй өндөрт байгаа, “найдвартай нь дээр” гэх мэт шалтгаанаар ийм олон тоотой зүүг сансарт гаргах болжээ. Зүүгээ хэдэн мянгаар нь нэг багц болгож тусгай тос маягийн (гель) зүйлээр хооронд нь наалдуулсан ба сансарт гараад нарны тусгалаар энэ тос хайлж зүүнүүд тойрог замд жигд тарах төлөвлөгөөтэй байв.

Хэдийгээр асар олон тоотой боловч хүний үснээс хэдэн арав дахин (хүний үс 0,1-0,2 миллиметр  бол сансарт гарах зүү 25,4 микрометр) нарийн учир нийт зэс зүүг хийхэд ердөө 20 кг зэс л хэрэглэсэн байна. Ингээд сансарт гаргах болж 1961 оны 10-р сарын 21-нд зүүнүүдээ зөөгч пуужиндаа хийж хөөргөлөө. Гэтэл зэс зүүнүүдээ гаргахаар тогтсон тэр тойрог замд зүүнийхээ ихэнхийг нь оруулж чадаагүй бөгөөд тэдгээр зүү юу болсон, одоо хаана байгаа талаар хэн ч юу ч мэдэхгүй юм гэнэ. Тойрог замд гарсан цөөхөн хэдхэн зүү найдвартай ажиллагааг хангаж чадахгүй учир дахин нэг оролдлого хийх болов. Америкчууд үнэхээр яарч байсан бололтой ба ердөө л хагас жилийн дараа буюу 1962 оны 4-р сарын 9-нд дараагийн оролдлогоо хийсэн боловч бас л бүтсэнгүй.

Энэ бүтэлгүйтлээс сургамж авсан төслийнхөн дараа нь арай болгоомжтой, ултай хандаж ихээхэн судалгаа хийсний дараа буюу 1963 оны 5-р сарын 9-нд гурав дахь оролдлогоо хийлээ. Энэ удаа зүүгээ улам жижгэрүүлсэн бөгөөд зүүний диаметрийг бүр 17,8 микрометр болгосон байна. 3800 км-ын өндөрт гарсан багц бүхий зүүг барьж байгаа нафталин тос хайлж 480 000 зүү тарж, бараг 30 км-ийн өргөнтэй тойрог бий болгож чадлаа. Сансарт агуу том антенн бий болгож, найдвартай радио холбоотой болох гэсэн америкчуудын хүсэл биеллээ оллоо. Зүү тойрог замд тарсны дараа дэлхийн өнцөг булан бүрт байгаа Америкийн цэргийн баазууд хоорондоо холбоо барьж үзлээ. Бүх зүйл санаснаар. Харамсалтай нь хэдэн хоногийн дараагаас холбооны чанар муудаж эхэлсэн ба зүүнүүдийн хоорондох зай ихсэх тусам холбоо барих боломж, чанар муудаж байсан байна. Хэдэн долоо хоногийн дараа сансарт гарсан зүүнүүд тал бүр тийш таран одож холбоо барих ямар ч боломжгүй болсон учир төслийг хаах шийдвэр гарчээ. Ингэж хиймэл ионосфер хийх гэсэн оролдлого бүтэлгүй болсон түүхтэй. Сансарт хог болог үлдсэн эдгээр зүүний зарим нь эх дэлхийдээ буцан унасан бол үлдсэн хэсэг нь янз бүрийн өндөртэй тойрог замд байсаар байгаа. Маш бага жинтэй учир аливаа хиймэл дагуулд ямарваа нэг хор, хохирол үзүүлэх магадлал бараг үгүй гэж ярьдаг юм гэсэн.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]