Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Монголчуудыг Монголжуу, Монгол улсыг олон ястны болгосон ньУншсан4,280

1911 онд нэг үндэс, нэг хэлтэй гэж үзэгдэж байсан Монголчууд чухам яагаад, хэрхэн ингэж үзэгдэх болов? Ялангуяа 1911 он, 1928 оны хооронд юу өөрчлөгдөв? Чухам эдгээр асуултын хариуг тодруулах зорилгоор энэхүү илтгэлээ та бүхний анхааралд толилуулж байна.

Удиртгал

 

Монгол улсыг сэргээн байгуулагчдын нэг үндсэн зорилго нь Монголчуудын үндсийг хамгаалах явдал байсан билээ. Монголчууд “язгуурын нэгэн өвөг овгийн” (Очир, Пүрвээ 1982: 279, 142), “нэгэн угсааны яс махны төрөл”, “нэгэн үндэсний тул” “зүй нь жаргавч, зововч төрөвч үхэвч хамт болбаас зохино” (Магсаржав 1994: 41-2, 55) гэж тэд үзэж байжээ.  Тэдний хувьд Монголчууд бусдаас ангид “сургаал, шашин, хэл бичиг, үсэгтэй” (Магсаржав 1994: 41, 19) байлаа. Гэвч хорь хүрэхгүй жилийн дараахны Монголын эрх баригчдын хувьд зөвхөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсад (БНМАУ) өөр өөр үндэс угсааны 30 шахам бага ястан оршиж байсан төдийгүй Монголын төр засгаас тэдгээр бага ястны тус тусын үндэс угсаа, хэл соёл, аж ахуй, боловсон хүчнийг хөгжүүлэхийг эрмэлзэн “үндэс угсааны бодлого” буюу “бага ястны тухай бодлого” хэмээх кампанит ажлыг улс орон даяар өрнүүлж байлаа.

Эдүгээ Монгол улсад 20 гаран ястан буюу угсаатны бүлэг, дэлхий дээр 7 Монголжуу хэл, хэд хэдэн Монголжуу үндэстнүүд оршиж буй ажээ (Кара 2005: 190). 1911 онд нэг үндэс, нэг хэлтэй гэж үзэгдэж байсан Монголчууд чухам яагаад, хэрхэн ингэж үзэгдэх болов? Ялангуяа 1911 он, 1928 оны хооронд юу өөрчлөгдөв? Чухам эдгээр асуултын хариуг тодруулах зорилгоор энэхүү илтгэлээ та бүхний анхааралд толилуулж байна.

Үүний тулд миний бие 17-оос 20-р зууны эхэн үеийн Монголын болон Дайчин улсын түүх бичлэгийн сурвалжууд, шинээр хэвлэгдсэн Дайчин улсын Монгол сурвалжууд, 18-аас 20 зууны эхэн үеийн Орос болон Европын аялагчид, судлаачдын Монголын талаарх зохиол бүтээлүүд, Зөвлөлт, Монголын Монгол судлалын эрдэмтэдийн зохиол бүтээлүүд 19-р зууны сүүлээс 20-р зууны 50-иад оны сүүл хүртэлх үеийн архивийн сурвалжуудыг судлаж үзлээ.

Угсаатанчлалын парадигм товчхондоо

Эдүгээ олон Монголжуу хэл, үндэстэн оршиж буйн үндсэн шалтгаан нь Монголын тусгаар тогтнолын тэмцэл тухайн үеийн олон улсын харилцаа, их гүрнүүдийн баримталж байсан байр суурийн өмнө хүчин мөхөсдсөнтэй шууд холбоотой нь хэн бүхэнд ойлгомжтой хэрэг билээ. Гэхдээ Монголын тусгаар тогтнолоо олж авсан хэсэг болох Монгол улсад чухам яагаад 30-аад ястан буюу угсаатны бүлэг, хэд хэдэн зуун овог, аман аялгуу бүртгэгдэж бий болсон нь миний сонирхолыг татаж энэ судалгааг хийхэд хүргэсэн билээ.

Уг асуудлыг ихэнх судлаачид нэг талаас Монгол дахь феодалын буюу улс төрийн бутрал ба Манжийн хагарган бутаргах бодлого, нөгөө талаас Монголын “нүүдлийн нийгмийн овог аймгийн байгуулалттай” холбон тайлбарлаж иржээ. Гэвч миний судалгаа уг асуудлыг ихээхэн өөрөөр тайлбарлахад хүргэж байна. Монголчууд ба Монгол улсын энэ бүх “олонлогоос” бүрэлдэх болсон нь Монголын улс төрийн бутрал, эсвэл Монголчуудын овог аймгийн байгууллаас болсон гэхээсээ илүү тун саяханаас тухайлбал 1930-аад оноос эдүгээ хүртэл Монголд ноёлох болсон Монголыг эрт ба эдүгээгийнх нь хамт угсаатны зүйн нүдээр, парадигмаар харж, ойлгож, тайлбарлах болсонтой холбоотой болохыг судалгаа маань харуулж байна.

1928 онд Монголын шинэ эрх баригчдын хамт Монголыг угсаатны зүйн үүднээс бүр тодруулбал “угсаатанчлалын парадигмаар” харах үзэл Монголд хуваарьгүй ноёрхох болсон байна. Улмаар уг парадигм Монгол ба Монголчуудыг үзэх “үнэний дэглэм” (Фүко 2001) болон хувирч төрийн бодлого, эрдэм шинжилгээ, боловсролын системд нэвчиж, Монголчуудыг “угсаатанчлалын дурангаар” ангилах, ялгаварлах, хуваарилах, хүмүүжүүлэх бүхэл бүтэн “угсаатанчлалын парадигмийг“ бий болгожээ.

Улмаар уг систем Монголчуудад “угсаатанчлалын нүд” суулгаж тэдний итгэл үнэмшил болгосноор Монголчууд болон Монгол улс энэ бүх өөр өөр үндэстэн, ястан буюу угсаатны бүлэг, овог, хэл, аман аялгуу зэрэг ижилслийн “олонлогоос” бүрэлдэх болсон байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Улмаар “угсаатанчлалын парадигм” нь Монголын эдүгээг төдийгүй өнгөрснийг ч мөн “угсаатанчилсан” байна. Үүний улмаас эдүгээгийн Монгол угсаатны бүлгээс бүрэлддэг бол өнгөрсөн Монгол овог аймгийн бүлгээс бүрэлддэг, өөрөөр хэлбэл Монгол үргэлж л бүлгийн олонлог байсан болжээ. Түүгээр ч барахгүй Монгол төдийгүй төв Азийн энэхүү газар нутаг мөн “угсаатанчлагдсан” байна. Чухам түүний улмаас Төв Ази хэмээх энэ газар нутаг ямар нэг үл ойлгогдох гайхамшигт увидастай болж төрөл бүрийн ард түмнүүдийг ар араас нь угсруулан төрүүлж, зүг бүрт (ихэвчлэн өрнө зүгт) цөлдөг угсаатан-ард түмэн төрүүлэгч голомт болжээ.

Гэтэл Төв Азийн хөрш зэргэлдээх тухайлбал Хятадад төр улс л халагдан солигдохоос бус ард түмэн нь халагдан солигдож байсангүй. Тиймээс Төв Азийн түүх улс төр-иргэншлийн түүх гэхээсээ илүү “угсаатан-соёлын” түүх болон хувирч, түүний хамт Монголчууд Монгол хэмээх төр улсын бүтээл бус харин Төв Азийн төрүүлсэн ээлжит нэгэн угсаатан болж хувирчээ. Энэ утгаараа Төв Азийн түүх төр улс-иргэншлийн гэхээсээ илүү байгалийн түүхэнд хамаарах болжээ.

Монголыг олон ястны болгосон нь

Монгол чухам яагаад, хэрхэн энэ байдалд хүрэх болов? Энэ асуултанд хариулахын тулд юуны түрүүнд 1911 он, 1928 оны хооронд юу өөрчлөгдөөд Монголд “угсаатанчлалын парадигм” ноёлох болж, БНМАУ 30 шахам өөр өөр үндэс угсаа бүхий бага ястантай болов гэдгийг тодруулья.

Бид бүхний мэдэж буйгаар 1911 онд Монголын тусгаар тогтнолыг сэргээгсэд нь Чингисийн угсааны ноёд, тэдний хань хамсаатан хутагт хувилгаад байсан билээ. Гэтэл 1928 он бол “хөдөөгийн” Ө.Бадрах, П.Гэндэн, Дорно дахины Хөдөлмөрчдийн Коммунист Их Сургуулийн (ДДХКИС) З.Шижээ, Б. Элдэв-Очир тэргүүтэй, ядуу, дорд, жинхэнэ ард гаралтай Зүүнтнүүд хэмээх Коминтерны тавиулууд Монголын засгийн эрхэнд гарсан үе билээv.  1911 оноос 1928 оны хооронд Монголд болсон хамгийн том хувьсгалт өөрчлөлт нь чухам энэ буюу Монголыг байгуулж, түүнийг олон зуун дамнуулан авч ирсэн Чингисийн угсааныханы эрх мэдлийг халж, “хөдөөгийн”, ядуу, дорд ард Монголыг засаглах болсон явдал юм.

Эрх баригчдын хамт Монголыг үзэх үзэл халагдсан байна. Монголыг тодорхойлж, төлөөлж, бүтээж ирсэн Чингисийн угсааныханы үзэл халагдаж түүний оронд ДДХКИС-д суралцсан “хөдөөгийн” ядуу, дорд, харц гаралтай залуусын “үзэл” Мoнголд ноёлох болсон юм. Харц гарал, залуу нас нь тэднийг Чингисийн угсааныханы үзлээс тасалсан бол зах хязгаар хөдөө нутгийн гарал, боловсрол нь тэдэнд Монголыг, Монголын ерөнхий улс төрийн амьдралын нарийн ширийнийг ойлгох боломжийг ч тун хомс олгожээ. Энэ бүхэн нь тэднийг Зөвлөлтийн үзэл суртал, нөлөөнд хялбар автахуйц төдийгүй даган баясахуйц болгосон аж. Үнэндээ тэд Коминтерн, Зөвлөлтийн бодлогыг Монголд хэрэгжүүлэхийн тулд тавигдсан учир тэд Коминтерн, Зөвлөлтийн Монголын талаарх үзэл баримтлалыг төлөөлж байсан юм. Тийм ч учир тэдний Монголд явуулсан “бага ястны тухай бодлого” хэмээх кампанит ажил нь Коминтерн ба Зөвлөлтийн Монголд явуулж байсан бодлогын бүрэлдэхүүн төдийгүй, Зөвлөлтөд үндэстний асуудлыг шийдэхийн тулд Большевикуудын явуулж байсан үндэстний бодлогын хуулбар байсан юм.vi

Чухам энэ үед буюу 1928 онд Борис Владимирцов “Зүгээр л Монголчууд гэж байхгүй, харин Халхчууд, Харчинууд, Буриадууд, Чахарууд гэх мэт л бий … бие биенээсээ … ялгардаг төрөл бүрийн овог аймгууд, … өөрсдийгөө … Монгол овог аймагт (монгольскому племени) багтаан үздэг Монгол ард түмнүүд (монгольские народы)” л бий. “Монгол овог аймгуудад харьяалагдахын үндсэн шинж тэмдэг нь хэл юм. Монгол хэлээр ярина гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь аль нэг Монгол аялгуугаар ярина, Халхууд, Харчинууд, Буриадууд, Дөрвөдүүд ярьдаг шиг ярина гэсэн үг. Нэгдмэл нийтийн хэл байхгүй, байгаа ч үгүй, бие биенээсээ ямар нэг хэмжээгээр ялгардаг бүлэг аялгуунууд л байдаг, тэгээд л тэр” гэж тунхаглаж байсан нь Коминтерн, ЗХУ-аас Монголын талаар явуулж байсан бодлоготой цаг хугацааны хувьд ч, үзэл баримтлалын хувьд ч яв цав нийлж байсан юм (NARK, f.R3, op.2. d. 114).vii  Чухам энэ үеэс эхлэн Монголыг ойлгох энэ парадигм Монголд, Монгол судлалд ноёлох болсон билээ.

Улмаар Зүүнтнүүд ч чухам энэ парадигмыг тулгуур болгож Монголд Касимов гэгч зөвлөгчтэй, “бага ястан” гэдэг статустай өөр өөр “үндэс угсааны” буюу “үндэстний” төлөөллөөс бүрэлдсэн, Алтайн Урианхайн Т.Сурахбаяраар даргалуулсан Үндэс угсааны явдлын зөвлөл буюу Бага ястны зөвлөлийг байгуулж Зөвлөлтийн заавар, зөвлөгөө, туршлагыг үнэнчээр мөрдөж “үндэс угсааны” буюу “бага ястны тухай бодлого” хэмээх кампанит ажлыг эрч хүчтэй явуулж Монголыг уг бодлогынхоо дагуу өөрчлөн байгуулж эдүгээгийн олон “үндэстний”, “үндэс угсааны”, эсвэл “олон угсаатны” эсвэл олон ястны Монгол улсыг бүтээжээ.viii  1930-аад оноос эхлэн Зүүн удирдлага Судар бичгийн хүрээлэн, Улсын бага хурлын гишүүд, орон нутгийн удирдлагуудыг дайчлан Монгол дахь үндэстэн угсаатнуудыг бүртгэж, хүн амыг нь тоолж, газар нутаг хуваарилж, засаг захиргааны өөрчлөлт хийж, үндэс угсааных нь ухамсар сэтгэлгээг нь сэргээж, боловсон хүчнийг нь бэлтгэж, хэл соёл, эдийн засгийг нь хөгжүүлж, улмаар яс үндсээр нь ангилж паспортжуулсан байна.

Чухам тийм ч учир Монгол хэмээх нэр нь Монгол улсад албан ёсоор үндэстний юм уу “яс үндэс”, “үндэс угсаа”, “яс угсаа”-ны нэр бус болж, харин ЗХУ-ын нэгэн адил төр улс, орны нэр болон хувирч Монголчууд Монгол хэмээх “үндэс угсаанд” бус харин Халх, Дөрвөд, Дарьганга, Дархад хэмээх “үндэс угсаануудад” хамаарагдах болсон төдийгүй Монголчууд албан ёсоор Халх, Дөрвөд, Дарьганга, Дархад хэмээх хүн, хүмүүс болон бүртгэгдэх болсон байна.  Ингэснээр Монгол улс нь Халх, Дөрвөд, Дарьганга, Дархад гэх мэт олон ард түмний зэрэгцэн орших олон үндэс угсааны ЗХУ-ын нэгэн адил улс болсон юм. Өөрөөр хэлбэл Монгол улсад Монголчууд биш харин Халхууд, Дөрвөдүүд, Дарьгангачууд, Дархадууд оршин суудаг болж хувирсан байна.

Монголын паспорт, тооллого болон элдэв бүртгэл дээр байдаг “яс үндэс”, “үндэс угсаа”, “яс угсаа” хэмээх категори национальность гэдэг утга илэрхийлж байсан учир Жамсраны Цэвээн Зүүнтнүүдийн даалгавараар 1934 онд бичиж дуусгасан Дархад, Хөвсгөл нуурын Урианхай, Дөрвөд, Хотон, Баяд, Өөлд, Мянгад, Захчин, Торгууд, Хошууд, Цахар, Дарьганга, Алтайн Урианхай, Хасаг, Хамниган нарын гарал, үндэс байдлын өгүүлэл хэмээх зохиолдоо тэднийг “аймаг” хэмээн “доош нь хийсэн төдийгүй” бүгдийг нь Монгол үндэснийх гэж Орос, Зөвлөлтийн эрдэмтдийг сөрөн батлахыг оролдож байжээ (Цэвээн 1934). Чухам тийм ч учир А.Амар мэтийн хүмүүс 1938 он хүртэл “яс угсаа”-гаа Монгол гэж бүртгүүлж байсан нь өөрийгөө Монгол л гэж ойлгож байсныг нь харуулах төдийгүй, Монголчуудыг олон үндэстэнд хувааж буйтай эвлэрч чадахгүй байсныг нь гэрчилж байгаа юм. Үнэндээ Монголчууд Халх, Дөрвөд, Дарьганга, Дархад хэмээн бүртгүүлдэг ч Н.Ишмамцын тэмдэглэсэнчлэн аман эсвэл хар ярианд Монголчууд өөрсдийгөө Монгол (Булаг 1998: 102), эсвэл дор хаяхад “Халх” гэж бүртгүүлэгсэд нь өөрсдийгөө Монгол л гэж ойлгодог, дууддаг билээ.

Гэтэл Б.Я.Владимирцовын дэвшүүлсэн парадигмаар Зөвлөлтөд бэлтгэгдсэн Б.Ринчен (1979), Ш.Лувсанвандан (1959) тэргүүтэй Монголын судлаачид Владимирцовын үзэл баримтлалыг улам төгөлдөршүүлж нэгэнтээ Монголд 30 шахам угсаатны бүлэг, хэдэн зуун овог, 304 зүйлийн нутгийн аялгуу (Болд 1993: 151) илрүүлэн байршил, нутагшил, тархацыг нь тогтоож нарийвчилсан атлас хүртэл гаргасан төдийгүй, зан заншил, хэл соёлынх нь ялгааг нэг бүрчлэн бүртгэж, олон боть ном, сурах бичиг, нэвтэрхий толь, музейн үзмэр бэлтгэсэн бол Монголын соёл урлаг, боловсролын байгууллагууд нь тэдгээр угсаатны, ястны хүн амыг хүмүүжүүлэн үйлдвэрлэх болсон байна.ix Эндээс та бүхэн Монголын улс төр, бичгийн зарим хүмүүс Монголыг өөрөөр харж байсныг, түүгээр ч барахгүй орчин цагийн Монголын эрдэмтэд, судлаачдын бүтээсэн Монголын дүр төрх нь Монголчуудын аман эсвэл хар яриатай, амьдралтай тэр бүр нийлэхгүй байгааг анзаарч байгаа байх.

Тиймээс одоо чухам А.Амарын эсвэл Ж.Цэвээний эсвэл Монголчууд “аман” эсвэл “хар” яриандаа өөрсдийгөө Монголчууд гэж нэрлэх, дуудах болсон нь ямар учиртайг тодруулахыг оролдоё. 1930-аад оноос өмнө Монголчууд эсвэл дор хаяхад үзэл баримтлал нь сурвалжид тусгагдан үлдсэн тэр Монголчууд Монголыг 1930-аад оноос хойшхи Монголчуудаас өөрөөр гэхдээ Амарынхтай, Цэвээнийхтэй эсвэл аман буюу хар ярианыхтай төстэйгөөр ойлгодог байсныг судалгаа маань харуулж байна. Нэгэнт хэрэглэж буй 1930-аад оноос өмнөх, түүний дотор ялангуяа 1900-оод оноос өмнөх сурвалжууд маань ихэвчлэн Чингисийн угсааны ноёд тайж нар болон тэдний хамсаатан лам, хутагтуудын бийрийн үзүүрээр бүтээгдсэн учир би тэр сурвалжуудын илэрхийлж буй үзэл санааг Чингисийн угсааныханы парадигм (Chinggisid paradigm of Mongolia) гэж нэрлэв.

Монголыг үзэх Чингисийн угсааныхны парадигм

Монголыг үзэх Чингисийн угсааныханы үзэл нь тэдний эзэн эрх дээр суурилсан Монголыг бүхэлд нь тэвэрсэн үзэл байв. Өөрөөр хэлбэл Чингисийн (шууд ба шууд бус) угсааныханы эрх барьж ирсэн тэр орон зай Чингисийн угсааныханы хувьд тусдаа бие даасан “Монгол улс”, “Монгол орон”, “Монгол нутаг”, “Монгол овогтон” байв (Л.Мөнх-Эрдэнэ 2006). Тиймээс ч тэдний нэг В.Инжаннаши “Цагаан хэрмийн гадна бүхүй Монгол хэмээгч манай энэ биеийн нэгэн аймгийн оршсон хойд бие Орос улсад зах нийлж, зүүн этгээд Хармөрөн, баруун хязгаар Хөхнуур, үүний дотор бүхүй өвөр зургаан чуулган, ар дөрвөн аймаг Халх, Хөхнуур, Цахар, Барга, Өөлд, Дөрвөд, Ил, Ховд хэмээн таван мянган газар, урт түмэн газар шахам ийм их газар” гэж бичиж байжээ (Инжаннаши 2006: 58, 57, 45).x  Тиймээс Кристофер Этвудын (1994) хэлснээр Чингисийн угсааныханы хувьд Монгол “үргэлжид тусдаа улс орон” байсан бөгөөд хэзээ нэгэн цагт Дайчин улсаас салан тусгаарлаж тусгаар “төр улс болох нь зүй ёсны” хэрэг байсан юм.

Үнэндээ тэдний Монголыг үзэх үзэл нь Дайчин улсын өмнөх үеийн Монголын улс төр, засаг захиргааны байгууллын улбааг хадгалсан ч, Монгол Дайчин улсын хүрээнд хэрхэн улс төр засаг захиргааны хувьд хэрхэн зохион байгуулагдсан байсныг гүн гүнзгий шингээсэн үзэл байв.xi Энэ утгаараа Чингисийн угсааныханы Монголыг үзэх үзэл нь Дайчин улсын хүрээнд Монголын эзлэж байсан байр суурь, улс төр засаг захиргааны байгуулал дээр суурилсан төрийн нүдээр (seeing like a state) Монголыг үзэх парадигм байв.xii

Гадаад Монгол гэсэн нэрийн дор Монгол Дайчин улсын бусад хэсгээс тусдаа засаг захиргаа, газар нутаг, хил хязгаар, хууль цааз, хүн амтай байсан учир Чингисийн угсааныхан Монголыг “Монгол улс”, “Монгол орон”, “Монгол нутаг”, “Монгол овогтон” гэж харж байсан юм. Үнэндээ Дайчин улсын дор Монголын олон ханлиг улсууд нэгэн дээвэр дор нэгдэж, улмаар Дайчин улсын явуулсан бодлогын улмаас тэдгээр ханлигуудын улс төрийн байр суурь бүдгэрчээ. Тиймээс ч 19-р зууны сүүл үе болоход Халх, Хөхнуур, эсвэл Өөлд, Ил, эсвэл Дөрвөд Ховд ялгарахгүй болсон учир “Халх, Хөхнуур, Цахар, Барга, Өөлд, Дөрвөд, Ил, Ховд” гэж нэгэн дор бичигдэж байсан хэрэг юм. Өөрөөр хэлбэл чухам улс төрийн ач холбогдол нь алдагдсан учир Халх, Цахар гэх мэт Монголын хүчирхэг ханлигууд Ил, Ховд, Хөхнуур зэрэг Дайчин улсын үеийн засаг захиргааны хэсгүүдтэй нэгэн адил үзэгдэх болсон байна.

Үнэндээ тэдгээрийг бүгдийг нь тус бүрд нь “аймаг” гэж нэрлэж байсан бөгөөд харин “аймаг” нь тухайн үед хожим нийгмийн хувьслын онолын бий болгосон нийтлэг угсаа гарал, ураг төрлийн зохион байгуулалт бүхий төр улсын өмнөх үеийн нийгмийн хөгжлийн шатны хүмүүсийн нийтлэг бус харин нэгэн төр улсын дотор болон дор орших дэд хэсгүүдийг нэрлэдэг нэр томьёо байсан юм. Үнэндээ “аймаг” гэдэг нэр томьёо 17-р зууны хоёр дугаар хагас хүртэл Монголын нэрлэгдсэн хэсгүүдийг нэрлэдэг нэр томьёо байгаагүй бөгөөд чухам 1636 онд Монголын ноёд Манжийн эрх баригчийг хаанд өргөмжилж Дайчин улсыг байгуулснаар тэдний эзэмшлүүдийг “аймаг” гэж нэрлэх болсон юм (Этвуд 2010, Мөнх-Эрдэнэ 2010, 2011). Дайчин улсын явуулсан бодлогын улмаас хошуу, чуулган илүү их ач холбогдолтой болж аймгууд бүдгэрч, нэрс нь Монголын газар нутгийн хэсгийг нэрлэдэг нэр томьёо шахуу болсон байв.

Улмаар Дайчин улсын хүрээнд Гадаад Монголын хүн амыг бүхэлд нь нэгэн адилаар Монголчууд гэж ангилж, нэрлэж байсан учир Дайчин улсын хүрээнд Монголын нэгдэл, нийтлэг Монгол ижилсэл сэргэсэн юм. Чухам эл учир Чингисийн угсааныханы Монгол овогтон нь бүх Монголчуудыг хамарч байсан юм. Тиймээс ч 19-р зууны Боржигин тайж Гончигжав (2006: 60, 82-83) Торгууд, Өөлд, Хойд, Дөрвөдийн ноёдыг Добу сохорын дөрвөн хүүгийн үрс Боржигин овогтнууд гэж бичиж байсан бол Монголын тусгаар тогтнолд оролцсон язгууртнууд Монголчуудыг “язгуурын нэгэн өвөг овгийн Монголчууд”, “язгуураас нэгэн овог төрөл”, “язгуураас нэгэн угсааны яс махны төрөл”, “уг язгуур үндэс нэг бөгөөд ашиг зовлон хамт”, “язгуураас нэгэн үндэсний тул зүй нь жаргавч, зововч төрөвч үхэвч хамт болбаас зохино” гэж үзэж байсан ажээ.

Чухам Чингисийн угсааныхан Монголыг ингэж үзэж байсан учир Монголын төр улс бүх Монголчуудынх байх ёстой гэж үзэж Хятадын эрх мэдэлд үлдсэн Өвөр Монгол, хаант Оросын булаан авсан Тагнын Урианхайг эгүүлэн авах байр суурийг Монголын эрх баригчид туйлбартай баримталж байжээ. Монголыг үзэх Чингисийн угсааныханы үзэл баримтлал Монголд ноёлох парадигм байсан юм бол Владимирцовын, Зүүнтнүүдийн парадигм хаанаас гарч ирсэн байж таарах вэ?

Монголыг үзэх угсаатны зүйн парадигм

Монголыг үзэх Чингисийн угсааныханы парадигмийн хажуугаар Монголыг үзэх өөр нэг парадигм бий болсон нь Орос, Европ дахины Монгол судлал, түүний дотор ялангуяа 19-р зууны Оросын газар зүйн нийгэмлэгээс илгээсэн удаа дараагийн шинжээчдийн бий болгосон Монголын талаарх угсаатны зүйн мэдлэг байсан юм.

Орос болон Европт Монгол судлал Халимаг, Буриадыг судлах замаар эхэлсэн бөгөөд улмаар Халимаг, Буриадын талаарх мэдлэгээр төдийгүй Халимаг, Буриадуудын, ялангуяа Байгалийн чанадахь Буриад козакууд (Cossacks) болон Буриадын залуу сэхээтнүүдийн тусламжтайгаар Монголыг судлаж, нээж эхэлсэн ажээ. Тиймээс Монгол судлал эхнээсээ Монголыг зах хязгаар, салбараас нь төдийгүй, зах хязгаар салбараас харсан нүдээр хөтлөгдөж эхэлсэн юм. Гэтэл Европ болон Сибирийн өмнөд хэсэгт бие биенээсээ алслагдан оршихын дээр, Монголоос улс төрийн хил хязгаар, нутаг дэвсгэрийн хувьд алслан таслагдсан хаант Оросын харьяат Халимаг, Буриадыг Орос, Европын эрдэмтэд судлан нээх явцдаа тэднийг хоорондоо “арьстны” буюу “угсаа гарвал”, хэл, соёлын хувьд холбоотой, ижил төстэй болохыг төдийгүй улмаар Монголчуудтай холбоотой, тэдний хэсэг болохыг нь нээсэн байна. Оросын харьяат, хүн ам цөөтэй Халимаг, Буриадыг Орос, Европын эрдэмтэд шууд л овог аймгийн байгуулалтай гэж үзсэн төдийгүй тэднийг Монголын овог аймаг гэж үзэж, ингэснээрээ Монголыг Халимаг, Буриад шиг овог аймгуудаас бүрэлддэг гэж ойлгох болжээ.

Үнэндээ Монгол тусгаар төр улс бус харин Дайчин улсын захиргаанд орших тархай бутархай олон ноёд тайж нарын эзэмшлүүдээс бүрэлдэж байсан нь үндэстэн-улсын эрин үеийн төвлөрсөн улсуудад боловсорч, нийгмийн хувьсалын онол, угсаатны зүйн мэдлэгээр зэвсэглэсэн Орос, Европын эрдэмтдийн уг ойлголтыг улам бэхжүүлж өгсөн байна. Чухамдаа Монгол тусгаар төр улс биш байсан учир улс төрийн категори биш харин “арьстны” угсаатны, угсаатны зүйн, соёлын категори байлаа. Чухам эл учир Монголыг улс төрийн хил хязгаараар бус харин угсаатны зүйн хил хязгаараар өөрөөр хэлбэл “арьстны” (угсаатны), хэл, соёл зан заншлын хил хязгаараар тодорхойлон судлах болжээ. Тиймээс Халимаг, Буриад нар нь угсаатны (этнографическая) Монголын бүрэлдэхүүн хэсэг байв. Чухам эндээс угсаатны зүйн буюу эрдэм шинжилгээний Пан-Монголизм (Academic Pan-Mongolism) үүссэн бөгөөд энэ нь хожим улс төрийн Пан-Монголизмын (Political Pan-Mongolism) суурь болсон байна.

Монголыг үзэх угсаатны зүйн буюу эрдэм шинжилгээний Пан-Монголизм нь үнэндээ угсаатаны судлалын парадигм (ethnological paradigm) байлаа. Монгол “арьстны”, “угсаатны”, “соёлын” категори өөрөөр хэлбэл байгалийн түүхийн бүтээгдэхүүн болсон төдийгүй нийгмийн хувьслын онолын дагуу “угсаатан-ард түмний” хөгжлийн төр улсын өмнөх шат руу хуваарилагдаж, овог аймгийн зохион байгуулалттай болжээ. Чухам нийгмийн хөгжлийн овог аймгийн шатанд оршиж байсан учир Монгол угсаа гарлын хэлхээ холбоотой бүлэг цөл овог аймгийн олонлогоос бүрэлдэх болж, ингэснээр Монгол угсаа гарлын холбоотой бүлгүүдийн олонлог болж хувирчээ. Ийнхүү угсаатны зүйн парадигм нь Монголыг угсаатны зүйн категори болгож Халимаг, Буриадыг нэмсэн төдийгүй, Монголыг өөрийг нь угсаа, соёлын олонлог болгож хувиргажээ. Тиймээс энэ парадигм нь үнэхээр Пан-Монголын төдийгүй бас Олон-Монголжуугийн (Multiple-Mongolic) байлаа. Монголыг үзэх Чингисийн угсааныханы парадигмд Монгол улс төрийн категори байсан бөгөөд улс төр, засаг захиргааны нэгж аймаг, чуулган, хошуудаас бүрэлдэж байсан бол Монголыг үзэх угсаатны зүйн парадигмд (ethnographic paradigm of Mongolia) Монгол угсаатны зүйн категори төдийгүй угсаатан судлалын категори болж “угсаатны” нэгжүүд болох овог аймаг, ястнаас (народность) бүрэлдэх болжээ. Ингэснээр Халх, Дөрвөд, Дарьганга, Дархад зэрэг нь аймаг буюу улс төр засаг захиргааны хөгжлийн явцад бий болсон хэсэг, нэгж бус харин хүмүүс, Халх, Дөрвөд, Дарьганга, Дархад хэмээх хүмүүсийн нийтлэг, бүлэг болж хувирсан байна. Ийнхүү улс төр, засаг захиргааны нэгж хүмүүсийн бүлэг болж хувирсан төдийгүй, тэднийг угсаатны парадигмаар тодорхойлж байсан учир тэд угсаа гарал, хэл соёл, зан заншил гэх мэт угсаатны зүйн хувьд ялгаатай хүмүүсийн бүлгүүд болжээ. Ингэж улс төрийн хуваагдал соёлын, улмаар “яс цусны”, өөрөөр хэлбэл байгалийн ялгаа болж хувирчээ.

Чингисийн угсааны Монголыг үзэх парадигмд Монгол улс төрийн категори болохын хувьд Чингисийн угсааныханы засаглалаар хил хязгаар нь тодорхойлогдож, энэ утгаараа Дайчин улсын Гадаад Монголоор Монгол тодорхойлогдож байсан бол угсаатны зүйн Монгол хэл, соёлоор тодорхойлогдож Халимаг, Буриадыг ч төдийгүй хамрах болов. Чингисийн угсааны парадигмд Монгол улс төр захиргааны хувьд хуваагдсан нэг ард түмэн байсан бол угсаатны зүйн парадигмд Монгол хэл, соёлын хувьд ижил төстэй овог аймгуудын нийтлэг нэршил байлаа. Чингисийн угсааны парадигм Монголыг төрийн, эрх баригчдын өнцөгөөс дээрээс харсан улс төрийн парадигм байсан бол угсаатны зүйнх нь Монголыг угсаатны зүйн үүднээс гаднаас, зах хязгаараас, доороос харсан парадигм байлаа. Чингисийн угсааныханы парадигм Монголыг улс төрийн хил хязгаараар харж байсан учир тухайн улс төрийн хил хязгаарын доторхийг бүхэлд нь, цулд нь нэг ард түмэн гэж харж байсан бол угсаатны зүйн парадигм нь Монголыг ижил төстэй олон овог аймгийн олонлогоор харж байлаа. Тиймээс Чингисийн угсааныханы парадигм Монголыг нэг цулаар харж байсан бол угсаатны зүйнх Монголыг ижил төс ба ялгаа гэдэг категориор харж түүний ижил төсийг, төдийгүй ялгааг томруулан харж байлаа.

Энэ парадигмийн ялгааны туйлыг дээр эшилсэн Б.Я.Владимирцовын байр суурь илэрхийлж байсан бол ижил төсийн туйлыг нь мэдээж Ж.Цэвээний үзэл баримтлал төлөөлж байлаа. Энэ хоёр байр суурь нь эрдэм шинжилгээний бус харин улс төрийн чиг баримжаа байв. Ж.Цэвээний үзлийг Пан-Монголын гэдгийн адил Б.Я.Владимирцовынхыг Олон-Монголын эсвэл олон Монголжуугийн үзэл (multiple-Mongolic) гэж нэрлэж болох юм. Үнэндээ Монголыг үзэх угсаатны зүйн парадигм нь нэгэн зэрэг Пан-Монголын болон Олон-Монголжуугийн байсан бөгөөд чухам Пан-Монголын болгох уу эсвэл Олон-Монголжуугийн болгох уу гэдэг нь улс төрийн байрь сууринаас л шалтгаалах зүйл байв. Хэрвээ Монголыг нэгтгэх байр суурь баримталбал Пан-Монголын, хэрвээ Монголыг задлах, хуваах байр суурь баримтлавал Олон-Монголжуугийн болгон хувиргах боломжтой парадигм байсан юм. 1928 онд Зүүнтнүүд чухам Олон-Монголжуугийн үзлийг хөхүүлэх, Пан-Монголизмийг булшлахын төлөө засгийн эрхэнд тавигдсан бөгөөд тэдний хувьд Ж.Цэвээний болон Монголын бусад эрх баригчдын баримталж байсан Чингисийн угсааныханы үзэл баримтлал хоёулаа Пан-Монголын үзэл байсан нь ойлгомжтой учир тэд түүнийг ч мөн булшилсан юм.

Олон-Монголжуугийн үзлийн ялалт

Одоо Олон-Монголжуугийн үзэл Чингисийн угсааныханы болон Пан-Монголын үзлийг хэрхэн халах болсныг авч үзье. Чингисийн угсааныханы үзлийг баримтлагчдын дэвшүүлсэн зорилт нь Дайчин улсын Гадаад Монголыг тусгаар тогтносон Монгол улс болгох явдал байсан бол Пан-Монголын үзэлтнүүдийн зорилт нь “бүх Монгол овог аймгийг нойрноос сэрээж”, тэдэнд үндэсний ухамсар суулгаж, улмаар нэгэн төрийн дор нэгтгэж, Монголчуудын нэгдсэн төр улс байгуулах явдал байлаа. Харин Пан-Монголын үзлийн Монгол нь Дайчин улсын харьяанд байсан Монголоор төдийгүй Халимаг, Буриадыг хамарч байв.

Гэтэл Орос, Хятад хоёр дөнгөж Халх, Ховдын хязгаарт автономи эрх олгох замаар Монгол улсыг хязгаарлахын хамт Хятад өмнөд Монголыг, Орос Тагнын Урианхайг салган авахаар шийдсэн байна. Гэвч Монголын эрх баригчид Дайчин улсын Гадаад Монголын бүрэлдэхүүнд байсан өмнөд Монгол, Тагна Урианхайг буцааж авах байр суурин дээр 1924 оны МАХН-ын 3-р их хурал хүртэл тууштай зогссон аж. Монгол үндэстнийг нэгтэх зорилт МАХН-ын эрмэлзэх арван зүйл буюу мөрийн хөтөлбөрт тусгагдсан байсан тул Монголын эрх баригчид “Монгол овогтныг нэгтгэж улсын суурийг бататгах” (Бадрах 2001: 49), Тагнын Урианхайг Монголд буцаан авахыг тууштай эрмэлзэж байсан ажээ. Чухам эл учир МАХН-ын мөрийн хөтөлбөрийг өөрчлөх асуудлыг Элбэгдорж Ринчино дэвшүүлэхэд С.Данзан уг “эрмэлзэх арван зүйл бол Ринчино нарын зэрэг хүмүүсээс шинэ зүйлийг нэмэн гаргасан төдийгөөр өөрчилж болох тийм энгийн зүйлүүд бишээ” гэж тууштай хамгаалсны улмаас амиа алдахад хүрсэн байна (МАХН-ын гуравдугаар их хурал 1966: 65).

С.Данзанг хөнөөснөөр МАХН-ын мөрийн хөтөлбөрийг өөрчлөх, Тагнын Урианхайг Монголоос тусгаар болгох зам засагдсан байна. Улмаар Коминтерн МАХН-ын мөрийн хөтөлбөрийг шинээр боловсруулах ажлыг гартаа авч, Коминтерний төлөөлөгч Матвей Амагаев “Гадаад Монголын олон түмэн ард бол бусад монгол овогтны нэгэн адил эрх чөлөө эдлүүлсүгэй гэж хүсэх нь зүйтэй боловч энэ тухайг намын мөрийн хөтөлбөрт тусгай зүйл болгон оруулсны хэрэггүй…Гадаад монгол бол бусад монгол овогтны дур саналыг хэрэгсэхгүй бүх монгол угсаатан ба газар усыг нэгтгэнэ гэх нь зохилдохгүй…Монгол улсаас Тагнын Урианхайг заавал бидэн лугаа нэгдтүгэй гэж тэдний зориг хүслийг мохоож зохилдохгүй” (МАХН-ын дөрөвдүгээр их хурал, 1978: 97). Харин ч “Тус нам нь зорилгодоо олон үндэстний тухай аливаа овогтон өөрөө засах хэргийг ёсоор явуулахыг үндэс болговол зохих бөгөөд энэ нь монгол овогтны ард түмэн үндэсний эрх чөлөөг олсны хойно хэрэв тэдний эрх ашигт зөрөх зүйлгүй бөгөөс өөрсдийн дур саналаар нэгдэж холбоот улс тогтоход саад боомт болох явдалгүй болой” (Мөн тэнд, 97-98) гэж номлосноор Монголыг нэгтгэх асуудал мөрийн хөтөлбөрөөс хасагдаж улмаар 1926 онд БНМАУ Тагнын Урианхайг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Ийнхүү Монголчууд олон ард түмэнд, олон улсад хуваагдах болжээ.

Түүгээр ч барахгүй Коминтерны төлөөлөгч М.Амагаев нарын боловсруулсан хөтөлбөр (1925 оны гуравдугаар сарын бүгд хурал дээр) “БНМАУ-ын дотор халхчууд ба бусад үндэстний бага аймгууд хоорондоо аливаа тусгаарлан үзэх явдлыг бүрмөсөн халж, ялангуяа бусад үндэстний бага буурай аймгуудын тухай халхчуудын зүгээс дээрэнгүйлэн үзэх мэтийг бусад үндэстний бага буурай аймгуудыг ялгаварлахгүй жинхэнэ ардын эрх чөлөөг хүндэтгэх” (МАХН-ы тогтоол шийдвэр, 1956: 113) гэж зүтгэсний улмаас “БНМАУ-ын хязгаарт багтсан олон угсааны ардад өөрөө засах эрхтэй болгохыг батлах” болсон байна (МАХН-ын дөрөвдүгээр их хурал, 1978: 113). Ийнхүү Монгол улс ч олон үндэстэн, ястны улс (multi-ethnic) болжээ.

Тагнын Урианхайн тусгаар тогтнолыг зөвшөөрсөн ба “олон угсааны ардад өөрөө засах эрхтэй болгохыг батласан” нь “Тагна урианхай тусгаар улс болоод байхад Чандманийн аймаг тусгай улс болоход үл болох газаргүй” (МАХН-ын долдугаар их хурал, 1980: 167) гэсэн үзлийг дэвэргэсэн төдийгүй хожим У.Булагийн (1998) “Халх-төвийн үзэл” (Halh-centrism) гэж нэрлэсэн “мангасыг” ч бий болгосон байна. Ингэснээр Монголын тусгаар тогтнол, нэгдлийн төлөө боссон хэн бүхнийг нэг бол Пан-Монголын үзэлд эсвэл Халх-төвийн үзэлд буруушаах хаалга нээгджээ.

Ийнхүү 1924 он гэхэд Монголыг үзэх Чингисийн угсааныханы парадигм, улс төрийн үзэл баримтлал дарагданxiii  мөхсөн байна. Монголын улс төрийн тавцанд Монголыг угсаатны зүйн парадигмийн үүднээс үзэх үзэл ноёлох болж түүний хоёр хувилбар болох Пан-Монголын үзэл, Олон-Монголжуугийн үзэл хоёр өрсөлдөх болжээ. “Нутгийн захиргааг ардчилах” гээч болон хаант засгийг халж бүгд найрамдах нэртэй Зөвлөлийн засаглал (власть советов) тунхагласнаар Чингисийн угсааныхан улстөрийн тавцанаас үндсэндээ арчигдсан бөгөөд хаант байгуулал халагдсанаар Чингисийн угсааныханы байгуулсан төрийн хэлбэр ч халагдсан байна. Улмаар хаант байгууллыг халж, Чингисийн угсааныханыг зайлуулсан нь Ар Монголыг Чингисийн угсааныхан засагласаар байсан өмнөд Монголоос улс төр, нийгмийн байгууллын хувьд ч тасалсан хэрэг байлаа. Үндсэндээ Чингисийн угсааныханы төрийн дор Монголыг нэгтгэх боломж ийнхүү бүрмөсөн алдагдсан байна.

Улмаар нутгийн захиргааг ардчилж, бүгд найрамдах засаглал тунхаглаж, Зөвлөлийн засгийг байгуулж, анги ялгаварлан “жинхэнэ харц дорд ардыг” хөхүүлснээр Ө.Бадрах, П.Гэндэн, З.Шижээ, Б. Элдэв-Очир, Л.Лааган нарын орон нутаг, зах хязгаарын явцуу үзэлтэй харцас төрийн эрхэнд гарах боломж нээгджээ. Энэ нь хэрэг дээрээ Чингисийн угсааныхан болон тэдний дэргэд хүмүүжсэн түшмэдүүдийн Монголыг харах “бүргэдийн нүдийг” (bird’s eye view) харцас доордсын “шавьжны нүдээр” (worm’s eye view) халсан улс төр, нийгмийн төдийгүй Монголыг үзэх парадигмийн, улс төрийн үзэл баримтлалын хувьсгал байлаа. Удирдан жолоодоход хялбар учир Коминтерн “хөдөөнийхнийг” дэмжиж байсан билээ. Тиймээс ч 1928 онд Ө.Бадрах, П.Гэндэн нарын “хөдөөнийхөн” болон Б. Элдэв-Очир, З.Шижээ нарын ДДХКИС-д бэлтгэгдсэн залуус засгийн эрхэнд тавигдаж Коминтерн болон Зөвлөлтийн заавраар Пан-Монголын үзлийн эсрэг аян дайн зохион байгуулахынxiv  хамт үндэс угсааны бодлого хэмээх нэрийн дор олон-Монголын үзлийг дэлгэрүүлж, инститүцжүүлсэн нь Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын засаглалын жилүүдэд шинжлэх ухаан, боловсролоор дамжин ард олонд тархаж тэдний итгэл үнэмшил болсноор эдүгээ Монголын нийгмийн бодит байдал болжээ. Ийнхүү Монголын төр Коминтерн, ЗХУ-ын тусламжтайгаар нэгэнтээ Монголыг зах хязгаараас нь, зах хязгаарын Монголжуу хүмүүсийн нүдээр зуучлуулсан угсаатны зүйн мэдлэг, парадигмийг Монголыг үзэх төрийн нүд (seeing like a state view), төрийн бодлого болгон хэрэгжүүлж, Монголыг Монголжуу болгож, Монгол улсыг олон ястны болгосон байна.

Дүгнэлтийн оронд: Ёгт үр дагавар

Хэдийгээр Чингисийн угсааныханы хувьд Монгол улс төрийн категори байсан боловч Монгол нь өөрийн тусгаар төр улсгүй эзэнт гүрний зах хязгаар байсан учир Европын төвлөрсөн улс, нийгмийн хувьслын болон “арьстны онолоор” (racial theory) зэвсэглэсэн эрдэмтэд судлаачдын нүдэнд угсаатны зүйн категори байлаа. Тэдний бүтээсэн угсаатны зүйн мэдлэг нь Халимаг, Буриадын талаарх мэдлэг болон тэдний тусламжтайгаар бүтээгдсэн төдийгүй ихэвчлэн Монголын зах хязгаар нутгийн оршин суугчдын мэдээлэл дээр тулгуурлагдан бүтээгдсэн байлаа. Тиймээс энэ мэдлэг нь Монголыг гаднаас, зах хязгаараас, дороос харсан угсаатны зүйн төдийгүй Европ-төвийн, Буриад-төвийн байсны дээр Монголын гадна талд оршиж байлаа. Монгол ба Монголчуудыг хэл соёлын нийтлэгээр нь тодорхойлж байсны хувьд уг мэдлэгийн Монгол нь Чингисийн угсааныханы Монголоос илүү өргөн хүрээтэй байсан билээ. Тиймээс уг мэдлэг нь өөрөө Пан-Монголын шинжтэй байсан бөгөөд улмаар улс төрийн Пан-Монголизмыг төрүүлсэн байна.

Улс төрийн Пан-Монголизмийн зорилт нь Чингисийн угсааныханы тусгаар төр улс байгуулах, ноёдын бие даасан эзэмшлүүдийг улс төрийн хувьд нэгтгэх зорилттой давхцаж байсан учир энэ хоёр үзлийг ялгахад төвөгтэй төдийгүй Монголыг угсаатны зүйн нүдээр харж, түүнийг эдүгээгийн тогтсон улс төрийн хилээр тодорхойлох байр суурьтай хэн бүхний хувьд хоёулаа Пан-Монголын гэж ойлгогдож байсан билээ. Тиймээс ч Пан-Монголизм гэж нэрлэгдсэн ажээ. Чухам Монголыг Халх, Ховдын хязгаарын хэмжээнд тодорхойлж, Монголоос түүний өмнөд хэсэг болон Тагнын Урианхайг тусгаарлахын тулд Пан-Монголизмыг (түүний хамт Чингисийн угсааныханы үзлийг) булшлах хэрэгтэй болсон юм. Чухам Пан-Монголизмыг булшлахын тулд Коминтерн 1924, 1928 оны эргэлтүүдийг (Мөнх-Эрдэнэ 1999; Дашдаваа 2003, 2008) зохион байгуулсан бөгөөд энэ явцдаа Тагна Урианхай, Өвөр Монгол, тэр ч байтугай БНМАУ-ын доторх нэр бүхий 30-аад нэгж, хэсгийг бие даасан үндэстэнд тооцож тэднийг өөртөө засан тохинох эрхтэй хэмээн хөхүүлсэн байна. Түүнчлэн Коминтерны санаатайгаар дэвшүүлэн Монголын эрх барих албан тушаалуудад тавьсан хөдөө, зах хязгаарын, боловсрол багатай, харц этгээдүүдийн хошуу, жалга довны явцуу үзэл нь Коминтерны хөхүүлэн дэвэргэж байсан үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзлийг хүлээн авах үржил шимтэй хөрс суурь болсон нь ойлгомжтой юм.

Чухам ингэж Монголыг угсаатны зүйн нүдээр, овог аймгийн нүдээр, ястан угсаатны нүдээр тодорхойлох парадигм Монголын доод ангийнхны, орон нутаг, жалга довны үзэлтэй хоршиж Монголын төр, нийгэм, шинжлэх ухаан, оюун санаанд ноёлох болсон байна. Ийнхүү улс төрийн зорилгын тулд Коминтерн болон Зөвлөлт Монголыг оюун санаа, танин мэдэхүйнxv  хувьд байлдан дагуулж, Монголыг үзэх угсаатны зүйн парадигмийг “Монголын үнэн” болгож тогтоосон байна. Ийнхүү Монголд Европын үзэл санаа, шинжлэх ухааныг дэлгэрүүлж, Монголчуудыг улс орноо, өөрсдийгөө Европын шинжлэх ухааны үүднээс нээн судладаг болгох төдийгүй, тэднийг “соёл иргэншилт ард түмний гэр бүлд” дэвшүүлэн оруулах, түүндээ Оросын сургууль, их сургууль, Оросын харьяат Буриадуудыг ашиглахыг мөрөөдөж байсан Г. Потанин нарын шинжээчдийн мөрөөдөл 50-иадхан жилийн дараа Зөвлөлт засаг, Коминерны тусламжтайгаар биелэлээ олжээ (Потанин 1881: III-XVI).

Нөгөө талаар Коминтерн болон Зөвлөлтийн үндэстний талаарх бодлого нь Монголд төдийгүй ЗХУ-д ч угсаатны зүйн парадигм дээр суурилсан байсан билээ.xvi  Мөн үед Зөвлөлтөд явагдаж байсан үндэсний бодлого нь Оросын эзэнт гүрний дор байсан олон үндэстний ард түмнүүдэд үндэсний өөрөө засан тохинох эрх эдлүүлэх нэрээр тэдэнд үндэстний төр улсын хэлбэр (form of nationhood) болон автономи эрхийг олгох замаар тэдний тусгаар тогтнох гэсэн эрмэлзлэлийг хазаарлахад чиглэгдэж байсан билээ. Тиймээс Коминтерн, Зөвлөлтийн Монголд явуулсан үндэстний бодлого нь Зөвлөлтийн үндэстний бодлоготой шууд уялдаа холбоотой авч хэрэглэсэн зорилго нь өөр өөр байв. Зөвлөлтөд үндэсний бодлого нь тэдгээр олон ард түмнийг Зөвлөлтийн эзэнт гүрний дотор барьж байхад чиглэгдэж байсан бол Монголд уг бодлого нь Монголыг хуваахад, бутлахад хэрэглэгдсэн юм.

Чухам үүний улмаас Монголчууд олон Монголжуу ард түмнүүд болж, Монгол улс олон ястны болсон төдийгүй Монгол судлалд угсаатны парадигм хуваарьгүй ноёлох болж, улмаар Монголын өнгөрсөн ч “овог аймагчлагдаж”, Монгол төр улсын бус байгалийн түүхийн, тодруулбал нийгмийн хувьслын тодорхой шатанд царцсан бүтээгдэхүүн болжээ.

Тусгаар тогтнол, үндэсний төр улс дэлхий даяар үргэлж л үндэсний нэгдэл, нягтрал, ижилслийг төрүүлж, бэхжүүлж ирсэн түүхтэй. Чингисийн угсааныхан Монголын тусгаар тогтнолыг тунхаглахдаа ч чухам тийм үзэл баримтлалтай байсан ажээ. Гэвч Монголын тусгаар тогтнолыг удирдсан Чингисийн угсаа залгамжлал их гүрнүүдийн өмнө хүчин мөхөсдөж, түүхийн тавцанаас арчигдахын хамт хэдэн зууныг дамнуулан авч ирсэн улс орон, газар нутаг нь ч хэсэгчлэн хэрчигдсэн байна. Түүгээр ч барахгүй ёгтой нь тэдний улс төрийн үзэл баримтлалыг халсан шинжлэх ухааны нэр хүндэд тулгуурласан, Европын, зах хязгаарын, харц дордосын үзэл Монголыг угсаатны зүйн категори болгосон төдийгүй Чингисийн угсааныханы эзэмшлүүдийг овог аймаг, ястан болгож тэгснээрээ Чингисийн угсааны хунтайж нарыг овог аймгийн удирдагчид болгожээ.
Тархай бутархай ч тусгаар тогтнол, эзэн эрхээ алдаагүйсэн бол Чингисийн угсааныхан Монголыг засаглсан хэвээр ч байсан байх магадгүйн дээр Монгол эсвэл Монголчууд Герман хэлтэй ард түмнүүдийн нэгэн адил холбооны болон хэд хэдэн тусгаар тогтносон төр улсууд ч байх байсан байж болох юм.

Доктор Л. Мөнх-Эрдэнэ  (Австрийн ШУА)

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 24. 11:50
Зочин

ХҮНДИЙН ТӨВ БОЛ ХЯТДАД БАЙГАА. БИД ХҮССЭН Ч ЭС ХҮССЭН Ч ХЯТАД УРУУ УРСАХ БОЛНО ГЭСЭН ҮГ. ИЙМ ҮЕД ХЯТДЫГ СҮЙРТЭЛ ЯМАР НЭГЭН ЮМНААС ЗУУРАХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД АМЬД ҮЛДЭХГҮЙ.

2016, 11 сар 9. 18:57
Зочин

Ийм үзлийг дээр үеэс урвагч нар гадны хөлс хүчээр хэрэгжүүлж монгол улсыг хаглан бутаргах ажиллагаа явуулж ирсний нэг жишээ бол Цэдэнбал юм. Тэр монголын түүхийг эздийнхээ үзлээр бүрэн өөрчилж бичиж залуу үеийг итгүүлсэн юм. Одоо манай эх хэл соёл үндсээ дээдэлж амь нас эрх чөлөөгөө зориулж ирсэн Амар, Аварзэд сайд, Рэнчин, Лоохууз зэрэг олон эх орончид мартагдаж гадныхныг шүтэн бишрэгсэд илт олонхи болж монгол хүнээ үл хайрлах гадныхнантайнийлж үе удмаараа зайдагнан байх хүсэлтэнгүүд олон болж залуу сын толгойг эргүүлж хуваан бутаргаж байна. Ийм гадаадын гар хөл бологсдыг ойлгож үзэн ядаж жишгүүлэх мэдээллийг энэ мэтээр үнэн түүхийг бичиж байх чухал

2016, 11 сар 8. 2:30
Зочин

том гүрнүүд сэжигтэй жижиг ард түмнийг хуваа жижиглээд захир бохир тактикийг үргэлж тулгаж ирсэн Монгол улс орос манж хятадын бохир тактикийн золиос болсон

2016, 11 сар 7. 17:49
иргэн

Хүчирхэг гүрнүүд аливаа улсын дотоод хэрэгт оролцож газар нутгаас нь таслаж авахын тулд олон овог аймагт хувааж дорой овог аймагт нь туслаж байгаа нэрээр өөрийн болгодог үзэгдэл одоо ч байсаар л байна. Анх Монгол улс 4 аймагт хуваагдаж байсан бол одоо 21 аймаг болжээ энэ бол коммунистуудын хийсэн ажил, энэ бол их гүрний бодлого магадгүй үүнээс болоод одоо манай улс хэцүү нөхцөлд байж болох юм. Нэдсэн бодлогогүй болж талцан 76 гишүүн бүгд өөр өөрийн аймагтаа улсын жаахан төсөвыг хувааж тараагаад боссон нэг ч зүйл байхгүй төсөв нь хүрэхгүй хэдэн балгас л үлдэж байна даа. Уул нь нэг нэгээр босговол зүгээр байсан юм даа.

3 сар 23. 11:04
Зочин

урьдын хорт бодлогын үр дагавар арилахгүй байгаа учраас эргээд 4 аймаг болох хэрэгтэй бн, яаралтай арга хэмжээ авмаар бн

2016, 11 сар 7. 14:54
Түвшин

Л.Мөнх-Эрдэнэ Австрийн иргэн болчихсон хүн үү? Өгүүллийн үндсэн санаа зүйтэй боловч нөгөө тийшээ хэт туйлширч, зарим зүйлийг үзэн ядах сэтгэлээр бичсэн байна.

2016, 11 сар 7. 14:41
1

БУРИАД, ДӨРВӨД, ХАЛХ БОЛ ТУС ТУСДАА ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙ ЮМ

2016, 11 сар 9. 18:21
Зочин

ene hund samar ug

2016, 11 сар 8. 2:06
Зочин

ха ха чи гэгээрээч

2016, 11 сар 7. 13:29
ss

mongold yastan gej baihgui zugeer l mongol undesten l gej bgaa

2016, 11 сар 16. 22:26
ГАНАА

РАЗДЕЛЯЙ И ВЛАСТВУЙ ГЭДЭГ БОЛ ХУВААГААД ЗАХИР ГЭСЭН ҮГ . МОНГОЛЫГ ХАГАЛАН БУТАРГАЖ ЗАХИРАХ ГЭСЭН ОРОС ХЯТАДЫН БОДЛОГО ХЭРЭГЖСЭЭР БАЙНА.

2016, 11 сар 7. 18:51
Turuu

iimerhu zuilsiig mash sain sudalj hyanan zasbarluulj baij niited tugeej bhgui bl.blhgui hen durtain heden nom unshaad undestnii ayulgui baidal heden myangan jiliin talaar uuriin uzlee busdad tulgaad bj blhgui. Tub aziin nuudelchin Mongolchuud bid hezeed tusgaar ard tumen uursdiin tuuh soyol zan zanshilt bsan.Mongolchuud bugd Mongol undesten harin dotroo halh yastan buriad yastan darhad yastan geh meteer l angilagddag

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]