Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бат ханы цэргийн тагнуулын үйл ажиллагааУншсан2,303

Гүюг хаантай харилцаа муутай байсан Бат хан чадварлаг тагнуулчдынхаа тусламжтайгаар Гүюг хааны санаа бодлыг урьтан мэдэж Монголын эзэнт гүрэнд гарах шахсан иргэний дайныг зогсоож чадсан.

Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) , ахмад Тогмидын Сүхбаатар бичиж байна.


БАТ ХАНЫ ЦЭРГИЙН ТАГНУУЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Эртний Монгол цэргийн байлдааны үндсэн арга хэрэгслийн нэг нь цэргийн тагнуулын үйл ажиллагаа юм. Монголчууд эртнээс маш нарийн зохион байгуулагдсан тагнуулын, ухуулга сурталчилгааны, мөн дайсныг худал мэдээллээр хууран мэхлэх албатай байлаа1. Тагнуулын үйл ажиллагааг Монголчууд эртнээс чадварлаг удирдан явуулж ирсэн юм. Тагнуулын үйл ажиллагааг их эзэн хааны шууд ивээл дор аян дайн явуулахаас нэлээд хугацааны өмнө тухайн улсын улс төр, нийгэм, эдийн засаг, газар зүйн онцлог, газар нутаг, байгаль цаг уур, цэргийн чадавх, тоо хэмжээ, зэвсэглэл, байлдах арга ухаан, цэргийн удирдлага, хангалт, агт морьд бэлчээх боломж, инженерийн саад бэрхшээл, хоол хүнсний хангалт, холбоотны харилцаа, улс төрийн эмзэг харилцаа зэргийг нь онцгойлон судалдаг байжээ.

"Элч довтолгов" Зураач Б.Содномдаржаа. 60х80, зотон тос. @Sogi Sodnomdarjaa

Торгоны зам дагасан худалдааны их жим нь тагнуулын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан нь маргаангүй юм. Уг замаар л монголчууд өрнө дорныг тагнаж байсан бол хожим Монголын Алтан ордны улс нь Сарай болон Византи, Крым, Босфорын хоолой Мамлюкт эзэнт гүрэн хүртэл тагнуулын үйл ажиллагаагаа хөгжүүлж байжээ. Монголын эзэнт гүрний үеийн тагнуулын үйл ажиллагааны түүх нь өөрөө асар том өргөн хэмжээтэй тусдаа сэдэв учир зөвхөн Алтан ордны улсын тэр дундаа Бат ханы2 цэргийн Тагнуулын үйл ажиллагааг голчлон өгүүллээ.

Тагнуулын мэдээг анхлан харь газар орноос хүрэлцэн ирсэн аянчин жинчид, худалдаачдаас болон хөрш зэргэлдээх улс орны ард түмнээс авдаг байсан бол хожим нь өөрийн “гүний” суурин тагнуулчдаас хүлээн авдаг болжээ. Энэ талаар БХЭШХ-н судлаач шинжлэх ухааны доктор профессор (Sc.D) Ш.Паламдорж өөрийн бүтээлдээ3 дэлгэрэнгүй өгүүлжээ.

Аян дайн эхлэхээс өмнө стратегийн гүний тагнуулыг элч, төлөөлөгч явуулах замаар зохион байгуулахдаа энэ элч, төлөөлөгч Монголын их хаадаас тухайн улс гүрний эзэн хаанд хандсан илгээлт, захидлыг хүргэж очдог аргыг хэрэглэж байжээ. Заримдаа энэ элч нар нь тухайн улс орны цаг агаар, ард түмний зан заншил, хот суурин тэдгээрийн бэхлэлт, эдийн засгийн үндэс, амьдралын эх булаг, өөрийн агт морьдыг бэлчээр, усаар хангах боломж бүхий газар нутаг зэрэгт дотор нь орж ажиглалт хийн зохих мэдээллийг цуглуулах бөгөөд эзэн хаантай нь уулзаад түүний гадаад төрх, эр зориг, эрэмгий чанар, нэр төр, төрийнх нь дотоод байдал, цэрэг дайчдынх нь чадавх, холбоотон зэргийг нь мэдэж авахыг зорьдог байжээ4.

Тухайлбал Бат хан Мажарын IV Бела ванд 30 гаруй удаа5 элч илгээж байсан нь цөм тагнуулын үйл ажиллагаа явуулж тэр хэрээр байлдааны ажиллагааны амжилтын эх үндэс болжээ. Бат хан Европ болон Оросын вангуудад элч илгээхдээ давхар тагнуулын үүрэг гүйцэтгэхийг даалгаж байсан. Вант улс бүрт очсон элч бүхэн тухайн хотын газар орны байрлал хүн ам зүй, байлдааны төрөл бүрийн харвах төхөөрөмж бэлдэж байрлуулж болох мод чулуу гээд хэрэглэж болох бүхий л зүйлсийг тагнан мэддэг байж.

Тагнуулчдыг заримдаа “гүний тагнуул”6 гэж нэрлэх нь ч бий. Гүний тагнуулыг олон жилийн өмнөөс суурин амьдрагч ард түмний дундаас тодорхой хүнийг олж сонгох, дайсан этгээдийн зах хязгаар нутгийн ард, иргэд, сайн дураар дагаар орогсод гадаад, дотоодын худалдаачин, жинчин нарыг ашиглах, байнгын харуул тавих, байлдан тагнах, зохион байгуулалттайгаар цэргийн тагнуулчийг илгээх зэргээр явуулж байсан бөгөөд дайсан улсын дотоод зөрчил, ард түмэн, цэргийн санаа сэтгэл, цэргийн зэр зэвсэг, бие бүрэлдэхүүний тоо, зохион байгуулалт, газар орны болон байгаль цаг уурын нөхцөл байдлыг нарийвчлан мэдэж авдаг байв. Тагнуулчдаас ирүүлсэн дайсны тухай, газар орны тухай, байгаль цаг уурын тухай үнэн бодит мэдээ нь аян дайныг зохион байгуулахад үндэс болж байсан юм.

Тухайлбал Бат хан тагнуулчдынхаа тусламжтайгаар Оросын вант улсуудад өвлийн цагт гол мөрөн хөлдсөн үед довтлон хоорондын харилцаа холбоог нь таслан хүнс тэжээлийнх нь нөөцийг сайтар мэдэж байсны хүчинд бүслэн авч байжээ.

Тагнуулчдын баттай мэдээнд үндэслэн дайсан улсын стратегийн гол хамгаалалтыг довтлох эсвэл орхиж гол хүчнээс зайлсхийн туслах чанарын хамгаалалтын хүчийг дарж байлдан дагуулснаар хүчээ зузаатгаж, эцэст нь гол хүч рүү довтлох шийдвэр гаргаж байжээ.

Монголын эзэнт гүрний Хархорум хотноо 1235 онд Өгэдэй хаан их хуралдайг зарлан хуралдуулсан. Уг хуралдайгаар баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх төлөвлөгөө боловсруулж хэлэлцсэн байдаг. Үүний дагуу тагнуулын үйл ажиллагааг идэвхтэй явуулсан юм.

Бат хан өрнө зүгт эхлүүлсэн аян дайныг явуулахын тулд тагнуулын бүхий л арга хэрэгслийг ашигласан байдаг. Бат хан энэ аян дайнд ихэд анхаарч ач холбогдол өгч маш сайн бэлтгэсэн. Учир нь энэ түүний анхны бие даасан аян дайн байжээ. Тагнуулын үйл ажиллагаа, байлдааны тактик, цэргийн бэлтгэл гээд бүхий л зүйл дээр анхаарч ялангуяа 1223 онд Калка голын эрэгт Оросуудтай байлдаж байсан Сүбээдэй жанжны зөвлөгөөг голлон анхаарч байсан ажээ. Юуны өмнө тэрээр баруун зүгт тагнуул туршуул явуулан тагнуулын мэдээ маш ихээр цуглуулсан нь байлдааны нэг арга тактик байсан нь лавтай.

Бат ханы цэрэг Кибчаг, Булгарт нэвтрэн орох үед монголчууд гүний тагнуулчдынхаа бэлдсэн завины тусламжтайгаар ижил мөрөн болон бусад гол мөрөнг төвөггүй даван туулж байсан юм. Түүнд талтай Оросын вангууд болон элсэн тагнуулууд завь бэлдэн  өгч гол гатлахад нь бас тусалж байжээ.

Зэв, Сүбээдэй жанжнууд 1223 онд Хорезмын шах султан Мухаммедыг нэхэн хөөх зорилгын нэг хэсэг нь ирээдүйн өрнөдөд явуулах дайны бэлтгэл болгон тагнан турших үйл ажиллагаа байсан юм. Хорезмын шахыг нэхэн хөөх явцдаа Зэв, Сүбээдэй нар Гүрж, Крым, Кавказ, Орос, Булгар, Армен, Кибчагын тал нутгаар хэрэн явж тагнуулын үнэт мэдээ цуглуулан явжээ. Өрнө зүгийн улс орнуудыг талаар үнэт мэдээлэл олноор цуглуулан мөн зарим нэг улстай нь жижиг тулалдаан хийж байлдааны арга тактик стратегийг нь тагнан туршсан байна. Ингэхдээ нутгийн иргэдээс бүрдсэн маш олон тооны тагнуул, туршуулуудыг үлдээж байсан бөгөөд цаашид Бат ханы их байлдан дагуулалд эдгээр тагнуул туршуулын үүрэг асар их байсан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу?

Тэгээд ч Зэв, Сүбээдэй жанжид дараагийн аян дайны бэлтгэл болгож дээрээс өгсөн тушаалын дагуу баруун тийш тагнан турших маягаар аялан явсан нь тодорхой бизээ. Зөвхөн Хорезмын султаны хойноос нэхэн хөөх үндсэн үүргийнхаа хажуугаар тэд тандан турших тагнуулын журмаар л Гүрж, Булгар, Кибчаг, Оросуудтай тулалдсан билээ.

Бат хан тагнуулын үйл ажиллагаа явуулахдаа юуны өмнө өвөг эцэг Чингис хааны Хорезмын эсрэг аян дайны үед явуулж байсан тагнуулын аргыг хэрэглэсэн юм.

Бат хан Ижил мөрний Булгараас зугтан ирж түүнд алба хааж байсан түрэг кибчак угсааны хүмүүсийг өөрийн ивээлд аван мэдээлэл цуглуулж эхэлсэн байдаг. Мөн энэ үйл ажиллагаандаа худалдаачид болон олзны Оросуудыг ч ашиглах нь их байжээ. Ялангуяа баруун зүгт хийх аян дайны хамгийн эхний тулалдах улс бол Булгарчууд байсан юм. Тухайн үеийн Булгар нь олон хот тосгонтой байжээ. Зарим мэдээгээр 70 гаруй хот байсан гэж үздэг. Булгарын тэр олон хотыг эзлэн авахад түүний тагнуул туршуулууд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй юм. Хот бүхэнд байсан түүний тагнуулууд хот бэхлэлтийн хамгийн эмзэг сул газрууд болон хотын бүслэлтийн үед олон нийтийн санаа бодлыг алдагдуулах, хотын оршин суугчдыг ятгах, их цэрэг ирж яваа гэх худал цуу тараах, хотын хаалгыг өөрийн талдаа нээж өгөх зэрэг тусгай үйл ажиллагааг явуулж байжээ.

Бат хан тагнуулын үйл ажиллагааг эртнээс идэвхтэй  явуулдаг байсан юм. Үүний нотолгоо нь Монголын Хархорум хотод их хаан Гүюгийн дэргэд байсан Тулуйн бэлэвсэн эхнэр Сорхугтани хатан билээ. Сорхугтани хатан их хуралдай дээр ярилцсан асуудлууд болон алтан ургийн болоод Гүюг хааны талаархи бүхий л мэдээллийг Бат ханд дамжуулж байсан юм. Түүний ачаар Бат хан Гүюг хааныг түүний эсрэг их цэрэг хөдөлгөж буйг мэдэж урьдчилан сэргийлэх арга хэмжээг явч байжээ. Монголын эзэнт гүрний нийслэл Хар хорум хотноо Батын тагнуулууд байсан гэдэг нь тодорхой бөгөөд Гүюг хаантай харилцаа муутай байсан Бат хан чадварлаг тагнуулчдынхаа тусламжтайгаар Гүюг хааны санаа бодлыг урьтан мэдэж Монголын эзэнт гүрэнд гарах шахсан иргэний дайныг зогсоож чадсан.

Оросуудын эсрэг дайндаа Булгарчуудыг ашиглаж байсан Бат хан Европын төв хэсэг рүү довтлох довтолгоондоо бэлтгэн Польш, Унгар, бүр Австри хүртэл тагнуул илгээж байв. Оросууд Монголчуудыг бодвол Европын улс орнуудтай эртнээс нааш дотно харилцаатай байсан бөгөөд Бат хан Оросын вангуудын Европ дахь цусан төрлийн хэлхээ холбоог ашиглан тагнуулын үйл ажиллагаа явуулж байжээ. Оросын вант улсуудын эрх мэдлийн төлөөх тэмцэлд нь чадварлаг тоглон өрсөлдөгч талын Европ дахь харилцаа холбоог чадварлаг ашиглаж чадсан байна.

Бат ханы аян дайн Чингис хааны Хорезмыг дайлаар мордсонтой тун ч төстэй. Олон тооны мэргэжлийн тагнуул туршуул Орос, Европын орнуудын цэрэг-стратегийн байдлыг хөндлөн гулд судалж, Бат хаан Сүбээдэй баатар нар үзээгүй, учраагүй дайснаа урьдаас мэдэж байлаа. Сүбээдэй Венец иргэдээр дамжуулан Европын нийгмийн бүх давхаргынхантай холбогдсон байв7.

Монголын их гүрэн Орос, Зүүн Европыг байлдан дагуулахад уламжлалт цэрэг-тагнуулын үйл ажиллагааг нэн өргөн хүрээтэй болгон явуулжээ. Дайсныхаа байлдах арга ухаан, зэвсэглэл, хүчин чадлын талаар чухал мэдээлэл цуглуулахын зэрэгцээ олон зуун туршуулаа нэвтрүүлэх, исламын худалдаачдаас гадна Европын эзлэгдсэн болон бусад орны янз бүрийн давхаргын хүмүүсийг элсүүлэн ашиглах, элч төлөөлөгч, тагнах, хорлон сүйтгэх баг цэрэг илгээх зэрэг арга замаар өргөн хүрээтэй тагнуулын үйл ажиллагааг тухайн улс орнуудын бүх талын онцлогт зохицуулан чадварлаг зохион байгуулж байжээ. Уг үйл ажиллагааныхаа ачаар Орос болон Зүүн Европын орнуудын цэрэг, нийгэм, улс төр, эдийн засаг, газар нутаг, байгал цаг уур зэрэг асуудлаар ихээхэн мэдээлэл цуглуулж, үр дүнтэ ашиглаж чадсанаар стратегийн маш том зорилтыг хэрэгжүүлэх нөхцөл, бололцоог бүрдүүлжээ8.

Бат ханы тагнуулууд Орос болон Европт цөмрөн орж их цэрэг нэвтрэн орох зам харгуй мөн цэргийн агт бэлчихэд тохиромжтой газар орныг судлан бэлтгэх, эсрэг талын ард иргэдийн дунд ухуулга сурталчилгаа явуулах, сэтгэл зүйн хувьд бэлтгэх, монголчууд бусад шашин шүтлэгт хүндэтгэлтэй ханддаг, өөрт нь дайсагнаагүй бол хэнийг ч алж устгадаггүй, ядууст тусалж баячууд ихэс дээдэст тааламжтай ханддаггүй, худалдаа наймааны замыг аюулгүй болгодог, худалдаачдыг дэмжиж тэдэнд онцгой эрх олгодог, дээрэмчид болоод зальт этгээдүүдэд өршөөлгүй, эсэргүүцэн тэмцэлгүй бууж өгвөл амар тайван, аюулгүй байдлыг нь хангана, эсэргүүцэл үзүүлбэл аймшигт цээрлэлт хүлээж байгаа гэх зэргээр суртал ухуулга хийж байжээ. Эдгээр нь Бат ханы цэргийн тагнуулуудын хийдэг нийтлэг үйлдэл байсан юм.

Монголын байлдан дагуулалтын түүхийг судлаач, дэд хурандаа Рэнк Ромын пап ламтай хүртэл Монголчууд холбоо сүлбээ тогтоогоод байсныг үгүйсгэхгүй9 гэж бичсэн байдаг. Үнэхээр л Бат хааны суурин тагнуул Европын төв хэсэгт аль хэдийнээ өөрийн байр суурийг баттай эзлэн суусан байсан тодорхой харагдаж байна. Бат ханыг Ромын пап ламтай тохирон европ болон исламын ертөнцийг хуваан авах нууц төлөвлөгөө байгуулсан гэх цуу яриа эндээс л гарсан байх боломжтой юм.

Бат хан тагнуулынхаа тусламжтайгаар Европын өмнөд нутгуудаас Герман илэрхий ядуу гэдгийг мэдэж авсан учир гол цохилтын чиглэлээ ерөнхийд нь тодорхойлсон байна.  

1241 оны 4 сарын 9-нд Бат ханы жанжин Байдар, Хайду нарын цэрэг Генрих вангийн цэрэгтэй Лигниц хотын дэргэд тулалдсан юм. Генрих ван эхлэж Монголын цэргийн эсрэг дайрсан бөгөөд тулалдааны явцад Монголын талаас Польш хэлээр “Biegajice, biegajice”10 буюу “амь амиа бодоорой, зугтаарай” гэж хашгирч байсан нь тулалдааныг эмх цэгцгүй болгох гэсэн монголчуудын байлдааны бас нэг арга заль байлаа. Чухам энэ Польш хэлээр хашгирсан хүмүүс Орос, Монгол, Польш алин болох нь тодорхойгүй үлдсэн. Гэвч энэ хүн нь Бат хааны тагнуулчид байсан гэдэг нь эргэлзээнгүй юм. Иймэрхүү төрлийн арга мэхийг монголчууд байнга хэрэглэдэг байсан бөгөөд Европ руу хийсэн аян дайнд өргөнөөр ашигласан гэж үздэг.

1241 оны сүүлээр Бат ханы нэг жижиг анги (аравт) тагнуулын үүрэг гүйцэтгэх гэж яваад Австрийн Вена хотын ойролцоо Австрийн цэргийн давуу хүчтэй тулгарч ухарч явсаар Вена хотоос 40-өөд км зайтай орших Нейштадт хотын орчимд 8 хүнээ олзлуулсан байна. Сонирхолтой нь эдгээр 8 хүн дотор нэгэн англи хүн байжээ. Роберт хэмээх энэ хүн үнэхээр Бат ханы шилдэг тагнуулуудын нэг байжээ. Роберт бол 1215 онд Английн Жон вангийн эсрэг боссон язгууртнуудыг толгойлсон Фитц-Уолтерын лам байв. Язгууртнуудад ихээхэн эрх дарх олгосон “Магна-Харта” гэгчийг ван баталснаар энэхүү бослого өндөрлөсөн юм. Гэвч тодорхойгүй байдлын улмаас Англиас хөөгдсөн Роберт Палестин болон Бага Ази, Ойрхи Дорнодоор хэсүүчлэн явахад нь түүнийг Хорезмын талаар мэдээлэл цуглуулдаг Чингис хааны туршуул болох нэгэн исламын шашинт худалдаачин өөртөө элсүүлэн авсан байна. Энэ цаг үеэс эхлэн Роберт олон хэлэнд нэвтэрхий болсныхоо хүчинд Монголын эзэнт гүрний хаадад 20 гаруй жил хүчин зүтгэж байжээ. Роберт илчлэгдэж, урвагч гэж үзсэний үндэс дээр австричууд түүнийг цаазаар авсан байна. Роберт Монголын хаадын тэр дундаа Бат ханы аян дайнд оролцож Мажарын IV Бела ванд Бат ханы элчээр очин түүнийг бууж өгөхийг ятгаж байжээ. Ийнхүү Бат ханы авьяаслаг нэгэн тагнуулч өрнөдөд домог болон үлджээ.

Бат ханы дараах Бэрх ханы үед Монголын тагнуулчид Ил хаант улс, Визант, Мамлюкт үүрэг гүйцэтгэж байжээ. Тухайлбал Багдадыг эзлэн авсан Хүлэгү ханы цэрэгт явсан Алтан ордны улсын 3 хан хөвгүүн тагнуулын хэрэгт сэжиглэгдэж цаазаар авуулж байжээ. Мөн Узбек ханы үед Алтан ордны улс Мамлюкийн эзэнт улсын холбоотны харилцаа тагнуулын хэргээс болж муудалцаж байсан юм.

Энэ бүгдээс үзвэл Бат хан цэргийн тагнуулын үйл ажиллагааг өндөр хэмжээнд явуулж байсан бөгөөд энэ нь өрнө зүгт явуулсан байлдааны ажиллагаа нь амжилттай болох эх үндэс болж өгчээ. Бат ханы цэргийн тагнуулын үйл ажиллагаа нь түүний эзэмшлийн Алтан ордны улсын харьяа улс орнуудад залгамжлагдан үлдэж цэрэг стратегийн хөгжилд тодорхой хувь нэмэр болж өгчээ.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Юлиан 1996 — Доминиканец Юлиан о Монголе-Татарии. 1235-1237 / Пер. С. А. Аннинского // Мир Льва Гумилева. Каспийский транзит. Т, 1. М., 1996.

Ш.Паламдорж. “Их Монгол Улсын цэргийн урлаг” УБ.2006 он

Э.Хара-Даван.”Чингис-хан как полководец и его наследие”.Алма-Ата, 1992.

М.Цогтоо.”Их Монгол Улсын тагнуулын үйл ажиллагаа”.УБ.,2008.

Le Panasiatisme au XIII siecle sous le Tchingis-Khan et ses generaux.

К.Пензев.”Великая Татария История земли Русской”. М.2006.

Ч.Чойсамба. “Бат хааны байлдан дагуулалт” УБ.2012 он

Тайлбар

[1] Ч.Чойсамба. “Бат хааны байлдан дагуулалт” УБ.2012 он 64-р тал

[2] Монголын эзэнт гүрний удирдагчид зөвхөн “хаан” цол хэрэглэж байсан бөгөөд бусад харьяа улсуудын удирдагчид “хан” цол хэрэглэж байсан.

[3] Паламдорж Ш. “Их Монгол Улсын цэргийн урлаг” УБ.2006 он 128-р тал

[4] Мөн тэнд

[5] Юлиан 1996 — Доминиканец Юлиан о Монголе-Татарии. , 1235-1237 / Пер. С. А. Аннинского // Мир Льва Гумилева. Каспийский транзит. Т, 1. М., 1996. с. 21-31

[6] Паламдорж Ш. “Их Монгол Улсын цэргийн урлаг” УБ.2006 он 128-р тал

[7] Э.Хара-Даван.”Чингис-хан как полководец и его наследие”.Алма-Ата, 1992.с.202

[8] М.Цогтоо.”Их Монгол Улсын тагнуулын үйл ажиллагаа”.УБ.,2008.50 дахь тал

[9] Rinc. Le Panasiatisme au XIII siecle sous le Tchingis-Khan et ses generaux.p.29

[10] К.Пензев.”Великая Татария  История земли Русской”. М.2006.с.33

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]