Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Маш нууц 731-р анги Халх голд ирсэн ньУншсан7,904

1939 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Квантуны армийн бактериологийн дайн хийх 731 дүгээр ангийн Окари Цүнешике хошуучийн дагуулсан амиа золиослогч 22 хүн Халхын голд 22.5 кг хижиг, холер, ям зэрэг өвчний бактерийг цацав.

1939 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Квантуны армийн бактериологийн дайн хийх 731 дүгээр ангийн Окари Цүнешике хошуучийн дагуулсан амиа золиослогч 22 хүн Халхын голд 22.5 кг хижиг, холер, ям зэрэг өвчний бактерийг цацав. Ингэж Зөвлөлт, Монголын цэргийн эсрэг бактериологийн дайн хийв.


Квантуны армийн 731-р ангийн захирагч

хошууч Иси Сиро

Японы цэргийн эрхтнүүд Манжуурыг эзлэн авсны дараа бактерийн туршилт судалгаа явуулж, мөн төрлийн зэвсэг үйлдвэрлэх тусгай анги байгуулж, цэргийн эмч, хошууч Иси Сирогоор удирдуулжээ.

Иси Сиро бол Японы бактериологийн дайныг гардан эхлүүлсэн хүн юм. 1933 оны эхээр Иси Сиро Зүүн хойт Хятадад бактери судлах суурин газар байгуулах санал боловсруулан Японы армийн командлалд өргөн барьсан байна. Японы армийн удирдлага энэ саналыг зөвшөөрч бактери судлалын тусгай анги байгуулан захирагчаар нь Иси Сирог томилжээ. Зүүн хойт хятад нь бактери судлах тусгай анги байгуулахад хамгийн тохиромжтой газар болохыг Квантуны армийн удирдлага сайтар тооцоолсон байна. Учир нь тухайн газар орноос бактерийн туршилт явуулах “материал” буюу амьд хүн, амьтан амархан олдох боломжтой, мөн ЗХУ-тай хил залгаа, цаг агаарын хувьд адилавтар, цаашид Зөвлөлттэй дайн хийхэд хүрвэл бактерийн зэвсэг хэрэглэхэд дөхөмтэй байсан юм.

1933 оны наймдугаар сард Харбины Нан гань тойрогт маш нууцаар “Иси Сирогийн цэргийн анги” буюу “Квантуны армийн хижгээс сэргийлж, ус түгээх анги”-ийг байгуулж, түүний харъяа бактерийн туршилтын талбайг 70 километрийн зайтай Бей Ень голд байгуулжээ.

 

 

Энэ цэргийн ангийг байгуулсан цагаасаа эхлэн маш нууцалж нууц нэр, нууц дугаар өгч байсан бөгөөд шинэ байгуулсан ангиа Иси Сиро “Шиян муу анги”, “Дүн Сиан анги” гэж нэрлэснээс гадна нөгөө нэгийг нь “Квантуны армийн хижгийг сэргийлж, ус хангах анги” гэж нэрлэжээ. 1936 онд Японы эзэн хаан Хирохитогийн зарлигийг үндэслэн Армийн жанжин штаб зүүн хойт Хятадад хоёр онцгой цэргийн ангийг нэмж байгуулжээ. 1938 оны 6 дугаар сард Исигийн цэргийн анги нь Харбины Пин Фан дүүрэгт нүүн очиж нийтэд “Эиан Му анги” гэж нэрлэгдэж байснаа удалгүй “Дүн сиан анги” хэмээн өөрчлөн нэрлэх болсноос гадна “Манжийн 659 дүгээр цэргийн анги” гэж нууц дугаартай болжээ. Энэ анги 1941 оноос “Манжийн 731 дүгээр отряд” гэдэг нэрийг хэрэглэж, 1945 оны 5 дугаар сард “Манжийн 25202 дугаар цэргийн анги” гэж өөрчилжээ.

 

Квантуны армид хими, бактерийн зэвсэг судлан бүтээж, туршин хэрэглэх үүрэгтэй онцгой анги буюу 731 дүгээр отрядад 3000 гаруй хүн ажиллаж байсан бөгөөд 1940-1945 оны хооронд 3000 гаруй хүнийг бактерийн туршилтад оруулан хөнөөжээ. Туршилтад орж амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь хятад үндэстэн байсан бөгөөд мөн орос, монгол зэрэг бусад үндэстэн ч цөөнгүй байсан юм.

Номунханы (Халхын голын) дайны үед Квантуны армийн удирдлага бактерийн зэвсэг хэрэглэсэн нь одоо нэгэнт тодорхой болсон. АНУ-ын иргэн Д.Варнерын 2008 онд хэвлүүлсэн “Халхын голын  эрэг хүртэл” номонд “1939 оны 8 дугаар сарын сүүлчээр тусгай отряд Харбинаас ирж Хайлаастын голд гэдэсний хижгийн нян хийхийг оролдсон гэж мэдэгдсэн. Гэтэл тусгай отрядын зарим нэгний болгоомжгүй үйлдлийн улмаас бактериа алдаж японы 40 цэргийн алба хаагч нас барсан” гэжээ.

Хятадын судлаач Han Xiao-гийн бичсэн “Японы армийн 731 дүгээр ангийн ялт хэргийн шүүх” номонд “Эдгээр боомын бактеритай сумыг хийсний дараа Ямакүчигийн тасгийн хүмүүс Номунханы фронтын их бууны галын шугаманд хүргэсэн… Япон дайнд ялагдсаны дараа эх орондоо буцаж ирсэн 731 дүгээр отрядын албан хаагч Камата өгүүлсэн нь: “Нэг өдөр манай 3 хүнтэй хэсэгт Хулстай голд бактери цацах тушаал өгч, бид тахлын ба хулганы хижгийн бактеритай, шингэн агуулсан сав болон хижиг халдварлуулсан хулгана, хор цацах багажийг машинд ачиж Жанжин сүмээс хөдлөв. Бид яарч тэвдсэнээс болгоомж алдаж манай тасгийн дарга халдвар авч, өвчин тусч Хайлаарын эмнэлэгт очиж эмчлүүлсэн боловч удалгүй үхсэнийг би сүүлд сонссон. Тэр голд бактери цацах гэж үдийн хойно Жанжин сүмээс гарахдаа замдаа нэг тариачин айлд орж зам өнгөрч байгаа жирийн япон хүн гэж худал хэлж түр амарсан. Тэр айл халиараар банш хийж биднийг дайлав. Тэднийхээс явах үедээ гэрийнхний анхаарамжгүй байдлыг ашиглан биедээ авч явсан хулганы хижгийн хатаасан бактериа гэрт нь хаяж орхисон. Бид Халхын голд бактери хаях үүргээ биелүүлээд буцахдаа энэ айлд ирэхэд тэр өрхийн 3 хүн бүгд үхсэнийг мэдсэн” гэжээ.

731-р анги

Номунханы дайн дөнгөж эхлэхэд Квантуны армийн генерал Үэдэ 731 дүгээр ангид очиж үзээд тэдний бодит боломж, хүчийг мэдэрсэн байдаг. Энэ үед тус отряд зохих хэмжээний бактери үйлдвэрлэх чадалтай, бактерийн зэвсэг хэрэглэх арга барилаа олсон, дайны үед өөрийн цэргийг хамгаалах ус шүүн тунгаах машиныг зохион бүтээсэн байжээ.

Энэ нь Японы армийн дээд командлалын урам зориг, итгэл найдварыг төрүүлж, тэд Номунханы дайны (Халхын голын дайн) үед бактерийн зэвсэг хэрэглэхээр шийдвэрлэсэн юм. Иси Сиро ч 731 дүгээр отрядынхаа хүч боломжийг дээд удирдлагадаа харуулахын тулд Ерөнхий хэлтсийн эрхлэгч, ахмад Идо ба мөн 6 хүнд тушаал өгч түр цагийн дэлгэн үзүүлэх байрыг бэлдэж, бактери үржүүлэх сав, хайрцаг, бактери тээгч сумны хонгио, ус шүүх машин зэрэг бактерийн дайнд хэрэглэх багаж, тоног төхөөрөмж, өмнө нь туршилт хийж буйг харуулсан гэрэл зураг, Зүүн хойд Хятадын газрын гадарга, уур амьсгалын газрын зураг зэргийг дэлгэн үзүүлжээ. Квантуны армийн удирдлага эдгээрийг үзээд зориг шулуудан Иси Сирод Номунханы дайнд (Халхын голын дайн) оролцох төлөвлөгөө, төсөв хийх үүрэг өгчээ.

Квантуны армийн удирдлагын энэ шийдвэрийн дагуу 731 дүгээр отряд уг дайнд оролцох төлөвлөгөө боловсруулав. Тэд дайны үед бактерийн зэвсгийг хэрэглэх хэд хэдэн арга боловсруулсан байна. Үүнд: нэгд, боомын бактерийг их бууны сумны хонгионд хийж, их буугаар Зөвлөлт, Монголын цэргийн зүг буудаж дайсны фронтын гүнд бактери тараах. Хоёрт, их бууны сум мэт шавар бөмбөг хийж, дотор нь бактери халдварлуулсан жижиг амьтан, бодис, хүнсний зүйл хийж Халхын голын баруун эрэгт нисэх онгоцоор хаях. Нэг онгоц хэдэн арван бактеритай бөмбөг тээх бөгөөд нэг бөмбөгт л гэхэд 5000 орчим хулганы хижиг халдварлуулсан нохой бөөс тээж дайны гүнд хаяна. Бөмбөг газарт унаж хагарахад бактери халдварлуулсан нохой бөөс газарт цацагдан богино хугацаанд үлэмж талбайд тарж, улмаар хүнийг хазаж цусаар дамжуулан бактери тарааж хулганы хижиг өвчнийг халдварлуулна. Гуравт, тусгайлан бэлтгэсэн нэг салаа буюу “Үхэн байлдах анги”-ийг (амиа золиослох анги) Халхын голын баруун эргийн гүнд оруулж гол мөрөн, худаг зэрэг ундны усны эх булагт бактери ба хорт бодисыг тавьж Зөвлөлт, Монголын цэргийг хордуулах.

 731-р ангийн амиа золиослогч самурайнууд

Японы 731 дүгээр отрядын удирдлага дээрх 3 арга замаар дайны явцад бактерийн зэвсэг хэрэглэх боломжтой гэж үзсэн байна. Гэвч тэд хулганы хижгийн бактери, боомын бактерийг халдварлуулах арга чадвар дутмаг, харин булчин задрах тахал, цусан суулгын бактери болон бусад тахлын халдварлах арга замыг тодорхой мэдэж байсан юм. Иймд Иси Сиро Номунханы дайнд (Халхын голын дайн) хулганы хижиг, боомын бактерийг туршилтын журмаар хэрэглэж, булчин задлах тахлын ба цусан суулгын бактерийг голлон хэрэглэхээр шийдвэрлэжээ. Ингээд тусгай тасаг Халхын голын баруун эргийг судлан зургийг нь зурж, бактериар хордуулж болох гол, булаг, шанд, нуур, худаг зэргийг тусгайлан тэмдэглэсэн байна. Квантуны армийн 23 дугаар явган дивизийн командлагч, дэслэгч генерал Комацубара Номунханы дайныг удирдсан билээ.

Тэрээр олон жил цэрэг, тагнуулын ажил хийсэн туршлагаараа 731 дүгээр отрядын боловсруулсан дээрх 3 төслийг хэрэгжүүлэхэд гарч болох хохирол, сөрөг талыг урьдчилан сайтар хянаж үзсэн байна. Түүний тооцоолсноор хэрвээ их буу, миномётоор бактерийг харвахаар бэлтгэсэн тохиолдолд их хэмжээний бактери агуулсан их бууны сумнууд нь буудаж амжаагүй байхад Зөвлөлтийн цэргийн их бууны галд өртөж болзошгүй юм. Энэ тохиолдолд бактерийн сум өөрийн цэргийн дотор дэлбэрч, өөрсдөө бактерийн хорыг амсаж болзошгүй гэж М.Комацубара үзсэн байна.

Мөн нисэх онгоцоор бактеритай бөмбөг хаях тохиолдолд онгоц нь нам өндөрт нисэж байхдаа дайсны галд өртөж, Халхын голын зүүн талд унавал мөн л өөрийн талд бактерийн аюул тарина. Харин тусгай анги дайсны фронтын гүнд орж ундны усны эх булагт бактери цацахад Зөвлөлт, Монголын цэрэг усны эх булгийг сайн хамгаалж байгаа тул баригдах аюултай гэж үзжээ.

Ч.ЧУЛУУНБААТАР

Үргэлжлэлтэй.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 12 сар 23. 19:35
Зочин

Самуурайнуудаа бодолтой л муулаарай даа. Дефолд болж байгаагаа санаж, юм гуйхаа бодож байсан нь дээр байх аа. Та нарын муу хэлдэг МАН /тэр үеийн МАХН/ энэ талаар хангалттай суртал ухуулга хийсэн.

1 сар 17. 17:22
Зочин

Тэнэгт. Болсон үйл явдлыг болж өнгөрсөнөөр нь бичихээс өөр яадаг юм. Бага муулаарай ч гэх шиг. Яахаараа ийм тэнэг болдог байна аа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]