Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Мөрөнгийн өчил: Бидний өвөрлөгч нар эмээлээ заавал хойш хандуулж тавьдагУншсан4,305

1982 оноос эхлэн хошууны Өргөн тал сумын сургуульд багшлав. Манай монголчууд дэлхийн хэмжээнд бүү хэл Хятадаас олон талаар хоцорч, манж хятадын олон талын хорт бодлогоос ямар ч тэмцэх зориггүй ёстой Д.Нацагдоржийн “Хуучин хүү” болцгоожээ.

 Миний өчил

Өвөр Монголын цогтой тэмцэгч Д.Мөрөн хятадын эрүү шүүлт мөрдлөгөөс зугтаан Швэдэд дүрвэсэн боловч тэндээ цаг бусаар нас барсан билээ. Түүний үхэл тодорхой бус ч мянга мянга эх орончдыг төрүүлсэн юм.


1964 онд Өвөр Монголын Сөнөд хошуунд эцэг Даваасамбуу, эх Бадамлянхуагийн ууган хүүхэд нь болон төрж, хөдөө байдаг нагацынд өсөн 1971 оноос эхлэн бага дунд сургуульд суралцан нэг жил багшилж, 1983 оноос Хөх хотноо их сургуульд түүхийн мэргэжил эзэмшээд хошууныхаа хууч дурсгалын газар даргаар ажиллажээ. 1987 онд бүх Өвөр Монголыг дугуйтай 5000 км аялж, Өвөр Монголын нэн шинэ түүхийн ном бичиг цуглуулж, дараа нь Бээжин Гуанжау хүртэлх 4000 км- ын дугуйн аялалд оролцон, Өвөр Монгол ба Хятадын өнөөгийн байдлыг өөрийн нүдээр үзэж ойлгож мэдсэн байна. 1989 оноос “Монгол улсад Монголын эрх чөлөөний хөдөлгөөн” сэдвээр эрдмийн ажил хийж байсан.

Монголчууд хоёр мянган жилийн тэртээ тулгуур төр улс болох “Хүн” улсыг байгуулсан цагаас эхлэн хүчирхэгжин мандаж улмаар 1162 онд Эзэн Чингис Тэмүжин мэндэлснээр Ази Европын хуурай газрын ихэнх хэсгийг эзлэн дэлхий ертөнцөд алдар нэр нь дуурсаж байлаа. Харамсалтай нь дотоодын нягтрал алдан бусад улсын хүчирхэгжилээс болж 17- р зуунд Манж Чин гүрэнд колончлогдож боолчлгдсон боловч үе үеийн эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээх гэсэн дайчин тэмцлийн дүнд 1911 онд Монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолоо бүрэн сэргээж чадсан билээ. Гэтэл 1915 оны Хиагтын гэрээгээр Хятад, Орос хоёр том гүрний дарамт шахалтаас монгол нутаг зөвхөн говийн хойдох эдүгээгийн Монгол улсаар хязгаарлагдсан байна. Энэ цагаас хойш урд цагаан хэрмээс умард дах говийн өмнөх монголчууд хятадын цэргийн эрхтэн ба Японы дайлан эзлэгчдийн талхилалд өртөж билээ. Гэвч Монголчууд хүчирхэг цэргийн өмнө өвдөг сөгдөн бууж өгөөгүй.

Тогтох, Гаадаа мээрэн, Дамдинсүрэн, Утай, Хайсан, Бавуужав, Мэрсэ, Дэмчигдонров нарын олон монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо олон улсын хууль зүйн дагуу бүрэн сэргээх гэж цогтой тэмцэж амь биеэ зориулсан хэдий боловч цагийн ороо бусгаад том гүрний жанжлах бодлогын хоморгонд өртөн сүйджээ. Япон мөхөж, Хятадын гамингийн засаг сүйрч байхыг завшиж Хятадын Коммунист Нам(ХКН) Өвөр Монголын үндэсний эрх ашгийг худалдагчид болон тухайн үеийн цагийн ороо бусгаагаас болж, Хятадын удирдлагын хуурамч бодлогод төөрөгдөн 1947 онд Өвөр Монголын өөртөө засах орон (ӨМӨЗО) гэгч нэрийн төдий муж улс байгуулжээ. Энэ жил ӨМӨЗО байгуулагдсаны 50 жилийн нүүр үзэж байгаа дашрамд мунхаг би өөрийн хайрт эх орон Өвөр Монголынхоо 50 жилийн турших ХКН-д хэрхэн боолчлогдон колончлогдож байгааг түүхэн үнэн бодит баримтаар дэлхий нийтийн эрх чөлөө, шударга ёс, ардчиллыг дэмжигч иргэдийн сонорт хүргэхийг хүсч байна.

Монголын цэцэн үгт “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг учир колончлогдон хятадчлагдаж байгаа Өвөр Монголчуудаа өмгөөлөн гал голомт эх орон Монгол улсын чөлөөт оюутнуудын “Хунтайж Дэмчигноровын нийгэмлэг”- нхний эсэргүүцэл гарган бодитой туслалцаа үзүүлсэнд элэг нэгт Өвөр Монголчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Дэлхийн эрх чөлөө, шударга ёс, ардчиллыг дэмжигч, засгийн газар, олон нийтийн байгууллага, ард иргэддээ Өвөр Монголын гунигт байдлыг анхаарч, халамжлан дэмжиж байгаад бид үнэн зүрхнээсээ баярлаж байна. Эцэст нь тэмдэглэхэд энэ хорвоод бид бүхэн зуу хүрэхгүй насалдаг билээ. Тиймийн тулд хүн хүнээ хайрлаж явъя. Миний энэ ном Хятадын ард түмэнд чиглээгүй, Хятадын ард түмэн өнөөдөр эрх чөлөө, шударга ёс, ардчиллыг дэмжиж байгаа шалтгаанаар шоронд үй олноороо хоригдсоор байна.Тиимээс ХКН- ын ноёрхолд байгаа Төвд, Монгол, Уйгар, Хасаг, Солонгос, Хотон, Хятад зэрэг үндэстэн бид эрх чөлөө, хүний эрхийн төлөө хамтаар тэмцэж, сайн сайхан хүмүүнлэг нийгэм байгуулахын төлөө хамтаар тэмцэн сайн сайхны төлөө мөр зэрэгцэн зогсоцгооё. Бид бүхэн шударга ёс, үнэний төлөө тэмцэж байгаа тул амжилт олох нь дамжиггүй. Сайн үйлс дэлгэртүгэй.

Хөх тэнгэр Хөрст дэлхий Хүчит Чингисийн ивээлд Манай Монголын хийморь Мандах болтугай Хурай. Хурай. Хурай.

Миний өчил
      Хүн гурван удаа амьдардаг гэдэг учир нь анхныхаа арван сарын амьдралыг ээжийнхээ гэдсэнд эхэлж хорвоод мэндлэх цагт дээд тэнгэрийн хурмаст надаас чи хаана төрөе гэж хүсч байна вэ гээд дэлхийн бөмбөрцгийг гаргасанд нүдэнд хамгийн тод туссан нь уул хадны дээгүүр мурилзан мурилзсан аварга том барилга байлаа. Энэ чинь юу вэ гэсэнд энэ бол түмэн газрын урт цагаан хэрэм. Өмнө талд нь суурьшмал ард болох Хятадууд сууж тариа тарьж амьдардаг. Хойд талд нүүдэлчин үндэстэн болох монголчууд мал малллаж, хөдөө хээр талд ан агнан эрх чөлөөтэй амьдарч, байн байн хятадуудыг хүчирхэг морьт цэргээр дайрдаг тул хятадын хаан хил хязгаараа хамгаалахын тулд ард орноо дайчлан хил дагуу энэ их аварга том хэрмийг байгуулав. 1162 онд хэрмийн умард дахь Монгол овогтнуудад Чингис хаан Тэмүүжин мэндлэн Монгол гэдэг нэрийг ертөнц дахинаа мандуулж дэлхийн боловсон соёлд баларшгүй түүх үлдээснээр 13- р зууныг Монголын зуун гэж ертөнцийн түүхнээ алдаршин, Чингис хаан хорвоогийн цөөхөн хэдэн алдартны нэг болсон билээ гэж монголын тухай миний сонирхсоныг үзээд үүний тухай үргэлжлүүлэн ярьж өгсөн байна. Тэгээд би хэрмийн умард хэсэгт хоёр дахь амьдралаа эхлэх хүсэлт тавьсанд миний саналаар болгов. Би Монголын өндөрлөгийн Сөнөд хошууны төв, Сайхан тал балгасанд манай эриний 1964 оны өлзий билэгт өдөр эх Бадамлянхуа, эцэг Даваасамбуугийн ууган хүүхэд болж эднийхнийг бөөн баяраар мялаалаа. Тэгэхдээ миний сонгосон газар нь Монгол орон хэмээдэг боловч эдүгээ нэгэнт түүхийн өөрчлөлтөөс хятадуудын эзэмшилд орж, харин ар монгол буюу төв Монгол нь бие даасан улс болжээ. Сайхан – Өлзий суманд багийн сайхан насаа өнгөрөөжээ.

Ачит уул болбоос эрт цагт энд мангас үүрлэж байсан учир Чингис богд энэ уулыг алс холоос эрдэнийн сумаар харваад мангасыг алж ард зоныг амаржуулан угийн шовх уул нь тэмээний хоёр бөх мэт болсон гэж настайчуул хуучилдаг. Миний нагац өвөө хөдөөний малчин хүн тул би бараг бага насаа тэднийд өнгөрөөжээ. Тэнд хурга тугал хариулж монгол амьдралаа мэдэж эхэлсэн. Малчны амьдрал гэгч аль бүхнээ өөрийгөө хангадаг. Тэд хонины ноосоор эсгий хийж гэрээ барьж, дэвсгэрээ дэвсдэг. Мах сүүг нь идэж уудаг. Сүү нь олон зүйлийн хэрэгцээтэй. Хурууд зөөхий хийдэг бөгөөд бас архи нэрж болдог. Хонины аьсаар хувцас гутал хийнэ. Эмээлийг бас дэр хийж унтдаг. Нэг үхрийн махыг хатааж нүдвэл давсаганд нь багтчихна. Түүнийг монголчууд эрт дээр үеэс аянд авч явдаг байжээ.

Миний өвөө надад ингэж хуучилсан нь ерөөс сэтгэлээс гардаггүй юм. Бидний өвөрлөгч нар эмээлээ заавал хойш хандуулж тавьдаг. Ойрад Монгол нь зүүн тийш, Барга нь баруун, Буриад монгол нь өмнө зүгт хандуулж тавьдаг. Үүний учир нь Монголчуудын сэтгэл нь бүгд өөрийн мандсан газар Чингисийн шарил байдаг Бурхан Халдун уулыг чиглэдэг бөгөөд хэзээд эзэн Чингистээ үнэнч гэсэн утгатай. Бага насанд болсон явдлуудаас миний сэтгэлд мартагдашгүй ул мөр үлдээсэн хэрэг бол хятадууд монголчуудыг хядсан явдал билээ. Тэр үед миний дүү охин нэг настай байлаа. Эцэг эх минь шоронд. Ээж минь хааяа ганц нэг ирээд дүүг хөхүүлдэг. Нэг охин дүү өвчлөөд байхад Маогийн томилсон, монголчуудад туслах гэсэн нэртэй эмч нар муу хүний хүүхэд, улсаасаа урвагчийн зулзага гээд хорт зүү тавин алав. Ой өнгөрч байгаа хүүхэд ямар ялтай бол? Миний эцэгтэй хамт ажилладаг Монгол улсад сургууль төгссөн эмэгтэй багшийг монголын тагнуул хийсэн баримтаа гарга гэхэд угаас түүнд тийм баримт байхгүй тул эхлээд хятад эмэгтэй Ху овогт дараа нь бусад алан хядагч нар түүний бэлэг эрхтнийг нь олсон дээсээр хөрөөдөж дараа нь бэлэг эрхтэнд нь цаасан буу тавьж алсан байлаа.

Миний япон хэлний багш Дэлгэрцогт гэж 40- өөд оны үед Японд сургууль төгсөөд доцент байсан хүн Өвөр Монголын залуучуудын соёл боловсролыг дээшлүүлье гээд нутагтаа ирсэнд авгайг нь суугаа болгож, ганц хүүг нь мэдрэлийн өвчтэй болгоод зогссонгүй өөрийг нь хүнд гэмтээжээ. Миний эцэг надад хэлэхдээ: Дэлгэрцогт багш болон энэ олон хүний яахыг чи нүдээрээ харсан биз. Хэрэв чамд ХКН- ын дэглэмээс мултарч өөр оронд очих завшаан олдвол өвөр монголын үнэн байдлыг дэлхий нийтэд ярихаа бүү март гэсэн. Ээж минь багш байсан учир би 6 настайгаасаа эхэлж ээжийн заадаг ангид хичээл сурч эрдэм номын анхны босгыг алхлаа. Миний үед монгол сургуулиуд хаагдаад дахин сэргээж байсан учир сурах бичиггүй тул сургуулийн багш нар өөрсдөө монгол сурах бичиг зохиож дармалдаад хүүхдүүдэд хичээл заадаг байлаа. Монголчуудыг хядаж байсан үед Монголын хэдэн мянган жилийн соёлын өв талхигдан шатаагдаж сүм хийд бүгд эвдэгдэн нэг үгээр хэлбэл хятадын эрхшээлд байсан бүхий л монголчуудад нөхөж болшгүй гай авчирсан нь түүхэн үнэн юм. Монголчуудын 5 хувь нь хядагдаж, 40 хувь нь эрэмдэг зэрэмдэг болсон байна. Цаг хугацаа өнгөрсөөр 1976 он би хошууны дунд сургуульд дэвшин суралцах болов.

Үүнээс хятадын дээд зиндааны дотоодын зөрчил хурцадсанаар их сургуульд оюутан шалгахдаа эрдэм соёл мэдэх эсэхийг нь хамаарахгүй намдаа үнэнч эсэхийг нь шалгаж, шалгуулахдаа тухайн үеийн сонин хэвлэлээс хуулж оюутан болдог инээдэмт явдал байсан. Дунд сургуулийн анхны 3 жил миний нүдийг нээсэн билээ. Тэр үед унших ном ховор байсан боловч хааяа номын дэлгүүрт гарсныг эцгээс мөнгө гуйн авч уншдаг байв. “Марк Полын үлгэр” нь надад маш сонин санагдсан. Үүнээс би монгол гэдэг чинь буурай үндэстэн биш маш хүчирхэг үндэстэн байсан гэж мэдсэн. Ринчин гуайн “Үүрийн туяа”, “ Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “ Заан залуудай” зэрэг номыг хүнээс зээлж олонтаа уншдаг байлаа. Эдгээр номоос Монгол улс байна гэж мэдэв. Мөн Хятадын “Гурван улсын үлгэр”, Баруун тийш зорчсон тэмдэглэл”, “Сүй хүүгийн үлгэр” нь сонин санагдсан.

Дунд сургуулийн 9–р ангиас эхлэн би Хөх хотод байдаг авга аав, нэрт орчуулагч, зохиолч, тольч Содбилэгийн тусламжаар Хөх хотын монгол сургуульд суралцсан нь хөдөө байдаг надад том хот гэдгийг мэдэж хөдөө хот хоёрын ялгааг мэдрэхэд дөхөм болов. 1981 онд Улаанцав аймгийн төвд би их сургуульд шалгалт өгөх гэж бэлдэж байх үед Хөх хотод монгол оюутнуудын цуглаан хичээл хаялт болж ХКН- аас Өвөр Монголын тухай гаргасан маш нууц баримт илрүүлэн эсэргүүцэв. Баримт бичигт, Өвөр Монголд их хэмжээний нүүдэлчин ардыг оруулж Монгол нутгийг тариалан болгох, монгол оюутнуудыг цөөрүүлэн, Монгол дарга нарыг буулгах зэргийг заажээ. Монголчууд 1969 онд үй олноор хядагдсан арилаагүй тул бүх Өвөрмонгол даяар босож, үндэстнийхээ ирээдүйн төлөө санааширсан билээ. 17- той би бүх сургуулийн хүүхдүүдээс оюутан ах эгч нараа дэмжин мөнгө цуглуулж Хөх хотод аваачиж өгөөд, оюутны хөдөлгөөний удирдагчын нэг Билгүүндалайгийн Тэмцэлт болон түүний журмын нөхөдтэй уулзаж, оюутны хөдөлгөөний тухай ойлгон, тэд нараас сонин хэвлэл авч ирсэн бөгөөд Бээжингийн засагтай хэлэлцээ хийх оюутнуудыг аймгийн төвөөр өнгөрөхөд хятадын засагтай хэлэлцээ хийх оюутнуудыг дагуулан галт тэрэгний буудалд арван жилийн мянга гаруй хүүхдүүдийг дагуулан очиж тэд нарыг дэмжин нэг өдөр цуглаан жагсаал явуулав.

 1982 оноос эхлэн хошууны Өргөн тал сумын сургуульд багшлав. Манай монголчууд дэлхийн хэмжээнд бүү хэл Хятадаас олон талаар хоцорч, манж хятадын олон талын хорт бодлогоос ямар ч тэмцэх зориггүй ёстой Д.Нацагдоржийн “Хуучин хүү” болцгоожээ. Ай даа, Чингисийн Монголчууд ийм болно гэхэд зүрх шимширнэ. Нэг жил багшлаад Хөх хотноо их сургуульд түүхийн мэргэжил эзэмшсэн билээ. Түүх сурсан шалтгаан нь миний өсч бойжсон Сөнөд баруун хошуунд 20- р зууний үед Дэмчигноров гэж даяанд алдаршсан, Монголын эрх чөлөөний цуут тэмцэгч байсан бөгөөд нутгийн настайчуудаас түүний тухай сонсож гүн суудал өгсөн билээ. Мөн Чингисийн үеийн Монголын түүх, Манж Хятадад колончлогдон явсан хар цагаан түүхийг мэдэж ард иргэдээ ухааруулах замыг эрэлхийлье гэж бодож билээ. Их сургуульд байхад нэг удаа Монгол Хятад оюутны хооронд зодоон болов.

Шалтгаан нь Билгийн 8 сарын 15- ны шөнө Хятад оюутнууд уламжлалт заншлаараа илээр тарвас дээр монгол хүний толгой зурж түүнийг шөнийн 12 цагт сар харан хагалав. Энэ нь Хятадууд Их Юань улсыг мөхөөж Монголыг дийлсэн гэж тэмдэглэдэг уламжлалт баяар нь билээ. Үүнд монгол оюутнууд хятад оюутны толгойг чулуугаар хагалж, та нар бидний толгойг зурж хагал, бид та нарын жинхэнэ толгойг хагална гэж зодоон үүсээд эцэстээ сургуулийн захирал хоёр талыг ятгаснаар энэ хэрэг түр намджээ. Би өглөө 7 цагт номын санд сууж, орой 11 цагт номын сангаас байрандаа харьж ирээд ном уншдаг байсан бөгөөд олон улсын түүх өнөөгийн байдал ирээдүйн тухай нэн ялангуяа Монголын тухай гарсан аливаа ном зохиолыг амтархан уншдагсан. Хятадын өнөөгийн засгийн газар 1949 онд эрх барьсны дараа ерөөс монголчууд болон үндэсний цөөнхийг итгэдэггүй. Өвөр Монголыг ХКН- д худалдсан Улаанхүү шиг хүнийг хэн ч итгэдэггүй бөгөөд шоронд хорих цагтаа хорьж үй олон ХКН- д үнэн сэтгэлээсээ зүтгэсэн монгол хүмүүс алагдах нь алагдаж, зэрэмдэг болох нь зэрэмдэг болж байв.

Үргэлжлэлтэй.

Үргэлжлэл: http://www.tolgoilogch.mn/_iw4r5u1dh6

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 28. 8:53
XASAR

ЧИ СЭТГЭЛИЙН ЗОВЛОН БИЕИЙН ЗОВЛОНГООС ХЭД ДАХИН ХЭЦҮҮ БАЙДГИЙГ МЭДЭХ ҮҮ. ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ӨВӨР МОНГОЛЧУУДЫН ЗОВЛОН БИШ, ТҮВД УЙГАР МАНЖ ҮНДЭСТНҮҮДИЙН СЭТГЭЛИЙН ТАМЛАЛ БИЛЭЭ. ЗӨВЛӨЛТ УЛСЫГ ЗАДАРНА ГЭДГИЙГ ХЭНЧ ЗҮҮДЛЭЭГҮЙ БАЙХ. ТҮҮХЭН ЦАГ ҮЕ ИРЭХЭЭР БҮХ ЗҮЙЛ ӨӨРЧЛӨГДӨНӨ.

6 сар 27. 18:18
Зочин

Монголчууд тусгаар улс байлаа гээд дээрдэх юм байна уу? Бид чинь төсвөө бүрдүүлж чадахгүй дампуурахдаа тулж очсон шүү сая хавар. Би лав үүнээс нэг их онцгой юм олж харахгүй байна. Тиймээс битгий хэнд ч хэрэггүй юм ярьж мунхаг иргэдийн санааг хоёрдуулж хатгаас хийгээд бай. Бид зүгээр л тайван аж төрмөөр байна.

6 сар 27. 23:47
1972

umnu zug ruu uvug deedes aav ej ah duu nar chini uhsene hiij amia hoohoilj yavsan yum. minii uvgud buurluud shig eh oron gazar nutgiinhaa tuluu ami bie hairlalgui temtsej ene ulsiig bii bolgoson yumshdee.uuriinhuu uvug deedestei l gomdoj yav. tegeed ch manai mongolchuud busdiig umuuruh ni baitugai amia yaay gesen elgiin zurh zorig muutai deer ni bie tenhee tamir muu gadaadiinhand ih zusar byalduuch dolignuur humuusiin tsag ue irsen

6 сар 27. 18:16
Зочин

Гүй тэгээд одоо яах гээд байгаа юм бэ? 20-р зуун аль хэдийн улиран одсон. Өвөрмонголчууд Хятадын салшгүй нэг хэсэг болсон. НҮБ хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Өнөөдөр байдал тийм хүнд байна уу гэхээр үгүй байдаг. Өвөрмонгол өрхийн амжиргаа өнөөгийн монголчуудын нэг өрхийн амжиргааны түвшнөөс дариу 3-5 дахин их байдаг. Тэд баян чинээлэг аж төрдөг. Ямартаа монголчууд хил гарч өвөрлөгчдийн малыг маллаж байхав дээ. Тэд доод тал нь нэг саяар малладаг гэсэн шүү. Ийм болгочихоод байхад гомдоллоод байх учир байна уу?

6 сар 27. 23:15
Зочин

ochood amidraad uzehgui yu

6 сар 27. 15:37
Зочинjagaa

Omxii.xujaagaas.osoo
Avax.tsag.irnee.bidend

6 сар 27. 8:29
Зочин

Tani bichsen yum ih sonirholtoi yum.tsaash bichih bolgond unshij bn aa hubiin mail haygaa uguh bolomj bn uu

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]