Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Даян хааны бодлого ба Түмэдийн Алтан ханы хүчирхэгжилтУншсан1,423

ӨвөрМонголын эрдэмтэн, түүхийн ухааны доктор, судлаач хүний зүгээс Батмөнх даян хаан болон Түмэдийн Алтан ханы тухай бичсэн нь та бүхэнд сонирхолтой байх болов уу хэмээн сонирхуулах зорилгоор номноос нь хэсэгчлэн орууллаа.

Т.Мансан /Өвөр Монгол/ “Монгол үндэстний бүрэн түүх” 2004 он.

Даян хааны түүхэн байр суурь

“...Батмөнх даян хаан /1482-1527он/ 45 жил их ор сууж, 70 настай 1533 онд нас барав. Даян хаан сууринд суух хугацаандаа, эн тэргүүнд Мандухай сэцэн хатны дэмжлэгээр Дөрвөн Ойрадыг түвшитгэж, Ойрадыг одоогийн Монгол улсын баруун хойд хязгаар хүртэл туугаад, Монголын хамгийн том эрхэт сайд Исман тайшийг мөхөөж, Алтан ураг бус тайш, чинсан нарт цохилт өгөв. Дараа нь биеэр цэрэг дайчилж баруун гурван түмний урвалгыг дайлан түвшитгэсний сууринд Монголын 6 их түмэн улсыг байгуулж, бутарсан Монголыг нэгтгэн дайчин тугийн дор нэгтгэн, нийгэм даяар феодалын эмх дэглэмийг дахин цэгцэлжээ.

 

Гэвч Батмөнх даян хаан бүх Монголыг нэгтгэх явцад Монголын улс төрийн төвийг байгуулсангүй. Тэрээр хаан суусан эхний үед Хангайн уулсын хавьд хаан ордноо байгуулж, удалгүй Цахарт нүүн ирэв. 1500 онд тэндээсээ нүүж Ордост төвлөсөн. Нэг жил бололгүй Ордосоос ухран гарч, буцаад Цахарт очсон тул тогтвортой улс төрийн төв байгуулж чадсангүй. Энэ бол хаант улсын ирээдүйд бутран задрах аюул нүүрлэн байгааг харуулж байна. Нөгөө талаар тухайн үеийн Монголд тэсвэр сайтай хөрслөг зузаан аж ахуйн суурь байгаагүй тул ерөөс Батмөнх даян хааны төвлөсөн засаг төр бат бэх бус, сул задгай байсан аж.

Үүний дээр Даян хаан бас эрхэт сайдыг дахин төр булаахаас сэргийлэн Алтан ургийн байр суурийг бэхжүүлэхийг л бодоод Зургаан түмэн их улсаа хэсэглэн хувааж хөвүүд, үр ач нартаа хуваан өгч захируулснаас дахин задран бутрах үндсийг тавьжээ. Батмөнх даян хаан эзэлсэн газар нутгаа хөвгүүддээ хуваарилан өгснөөс үүдсэн феодалийн бутрал дахин эхэлж, Монголын нэгдмэл төр дахин задарч бутарчээ. Хэрэг дээрээ Даян хаанаас хойш удалгүй Монголын баруун гар ба зүүн гар тус тус тугаа өргөж, чиг чигээ хөөгөөд, баруун гарын жонон нь зүүн гарын Цахар түмнээс суусан Монголын их хааны эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөө больжээ.

Даян хааны бас нэгэн алдаа гэвэл амьд сэрүүн ахуйдаа ахмадыг нь алслан, дэдийг байгуулж, хаан ороо 3-р хөвүүн, баруун гарын жонон Барсболдод шилжүүлж өгсөн хэрэг болно. Энэ нь хэрэг дээрээ Хубилай хааны үед тогтоосон ахмад хөвүүн хунтайж болж, хаан суурийг залгамжлах Монголын уламжлалт ёсыг эвдсэн явдал юм. Иймээс Алтан ургийн хойч үеийн үр ач нар хоорондоо эрх суурийг булаалдан тэмцэл үүсэх нь зайлшгүй. Төрболдын ахмад хөвүүн Бодь тайж уламжлалт ёс журмыг баримтлан, хаан эрхээ эгүүлэн авахаар Барсболд авгатайгаа ширүүн тэмцэл явуулжээ.

Даян хааны дараа бутрал дахин үүссэн нь

Монголын уламжлалт зуршлаар ахмад хөвгүүний үр ач нар Монголын их хааны орыг залгамжлан, Цахар түмэнд төвлөж, зүүн гурван түмнээ зонхилон захирах ёстой байсан. Гэтэл Батмөнх даян хаан амьд сэрүүн байхдаа 1527 онд баруун гурван түмний жонон Барсболдод хаан сууриа шилжүүлэн өгснөөс алтан урагтны дотоодод хаан ширээ булаалдах хямрал үүсэв. Даян хааны ахмад хөвүүн Төрболдын ураг Боди алаг тайж 1528 онд зүүн гурван түмнээ авч найман цагаан гэрт мөргөж, хаан сууя гэж очив. Барсболдын хүч нь буурай байснаас болов уу, хаан зөв, би мөргөсү гэж хэлээд хаан ороо эгүүлэн өгөөд удалгүй нас барав.

Боди Алаг хаан /1528-1547он/-ы үед “Хотол улсын амар тогтууны төлөө хүчлэн чармайсан “ боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Феодалын бутрал явах тусам ширүүсэв.

Түмэдийн Алтан хан

Умард Монгол улсын дунд үеийн их нэгдлийн дараа Батмөнх даян хаан хуваан өргөмжлөх дүрэм хэрэгжүүлснээс Монголд шинээр бутран задрах байдал бий болж, орон нутагт улс төр, аж ахуйн талаар бие даасан өдий төдий феодал эзэд бий болов. Эдгээрийн дотроос Түмэдийн Алтан хан сүр хүчээр хамгийн их байжээ. Дарайсүн Гүдэн хааны үед Алтан хан Монголын их хааныг ч нүдэндээ хавчихгүй, хааны эрх мэдлийг илээр хуваах болов. Тэрээр Дарайсүн Гүдэн хаанд хэлсэн нь: “... ширээний эзэн хаан цолоо аван төрөө төвшитгөв чи, эдүгээ хааны төрийг хашигч шитау хан хэмээх өчүүхэн цол буй бүлгээ. Надад тэр цолыг соёрх, би их төрийг чинь хашсугай” хэмээсэнд 1547 онд эрх сүрээс нь айж, Дарайсун хаан бээр Алтанд “шитау” хан цол өгөв. Эртнээс аваад харьяа ноёд нь гавьяа зүтгэлээрээ эзэн хаанд өршөөгдөн хэргэм зэрэг өргөмжлүүлж байсан хэв дүрэм байснаас биш, хаанаасаа зэрэг цол нэхэж авдаг ийм үлгэр жишээ байсангүй. Хойшид Монголын ноёд үнэхээр цөм Алтан ханаар үлгэр дууриал болгон төвийн хааны захиргааг дагалгүй, тус тусдаа туг хийсгэж, хааны эрхийг гажуудуулснаас Умард Юань улсын нэгдэлтэй төр эвдэрч, Монголын нийгэмд самуун дайн дахин үргэлжлэх болсон юм.

Голомтын хаан Дарайсүн ч эцэстээ Алтан тэргүүтэй баруун гурван түмний ноёдод хавчигдаад 1547 оны 7 сард харьяат Цахар түмний арав гаруй түмэн өрхөө авч, зүүн тийш Хянган уулыг давж, Ляодунгийн хязгаар – Луух голын дээд урсгал Шар мөрний сав газарт ирж нутагших болжээ. Цахарууд зүүн тийш нүүсний дараа Алтаны ахмад хөвүүн Дүүрэн Сэнгэ хунтайж Цахарын хуучин нутгийг булаан эзэлжээ. Түүнэээс хойших гучаад онд Алтан ханы түрэмгийлэл улмаар тэлж, нутаг дэвсгэрээ өргөтгөх аян дайныг зогсоо зайгүй явуулснаас Монголын ард түмэнд дайн дажны гай гамшгийг хаширтал амсуулав. Хэрэг дээрээ Баруун гурван түмэн нь Монголын дотоодын самуун дайны сурвалж орон болж, Алтан хан түүний том толгойлогч нь болсон юм.

Алтан ханы хүч нөлөө ихэдсэнээр эцэстээ Умард Юань улсын Их хааны эрдэнэд санаархав. Энэ тухай “Эрдэнэ тунамал нэрт судар оршивой”-д Алтан хан эртний Пагва лам, Хубилай хаан хоёрын байгуулсан номын шашин ба төрийг санаж, “өдөр үл умартан, шөнө үл унтан, эрхэт сэтгэлдээ хүсэв”/84-р тал/ гэж битүүгээр заасан заалт буй. Алтан хан бүх Монголыг эрхшээлдээ оруулахын төлөө 1577 онд Хөх нуурт Цавчаалын сүмийг байгуулж, 1578 онд тус сүмд Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамцтай болзон уулзаж, түүнд “Богд хамгийг мэдэгч Очирдара Далай лам” хэмээх цол өгөв. Содномжамцаас Алтан ханд “Чакраварди сэцэн хаан” хэмээх цол өгөв. Энэ нь урьд Пагва ламаас Хубилайд өгсөн цол юм. Энд Алтан ханы шарын шашны нөлөөг ашиглаж, Монгол улсын хамгийн дээд ноёрхох эрхийг тэмцэн авах гэсэн чухам санаа нь илхэн мэдэгдсэн байна...”

Тайлбар:

  1. Олон улсын Монгол судлалын нийгэмлэгийн гишүүн, түүхийн ухааны доктор, профессор ӨвөрМонголын эрдэмтэн Т.Мансан гуайн “Монгол үндэстэний бүрэн түүх” хэмээх Монголчуудын өнгөрсөн түүхийг хэдэн зуун мянган жилийн балар эртний тэртээгээс 18-19-р зууныг хүртэлх үеийг хамарч бичсэн 2 боть-ийг “Түшээ” дээд сургуулиас зохиогчийн зөвшөөрөлтэйгээр 2013 онд хэвлүүлсэн байдаг.
  2. ӨвөрМонголын эрдэмтэн, түүхийн ухааны доктор, судлаач хүний зүгээс Батмөнх даян хаан болон Түмэдийн Алтан ханы тухай бичсэн нь та бүхэнд сонирхолтой байх болов уу хэмээн сонирхуулах зорилгоор номноос нь хэсэгчлэн орууллаа.
  3. Хэрэв манайд хэн нэгэн нь ингэж бичвэл Монголын түүхийг гутаалаа, Монголчуудыг хагалан бутаргалаа, Монголчуудын эв нэгдлийг бусниулж байна гэх мэтчилэн "эх оронч" шүүмжлэл хилэнтэйгээр давалгаалан өрнөдөг билээ.
  4. Т. Мансан гуайн “Монгол үндэстний бүрэн түүх” нь түүх сонирхогчид, судлагчдад байвал зохих номын нэг мөн болов уу хэмээн санана. Болгоон соёрхоно уу...

Ю. Пүрэвдорж. 2018 оны 9-р сарын 14.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]