Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Агаарын шоуны үеэр тохиолдсон аймшигт осолУншсан12,368

Агаарын шоунууд үргэлж сайхан сэтгэгдэл үлдээж дуусах нь бас үгүй. Аймшигт осол, олон хүний амь насыг авч одсон эмгэнэлт явдлууд энэ шоуны үеэр болдог аж.

Дэлхийн улс орнуудын нисэх хүчин, агаарын тээврийн салбарт авиашоу буюу агаарын шоу томоохон байр суурь эзэлдэг, олон хүн цуглуулж, цэргийн болон иргэний шинэ шинэ нисэх онгоцуудаа танилцуулдаг юм. Тэгвэл энэхүү агаарын шоунууд үргэлж сайхан сэтгэгдэл үлдээж дуусах нь бас үгүй. Аймшигт осол, олон хүний амь насыг авч одсон эмгэнэлт явдлууд энэ шоуны үеэр болдог аж.

 

Лав XXI зуун гарснаас хойш 2000-2017 оныг хүртэл жил бүр дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа агаарын шоуны үеэр хүний амь нас эрсэдсэн байх ажээ.

Харин XX зуунд ийм тохиолдол тоо томшгүй олон бөгөөд дэлхийн түүхэнд анхны осол эрсдэл тэмдэглэгдсэн агаарын шоу нь 1904 онд АНУ-ын Миссурид болсон Дэлхийн үзэсгэлэн яармагийн үеэр нисгэгч Уильям Авери гэгч эвдрэл гэмтлийн улмаас үзэгчдийн дунд шахам онгоцоо буулгасан байх аж. Хамгийн сүүлийнх нь өнгөрсөн 2017 онд гэхэд зургаан удаагийн агаарын шоунд осол гарч нийтдээ найман хүний амь эрсэдсэн байх жишээтэй.

Олон зүйл нуршилгүй энэ нийтлэлд өгүүлэх гэсэн гол сэдэвтээ орьё.

Агаарын шоуны үеэр тохиолдсон хамгийн аймшигтай ослуудын нэг болох Украины Скниловын осол 2002 оны долдугаар сард болсон аж. Львов хотын Скниловын ойролцоо 2002 онд болсон энэхүү агаарын шоуг Украины нисэх хүчний 14-р корпусын 60 жилийн ойд зориулан зохион байгуулсан бөгөөд тэнгэрийн шоуг үзэхээр бараг 10 мянга шахам дотоод гадаадын үзэгчид хүрэлцэн ирсэн аж. 

Харамсалтай нь энэхүү тэнгэрийн шоу ямар ч террорист халдлагаас дутахааргүй болж өнгөрсөн бөгөөд ослын буруутнууд нь Украины цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоцны нисгэгчид болох Владимир Топонар, Юрий Егоров нар.

Тэд ОХУ-ын Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай 4-р үеийн тийрэлтэт, амдан-сөнөөгч Су-27 онгоцны нисгэгчид юм. Хүнд ангиллын, нарийн авиониктой бөгөөд маневр, аеро-динамик үзүүлэлт маш сайтай онгоцоо тэрхүү нисгэгчид жолоодож агаарт үзүүлбэр үзүүлж байхдаа тооцоолол алдаж газар шүргэн сүйрсэн.

Тодруулбал, өндрөөс шунган доошилж газар шүргэх шахам өнгөрөх үзүүлбэрийг хэд хэд давтаж байхдаа нэгэнд нь онгоцны зүүн далавч газар шүргэснээр шууд осолдсон ба нисгэгчид нь хоёулаа аврах суудлын ачаар дээш шидэгдэж амьд үлдсэн юм. 

Өргөн хэмжээний асфальтан замыг онгоцны далавч шүргэсэн бөгөөд энэ үеэр ойролцоо нь маш олон үзэгч сонирхогчид байж таарсан. Ослын хохирол аймшигтай бөгөөд орчин нь нүд хальтрам.   

Үзэгчдээс 77 хүн амиа алдсаны дотор 23 хүүхэд байлаа. Асфальтан замын хаа сайгүй тасарсан хөл гар, хүмүүсийн цогцос байсан бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ ч хангалтгүй байлаа.

Ийм аймшигт осол болно гэж тооцоолоогүй тул хангалттай хэмжээний эмч, аврагчид ойр орчинд нь байгаагүйгээс олон хүн амиа алдахад хүрсэн юм. 500 гаруй хүн хүнд хөнгөн шархадсан бөгөөд тэдний дундаас гар хөлөө тайруулж, насаараа эрэмдэг болж үлдсэн нь олон.

Ослын буруутнуудыг цэргийн шүүхээр оруулж ахлах нисгэгч Владимир Топонарыг 14 жилийн хорих ял, туслан нисгэгч Юрий Егоровыг найман жилийн хорих ял тус тус оноосон юм.

Мөн нисэх хүчний өөр гурван мэргэжилтэнд шүүхээс дөрөв болон зургаан жилийн ялуудыг тус тус оноосон. Олон нийтийн уур бухимдал дээд цэгтээ хүрч Батлан хамгаалахын сайд болон Нисэх хүчний тэргүүн зэрэг албан тушаалтнуудыг огцруулахыг шаардсан ч тэр үеийн Украины Ерөнхийлөгч Леонид Кучма огцруулах тушаал гаргалгүй тэгсгээд дарж орхисон байдаг.

Олон хүн дүрс бичлэг хийж байсан тул болсон үйл явдлыг гэрчлэх видеонууд youtube-д хангалттай байдаг. Үүнийг дурдахын учир нь дүрс бичлэгүүд аймшигтай бөгөөд хүмүүсийн тасарсан эд эрхтнүүд, хүүхдүүдийн цогцос гарах тул нийтлэлдээ оруулж зүрхэлсэнгүй. Сонирхсон уншигчид youtube-д "Crash & Aftermath of the 2002 Ukrainian air show disaster" юмуу "ukraine su 27 crash" хэмээн хайлт хийхэд хангалттай.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]