Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тайпингийн бослогоУншсан17,921

XIX зуунд Хятадад хоёр том бослого дэгдсэний нэг нь Тайпингийнх юм. Тайпингийн бослогод тухайн үеийн Манж гүрний хүнд хэцүү нөхцөл байдал их нөлөөлжээ

XIX зуунд Хятадад хоёр том бослого дэгдсэний нэг нь Тайпингийнх юм. Тайпингийн бослогод тухайн үеийн Манж гүрний хүнд хэцүү нөхцөл байдал их нөлөөлжээ. Британи хар тамхины хориогоо цуцла гэхчлэн янз бүрийн шаардлагууд тавьж, Хар тамхины дайн хийж (1840) сөгтгөн дарлав (1842 онд Чин гүрний 416 сая хүн амын хоёр сая нь хар тамхинд орсон байсан бол, 1881 онд 369 сая хүн амын 120 сая нь буюу 1/3 нь хар тамхинд орсон байлаа).

Энэ мэт олон асуудлыг эсэргүүцэж, 1850 онд, Христийн шашны тугийн дор хятад тариачид Манжийн төрийг эсэргүүцэх болсон байна. Эхэн үедээ тэд үлэмж амжилт олж Жянси, Жэзян муж, Аньхуйн ихэнх, Гуансийн тал, Хубэйн бараг талыг эзэлсэн Тайпиний улсыг байгуулжээ. Нийслэл нь Нанжин.

Тэдний цэрэг итгэл сүсэг ихтэй ч, удирдагчид нь шашинд хэт мунхран, Библийн сургаалийн дагуу дайтаж байв. Нийслэл Бээжин рүү бус, Дорно зүг рүү хөдөлсөн нь их алдаа болжээ. Мөн мэдэл дорхи нутгууддаа хятад соёлыг устгаж, ноёд баячуудыг алж, хөрөнгийг нь хураан, армийг сөнөөж байв. 25 гэр бүлээс бүрдэх 25-тын систэмдээ л гол найдлага тавина.

Хэт туйлширсан байдлаасаа болж, эхэндээ тэднийг дэмжиж байсан ард олны итгэлийг алджээ. Үүнийг далимдуулж, баячууд бослого дэгдээн, их хэмжээний нутгийг хяналтаас нь гаргав.

Бээжин рүү довтлохын чухлыг 1853 онд ойлгож, хойд зүг рүү хөдөлж, Тяньжин орчимд ирэв. Манжийн хаан Бээжингээс эрдэнэсээ авч зугтлаа. Энд тайпинчууд Хятадын уламжлалт өмнөд-хойдын зөрчилтэй тулгарав. Хойдынхон өмнөдийнхний хэл усыг ч, зорилгыг ч ойлгосонгүй.

Хар тамхины II дайн гарч, өрнөдийн гүрнүүд Манж руу довтолсныг тайпинчууд шашин нэгтнүүд маань туслав гэж андуурчээ. Өрнөдийнхөн Тайпингийн бослогыг эзэрхий зорилгодоо л ашиглаж байсан нь мэдээж.

Санаандгүй юм болж, Сэнгэринчин гэдэг монгол жанжнаар удирдуулсан цэрэг тайпинчуудад үхлийн цохилт өглөө. Хааны цэрэг, Тайпиний эсрэг давшилтад орлоо. Олзлогдсон босогчдыг бараг бүгдийг нь хороож, тэдний байсан нутагт аймшигт аллага хядлагыг эхлүүлжээ. Өмнийнхөн үүнд хилэгнэн, хааны цэргийг эсэргүүцэж, иргэний дайны шинж тодров.

 

Тайпиний хүчнүүд хоорондоо ч хагаралдан дайтав. Хаос, өлсгөлөн, инквизици, сүйтгэл хаа сайгүй. Тайпингийн бослого олон арван сая хятад хүний амь насыг авч оджээ. Тайпингийн бослогоос өмнө Хятадад 400 сая хүн буюу, дэлхийн хүн амын 40 хувь нь амьдарч байсан бол 280 сая болтлоо буурчээ. Хятадад тэр үед, охидыг “зарлага үрлэгээс бусдыг эс авчрах лай ланчиг” хэмээн егүүтгэх явдал өргөн байгаагүй бол хүн ам нь дэлхийд бүр их хувийг эзлэх байсан биз. Тэр үед 10 хөвүүнд 2-3 охин оногддог, охидын 10 хувийг бүрэлгэдэг байжээ.

Тайпинчууд хүйсийн тэгш эрхийг тунхаглаж, охидыг хороох, хөлийг нь нугалж хатаан жижигрүүлэхийг хориглосноороо багагүй дэмжлэгийг олж байсан. Цэрэгт нь элсэн тулалдаж, хойд насандаа диваажинд залрах гэсэн бүсгүйчүүдээр тусгай эмэгтэйчүүдийн батальонууд байгуулж байв.

Тайпиний арми заримдаа сая хүнтэй болдог байжээ. Нанжингийн дэргэдэх нэг тулалдаанд сая хүний амь үрэгдэж ч байв. Тайпиний удирдагч Хун Сю Цюань бусадтайгаа адилаар амьдарна гэсэн ч хаан мэт тансаглаж, зуу зуун шилмэл бүсгүйчүүдтэй амраглаж, нэр хүндээ алдаж, хагаралд хүргэж байв. Дайны зорилгоор Хуанхэгийн их далан сэтлэгдсэнээс 11 хот, 300 тосгон үерт автаж, зургаан сая хүн үхэж байлаа. Нийтдээ Тайпингийн бослогын үеэр (1850-1864) үеэр 118 сая хүн үхсэн нь хамгийн олон хүний амь насыг бүрэлгэсэн дайн гэж хүн төрөлхтний түүхэнд үлджээ.

Тайпин гэдэг нь урт үст (гэзэг биш) гэсэн үг бөгөөд, Христийн үсийг хэлж буй юм. Удирдагч Хун Сю Цюань нь өөрийгөө Христийн дүү гэдэг байлаа. Тэрбээр христ, күнз, дао, буддаг хольсон тайпиний шашны урсгалыг үүсгэжээ. Гэхдээ Христийн шашин гол нь байв.

Тайпиний тэнгэрийн улс нь 30 сая хүн амтай байлаа. Тайпиний улсад хар тамхи, архи, мөрий, сексийг бараг хорьсон, дайнд оролцон яваа 25-тын систэмийн гэр бүлүүдэд бол бүрмөсөн хориглож байв. Тэр улсад тэгш эрхтэй гэх коммуны нийгэм тогтножээ. Тайпинчууд Манжтай холбоотой бүхнийг устгаж байсан (Наньжинг эзлээд 20 мянган манж хүнийг хүүхэд хөгшид, эмэгтэй гэлгүй бүгдийг хядсан) бол, 1864 онд бослого нь дарагдсаны дараа хааны талынхан тайпинтай холбоотой бүхнийг устгажээ.

Хар тамхины дайны дараа өрнөдийн орнууд Манжаас нэг хүнд нь хоёр мөнгөн зоос оногдохоор их хэмжээний дайны төлбөр авах болсон нь шинэ аймшигт бослогын эхийг тавьсан юм.

2. XIX зууны дундуур Балхашаас Шар Тэнгис хүртэл нутагтай нэгдсэн монголчуудын улс байгуулагдаж болох байв

Тэр үед монголчуудын нэлээд хэсэг Манж Чин гүрний харьяанд байсан тул үр дагаварт нь их өртсөн юм.

Манай хэвлэлүүдэд, англи Францтай байлдсан гарамгай жанжин Сэнгэринчин гээд л саявтар шуугисан. Учрыг мэдэх хүмүүс бол түүгээр нэг их бахдаад байдаггүй юм. Билгүүн номч Захчидсэцэн “Хамаг хүчээ Манжид л өгсөн хүн дээ” гэж харуусан өгүүлжээ.

Боржигин Сэнгэринчин (1811-1865) Хавт Хасарын 26 дахь үеийн удам нь бөгөөд, манж гүнжтэй гэрлэсэн эфү, жүн ван. Найман тугийн морьт цэргийн жанжин тэр Тяньжин орчимд тайпинчуудыг тосч байлдан, хоёр жил тогтоож, нэг удирдагч Ли Кай Фэнг нь барьж цаазлан, чин ван цол шагнуулжээ. “Эзэнт гүрний түшиг тулгуур” хэмээн, шашны хийрхэгч шороон түмэн тайпинийг няцаагч гэж түүнийг нэрлэн, итгэл найдвараа тавьж байлаа. Тэрбээр итгэл найдварыг нь ч хөсөрдүүлэлгүй, тайпинчуудад үхлийн цохилт өгч ухраасан юм. Тэгэхдээ Тяньжингийн даланг сэтэлж, усанд авахуулан түйвээж байгаад дайрчээ. Энэ дайнд Улаантай жанжин, манж морин цэргийн захирагч Ихдамба гээд монголчууд бас гавъяа байгуулжээ.

Сэнгэринчинг, Хар тамхины дайнд оролцогч өрнөдийнхөн Сэм Коллинсон гэдэг ирланд жанжин хятадуудыг британичуудын эсрэг босгож байна гэж эндүүрч явсан удаатай. Ханз үсгээр Сэн Ко Лин Син гэснийг тийнхүү тайлж уншин, цэргийн эрдэм чадлыг нь европ жанжных л байж таараа гэж таамагласнаас тиймд хүрчээ. Чингээд “Сэм Коллинсон”-ы эсрэг их цэрэг хөдөлгөж, дайралтыг нь шүршүүр буугаар зогсоожээ. 60 мянган манж, монгол цэрэг англи, францчуудад хядуулсан байдаг.

Ялагдашгүй гэж итгэж байсан жанжин нь мөхөсдсөнд хилэгнэсэн манж хаан түүнийг Няньжуны буюу Бамбартны гэх тариачны бослогыг даруулахаар илгээв. Үүнийг хялбар дөнгөх биз гэж бодсон атал Сэнгэринчин тариачдад баригдаж алагджээ.

Чин гүрэн шоконд орж, төрийн их оршуулгаар хүндэтгэж, улс даяар гашуудал зарлаж, их чин ван цол нэхэн олгожээ. 1889 онд Бээжингийн Дунчэн дүүрэгт Сэнгэринчингийн сүмийг, 1995 онд Өвөр монголын Улаанхад хотод түүний хөшөө, мүзэйг босгожээ.

Хятадын анхны онгоцыг бүтээсэн, хятадын агаарын тэхникийн эцэг гэгддэг Ба (Боржигинийг тэмдэглэх ханз) Ю Жао-г Сэнгэринчингийн хойч гэдэг. 1892 онд төрсөн түүнийг долоон настай байхад нь, найман тугт цэргийн дарга (офицер) эцэг нь Наньжингийн тэнгисийн цэргийн сургуульд илгээжээ. Шилдэг сурагч Ба Ю Жао-г Манж Чин улс 1909 онд Америкийн Армстронгийн коллежид механик-инженер болгохоор явуулжээ.

Тэрбээр бас л шилдэг гэгдэн, Массачүсетсийн тэхнологийн их сургуульд дэвшин орж, нисэх техникийн дээд боловсрол эзэмшжээ. Америкийн авиа компанид ажиллах ч болов. Өөрөө онгоц зохион бүтээх хүслээ энд гүйцэлдүүлж болохгүй байсан учир, Хятадад ирсэн байна.

Тэгээд 14 загварын онгоц зохион бүтээжээ. Хятад улс үйлдвэрлээд ч эхэлж. Ба Ю Жао нисэхийн чадварлаг мэргэжилтэн болсноо харуулжээ. 1929 онд 37 настайд нь японы тагнуул хорлож алсан гэх яриа байдаг аж.

Ба Ю Жао “Боинг” үйлдвэрийн загваруудыг зохион бүтээхэд ч оролцож, Америкийн агаарын техникийн түүхэнд нэрээ үлдээжээ. БНХАУ түүний дурсгалд зориулж, шуудангийн марк гаргасан аж.

Тайпингийн бослогын үед Манжийн хятад бус үндэстнүүдийн дунд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байжээ.

1862-1881 онд Дунгааны бослого өрнөж дунгаан, салар, уйгур, казах, киргизүүд оролцож байв. Тэд дийлдэх үедээ Монголд орж ирж түйвээж байсан билээ. 1863 онд Якуб-бэкийн бослого гарч, Монголд казахууд ирж суурьшихын эхийг тавьсан. 1865-1877 онд Еттишар буюу Долоон хотын улс тогтнов. Хулжийн султанат гэх улс ч байгуулагдаж байв. 1871-1881 онд Оросын цэрэг Шинжааныг эзэлж, бослого хөдөлгөөнийг дарж, эв нь олдвол салгаж авахаар анаж байлаа. Гэвч их гүрнүүдийн дарамтанд ороод чадаагүй. Шинжаанд 1933 онд Зүүн Түркестаны I БНУ (Ислам Хожа Нияз удирдсан), 1949 онд Зүүн Түркэстаны II БНУ байгуулагдаж байсан. Юньнаний лалууд бас босч байжээ.

Монголчуудын дунд мөн тайвангүй болжээ. 1853 онд Баруун Түмэдэд Найман сумын тэмцэл өрнөжээ. 1858 онд Үүшин хошууны дугуйлангууд үүсч, 1891 он гартал идэвхитэй байв. 1859 онд Зуу-Уд, Зостод манжийн эсрэг бослого гарчээ. 1863-1864 онд Зост, Зүүн Түмэдэд, 1864 онд Харчинд бослого гарав. Оросын 300 казак цэрэг “Халхын нийслэлд Манж Чинд туслах зэвсгийг хүргэж өгнө” гэхэд Сэнгэринчин халхуудад итгэж болохгүй хэмээн, хүн хүч дутмаг байсан ч Хиагт хүртэл довтолгон, тосч очин авч байжээ. Дайн самуун, Чин улсын колонист бодлого зэргээс болж, хятад тариачид монгол нутгуудад үерийн ус адил садран орж ирж, монголчууд үүнд ихэд дургүйцэн, “хятадуудыг оруулахгүй” гэснээ зөрчвөөс Чин улсаас салсан ч яадаг юм гэх болсон цаг билээ.

Сэнгэринчин жанжин үндэс угсаагаа гэх эх оронч нэгэн байсан бол, Манжийн төлөө амь хайргүй тулалдахын оронд, Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөө өрнүүлээд, мандан бадарч болох байв. Өвөр монголчууд юуны өмнө, тэгээд ар монголчууд бас талархан дэмжих байлаа. Орос гүрэн Манж Чинтэй маш их зөрчилтэй байсан тул мөн дэмжих байсан. Гэхдээ арай ч өөртөө хавсарган нэгтгэчихгүй, их гүрнүүдийн аясыг харна. Япон тэр үед нөлөө багатай байсан тул (1911 оны хувьсгалын дараа монголчууд нэгдэхэд Япон маш их саад тотгор учруулсан), энэ дүйвээнээр бүх Монгол нэгдэж, Оросыг түшиглэн, тусгаарлаж салж болох байсаан. Орос бол Крымийн дайнд Англи, Франц, Оттоман, Сардиний эвсэлд ялагдаж, харин өрнөдийнхний нөлөө багатай бүс нутагт нөлөөгөө нэмэгдүүлэн, алдсанаа нөхөх гэж их чармайж байсан юм.

Гэвч Монголд хангалттай ҮЭЧХ өрнөсөнгүй. Олон монголчууд Манж гүрний төлөө цусаа урсгаж байлаа. Иймээс Орос Манжид тусална, хариуд нь Зүүнгарын нутгийг авна гэж дарамталсаар 1864 онд санасандаа хүрсэн юм. Хэрэв Манж үүнийг зөвшөөрөөгүй бол Орос олз ашиг хайн мөн довтолж мэдэх байсан агаад, аян шалтаг заан Шинжааныг 10 жил эзэлсэн. Ийнхүү Ар Монголоос их газар нутаг монгол хүн амтай хамт тасран одож, хүнд гарз хохирол учирсан юм. II Николай Балхаш нуур хүртэлх 1.2 сая ам км, Амар мөрний сав дагуух 400 мянган ам км нутгийг Манжаас авч, Тайпингийн бослогын хамгийн том хожигчоор тодорчээ.

Тайпингийн бослого монгол нутгуудыг таслан хувааж, монгол цэргүүдийн амь насыг хөнөөж, монгол хүн ардыг түйвээсэн туйлын уршигтай үйл явдал болж өнгөрчээ.

3. 1891 онд улаан малгайтнууд 150 мянган харчин хүнийг хядсаныг дэлхий мэддэггүй

Тайпингийн бослого хятадуудад харийн шашин, нөлөө гэдэг бол туйлын гайтай юм гэх бодлыг үлдээжээ, ялангуяа хойдынхонд.

Өдгөө Хятадын 1.3 тэрбум хүн аманд хойд хятад 800 сая, өмнөд хятад 400 сая хүн байна. Өмнөд хятад нь тархай бутархай, долоон аялгаар ярьдаг. Энэ долоон аялга хоорондоо ойролцоо ч, хойдоос эрс ялгаатай, зөвхөн дүрс үсгээр нэвтрэлцэнэ. Угтаа өмнөд хятадууд бол таи, вет төрлийн угсаатныг түрэмгийлсний хойчис юм. Антропологиор ч өөр. Ийм холимог, хоёрдмол, гуравдмал байдлаасаа болж гадны нөлөөнд автамхай байсан бол хойдынхон илүү үндсэрхэг байж. Өмнөдийнхөн хойдынхноо монгол гэдэг бол, хойдынхон өмнөдийнхнөө въетнам гэдэг юм байх. Өмнөдөд у аялгаар 77сая, юэ аялгаар 71сая, мин аялгаар 60 сая хүн ярина.

Тайпингийн бослогын үед ҮЭЧХ-үүд өрнөсөн, хятад дүрвэгч, үймээн самуунчид бужигнуулсан зэргээс болж Манж гүрэнд хань, хань бус үндэстнүүдийн харилцаанд бөмбөг булагдсан байлаа.

1866 онд Ордост дугуйлангийн хөдөлгөөн эрчимжиж, зэвсэгт тэмцэл ч гарав. 1868 онд Байлингаагийн бослого гарлаа. 1870 онд Өвөр Монголд хаа сайгүй Манжийн эсрэг эсэргүүцэл өрнөв. 1873 онд Далай лам Манжаас нэлээд тусгаар байдалтай болсон нь Монголд нөлөөлөл үзүүллээ. 1877 онд Цагаан малгайтны (лалууд) бослогыг дарахад монголчуудаас хүн хүч дайчлав. 1880 онд Халхад Онолтын цэргийн бослого гарав. 1881 онд оросууд Тувад онцгой эрхтэй болсон бол, 1883 онд тувачууд үүнийг эсэргүүцэн Алтан Майдарын бослогыг дэгдээлээ. 1889 онд Жирэм чуулганд бослого дэгдэв.

1891 онд аймшигт тэсрэлт болов. Улаан малгайтны урвалгаан, Хятад тариачин Ян Ей Чуаний самуун, Жан Дан Даогийн үймээн гэж янз бүрээр нэрлэгдэх, монголчуудын түүхэнд учирсан хамгийн том гэноцидүүдийн нэг тохиов.

Нангиад нар “Монгол хүнийг нь алж, газрыг нь булаая!” гэж уулгалан, Чин улсын засагтай сүлбээцэлдэн Зостын чуулганд (Одоо Улаанхад), Харчин гурван хошуунд 48 өдөрт 150 мянган монголчуудыг хяджээ!

Монголчуудыг мянга мянгаар нь бөөгнүүлж, нэг ч хүн үлдээлгүй алж байв. Нялх хүүхдийг хөлөөс нь барин савах, жадны үзүүрт өлгөх зэргээр хороож байлаа. Жирэмсэн эхийн гэдсийг хүүлж, ургийг нь харуулна. Хожим тэр хүмүүсийг оршуулах гэхэд толгой байвч бие үгүй, бие байвч толгой үгүй, бие толгой байвч мөчис үгүй гэхчлэн үзэшгүй аймшигт дүр зураг угтжээ. Маш болхи зэрлэгээр цавчилж, цохилж, тамлаж зовоож хядсан аж.

Олон монгол хүн цөс хэмхэртэл эмээж, араас улаан малгайтнууд гарч ирэх вий хэмээн Хянганыг давтал зугтаж дүрвэжээ. Сод зохиолч Инжиннаш хамаг бүхнээ орхин зугтаж, Ляонинд нэгэн хуучин балгасанд орогнож нуугдаж байгаад, өвчний улмаас нас эцэслэсэн байна. Олон монгол хүн шударга өшөө хорсолд автаж, эрслэн тэмцэх болжээ. Хятад колонистуудын аюул, Чин гүрний хорлолыг яс махандаа шингэтэл ойлгож, яавч хужаа нартай хамт амьдрахгүй, амьд үхсэн ч тэднээс тусдаа байх болно гэж андгайлж байжээ.

Улаан малгайтны урвалгаан нь сайн судлагдаагүй, Хятадын үзэл сурталд дарагдаж ирсэн харгис явдал юм. Өвөр монголчууд энэ асуудлыг сөхөхөд хятадууд “Танай Монголын байлдан дагуулагчид 30 сая хятад хүнийг алсан. Түүний л хариу байгаа биз” гээд тоодоггүй аж. 1-рт монголчууд хятадуудыг тэгж алж хядаагүй, 2-рт олон зууны турш цусан өш санаж хэрэгжүүлж явах мунхаг сэтгэлгээ хүн төрөлхтөнд байж болохгүй, 3-рт, хятадууд Юань гүрнийг мөхөөхдөө ч, бусад олон тохиолдолд ч монголчуудыг алж хядаж, хариу гээчээ авахын дээдээр аваад зогсолгүй, асар ихээр хохироож ирсэн билээ.

Энэхүү улаан малгайтны (улаан алчууртны) урвалгаан нь хожмын улаан алчууртны буюу Шударга нударгын (Ихэтуаний, Боксёрын) бослогын эх үүсвэр болсон гэж үздэг. Ихэтуаний бослого үндсэндээ хан бус хүмүүс, соёлын эсрэг чиглэсэн туйлын харгис хэрцгий үйл явдал билээ. Солонгосыг булаалдсан Манж-Японы дайн өрнөлийг нь хэдэн жилээр саатуулан хойшлуулсан тал бий. Дайн эхлэхэд Манж 388 сая, Япон 41 сая хүн амтай, Манж 630 мянга, Япон 300 мянган цэрэгтэй, Япон харин хөгжлийн төвшин, техник, зэвсгээр хавьгүй илүү байв.

Японд ялагдсан нь манжийн байдлыг асар хүндрүүлж, улмаар 1898-1901 онд улаан алчууртны бослого дэгдэв. Энэ нь хойноос урагш чиглэсэн байлаа. Христийн шашинт хятадуудыг хайр найргүй хядаж, нялх бага хүүхдүүдийн нүдийг сохлоод хөсөр хаядаг байв. Гадаадынхныг өршөөлгүй алж хороож, дээрэмдэж, хүчирхийлэн харгислана.

Энэ нь өрнөдийн орнуудыг хилэгнүүлж Англи, АНУ, Франц, Япон, Орос, Гэрман, Австри-Унгар, Итали цэрэг нийлүүлэн илгээж, хааны дэмжлэгтэй улаан алчууртнуудыг хиар цохиж эхэллээ. Вильгельм хаан германы цэргүүдийг үдэхдээ: “Хятадууд Хүннү гүрнийг үүрд санаж ирсэн шиг, Герман гүрнийг үүрд санаж явах болтол нь сургаж өгөгтүн” гэснээс болж, дэлхийн II дайн дуустал герман цэргүүд хүнчүүд гэгддэг байлаа. Тэдний эсрэг Манжийн засаг Халхаас 20 мянган цэрэг дайчилж хөдөлгөх гэтэл хоёр мянга л цуглаж, тэд нь Энхтайваны удирдлагаар босч үймэн, манж хятадуудыг алж талаад, тарж одсон юм.

Улаан алчууртны бослогын нэг балаг нь Манжийн хатан хаан “Шинэ засгийн бодлого” гээчээр хятад колонистууд Монголд очиж, атар хагалбарлахыг улам эрчимжүүлсэн явдал болно. “Шинэ засгийн бодлого” монголчуудын ҮЭЧХ маш ихээр өрнөн дүрэлзэхэд хүргэж, 1911 онд Монголын үндэсний их хувьсгал гарч ар, өвөр, баруун, дээд монголчууд нийлж тусгаарлан, Богд хаант Монгол улсаа байгуулсан билээ.

Сэтгэгдэл 18ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 5. 21:29
Зочин

1911 онд ойрдуудаас бусад бүх монголчууд үндэсний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж эхэлсэн билээ. Харин дөрвөд толгойтой Ховдын хязгаарчууд үүнээс татгалзаж Дундад улсад хэвээр үлдэхийг хүсэж байсан нь түүх болон үлджээ. Дараад нь л халх, өвөр монголчуудын идэвхитэй ятгалагаар Монгол улсад нэгдэхээр шийдвэр гаргасан байдаг.

2017, 6 сар 27. 16:10
бббб

Баттулга нар одоо болих хэрэгтэй.Баттулгаас бусад Монгол хүнбиш бололтой.

2016, 10 сар 25. 4:21
Зочин

odoo MAH-iinhan buur haytaduudtai barag urag turul bolloo tednees buur salahaa bailaa

2016, 10 сар 22. 16:16
зочин

уншиж төсөөлж байснаас ч аймаар юм байна огт уншиж байгаагүй юм байнаа

2016, 10 сар 21. 13:02
dd

haa bainaa ter manjuud

2016, 10 сар 20. 23:28
Зочин

Хятад-манжуудаас л хол явах юм шүү!

2017, 3 сар 11. 9:45
Зочинd

odoo manj undesten baitugai manj heltei hun bhgui

2016, 10 сар 20. 23:27
Зочин

Үмхий *****, манжуудаас хол явах хэрэгтэй!

2017, 3 сар 11. 9:45
Зочинd

odoo manj undesten baitugai manj heltei hun bhgui

2016, 10 сар 20. 21:27
zochin

shine zasagiin bodlogo gedeg n aniin shiideliin zasagiin gazar gedegtei tostei yum bishuu iim yumnaas genotsed eheldeg yum bish bizdee,,,,,hunii munhaglal eroolgui gej ed er n hen be gej bodoj seremj heregtei ch bij magadgui l yum bina

2016, 10 сар 20. 17:30
Зочин

Бичээд бай бичээд тэгж байж үнэн тодорно Харин Сэнгэрэнчин цэргийн туршлагатай жанжин ч Манжид арай дэндүү зүтгэсэн Яг л оросчилсон буриад тува юм шиг

2016, 10 сар 20. 17:15
Зочин

АУГАА ӨВӨГ ДЭЭДЭС МИНЬ

2016, 10 сар 20. 16:53
Зочин

jinhene tuuh chin ene shude hezeech orosuud mongolchuudad tuslaj baigaagui yag ene heseg tuuhiig albaar eruusuu bichdeggui yum Manj uls muhuh ehleliig Anglichuud tavisan yum orchin ueiin Britaniin flot manjiin huuchin flotiig 7 honogiin dotor l suiruulsen baidag ingeed manj uls huchirheg tehnologitoi baruunii ulsuudad yalagdaj ene uyeer azaar ar mongol tusgaar boloh naidlaga garch irsen yum orosuud hezeech mongolchuudad tuslaj baigaaguig tuuh gerchilne ingeed manj qing guren sulran doroitsoniig manai mongol uls ashiglaj bogd haant mongol uls bolson yum harin tsagaan orosuudiig ulaan orosuud ustgasnii daraagaar hyatduudtai geree hiij uvurmongoliig negtgeegui bilee ter baitugai hyatduud hureeg ezelsnii daraagaar bogd haaniig Da juntanii hurug zuragt murguulj baisan tuuh bii er n ene manj uls iin turemgiillees garsan n orosuudiin byan bish eruusuu angli france hoyor l tsaad utgaaraa bidend ih tus bolson baigaa yum sanaandgui baidlaar

2017, 2 сар 15. 21:51
Зочин

uneheer saihan niitlel bna.ih bayarlalaa.hyatadaas l hol baihiinsandaa.

2016, 10 сар 20. 16:45
Зочин

OPIUMNI DAIN,***** MAL..BUUSUNDUU BARIGDCHIHSAN BAISAN HUJAA MANJUUDIG IH GURENUUD HUVAAJ AVSIIN MALAA..

2016, 9 сар 14. 13:45
Зочин

Бипний түүхээс маш олныг нууж ихэнхи тохиолдолд буруугаар бичиж байсан тул энэ мэт баримт их чухал юм шүү. Энэ бүгдийг судалж хэзээ үнэн түүхтэй золгоно доо

2016, 5 сар 26. 10:09
иргэн

урьд нь сонсоогүй л түүх байна.Судалмаар юм биш үү...

2016, 5 сар 26. 9:40
Зочин

***** нар тархи угаах нь хирээс хэтэрлээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]