Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

ХүннүУншсан570

Хүннү нар Төв Азийн хүчирхэг нүүдэлчид, Хятадын гол өрсөлдөгч, мөн газар нутгийн хувьд харьцангуй ойр оршиж байсан тул эртний Хятадын түүх шашдирт бүрэн бус боловч хүннү нарын зан заншил, амьдралын төрх байдал төр улс болон цэргийн зохион байгуулалт зэргийг тодорхойлон бичсэн байдаг.

Доктор Загдын Батсайханы "Хүннү" хэмээх бүтээлээс түүх сонирхогч түмэн олондоо толилуулж байна.


Хүннү нар Төв Азийн хүчирхэг нүүдэлчид, Хятадын гол өрсөлдөгч, мөн газар нутгийн хувьд харьцангуй ойр оршиж байсан тул эртний Хятадын түүх шашдирт бүрэн бус боловч хүннү нарын зан заншил, амьдралын төрх байдал төр улс болон цэргийн зохион байгуулалт зэргийг тодорхойлон бичсэн байдаг. Чухамхүү энэ үеэс эхлэн хүннүгийн түүх бичлэг эхэлдэг бөгөөд МЭӨ II зууны үед бичигдсэн “Түүхэн тэмдэглэл”-ийг (“Ши-цзи”) зохиогч хятадын их бичгийн хүн Сыма Цянь, түүнийг залгамжлагч “Хан улсын түүх” (“Хан-шу”) -г зохиогч түүхч Бань-Гу (МЭ I зуун) болон “Хожуу Хан улсын түүх” (Хоу-Хань-шу”)-г зохиогч, түүхч Фань Е нарыг хүннү судлалыг үндэслэгчид гэж тооцож болно (Коновалов 1976:8).

Эртний хятадын түүхэн тэмдэглэлүүд нь XYIII зууны Францын миссионерүүдын орчуулгаар эхлээд европ дараа нь дэлхийн дорно дахины судлаачдын хүртээл болсон бөгөөд францын түүхч Дегин, Төв Азийн нүүдэлчдийн анхны түүх “Христийн мэндэлсний өмнө ба дараах үеийн Хүннү, Түрэг, Монгол болон дорнодын бусад татарын түүх” хэмээх номыг зохион туурвижээ. Үүний дараагаар XYIII-XIX зууны үед Э.Паркер, де Гроот, Н.Я. Бичурин зэрэг европын эрдэмтэн судлаачид бие даан өөр өөрийн хэлээр хятадын түүхэн дэх Төв Азийн нүүдэлчдийн тухай мэдээ зангийг орчуулсан нь дараа дараагийн судалгааны гол эх сурвалж болж орчин үеийн хүннү судлал үүсэн бий болох эх суурь тавигджээ.

XIX зууны эцэс ХХ зууны эхээр хүннү судлал шинэ шатанд гарах эхлэл тавигдаж хүннүгийн түүх соёлыг бичгийн сурвалж төдийгүй археологийн сурвалжаар нэхэж тодруулан судлах боломжид ойртсон байлаа. Тухайн үед Троицкосавск хотод ажиллаж амьдарч байсан өндөр боловсролтой антропологич, хуучныг судлаач Ю.Д. Талько-Грынцевич Өвөр Байгалын баруун урд хэсэгт хүннүгийн булшуудыг анхлан малтсан бөгөөд А.П.Окладниковын тодорхойлсноор Өвөр Байгалийн археологийн судлалыг үндэслэгч байжээ (1961). Тэрээр Зэд, Сэлэнгэ, Цөх, Хялга голын хөндий савд арван зургаан газарт 100 орчим Хүннү булш малтан судалснаас хамгийн томоохон малталтыг Хиагтаас хойш 23 км зайтай газарт орших Иволгийн аманд 33 булш, Зэд голын зүүн эрэгт орших Дэрестуйн Кутлугт 26 булш, түүнчлэн, Хар-Ус, Гуджир-мыгэ, Оргойтон, Өргөн-хөндий, Царам, Усть-Хиагтын тойрогт Сүүж, Бурдун Эдуй ба Сухой ручь тус тус малталт судалгаа зохион явуулжээ (Талько-Грынцевич 1898,1900,1901,1903).

Ю.Д.Талько-Грынцевич судалгааныхаа нэгэн өгүүлэлд малтан судалсан булшуудаа модон хашлагатай ба банзан австай гэж ангилаад, эдгээрийн хооронд ямар нэг холбоо байхгүй, өөр өөр цаг үеийн дурсгал гэж үзсэн (1905). Тэрээр модон хашлагатай булшуудыг урьдчилсан байдлаар хүннү нарын дурсгал гэж үзэж байсан бол банзан австай булшийг киргиз, түнгүс лүгээ холбоотой гэдэг бодлыг баримталж байжээ. Гэвч 1924-1925 онд Ноён ууланд явуулсан судалгаа нь Өвөр Байгалийн болоод Монголын дурсгалын хооронд төрөлсөх тал байгааг харуулах (Козлов 1925) чухал нээлт болсон бөгөөд дээрх малталт судалгаанд гар бие оролцсон судлаач С.А. Теплоухов, Умард Монгол, Өвөр Байгаль, Минусийн хязгаар, Алтайгаас олдсон бүх эд өлгийг нэгэн соёлд хамаатуулж хүннүтэй холбоотой гэжээ (1925).

Ноён уулын дурсгалыг “Монголор”нийгэмлэгийн ажилтан алт хайгч А.Баллод гэгч 1912 онд тохиолдолын байдлаар нээж зарим нэг сонирхолтой эд зүйлийг олсны дараагаар 1913 оны 3-р сарын 9-нд Оросын Газарзүйн нийгэмлэгийн Дорнод Сибирийн салбарт “Монголын Хараа голын эхэнд орших үл мэдэгдэх ард түмний эртний булш” хэмээн гарчигласан захидлыг илгээж үүний ач холбогдлыг тогтоож өгөхийг хүсжээ. Гэвч тухайн үед ямар нэг арга хэмжээ авалгүй байсаар 11 жилийн дараа 1924 онд П.К.Козловын удирдсан Монгол, Төвдийн экспедиц ирж мөн оны 11-р сарын 7 нд тус экспедиц болон Монгол ард улсын Ардын Гэгээрлийн яаман дэхь эрдмийн зөвлөлтэй олдворыг өгөх авах тухай хэлэлцээр байгуулж монголын талаас Ц.Жамцарано, Оросын талаас экспедицийн ахлагч П.К.Козлов, экспедицийн археологийн салбарын эрхлэгч С.А.Теплоухов нар гарын үсэг зуржээ (Козлов 1925).

Монгол, Төвдийн экспедиц Ноён ууланд 6 том, 4 жижиг булшийн ихэнхийг худаглах аргаар малтаж булшны бүтэц зохион байгуулалтыг судлахад бага анхаарчээ. Дээрх булшуудаас гарсан эд өлгийн зүйлд тулгуурлан гол төлөв хэсэгчилсэн байдлаар олон тооны судалгааны өгүүлэл нийтлэгдсэнээс С.И.Руденкогийн бүтээл материалыг тал бүрээс нь судлаж, задлан шинжилсэн дорвитой ажил болжээ (1962).

1928-1929 онд Г.П.Сосновскийн удирдсан Буриад-Монголын археологийн экспедиц Ильмийн аманд хүннүгийн 11 булшийг малтахын зэрэгцээ Улан-Удэ хотын ойролцоо орших хүннүгийн сууринг малтан судлах ажлыг анх эхэлжээ ( Сов. археол. 1946). Иволгын суурингаас гадна Цөх голын зүүн эрэгт орших Дурен сууринд Г.Ф.Дебец, гурван газар гэрийн орыг малтан судалсан бөгөөд уг материалыг хожим нь Г.П.Сосновский ашиглан “Цөх голын хөндий дэх хүннүгийн үеийн суурин” хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна (1947).

Г.П.Сосновскийн экспедицээс хойш 20 жилийн дараа 1949 онд А.П.Окладниковоор ахлуулсан Буриад-Монголын археологийн хоёрдугаар экспедицийг томилон ажиллуулсан ба судалгааны нэг чиглэл нь хүннүгийн хот сууринг малтан судлахад чиглэж байлаа. 1949-1950 онд В.П.Шиловоор ахлуулсан хэсэг Иволгын сууринг малтаж эхэлснээс гадна 1955 оноос эхлэн А.В.Давыдовагийн удирдлагаар уул сууринг олон жил дараалан судлаж хүннүгийн аж ахуй-соёл, нийгмийн байгууллыг судлах их хэмжээний шинэ хэрэглэгдэхүүнийг бий болгосон бөгөөд олон жилийн судалгааны үр дүнг нэгтгэж хэвлүүлжээ (1985, 1995). 1956 оноос эхлэн Иволгийн суурингийн зэрэгцээ оршуулгын газрыг давхар судлаж эхэлсэн бөгөөд уг цогцолбороос гарсан эд өлгийн зүйлд дулдуйдан оршин тогтсон хугацааг нь МЭӨ II-I зууны үе гэж тогтоожээ. 1972-1975 Дурен сууринд хайгуулийн малталт судалгаа зохион явуулж хүннүгийн газар тариалан гар урлалд холбогдох олон сонирхолтой эд өлгийн зүйлийг олсоноос гадна хүннүгээс хойш үргэлжлэн оршин тогтож байсан гэдэг урьдчилсан дүгнэлт хийжээ (Давыдова 1978:59).

1980-1983 онд буриадын археологчид Улан-Үдээс урагш 60 км зайтай, Сэлэнгэ мөрний баруун эрэгт орших Баргай, Дэрестуйн оршуулгын газраас дээш 20 км, орчим зайтай, Зэд голын баруун эрэгт байх Ёнхор тосгоны орчим хүннүгийн хоёр суурин, мөн Тугнуй голын хөндийд орших Баян Хард оршуулгын газар нэгийг шинээр илрүүлэн олжээ (Коновалов 1985:41).

1965-1972 онд П.Б.Коноваловын удирдлагаар Буриадын өмнөд нутагт өргөн хүрээтэй хайгуул судалгаа хийж эхлэхийн зэрэгцээ Хиагтын ойролцоох Черемухов ба Ильмийн ам, Зэд голын адаг Дэрестуй зэрэг гурван газарт суурин судалгаа хийсний үр дүнд хүннүгийн талаархи эд өлгийн сурвалжид нэмэр болохуйц багагүй шинэ хэрэглэгдэхүүн бий болсон ажээ (1976). Тэрээр олон жилийн хээрийн судалгааны материал дээрээ үндэслэн “Хүннү нар Өвөр Байгальд” хэмээх нэгэн сэдэвт зохиолоо туурвисан бөгөөд хүннү судлалаар урьд өмнө гарсан олон тооны бүтээл, тухайлбал, Ю.Д.Талько-Грынцевич, Г.П.Сосновский, П.ККозлов, С.А.Теплоухов, С.И.Руденко болон Ц.Доржсүрэн нарын судалгааг өргөн ашигласан байдаг. Энэхүү бүтээлд шинээр малтан судалсан булшуудын бүрэн тодорхойлолтыг өгөхийн хамт хэвлэгдээгүй материалыг дэлгэн гаргаж хуучин материалтай харьцуулан системчилсэн бөгөөд анх удаа хүннүгийн оршуулгын зан үйлийг археологийн хэрэглэгдэхүүнд үндэслэн тусгай бүлэг болгон авч үзжээ. Уг зохиол нь хэдий бэр одоогоос хорин хэдэн жилийн өмнө гарсан боловч хүннү судлалын (археологийн) хамгийн сүүлийн үеийн дорвитой бүтээлд зүй ёсоор тооцогдоно. 1970 -аад оноос эхлэн С.С.Миняев, Буриадын нутаг дахь хүннүгийн дурсгалууд судлаж байгаа бөгөөд хүннү нарын хүрэл боловсруулалт болон өвөг хүннүгийн асуудлаар зарим нэг сонирхолтой өгүүллүүдийг хэвлэн нийтлүүлжээ (1975,1985,1987,1988,1989).

Орос оронд явуулж байсан археологийн судалгаа шинжилгээний ажлын үр дүн нь нүүдэлчдийн мандан гарсан уугуул нутаг, хөрш зэргэлдээх Монгол орны археологийн дурсгалуудыг судлах ажилд анхаарлаа хандуулахад хүргэсэн юм. Ийнхүү Монгол орныг археологийн талаар судлах үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд Орос, Зөвлөлтийн судлаачид чухал хувь нэмэр оруулсныг дурдалгүй өнгөрч болохгүй.

Алдарт Ноён уулын дурсгалыг малтан судалсны дараагаар 1927 онд ШУДБ-ийн Хүрээлэнгийн Түүх судлах газрын фондод хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан байсан А.Д.Симуков Шинжлэх Ухааны Хүрээлэнгээс 700 төгрөгийн зардал гаргуулж Сүжигтийн аманд хоёр том булшыг малтан дуусгажээ (Доржсүрэн 1961:38). Малталтаас торго даавууны сэмэрхий, хивс, хятад ханз үсэгтэй чий будагтай аяга зэрэг хүннүгийн дурсгалын он цагийг дахин тогтоох шинэ хэрэглэгдэхүүнийг олсон байна. Симуковын судалгаа нь Шинэ Монгол улсын засгийн газрын хөрөнгө мөнгөний дэмжлэгээр зохион явуулсан анхны археологийн экспедиц байсан гэдгийг онцлон тэмдэглүүштэй.

1933-1934 онд Д.Букинич, Орхон голын сав дагуух археологийн дурсгалуудуудыг хоёр жил дараалан судлаж зохих үнэлэлт дүгнэлтийг хийхийн хамт археологийн дурсгалуудыг орон нутгийн хүмүүс төдийгүй засгийн газрын байгууллагууд хүртэл эвдэн устаж байгаад ихээхэн санаа зовж СССР улсын адил түүх соёлын дурсгалыг хамгаалах хууль хэрэгтэй гэдгийг сануулан бичсэн байдаг (ТХГБФ 1933). Түүний тайланд хүннү булш малтан судалсан тухай мэдээ гарахгүй байна.

1942 оны 8-р сард Төв аймгийн Авдарбаян сумын нутаг Хүйтэний голд Хөдөөгийн хэмээх Пэрлээ археологийн олон үеийн дурсгалтай газрыг сонгон авч хэд хэдэн булшийг малтан гадаад, дотоод бүтэц зохион байгуулалт, эд өлгийн зүйлийг харьцуулан судлаж зохих санал дүгнэлтийг гаргажээ (Пэрлээ 1942). Энэ бол монгол хүн бие даан археологийн малталт судалгаа зохион явуулсан анхны баримт мөн бөгөөд түүний эрдэм судлалын их аяны гараа байжээ.

1948 онд С.Киселевийн удирдсан Монгол, Зөвлөлтийн археологийн экспедицийн үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд эртний Хар Хорум хотын туурийг малтан судлаж дундад эртний монголын аж ахуй, түүх соёл, хот байгуулалт зэрэг олон асуудлыг нэхэн хэлэлцэх сонирхолтой шинэ хэрэглэгдэхүүнийг бий болгожээ (1965). Тус экспедицийн бүрэлдэхүүнд хожим нь монголын археологийн асуудлаар олон тооны эрдэм шинжилгээний бүтээл туурвисан А.П.Окладников, Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн, Н.Сэр-Оджав нар оролцон ажиллаж байсан бөгөөд хожим нь 1965 онд хэвлэгдэн гарсан “Эртний монголын хот суурин “ гэдэг бүтээлд судалгааны үр дүнг дэлгэрэнгүй оруулжээ.

1950-иад оны үеэс археологийн мэргэжилтэй үндэсний боловсон хүчин төрөн гарснаар Монголд хүннү судлалыг орчин үеийн шинжлэх ухааны түвшинд хөгжүүлэх эхлэл болсон байна. Үндэсний судлаачдаас анх түрүүн түүхч Н.Ишжамц их төлөв эртний хятад сурвалжийн мэдээ зангид дулдуйдан МЭ IY зууны эхэн үе хүртэлх үеийн хүннүгийн түүхэн үйл явц, удам угсааг шинжлэн судалсан анхны өгүүлэлээ хэвлүүлжээ (1956:17-38). Тэрээр хүннү нар бол Хятадын хойт талаар нутаглаж байсан монгол угсааны аймаг бөгөөд хожимын монголчууд мөн гэж үзжээ.

Ноён уулын малталтаас хойш хориод жилийн дараагаар 1954 онд Ц.Доржсүрэн хүннүгийн дурсгал судлах ажлыг дахин шинээр эхлэж Хүнүй гол, Ноён уул зэрэг газарт малталт судалгаа зохион явуулжээ. Тэрээр Өвөр Байгалын хүннүгийн археологийн дурсгалууд, Ю.Д.Талько-Грынцевич, П.К.Козлов, С.А.Кондратьев, Андреев, А.Д.Симуков болон өөрийн хээрийн судалгааны хэрэглэгдэхүүнд түшиглэн хэд хэдэн өгүүлэл нийтлүүлжээ ( 1958, 1961, 1962). Түүнчлэн, Хүнүй гол, Хараагийн Ноён уул зэрэг газарт энгийн иргэдийн хүннү булш малтахын зэрэгцээ язгууртны хоёр том булшийг бүтэн талбайгаар нь эхлэн малтаж түүний бүтэц зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Хожим тэрээр эдгээр судалгааныхаа хэрэглэгдэхүүнд түшиглэн “Умард хүннү” хэмээх нэгэн сэдэвт бүтээлээ нийтлүүлсэн нь манай хүннү судлалын анхны томоохон бүтээл болсон төдийгүй монголын материалыг судлаачдын хүртээл болгох чухал алхам болжээ (Доржсүрэн 1961). Ц.Доржсүрэн, археологийн судлалын хэрэглэгдэхүүнд түшиглэн хүннүгийн түүхийн үндсэн асуудлуудад хариулт өгөхийн зэрэгцээ хүннүгийн соёлын эх сурвалжийг Монгол нутагт өргөн дэлгэрсэн дөрвөлжин булш лугаа холбон үзжээ. Мөнхүү хүннүгийн хэмээх өгүүлбэрийг монгол хэлээр унших оролдлого хийж тэдний угсаа гарвалыг монгол угсаатанд хамруулан үзсэн байна. Түүний бүтээлийн дутагдалтай тал нь өөрийн малтан судалсан булшуудын дэвсгэр болон зүсэлт зэрэг зураг хөргийг хавсаргаагүй ажээ. 1960-аад оны үеэс эхлэн Монгол нутаг дахь хүннүгийн дурсгалыг шинжлэн судлах ажилд гадаад, дотоодын судлаачид Ц.Доржсүрэнгийн хамт Баруун Монголын нутагт археологийн хайгуул судалгаа зохион явуулж Ховд аймгийн нутагт хүннүгийн шинэ дурсгалыг бүртгэсэн (Волков, Доржсүрэн 1963) ба 1961 онд Ц.Доржсүрэн, Унгарын судлаач И.Эрдели нар Хараагийн Ноён уулын Хужиртын аманд хоёр булш малтан судалж тэр тухайгаа тусгай өгүүлэл бичиж хэвлэн нийтлүүлжээ (Erdelyi 1962; Доржсүрэн 1963).

1962 онд Монголын археологийн үе бүрээр манай судлаачдын туурвисан өгүүлэлүүдийг ЗХУ-д эмхэтгэн гаргасан бөгөөд түүнд Ц.Доржсүрэнгийн Хараагийн Ноён уул, Хануй голд малтан судалсан хүннү булшны материал оржээ ( 1962). 1960 онд Монгол улсын ШУА, Унгар улсын ШУА-ийн хооронд байгуулсан гэрээ ёсоор Бэлхийн аманд хүннүгийн 3 булш малтан судалжээ (Сэр-Оджав 1963). 1963, 1964 онд Д.Наваан, И.Эрдели нар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хүнүй голын сав Наймаа толгой хэмээх газарт буй хүннү булшнаас 4-ийг малтаж судалгааны урьдчилсан үр дүнг нийтлүүлжээ (Erdelyi, Наваан, 1965). 1977 онд Шинэ Дархан хотын орчим болон төмөр замын Салхит өртөөний орчим газар шорооны ажлын үеэр эвдэрч ил гарсан эд өлгийн дотор ноцолдож буй адуу, чонын толгойн дүрстэй бүсний хүрэл ялтас, шигтгээтэй пайз зэрэг ховор олдвор байсныг түүж цуглуулж авснаас гадна 1971 онд В.В.Волков, Д.Наваан нар Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт Тэвш уулын хүннү булшийг малтаж эхэлжээ (Волков 1972). Энэ үеэр Н.Сэр-Оджав Архангай аймгийн Хашаат сумын Хутаг ууланд нэг хүннү булш малтаж судалсан боловч холбогдох материалыг нийтлээгүй аж. Д.Цэвээндорж дээр дурдсан Тэвш ууланд 1972-1977 онд найман булш ухаж хожим судалгааны үр дүнгээр өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна. Тэрээр булшуудын оршуулгын зан үйлийг эртний түрэгийн оршуулгын ёстой харьцуулан үзээд тэдгээрийн хооронд угсаа гарвалын холбоо харагдахгүй байгааг дурдаад харин хожмын монголчуудын оршуулгын зан үйлтэй илүү төстэй (1982, 1987) гэж үзсэн боловч түрэг, монголчуудын оршуулгын зан үйлд ижил төстэй олон заншил байдгийг анзаараагүй бололтой.

1970 оны үеэс Д.Цэвээндорж хүннүгийн дурсгалыг дагнан ухаж эхэлсэн бөгөөд 1973, 1981 онд Увс аймгийн Чандмань сумын Чандмань уул ( 1974, 1975), 1974 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Наймаа толгой, 1975, 1982 онд Хөвсгөл аймгийн нутагт хүннүгийн дурсгалуудыг судлаж зэр зэвсгийн түүхэнд холбогдох сонирхолтой эд өлгийн зүйлийг олжээ (Асеев нар 1987). Уг судалгаанд Н.Сэр-Оджав унгарын судлаач И.Эрдели, оросын судлаач В.В.Волков, И.В.Асеев, Ю.С.Худяков нар оролцсон ажээ.

Н.Сэр-Оджав “Монголын эртний түүх” хэмээх нэгэн сэдэвт зохиолынхоо нэгэн бүлгийг хүннүгийн асуудалд зориулсан байна. Гэхдээ, Хараагийн Ноён уулын булшны материалд дулдуйдан бичсэн байх бөгөөд хүннүгийн нийгэмд биеэ даасан давхрага гар үйлдвэр эрхлэгчид бий болсон гэдэг дүгнэлт хийжээ. Мөнхүү хүннүгийн нүүдэл болон түүний дэлхийн иргэншилд оруулсан хувь нэмрийг хөндөн тавьсан нь шинэлэг санаа болсон байна.

1968 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг Дуулга ууланд хүннүгийн нилээд сонирхолтой 140 гаруй булшыг шинээр олж 1969, 1971, 1975, Д.Наваан; Д.Баяр 1976; Д.Цэвээндорж 1988 ; З.Батсайхан 1998 онуудад малталт судалгаа зохион явуулж төмөр дөрөө (?) (Erdelyi 1975) хөрөө, өвөрмөц хийцтэй ваар савууд болон Чжоу улсын хожуу үеийн гурван хөлт хүрэл тогоо, дэнгийн хүрэл цөгц, өвөрмөц хийцтэй ваар сав, гоёмсог хээтэй авсны таг, жад зэрэг судалгааны ач холбогдол бүхий шинэ хэрэглэгдэхүүн олжээ. Дуулга ууланд нийт 25 орчим булш малтан судалсан боловч ихэнх булшны материалыг одоо болтол судалгааны хүрээнд оруулаагүй байна.

Хүннү судлаач Г.Сүхбаатар олон жилийн судалгаанд үндэслэн 1980 онд “Монголчуудын эртний өвөг” хэмээх нэгэн сэдэвт зохиолоо хэвлүүлжээ. Тэрээр эртний хятад сурвалжууд болон гадаад, дотоодод янз бүрийн хэл дээр гарсан хүннүгийн тухайд судалгааны зохиолуудыг өргөнөөр ашиглахын хамт археологийн судалгааны материалыг боломжийн хэрээр тусгажээ. Уг нэгэн сэдэвт зохиол нь хүннүгийн нийгмийн байгуулал, аж ахуй-соёл, угсаа гарвал, хэл зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамт цогцолбороор судалсан сүүлийн үеийн томоохон бүтээл болсон байна (1980). Тэрээр судалгаандаа систем аргыг хэрэглэн хүннү нарыг монгол угсаатан мөн гэж үзсэн ажээ.

Д.Наваан, В.В.Волков нар 1980-1982 онд Архангай, Булган, Төв аймгийн нутагт 40 орчим хүннү булш, 1990 онд Д.Наваан Ховд аймгийн Манхан сумын нутагт хүннүгийн язгууртны хоёр том булшийг өөрийн боловсруулсан аргачилалаар малтан судлаж судалгааны үр дүн болон аргачилалаа хэвлэн нийтлүүлжээ (1999).

Д.Цэвээндорж 1986-1991 онуудад Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий нутагт хүннү булш ухсан бөгөөд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Наймаа толгойн булшуудаас тамга тэмдэг сийлсэн ваар сав, Хан улсын үеийн бүтэн цагаан хүрэл толь, МЭ 14 онд цутгасан хүрэл зоос зэргийг олж МЭ I-III зууны булш гэж үзсэн байна (Цэвээндорж 1990). Мөн Төв аймгийн нутаг Морин толгой гэдэг газраас хүннү булшнаас ясаар хийсэн хэл хуур олдсон бөгөөд Д.Цэвээндорж уг хуурыг булшнаас олдсон хэл хуурын хамгийн эртнийх нь гээд хүннү нараас бусад ард түмэнд дэлгэрсэн гэж үзсэн байна (1990,1992).

З.Батсайхан дээрх ваарны тамга тэмдгийг хүннүгийн хуучин болон шинээр олдсон тамга тэмдгийн зүйлтэй нэгтгэн судалж нүүдэлчдийн хэрэглэж байсан эртний дүрс бичиг буюу “кему” бичиг бичиж магадгүй гэсэн санал дэвшүүлжээ. Үүнээс гадна хүннүгийн түүхэн он цагийн тухай сурвалжийн цөөн хэдэн мэдээг археологийн судалгааны он цагтай харьцуулан умард хүннү улс мөхсөн он цагийг МЭ II зууны дунд үед холбогдох бололтой гэжээ (1993).

Д.Цэвээндорж 1986 онд Алтайн говиос хүннүгийн бүлэг булшийг олж малтан судалсан ба нумын бүтэн ясан наалт, бүтэн ваар сав, хүрэл тогоо зэрэг эд өлөг олж судалгааны хүрээнд оруулжээ. Тэрээр судалгааныхаа үр дүнд хүннү нар нутаглаж байсан өргөн уудам нутагт оршуулгын нэгдсэн нэг заншил тогтсон бөгөөд тэдний хүн амын үндсэн хэсэг нь монголчуудтай угсаа гарвал нэг байсан гэдэг дүгнэлтэд хүрчээ. Ю.С.Худяков дээрх малталтаас олдсон нумын ясан наалтуудыг судлан өгүүлэл бичиж нийтлүүлжээ (1990: 126-131). Өгүүлэлд нумын наалтуудыг ангилахад голлон анхаарчээ. Түүнчлэн З.Батсайхан дээрх нумын наалтуудыг бусад газраас олдсон наалтуудтай харьцуулан хүннү нумын хэлбэр, хийцийн онцлог зэргийг тайлбарлахыг оролджээ ( 1992).

Зохиогч Хүннүгийн булшнаас олдсон 100 гаруй шавар сав суулгыг нарийвчлан судлах оролдлого хийжээ (Цэвээндорж нар 1995). Сүүлийн үеийн судалгаагаар анх удаа ваар сав хийж байсан зуух хэд хэдэн төрлийн багаж олдоод байгаа нь нүүдэлчид өөрийн ваар савны үйлдвэрлэл эрхлэж байсныг давхар бататгаж байна. 1999 онд Монгол, Солонгосын хамтарсан экспедиц Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хустын булаг хэмээх газарт ваар сав шатааж боловсруулж байсан зуухыг малтан судалсан тухай товч мэдээ гаргажээ (Археологийн судлал 1999).

1991-1999 онд Сүхбаатар, Булган аймгийн нутагт хүннүгийн шинэ дурсгалуудыг олж малталт судалгаа зохион явуулж байна. Үүнээс Сүхбаатар аймгийн Дэлгэрхаан ууланд малтсан булш тоногдож эвдрээгүй байсан нь хүннү булшны жинхэнэ хэлбэр зохион байгуулалтыг нарийвчлан судлах бололцоо олгосон байна. Хээрийн судалгаагаар хүннү нарын түүх-соёл, он цагийн асуудлыг дахин нягтлан үзэх шинэ эд өлгийн зүйлс олдсон байна.

Хүннүгийн хот, хэрмийг Х.Пэрлээ дагнан судлаж хээрийн судалгааны материалаа удаа дараа хэвлэн нийтлүүлсэн бөгөөд хожим түүний нэгэн сэдэвт зохиолын суурь болжээ (1961). Дээрх хот, хэрмийн ихэнх хэсэг нь тахилгын газрууд бөгөөд зөвхөн Гуа довын хэрэмд хүн удаан хугацаагаар сууж байжээ. Тэрчлэн, оросын судлаач Э.В.Шавкунов Төв аймгийн нутаг дахь Баруун Байдлигийн туурийг хүннү эдийн засаг соёлын томоохон төв байсан гэж үзсэн байна ( Коновалов 1985) . Гэвч эдүгээ олж тодруулсан хүннүгийн хот суурин хэрэм бэхлэлтийг бүхэл талбайгаар судалсан нь үгүй зөвхөн тэдгээрийн он цагийг урьдчилан тогтооход чиглэсэн бага хэмжээний малталтаар хязгаарлаж байсныг дурдах хэрэгтэй.

1990 онд Д.Цэвээндорж, И.Эрдели нар Төв аймгийн нутаг Бороогийн голд хүннүгийн нэгэн сууринд сорилтын ухалт хийж ваар сав хийж багаж, гологдол болсон ваар савны хэсэг зэрэг хүннүгийн гар урлал, үйлдвэрлэлийн асуудлыг судлах сонирхолтой материал олсны заримыг нь судалгааны хүрээнд оруулжээ. Үүнээс гадна 1990 онд Өмнөговь аймгийн Баянбулагийн туурийг дахин судлаж хэрмийн баруун хойт буланд бага хэмжээний малталт хийсэн бөгөөд эндээс умард хүннүгийн хот суурины асуудлыг нягтлан үзэх шинэ хэрэглэгдэхүүнүүд олджээ. Малталтаас гарсан үшү зоос, хятад хийцийн ваар савны хагархай, холховч нумын оньс, мутрын тэмдэг, төмөр сурвалжит хүрэл зэв зэрэг олдворт үндэслэн хүннүгийн үед дагаар орсон хятадууд сууж байсан суурин гэж үзээд хятадаас хүннүд дагаж орсон Чжао Синь жанжинд зориулан барьсан суурин гэж үзсэн бөгөөд хожим нь Д.Цэвээндоржтой хамтран хэвлүүлжээ (1994) .

1990-ээд оноос эхлэн Эгийн голд усан цахилгаан станц барих дуулианаар археологийн судалгаа зохион явуулж байна. Ялангуяа, Эгийн голын Бурхан толгойн 100 орчим хүннү булшийг бүхэлд нь малтаж дууссан бөгөөд урьдчилан үр дүнг нь нийтлүүлжээ (Эрдэнэбаатар 1998).

Хэрэглэгдэхүүнээс үзвэл монгол нутагт 3000-4000 орчим хүннү булш байгаагаас 300 орчим булшийг малтан судлаж зөвхөн 150 орчим булшны материалыг хэвлэн нийтлүүлж үлдсэн хэсэг нь судлаачдын хүртээл болж чадалгүй дарагдсаар байгаа ажээ.

Эдүгээ хүннү судлал нь дорно дахины судлалын нэгэн бие даасан салбар болон хөгжиж байгаа боловч шийдэгдээгүй олон асуулт хариу хүлээсээр байна. Уг асуудлыг шийдвэрлэх ганц боломж нь археологийн судалгаа бөгөөд дараа дараагийн судалгааны үр дүн хүннүгийн тухай бидний ойлголт төсөөллийг улам бүр баяжуулах нь эргэлзээгүй.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]