Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Дэлхийн агуу их тулалдаануудын нэг: Үнэгэн давааны тулалдаанУншсан16,061

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатарын онц сонирхолтой түүхэн өгүүллийг уншигчдадаа хүргэж байна.


Дэлхийн цэрэг дайны түүхэн дэх агуу их тулалдаануудын нэгэнд Үнэгэн давааны тулалдаан зайлшгүй тооцогддог билээ. Үнэгэн даваа буюу хятадаар Еэхулин хэмээх газар өнөөгийн Бээжин хотоос баруун умарш 200 км-т Шаньдун, Хэбэй, Өвөр Монголын хилийн дээсийг дамнан оршдог.

Түмэн газрын Цагаан хэрэм дамнан үргэлжилдэг Дациншань уулын ар биед, 1945 оны Японы эсрэг чөлөөлөх дайны нэг хэсэг Л.Аюуш баатар нарын тулалдаан болсон Жанбэй тосгоны ойролцоо орших Үнэгэн даваа хэмээн эртнээс янагш нэрлэж ирсэн энэ газар бол Төв Азийн хойд, өмнөд хэсгийг зааглан, бас холбож байдаг чухал нутаг юм. Тийм ч учраас түүхийн урт удаан хугцаааны туршид энд улс, төр, цэрэг дайны түүхэн үйл явдлууд болж байжээ.

Өнөөдөр Жанбэйн даваан дээр Л.Аюуш тэргүүтэй Монгол, оросын амь үрэгдсэн дайчдын гэрэлт хөшөө сүндэрлэж байдаг. Бүр хоёр мянган жилийн тэртээд мтө 196 онд Хүн улс, Хан улсын хооронд болсон шийдвэрлэх том тулалдаан мөн л энэ орчимд болсон түүхтэй. Тэр бол эндээс хойлгүйхэн өнөөгийн Датун хотын дэргэд асан Пинчөн хэмээх газар байлаа. Моодун шаньюй Хан улсын эзэн хаан Гаозу-г 300 мянган их цэргийнх нь хамтаар бүслэн хааж долоо хоног ар талаас нь таслан хорьсон их тулаан байчухуай. Тиймээс мтө 196, мт 1211, 1945 он гэдэг тооллууд бол энэ газрын нэрийн хуудас юм. Түүхийн урт цаг хугацааны ялгал буй учраас нэр нь өөр өөр байх нь аргагүй. Хүн гүрний үед буюу 2 мянганы тэртээд Пинчөн гэгдэж байсан бол 13 дугаар зууны эхэнд Еэхулин буюу Үнэгэн даваа гэгдэж, харин 20 дугаар зууны дунд үед Жанбэй, Жанчхүүгийн даваа гэгдэх болсон нь сонирхолтой. Жанчхүү гэдэг энэ нэр бол ЖанЗякоу буюу Жан овогтын хөндий гэсэн утгатай. 

Энэ тулалдаан Чингис хаан тэргүүт Монголчуудын сэргэн мандал, байлдан дагууллын эхлэл болсон анхны шийдвэрлэх том тулалдаан билээ. Түүнийг Монголын эзэнт гүрний түүхэн дэх хамгийн чухал ялалт гэж үздэг. Персийн түүхч Рашид Ад Диний бичсэнээс үзвэл, Монголчууд зуу гаруй жилийн дараа ч энэ тулалдааныг өөрсдийн хамгийн том ялалтуудын нэг хэмээн дурссаар байжээ. Энэ тулалдаан нь Монгол улсын хүч чадлыг бэхжүүлж, Монголчуудад байлдан дагууллаа цаашид үргэлжлүүлэх боломж олгож, хил хязгаараа гадагшаа тэлэх алхам нь болсон юм. Дэлхийн түүхэнд том ул мөр үлдээсэн ийм чухал тулалдаан өнөө хэр нь  Монголчуудын баруун зүгт хийсэн дайнуудаас бага судлагдсан байна. 

Үнэгэн давааны тулалдааны тухай би нэг бүрчлэн өгүүлэхгүй. Хятад хэлээр, бусад хэлээр, Монголоор ч энэ тухай их бичсэн. Харин энэ тулалдаан Их Монгол Улсын ирээдүйн их аян даны эхлэл болсныг дурдан зарим зүйлийг өгүүлэхийг хүсч байна. Нэгдүгээрт, энэ тулалдаан бол хүчирхэгжин мандаж ирсэн Их Монгол Улсад тэнгэрийн цаг ирснийг илтгэж, харин Зүрчидийн Алтан улсад доройтол мөхлийн цаг тохиосныг харуулсан хэрэг явдал байжээ. Хоёрдугаарт, Монголын их цэрэг Ази-Европын өргөн уудам их газар нутгийг хураан авч нэгэн улсын дээвэр дор нэгтгэн захирах тэнгэрийн бошго зарлигийг гүйцэтгэж эхэлсэн юм. Гуравдугаарт, аливаа дайн байлдаан зүгээр л хар аяндаа асч, өрнөж, хийх юмаа олж ядсан зэрлэг бүдүүлгүүд бусдыг уулгалан довтолж, алж хядан, эвдэж сүйтгэж байдаг юм биш ээ. Аливаа дайн байлдаан ямагт өөрийн гэсэн тодорхой учир шалтгаантай байдаг. Тэр ч ёсоор Үнэгэн давааны тулалдаан бол Алтан улсыг дайлан сөнөөх их дайны эхлэл байлаа, Алтан улсыг даран сөнөөх нь өвөг дээдсийн эртний их өсийг авч хонконг тайлан, дээдсийн гэрээсийг биелүүлэн ясыг нь амарлиулах чухал андгай тангараг байлаа, улмаар бас сэргэн мандал нь угтан тохисон өндийн босч буй үндэстэн ард түмэн тухайн цагтаа бүх дэлхий хэмээгдэж асан Евразийн уудам эх газрыг эзлэн нэгтгэх тэнгэрийн бошго зарлигийн эхлэл байлугаа. 

Тийм ээ, цусан өшөө, дээдсийн гэрээс, андгай тангараг. Чингис хааны дээдэс - Хамаг Монголын хаан Амбагай, өндөр авга Охинбархаг, өөрийн эцэг Есүхэй нар нь энэ л зүгийн зүрчид, татар нарт тамлагдан, хорлогдсон билээ. Монголчууд хаад дээдсийнхээ өшөөг авч гэрээсийг биелүүлэхээр олонтаа цэрэглэн хөдөлж тулалдсан авч чадалгүй асаар олон жил өнгөрч, Чингис хаан 1206 онд бүх Монголыг нэгтгэн Их Монгол Улс байгуулсан цаг үед хүрч ирчүхүэй. Төв Азийн эсгий туургатан нүүдэлчин овог аймгуудыг хууд нь нэгтгэн хурааж төр улс байгуулаад Чингис хаан бээр гадагш хийсэн нэгэн насны их аян дайнаа эхлүүлсэн түүхтэй. Чингэхдээ хамгийн түрүүнд эртний өст Алтан улстай өс хагалах ёстой болов. Тийнхүү хэдэн жил төр улсаа төвхнүүлж, цэрэг ардаа засч бэлтгээд 1211 оны эхээр өмнө зүгт Зүрчидийн Алтан улс руу хүлгийн жолоог залсан болой. 

Энэ үйл явдлыг “Монголын нууц товчоо”-ны 247 дугаар зүйлд ингэж бичжээ: “Чингис хаан хонин жил /1211 он/ хятад иргэнийг эзлэхээр морилов. Фужоу/Цагаан хэрмийн ойр байгаа одоогийн Хар балгас/-ыг авч /Чулалт хаалганаас баруун тийш байгаа/ Үнэгэн даваагаар давж Сюаньдөфу/Датун хотын баруун хойно наяны газар байгаа/-г авч, Зэв, Хуйханаг баатар хоёрыг манлай болгон илгээв. Чингис хаан гол цэргээ авч хүрч ирээд хятадыг хөөж хар хятад, зүрчид, жүйний шилдэг баатар цэргүүдийг дарж, Цавчаалыг хүртэл хятадын цэргийг хиартал хядав. Чингис хаан Шар тээгт буув. Жунду-г эзлэх ба бусад олон хот балгасыг эзлүүлэхээр цэрэг илгээв” гэж өгүүлж байна. Чингис хаан юуны учир Алтан улсыг дайлах болов? Ямар шалтаг, шалтгаан байв? Дээр нэгэнт өгүүлсэнчлэн Шалтгаан нь Алтан улсыг, Ази, Европыг эзлэн нэгтгэх тэнгэрийн бошго, шалтаг нь эртний өс хонзон юм. 

Хамаг Монгол ханлигийн Амбагай хаан охиноо татар иргэнд ураглуулахаар хүргэж яваад баригдаж улмаар эртний өст Зүрчидийн Алтан улсад хүргэгдэн модон илжгэнд тэлүүлэн нас бардаг билээ. Энэ тухай “Монголын нууц товчоо”-ны 53 дугаар зүйлд: “Буйр, Хөлөн хоёр нуурыг холбож урсах Оршуун мөрөнд айргууд, буйргууд овгийн татар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай хаан охиноо өгч, өөрөө охиныг хүргэж очоод татаарт баригдав. Татаарууд Амбагай хааныг барьж, Хятадын Алтан хаанд хүргүүлэв. Бэсүүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож Амбагай хаан хэлсэн нь: “Хабул хааны долоон хөвүүний дундахь Хоталад, миний арван хөвүүний дандахь Хадаан тайжид очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар аймагт баригдаж, зүрчидэд хүргэгдэв. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун!” гэж илгээжээ” хэмээн өгүүлдэг. Түүнээс өмнө ч Чингис хааны өвөг эцэг Бартанбаатарын ах Охинбархаг мөн Алтан улсад баригдаж модон илжгэнд хүлүүлэн амь үрэгджээ. Хамаг Монголын хаан Амбагайн гэрээсийг эргэн саная: “Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун!” Дээдсийн гэрээс бол хууль, зарлиг байлаа. Түүнийг хэзээ ч үл умартаж болно. Хуучны үгэнд “үеийн үед, ургийн урагт цээрлэл болгосу” гэх мэтийн хатуу чанд андгай тангаргийн үгс олонтаа тааралддаг. 

1211 оны 2 дугаар сараас 6 дугаар сарын хооронд өрнөсөн үйл явдлууд Монгол, Алтан хоёр улсын орших, эс оршихуйн асуудлыг шийдвэрлэх чухал үйл явдлууд болжээ. Эдгээр үйл явдлаас Чингис хааны гарамгай улс төрч, цэргийн авяаслаг жанжин, хүнийг өөртөө татаж чадах их суу билиг нь илэрсэн байдаг. Юуны өмнө тэрээр Зүрчидийн жанжин хитан гаралтай Шимо Мянган гэгчийг өөртөө татаж чадсан явдал юм. Ингэхдээ тэрээр 1125 онд Хитаны Ляо улсыг дайлан мөхөөсөн Зүрчидийн Алтан улсын хэрэг явдлыг сануулан түүнд хандаж: “Монгол, Хитан хоёр бол угсаа гарал нэгтэй. Хитаны Их Ляо улсыг Алтан улс дайлан сөнөөсөн эртний их өсийг чинь би өдгөө зүрчидээс авч өгсү!” хэмээн ятгаж өөртөө элсүүлсэн болой. Энэ бол Алтан улсын хүчийг сулруулах, хоёр улсын хооронд улс төр, цэрэг дайны асуудлаарх хүчний харьцаа өөрчлөгдөхөд нэгэн шийдвэрлэх хүчин зүйл болсон байна. 

Тийнхүү мөн оны эхний хагаст энэ мэт үйл явдал, том жижиг тулгаралт тулаан өрнөсөөр 6 дугаар сард Монголын их цэрэг Үнэгэн давааны орчимд агт морьдоо амраахаар хуарагнан буужээ. Алтан улсын жанжин яг энэ үед нь Монголчуудыг дайран цохьё гэсэн саналыг хаандаа илтгэсэн ч, хаан нь тэр саналыг дэмжсэнгүй өнгөрөөжээ. Цэрэг дайны тактикийн маш том алдаа энэ байлаа. Агт морьд, цэрэг эрсээ амраан хүч сэлбэсэн Чингис хаан наймдугаар сард цэргээ гурав хуваан шийдвэрлэх дайралтаа эхлүүлжээ. Ер нь Үнэгэн даваа бол Өмнөд Ази, хойд Азийг холбосон зам харилцааны чухал уулзвар байжээ. Газар зүйн ойлголтоор авч үзэхүл Цагаан хэрэм орой дээгүүр нь баригдсан Далан хар уул бол Өмнөд Ази, Хойд Азийг заагладаг байгалийн хил зааг мөн алс баруун зүгт Хөх нуурын өндөрлөгийн наад захаас тэртээ дорно зүгт Номхон далайн баруун эрэг хөвөөнд хүрч шургадаг энэ их уул нурууны орой дээгүүр хүний гараар баригдсан Цагаан хэрэм бол харин хүн-нийгмийн түүхэн хил зааг ажгуу. Түүхчид Алтан улсын цэргийн тооны талаар санал зөрөлдөөнтэй байдаг. "Юань Ши" буюу Юань улсын түүх зэрэг эх сурвалжид 30 түм байсан гэж бичсэн байдаг. Харин "Син Юань Ши" буюу Юань улсын шинэ түүх, "Юаньчао минрэнь шиляо" болон Мухулай ноёны намтарт 40 түм байсан гэж бичсэн бий.

Орчин үеийн түүхчид Алтан улсын цэрэг арын албаныхан болон туслах хүчний хамт 30 түм орчим байсан бөгөөд үүнээс яг байлдах цэрэг нь 150-200 мянга байсан болов уу гэж үздэг. Монгол цэргийн тухайд хэр тоотой байсан талаар ямар нэг мэдээлэл байдаггүй боловч нийт цэргийн тоо болон хайгуулд гарсан цэргүүдийг тооцоод үзвэл 100 мянга орчим байсан байх магадлалтай. Алтан улсын арми Зүрчид, Хитаны морин цэрэг, Хятадын явган цэргээс бүрдэж байв. 

Ер нь Үнэгэн даваа бол умард, өмнөдийг холбосон зам, харилцааны чухал уулзвар байжээ. 1212 оны Алтан улсын гол хүч болсон шилдэг морин цэрэг нь явган цэргийнхээ урдуур болон хоёр жигүүрээр нь жагссан байжээ. Хоёр талын цэргүүд 20-25 км-ийн зайтай байрлаж байв. Түүхийн эх сурвалж болох "Юаньчао биши"-д бичсэнээр Монгол цэргийн гол хэсэг Алтан улсын гол хүчтэй байлдаж ялсан гэж дурдаад өнгөрсөн бол "Юаньшэн Ү-цинь Чөнлу"-д илүү тодорхой бичжээ: "Алтан улсын цэрэг Еэхулин-д хүрсний дараа, хоёр Хитан жанжин Шизун хаанд хандаж: "Монголчууд Фужоу-г эзлээд хотын гадна морьдоо идүүлж байна. Хэрэв одоо сэжиггүй байгаа дээр нь морин цэргээр гэнэдүүлэн дайрвал тэднийг бут цохиж болно" гэвэл Шизун хаан тэдний хэлснийг зөвшөөрөлгүй тэндээ өнжөөд маргааш нь морин болон явган цэргийн хамтарсан хүчээр довтлох шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хагас өдөр үргэлжилсэн тулалдааны эцэст Алтан улсын цэрэг тулааны талбарыг орхин зугтааж, Монголчууд Хуан-Эрцуйгаас Янгийн хөндий хүртэл нэхэн байлдаж ихэд хяджээ. Алтан улсын хаан ч мөн зугтсан бөгөөд нэхэгчдээс мултарч чадалгүй аргагүйн эрхэнд Хуйхэбао-д эргэн байлджээ. Ингэхдээ цэргийн хамт Еэхулиний зүг явж байсан Вангин чинсан Хушаху-г амжиж ирнэ гэж найдаж байв. Гэтэл түүний аз дутаж, Монголчуудын ойртож явааг мэдсэн Вангин Хушаху туслахуудынхаа гуйлтыг үл тоон амиа бодож Хуйпингийн зүг ухарчээ. Гэвч хэтэрхий удаан явсан тул эхлээд зугтаж яваа өөрийн хаандаа, дараа нь хойноос нь хөөж явсан Монголчуудад гүйцэгджээ. Хэдийгээр тулалдаанд орж ядраагүй цэрэгтэй байсан ч Вангин чинсан Хушаху тэвдсэндээ олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй бут цохигдон Хуандөжу цайз руу зугтан хоргодов. Монголчууд тэр цайзыг дайран эзлэхэд Вангин чинсан Хушаху мөн зугтаж амжсан байна. Монголчууд мориор шороо зөөн мориор давах зам гарган Хуандөжу цайзыг эзэлсэн гэдэг. Вангин Хушаху-г Монголчуудтай тулалдаж байх зуур Алтан хаан мөр буруулан 7000 цэргийн хамт Санжян мөрний зүг зугтаж нөгөө эрэгт гарахад нь тэнд Елюй Туха тэргүүтэй Хитаны босогчдын 3000 морин цэрэг тосч байлугаа. Өдөржин үргэлжилсэн ширүүн тулалдааны эцэст туйлдаа хүртэл ядарсан Алтан улсын цэрэг тулалдааны талбарыг орхин зугтжээ.

Энэ их тулалдааны тухай бас “Чанчунь бомбын өрнө этгээдэд аялсан тэмдэглэл”-д мөн дурдагддаг. Түүнийг үзсү: Цагаагчин могой/1221 он/-ийн хоёрдугаар сарын 15-ны өдөр Сүйпинкоу хэмээх газарт хүрч хоноглов. Маргааш нь умрыг зүглэн Еэхулин хэмээх Үнэгэн давааг давж явахдаа өндөр дээрээс өмнийг бараалваас тэртээд Тайханшаний сүрлэг уулс цэнхэрлэн харагдах нь нэн бахдалтай. Харин умырг бараалахад гагцхүү хүйтэн жихүүн салхи хуугин үлээж, гандаж шарласан өвс ногоо л шаргалтан харагдана. Дотор газрын Хятад орны цаг агаар энд хэдүйн үгүй болжээ. Бомбын ёсны арш хүний сэтгэлд болохгүй хэмээх зүйл үгүй билээ. Хамт явсан Сүн Дафөн нарын хүмүүс их дайн тулааны талбарт хөглөрөх хувхай яс хөсийг зааж: “Буцахдаа энд алтан сахьяа үйлдэе!” хэмээлдэн амлацгаах ажгуу. Дайн энхийн хэрэг явдал ч бас умар зүгт аялах бидний замд энэ мэтээр таарч тохиосон нь хувь тавилан байлугаа” хэмээн өгүүлсэн байдаг. 

Тэгвэл Чанчунь бомбо тэргүүтэн хүмүүс Чингис хаантай уулзаад гурван жилийн дараа эх нутагтаа эгэж очихдоо энэ газраар дайрч, өмнө амласан ёсоороо тэр их тулалдаанд үрэгдэгсдийн хойтохыг уншиж ном хурсан байдаг. Энэ тухай дээрх тэмдэглэлд: “Хонин жилийн /1223 он/ 11 дүгээр сарын дундуур Сүн Дафөн нарын хүмүүс урьд нь Үнэгэн даваагаар давах үедээ тэнд олон хувхай яс үзээд урьд нэгэнтээ амласан ёсоороо Лун-ян сүмд мөргөл үйлдэн хойтохыг нь уншиж төөрсөн олон сүнсийг амарлиулав” хэмээсэн байна.

1945 оны 8-р сарын 19-ны өдөр, Зөвлөлт Монголын цэрэг Японы цэрэгтэй энэ л түүхт газарт ширүүн тулалдсан билээ. Энэ тулалдаанд Зөвлөлтийн улаан армийн 53, Монголын Ардын армийн 13 дайчин алтан амиа зориулжээ. Тэдний дотор Монгол Улсын баатар Лувсанцэрэнгийн Аюуш бий. Дайнд үрэгдсэн Зөвлөлт-Монголын баатруудыг хүндэтгэхийн тулд Жанбэй сумын захиргаа Үнэгэн давааны 1561 метр оргил дээр амь үрэгдсэн баатруудын хөшөөг босгосон юм. Тэдний алдар нэрс гэрэлт хөншөөн дээр сийлээстэй. 1957 онд Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр, Зөвлөлт-Монголын баатруудын оршуулгын хүрээлэнг засч, дурсгалын суварга, дурсгалын хөшөө, баатруудын онгон хэмээн гурван хэсэг болгон бүтээн байгуулжээ. Монгол, Орос, Украйн зэрэг орны судлаач, дипломатчид жил бүр очиж хүндэтгэл үзүүлдэг. Ханш нээх үеэр мөн тийм арга хэмжээ зохиодог нь эртний улбаатай буй заа.

Газар дэлхий хэмээх нь хүмүний намтар цадиг бичигдэн үлддэг түүхийн хуудас буюу. 2005 оны 3 дугаар сарын сүүлээр үүнийг тэрлэгч миний бие төрийн ажлаар үүгээр дайран өнгөрөхдөө саатан үдэлж, Жанчхүүгийн даваан дээр агч баатруудын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, өнө эртийн түүхт үйл явдлуудыг нэхэн дурссан билээ.  Үнэгэн давааны орой бэл орчмоор эртний их тулааны ул мөр байсангүй, эрэлхэг дайчин баатруудын алтан яс шарил ч үзэгдсэнгүй ээ. Цагийн урт тэр бүхнийг үгүй болгосон буй заа. Харин хавар эртийн яргуй нүдлэн ягаарч, дээдсийн цадиг түүхийг чимэн бүүвэйлэх мэт чимээгүйхэн урган дэлгэрсэн байсаан.

Я.Ганбаатар

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]