Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

"Гүнжийн сүм"-ийн туурьнаас гурван зууны тэртээ рүүУншсан5,632

 Манжийн эрхшээлийн он жилүүдэд монгол хаад, ноёд, захирагч, түшмэдүүдээ манжийн гүнжийн өвөр түрийнээс салгах гэсэн чинхүү хүсэл хүчтэй байсан, тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд монгол бүсгүйчүүдийн оруулсан хувь нэмэр асар их хэдий ч цөөн хэдэн хатдын эрэлхэг гавьяа домог хууч, зарим зохиол бүтээлээр дамжин өнөөг хүрсэн байдаг.

Харийн нутгаас хатан, эхнэр авах явдлын эсрэг тэмцэл ХҮIII зууны дунд үеэс хүчтэй өрнөсөн байдаг. XIX зууны эрдэмтэн, зохиолч Лувсанчойндонгийн “Монгол зан аалийн ойлбор” хэмээх бүтээлд дээрх үзэл санаа тод туссан байдаг. Тухайлбал, Манжийн эрхшээлийн эхэн үеэс л Манжийн хаан гүнжээ монгол ноёдод хатан болгон бэлэглэх, ураг барилдах явдал тогтжээ. Дээр дурдсан бүтээлд “Монгол хошууны эзэд Манжийн хааны төрөл угсаатай ураг бололцсоноос хойш монголчууд ялангуяа ихэс дээдэс хоорондоо ураг барилцах явдал баахан цөөрч, цөм Бээжингээс хатан авах явдал дэлгэрэв. Чухам үнэндээ Манжийн хаан нарийн ухаанаар Монгол Улсыг эзлэж авах алсын бодлого хэрэглэж байсан нь хатан бэлэглэх явдал байв.

 

Манжийн “Гэгээ гүнж” нарыг монгол ноёдод холбон өгөх болсон нь хоёр шалтаг, шалтгаантай. Монгол ноёд Чингис хааны удам тул язгуур сайн. Манжийн хааны удамтай ураг барилдахад гарал язгуур тэнцэнэ. Монгол ноёд тэр цагт хүчирхэг, чийрэг бөгөөд цэргийн хүчин байх тул Манжийн хаан “Гэгээ гүнж”-ээ монгол ноёдод өгч ургийн урагт хурим найр, найрамдлаар ая тал засан лавшруулсаар эрхшээлдээ оруулах арга буй! Монгол ноёд манжаас хатан авах нь зардал сүйтгэл их ордог ба үүнээс болж ард иргэдийн татвар гувчуур нэмэгдэж, маш их зовлон чирэгдэл болно.

Монгол эхнэр, охид төрөлх чанар сайтай. Алжуу, залхуу нь цөөхөн, эртнээс эдүгээ хүртэл холын ухаантай, ихэмсэг эхнэр олон гарав. Монголын эртний ёсыг барьж явсан нь цөм эхнэрүүдийн чадал тэнхээнд буй билээ. Эдүгээ болтол хошууг засч чадах монгол охид, эхнэрүүд олон гарчээ. Харин монгол ноёд манж хатан авснаас эхлээд монголын гэрийн хэлхээ алдарчээ. Манж хатан аваагүй монгол ноёдын гэрийн ёс чанга бөгөөд товчоотой, эртний монгол ёсоо өв тэгш хадгалан, гэр зуураа эв эетэй, янаг амраг, амар амгалан, цаг бүр аз жаргалтай аж төрж байгаа билээ” гэж онцлоод, зүс сайтай охид, зориг сайтай хөвгүүд, журам сайтай эмс нутаг усны чимэг хэмээн тодотгожээ.

Харин манж эрчүүд Ар Монголоос эхнэр авах тухайд гэвэл “Гадаад Монголын төрийг засах хууль зүйлийн бичиг”-т Дотоод газрын иргэд өвөр, Ар монголоос эмс охидыг эхнэр болгон авч болохгүй. Дур мэдэн авсан ба өгсөн байвал монгол эхнэрийг нь нөхрөөс нь хагацуулж төрхөмд эгүүл. Эзэрхэж ураг бололцон монгол хуулийг зөрчсөн иргэнийг гурван сар дөнгө зүүлгэж, зуун ташуур занчиж уг нутагт нь хүргүүл. Харьяатаа захирах эрх тушаалтай тайжийг нь гурван есөн малаар торго. Харьяат засаг нь байцаан шалгах хариуцлага алдсан бол хууль ёсоор зургаан сарын цалинг хас.

Хэрэв харьяат тайж, засаг нар өөрөө байцаан илрүүлсэн байвал ялаас хэлтрүүлэхгүй” гэж зарлигдсан байх бөгөөд хэрвээ энэ хууль өнөө цагт хэрэгжих аваас харь нутгийн эрчүүдийн эрхшээлд орсон охид, хүүхнүүдээ бүрэн хамгаалж чадах байснаар барахгүй маш олон харь эрд дөнгө зүүлгэж, торгууль шийтгэлээр ахиухан зоос ч олох боломжтой л байж дээ. Харийн эрчүүдээс охид, хүүхнүүдээ хамгаалах нь манжийн бодлогоос хамаагүй эртнийх юм. Чингис хааны “Их засаг" хуулинд “Цэрэгт явсан хүний эхнэрийг татсан бол цаазаар авсугай" гэсэн заалт ч бий. Чингис хаан өөрийн төрсөн, охиноо өөрт нь үнэнчээр зүтгэсэн цэргийн жанжинд бэлэглэхдээ охиндоо хандаж “Сайн хүнд гурван эр бий. Нэг дэх нь төр, хоёр дахь нь шударга ёс, гурав дахь нь эр нөхөр чинь” гэж сургамжилсан байдаг.

  Мандухай цэцэн хатан Хасарын угсааны Өнөболд ноёнд “Хааны үрийг эзэнгүй гээд Хасарын үртэй суувал Орхон мөрний усыг дуустал угаагаад ч муу нэр надаас үл арилах билээ” хэмээдэг. “Агаа гүнжийн гунигт шүлэг” хэмээх дуулалд, үзэсгэлэнт Агаа гүнжийн эр нөхөр дайнд яваад эргэж ирдэггүй. Гэтэл харь нутгийн ноён түүнийг эхнэрээ болгох гэхэд Агаа гүнж “Миний нөхрийн цусаар будсан шороон дээр та надтай яаж хуримтлах билээ” гэсэн хариу хэлдэг.

Энэчлэн тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцэлд эр зориг, уян хатан бодлого гаргаж, ялалтад тус дөхөм болж байсан ухаан төгс бүсгүйчүүдийн нэр, гавьяа түүхийн уртад бүдгэрэн холджээ. Тэрэлжийн үзэсгэлэнт байгаль, Туулын хойд эргийн уулнаа эрт цагийн домог шингээсэн Гүнжийн сүмийн дэргэд зогсохдоо би Амирлангуй гүнж хэмээх нэрийг санаж, тодотгох санаа төрсөн юм. Түүх, сударт хоорондоо зуугаад жилийн зайтай бичигддэг хоёр гүнжийн өргөмжлөлт нэр нь Амирлангуй гүнж юм. Манж Чин улсын дөрөвдүгээр хаан Энх-Амгалан Ар Монголыг эрхшээлдээ бүрэн оруулахын тулд халхын Түшээт хан Чихундоржийн ач хүү Дондовдоржид 15 настай охиноо хатан болгон бэлэглэж байсан аж. Дондовдорж нь Өндөр гэгээн Занабазарын мах цусны тасархай шүү дээ. Дондовдорж их, дунд, бага гэсэн гурван хатантай байсан бөгөөд дунд хатан нь 1713 онд Манжийн хаанаас бэлэглэсэн гүнж байв.

Энх-Амгалан хаан өөрийн зургаадугаар охин “Хичээнгүй Амирлангуй” гүнжийг хатан болгох өргөмжлөлийн зарлигтаа “Хичээнгүй Амирлангуй гүнж чи Энх-Амгалан хуандийн гэрт төрөөд тэнгэрийн удмаас гарлаа. Гүн ордны туйлын сургаалийг эрхэмлэн дагаж явахыг осолдож болохгүй” гэж хатуу даалгавар өгч байжээ. Манжийн хааны далд санаа нь Түшээт ханы ач хүү Дондовдоржийг Манжид урвуулан аваачиж, Ар Халхын ноёдыг хагалан бутаргах зорилготой байв. Манжаас бэлгэнд ирсэн гүнж Монголд их элэгтэй, харц олонд өршөөлтэй нэгэн байсан нь түүний эмэг эх монгол цусны хүн байсантай учир холбогдолтой ч байж болох түүхийн баримт бол байгаа юм, энэ тухай санал бодлоо хойно өгүүлнэ.

Манжийн Амирлангуй гүнж монголд үнэхээр хайртай байв уу, бүхэл бүтэн улс орон, ард түмний хувь заяаг өөрийн аминаас үнэтэйд тооцов уу, юутай ч эцгийн далд гэрээслэлийг биелүүлээгүйгээр барахгүй хамаг нууцаа дэлгээд өөрөө амиа хорлосон гэдэг. Хэдийгээр харь нутгаас хар хорын элч болж ирсэн ч түүнийгээ гүйцэлдүүлэх нь бүү хэл хор аюулыг хэлж, сэрэмжпэн явахыг сануулаад цэл залуу насаа бусдын төлөө зольсон журамт хатныхаа дурсгалд зориулж Түшээт ханы ач хүү Дондовдорж Гүнжийн сүмийг босгож, шарилыг нь бунхалсан түүхтэй.

Манжийн хаан гүнжээ Халхын ноёнд хатан болгон явуулахдаа хуудас бүрийг нь 50 лангийн шижир алтаар давтаж, манж үсэг сиилсэн судар, тохой хэрийн өндөр хоёр мөнгөн завьяа, айрагны том хулын дайтай дөрвөн мөнгөн аяга өгч явуулсан бөгөөд Дондовдорж ноёны зарлигаар шилэгдсэн “Сүмчин” отгийнхон дээрх эд агуурсыг олон жилийн турш харж хямгадаж Гүнжийн сүмийг жил бүр тахьдаг байжээ.

Амирлангуй гүнжийг нас барсан жил буюу 1735 он хүртэл Ар Монголд эмх замбараагүй байдал ноёрхож, ард олны зүгээс Манжийн эрхшээлийг эсэргүүцсээр, бослого тэмцэл үргэлжилсээр байж. Чухам энэ үед Дондовдорж ноёны бага хатан Цагаан Дарь Баяртын нэр сүр, гоо үзэсгэлэн монголчуудын зүрх сэтгэлд бат ноттойгоор хоногшиж, нэг талаар Манжийн эсрэг тэмцлиин уухаи, түрлэг болж байсныг түүхийн зарим эх сурвалжид тэмдэглэн үлдээсэн нь бий.

 Нөгөө нэг Амирлангуй гүнжийн тухай өгүүлэхэд намтар түүх нь Гүнжийн сүмийн эзнийхээс эрс өөр боловч монгол гаралтайн хувьд сонин содон байгаа юм. Манж Чин гүрний үе үеийн хаадууд бэр буулгах, гүнж залахдаа Өмнөд Монголын Хорчин, Харчин ястнаас голдуу залдаг байсан тухай түүхэн эх сурвалжид бичиглэгдэн үлджээ. Манж Чин улсын төрд зүтгэж явсан мэргэн хатад, татвар эмс Ар Монголын зүг чиглэсэн харгислал, дарангуйлалд ямар нэгэн байдлаар аядуу зөөлөн хандаж байсныг үгүйсгэж болохгүй баримт байх ч тэр нь далайн дэргэд усны дусал шиг юм л даа.

1625 онд МанжЧин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун 15 настайдаа нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноён, Чингис хааны отгон хүү Толуйн угсаа, Хиад Боржигон овогт бэйл Зайсангийн охин байлаа. Нэрийг нь Амирлангуй гэнэ. Түүний нэрийгтүүхэнд өөрөөр Хуванхэу гэж тэмдэглэн бичиглэсэн байдаг. Амирлангуй Манж Чингийн анхны их хаан Нурхан баатрын ес дэх хүү, хаан ширээг залгамжилсан Тай Цун буюу “Дээд эрдэмт” хааны хатан нь байв. Хаан угсаа залгамжпагчийн ес дэх татвар эм болсон, хүүхэд наснаасаа гүйцэт салаагүй түүнд хан хүүгийн татвар эмс ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ ордныхон үл тоодог байв.

 Амирлангуйд хэдэн шивэгчдээс нь өөр ойр дотны хүн байсангүй. Амирлангуй жинхэнэ найз нөхрийн ёсоор шивэгчидтэйгээ харьццаг байсан учир тэрээр шивэгчдээ дорд үзэж тэдэндээ дээрэнгүй ханддаг байсан бусад хатад, татвар эмсээс эрс ялгарч байв. Ингэж л өөрийнхөө төлөө яахаас ч буцахгүй хэдэн сайн хүнтэй болжээ. Энэ бол ердөө анхны алхам нь байлаа. Ханхүүд итгэгдэн торго дурдан, алт мөнгө, асар их хөрөнгийн эзэн суусан ч Амирлангуй бусдын адил баярлаж хөөрсөнгүй, тэгэхийн оронд хааны ордны ихэс дээдсүүд тэр бүү хэл доод ажилчдад ч хүртэл тараан өгч хишиг хүртээдэг байв.

Ийм эелдэг, зөөлөн аргаар өөрийгөө тойрон хүрээлэгчдийг алхам алхмаар бий болгож, эрх мэдэл рүү ягуухан урагшилжээ. “Маргааш зуун уут дүүрэнг эзэмшихийн тулд өнөөдөр арван уут дүүрэнг ашигтайгаар зарлагдаж бай!”. Энэ арга ухааныг түүнд эцэг, ноён бэйл Зайсан нь зааж өгсөн ч байж магадгүй. Түүний энэ арга ухаан, овжин зан нь ханхүүд ихэд таалагдаж 1626 онд буюу Тай Цун хаан сууринд суумагц Амирлангуйд “Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээжээ. Ердөө ганцхан жилийн өмнө хааны ордонд ирсэн тал нутгийн монгол охин ингэж 16 насандаа ордны их хатнаар өргөмжлөгдсөн түүхтэй. Амирлангуй хорин нас хүртлээ гурван удаа төрсөн бөгөөд гурвуулаа охин үр байв. Бусад хатад, татваруудаас хүү төрсөөр ханхүүгийн тоо наймд хүрчээ. Амирлангуй хөл хүндтэй байхдаа хүү л байгаасай гэж залбиран, хүү төрсний дараа хүүдээ болон өөртөө ашигтай нэгэн зүйлийн талаар арга ухаан сийлэн түүнийгээ хэрэгжүүлж эхэлжээ. Түүнээс хүү төрлөө ч ес дэх нь болох учраас хаан суудал түүнд алсын од шиг хол. Түүний сэдэж, дэгдээсэн цуу яриа, хоёр өөр байдлаар домог мэт яригддаг ч хааны ордныхон төдийгүй ард олны дунд ч итгэл үнэмшлийг олж чаджээ. “Тэнгэрийн хүү” төрөх гэж байгаа яриа, итгэл үнэмшил дээр доргүй лавшрахын үед Амирлангуй хатан хүү төрүүлжээ.

Хаан ес дэх хүүдээ Фү Лин буюу “Буян ирэгч” гэсэн нэрийг өгчээ. Хаан отгон хүүгээ хаан ширээг залгамжлагч ханхүүгээр өргөмжилжээ. Тай Цун хаан 1643 онд сүүдэр хальсан өдрөөс эхлэн Амирлангуй хатны зургаахан настай бяцхан хүү Фү Лин хаан Ширээнд сууж, Эеэр залагч хааны эрин үе эхэлсэн байдаг. Фү Линд хаан ширээ сул эсвэл бэлгэнд ирээгүй. Маш их өрсөлдөөн тэмцлийн дунд олдсон. Ялангуяа хэдийнээ насанд хүрцгээсэн өмнөх найман ханхүү болон тэдний эх, тэдгээрийн гар хөл бологсдын зүгээс асар их дарамт шахалт үзүүлж байсан боловч энэ бүгдэд Фү Лингийн ухаант ээж Амирлангуй гүнж, түүний тойрон хүрээлэгчид нь тусалсан хэрэг.

Амирлангуй хатан нь ордны ихэс ноёдоос гадна ард иргэдийн зүгээс асар их дэмжлэг авч байжээ. Олон түмэнд урд хожид байгаагүй хишиг хүртээж, ядуусыг дэмжих бодлого явуулж байсан түүнийг болон хүүг эсэргүүцэгчид ард түмнийг турхиран бослого хөдөлгөөн гаргах ямар ч боломжгүй байж.

Хиад Боржигон овогт бэйл Зайсангийн монгол охин Амирлангуй хатан тухайн үеийн дэлхийн хамгийн том улсын нэг Манж чин улсын төрийн жолоог зургаан настай хүүгээрээ дамжуулан насанд хүртэл нь атгаж байж. Тэрбээр 1661 онд өөрийн хүү Эеэр засагчийг хүнд өвчин тусч эдгэрэх аргагүй болоход аль хэдийнэ залгамжлагчаар тодроод байсан хүүг ханхүүгийн зэргээс буулгаж, өөрийн ач хүү Шиован Бэг угсаа залгасан ханхүүгээр тодруулжээ. Энэ хүү бол ирээдүйн Манж Чин улсын алдартай хаанд тооцогдсон Кан Си буюу Энх-Амгалан хаан байсан юм. Энх-Амгалан хаан мөн л тун балчир буюу найман насандаа хаан ор суусан бөгөөд түүнийг эрийн цээнд хүртэл нь Амирлангуй гүнж Манж Чин улсын төрийн жолоог атгаж байжээ. Манж Чин улсын түүхийн талаар бичих нь бидний хувьд тун эмзэг сэдэв мөн хэдий ч болоод өнгөрсөн үйл явдлын дунд бодитоор байсан монгол угсааны хатны талаар сонирхуулах үүднээс хар сэргүйгээр үүнийг тэрлэсэн болой.

Дэд хурандаа П.Батнайрамдал

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 12 сар 10. 17:38
Зочин

сайхан түүх үнэнийг бичжээ

2016, 12 сар 10. 11:08
Зочин

tiim mongol ugsaatai bas manjiin toriig olon jil barisan yum bol mongoliig yah gej ezelsen yum bol

2016, 12 сар 15. 13:06
Зочин

Орсууд л Манжын дарангуйлалд байсан гэж итгүүлээд байгаа болохоос Манж монголыг хөгжүүлсэн.

2016, 12 сар 11. 12:29
Зочинби

тэнэг асуулт

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]