Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Могол улсУншсан1,993

Самугарын дэргэд болсон тулалдааны дараа Аурангзеб Дели болон Агра хотыг хяналтандаа авчээ. Нэгэнт хаан ширээний төлөөх тэмцэлд Аурангзеб ялж, хаан болсон учраас Афганы эмирүүд Дара-Шикохыг барьж аваад Аурангзебд тушаасан байна.

Их Могол улс өөрийн цаг үедээ Ази тивд хамгийн шилдэг армитай байсан гэж зарим түүхчид үздэг.

XVI зууны эхээр Делийн Султант улсын нутаг дэвсгэрт 20000 цэрэг бүхий Монгол, Түрэг, Пуштун, Хазар, Тажик цэргүүд цөмрөлт хийн орж ирсэн юм. Энэхүү цэргүүдийг Ферганы хөндийг захирч байсан Бабур хаан удирджээ. Бабур хаан өөрийгөө Чингисийн угсааны хүн хэмээн үзэж байв. Тиймээс өөрийн үндэслэн байгуулсан улсаа Их Могол /Монгол/ улс хэмээн нэрлэв.

1504 онд Бабурын цэргүүд Кабул хотыг эзлэн авав. Бабурын цэрэг сахилга бат сайтай байсны дээр цайз эвдэгч оньс, багаж зэвсэг байсан учраас өрсөлдөгчдөө дийлж байсан. 1526 онд алдарт Панибадын тулалдаан болсон бөгөөд Бабур хааны арми Делийн султаны цэргийг хиар цохижээ. Дараа жил нь Ражпутаны хаант улсыг байлдан эзлэв. Ийнхүү Энэтхэгийн нутагт Бабур хаан Их Монголын хаант улсын үндсийг тавьсан байна.

Бабур хаан 1530 онд нас барсан ба залгамжлагчид нь Энэтхэг, Пакистаны нутагт ноёрхолоо өргөжүүлсээр байв. Харин өмнөд Энэтхэг л эсэргүүцэн тулалдсаар байв.

Их Моголын хаант улс Акбар хааны үед хүчирхэгжилтийнхээ оргилд хүрчээ. Их Акбар хэмээн түүхэнд алдаршсан энэхүү хаан Энэтхэгийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг. Тэрээр 1555-1605 оны хооронд Их Могол улсын хаан байсан юм. Акбар бол Бабур хааны ач билээ. Акбар хааны үед Өмнөд Энэтхэгийн эсэргүүцэл дарагдаж, Төв болон Дундад азийн өмнөд хэсгийн зарим нутаг Их Моголын хяналтанд оров. Персүүдэд алдаад байсан худалдааны ач холбогдол бүхий зам, хотуудыг цэргийн хүчээр эргүүлэн авав.

Их Могол улсын цэргийг цөөхөн тооны Монгол, Түрэг, Афган, Перс, Энэтхэг цэргүүд бүрдүүлж байв. Цэрэг армийн системд Энэтхэг, Түрэг, Монгол, Перс, Тажик цэргүүд бүгд холилддог байсан, өөрөөр хэлбэл дан энэтхэг цэргээс бүрдсэн ч юмуу, эсвэл дан Перс цэргээс бүрдсэн анги нэгтгэл гэж байдаггүй байв. Харин дагаар орсон Энэтхэгийн Шахууд өөрийн гээн цэрэгтэй байсан бөгөөд хаан тэднийг байлдаанд дуудмагц ирж цэргийн хүчэээр алба өргөдөг байжээ. Их Моголын армийн бүрэлдэхүүнд зарим цэргүүд нь дарь бүхий буугаар зэвсэглэдэг байв. Их Моголын эргүүд мөн их бууг хэрэглэдэг байсан хэмээн Оросын түүхчид бичсэн байдаг. Их Моголын цэргийн хүч 40000-60000 морин цэрэг, 800-900 байлдааны заан, 50-60 их буу, 15000-20000 явган цэргээс бүрэлдэж байсан.

Их Моголын цэрэг аян дайнд явах үедээ 100000 орчим худалдаачид, энгийн иргэд, боол, зарц нарыг дагуулж явдаг байв. Дайны дараа орж ирсэн олзыг худалдаачид нь шууд эргэлтэнд оруулдаг байсан учраас аян дайн хаана болно тэнд худалдаачид нь явж байдаг байв. Энэ маягаараа Дели болон Агра хотууд аян дайны олзоор бий болсон гэж түүхчид бичдэг нь ортой юм. Их Моголын цэрэг гадагш Иран, Туркийн зүг байлдааны ажиллагаа явуулав, дараа нь Их Моголчууд өмнөд азийг тэр чигт нь хянах болов. Их Моголын хаан Шах-Жаханы үед улсын нутаг дэвсгэр хэмжээнийхээ хувьд хамгийн том нь байжээ.

1658 оны үед Их Могол улсын дунд хагарал гарч хаан ширээний төлөө тэмцэл өрнөв. Энэ үйл явдал үндсэндээ шашны зөрчил, хаан ширээний төлөө тэмцлээс гадна худалдаа эдийн засгийн чадавхийг эзэмшихийн төлөө мөргөлдөөн байсан юм. Дара-Шикох Индус шашинтай хүн байсан бол Аурангзеб хаан мусульман шашинтай хүн байжээ.

Самугар хотын ойролцоо Аурангзебын 50000 орчим цэрэг, Дара-Шикохын 60000 цэрэгтэй шууд тулгарсан бөгөөд Аурангзебын талд Франц, Англиас ирсэн цэргийн сургагч нар ажиллаж байсан учраас тухайн үедээ орчин үеийн зэвсэгт тооцогдож байсан галт буугаар илүү сайн тулалдаж байв. Энэхүү тулалдаанд Дара-Шикох ялагдаж, улмаар үлдсэн хүчээ авч Афган руу ухрав.

Самугарын дэргэд болсон тулалдааны дараа Аурангзеб Дели болон Агра хотыг хяналтандаа авчээ. Нэгэнт хаан ширээний төлөөх тэмцэлд Аурангзеб ялж, хаан болсон учраас Афганы эмирүүд Дара-Шикохыг барьж аваад Аурангзебд тушаасан байна. Аурангзеб ч удалгүй түүнийг цаазаар авсан юм. Аурангзеб хааны үед Их Могол улсын уналтын үе эхэлсэн гэж үзэх үндэстэй юм. Учир нь хээл хахууль газар авч, хаан ширээний төлөө тэмцэл өрнөж, Аурангзеб өөрөө мусульман шүтлэгтэй хүн байсан учраас хиндү болон бусад шашныг гадуурхан хавчсанаас болоод эв нэгдэл үгүй болжээ. Аурангзебыг нас барсны дараа Их Могол улс нь үнэндээ хэд хэдэн вант улс болж задарсан бөгөөд хожмоо Англичуудад эзлэгдсэн байна.

Эх сурвалж:

Ж. Неру. “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл”.

Ш. Насанбат. “Монголын түүхэнд тодорсон 33 гадаад: Жагарын орныг амаржуулагч Акбар хаан”.

А. Шишков. “100 Великих военначальников: Аурангзеб”

Б. Соколов. “100 Великих Воин: Завоевание Великих Моголов”.

Шри Чинмой. “Их Моголын хаад”.

Б. Батмөнх

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]