Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Төрийн тахилгат уул хайрхнуудын шүтээн дүрийн тайлбаруудУншсан2,636

Та цаг улирлын бичгийг худалдан авахыг хүсвэл Интер номын дэлгүүрийн салбаруудаас үнэгүй хүргүүлж авах буюу 99059274 дугаарын утсаар тодруулж болно.

 

“Буддын соёлын Махагала нийгэмлэг”-ээс нэгэн цаг тооны бичгийг бүтээжээ. Энэхүү “XVII жарны шороон нохой жилийн цаг улирлын бичиг” хэмээх цаг тооны бичиг нь ихээхэн онцлогтой.

Хуанлийн сар бүрийн хуудаснаа арга билгийн тооллыг багтааж, онцлог өдрүүдийн тайлбарыг заншил ёсоор оруулснаас гадна Монгол төрийн тахилгат арван хайрхан, тэдгээрийн эзэн савдгийн шүтээн дүрийг уул овоо тахилгын эх судрууд, нутгийн иргэдийн ам дамжин ярьж уламжилж ирсэн аман түүх, судалгааны үндсэн дээр бурхан бүтээх тиг ёс, Монгол зургийн аргын дагуу бурханч лам нар, шүтээн урлаач нар сэргээн бүтээжээ.

Монгол төрийн тахилгат арван хайрхан, түүний эзний шүтээн дүр, сан судар, магтаал дуу бүхий цаг тооны бичгийг худалдан авснаар та дээр дурдсан үйлст нэмэр хандив оруулж буй хэрэг билээ. Цаг тооны бичгийн талаар тодруулах, амьдрал ахуйдаа хэрэглэх, улмаар гэр орондоо шүтээн болгон залах хүсэлтэй бол фэйсбүүк дэх "Буддын соёлын Махагала нийгэмлэг" хуудсаар холбогдох буюу 99059274 дугаарын утсаар холбоо барьж болно.

Цаг улирлын бичигт орсон тахилгат уул, хайрхнуудын эзэн савдгуудын шүтээн дүрийн тайлбарууд маш  сонирхолтой сайхан бөгөөд эдгээрээс түүвэрлэн уншигчдадаа хүргэж байна.

 

Төрийн тахилгат арван хайрхан,
Түнба-Ши, Цагаан өвгөний шүтээн дүр бүхий календар

Алтай таван богд-Алтай жалбу

 

Алтайн нийт уулсын эзний тахилгын сударт машид бадарсан их галын төвд гурван мянган ертөнцийг нэгэн эгшинд туулах эрдэнэт хүлгийг хлөглөсөн, амирлангуй ба догшин тэнгэрээр хүрээлүүлэн оршсон, лус савдаг, ад тийрэнг эрхэндээ хурааж дагуулсан, цэргийн олон аймаг, барс ирвэс, догшин шувуудыг дагуулсан гэж дүрсэлсэн байдаг. Алтайг  тахихдаа өвчүү, шар халзан хонь өргөдөг.


 Алтан хөхий хайрхан

 

Ногоон торгон дээлтэй, үсээ хоёр салаа сүлжсэн, билгийн мэлмийтэй, цайвар арайтай, өмнөө тулга тогоо тулсан үзэсгэлэн гоо бүсгүй эзэнтэй хэмээн мянгад түмэн хэлэлцэн домоглож, олон зууныг дамжин шүтэж иржээ.


Алтан овоо

 

Эрдэнийн цагаан хүлэгтэй, хив торгон баринтаг хувцастай, баруун мутартаа дайсан тотгорыг үндсээр таслагч шилэн болор илдтэй, зүүн мутартаа эрдэнэ агуулагч тэвш барьж, санасан бүхнийг хайрлах, гурван цагийг болгоох мэлмийтэй, торгон титмийг тэргүүндээ асаасан, лам, түшмэл, баатар дагинас, бараа бологч нараараа хүрээлүүлэн оршсон баатар эзэнтэй. 


Богд хан уул

 

Богд хан уулын эзэн нь дайны тэнгэр, их эзэн Чингис хааны язгуурт цаст уул адил бие лагшинтай, буман сарны гэрэл туссан мэт сүр жавхлан төгссөн, баруун мутартаа улаан цацагтай жад барьсан, зүүн мутартаа дайсан тотгорын амин зүрхийг дэгээдэгч төмөр дэгээ барьсан, элбэг дэлбэг цагаан торгон дээл хувцастай (навстай) тэргүүнээ цагаан торгон унжлага ба нар зөв эргэсэн цагаан лавайгаар чимсэн, алтан эмээл, мөнгөн хазаартай ажнай хөлгийн дээд үүлэн цагаан морь хөлөглөсөн, догшин царай дүртэй их хааны байдалтай, эргэн тойрон зарлигийг дагагч түшмэд, ноёд, салхи, үүл, бороо, аянганы эзэн тэнгэр тэргүүтний дээр жигүүртний хаан Хангарьд шувуудын чуулган, дор нь буга согоо, баавгай чоно зэрэг араатан амьтдаар хүрээлүүлсэн их хаан эзэнтэй бөгөөд Их хүрээний цамд цагаан өвгөн, Хангарьд шувуугаар төлөөлүүлэн гаргадаг байжээ.


Бурхан халдун уул

 

Өмнийн огторгуйд эрдэнэ алтан дэлхий дээр эрдэнэсээс бүтсэн сэтгэлд зохистой орд харшийг элдэв хайс саравч зэндмэнийн охиор үзэсгэлэн эрхэм бэлгэ чанар бүхэн төгөлдөр их орд харшийг таалсны дотор арслант ширээ, лянхуа саран дэвсгэр дэлгэрсний дээр асар сүр жавхлан төгөлдөр их шар нүүрт Махаранза хэмээх эрдэнийн дуаз, эрдэнээр бөөлжөгч хулгана барьсан, алтан хуяг дуулга тэргүүтэн эрдэнэсийн чимгээр чимсэн, эбам наран лугаа эвцэлдсэн адил асар сүр жавхланг бадруулан заларна. Зүүн талд нь цэцгэн шанхт их эх биеийн өнгө хөхөмдөг бөгөөд хөх  хив торгон баринтаг өмссөн, нэгэн нүүрт, хоёр мутартаа лянхуа цэцэг дэлгэрүүлсэн, тэнсэлгүй зэндмэнэ эрдэнэ тэргүүлэн, олон эрдэнээр дүүргэсэн цар тэвш барьж заларна. Эргэн тойрон найман их ягчис, олон ягчис, нөхдийн чуулганы хамт заларна. Хаан төрийн 7 эрдэнэ, өлзийт найман тахил, хонь ямаа, адуу, сарлаг, буга хандгай, харцага шувуу, хулан, ЧИХТИЙ, алаг нохой, эрдэнэт хулгана.


Говь гурван сайхан уул

 

Эгч дүү гурван бүсгүй эзэнтэй, улаан, цагаан, хөх тоорцогтой, ногоон торгон дээл, угалзтай гуталтай, Өлзийт, Цагаан, Цогт овоог харуулдан суудаг. 


Хан хөхий хайрхан

 

Хөхийн хан, хатан өнчин цагаан Дорхил, таван хүүгийн хамт эд мал арвин, идээ ундаа баялаг хүн зонд хишиг буянаа хайрлан суудаг домогтой. 


Богд Отгонтэнгэр хайрхан

 

Очирваань бурханы орон гэж үзэж, үеийн үедээ тахин шүтэж ирсэн ба хожмоо номын их мэргэд тахилгын дэг горим, сан судрыг олноор зохион айлдаж иржээ. 


Сутай хайрхан

 

Зарлигийг дагагч лусын охин, долоон хань түшээ, олон савдаг, шивдагуудаар хүрээлүүлэн, сэргэр хоёр эврээрээ дээд тэнгэрийг сүлбэж, урд хоёр туурайгаараа газрын хөрсийг онгичсон, нүдээ улаанаар эргэлдүүлсэн догшин сүрлэг цагаан сарлагийн бух унасан, тэнгэрийн цагаан хив торгон хувцастай, нүүр дүүрэн, догшдыг номхотгож, ядуусыг энэрсэн дөлгөөн харцтай, зүүн мутартаа эрдэнийн тавагтай, баруун мутартаа шар торгон хадаг намируулсан эм хүн эзэнтэй.


Суварга хайрхан

 

Баян Далха эзэнтэй, цасан цагаан цээживчтэй, ус мөрөн, ой модон шамтавтай, хадан гярга элдэв чимгээр чимэглэсэн, баруун мутартаа илд, зүүн мутартаа цалам далайсан дүртэй эзэнтэй


Цагаан өвгөн

 

Цагаан өвгөн нь Цаглашгүй наст Аюуш бурханы адистид хүчээр өнө мөнх наслах шидийг олсон бөгөөд ой сайхан цэцэрлэгт залран сууж, уул усны эздийг захиран суудаг ба түүнийг шүтсэн газар амгалан жаргалан, насан хутаг дэлгэрдэг гэнэ. 


Ханбогд хайрхан

 

Хайрханы эзэн цагаан тэмээ унасан, ногоон торгон дээлтэй, лимбэ үлээгээд тайвуухан алхуулж яваа үзэсгэлэн гоо бүсгүй эзэнтэй, тэмээнийхээ урд бөхнөөс хурганы уут зүүсэн, түүнээс нь аргалын хурганы толгой цухуйсан гэж ноён хутагт Данзанравжаа шинжсэн түүхтэй. Энэ бэлгэ дэмбэрлээрээ Галба нутагт хонь, тэмээ их өсдөг гэдэг.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]