Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

“Хубилай хаан авд мордсон нь”          Уншсан7,220

“Түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сармагчин лугаа адил” хэмээн эртний мэргэд элэглэн хэлсэн буй. Хүмүүс энэ сургаалыг буруугаар ойлгож “ойд төөрсөн” гэж бичээд байдаг.

“Түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сармагчин лугаа адил” хэмээн эртний мэргэд элэглэн хэлсэн буй. Хүмүүс энэ сургаалыг буруугаар ойлгож “ойд төөрсөн” гэж бичээд байдаг. Угтаа бол тийм биш юм. Сармагчин ойд төөрөхгүй, адгуус амьтан уугуул орчиндоо төөрнө гэж үгүй. Байгаль дэлхийдээ байгаа адгуус амьтан бол тэр хэвээрээ, харин нийгэмжсэн хүн гэгч тэднээс өөр байх ёстой гэсэн санаа энэ сургаалд буй. Хүн бас л байгалийн амьтан боловч хүний нийгэмд амьдардаг учраас нийгэмжиж, боловсорч, хүмүүжих ёстой гэсэн санаа. Тэгж боловсорч, хүмүүжихүйн нэг чиглэл бол эх түүх, уг угсаагаа сайтар мэддэг байх явдал мөн. Энэ үйлсэд музей чухаг ач тустай байдаг ажээ. 

Тайванийн Үндэсний “Хааны ордон” музейд Монголын түүх, соёлд холбогдох хосгүй, үнэт өв дурсгалууд цөөнгүй хадгалагдаж байдаг аж. Миний бие энэ тухай монгол түмэндээ хүргэн танилцуулж байгаа билээ. Тэдгээрийн дотор “Хубилай хаан авд мордсон нь” хэмээх зураг Тайванийн “Төрийн эрдэнэ” хэмээн үнэлэгдэж, хосгүй үнэт өвийн санд хадгалагдаж байна. Энэ зураг үнэхээр чухаг нандин өв ажгуу.

Түүх бичлэгт тэмдэглэснийг үзвэл, энэ зургийг 1280 онд Хубилай хааны зарлигаар ордны зураач Лю Гуандао хэмээх хятад хүн зуржээ. Тэрбээр бидэнд мэдэгдэж буйгаар, Арника хэмээх Балбын уран зураач, уран барималч, Хорихусун хэмээх монгол зураачийн хамтаар тухайн цаг үеийн төрийн соёл урлагийн үйлийг хариуцсан сайд түшмэд, уран бүтээлчид байжээ. Лю Гуандао 1279 онд хунтайж Чингисийн хөргийг бүтээснээрээ хаанаас хүрмэн дээлээр шагнагдсан тухай мэдээ “Юань улсын судар”-т бий. Өнөө хүртэл хадгалагдаж ирсэн түүний хамгийн том бүтээл нь “Хубилай хаан авд мордсон нь” хэмээх зураг болой. 

 

Торгон дээр зурсан энэ бүтээлийн өндөр нь 182.9 см, өргөн нь 104.1 см хэмжээтэй, аргагүй том уран бүтээл. Миний ажлын өрөөний хананд яг энэ хэмжээтэйгээрээ өлгөөстэй байдаг. Өдгөөгөөс 740 шахам жилийн тэртээд урласан ийм том бүтээл, аль ч талаас нь авч үзэхэд яахын аргагүй чухал ач холбогдолтой, үнэт өв дурсгал мөн. Зургийн ач холбогдлыг олон талаас нь дугаарлан өгүүлж болно. Тухайлбал, цаг хугацааны, түүхэн, соёл урлагийн, шинжлэх ухааны буюу бүр тодруулвал Монгол судлалын, угсаатны зүйн ач холбогдол гэх мэтээр олныг өгүүлж болно. Энэ үүднээс үзвэл энэ зургийн тухай бүхэл бүтэн ном ч бичих боломжтой. Харин энд би өөрт төрсөн сэтгэгдлийг хэдхэн зүйлээр тоочин уншигч танд хүргэсү. 

Нэгдүгээрт, зурагт нүүдлийн соёл иргэншлийн нэгэн ахуй, нүүдэлчин малчин ард түмнүүдийн амьдралын нэгэн чухал зан үйл болсон ав хомрогыг тод томруун дүрсэлжээ. Ав хомрого нь юуны өмнө хоол хүнсээ олж авах арга хэлбэр юм. Энэ арга хэлбэр зөвхөн нүүдэлчид төдийгүй, нийт хүн төрөлхтний хамгийн эртний зан үйлүүдийн нэг билээ. Эртний хүмүүсийн амь зуух гол арга бол ан хийх байсныг бүгд мэднэ. Гэвч тэр тухай нуршилгүйгээр нүүдэлчдийнхээ тухай л авч үзье.          

 Нүүдэлчдийн хувьд ав хомрогын удаахь нэгэн зориулалт нь цэрэг дайны бэлтгэл байсан. Энэ тухай мэдээ занги Хүннүгээс ч өмнөх үед холбогддог. Гэвч түүхэнд дурдагдсан бодит баримтыг хөөн үзвэл, Хятадын түүхийн эцэг гэгдсэн Сыма Цень түүхчийн бичсэн “Түүхийн тэмдэглэл” хөлгөн сударт буй үг мөн. Тэнд “Бага хүүхдүүд нь хонь ямаа унан, хавчаахай нумаар шувуу, зурам агнадаг. Арай томхон нь үнэг, туулай намнан хоол хүнсэндээ нэмэрлэмүй. Тэдний хэв заншил гэвэл жирийн цагт тааваараа мал маллан нүүдэллэж, ав хомрогоор ажил үйлээ болгомуй” гэсэн байдаг.

 Түүнчлэн нийтийн тооллын 4 дүгээр зууны үед бичигдсэн “Баруун Хан улсын бичиг” хэмээхэд “Хүннү нар гурван настайдаа морь унаж, тавтайдаан нум сумаар харваж сурдаг бөлгөө” гэсэн байдаг. Эдгээр өгүүлбэр ямар их мэдээлэл агуулж байгааг мэргэн уншигч та надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа буй заа. Ийм олон мэдээ баримтаас, ав хомрого бол нүүдэлчдийн ертөнцөд нэгэн зайлшгүй чухал зан үйл байжээ гэдгийг мэдэхэд төвөггүй. Их эзэн Чингис хааны намтар, үйлээс харахад ч, тэрээр ав хомрогын үйлд их дуртай, насан эцэс болтлоон авлаж, гөрөөлж явсан болох нь мэдэгддэг. Энэ тухай миний орчуулж 2010 онд хэвлүүлсэн “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх сударт хэрхэн өгүүлснийг үзье:

 “...Наймны өдөр хаантан зүүн уулын бэлд ан авлаж яваад нэг бүдүүн бодон намнах үед унасан морь нь бусгаж, хаан жолоогоо алдан ойчжээ. Тэр бүдүүн бодон яг дэргэд нь байсан атлаа мэгдэн зогтусаад хааны биед эс ойртжээ. Хааныг бараалан дагагсад тэр даруйд ухасхийн хүрч, хааныг хамгаалан авч, авыг зогсоон нүүдэл ордондоо буцацгаав. Энэ тухай хутагт багш сонсоод хаанд бараалхан ятгасан нь: 

-Хүмүний амьд явах хийгээд заяа төөргийг Дээд тэнгэр мэдэх билээ. Өдгөө хаан эзэн Таны нас сүүдэр өндөр болсон тул энэ мэт ан авд цөөн мордвол зохино. Мориноос ойчсон тань Дээд тэнгэрийн сэрэмжлүүлэг. Бодон гахай танаас аюуж эс ойртсон нь Тэнгэр таныг хамгаалсан нь тэр болой! хэмээв. Хаан өгүүлрүүн: 

-Миний бие үүнийг гүнээ ухаарав. Хутагт арш намайг ятган сэнхрүүлсэн нь маш зөв болой. Манай монгол хүн морь унаж, харвах намнах нь нялх багаас хэвшсэн зан үйл байдаг тул шууд орхиж чадахгүй биз. Хэдий тийм боловч Хутагт аршийн үгийг би сэтгэлийн гүнд хадгалсу! хэмээгээд бие эргэж Хишлиг дарханд өгүүлсэн нь: 

-Хутагт аршаас надад энэ мэт сануулсан үг бүхнийг бултаар дагаж мөрдөгтүн! хэмээн зарлиг болговой. Түүнээс хойш хаан бээр хоёрдугаар сард авд ахин мордсонгүй.“

 Энэ бол 1222 оны өвөл Чингис хааны өнөөгийн Афганы нийслэл Кабул хотын ард байх Их Цаст уул хэмээх Гиндугушийн нуруунд өвөлжиж байхад нь болсон явдал. Их хааны хэлсэн “Манай монгол хүн морь унаж, харвах намнах нь нялх багаас хэвшсэн зан үйл“ гэсэн үгийг та тунгаагтун! 13 дугаар зууны үед ав хомрого нь амь зуух гол арга хэлбэр байхаа больж, цэрэг дайны бэлтгэл хангах, мөн зан үйлийн шинжээ хадгалж үлдээд байсан юм.

1227 оны 8 дугаар сард Чингис хаан Тангудыг байлдаж явахдаан, аанай л ав хийж хулан агнаж яваад зост бор мориноосоо унаж бие чилээрхэн хэвтэрт орж, улмаар 66-ны сүүдэр зэрэгцэх насандаа тэнгэрт хальсан билээ. Тэгэхлээр ав хомрого бол аргагүй л монголчуудын салшгүй нэгэн зан үйл байжээ. Ав хомрогын тухай мэдээ баримт хожмын түүхэн цаг үедэд ч цөөнгүй тохиолдох тул тэр болгоныг дурдахыг азнан цааш өгүүлсү. “Цогт тайж” кинон дээр монгол цэргүүд Түвдийг дайлаар мордохын өмнөх өвөл их ав хомрого хийн цэрэг дайчид байлдах, дайтах арга урлагаа бататгаж буй тухай гардаг. Хэдийгээр уран сайхны өгүүлэмж боловч энэ нь ав хомрогыг хэрхэн яаж хийдэг байсныг оновчтой харуулсан дүрслэл мөн. 

Монголчуудын дунд ав хомрогын зан үйл саяхныг хүртэл түгээмэл байжээ. Энэ тухай өнөө ч амьд сэрүүн амьдарч байгаа хөгшчүүлийн дурсамжууд олон. Нэгэн дурсамжид: “1957 он шиг санагдана. Сумын төвд эвлэлийн үүрийн хуралд суугаад, дараа нь олуул цугласных, шинэхэн цаснаар чонын авд мордоцгоосон юм” гэж Дорнод аймгийн Гурванзагал сумын өндөр настан дурсчээ. Өнөөдөр ч монголчууд ан ав хийх дуртай хэвээр. Ялангуяа мөнгөтэй баячуул, улс төрчид хурдан буу, хүчит техникээр ааглан ав хийдэг болсон нь харин жаахан тиймэрхүү. 2013 онд Говь-Алтай аймагт чонын их ав хийж, нэг удаад 273 чоно авлан, бөөн дуулиан дэгдээсэн нь сүүлчийн мэдээ буй заа. 

Хоёрдугаарт, одоо уг зургийн тайлбартаа эргэн орьё. Зургийн гол төвд Хубилай хаан, хатныхаа хамтаар морь унасан зогсч байна. Хаан бээр их дэлтэй, хангал тарган, дөрвөн шийр цагаан, халзан азарга унажээ. Хаан, хатан хоёул хүлгийн жолоог татан зогсч, гэдрэг эргэн харсан байдалтай. Тэртээ дээр тэнгэрт нисч буй хоёр жигүүртнийг онилон нум сумаар харвахаар дэлэн татаж байгаа морьтныг харж буй нь тэр ажээ. Зурагт нийт арван хүн дүрслэгдсэний бусад ес нь бүгд тэр залуу морьтны хэрхэн харвахыг сонирхон харж байгаагаар дүрслэгджээ. 

 Хубилай хааны унасан хүлгийн хазаар ногт, эмээл, хөмөлдрөг нь онцгой, омруун дээр нь зүүсэн молцог зэрэг нь аргагүй л дээдсийн хүлэг гэдэг нь илт. Хятадын судлаачид энэ хүлгийг “аха ма” гэсэн байдаг. “Аха” гэдэг нь Ахалтегин гэсэн Туркмен үүлдрийн аргамаг хүлгийн нэр, ма гэдэг нь морь гэсэн хятад үг. Хятадын эртний түүхэнд “Хүннү нарт цусан хөлст адуу бий. Тэр нь нэгэн давхилаар мянганы газрыг туулдаг” гэсэн байдаг. Мянганы газар гэдэг нь 500 км зайг хэлнэ. Цусан хөлст адуу холыг туулан давхиж ирэхэд цус шиг улаан өнгөтэй хөлс гардагаас тэгж нэрлэсэн бөгөөд түүний удмыг өдгөө Туркменд үржүүлдэг Ахалтегин адуу мөн гэж үздэг байна. 

Хааны өөрийнх нь өмсгөл зүүсгэл, дээл гутал ч онцгой. Музейн эрдэм шинжилгээний ажилтны тайлбарласнаар, Хубилай хаан алтан утсаар зүү ороон луун хээ /монголчууд бас үүлэн хээ ч гэдэг/ шагласан улаан хүрэн торгон дээл өмсч, гадуур нь цагаан үенгийн үнэт арьсан дах асаажээ. Зураг дээрх Хубилай хааны дүр төрх, тус музейд хадгалагдаж буй Хубилай хааны эш хөрөгтэй адилхан байна. Тиймээс эл хоёр зургийг нэг хүн зурсан, эс бөгөөс аль нэг зургийг нь мэддэг хүн нөгөөг нь зурахдаа адилхан байхаар бодож зурсан байж таарна.

Хатны унасан хүлэг аргагүй л сайхан аргамаг хүлэг агаад, түүний хазаар ногт, хөмөлдрөг молцог тэргүүтэн нь бүр ч гоё ганган, бүгд алтан тоногтой ажээ. Үүгээрээ хаан, хатан хоёрын хүлэг морины гоёл чимэглэл хоорондоо ялгарч байна. Хатны унасан хүлэг бол яах аргагүй монгол адуу агаад өнөөгийн Гоё халиун, Толин хул, Гал шарга, Нийгмийн хонгор гэх мэтийн цуутай сайхан хүлгүүд шиг л харагдана. Эртний хятадын түүх бичлэгт халиу ма, цидань ма гэх үгүүд таардаг нь халиун, хонгор, хул, шарга зүсмийн адууг заасан нэр. Хул зүсмийн адууг хятадууд “кидань морь” гэдэг байсан нь нүүдэлчин хитанчуудын адуу ийм зүстэй нь элбэг байсных юм. Өнөөдөр ч манай ийм зүсмийн адуу Хитанчуудын уугуул нутаг асан  зүүн талдаа түлхүү байдаг. 

Гуравдугаарт, зураг дээр өдгөө хэдийн мартагдаж орхигдсон зарим эдлэл хэрэглэл, хувцас өмсгөл дүрслэгджээ. Дах гэдэг монгол үг хятадын эртний ном сударт энэ хэвээрээ тэмдэглэгдсэн байх ба “Юань улсын судар”-т “Дахыг мал, амьтны арьс, үсээр хийдэг. Жирийн хүмүүс хонь, хурганы арьсан дах өмсдөг бол хаад дээдэс үен, булга, үнэг, чоно зэрэг үнэт ангийн арьсан дах өмсдөг” гэсэн бий.

Юань улсын үеийн буюу 13 дугаар зууны монголчуудын хувцас өмсгөл, гоёл чимэглэлийн талаар “Юань улсын судар”, “Хар татарын хэргийн товч”, “Монгол татарын бүрэн тэмдэглэл” зэрэг хятадын түүхийн сурвалж бичгүүдэд нэлээд бичсэн байдаг. Зурагт тэдгээр хувцаснуудын заримаас дүрслэгдсэн байгаа нь харагдана. Тухайлбал, нум сум харвах гэж байгаа морьтон начин дээл өмсчээ. Начин дээлийн онцлог нь, хоёр гарын булчингийн хавьд ангархайтай, яаралтай харваж намнах хэрэг гарвал дээлээ тайлалгүй, хоёр ханцуйгаа шувтран, тэр ангархайгаар гараа гаргаж, нумаа шүүрэн авч сумаа хийгээд дэлэн татаж харвах боломжтой байдаг аж. Зүйрлэвээс яг л шунган нисч буй начин шонхор лугаа адил тул тийн нэрлэсэн бололтой. Хааны нум баригч хорчин өвгөн, хатны ард байгаа негр, бүргэд барьсан морьтон бас ийм дээл өмсчээ. Начин дээлийн хоёр ханцуй ийм ангархайтай, дээлийн ар нуруунд товчоор товчлогдсон салангид ханцуйтай байх нь бий. Судлаачид, ийм дээлийг их шинжлэх ухаанчаар бодож олжээ гэж дүгнэсэн байдаг.

 Начин дээл нийт нүүдэлчдийн ертөнцөд лавтайяа 9 дүгээр зууны үед өргөн тархсан байсан нь эртний түүх бичлэгт тааралддаг. Өнөөдөр нэгэнт орхигдож мартагдсан нүүдэлчдийн олон хэрэглээний зүйлс бий. Тэдгээрийн нэг нь энэ начин дээл юм. Ийм дээл нэн эрт цагаас, лав л морь унадаг болсон тэр цагт бий болсон байх магадлалтай. Учир нь дорно, өрнийн олон эх сурвалжид нүүдэлчид амьдралынхаа ихэнх цагийг морин дэл дээр өнгөрүүлдэг тухай дурдсан байдаг. Ууж идэхдээ ч, унтаж амрахдаа ч, ажил үйл хэлэлцэж, арилжаа наймаа хийхдээ ч, аян дайнд одож дайтаж байлдахдаа ч мориноосоо салах нь нэн ховор гэж аль Хүннүгийн үеэс л Хятадын ч тэр, Герег Ромын ч түүхэнд дурдсан байдаг. 

 Дөрөвдүгээрт, хатны ард талд байгаа бараа бологч харваас хар арьст боол авай. Наад талд нь бас нэг хар арьст боол харагдана. Зургийн доод хэсэгт цааш харан яваа морьтныг музейн тайлбарлагч зааж “Цайвар шар үстэй энэ хүн Дундад Азийн, магадгүй, Европ зүгийн хүн” гэсэн юм. Тун магадгүй. Ази, Европын хэдэн арван улс орныг нэгтгэсэн Монголын их гүрний төрд арван зүгийн есөн хэлийн хүн зон хүчээ өргөн зүтгэж байсан билээ. Тэдний дотор их уран дархан Анигаа тэргүүт балбын урчуул дархчуул, Хубилай хаанаас Улсын багш цол хүртсэн Пагва лам тэргүүт түвд, тангад зүгийнхэн, одон орон судлалыг хөгжүүлсэн араб, персийн иргэд, Ромын папын элч болж ирээд 17 жил хааны дэргэд шадарлан зүтгэсэн Марко Поло тэргүүт түүний аав, авга ах зэрэг европчууд олон байсан билээ. 

Хаан, хатан хоёрын эргэн тойронд хааны шадар бараа бологчид тойрон хүрээлж харагдана. Тэд янз бүрийн төрх байдалтай, зарим нь морин дээрээ нумаан дэлж тэнгэр өөд онилон, тэртээ дээр нисч яваа шувуудыг харвахаар зэхсэн байхад, нөгөө нэг нь их хааны ардхан, хааны нумыг агсан дагаж яваа харагдана. Энэ бол хорч, хорчин, бас зарим ном сударт өгүүлдэгчлэн Хааны нум баригч болой. Тавдугаарт хэлэх гэсэн зүйл минь энэ. Шувуу онилсон морьтон залуугийн барьсан нум сум бол жинхэнэ монгол нум сум мөн. Өнөөдөр монголчууд улсын баяр наадмаараа нааддаг нум сум бол монгол биш, манж нум сум юм. Дайчин баатар монголчуудыг эрхшээлдээ оруулсан манжийн хаад монголчуудыг тэр гайхамшигт зэвсгээ хэрэглэхийг хатуу хориглосон юм. Чингэж зууны уртад монголчууд дэлхийн талыг байлдан дагуулсан гайхамшигт зэвсгээ умартан орхижээ. Чингис хаан өрнө зүгт хийсэн их аян дайнаасаа буцаж ирээд 1225 онд их найр наадам хийх үеэр Есүнгэ мэргэн 225 алд буюу 500 гаруй метр холд харвасан тухай хөшөөнд сийлэн тэмдэглэж түүхэнд мөнхөлсөн байдаг. Зарим хүн үүнийг худлаа, нум сумаар тийм хол харваж чадахгүй гэдэг. Тэгвэл өнөөдөр монгол нум сумыг судалдаг гадаадын, түүний дотор Тайванийн судлаачид үүнийг үнэн болохыг нь нотолж байна. Гэвч энэ тухай жич өгүүлнэ.  

Өрнө зүгийнхнийг хятадаар “сөмүрэнь” буюу өнгөт нүдтэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Шаргал үстэй, цагаан арьстай, цэнхэр, саарал, ногоон нүдтэй хүмүүс байснаас тэр. Түүхээс үзвэл, Монголын төрөөс нийт хүн амыг 4 давхарга болгон ангилж, нийгмийн дээд хэсэгт монголчууд, дараа нь өнгөт нүдтэн буюу Дундад Азийнхан, гутгаарт Хойд Хятадын иргэд, дөтгөөрт Өмнөд Хятадын хүмүүс, гэж ангилдаг байжээ. Үүнээс үзвэл хүн амын дунд Дундад Азийн гаралтай оршин суугчид цөөнгүй байсны илэрхийлэл нь энэ зураг мөн.  

Дээрх өнгөт нүдтэний ард мориных нь хондлой дээр цоохор ирвэс сууж байна. Ерээд оноос хойш зарим хүн “Монголчууд ирвэсээр ан хийж байгаагүй. Худлаа. Энэ бол зураачдын зохиосон хэтрүүлэг” гэсэн үгс явсаар ирсэн. Тэгвэл энэ зураг монголчууд ирвэсээр ан хийдэг байсан эсэх тухай маргаанд цэг тавихуйц хангалттай нотолгоог өгч байгаад нь энэ зургийн нэг ач холбогдол оршино. Цоохор ирвэсийг бас үчимбэр гэдэг. Үчимбэр бол Төв Азид байхгүй, Африк зүгийн амьтан. Түүнийг эзэн хаанд хариас бэлэг болгон ирүүлж байсан байж таарна. Хубилай хаан арслан, заан, барс зэрэг амьтантай байсан тухай Марко Поло тэмдэглэсэн байдаг.  

Зургадугаарт, өөр нэг өнгөт нүдтэн гар дээрээ анчин шонхор шувуу авч явна. Бүр цагаан шонхор гээч. Энэ бол зүгээр нэг тохиолдлын төдий өгүүлэмж яавч биш. Энэ бол Хубилай хааны өвөг дээдэс, их эзэн Чингис хаан, ерөөс монголчуудын гол угсаа болох боржигин овгийн хиад ястны шүтээн мөн болохыг давхар илэрхийлж байгаа хэрэг. Үүгээр энэ зургийн бас нэгэн түүхэн ач холбогдол тодорч байна. Тэр шонхорчийн наад талд буй хүн гар дээрээ анч бүргэд суулгасан харагдана. Италийн жуулчин Марко Поло “Ертөнцийн сонин хачин” номынхоо 92-р зүйлд “...Их хаанд чоно, үнэг, зээр, буга бариулдаг олон тооны бүргэд байдаг. Тэдгээр нь олон тооны ан барих бөлгөө. Чоно барьдаг хамгийн том хүчирхэг бүргэд бий. Тэдний махир хошуунаас зайлж чадах чоно нэгээхэн ч үгүй” гэжээ.

Долдугаарт, зургийн зүүн доод хэсэгт нэгэн хээр морьтон хар сүлд залж явна. Энэ бол монголчуудын дайны их хар сүлд мөн. Их Монгол Улсад хар, цагаан сүлд байсан, цагаан сүлд нь төрийн хүндэтгэл, ёслолын бэлгэ тэмдэг бол хар сүлд нь дайн байлдааны онгод хийморийн илэрхийлэл болой. Өнөө ч монголчууд үндэсний их баяр наадмаараа цагаан сүлдээ залждаг бол манай Батлан хамгаалах яам Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх ёслол үйлддэг. Хубилай хаан авд мордохдоо мүнголчуудын дайны их хар сүлдийг авч явж цэнгүүлэн баясгаж, магадгүй, ан авын олз хиймориор сүлдээ тахин мялаадаг байсан буй заа.

Зургийн дүрслэл, илэрхийлэл үүгээр дуусахгүй. Зургийг ерөнхийд нь хоёр хэсэгт хувааж болно. Доод хэсэгт буюу хүн эгц харахад нүдэнд тусах тэр хэсэгт зургийн гол өгүүлэмж болох дээр дурдсан тайлбарууд байх бол зургийн дээд хэсэгт байгаль дэлхий, уул талыг дүрсэлсэн агаад уулсын дундуур тэмээн жин явж буй, дээд тэнгэрт шувууд нисч буй зэрэг өгүүлэмжтэй. Өнгөрсөн зууны жараад оны сүүлчээр үеэ өнгөрөөж, орчин үеийн хурдан тээвэрт халаагаа өгсөн тэмээн жингийн тээвэр 740 жилийн өмнө ямархан байсныг өгүүлж буйд энэ зургийн бас нэг ач холбогдол оршино. Тэмээн жингийн цуваа лавтайяа хоёр мянганы түүхтэй.

Наймдугаарт, энэ зураг бол зүгээр нэг уран сайхны зураг биш. Зураг дээр Монголын их хаан Хубилайн ав хомрогын зан үйлийн тухай өгүүлэмж дүрслэгдсэн. Тэгэхлээр зурагт дүрслэгдсэн хүмүүс бүгд бодит дүр мөн гэж үзэх нь зүйд нийцнэ. Тэгвэл зураг дээр хэн хэн байгаа вэ? Одоо энэ тухай тогтож ярилцья. Зурагт нийт арван хүн дүрслэгджээ. Мэдээж, Хубилай хаан байгаа болохоор түүний дэргэд агч хатан бол бас түүхт хүн байх ёстой. Тэгвэл тэр бол Хубилай хааны их хатан Чаби, монголоор Цэвэр хатан гэгч болой. Зурагт дүрслэгдсэн арван хүний үйлдэл бүгд нэг хүн рүү буюу нумаа дэлэн тэртээ дээш харвахыг завдан буй залуу морьтныг харж байгаагаар дүрслэгдсэн. Тэгэхлээр бүгдийн анхаарлын төвд байгаа залуу морьтон хэн бэ? Зарим судлаач түүнийг хааны хүү хунтайж гэж таамагласан байх аж. Тун магадгүй. Энэ мэтээр бусад дүрүүд ч бодит хүний эх дүр байх нь гарцаагүй. Харамсалтай нь тэднийг ингэж оноон таамаглах боломж хомс юм. Зураг дээр хоёр негр хүн, хоёр Дундад Ази гаралтай хүн, бас магадгүй Европ төрхтөн ч байна.

Эцэст нь тэмдэглэхэд, энэ зураг уламжлалт хятад зургаас өөр, Түвд, Балбын уран зургийн арга барилтай байгаа нь Юань улсын үед олон улс үндэстний соёл, урлагийн зүйлс харилцан нөлөөлөлцөж байсны гэрч мөн. Зургийг зурсан зураачийн ур чадвар маш сайн бөгөөд ялангуяа нүүдэлчдийн дээл хувцас, өмсгөл зүүсгэл, хүлэг морьд, тэдгээрийн эдлэл хэрэглэлийг зөв, нарийн дүрсэлсэн нь онцгой. Урлаг судлаач С.Майжаргал энэ зургийн тухай бичихдээ: “...Хүн болон амьтдын хөдөлгөөнийг илэрхийлэх амаргүй ур чадварыг зураач маш сайн эзэмшжээ. Монголын Юань гүрний энэ цаг үеийн уран бүтээлийн тод илрэл болсон энэ зурагт дүрснүүдийн хоорондох хэлхээ холбоо, үгүүлэмж, баатруудын хоорондын харилцаа, зан араншин, төрх байдлыг урлагийн эрхэмсэг тансаг чанартай зүйл байхгүй бөгөөд зураг дээр дүрслэгдсэн бүх зүйл, өчүүхэн жижиг зүйл ч цөм нэгдмэл нэг утга агуулгатай, үзэж байгаа хүнд нэг цогц сэтгэгдэл төрүүлэхэд чиглэсэн байна” гэсэн байдаг.

740 шахам жилийн өмнө буюу 1280 онд хааны өөрийнх нь оролцоотой бүтээгдэж, 1294 онд тэнгэрт халих хүртэл нь 14 жилийн туршид, улмаар 1368 онд Монголын ноёрхлыг унах хүртэл их гүрний төрийн ордны хүндтэй хананд залагдаж, хожмын олон үед дээдсийн хүрээлэнгийнхний нүдийг хужирлаж ирсэн энэ зураг яах аргагүй сонгодог уран зураг мөн. Ямарч гэсэн, монголчуудын хувьд энэ зураг дэлхийн сонгодгуудын зиндаанд дээдлэх учиртай асар их үнэ цэнтэй бүтээл юм. Урлагийн гайхамшигт ур хийцээрээ, бас түүхэн ач холбогдолоороо яах аргагүй сонгодог бүтээлийн зиндаанд хэлэлцэгдэнэ ээ.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, 

Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар. 

                                                                      2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр,

                                                                                         Тайвань, Тайбэй хот.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 2. 12:58
Зочин

Бор онготой шонхор шувуу гепард ч харагдана

11 сар 2. 12:54
Зочин

Иш зайлуул, нэг дор 237 чоно алж байгаа чинь уг нь байгал эх рүүгээ цустай гараараа заналхийлж аймаглан устгал хийж байгаа гэсэн үг шүү дээ. Энд энэ эрдэмтэн ихэд бахдалтай дурджээ. Энэ хүнд шинжлэх ухааны үнэр ч алга. Аягүй бол доктор цолоо тэдгээр чонын амьтай дүйхүүц үнээр бусдыг зусардаж байж авсан байлгүй дээ. Хогийн бялангач амьтан.

2 сар 1. 10:49
УншигчЗочин

ЯАХ АРГАГҮЙ ГАЙХАМШИГТАЙ ЗУРАГ ЮМ. ТҮҮХ, ШИНЖЛЭХ УХААНЫ АСАР ИХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. БАЯРЛАЛАА.

1 сар 31. 15:48
Зочин

bid aguu tuuhtei uls daanch t1,archaagui,ataach ,urvagchid uldsen gdg ni onigoo bolovch unen yum shig

1 сар 30. 9:46
Tolgoilogch MnFacebook-р нэвтэрсэн

zurag bol ter chigeeree tuux .gaixamshigtai zurag gaixamshigtai tuux....

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү