Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Сансарт болсон хөгтэй явдлууд -2Уншсан8,550

Шингэн маань агаартай адил жинтэй болсон учир доошоо урсах гэж байхгүй сэгсрэхээр агаартай холилдон баахан хөөс үүсэх ба тэрийг нь уух гэж баахан хоосон агаар залгихаас өөр нэмэргүй.

Архи уусан нь
Юрий Романенко, Георгий Гречко нар

"Сансарт болсон хөгтэй явдлууд-1" түүвэрт маань Зөвлөлтийн сансар судлалд контрбандын хэрэг ихээхэн газар авсан тухай нэгэн түүхийг сонирхуулсныг зарим нэг нь санаж байгаа байх. Чухам ийм контрбандын аргаар Романенко, Гречко нарын баг (Союз-26) сансарт коньяк авч гарсан байна. Нэгэнт хэцүү, хатуу “гаалийн” шалгалт давсан хойно зав чөлөө багатай байсан ч гэсэн “хуурай хуулийн” хяналт сулыг ашиглан хааяа нэг тамшаалсан шиг ажлаа хийж байжээ. Гэвч савтай шингэн маань талаас доош ороод ирэх үед уух боломжгүй болж ирлээ.

Шингэн маань агаартай адил жинтэй болсон учир доошоо урсах гэж байхгүй сэгсрэхээр агаартай холилдон баахан хөөс үүсэх ба тэрийг нь уух гэж баахан хоосон агаар залгихаас өөр нэмэргүй. Сансар учир хүнсэнд зориулж болохоор гуурсны юм гэж байсангүй. Сансарт байх хугацаа ч дуусч байсан болохоор хугас шил юмаа орхихоос өөр аргагүй болжээ.

Гэтэл дараагийн баг маань тэрхүү үлдээсэн хагас юмыг нь дор нь хуурайлсан тухайгаа гайхуулж, сайхан бэлэг үлдээсэнд нь баярласан, талархсан тухайгаа газарт ирээд ярьж гэнэ.

Хэдэн өдөр баахан хоосон агаар залгисан Романенко, Гречко нар гайхаж, яаж ууж чадсаныг нь асуухад "Нэг нь савтай коньякоо амандаа зуугаад таазанд очих ба тэр үед нөгөөх нь дагзан дээр нь чангахан шиг нэг цохиод авна. Хэцүү ч гэсэн сайхан амттай юм аманд орох болохоор тэр зэргийг тэсэлгүй яахав. Дараа нь байраа сольж нөгөөх нь нөгөөгийнхөө дагзан дээр" ... гэх мэтээр хэд байраа солиод л дууссан гэнэ. Энэ аргаа ярьж өгсөний дараа нөгөө хоёр ингэж хэлсэн гэдэг “сансарын нисгэгч хүнд дээд боловсролоос гадна ядаж дунд зэргийн сэтгэмж байх хэрэгтэй...” гэж.

 
Сэлж чаддаггүй усчин

 

Балтийн флотод шумбагчаар ажиллаж байсан Валерий Рождественский Сансрын нисгэгчдийн отрядад тэнцэн бэлтгэлд хийж эхэлжээ. Олон янзын хүнд хэцүү, сонирхолтой дасгал сургуулийг арайхийж давж байсан түүнийг нэгэн өдөр өндөр дээрээс ус руу харайх дасгал хийхийг шаардсан байна. Хамгийн сонирхолтой нь мань шумбагч маань усанд сэлж чаддаггүй нэгэн байсан гэдэг. Усны жигтэйхэн хүнд хувцас өмсөөд усан доогуур янз бүрийн аврах ажиллагаа хийдэг хүнд сэлэх ямар шаардлага байв гэж.

Валерий Рождественский

Ингээд 5 метрийн өндөр дээр гарсан усчин маань бодох санах юмгүй шууд л ус руу үсэрсэн ба (үнэндээ бол сүх шиг унасан) сургалт хариуцсан мэргэжилтэн гайхсан ч юу ч хэлэлгүй түүнийг уснаас гаргаж “аварсан” байна. Дахиад харайх ёстой гэдгийг сонссон усчин маань дахиад л зоригтойгоор ус руу унав. Дахиад л бага зэргийн аврах ажиллагаа. Дараа нь дахиад...

 

Хэд хэдэн дахиадын дараа сургагч тэвчээр алдан

-Чи хаашаа юм, тоглоод байгаа юм уу. Усчин хүн гээ биз дээ. Хөөш муу...

-Тийм усчин. Гэхдээ сэлэхдээ сүх шиг л сэлдэг хүн.

Эхлээд бүгд л гайхаж, тээнгэлзэж байснаа дараа нь баахан тоглоом тохуу, инээдэм хөхрөлдөөн бололгүй хаачихав. Үнэхээр ч хамгийн шилдэг усчин гэж шалгарч сансарын нисэгчдийн отрядад орсон хүн усанд сүх шиг сэлнэ гэдэг инээдтэй байлгүй яахав.

Гэхдээ л усчин хүн бол усандаа ойрхон байдаг бөгөөд Рождественский сансарт Союз-23 хөлгөөр хөөрч, станцтай залгагдах ажиллагаа бүтэлгүйтэн хамаг түлшээ зарцуулсан учир буухаас өөр аргагүй болж Казахстаны цөлд газардах болжээ. Гэтэл тэрхүү уужим том цөлийн нэгэн хэсэгт байх өчүүхэн жижиг нэг нуурыг яг онож буусан байгаа юм даа. Энэ бол Зөвлөлтийн сансар судлалд тохиолдсон цорын ганц “усандалт” (усанд буусан учир ямар газардалт гэлтэй биш) байв.

 
Эмэгтэй сансрын нисгэгч

 

Сансрын нисгэгч Гречко маань нэлээд өргөн мэдлэгтэй, хэл яриа хурц, хүнийг сэнхрүүлж, өөрийн болгох авьяастай нэгэн байсан гэдэг. Нэгэн удаа сансрын нисгэгч болох хүсэлтэй гэсэн хоёр бүсгүй ирж түмэн хүний ажил цаг, нерв барж эхэлжээ. Дарга нар Гречког дуудаж тэр хоёр хүүхнийг сансарт нисэх гэсэн хүслээсээ татгалзтал нь сайхан сэнхрүүлж өгөхийг даалгасан байна.

Георгий Гречко

Баатар сансрын нисгэгч маань өнөө хоёр хүүхэнтэй уулзалдахаар суугаад ярьж эхэллээ.

-Бүсгүйчүүд минь дээ.. сансарын нисгэгч болно гэдэг маш хүнд хэцүү зүйл байдаг юм шүү дээ...

-Ойлгож байгаа бид хоёр. Маш сайн ойлгож байгаа.

-Дэндүү хэцүү дасгал сургуулилт, давахын аргагүй шалгалт гээд...

-Тэгэлгүй яахав. Гэсэн ч бид давна...

Аргаа барсан Гречко хэсэг бодож суунаа ингэж хэлжээ,

-Хүүхнүүд минь ээ, та нар сансарт эрчүүдтэй цуг ниснэ гэдгээ мэдэж байна уу? төсөөлөөд үз дээ. Та нар сансрын хөлөгт сууж байна. Хэмжээ нь Запорожоос (маш жижигхэн суудлын машин) илүү юмгүй. Та харин хоёр эрэгтэйн дунд сууна. Гэтэл шээх хэрэгтэй боллоо. Одоо яах вэ? Ийм үед та шээж чадах уу?

-Хн. Бид хоёр ч яахав чадна. Харин тэр эрчүүд чинь шээж чадах болов уу...

Гречко юу ч хариулж чадаагүй ба дараа нь энэ хоёр бүсгүй сансарт ниссэн гэж хэлсэн байдаг билээ.

Жич. ЗХУ-ын эмэгтэй сансрын нисгэгчдийг эргэн санахад дээрх яриа эргэлзээтэй санагддаг. Хоёр бүсгүй цуг ирсэн гэхийг бодоход нас ойролцоо байхаар. Гэтэл Зөвлөлт-Оросын түүхэнд сансарт ниссэн хэдэн эмэгтэй байдаг билээ, тэдгээрийн насны ялгааг бодохоор...

 
Савицкая дурсаж байна

 

Зөвлөлтийн сансарын эмэгтэй нисгэгч Светлана Савицкаяг олон хүн мэдэх байх. Тэр тусмаа нисэх хүчний түүх сонирхдог хүмүүс түүнийг ааваар нь сайн таних ёстой.  Тэрхүү агаарын нислэг, шүхрийн олон удаагийн дэлхийн аварга бүсгүй маань сансарт гараад эхний өглөө босоод гайхсан явдлаа ингэж дурсан ярьжээ.

Өглөө болон бүгд л залхуутайхан эвшээн босох үед Володья Соловьев ингэж хэлдэг байна.

-Свет, намайг өглөө хэмх зоддог байна шүү...

-Хэн? Яаж? Яасан гэж зодсон?...

-Яаж зоддог билээ тэгж л зодохгүй юу. Гараа атгаж байгаад л нүднэ лээ...

Тэгтэл харин өглөө хамгийн түрүүнд боссон Игорь Волк (Буран хөлөгтэй холбоотойгоор энэ хүнийг зарим нэг нь мэдэх байх) эвшээсээр босч ажлын хэсэгт ортол тэнд баахан боодолтой хананд тогтоосон зүйлүүд байснаас хамгийн зөөлөн байж болохоор зүйлийг сонгон нүдэж, өглөөний бэлтгэлээ хийсэн байж. Гай болж тэр боодолтой юм нь амттай зүүд зүүдэлж байсан Соловьёв байсан байна.

 
Гептил

 

1999 онд Оросын “Протон-К” хөлөг Казахстаны Байконураас хөөрөх явцдаа осолдож газарт унан дэлбэрсэн байна. Хэдийгээр цөл газар унаж, айхтар хохирол учруулаагүй ч Казахстаны ерөнхийлөгч Назарбаев Байконур төвөөс сансрын хөлөг хөөргөхийг хориглож, гептил бүхий түлштэй сансарын хөлөг хөөргөх нь ямар экологийн аюултай тухай судалгаа хийх бүлэг гаргах тушаал гаргасан байна. Оросууд Казахстаны хооронд бяцхан тэмцэлдээн эхлэх нь тэр. Нэгэн удаагийн уулзалтын үеэр нисэх талбайн олон ажилтан нар тэнд байсан бөгөөд нэг нөхөр шилтэй гептил авч ирсэн байлаа. Хоёр тал нэг нэгнийгээ буруутган хортой гептилтэй холбоотой янз бүрийн хатуу хөтүү үг солилцож байх үед өнөөх маань гептилээ ширээн дээр гаргаж тавиад “Гептил бол олны шуугиад байгаа шиг тийм айхтар хортой бодис биш шүү” гэжээ.

Гэхдээ мэдээж ууж болохгүй, харин багахан зэрэг үнэрлэж болно. Хэрвээ хэмжээгээ хэтрүүлэхгүй бол эр хүний чалх сайжирдаг гэдгийг манай хөдөлгүүртэй холбоотой ажилладаг олон хүн мэднэ... хэмээн үргэлжлүүлсэн байна.

Харин шөнө нь энэ нөхрийн хаалгыг зогсоо зайгүй нүдэж “ганц үнэрлүүлчих” гэсэн нөхөд цувсан байна.  Энэ нөхөр худлаа тоглоом хийсэн үү, эсвэл..., ямар ч байсан маргааш өглөөний хуралдаанаар Протон хөлгийг хөөргөхийг хориглосон хориог зогсоох тал дээр хоёр тал бүрэн зөвшилцөлд хүрсэн гэдэг.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]