Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын Нууц товчоог сартуул аялгаар бичжээУншсан1,743

“Монголын нууц товчоо”-ны үг хэллэг, утга санаа алдагдахад хүргэснийг анзаарч, уг тайлбарт орсон үгсийг сартуул аялгаар ямар утга санаа илэрхийлдгийг өөрийн мэдэхийн хирээр зөв тайлахыг оролдлоо.

XX зууныг тусгаар тогтнолоо 200 гаруй жил манжид алдаж, дэлхийн хамгийн хоцрогдсон буурай ард түмний нэгээр угтсан монголчууд өөрийн түүхэндээ хэд хэдэн удаа эзэнт гүрнийг байгуулж байсныг гадны судлаач түүхчид итгэн ядаж өөрийн үзлээр таамаг дэвшүүлэх төдий бичдэгийг монголын эрдэмтэн мэргэд гэх хүмүүс ч даган дуурайн бичдэг нь монголчуудын түүхийн үнэн гажин гуувьсан тохиол олонтой байдгийн нэг одоогоос 800 жилийн өмнө ази, европ тивийг тэгнэсэн монголын эзэнт гүрний түүхийг бичсэн “Монголын нууц товчоо” хэмээх алдарт зохиол оньсого мэт нууцлаг бөгөөд судлаачид мөн л таавар дэвшүүлэх төдий байгаа нь тэдний судалгааны ажлаас тодорхой байна.

 

Манай нэрт эрдэмтэн Ш.Гаадамба “Монголын нууц товчоо”-г  /УБ-1990/ хуучин монгол бичгээр буулгаж, эрдэмт оюунаа ашиглан нөр хөдөлмөрлөсний үрээр эртний монгол хэлний галигаар сийрүүлсэн гавьяат үйлийн зэрэгцээ, “691” үг хэллэгийн тайлбар зүүлт хийсний “жубчижу йабуйу” /зувчиж явъюу/ гэдэг 539 дахь тайлбарыг хүртэл миний бие анхааран үзэхэд энэхүү галигласан үгнүүд ихэвчлэн сартуул аялгаар хэлэлцдэг үгс байгаагийн утга санааг буруу ухаарснаас олон ташаа тайлбар хийснээр “Монголын нууц товчоо”-ны үг хэллэг, утга санаа алдагдахад хүргэснийг анзаарч, уг тайлбарт орсон үгсийг сартуул аялгаар ямар утга санаа илэрхийлдгийг өөрийн мэдэхийн хирээр зөв тайлахыг оролдлоо. Тайлбар хийхийн өмнө уншигчдад учирлаваас нэгд: хөдөө нутагт, малчдын дунд 16 нас хүртлээ байсан болохоор сартуул үгсийн мэдлэгийн сан тийм ч арвин бишээс гадна Улаанбаатар хотод ирээд 40 гаруй жил болсны улмаас мэдэх үгээ мартагнах буюу тээнэгэлзэхэд хүрсэн байна.  хоёрт: миний бие хэл судлалын мэргэжилтэн биш боловч сартуул аялгаар үгсийн утга ойлгогдож буй учраас “Нууц товчоо”-ны тайлбар үгнүүдийн тухай бичихээр зориглосныг минь өршөөх ажаамуу.

Сартуул аялга гэдэг нь хэл судлаачдын үзэж буйгаар монгол хэлний халх аялгуунд багтдаг үгсийн арвин баялаг сан хөмрөгтэй, өвөрмөц үг хэллэгтэй, нэг үгийг олон хувилбар утга санаагаар ашигладаг, бусад орон нутаг, ястны дунд мартагдсан буюу угаас хэрэглэдэггүй байж болох үгсээр хэлэлцдэг онцлогтой эртний монгол хэлний өв аялга ажээ.

Өнө эртний монгол хэлний өв сартуул аялгаар “Монголын нууц товчоо”-г бичсэнийг тодруулж байгаа нь энэ зохиолын эхийг анх ямар хэлээр бичсэн тухай маргааныг нэг мөр болгоход ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэхүү номын тайлбарууд дотроос миний анхаарлыг хамгийн ихээр татсан “жубчижу” гэдэг үгийг нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн шинэ үсэг дээр буулгасан “Монголын нууц товчоо”-ны /1957/ 181-р зүйлд …намайг Тогтоа бөөгийн сартуул хонины сүүлийг дагаж явсан гэж муулан хэлж байсан атал… гэж Сангүм Чингисийг өөнтөглөн хэлсэн “жубчижу” гэдэг үгийн утгыг гадаад, дотоодын цөөнгүй эрдэмтэд буруу ухаарч Сангүмийг Тогтоа бөөгийн сартуул хонь хариулж явсан боол болгохын тулд уях, холбох гэсэн утгатай “жүбчин” гэдэг үгийг тайлбартаа ашигласан нь тэр хоёрын харьцаатай холбогдуулсан тайлбар хэд хэдэн томоохон алдаа гаргахад хүргэжээ.

1.Мэргэдийн Тогтоа удирдагчийг хулчгар гэсэн санаагаар сартагчин хонины сүүлтэй зүйрлэсэн тайлбар ихэд буруу юм. Учир гэвэл Тогтоа бөөгийн сартуул хонины сүүл гэснийг хонины эзнийг өөрийг нь хонины сүүлтэй зүйрлэсэн нь илэрхий алдаа юм. Нөгөө талаар Мэргэдийн голлох удирдагч Тогтоа бөө хэрэв хулчгар нэгэн байваас дайн самуунтай тухайн үед нөлөө бүхий том аймгийн удирдагчаар тавихгүй нь хэн бүхэнд ойлгомжтой баймаар.

2.Хан хүү Сангүмийг Тогтоа бөөгийн сартуул хонины сүүлийг дагаж байсан гэдэг нь боолчлогдон зарцлагдаж байсан гэсэн санаа юм. Гэтэл Тоорил хан амин хайртай ганц хүүгээ бусдад зарцлуулж байсан гэдэг аль ч талаас нь бодоход тун үнэмшил багатайн зэрэгцээ Сангүмийн давилуун ааш араншин бусдад зарцлагдаж байгаагүй, харин ч эрх танхи өссөн, бусдын үгийг сонсох чадваргүйгээсээ болж Хэрэйд улсаа мөхөөж, өөрөө амь амьдралынхаа угийг устгаснаар дүрслэгдсэн байдгаас үзэхэд түүнийг бусдад зарцлагдаж байснаар тайлбарлах нь тун үнэмшил багатай. Монголчуудын зан заншил, угсаатны зүйн онцлогоос харгалзан үзэхэд хүндэтгэлийн зоог, шүүс барихдаа богт чөмөг, богино хавирга оруулдаггүй харин боол, зарц хүнийг богт чөмөг, богино хавирга идэштэй гэж олон үлгэр домогт дүрсэлсэн байдгийг тайлбар хийхдээ анхаарцгаасан бол алдаа мадаг бага гаргах байсан мэт санагдана. Ер нь тарган мах, хонины уураг сүүл гэдэг бол эрхтэн, ямбатан буюу баян чинээлэг хүний зоогийг төлөөлдөг гэдгийг ухаарваас Тогтоа бөөгийн сартуул хонины сүүлтэй холбогдон дүрслэгдсэн Сангүм нь зарцлагдаж байсан бус мэргэдийн Тогтоа бөөтэй дотно харьцаатай хүндэт зочин байсныг илэрхийлсэн санаа юм. Нөгөө талаар Чингис өөрөө ч бусдад боолчлогдон дарлагдаж явсан учраас Сангүмийг бага насандаа Тогтоагийнд зарцлагдаж явсан гэж дайрч давшлах жирийн нэгэн маанаг бус дэлхийн хэмжээний суут хүн гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй байгууштай. Эдгээр алдааг гаргахын гол шалтгаан “жувчижу” гэдэг үгийн утгыг буруу тайлсанд л байна. Энэ үгийг Завханы сартуулууд “жувшиж” гэж үг яриандаа оруулдгийг эрдэмтэн Ш.Гаадамба мэддэггүй бололтой. Жишээ татвал: Зориг, Батыг мөн ч их чувшиж байсан гэвэл Зориг Баттай ойр дотно нөхөрлөх нэрийн дор түүнтэй зэрэгцэн эд, баялгаас ил тодоор идэн ашиглаж байлаа гэсэн санааг агуулна. Энэ үг нь “завших, ашиглах, гувших” гэдэг үгнүүдтэй ойролцоо утгатай боловч эзэнтэй нь хамт эд баялгийг идэж, ашиглана гэсэн санааг агуулдгаараа арай өөр бөгөөд ямар нэг үйл үгтэй хавсардгийг анхаарах хэрэгтэй юм. Монгол хэлэнд “ж”, “ч”, “ш”, “ц”, “с” зэрэг үсгүүдийг солин орлуулж хэрэглэдэг нутгийн болон ястны хэллэгүүд байдгийг анхаарах нь зүйтэй мэт санагдана.

Энэхүү “жубчижу” гэдэг үгийг “жувшиж” гэдэг үгээр орлуулвал: …намайг Тогтоа бөөгийн сартуул хонины сүүлийг жувшиж явсан… гэж бичсэнсэн бол “жувшиж” гэдэг үгийн утгыг ойлгодог хэн боловч энэ өгүүлбэрээс Сангүм, Тогтоа бөөтэй дотно нөхөрлөж, түүний сартуул хонины сүүл зооглож явжээ гэдгийг шууд ойлгохоор байна. Сангүм нь Тогтоа бөөгийн сартуул хонин сүргийг нэг ч удаа хариулаагүй мөртлөөн түүний сартуул хонины сүүлийг жувшиж байсан байж болно. Иймээс энэ өгүүлбэр нь Чингисээс Сангүмийг “Чи миний дайсантай дотно нөхөрлөж явсан” гэж аливаад зөнзгөр ханддаг байсанд давилуун зантай Сангүм атга санаа өвөрлөдгийн улмаас тэдний хооронд тааламжгүй харьцаа байсныг илэрхийлэн гаргахад “Тогтоа бөөгийн сартуул хонины сүүл жувших” гэдэг өгүүлбэр оржээ. Ер нь миний бие бага зэрэг сонирхол хандуулсны үр дүнд тухайн үеийн монгол оронд том сүүлээрээ алдаршсан сартуулаар овоглосон хонь байсныг “Сартуул хонь-торгон сүрэг” /УБ-2004/ өгүүлэл бичиж, товхимол нэгэнт гаргасан тул энд сартуул хонины тухай дахин нуршихийг түдгэлзлээ.

Одоо ч энэ алдарт зохиолын тайлбар дээр манай эрдэмтэн мэргэд алдаатай тайлбар хийн, утга санааг гажуулдуулж байгаагийн жишээ нь: Манай урдаа барьдаг нэрт эрдэмтдийг академич Д.Цэрэнсодном толгойлон “Монголын нууц товчоо”-ны сонгомол эх /2005/ хэмээн сүр дуулиан болгож гаргасан энэхүү номын 181-р зүйлд:  …Сэнгүм…

…Намайг хэзээ анд хэмээн бүлгээ?

Тогтога бөөтэй сартагчин хонины сүүл мэт

Салахгүй явдаг хэмээх эс бүлгээ? гэж шүлгэнцэр маягийн өгүүлбэр шаантаглан оруулахдаа урьдах алдаануудыг мөн л уламжлан давтахдаа бүр ч бүдүүлэг алдаа гаргажээ. Учир гэвэл монголчууд “салахгүй явдаг”, “явалцдаг” хэмээх үгийг эсрэг хүйсний хоёр хүн ойртон бэлгийн харьцаанд ордог гэсэн санааг илэрхийлдэг учраас монгол хэлийг муухан мэдэх гадаадынхан махчлан ойлгож, орчуулахдаа Тогтоа бөө, Сангүм хоёр ижил хүйстэн байжээ гэж ойлгогдохоор байна. Мөн “Тогтога бөөтэй сартагчин хонины сүүл мэт” гэдэг мөр нь Тогтоа бөө хаа л явна сартуул хонины сүүл үргэлжид наалттай байдаг мэт ойлгогдож байна. Энэ нь бусад хонины сүүл болвоос Тогтоа бөөд огт наалддаггүй, зөвхөн л сартуул хонины сүүл гэж тусгай наалдамхай зүйл байдаг мэт гэнэн буюу инээдэмтэй төсөөлөл төрүүлж байна. Угтаа хонь амьд ахуйд сүүл ямагт хамт байдгийн адил Сангүм үргэлжид Тогтоа бөөтэй хамт байсан гэсэн санааг гаргах гэсэн бололтой. Хэрэв тийм болвоос энэ бүлэгт заавал “Тогтоа бөөгийн сартуул хонины сүүл” гэж онцолсон сартуул хонины тухай өгүүлбэр оруулахын хэрэг юу байна. Харин “Монголын нууц товчоо”-ны 181-р зүйлд байдаг Тогтоа бөөгийн сартуул хонины тухай зориуд оруулсан анхных нь эх зохиолын утгыг алдагдуулсан зэрэг олон алдаа мадаг гаргасан энэхүү “сонгомол эх” гээд байгаа нь үнэхээр сонгомол эх болж чадсан гэж үү? Ер нь ч тухайн үеийн овог аймгуудийн удирдагч нар үргэлжид найртай байгаагүйг түүх өөрөө баталсаар атал Тогтоа бөө, Сангүм хоёрын түр зуурын нөхөрлөж байсныг үргэлжид хамт байдаг хонины сүүлтэй адилтган зүйрлэдэг нь том логик алдаа юм.

Миний бие Ш.Гаадамбатан тайлбарласан “691” үгийн 539 дэх хүртэл анхааран үзэхэд нийт монголчууд утгыг ухаарах үг зонхилж байгаа тул 56 үгэн дээр өөрийн бодлоо илэрхийлэхээр сонгож авлаа.

Тайлбар-12 “кэтүлж” /хэтэлж/ гэдэг үгийг эрдэмтэн маань “гаталж” гэдэг үгийн утгаар бодож нэгэн гол гаталсан мэтээр ташаа ухаарсан тайлбар хийжээ. Гэтэл сартуулууд аливаа хүнд хүчир зүйлийг даван туулахыг “кэтэлж” гэж ярилцдаг. Жишээлбэл: хүнд хүчир зовлон тохиолдвол үйлийн лайг кэтэлж /гэтэлж/ л таараа гэж хэлдэг. Мөн манай нутагт Айрагийн хөндий гэж байдгийг өвлийн их хүйтэнд хөндлөн гарч ирсэн томчуул хөндийн жаврыг арай гэж кэтэллээ /хэтэллээ/ гэж ярьж байхыг хүүхэд ахуйдаа олонтаа сонсож билээ. Үүнээс үзэхэд гэтлэх /кэтлэх/ гэдэг үгийн утгыг буруу ухаарч зөвхөн гол мөрөнг хөлөөрөө туулж гарахыг хэлдэг мэтээр тайлбарласан нь учир дутагдалтай юм. Дээрх өгүүлбэрээс ажиглахад хүйтэн жавар туулсныг хөлөөр ус гаталсантай адилтган ойлгож хэрхэвч болохгүй нь ойлгомжтой. Манай нутгийн хөгшчүүл Халх голын болон дэлхийн хоёрдугаар дайны хүнд хүчрийг арай л гэж кэтэлж билээ гэж хуучилцгаадаг байлаа. Эдгээр жишээтэй харьцуулан ухаарахад Бөртэ чоно, Гоо марал хоёр зөвхөн нэгэн гол гаталсан бус олон гол мөрөн болон нуур усыг гэтэлж ихээхэн бэрхшээлийг даван туулж, Бурхан халдун ууланд ирж суурьшсаныг онцлон өгүүлжээ. Энэ дашрамд өгүүлэхэд одоо оросын эзэмшил, монголын хилээс холгүй орших “Алтын-кёль” гэдэг нуурыг Сартагдай даян /сартуулууд мянган адуутай хүнийг даян гэдэг/ өдөр бүр байдсан гүүгээр тахидаг байсан тухай домгийг нутгийн ардууд хуучлахдаа ганц охиноо сэтгэлтэй залуутай нь суулгаагүйд охин, залуу хоёр алга болсныг даян гэтэлж чадахааргүй нууранд живж үхсэнээр ойлгон тахидаг байсан боловч угтаа залуус зугатан зайлсан гэсэн утгаар ярилцдагийг нарийн судлавал Бөртэ чоно, Гоо Марал хоёрын домогтой ч холбогдож болох юм. Үнэндээ ч Алтай нутгаас Бурхан халдунд ирэхэд олон нуур, уул, усыг гэтэлж /кэтүлж/ зовлон бэрхшээлийг давж ирсэн нь ойлгомжтой.

Тайлбар-23 “Дуба-сокур” сартуулууд Дива урианхай гэж тувачуудыг ярьдаг нь өндөр уулын урианхай гэсэн утгатай юм. Үүнээс үзэхэд “Дива” /диба-туба/ гэдэг нь гоц өндөр гэсэн санааг агуулна. Жишээлбэл: дива Гонгор гэвэл их өндөр Гонгор гэдэг хүний тухай ойлгогдоно. Мөн аль дива цагийн болсон явдал гэж ярьдаг нь болсон үйл явдлаас хойш олон жил удсан гэсэн санааг илтгэдэг. Энэ нь дива гэдэг үг өндөр гэхийн зэрэгцээ өнө эртний гэсэн санааг бас агуулж буйг харуулж байна. Ер нь монголчууд дэв, дэвсэг /өндөр/, дэв зэрэг /жирийн байдлаас арай дээгүүр гэсэн санааг гаргасан үгнүүдийг хэрэглэдэг/ үгнүүд хэрглэдэг. Сартуулууд өрөөсөн нүдтэй хүнийг сохор гэсэн утгаар “со“ тэр гэж авгайлах буюу нэрээр дууддаг нь “Сокур” гэдэг үгтэй утга дүйж байна. Эдгээрээс үзэхэд “Дуба-сокур” гэдэг нь “өндөр сохор” буюу “олигор сохор” гэсэн утгыг агуулна.

Тайлбар-24 “Добу-мэргэн” Монгол үлгэрт сүн далайг шалбааг байхад сүмбэр уулыг дов байхад гэж эрт балар цагийн гэсэн санааг илэрхийлдэг. Жижигхэн овгор газрыг дов гэж нэрлэдэг утгаар сартуулууд намхан хүнийг дов гэж хочлох нь бий. Иймээс “Добу-мэргэн” гэдэг нь намхан буюу жижиг мэргэн гэсэн санааг илэрхийлнэ.

Тайлбар-27 “Түнгкэлиг” гэдэг үгийг нэгэн горхины тусгай нэр мэт тайлбарласан нь ташаа юм. Сартуул аялгаар хэсэг бөөн дэрсийг “түнгэ” /түнкэ/ гэж нэрлэх бөгөөд энэ нь бага зэрэг устай гэсэн санааг давхар агуулдаг. Монгол хэлэнд нэг үгнээс лэг, мог, хаг зэрэг олон дагавар залгаж уул үгийн утгыг алдагдуулахгүйгээр шинэ утга санаа гаргасан үг үүсгэдэг. Жишээдбэл: хөрөнгө чинээ-чинээлэг, зориг-зоримог, ус-усархаг, нойр-нойрмог гэгчлэн үг үүсдэгийн адил “түнгкэ-лиг” гэж дэрсэрхэг гэсэн санааг илэрхийлсэн үг юм.

Тайлбар-28 “Нэгүжү айисухун” сартуулууд аажуухан ирж явааг айсуй гэх бөгөөд айсуйхун ирж явна гэвэл бүр удаан галигуулж явна гэсэн утгаар өнөө үед ч ярилцаж буй.

Тайлбар-29 “Харагутай” энэ үгийн тайлбараас үзэхэд гадаадынхан голцуу хар өнгөтэй хутган ойлгож хар эсгийгээр бүрсэн тэрэг гэж бичдэг бололтой. Гэвч монголчууд утаанд идэгдсэн эсгийг хар эсгий бус шар эсгий гэж ярилцдаг. Иймд монгол хүний бичсэн харагутай тэрэг гэдэг үгийг хар эсгийгээр бүрсэн тэрэг мэтээр ойлгох нь буруу юм. Сартуулууд хүн төрөх буюу нялх балчир хүүхэд, хүнд өвчтэй хүнтэй байх үедээ гадаа үүдэндээ түр зуурын задгай саравч маягийн зүйл хийхийг хараа хийх гэж ярьдаг. Мөн бууны овооны дээгүүр хийсэн хөндий хаалтыг хараа гэх бөгөөд бууны овоо хараа гэж ярьдаг. Ийм учраас “Монголын нууц товчоо”-ны 6-р зүйлд гарч буй Алун-гуа сууж явсан харагутай тэрэг гэдэг нь дээгүүрээ нар, борооноос хамгаалсан саравч маягийн задгай бүрхүүлтэй байснаас Дуба-сохор хүүхний гоо сайхныг холоос харах бололцоотой байжээ.

Тайлбар-30 “Алун-Гобай” /Алун-гуа/ сартуулууд барагтай юманд ичиж зовдоггүй, илэн далангүй задгай яриатай хүнийг алуун /хуучнаар алун/ гэж одооч ярилцдаг. Ер нь сартуулууд хүүхдийг өхөөрдсөн, том хүнийг хочоор буюу авгайлгаар нэрлэж ярилцсаар байгаад жинхэнэ нэр мартагдаж, өхөөрдсөн, хоч ба авгайлга нэр үлдэх явдал цөөнгүй байдаг. Жишээлбэл: одоогоос 160-аад жилийн тэртээ төрсөн манай хөгшин аавын авга эгчийн жинхэнэ нэр нь бус авгайлга “Оосом” гэж нэр үлдсэн байх жишээтэй. Мөн хүүхдийн өхөөрдсөнөөс мондгор-Мондоон, түмбэгэр-Түмбээ, умгар-Уманга, арвагар-Арваанаг зэрэг олон нэр үүсэж нэршихийн зэрэгцээ зарим нь жинхэнэ албан ёсны нэр болон үлдэх явдал бий. Бас зарим хөгшин хүний нэрийг мэдэхгүй залуучууд хочийг авгайлгатай хавсарч нэршүүлэн жинхэнэ нэр мэтээр ойлгож ярилцдагаас жинхэнэ нэр мартагдаж, хоч нэр нь олон үеийн дараа ч мартагдахгүй үлдэх явдал одоо ч үргэлжилсээр байна. Үүн лугаа “Алун” гэдэг хоч нэр үлдэж, жинхэнэ нэр мартагдсан байж болох юм. Ер нь монголчууд эм хүний аманцар, хэлэмгий доломгой байдалд нэг их дуртай биш бөгөөд бүсгүй хүн дуугай байлаа гээд битүүрч үхдэггүй гэж сургадаг эртний уламжлалтай. Иймээс хэлэмгий доломгой “алун“ нэртэй, язгууртан гаралтай үзэсгэлэнт бүсгүй дов мэт намхан Добутай суусан байж болох юм. Эр нөхөр Добу мэргэнийг үхсэнээс хойш гаргасан гурван хүүхдийнхээ хэрхэн төрсөн тухай домог яриа нь Алун-гуагийн жинхэнэ ааш араншин, бэлэн цэцэн үгтэй, аманцар нэгэн байсныг илэрхийлж байна гэлтэй. “Гобай” гэдэг үгний хувьд гоо үзэсгэлэнтэй гэсэн үг ч биш, ухаа гэсэн үг ч бус одоогийн монголчуудын хэрэглэж буй “гуай” гэсэн үгтэй утга ойролцоо эхнэр хүнийг хүндэтгэсэн ахайтан гэснийг төлөөлж буй үг юм. Иймээс “Алун-гуа” гэдэг нэр “Алун ахайтан” гэсэн хоч нэр байж болох юм.

Тайлбар-52 “Чөкэ” /цөх/ энэ үгийг гунан бугыг хэлнэ гэж тайлбарласан нь их л буруу мэт санагдана. Сартуулууд хөнгөлөөгүй үхрийг бух, хөнгөлсөн хайнаг буюу сарлагийг шар, хөнгөлсөн гурваас дээш насны монгол үхрийг гуна гэж ярьдагаас үзэхэд уулын зэрлэг бугыг засч хөнгөлөөгүй учир гуна гэж нэрлэх явдал буруу юм. Харин Ц.Дамдинсүрэн “Монголын нууц товчоо”-ны /1957/ 12-р зүйлд “гунжин буга” гэж бичсэн нь зөв байлтай билээ.

Тайлбар-54 “Нөкүр Сиролга-д-а” /нөхөр шорлогодоо/ гэж тайлбарласан нь шорлог биш бололтой. Гунжин бугынхаа ихэнх махыг харамгүй сэтгэлээр Добу-мэргэнд өгч байгаа анчин урианхайн хүн чанарыг харуулсан нь одоогийнхоор бол нөхрийн сорилго, нөхрийн чанар гэсэн утгыг илэрхийлжээ гэж ойлгогдож байна.

Тайлбар-56 “Майалиг” энэ үгийг гадаад, дотоодын эрдэмтэд олон удаа буруу тайлбарлаж бичиж ирсэн нь ажиглагддаг. Сартуулууд эцэг, эх, ах дүү нараа хэрэгсдэггүй нэгнийг малиг тэр гэж хочлон нэрлэдэг. Энэ нь орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны үг хэллэгээр бол “меланхолик” гэсэн нэр томъёонд багтах нилээн дүйнгэдүү хүнийг илэрхийлсэн үг юм. Мөн хургаа дэргэд нь ирээд майлж байсан ч дугардаггүй мөртлөө хүрч ирээд хөхөхөд тонгочдоггүй хонийг ч малиг хонь гэж нэрлэдэг. Иймээс өөрийн үр хүүхдээ бусдад гунжин буганы өрөөсөн гуяар сольж буй хүн нь үнэхээр үр хүүхдээ боддоггүй малиг хочиндоо таарсан эр бололтой. Энэ үгийн тайлбарт …гөрөөсний өрөөл гуяар… гэсэн нь монголчууд мал болон амьтны махны яг тал хувийг өрөөл гэхээс бус ганц гуяыг өрөөл гэж ярьдаггүйг умартсан бололтой. Мөн энэ тайлбарт орсон “байагуд” гэдэг үгнээс баяд овогтон үүссэн гэж үздэгийг эргэлзсэн нь үндэслэлтэй юм. Учир гэвэл манай зарим эрдэмтэд түрэгийн үеийн хөшөөн дээр бичигдсэн байаркуйд гэдэг үгийг баяд гэж гүтгэн тайлбарласан нь өөрсдөө мунгинаж бусдыг будилуулах суурийг тависан билээ. Энэ байаркуй гэдэг үг нь баян гэдэг үг бус байна, байх гэдэг үгнээс үүссэн баргу гэдэг үгэнд олон тооны “д” дагавар залгаж, байаргуд болсон бөгөөд одоогийнхоор бол барга буюу баргуд овог юм. Эртний монголчууд өөрийн овог аймгаа хамгаалахын тулд нас барсан хүний эхнэр, хүүхдийг уул овгийн хэн нэг эр эхнэрээ болгож авдаг эрт урьдны хатуу дэглэмтэй үед Алун-гуагийн нагац малиг Байаркуд /баргуд/ овгийн хүн цуг амьдарч болохоос биш тэс өөр овгийн хүн орогнох бүү хэл орох ч цээрийг үл тоовоос амьд үлдэхгүй нь лавтай. Үүний жишээ нь эртний төв азийн нүүдэлчдийн нэг казах үндэстэн айлд эр нөхөр нь байгаа эсэхийг мэдэхийн тулд явуулын эр хүн гадаа нь ирээд нөхөр чинь байна уу гэж дууддаг заншил одоог  хүртэл хадгалагдан үлджээ.

Иймд бэлэвсэн Алун-гуагийнд, Хорилардай мэргэний гэргий байарку /баргу/ овгийн Баргудай мэргэний хүүхэн Баргужин гуагийн хамаатан хэн нэгэн эр орогнож байсан бололтой.

Тайлбар-58 “Бодончар мунгхаг” /Бодончар мунхаг/ энэ үгийг том биетэй хүн, бод малын том гэсэн утгатай дүйх үүднээс боржигод овгийн толгойлогч, хан учраас Бодончар гэж нэрлэсэн мэтээр тайлбарласан нь нэг л оноогүй бололтой. Алун-гуа эх талийгч нөхрийн хүү Бэлгүнүтэй, Бүгүнүтэй хоёрт үл үзэгдэгч цайвар шаргал хүн ирдгээс хүүхэд олж, гурван хүү төрүүлснээ хүүрнэн, хар толгойт жирийн хүн яахан мэдэх билээ гэж хэлж буйгаас үзэхэд тэрээр нөхрөөс хойш төрүүлсэн гурван хүүхдийг жирийн хүн бус дээд тэнгэрийн тусгай язгуурын хүмүүс гэж бусдыг бишрүүлэх санааг өвөрлөж байна. Үүнийг эргэцүүлэн бодвол гурван хүү нь бодит хүнээс бус хий үзэгдлээс төрснийг төлөөлүүлэн “Бодон” /будан манан/, “чар” гэдэг нь шар гэсэн утгатай үг юм. Сартуулууд “ч”, “ш”, “ц” үсгийг сольж хэлэх цөөнгүй тохиолдол байдаг. Жишээлбэл: чүдэнз-шүдэнз, чарай-царай, шихэр-чихэр зэрэг олон жишээ татаж болох юм. Иймд Бодончар гэдэг үг нь “Буданшар” гэсэн утгатай үг бөгөөд хэн нэгэн хоноцын хүүхэд бус дээд тэнгэрийн илч гэх маягаар зориуд ийм нэр өгсөн байж болох юм. Мунхаг гэдэг нь Бодончар ихэд зөрүүд хүн байсныг дөрвөн ахаасаа тасарч эзгүй хээр ганцаараа жожгирч яваагаас үзэхэд илэрхий байна. Иймээс нийт монголчууд зөрүүд хүнийг мунхаг гэж нэрлэдгээс үүдэн “Бодончар мунхаг” гэж нэр авсан бололтой.

Тайлбар-62 “Онширмал” үгийг олон орны эрдэмтэд хатсан, көнгшилмэл-хөгшилмэл, хуршсан буюу хуршиж хагширсан, хуршиж хатсан зэрэг олон янзаар нэрлэсэн боловч энэ нь үүцний хуршмал мах гэсэн утгатай үг юм.

Үргэлжлэлтэй.

Судлаач, Дэд профессор Баргуд Хайнзангийн Содномцэрэн

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Сэтгэгдэл 26ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 11 сар 23. 10:06
Зочин

БУРИАДУУД ТЭРГИЛЭХ гэж одооч яридаг ЗУГТАХ гэсэн үг? НУУЦ ТОВЧООНД тэргилэв гэж зугтсан тухаи баидаг? НУУЦ товчоог буриадаар бичсэн гэвэл инээдтэи юм болно? МОНГОЛ овог аимаг ястнуудын дундах НУТГИЙН аялгуунд эртний МОНГОЛ хэлний үгс хадгалагдан үлдсэн баидаг гэвэл үнэнд нийцнэ? МОНГОЛ овог аимаг мөөн гэдгийн батлах том эх сурвалж ч бас мөөн?

2016, 11 сар 20. 13:30
Зочин

Jdgsixnsksnxbfksmz gdhdjd

2016, 11 сар 6. 17:23
Говь-Алтайн хүн

хэ хэ

2016, 11 сар 6. 17:22
Говь-Алтайн хүн

би бол хэрэглэдэг үгээрээ бол сартуул л юм байна

2016, 11 сар 5. 16:40
Зочин

Тэнэглэлд хязгаар үгүй....

2016, 11 сар 5. 11:57
Зочин

urianhai bol mash ertnii mongol ovog aimag tegeheer nuuts tovchoonii eh hel n iluu tureg tal ruga baisan baih magadlal undur

2016, 11 сар 3. 15:28
aisun gero

МНТ-ЫГ ЯС ЮМАН ДЭЭРЭЭ МАНЖ ХЭЛЭЭР БИЧСЭН ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ

2016, 11 сар 3. 9:49
мунхаг намайг ухааруулж хайрла

монголын нууц товчооны монгол хэлээр бичгэдсэн жинхэн эх хувь нь олдоогүй зөвхөн хятад орчуулга нь олдсонийг бид орчуулж хэргэлсэн иим байхад анх бичэгдсэн аялагыг мэдэж болохуу. бас дундаас нь олон хуудас нь огт олдоогүй гэж үздэг.

2016, 11 сар 3. 9:42
ЗОЧИН

Энэ үгнүүдийг Увсын баядууд одоо ч хэрэглэсээр байгаа.МНТд хэлэгддэг өгсү,авсу,явсу,хүлцэл өчсү гэх мэт үгнүүд нь баядуудын үгийн баялагт байна.

2016, 11 сар 30. 9:26
Мухулай

тэнэг байхаа. Баядаасаа халисан бай даа. Бүх Монгол ястнуудаар явж судлаад хаана хаана ийм үгс хэрэглэж байгааг мэдчээд хуцаарай.

2016, 11 сар 3. 8:41
ааа

түнгэ гэдэг чинь баруун монголчууд нийтлэг хэрэглэдэг үг, сартуулууд баруун монголчуудаас авсан

2016, 11 сар 3. 8:40
ааа

бас л нэг сайхан уран фантаазны юм бичиж дээ, хүн болгон өөрийн толгойд бодогдсон санаагаараа ингээд л нэг юм бодоод фантаазлаад байвал хичнээн ч янзын онол гарч ирэх юм бол доо, хөөрхий гэж, дунд сургууулийн монгол хэлний зүй гэж бас нэг аймаар зүйл байна. эрдэмтэн болгон мэдэмхийрч нэг юм зохиож бичсээр байгаад хэн ч ойлгохын аргагүй юм болгоод хаячихсан, бидний үед ямар сайхан энгийн ойлгомжтой байлаа даа, тэглээ гээд муудсан юм алга

2016, 11 сар 3. 9:53
Бэрх

ааа зөв хэллээ.Бүгд өөр өөрийн өнцгөөр харж бичээд байвал энэ Монголын түүх юу болох вэ.Түүх бол уг нь уран зохиол,уянгын халил биш баймаар юм.

2016, 11 сар 3. 8:11
ааа

сартуул гэж юугаа бураад байнаа, сартуул гэдэг чинь дундад азиас авчирсан монгол биш гаралтай мужаан, дархчуулын үр удам шүү дээ, монголд удаан жил амьдарч монголжсон хүмүүс, чингэсээс бүүр хойнно ястан болж бүрэлдсэн гээ биз дээ

2016, 11 сар 3. 1:05
Зочин

Нууц товчооны нэр томъёоны талаар таны бичсэн зүйлс таалагдлаа. Зүгээр л хөдөөний хэн нэгэн уншаад инээд хүрмээр зүйл ч тааралддаг аа. Одоо нүүдэлчин Монголчуудын яриа хэллэгт байгаагаараа хэрэглэгдэж буй үг хэллэгийг ихээхэн хүндрүүлж буруу тайлбарлаад аль ч биш болгосон үг, өгүүлбэр, утга санаа ч байж л байдаг юм шиг билээ л. Танд амжилт хүсье. Таны утасны дугаар:

2016, 11 сар 2. 21:09
kkkkkkkkk

hvnii adag sartuul gej chinges haan uuruu helsen baidag geteel ; nymdorj choijilsvrentengvvvd uursduuu chinges boloh geed bain uuu????,,

2016, 11 сар 3. 9:49
Зочин

Дөрвөд Сартуул угсаатан өөр л дөө элий минь.

2016, 11 сар 3. 1:57
Зочин

Haha hajuud bsan ym shig shaahin erguu dagz

2016, 11 сар 2. 20:57
Зочин

Сартуул нь ч юу юм бэ дээ Зувших Гэтлэх Түнгэ гээд бүгд халх аялгууны үгнүүд л дээ Төв халхад ч хэрэглэгдэж байдаг. Нууц товчооны үг хэллэгэнд хамгийн төхөм ойр нь Халх аялгуу харин аялгууны хувьд хамгийн төхөм нь Ойрад аялгуу юм билээ ш дээ. Халхууд уг нь ч К үсэгээ гээгээгүй бол ер нь эртний Монгол хэлний хамгийн ориг хубилбар нь л даа

2016, 11 сар 2. 20:57
Зочин

Зарим нь МНТ-г дөрвөдөөөр бичсэн гэсэн шүү

2016, 11 сар 2. 20:10
Зочин

Зувчуулах гэдэг үгний утгыг Элбэгээ-с асуу. Учир нь тэр улсын баялаг хөрөнгийг зувчүүлж гулгуулах тал дээр том мэргэжилтэн юм. Тэр ховдын хязгаарт ирж суурьшсан гаднын хүний үр сад учир арай илүү гоё тайлбарлах байх, биднийг бас хошгуурлах байх.

2016, 11 сар 2. 19:55
Зочин

сартуул аялга гэж ямар аялга гаргаад ирэв дээ

2016, 11 сар 2. 19:51
Зочин

зувчуулах гэтлэх түнгэ гэж үгнүүд одоо ч говь нутагт хэрэглэдэг шүү

2016, 11 сар 2. 19:51
Зочин

монголчууд улам л бутраад байх юм. увс хүн ч гэх шиг, сартуул ч гэх шиг...., гуравхан сая байж.

2016, 11 сар 2. 18:51
Зочин

Судлаач даа улам ихийг хусэе ...

1 сар 9. 16:06
Зочин ах

сартуул, монгол хүн биш . сарлаг мал биш гэдэг дээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]