Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XX зууны Монголын түүх бол гайхамшигУншсан2,635

Гэнэт "тэжээгчээ" алдсан 1990-ээд оны шилжилтийн хүнд үеийг эргээд харсан ч Монгол Улсын эдийн засаг дундаж өсөлтөөрөө хамгийн хурдан сэргэсэн байдаг юм.

 13-р зуун дэлхийн хувьд Монголын зуун байлаа. Алс холын 13-р зуун гэж сатааралгүй саяхан улиран одсон 20-р зууныг эргээд нэг хараарай, бидний хувьд бас л Монголын зуун байжээ...

...Дээр үед, саяхан даа, бидний аав ээжийг бага байх үед монголчууд бүгд толгой дараалан ядуу байсан гэдэг. Өвөө эмээгийн үед бол бүр ярих юм байхгүй, туйлын ядуу дээрээ өвчтэй, төр засаг нь хариас хамаатай, сул дорой, ямар сайндаа л гадны юм үзэж нүд тайлсан шинжээчид "мөхөж буй үндэстэн" гэж итгэлтэй дүгнэж байхав.

Бие махбодоороо мөхөж дуусч байсан ийм үед харин монголчуудын цог хийморь, сүлд огт бөхөөгүй байж. Үүн дээр монголчуудын дасан зохицох чадвар, аливаад онолч биш байдлаар ханддаг прагматик, тэгсэн хэрнээ өөдрөг, золбоолог байдал нь гайхамшгийг үзүүлж, монголчууд бид хэний ч санаанд оромгүй сэргэн мандсан билээ. Магадгүй хоёр хөрш маань ч суган дороосоо ийм иж бүрэн улс төрүүлчихэе гэж тооцоолоогүй байх. Иймээс 20-р зуун бол дээд тэнгэр, эцэг өвгөдийн сүнс сүлд ивээсэн бидэндээ л монголчууд бидний зуун байлаа.

Ийм байтал бид түүхээ арай явцуу хараад байх шиг. Тухайн нөхцөл байдлыг тооцолгүй, одоочилж дүгнээд байх шиг. 30-аад оны хэлмэгдүүлэлтэд МАХН-ыг буруутгаж, уучлал гуй гэж чичлэнэ, хариуд нь бид Монгол улсыг өдий зэрэгт хөгжүүлсэн гэж мэтгэлцэх юм. Энэ хандлага тэр чигээрээ буруу, утгагүй зүйл гэж бодож явдаг. Одоогийн намын ялгарал, чи би нь одоо л бий болсон ялгарал, бүлэглэл болохоос биш түүхийг биеэрээ бичиж байсан өвөг дээдэст маань тийм сонголт, хувилбар байсангүй, тэгэж маяглах завдал ч гарсангүй. Тэд коммунизм, социализм, баруунтан зүүнтэн гэж явцуу зүйл сонирхож байсангүй, тэд зүгээр л тухайн үеийн боломж бололцоог түшиглэж, улаан цагааныг үл харгалзан, боломж бүрийг л алдахгүй ашиглаж байж. Ингэхдээ янз янзын л баг өмсөж, дарамт шахалт дор элдвийн дүрд орж байж, гэхдээ тэд завшаан бүрийг гайхалтай ашиглажээ. Дээр нь эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр үе үеийнхний тусгаар байх гэсэн тэмцэл, мөн дэлхийг эзэлж байсан түүхтэй улсын гандан буурахгүй том амбиц зэрэг нь биднийг аз хийморь лүү хөтөлжээ.

Үнэхээр эргээд харахад монголчууд бидэнд алдсан боломж, ангайж өнгөрөөсөн завшаан 20-р зуунд байна уу? Боломж бололцоотой нь уялдуулаад бодоод үзээрэй, байхгүй л мэт санагдана.

Баронтой нийлж үзсэн үү? үзсэн, Бароноор хийлгэх юмаа хийлгэсэн, Хүрээг чөлөөлүүлж, гаминг хөөлгөсөн...улаантай нийлж үзсэн үү, үзсэн......ах дүү өвөр монголчуудыг нэгтгэх байсан биш үү? нэг биш оролдсон, Богд хант улсын үед цэрэг цуух илгээж байв, 1945 онд бүх цэргээ дайчилж, өвөрмонголыг чөлөөлж, суртал ухуулга ч олон аргаар л хийж үзсэн, дээгүүрээ ч хэлэлцэж үзсэн, даан ч бүтэшгүй байсан....хайран сайхан сүм хийдүүдээ устгахгүй байх боломж байсан юм биш үү? үнэ цэнэ бүхий, томоохноос нь сонгож, зориуд бидэнд үлдээсэн л байна, хангалттай биздээ, ямар ч байсан бид сүм хийдтэйгээ байна...гэх мэт маш урт уагсаалт урсгаж болно. Бидэнд жинхэнэ коммунист нийгэм байгаагүй, Чаушеску шиг амиа бодсон арчаагүй удирдагчид байгаагүй. Цэдэнбал дарга болон тэдний багийнхан хийдгээ хийсэн, боломж бүрийг маш сайн ашигласан. Түүнээс илүү яаж болох байсан бэ? ямар боломж байсан бэ? надад лав ямар ч боломж харагдахгүй байна.

Гэнэт "тэжээгчээ" алдсан 1990-ээд оны шилжилтийн хүнд үеийг эргээд харсан ч Монгол Улсын эдийн засаг дундаж өсөлтөөрөө хамгийн хурдан сэргэсэн байдаг юм. Хэнээс тусламж яаж авсан нь хамаагүй, ямар ч байсан бид боломжоо ашигласан, тэр үеийн удирдагчдын зүтгэлийн үр дүн мөн, тэнгэр биднийг ивээж байж.

Ингээд хайгаад байвал бидэнд алдсан боломж байхгүй, бидний өвөг дээдэс бүхий л бололцоог уйгагүй эрэлхийлж, өөдрөгхөн ашигласаар өдий завшиж, өнөөдрийн үр дүнд хүргэсэн санагдана. 20-р зуунд бид өөр яаж болох байсан бэ? өөр сайн хувилбар байна уу?

Бид 20 зууны түүхээ, түүхэн боломжийг гайхалтай ашигласан өвөг дээдсээ өчүүхэн жижиг нам бүлэг, нутаг нуга, өнгө мөнгөнд хувааж жижигрүүлэлгүй, эвтэй найртай магтан дурсмаар. Харин 21-р зууны бид өөрсдөө хичээж, бололцоо болгоныг нээж, боломж бүрийг ашиглаж өвгөдөөс хүлээж авсан эх орноо дэлхийн Монгол Улс болгохгүй бол өвгөдийн сүнс хилэгнэх нь гарцаагүй.

Б.Найдалаа

2010-12-16

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]