Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Талийгаачаа ил тавих монголчуудын ёс ба оршуулгын зан үйлУншсан1,639

Монголын өргөн уудам нутаг дэвсгэрээс илэрч байгаа олон сүг зурагт оршуулгын ёсонд холбогдох сүг зураг байгаагаас үзвэл оршуулгын зан үйл одоогоос 3-4 мянган жилийн тэртээгээс хөгжиж эхлэсэн байна

Дэд профессор С.Даваабаярын "Монголчуудын оршуулгын зан үйлийн хувьсал, хөгжил" хэмээх судалгааны өгүүллийг хүргэж байна.


Монголчуудын оршуулгын зан үйлийн хувьсал, хөгжил

 

Монголын өргөн уудам нутаг дэвсгэрээс илэрч байгаа олон сүг зурагт оршуулгын ёсонд холбогдох сүг зураг байгаагаас үзвэл оршуулгын зан үйл одоогоос 3-4 мянган жилийн тэртээгээс хөгжиж эхлэсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумын нутагт оршин буй Ноён уулнаас МЭӨ VII-I зуунд холбогдох Хүннү хүний булшнаас эсгий ширдэгний тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай төмөрлөг дүрс, торгоны өөдөс, алтан ялтсаар урласан нар сар, хүний хөрөг зураг зэрэг ахуй амьдрал, сүсэг бишрэлийн өнгө аястай эд зүйлс гарч байгаагаас харахад чулуун зэвсгийн түрүү үеэс оршуулгын төлөв байдал нилээд төлөвшиж эхэлсэн байна.

Монголчуудын оршуулгын хэлбэр нь голдуу шороонд оршоох, усанд урсгах, галд өргөх, салхинд хатаах, төмөрт авслах зэргээр таван махбодод харгалдсан байдаг. Хэдийгээр таван махбодын ялгалаар хойтын үйлийг үйлдэхдээ төмөр эрхтэн махбодтой хүмүүнийг газрын өндөрт, модон эрхтэн махбодтой хүнийг модны салаанд, гал эрхтэн махбодтой хүнийг галын сорт, усан эрхтэн махбодтой хүнийг усны мандалд, шороон эрхтэн махбодтой хүнийг шороонд эсвэл тухайн хүний төрсөн эрхтэн махбодын эх махбодууд болох модон махбодтой хүнийг усанд, гал махбодтой хүнийг модонд, шороон махбодтой хүнийг галд, төмөр махбодтой хүнийг шороонд, усан махбодтой хүнийг төмөрт/чулуу/ оршуулахыг номлодог боловч байгаль орчны нөхцөл, нийгэм улс төрийн байдал, ахуй амьдралын бололцоо, шашин суртал зэрэг олон шалтгааны улмаас голдуу шороонд оршуулах, галд өргөх, хээр хөдөөлүүлэх зэрэг гурван зүйлийн оршуулгын хэлбэрийг ашиглаж иржээ.

Жишээбэл, Д.Наваан, В.В.Волков нарын удирдсан "Монгол-Зөвлөлтийн хамтарсан хээрийн шинжилгээний хүрэл төмрийн түрүү үе судлах анги" Увс аймгийн Улаангом хотын дэргэдэх Чандмань ууланд буй чулуун зэвсгийн түрүү үед холбогдох 56 булшийг малтан шинжлэхэд том дөрвөлжин чулуун далантай булш; чулуун далантай авсгүй булш; жижиг чулуун австай булш; дүнзэн бунхантай шороон булш илэрч байгаа нь монголчуудын эртний оршуулгын арга хэлбэрийг харуулж байгаа юм.

Мөн дээр дурдсан шороонд оршуулах, галд өргөх, хээр хөдөөлүүлэх аргуудыг хослуулан хэрэглэж байсан ба тухайлбал урьдаар газарт хуучруулж, дараа нь галд түлэх; эсвэл эхлээд салхинд хатааж, сүүлд нь шороонд шингээх гэх мэт. Ингэж хослуулан хэрэглэх нь мөн байгаль орчны нөхцөл, нийгэм улс төрийн байдал, тухайн хүний зэрэг дэв, ахуй амьдралын бололцоо, шашин шүтлэг зэрэг олон шалтгаанаас хамаарч байсан нь тодорхой юм.

Оршуулгын зан үйл олон мянганыг өртөөлөн ирэхдээ аливаа хувьсал хөгжлийн аясаар өнгө төрөх, хэлбэр, агуулга нь сайжирсаар өнөөдөртэй золгосон байна.

Оршуулгын зан үйлийн хувьсал

Байгаль орчны нөхцөл байдал, нийгмийн хөгжилт, шашин шүтлэгээс шалтгаалан түүх болон үлдсэн оршуулгын зан үйлүүд:

  1. Усанд оршоох.

Таван махбодын онолын хувьд модон эрхтэн махбодтой хүнийг усад оршуулах нь маш сайн гэж үздэг авч монгол оронд ус ховор болохоор усанд оршуулах зан үйл аль эрт үед хаяа нэг үзэгдэж байсан баримт буй боловч эдүгээ огт хэрэглэгдэхээ больсон байна.

  1. Чулуун авс.

Түүхийн баримтаас харахад чулуун авс нь чулуун зэвсгийн түрүү үеэс XVIII зууны сүүл үе хүртэл ашиглагдаж байжээ. Монгол орноос археологийн судалгаагаар олдсон чулуун авст булшны авсны хийц загвар нь бүдүүлэг бөгөөд өөр хоорондоо нэг их ялгаагүй байгааг эрдэмтэд тэмдэглэсэн байна. Эндээс харахад чулуугаар авс хийх нь хүмүүсийн амьдрал ахуй тааруу эд материал ховор, техник технологи хөгжөөгүй үед өргөн хэрэглэгдэж байгаад нийгмийн хөгжлийн аясаар өөрийн ул мөрөө үлдээн хоцорсон байна.

  1. Салхинд оршуулах.

“Киданы цадиг бичиг”-т “Киданы дээдүүл эцэг эх нь үгүй болоход уярч уйлсныг зориг үгүй гэж үзэх бөгөөд, шарилыг уулан дахь модон дээр тавиад, гурван жил болсны дараа, ясыг нь хурааж аваад чандарлана” гэжээ. Эндээс харахад салхинд оршуулах зан үйл нь Кидан гүрний үе буюу МЭ IV-V зууны үед ашиглагдаж байгаад нийгмийн хөгжил, байгаль орчны нөхцлөөс шалтгаалан мартагдан үлджээ.

  1. Анчинг хүнийг оршуулах

Эртний нүүдэлчин омгийхон нийгмийн хөгжил сул дорой, хүмүүсийн ахуй амьдрал муу цаг үед ан ав хийж хоол хүнс, хувцас хунараа бэлтгэж амьжиргаагаа залгуулдаг байсан болохоор анчин хүн нилээн өндөр байр суурьтай байсны нэгэн нотолгоо нь түүнийг тусгай зан үйлээр оршуулдаг байжээ. Анчин хүнийг насан өөд болоход түүний унаж явсан хүлэг морь, анч нохойг нь хөтөлгөж, хэрэглэж байсан зэр зэвсгийн нь хамт булж оршуулдаг байжээ. Мэдээж энэ зан үйл нь нийгмийн хөгжил, хүмүүсийн амьжиргааг дагаж ан ав амьжиргааны эх сурвалж болохоо больсон цаг үетэйгээ хамт хоцрон үлджээ.

  1. Нууцлан оршуулах.

Өвөг дээдэс, үр удмынх нь шарилыг хөндөж, тонож дээрэмдэх нь ихээхэн доромжлол гэж үзэх үзлийн нөлөөгөөр нууцлан оршуулах зан үйл МЭ 330-555 он буюу их Нирун улсын үед дэлгэрч байжээ. Нирун улсын үед овог аймгууд газар нутаг, бэлчээр ус, хүн ам, эд баялагаа булаалдан байлдаж, өшөө хорсол агуулан өвөг дээдсийнх нь шарил бунхаг тонон дээрэмдэх явдал их гарч байсан нийгмийн үзэгдлээс шалтгаалан нууцлан оршуулах ёс гарчээ. Нууцлан оршуулах зан үйлийн явцад хөндлөнгөөс тааралдсан хэнийг боловч шууд цаазлан хороодог хэрцгий мөн газрын маш гүнд булдаг цаг хөдөлмөр их шаарддаг зан үйл байсан болохоор түүхийн явцад үеэ өнгөрөөн үлдсэн нь түүний жам гэлтэй.

  1. Хамшуулан хойлголох

Талийгаачийг мөнхүү амьд сэрүүнтэйгээ адил эд эдлэж буй хэмээн үзэж, шарилд эд өлөг, мал ахуй, бас хүмүүнийг дагуулж тавихыг хамшуулан хойлголох гэнэ. Ихэс язгууртанг нас барсан даруйд хамшуулан хойлоглох зан үйл үйлдэхээс гадна Рашид Ад Дин “Судрын чуулган”-даа “Өгөөдэй хаан их ор суусны дараа Чингэс хааны сүнсэнд өв тэгш их тайлга хийж, бага насны дөчин сайхан охиныг өтөлгөж өргөсөн” гэж тэмдэглэснээс үзвэл хэзээ хойно бас дахин хойлог хийдэг байсан байна. Хамшуулан хойлоглох зан үйл нь хэтэрхий хэрцгий балмад зан үйл болохоор нийгмийн хөгжилт шашин шүтлэгийн улмаас түүх болон хоцорчээ.

  1. Хөгшдийг өтөлгөх.

Монголчууд төрсөн хүүгийнхээ хүүг “ач хүү” хэмээн нэрлэдэг. Түүний учир нь эрт баларын үед буурал аав, эмэг эхээ жаран нас хүрэхээр нь аманд нь уураг сүүл үмхүүлээд, араас нь шаант чөмгөөр гударгааж “Бурханы орон”-д хүргэх үүргийг хүлээд учраас ач хүү гэж нэрлэсэн гэдэг домог яриа байдаг. Үүний тухай эрдэмтэн Хурц бээр “Харин энэхүү оршуулгын ёс нь олон улс үндэстний дунд нийтлэг оршиж байсан оршуулгын соёлын нэг зүйлийн үзэгдэл юм. Тухайлбал, эртний Энэтхэгийн өтлөгсдийг гээх ёс болбоос эмгэн өтөлвөөс бэр болсон хүн аваачиж гээмой. Өвгөн өтөлвөөс хөвгүүн болсон хүн аваачиж гээмой” мөн Английн эрдэмтэн Мотк “Манай үеийн баларлаг үндэстэн” хэмээх номдоо Их далайн хаяаны Тас Мария аралд нутагтай мариячүүдийг танилцуулан бичсэн нь: “Нүүдлийн амьдралын тарчиг зовлон нь эрэмдэг нэгнийгээ асрамжлах арга үгүй болгожээ. Иймээс нас сүүдэр өндөр болсон хүн цариг тасарвал, гэрийхэн нь зөвхөн жаахан идэх юм өгч орхиод, үхэхийг нь хүлээдэг” гэсэн тэмдэглэлүүдээс харвал хөгшдийг өтөлгөх зан үйл бол балар эрт цагт зөвхөн жимс ногоо, ан агнуураар амин зуулга хийж нүүдэл суудлын байдалтай амьдарч насан өндөр болсон нэгнийгээ асран халамжлах арга чарга үнэндээ байхгүй болохоор эцэг эх нь ч үр хүүхдэдээ яршиг төвөг болохгүйн үүднээс ийм аргыг дэлхий даяар хэрэглэж байсан бололтой юм.

Дээрх зан үйлүүдээс харахад оршуулах зан үйл нь тухайн нийгмийн байдал; хүнлэг чанар; шашин шүтлэг; аж амьжиргаа сайжрахтай холбоотойгоор хувиран өөрчлөгдөж байсан байна. Тун ойрын жишээ бол социалист нийгмийн үед 1955 оноос тогтоол гарч ил задгай оршуулахыг хориглож газарт булж оршуулахаар тогтсон байна. Тухайн ард түмний зан заншлыг шүтэн биширдэг шашинаас нь ангид авч үзэх ямар ч бололцоогүй болохоор заншлыг үзэл суртлын тогтоолоор хорьсон ч “Даравч дардайна, булавч бултайна” гэдгээр нууцаар түмэн олон бурханы шашны засал номоо уншуулж талийгаачаа газарт нутаглуулаад бүр дадчихсан байна. Уг нь зурхайн “Алтан сав нээх” судруудад насан өөд бологсдыг төрсөн жилийнх нь эрхтэн махбодын эх махбодууд шороо, төмөр, ус, мод, галд оршоохыг тэмдэглэсэн байдаг. Тэгэхлээр үзэл суртал ноёрхсон, тогтоолоор оршуулахыг үүрэгдсэн хэцүү үед буддын шашиныхан тогтсон тааллаасаа урвасан огт биш бөгөөд тарни ном, гүрэм заслын буянаар элдэв гарах муу үр дагаврыг даран зохиож зөвхөн шороонд оршоож байсан гэлтэй.

Дүгнэлт: Аливаа юмс үзэгдэл, зан заншил хувиран өөрчлөгдөж байдаг байгалийн хууль ёсоор оршуулгын зан үйл ч байгаль, нийгэм, шашин, ард түмний аж амьдрал, мэдлэг боловсрол, шинжлэх ухаан техникийн дэвшил зэргээс хамааран хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Хувьсан өөрчлөлтийн ерөнхий зүй тогтлыг харвал хүн болон байгальд ээлтэй бус зан заншил нь цаг ирэх тутам өөрийн байр сууриа алдаж байгалд ээлтэй, хүнлэг чанар луу дэвшин дэвшсээр ирсэн байна. Тухайлбал, өнөөгийн өндөрлөгөөс харахад дөнгөж тэтгэвэрт гарах насан дээр нь шаант чөмгөөр гударгаалж өтөлгөхөөс эхлэн гэм зэмгүй олон хүн малын аминд хүрч хамт хойлоглон оршоох, нууцлах зэрэг харгис оршуулгыг өртөөлөн бүгдийг нь газарт хоморголон газарт оршоох зан үйлийг улбаалан жинхэнэ шашны зан үйлийн нь дагуу чандарлаж суваргалах, харуул хамгаалалттай цэцэрлэгт хүрээлэнд хүндэтгэлтэйгээр оршоох зэрэг дэлхийн нийтийн чиг хандлагад нийцсэн хөгжлийн түвшинд хүрчээ.

Дэвшүүлж буй санал: Хувьсан өөрчлөлтийн зүй тогтлоос харвал монгол орон нүүдлийн мал аж ахуйгаас суурин иргэншлийн амьдралд хүчтэй шилжсэн тул том том хот суурингуудад хөдөөлүүлэх буюу ил задгай оршуулгын зан үйл нь жам ёсоороо түүх болон үлдэх ёстой болж байна. Үндэслэл нь бурханы шашинд нүгэл хилэнц гэдгийг бусдад хорлол учруулахыг хэлдэг бөгөөд оршуулгын зан үйл нь өөд бологсдыг сайн төрөлд төрөхөд туслаж, хүндэтгэж, буян үйлдэж буй хэрэг юм. Иймээс өөд бологсдыг хот суурин газрын ойр хөдөөлүүлэх нь талийгаачийг үл хүндэтгэсэн байгал болон хүн амд ихээхэн хор уршигтай байгаа нь илэрхий тул дээрх нүгэл хилэнцийн тодорхойлолтоос буян биш нүгэл болох нь мөрдөгдөж байна. Учир иймийн тул хот суурин газрын ойролцоо ил задгай хөдөөлүүлэх зан үйл нь нүгэл тарьж байгаа болохоор хувьсал өөрчлөлтийн хууль, Бурханы шашны тогтсон тааллын дагуу халах нь зүй ёсны хэрэг юм.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Дэд профессор С.Даваабаяр

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]