Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Бастилийг авсан ньУншсан1,705

Шоронд ямар ч эд баялаг байсангүй, байсан долоон хоригдлын дөрөв нь хуурамч мөнгө үйлдвэрлэгч, хоёр нь ухаан солиотон, нэг нь алуурчин байсныг хувьсгалчид суллан тавьсан аж.

1789 оны долдугаар сарын 14-нд францчууд Бастил хэмээх алдарт шоронг эзлэн авсныгаа манайхаар бол улсын наадмын хэмжээнд тэмдэглэж баярлан нааддаг улс. Энэ жил ч мөн ялгаагүй наадан цэнгэж Францын хувьсгалын ойгоороо уламжлалт баярын жагсаал-парад хийсэн бөгөөд энэ ёслолын үеэр хоёр мотоциклчин нь хоорондоо мөргөлдөж, агаарын шоу хийсэн онгоцнууд нь Францын далбааны өнгөө гаргахдаа алдаа хийсэн гэх мэтийн жижиг будлиан тарилаа. Энэ баяр наадам, тэрхүү Бастилийг авах нь чухам ямар ач холбогдолтой байсан тухай сонирхож үзэхэд хачин гэмээр зүйлс бас байдаг аж.

Бастил хэмээх шоронгийн тухай А.Дюмагийн олон зохиол, бусад янз бүрийн кино зэргээс бид мэднэ. Сурвалжит тайж, эзэд нарыг хорьдог байсан энэхүү улс төрийн хэрэгтнүүдийн шоронг эзлэн авах нь тэр хувьсгалын үйл хэрэгт ямар нэг ач холбогдол огт үгүй байжээ.

 

Франц орон даяар үймж, хувьсгалын хүчирхийлэл газар авч байсан тэр өдрүүдэд учир утгагүй аллага хядлага ихээхэн дэлгэрсэн бөгөөд Парижийн гудамжуудад хаа сайгүй л галдан шатаасан (7-р сард өндөрлөсөн хөл бөмбөгийн дэлхийн аваргын үеэр Францын багийн сүүлийн  хэдэн тоглолт болгоны дараа баяраа тэмдэглэж байгаа нөхдүүд бас л мөн энд тэндгүй бага хэмжээгээр галдан шатаж уламжлалаа хадгалж байгаа бололтой), гэм зэмгүй хүний амь насыг олноор нь хөнөөсөн үйл явдал болж байсны нэг жишээ нь бужигнасан олон нэгэн дарсны агуулах бүхий газрыг дайрч тэр чигээр нь хоосолсон явдал бөгөөд энэ дайралтын дараа 30 гаруй тасдуулж цавчуулсан хүүр үлдсэний дотор жирэмсэн эмэгтэй хүн ч байсан гэдэг.

Иймэрхүү үймсэн, улайрсан согтуу хөлчүү нөхдүүдийн өмнө өмгөөлөгч, ”их хувьсгалч” Камиль Демулен хэмээх эр “Ялан дийлэх биднийг асар их баялаг хүлээж байна. 40 000 орд харш, зочид буудал, цайз цамхаг, бүх Францын нийт хөрөнгийн 2/5 нь ялагч болох зоригт ард түмэн, та бүхнийг хүлээж байна. Улс үндсээ цэвэрлэх цаг боллоо” хэмээн уриалан дуудаж байв.

Иймэрхүү үед болдогчлон хувьсгал гэхээсээ илүү олз ашиг хайгчдыг өөрийн ашиг сонирхолд хэрэглэх гэсэн зарим нөхөд янз бүрийн цуу тарааж байсны нэг нь Бастилд хэмжээ хязгааргүй эд баялаг нууцаар хадгалагдаж байгаа тухай яриа байв. Хувьсгалын удирдагч гэгч нар Бастилд байгаа дарийг авч, хамгаалалтын их буунуудыг өөрсдийн эсрэг хэрэглүүлэхгүй байхад л анхаарч байснаас ямар нэг эд баялаг тэнд огт байгаагүй билээ.

Бастилд 82 цэрэг, дээр нь нэмэлт хамгаалалт болгон ирүүлсэн 32 швейцарь цэрэг байсан бөгөөд хамгаалалтын арга хэмжээ болгон цайзыг тойрсон ус бүхий 25 метр өргөнтэй том жалгыг давах гүүрийг өргөсөн байв.

Бастилийг хянаж байгаа де Лонэ эдгээр босогч нарын зарим нэг төлөөлөгчтэй яриа хэлэлцээ хийх, өглөөний хоол хамт идэхийг урьсан бөгөөд хамгаалалтын нүхэнд байгаа их буунуудыг холдуулж тавихыг тушаажээ. Төлөөлөгч болон Бастилд орсон хэсэг нөхдөөс удаан хугацаагаар ямар нэг чимээ ирэхгүй байсан учир “босогчид” өөрсдийн төлөөлөгч нараа барьцаалагдсан, шоронг дайран эзлэх хэрэгтэй хэмээн хашгиралдаж эхэлсэн байна. Дашрамд хэлэхэд тэдгээр төлөөлөгч нар тэнд удсан удаагүй дайрах байсан нь дараа нь тодорхой болсон билээ.

Шоронгийн дарга де Лонэ бараг бүх л шаардлагыг хүлээн авсан ба ганцхан удирдлагагүй үймсэн олонд шоронгийн удирдлагыг өгөхгүй гэсэн хариу болзол тавьжээ. Энэ үед өдөөн хатгагч нар уу, эсвэл тэвчээргүй нөхөд үү, хэдэн эр өргөсөн гүүрийг буулгаж чадсан нь буудалцаан эхлэх шалтгаан боллоо. Бага зэрэг хашгиралдаж буудалцаж, хэд дахин жижиг хэлэлцээ явагдаж байсны дараа Лонэ бууж өглөө.

Шоронд ямар ч эд баялаг байсангүй, байсан долоон хоригдлын дөрөв нь хуурамч мөнгө үйлдвэрлэгч, хоёр нь ухаан солиотон, нэг нь алуурчин байсныг хувьсгалчид суллан тавьсан аж. Харин амь насыг нь батлан даана хэмээн буулгаж авсан шоронгийн дарга де Лонэг улангассан олон хот хүргэх замд тасдаж хаян толгойг нь шонд өлгөн түүнийгээ барин Францын гудамжаар хувьсгалын уриа лоозун хашгиран ялан дийлсний баяраа тэмдэглэж байв. Ганцхан де Лонэ төдийгүй түүнтэй цуг бууж өгсөн гурван офицеруудыг ч мөн ингэсэн ба толгой нь бас л шонд өлгөгдөх нь тэр.

Чухам энэ явдлаас хойш тэрхүү хувьсгалчид хүн алах, алагдсан хүний хүний бие цогцсыг доромжлон бах таваа хангах явдал замбараа цадигаа алдсан байна. Түүний нэг жишээ нь 74 настай Фулоныг алсан явдал.

Нэгэн цагт зэвүүн үгээрээ ялгардаг байсан энэ хөгшин “Ард түмэн өлсөж байна гэнэ үү? Өвс тариа халиуран байна. Явж бэлчицгээ” гэж хэлсэн гэдэг бөгөөд түүний энэ үгнийх нь төлөө дүүжлэн алах болж. Зөнөсөн өвгөн амь хайрлахыг гуйн мөргөх боловч түүнийг нь үл тоон дүүжлэх гэхэд хоёр ч удаа олс нь тасран, мод нь хугарч унан бүтэлгүйтсэн байна. Чөтгөр гурав гэсэн тоонд дуртай хойно гурав дахь оролдлого бүтэлтэй боллоо. Үхсэн өвгөний толгойг таслан авч шонд өлгөн Парижийн гудамжаар явалгүй яахав. Энэ цаазлах явдлын тухай бичсэн түүхчид нэгэн сонин зүйл өгүүлсэн байдаг нь тэрхүү өшөө хорсолдоо автан, дүүжлэх гэж байж ядан байгаа ядарсан, өлссөн, бэлчих дээрээ тултал доройтсон “ард түмэн”-ий ихэнх нь ихээхэн гоё ганган хувцастай, тарган цатгалан хүмүүс  байсныг дурддаг. (энэ ч таньдаг түүх. Саддамын хөшөөг буулгах үед ядарсан Иракийн ард түмэн хэрхэн баярлаж, унасан хөшөөг нь гутал шаахайгаараа балбаж байгаа тухай бичлэг дэлхий даяар тарж байсныг санаж байгаа байх. Харин тэрхүү ядарсан ард түмэн хэмээх баярласан хэдэн нөхдүүд нь дан курдууд байсан гэдгийг хэвлэл мэдээллийнхэн санаандгүй бололтой хэлэхээ мартсан байдаг билээ.)  

Бастилийг эзлэн авснаас хойш Париж төдийгүй Франц тэр чигээрээ аймшигтай цусан өшөө хорсол, эрх мэдлийн төлөөх тэмцэлд орсон ба олон зуун мянган хүн энэ хувьсгалын золиос болон амиа алдсан байна. “Хувьсгал өөрийнхөө хүүхдийг иддэг” хэмээх зарчмаар эдгээр олон зуун мянган амиа алдсан хүний дотор өнөөх алдарт Камиль Демулен болон бусад өөр олон олон хувьсгалчид бий бөгөөд цагтаа хамтран зүтгэж байсан бусад хувьсгалч нар нь тэднийг гильотины дор оруулж толгойг нь өнхрүүлж байв. Дараа нь тэрхүү хувьсгалч нарыг өөрсдийг нь өөр бусад хувьсгалчид цаазлах гэх мэтээр үргэлжилсээр... 

Энэ явдлаас хойш Францад хэд хэдэн удаа хаант засгийг унагаж, эргэн сэргээж, хувьсгал хийж байсан боловч яагаад ч юм тэрхүү 1789 оны хувьсгал, Бастилийг эзлэн авсан тэр өдрийг төрийн баяр болгон тэмдэглэдэг нь нэг л ойлгомжгүй санагдана...

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 2. 21:08
Зочин

танай оросын хувьсгалууд бүр долоон дор шүү сааралаа

8 сар 24. 12:29
Зочин

Оросын хувьсгалын талаар дэлгэрэнгүй бичээч...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]