Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Тогтох тайжийн домог мэт амьдрал

Монголчуудын тусгаар тогтнолд том гавьяа байгуулсан гол гурван баатар Зоригтбаатар Тогтох, Манлай баатар Дамдинсүрэн, Хайсан гүн нарыг өнөөдөр бүх монгол туургатан дурсаж гүнээ мэхийдэг.

“Тусгаар Монгол Улсын төлөө миний нохой амь юусан билээ..." ТОГТОХ тайж.


Богд Хаант Монгол Улсын “Зоригтбаатар”

Тогтох тайж,"Түрэмгий баатар" Баяр гүн нар

Энд үгүүлэх Тогтох тайж /Баяртогтох/ болбоос Өмнөд Монголын Жирэмийн чуулганы Горлос хошууны умард этгээдийн Хар мөрний баруун эрэг дэх “Таван таг"-ийн дэнжид хохь тайж Энхбилэггийн гэрт 1863 онд төржээ. Тэднийх мал сүрэг адгуулахын зэрэгцээ газар тариалан ч эрхэлдэг байж.

Эцэг нь төрийн хэрэгт зүтгэж гавиагүй нэгэн ч нутаг хошуундаа газар тариаланг хятадуудаас үлгэрлэн сүрхий хөгжүүлж чадсан гэдэг. Тогтох нь хар багаасаа эцгийгээ бараадан газар шороотой ноцолдож, ан гөрөө хийж явсан нь эр биеийг боловсруулахад машид хэрэг болжээ.

Эрийн цээнд хүрсэн Тогтох нутгийн бүсгүй Алиахүүг гэргий болгон авч, зургаан хүүхдийн эцэг болов. Халуун цус судсаар буцлан гүйж байсан идэр залуу тэрбээр Манж, Хятадын увайгүй авир, Монголчуудыг нухчин тасдах гэсэн санаархал, үр удмыг нь таслах бодлого зэргийг мэдрэхийн дээдээр эргэцүүлдэг болсон нь хувь заяаг огт өөрөөр эргүүлж орхисон юм.

1905 оноос эхлээд Чин улсын атар хагалбарлаж, олон тооны хятадуудыг өмнөд Монголын нутгаар оруулж суулгах бодлогыг эсэргүүцсэн зэвсэгт хөдөлгөөн хаа сайгүй, их бага хэмжээгээр гарч, зөвхөн Тогтох тайж колоничлох Манж, Хятадтай 1906-1910 он хүртэлх дөрвөн жилийн хугацаанд 104 удаагийн дайн хийж Монгол нутаг, монгол хүнийг хамгаалах тэмцэл явуулсан байна. 1890-ээд оны дунд үеэр Манжуурын өртөөнд болсон тулалдаанд япончуудад хиартал цохигдсон хятад цэргүүд дорно зүгийн суурин өртөөнүүдээр задран сарниж яг л Барон жанжинд түрэгдсэн гамин шиг авирлаж эхэлсэн байна.

Тэд Өмнөд Монголын нүүдэлч, тариачдын эсрэг дээрэм тонуул хийж, эрсийг нь дайчилж, эмсийг нь хүчирхийлж, үр нялхсыг нь бууцан дээр хаях нь энгийн үзэгдэл болов. Нөхцөл байдал тэсэхүйеэ бэрх болохын эрхээр Тоггох нөхдийн хамт Жирэмийн чуулганд орогносон хятадуудыг хүйс тэмтрэхээр санаа шулууджээ.

Залуу тайж нутгаасаа цэрэг цуглуулан зэвсэглэж, 1906-1910 он хүртэл Солон ууланд шилийн эрс шиг бүгж хятадын хар цэргүүдэд гэнэдүүлэн цохилт өгч эхэлснээр олны дунд домогшин яригддаг болов. Э.Тогтох тайжийн цэрэг Хятадын цэргүүдтэй гуч шахам удаа амжилттай тулалдан, тэр бүхэнд ялалт байгуулж чадсан юм. Гэвч хүний олноор аагласан хятадуудын эсрэг хичнээн ч удаан тэсэх билээ. Хамгаас хайртай дайчин нөхдөө өдөр өнгөрөх тусам үхэлд үдсээр л байлаа.

Аргагүйдэн хүч мөхөстсөн Тогтох Халх Монголоо бараадах, эсвэл Хаант Оросын нутагт орогнох хоёрхон зам үлдсэн юм. Өөртөө үнэнч олон шилдэг баатрууд, мах цусны тасархай эр хөвгүүдээ хятадуудад алдсан нь баатар эрийн хорсол зэвүүцлийг улам бүр бадраасан юм. Эцгийнхээ дэргэд амьд үлдсэн нь хүү Нээмэн, өөдөсхөн охин Дулмаа нараас гадна гэргий, хэдэн нөхөд л байлаа.

Тэр жил Дорнод Монголоор Тогтох үлдэгдэл хүч, өөрийн албатуудын хамт түрэгдэн орж ирэхэд Халхын зон олон халуун сэтгэлээр угтсан ч засаг ноён Сансрайдорж салхи мэт домогшин тархаж буй монгол баатрын сөрөг нөлөөнөөс балмагдан сандрахын эрхээр Хүрээний сайд Ян Чжэгээс 1908 оны хавар “Буруу номтон Тогтох ирлээ. Бид хүч мөхөстөж байна. Цэрэг явуулж сөнөөн дарж хайрла" хэмээн гоншигножээ.

Их Хүрээнээс цэрэг хөдөлж Сэцэн ханы нутгийг Тогтохын “халдвар”-аас цэвэрлэж, түүнийг умард хилийн зүг шахан гаргасан юм. Гэвч Тогтохын толгойлсон босогчдын дуулиан Халхад тасрах байтугай улам өргөжин түгсэн байлаа. Тоггох тайжийн үлдэгдэл хүч хаант Оросын хил давж, монгол тайж Читийн удирдлагатай улаан нүүрээрээ уулзан Дээд-Үдийн Харганатайд түр төвхнөсөн түүхтэй. Манжийн төр түүнийг эргүүлж өгөхийг шаардахад оросууд “Тогтох болбоос улс төрийн зүтгэлтэн болохоос дээрэмчин биш. Олон улсын хэм хэмжээг зөрчиж танай саналыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгчээ.

Түүнийг хойд нутагт хэсэг суурьших үед Богд хаант Монгол Улс байгуулагдаж, өмнөд Монголын зургаан чуулгэн, олон арван хошууд талархан дагахаа илэрхийлснээр Монгол туургатан даяар тусгаар тогтнолын тэмцэл эрчээ авсан юм.

Ар Монголд хувьсгалын гал дүрэлзэж буйг сонссон Тогтох байж суух аргагүй догдолж Нийслэл Хүрээний зүг таван дайчин нөхрийн хамт морджээ. Домогт баатрын зүсийг харсан Богд гэгээн ихэд баясч, тэргүүн зэргийн жинс, тогосын отгоор шагнаж, улсын сангаас тусгай хашаа, сууц олгосон нь түүний Манж, Хятадын эсрэг боссон шударга тэмцлийг үнэлсний илрэл байв. Тун удалгүй тэрээр хаант улсын Цэргийн яамны дэс түшмэлээр томилогдож, баруун замын байлдаанд С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн нарын хамт мөр зэрэгцэн тулалдаж, гарамгай гавьяа байгуулсан юм. Монголын төрөөс түүний гавьяаг үнэлж Улсад туслах түшээ гүнгийн зэрэг, “Зоригтбаатар’’ цолоор хөхүүлэн шагнажээ.

 

1912 оны хавар Оросын Буриадаас гэр бүлийг нь тусгай хамгаалалт дор Нийслэл Хүрээнд залан авчирсны дараа Тогтох өмнөд Монголын хошуу нутагтаа зорин очиж, цэрэг эрсийг дайчлан элсүүлж, нутгаа чөлөөлөх дайныг үүсгэн, Хятадын тэргүүн, туршлагатай хөгшин генерал Юань Шикайн их цэрэгт хэд хэдэн чиглэлээр цохилт өгч байсан түүхтэй. Дундад улс Монголын автономитыг устгахад Тогтох тайж хилэгнэн уурсаж, газар хатуугийн эрхээр өөртөө ч эргэлзэхэд хүргэж байсан аж. Түүнийг хятадын удирдлагууд хошуу нутагтаа ирж олон түмнээ захиран суухыг удаа дараа гуйсан боловч Тогтох өөрийг нь хятадууд баривчлан эрүүдэж, бах таваа хангаж ална гэдгийг сайтар мэдэж байсан болохоор эрс татгалзсан юм.

Зоригтбаатар Тогтох 1917 он хүртэл Цэргийн яаманд дэс түшмэл, Хужирбулангийн цэргийн сургуулийн захирагчийн албыг хавсран гүйцэтгэж байснаас гадна 1919 он хүртэл зургаан жил Улсын дээд хурлын бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгогдсон жинхэнэ төрийн түшээ байлаа. Засгаас түүнд Сүжигт бэйсийн хэргэм, хоёр нүдний тогосын отгоор шагнаж, 130 гаруй албатынх нь хамт Их шавийн харьяанд захирагчаар суулгасан юм.

1921 оны наадмын өмнөх өдөр Ардын Засгийн улаан хувьсгалчид түүнийг баривчилж, Барон Унгерны цэрэгт тулалдаж явсан, гэр орондоо зөвшөөрөлгүй их хэмжээний халуун, хүйтэн зэвсэг хадгалсан, сангаас зээлсэн мөнгөө эргүүлж төлөөгүй, гамингийн орхисон эд зүйлсийг нутаг хошууны арддаа тарааж өгсөн хэрэгт буруутган ял тулгаж, хэргэм зэргийг нь эвджээ. Магадгүй, тэрбээр Ардын засгийн анхны хилс хэрэгтний нэгээр ийн тодорсон юм. Шоронд удтал эрүүдэж тамлуулсан хижээл эр хатуу чанд хяналт дор гэрийн хорионд суллагдсан ч удалгүй нас барсан юм.

Монгол оронд Ардын хувьсгал ялахад бие сэтгэлээрээ талархан дэмжиж хүлээн авсан Зоригт баатар Тогтох нь ийн 1922 оны хавар цаг дор Нийслэл хүрээнд бусдад хорлогдсон байдалтай учир битүүлгээр амиа алдсан бөлгөө. Гэвч Ар, Өвөр Монгол дахинд аймшиггүй зориг, хурц сэргэлэн, авхаалжит цэргийн гарамгай жанжин тэрбээр өөрийн давтагдашгүй суу билгээрээ аман зохиолын баатар болон мөнхжиж үлдсэн юм.

Монголчууд эзэн, эрхээ алдвал эцсийн үр дүн чухам ямар болох гэдгийг тухайн цагийн эх оронч хөвгүүд мах цусаараа мэдэрсэндээ тэмцлийн үр дүнгээ харж чадсан юм. Тусгаар тогтнох их тэмцэлд бүх монголчууд хамрагдсан бөгөөд өмнөд монголчууд тэргүун зэргийн үүрэг рольтой оролцсон нь түүхэн үнэн билээ. XX зууны эхэн үеийн эл ялгуусан тэмцэлд их гавьяаг сийлж үлдээсэн өмнөд Монголын Зоригт баатар Э.Тогтох, Түшээ гүн Б.Хайсан, Манлай баатар Дамдинсүрэн, Одой ван, жанжин бэйс Бавуужав, Гончигсүрэн ван, Ялгуун баатар Сумъяа нарын гайхамшигт эх орончдыг цаг үе мартагнавч түүх яахан гээх билээ.

Тэд 1911 онд Манж Чин улсаас тусгаар Монгол Улсыг байгуулахад гол хүч болон тэмцэж, үүнийхээ төлөө амиа өгч чадсан юм. 1913 он гэхэд өмнөд Монголын 49 хошуу нь “Шинээр нийлэн ирсэн хошуу” болж бүх Монголын үндэсний хувьсгалд том түлхэц өгснийг түүхчид одоо л хүлээн зөвшөөрч байна.

Монголоо тусгаар улс болгоод өөрсдийгөө золин эрх чөлөөгөө алдсан өмнөд монголчууд түүхээ цоо шинээр бичиж байна. Монголчуудын тусгаар тогтнолд том гавьяа байгуулсан гол гурван баатар Зоригтбаатар Тогтох, Манлай баатар Дамдинсүрэн, Хайсан гүн нарыг өнөөдөр бүх монгол туургатан дурсаж гүнээ мэхийдэг. Богд хаант монголын төр өмнөд Монголоо буцаан авч, улсаа бүрэн бүтэн болгох гэж цэрэглэн хөдөлсөн Таван замын цэргийн гол хүчийг удирдсан жанжин нар нь цөм л өвөрлөгч ноёд байсныг түүх ч мартаагүй, бид ч мартахгүй.
 
Агваржин Жа.БАЯРАА

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 13. 21:04
Зочин

Гэр бүл, хүүхдүүд нь яасан юм боллоо

1 сар 12. 21:11
Red

Тогтох тайжыг дуулж байсан. Маш нэр хүндтэй, дайснууд нь нэрийг нь сонсоод л эмээдэг байсан. Нас өндөр байсан учраас дайтах чадвар нь суларч гэсэн ч Тогтох тайж байгаа гэхээр өөрийн талых нь зоригжиж эсрэг тал нь айж байсан гэдэг. Богдын торгон цэргийн захирагч байсан.
ӨВөрмонголд Хятадуудын бослого гарч 150 гаруй мянган таричидын аминд хүрэх тэр цаг үед хүчгүйн улмаас аргагүйдэж нааша Монгол руу орж ирж байсан.

1 сар 11. 21:23
enkh

saihan tuuh bn Mongolin tsogtoi baatarlag erchuudiin tuuh domog met sonsogdovch ene bugd uneheer bolson yvdal mon. Bid edgeer humuuseeree baharhan duuraih estoi shu.

1 сар 10. 16:37
Зочин

Өчигдөрхөн л энэ хоёр хүнийг Жа Лам, Тогтох тайж гэж тайлбарласан. Өнөөдөр эсрэгээрээ Баяр гүн болчихсон цохиж явна. Өнөө цагт мэдээллийн хурд маш түргэн болсон. Энэ дунд будлиантай мэдээлэл шургуулсанаар тэр мэдээлэгчийн нэр хүндэд муу болно. Нөгөөтэйгүүр энэ сайт дандаа үндсэрхэх үзлийн сэдэвтэй мэдээлэл тавих юм. Яахав байж болно л доо. Гэхдээ энэ нь хэтрээд ирэхээрээ өөр утгатай болж магадгүй. Хэзээнээс монголчуудын радикал үзлийг туйлшруулж дотроос нь хагалган бутаргах оролдлого өмнөд хөршийн зүгээс байнга гардаг байсан. Жишээ нь өөрөө яах аргагүй хужаагийн эрлийз хүн мөртөө эрлийзүүдийг үзэн ядах ажлыг удирдах гэх мэтээр. Халхууд яг үнэндээ эрлийз хурлийзын асуудалд мэдрэмж муутай ханддаг. Энэ тал дээр эрлийз хүмүүс болоод хуучин до яамны бууны нохдууд тоглолт хийдэг байсан. Тэд л цуу яриа тархааж, хэн нэгнийг зарлалын самбарт хаддаг байсан. Энэ бол зохион байгуулалттай ажил юм. Энэ тайван цагт гадны даалгавар л байдаггүй юм бол ингэж үндсэрхэхээ боливол зохилтой мэт.

2 сар 15. 10:15
Зочин

Урьд соцын үед дурсдагчгүй байсан одоо чөлөөтэй сайхан болж хойч үе маань энэ бүгдийг мэдэж байх ёстой бид үүнийг хагас дутуу ойлгож явсан.Бид оросуудын ачаар овог төрөлөөч мэдэхээ байсан,өөрсдөө бол овогоо одоо болтол аваад явж байдагшдээ?

1 сар 12. 13:17
ЗочинЗоригоо

Түүхээ мэдэх цаг, түүхээ судлах цаг гээд байгаа биш үү. Хэнээс айж алгын чинээ болох болж байнаа. Хэт үндэсэрхэг сайт ч гэх шиг болио.

1 сар 10. 12:40
Зочин

siaahn tuuh bn

1 сар 11. 15:43
Зочин

үнэн л юм бичсэн байна. үндэсний эр зоригийг бахархах ёстой одо үед

1 сар 9. 22:57
Зочин

Мартахгүй.

1 сар 10. 11:10
Зочинбат

Тогтох тайжын хажууд Дамбийжаа биш Баяр гүн байна БАяр гүн 20 наснаасаа эхлэн Тогтох тайжийн хамт Монголын төлөө байлдож явсан үнэнч нөхөр нь юм Бас Манай ноёдууд Тогтохыг Орос руу гаргасан бөгөөд тэхдээ Тогтохыг хойш явуулчихаад Манж амбанд худал бичиг илгээж байсан гэдэг юм

1 сар 11. 15:47
Зочин

бүгд л монгол улсыхаа төлөө зүтгэсэн улсууд.сайн му хэлэгддэг л болхоос биш айж агшиж долигнож яваагүй баатарууд

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]