Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Далай мэт... Тэнгэр мэт... Аянга мэт...Уншсан8,229

Монголчууд өрөөлийг ирлээд өөрөө элэгдэх билүү чулуу мэт ард түмэн.

Далай мэт...

Тэнгэр мэт...

Аянга мэт...

“Төв Азийг бүхэлд нь хамарч Хятадаас Ойрхи Дорнод хүртэл аугаа уудам орон зайд Монгол үндэстний мандан сэргэсэн ер бусын түүх нь сүүлийн эриний  Илиада шиг гайхамшигт ер бусын аяны тухай өгүүлсэн аугаа баатарлаг түүхэн туульс юм.”

Washington Post Book World


***

 

“Монголчууд бид далай мэт арвин баялаг, тэнгэр мэт сүр жавхлантай, аянга мэт эрх хүчирхэг түүхтэй ард түмэн.”

Бөмбөрцөг дэлхий дээр аж төрж ирсэн ард түмэн, улс орон бүр өөр өөрийн давтагдашгүй гайхамшигт түүхтэй, өв соёл, уламжлалтай. Тийм бол монголчууд бидний түүх, өв соёл, уламжлал нь бусад үндэстнийхээс юугаараа ялгаатай, онцлогтой байдаг вэ? Юу гээч гайхамшигтай зүйл бидний түүхийг ингэж их өндөрт өргөж, хөөргөн мандуулах шалтгаан болно билээ? Чухам юуны учир далайтай, тэнгэртэй, аянгатай зүйрлэнэм бэ?

Монголын Их Эзэнт гүрний үед нэг сая хүрэхтэй үгүйтэй монголчууд нийтдээ 220 орчим сая хүн ам бүхий их бага 40 гаруй төр улс, 80 гаруй үндэстэн угсаатан, овог аймгууд оршин аж төрж байсан 33 сая орчим ам дөрвөлжин км талбай бүхий газар нутгийг байлдан дагуулж, нэмээд 3-4 сая орчим ам дөрвөлжин км талбай бүхий газар нутагт хяналтаа тогтоож чадсан байна. Энэ нь умардын арктикууд, Сибирийн аглаг зүүн хязгаар, зүүн өмнө зүгийн ширэнгэн арал, олтригуудыг хамруулсан Евроазийн эх газрын 70 орчим хувь, харин хүн ам аж төрөн сууж байсан бүс нутгийн 90 гаруй хувийг хамарч байв.

Монголын Их Эзэнт гүрэн нуран унасан ч түүний салаа салбарууд болох Их Юань улс, Хүлэгийн Ил хаант улс, Алтан ордны улс, Цагаадайн улс зэрэг тухайн цаг үедээ өөр хоорондоо л өрсөлдөж тэмцэлдэхээс бусдаар өөр ямар ч улс орнуудтай эгнэж зэрэгцүүлшгүй хүчирхэг улс гүрнүүд салбарлан оршиж байв.

Харин тэр цагт монголчууд Хэрэйд, Мэргид, Найман зэрэг монголын өндөрлөгт байсан овог аймгуудыг дагуулан нэгтгэсэн ч нэг саяас илүү гарч байсангүй. Монгол морины туурайн мөр хүрсэн газар орныг өнөөгийн улс орнуудын хил хязгаарын түвшинд үзвэл,

Төв Азид: Казахстан, Киргизстан, Татарстан, Тажикстан, Туркменистан, Узбекстан, Афганистан, Пакистан, Энэтхэг,

Зүүн өмнөд Азид: Хятад, Япон, Тайван, Солонгос, Вьетнам, Бирм, Лаос, Малайз,

Бага Ази-Ойрхи Дорнодод: Иран, Ирак, Иордан, Сири, Изриаль, Ливан, Турк, Гүрж, Азербайжан, Армян,

Дорнод Европт: ОХУ, Укриан, Белорус, Молдав, Румын, Серб, Босни-Герцговен, Крота, Унгар, Словак, Чех, Польш, Австри зэрэг 3.6 тэрбум гаруй хүн ам бүхий 40 гаруй улс орнуудын нутаг дэвсгэр хамрагдана. Эндээс Монголчуудын байлдан дагууллын цар хэмжээг төсөөлөх боломжтой. Тэр цаг үеийг “Монголчуудын эрин үе” гэж нэрлэх ба монголчуудын дайн тулааныг “Монголчуудын дэлхийн дайн” хэмээн бичиж байна.

***

XIII зуун бүхэлдээ Монголын Их Эзэнт гүрний зуун байгаад зогсоогүй нийтдээ гурван зуун жилийн туршид монголчууд дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлж байжээ. Ямар ч цаг үед дан ганц цэвэр нэг үндэстнээс дэлхий нийт ийм нягт хамааралтай гурван зууны туршид оршин тогтнож байсангүй билээ.

Энэ зуунуудад дэлхий даяар “Pax Mongolica” буюу Монголын Энх Төрийн бодлого бүхий л утгаараа төгс хэрэгжиж байв. “Монголчуудын дэлхийн дайн” нь өнгөн дээрээ эзлэн түрэмгийлэх, дангаар үнэмлэхүй захиран дарангуйлах мэт харагддаг ч угтаа дэлхий даяар шударга бусыг цээрлүүлж, энх амгаланг тогтоохыг эрмэлзсэн дайн байсан билээ. Бусад орны түүхчид, судлаачид монголын түүхийн нарийн эмзэг эргэлт, мөнх тэнгэр шүтлэг, монгол хүний сэтгэлгээ, ахуй амьдрал, соёл, уламжлалын онцлог, Их Чингис хааныг маань бүрэн гүйцэд таньж мэдээгүйгээс монголчууд бидний түүхийн гаргалгааг хэт хялбарчилж, хэт динамик утгаар ойлгон тайлбарлаж байв. Дэлхий даяараа монголчуудын довтолгоон бол зэрлэг бүдүүлгүүдийн шунамгай түрэмгийлэл мөн гэсэн ойлголт хэдэн зууны туршид цэцэглэн дэлгэрч, өдгөө ч амь бөхтэй байсаар. Эцсийн эцэст монголчуудын үнэн түүхийг зөвхөн монгол хүн л хамгийн үнэнээр, бодитоор бичих учиртай.

Монголчуудын эрин үед толгой дээрээ үнэт эрдэнэс дүүргэсэн сагс тавьчихаад Ойрхи Дорнодоос Хятад хүртэл аялахад ч айх аюулгүй амар амгалан байсан гэдэг.

Загалмайн болоод лалын ертөнцөд хэн хүчтэй нь л ялан дийлдэг ширэнгийн эзэрхэг түрэмгий ёс ноёлж, дэг журамгүй, өршөөл энэрэлгүй, эмх замбараагүй байдалдаа дасаж, жирийн ард иргэдийн шударгаар хөдөлмөрлөх, амар түвшин аж төрөх, нэр төр хийгээд эд хөрөнгө бүрэн бүтэн байх баталгаа байхгүй байв. Тэнд ард түмний аж амьдрал гэж новшийн хүнд, хараал идсэн мэт байж. Яг л өнөөгийн монголын маань дүр төрхтэй их ойролцоо.

Харин Монголын Энх төрийн бодлого гийсэн газар бүр хууль ёс, эмх журмыг чандлан сахиж чаддаг байсан тул өөрөө л гэмт хэрэг үйлдчихгүй бол туйлын амар тайван аж төрөх бүрэн боломжтой байжээ. Энэ бол тэр үеэс хойш хэдэн зуунаар хүн төрөлтөн зөвхөн мөрөөдөж л байсан тийм нийгэм. Сүүлийн хорин жил бид ардчилал, шударга ёс, хүнлэг энэрэнгүй нийгэм гэж хичнээн цовхчиж дүвчигнээд ч төсөөллөөс нь хэтрээгүй байгаа тийм л нийгмийн суурь үндэс юм.

***

Монголчуудын эрин үед үндэстний нийтлэгүүд бүрэлдэн тогтож, олон улсын дипломат харилцааны эх суурь тавигдаж, худалдаа-арилжаа болон соёлын харилцааны өргөн боломж нээгдсэнээр өрнө-дорнын соёлын интегралчлал асар үр дүнтэй болж, өнөөгийн  даяарчлалын цар хэмжээний үйл явц өрнөжээ.

Орос, гүрж цэргүүд Бээжингийн хориотой хотыг хамгаалж, хятад инженерүүд Бухар, Самаркандад оньсон зэвсэг бүтээж, франц дархан Хархоринд мөнгөн мод урлаж, швед, герман уурхайчид Алтайн нуруунд алт олзворлож, сартуул номч солонгост ном судар айлдаж, армян эр орост татвар хурааж, уйгар даргач Ойрхи Дорнодод усан суваг бариулж, араб мэргэд Хятадад одон орон судалж суужээ.

Ямар ч хөгжил дэвшлийн хөтөч нь мэдээлэл байдаг. Өнөөгийн даяаршил ч мөн л мэдээлэлд суурилж буй.

Монголчуудын эрин үед урд өмнө хэзээ ч байгаагүйгээр барахгүй тэр цагаас хойш XIX зууныг гартал даруй зургаан зуун жилийн туршид ч давж чадаагүй тийм хурдаар мэдээллийг хүргэж, солилцдог үр ашигтай системийг евроазийг дамнуулан бий болгожээ. Нэг хэсэгтээ л дэлхийн улс төр, дипломат харилцаанд, дээдсийн ордонд монгол бичиг, монгол хэл яг өнөөгийн англи хэл шиг чухал нөлөөтэй байж...

Монголчууд л чухам анх удаа өнөө ч хүрч чадаагүй байгаа үзэл бодол, шашны сүсэг бишрэл бүхнийг харилцан эрх тэгшээр хангаж болдог юм гэдгийг хүн төрөлтөнд нотлон харуулж чаджээ. Тэр цагийн Хархорин хотод үнэн алдартны, лалын, зомбын сүм хийдүүд зэрэгцэн оршиж, үе үе их хааны ордонд шашин шашны төлөөлөгч, лам хуврагуудын хооронд хэнийх нь шашин илүү баталгаа нотолгоотой вэ гэсэн ном хаялцаан болдог байжээ. Христ хийгээд лалууд бие биенийхээ барааг ч харахыг нүгэлд үздэг шашны үл тэвчих үзэлд хэт дөрлүүлчихсэн байсан цаг үед шүү дээ. Европ дахин католик сүм хийдийн ягшмал номлолд хүлэгдэн хөгжил дэвшлийнхээ боломжийг Пап ламынхаа жанчинд даруулчихаад хэдэн зуунаар харанхуйлан нойрмоглож байсныг монголчуудын хүчирхэг эрчтэй довтолгоон цочоон сэрээгээд зогсохгүй энэхүү монгол хэмээх хүчирхэг улс үндэстэн хэн бэ?, тэдний аж төрөн орших нууцлаг алс дорно гэгч хаана вэ? гэдгийг сонирхох, нээж илрүүлэх хүсэл тэмүүлэл нь эх дэлхийгээ бөөрөнхий болохыг танин мэдсэн газарзүйн аугаа их нээлтүүдэд хүргэжээ. Энэ нээлтүүд нь Европ дахины оюун сэтгэлгээнд үлэмжийн хувьсгал болж, улмаар аугаа их сэргэн мандлын эрин зуунуудыг эхлүүлсэн байна.

Олон ч түүхч, судлаачид (Жак Уэтерфорд, М. Правдин, Ким Жон Рэ, Х.Лэмб, А.Дугин, Окада Хэдихиро, Ж. Куртин гм...) “Чингис хааны Монголчууд өнөөгийн шинэ дэлхий ертөнцийн үндэс суурийг тавьсан” гэсэн гаргалаа, дүгнэлт хийж буй нь гарцаагүй үнэнтэй нүүр тулсны үр дүн юм.

Өөр ямар ч улс үндэстэн, өнөөдрийн Америк ч тэр ийм хүчирхэг нөлөөтэй байж чадаагүй. Энэ цагийн хүчирхэг их гүрэн Америкийн нөлөөлөл 100 гаруйхан жилийн түүхтэй ба өнөөдөр уруудан гундах талруугаа нэгэнт орчихжээ. Америк ардчилал, шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийн давамгайлал, америк соёлын нөлөө болон америкийн улс төр, эдийн засаг, цэрэг зэвсгийн түрэмгий дарамт хэдий их ч тухайн эрин цагтаа Монголчуудын дэлхий дахинаа нөлөөлсөнтэй харьцуулашгүй.

Чингис хааны монголчууд шударга үнэний ёс, зөрчиж болшгүй зарчмуудыг аянга цахилгааны хүчээр дэлхий дахинаа тулган хүлээлгэсэн юм.

Монголын Их гүрний төрийн гарамгай зүтгэлтэн Елюй Чуцайн шарил дээр “... Төр улсын хөгжил цэцэглэлтийн үндэс хойт зүгт тавигдсан билээ. Тэнд Чингис хаан мэргэн ухаан, сайн үйлийнхээ үрээр хаан ширээг эзлэхээр Хурмаст тэнгэрийн дээд зарлигийг хүртэж, тэнгэрийн соёрхлоор ард олныхоо хүслийг биелүүлэв...” гэсэн бичээс бий. Тийм ээ, Мисир, Вавилон, Грэг, Ром, Эртний Хятад зэрэг суурин үндэстнүүд зуун зуунаар төрт ёсыг бий болгож, хөгжүүлж ирсэн ч төрийг жинхэнэ утгаар нь зөвхөн Чингис хаан Их талын цээжинд цогцлоож чадсан байна. Чингис хааны төрийн механизмын бүхий л эд анги, нэгжийнх нь хөшүүргэ, хэлхээ бүхнийг батлан бэхэлсэн гагнуур нь шударга ёс болж байв. Урьд хожим хэзээ ч ийм өвөрмөц шинж төрх бүхий төр оршиж байсангүй, тиймдээ ч тийм бага хүн хүч бүхий монгол тийм их хүчирхэг байсан юм.

Олон ч улс орнууд өөрийн эзэн удирдагчаа хэдэн зууны туршид зөвхөн шууд угсааны монгол хүнээр л өргөмжлөн дээдэлж ирсэн ба хэсэг бусаг бүс нутгуудад, ялангуяа Дундад Азид (Узбек, Туркмен, Казах зэрэг) бараг XX зууныг хүртэл энэ ёсыг огтоос зөрчиж зүрхлээгүй ирсэн байдаг. 

Мөн олон ч улс орны эзэн хаад монгол гүнжтэй хуримлан, тэдний үр удам эрч хүчний илэрхийлэл болсон монгол цусаар сэлбэгдэн, сайжирч байжээ. Тэдний хувьд монгол гүнжтэй хуримлах нь нэр төрийн, дэлхийн язгууртны зэрэг дэвд дэвшин орж буй хэрэг болдог байж. Дундад Азийнхнаас гадна Орос, Польш, Литва, Манж, Солонгос, Бирм зэрэг олон орны эзэн хаадын судсаар ямар нэгэн хэмжээгээр монгол цус гүйж байсан... Тэнгэр мэт эрхэмсэг төгөлдөрийн шинж энэ билээ.

***

Монголчууд өрөөлийг ирлээд өөрөө элэгдэх билүү чулуу мэт ард түмэн.

Дэлхий дахины түүхэнд болсон томоохон байлдан дагуулалт бүхэн мөхөөх, устгах, уусган нэгтгэх, хүч чадлыг нь ховх сорон колоничлох зорилготой, тийм л зарчимтай байсан, тийм л үр дүнг дагуулдаг байсан. Харин монголчуудын байлдан дагуулал нь бүхий л шинж чанараараа өөр байжээ. Монголчуудын хүрсэн газар бүр энх амгалан тогтож, цусан далай, нурман цөл болтол нь дайлаад өнгөрсний дараа ч тэнд хөгжил цэцэглэл урьдахаасаа илүү эрчтэй байсан нь алаггүй шударга үнэнийг дээдэлсэн “Монголын Энх төр”-ийн бодлогын үр дүн байлаа. Үүнийг харуулах тодорхой хоёр, гурван жишээ өгүүлсү.

Монголчууд бид өөрсдөө Манжийн дарлалд 200 гаруй жил аж төрөхдөө бараг хэн болохоо мартах шахтлаа уруудан доройтсон бол бидний хоёр хөрш Орос, Хятад хоёр мөн төдий хэрийн хугацаанд монголчуудын дарлалд байхдаа харин ч өнөөгийн аугаа их хүч чадлынхаа эх ундаргыг олж авсан.

Баруунаасаа Герман, Польш, Литовын рыцариудад хавчигдан, зүүнээсээ эрэлхэг цоглог нүүдэлч кумануудад чичүүлэн, Кама гол, Уралын чинадад шахагдаж, 50 дугаар өргөргөөс урагш хол гарч үзээгүй шахам явсан оросууд, бараг л хот бүхэн нь өөртөө засах эрхтэй тархай бутархай байсан орос үндэстэн чухам Алтан ордны улсын татварын бодлогын үрээр нэгдсэн нэг ванлиг болон нэгдэж, монголчуудын далбаан дор л баруун зүгийн рыцариудын эсрэг илдээ өргөх бяр чадал гарт нь суусан юм. Тэгээд ч зогсохгүй Алтан ордон уруудан доройтоход тэдний газар нутгийг өвлөж авснаар ирээдүйн их эзэнт гүрнийхээ гарааг эхэлсэн байдаг.

Хятадын тухайд бүр ч ярилтгүй. Тэр цаг үед Умард хятадын Алтан улс, Өмнөд хятадын Сүн улс, Баруун өмнөдийн Дали улс гэсэн хятад угсааны гурван томоохон улсыг монголчууд нэгтгэн нэгэн жолоо цулбуурт оруулж, нэгдмэл улс болгожээ. Мөн Алшаа, Ордос орчимд төвлөрсөн, хүчирхэг армитай дайнч гэж жигтэйхэн, 5-6 сая орчим хүн амтай, торгоны замыг эрхшээж байсан Тангудыг Монголчууд газрын хөрснөөс арчиж орхисноор хятадууд стратегийн нэгэн хүчирхэг өрсөлдөгчөөсөө ангижирч, улмаар тэр газар нутаг аажмаар хятадын эрхшээл дор орж билээ. Оросуудын нэгэн адил хятадууд түүхэндээ хэзээ ч ийм том нэгдмэл улстай байж үзсэнгүй.

Үүний зэрэгцээ Их Юань буюу Монголын Хөх гүрний нийслэл болсноор нэг хэсэгтээ л Бээжин хот нь дэлхийн улс төр, урлаг соёл, худалдаа арилжааны төв болж байв. Тэр цагт усан замын худалдааны төв болгохоор Тяньжинаас Бээжин хүртэл 100 гаруй км усан суваг барьж босгосон байдаг. Ийнхүү дэлхийн төв болсноор Бээжин рүү, Хятад руу соёл, дэвшлийн охь бүхэн нэг хэсэгтээ л цутгажээ. Үүний үр өгөөж, ач холбогдлыг хэмжишгүй.

Монголын Их Юань гүрний үед л хятадын ард түмний нуруу тэнийж, өөр хоорондын үймээн самуунгүй түвшин болж, хүн ам нь огцом өссөн байдаг. Монголын Хөх гүрэн буюу Их Юаний хаялга үр өгөөж хятадад асар их байлаа. Юань гүрний дараа босож ирсэн цэвэр хятадын Мин гүрэн нь өмнөх Юань гүрнийхээ газар нутаг, эрч хүч, баялаг бүхнийг нь өвлөн авсан.

Хамгийн гол нь оросын ч, хятадын ч үндэстнийх нь нэгдмэл нийтлэг байдал монголчуудын эрин цагт бүрэлдэн бий болсон юм. Нэгдмэл улс үндэстнээс илүү эрхэм чухал зүйл гэж юу байх билээ.

Гэтэл орос, хятадын аль нь ч бидэнд хэзээ ч талархаж байсангүй. Баярлаж талархах нь бүү хэл Оросууд монголчуудыг зэрлэг, бүдүүлэг, алуурчин тонуулчин хэмээн үгсийн муугаар дуудан гоочлох нь олонтаа. Хятадуудын хувьд Монголын энх төрийн дээвэр туурганы нэгэн хэсэгт толгой хоргодож явсныгаа гул барин монгол нь хятадын нэг хэсэг мөн, тиймээс монгол хятад хоёр нэг дээвэр туурган дотор байх ёстой хэмээх муйхар үзэл бодол хятадын хөрсөнд гүн бат шингэжээ.

Энэтхэг ч мөн адил. Лал, хиндү, бурхны шашин хоорондын үргэлжийн зөрчил тэмцэлтэй, олон ханлигт хуваагдсан энэтхэгийн хойгийг Цагаадайн угсааны цөөхөн монгол эрс очин, бүхэл хойгоор нь нэгтгэн, нэгэн улс болгож өгчээ. 1526 онд Бабар хааныг анх очиход Энэтхэгт 21 бие даасан их бага улс байсан.

Бабарын монголчууд гялалзсан авьяаслаг, эрч хүчтэй, эрмэлзэл тэмүүлэл дүүрэн хүмүүс байж. Тэд энэтхэг орныг зөвхөн нэгтгээд зогсохгүй дундад зууны төгсгөлд очир эрдэнэ мэт гялалзсан баян тансаг улсыг бүтээн босгож, дэлхий дахиныг гайхуулж, Европынхны шуналыг түймэрдэж явжээ.

Тэд улсаа Их Монгол (Great Mughal буюу Их Могул. Энэ нь монгол гэсэн үгийн түрэг бичлэгт хувирсан дуудлага юм) хэмээн нэрлэжээ. Гурван зууны туршид ноёрхсон Энэтхэг дэх Их Монголчуудын өв аугаа баялаг. Уран барилга, ордны хэл, яруу найраг, уран зураг, цэрэг зэвсгийн урлаг, хувцас өмсгөл, цэцэрлэг, газар тариалан, шинжлэх ухаан-технологи гээд бүхий л салбарт арвин их. Харин хаа ч гэж энэтхэгүүд орос, хятадын адил монголчуудыг учиргүй мууд үздэггүй, монголчууд бол язгуурлаг үндэстэн гэсэн итгэл тэдэнд бага ч болов байгаа нь анзаарагддаг.

 

***

Энэ бүхнээс харахад Монголын эрин үе ямаршуухан их далайц цараатай, үр дагавар ул мөртэй байсан нь төсөөлөгдөнө. Энд дурдсан түүх нь монгол туургатны түүхийн зөвхөн нэг хэсэг болох Монголын Эзэнт Их Гүрэн, түүний үр нөлөөлөл төдий. Бидний түүх зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй.

2200 гаруй жилийн өмнө өвөг монголчууд Хүннү  хэмээх төрт их улсыг үүтгэн байгуулж, Ляодунаас Балхаш нуур хүртлэх төв Азийн өргөн уудам газар нутгийг эрхшээн, их талын нүүдэлч олон овог аймгуудыг нэгэн тугын дор нэгтгэн зангидаж явжээ. Хүн төрөлхтний долоон гайхамшгийн нэг болсон хятадын Их Цагаан хэрэм нь Хүннү нарын хичнээн хүчирхэг байсны нуталгаа юм. Эртний улсууд, ялангуяа нүүдэлчдийн дотор Хүннү гүрэн шиг томоохон төрт улсыг байгуулсан нь үгүй.

Хүннү гүрэн дундад эринээс өмнөх түүхэнд Азийн нүүдэлчдийн ганц чимэг нь, бахархал, охь манлай нь байлаа.

Саяхан Архангайн “Гол мод I, II” булшнаас гарсан Хүннүгийн язгууртны цогц олдвор нь Хүннү нарыг Хятадын болоод Скифийн соёлоос эрс ялгаатай бие даасан өндөр хөгжил бүхий өв соёлтой байсныг улам бататгажээ. Хүннү ялгууртны нарийн нандин хийцтэй, инженерийн өвөрмөц шийдэлтэй сүйх тэрэг нь хятадын үе үеийн улсуудад хэрэглэж байснаас онхи ондоо. Хүрэл, төмөр боловсруулах технологи ч мөн өөр хийгээд нууцыг нь тайлахуйяа бэрх. Ромын зөвхөн ихэс дээдсийн хүрээнд хэрэглэгдэж байсан нэн ховор нандин уран нарийн шаазан аяга тэрхүү булшнаас гарсан нь цагтаа л дэлхийн гүрэн байсан Ромтой Хүннү гүрэн өндөр түвшний дипломат харилцаатай байсан байж болох юм гэсэн сонирхолтой таамаглалд ч хүргээд байна. Учир нь тийм аягыг худалдаа арилжаанд огт хэрэглэж байгаагүй аж. Ер нь Евро-Азиас олдсон Хүннүгийн 600 гаруй булшны 93 хувь нь монголын нутгаас олдсон байдаг нь Хүннүчүүд энэ газар нутаг дээр өнө удаан оршин сууж байсныг илтгэнэ. Хүннүчүүд Хятадын 5 их төр, 16 улсын нүүрэн дээр өнө удаан оршин тогтножээ.

Могой хэдий тасравч гүрвэлийн дайтай. Хүннү гүрэн хэдий бутарсан ч Европыг түйвээх чадалтайгаа үлдэж.

Хожимхон Алтай нуруунаас ойлж гарсан хүннү нарын нэгэн хэсэг болох баруун Хүннүчүүд “Тэнгэрийн ташуур” болсон Аттила хааныхаа чадварлаг удирдлага дор Ромыг дайлан алба гувчуурт унагаж, готын овгууд, алан, скиф, галл, саксууд зэрэг олон овог аймгуудыг хөдөлгөөнд оруулж, Ард түмнүүдийн их нүүдэл хэмээх түүхэн их нүүдэл, суудлыг үүтгэжээ.

Хүннү гүрнээс хойш ч мөн Сяньби, Жужан, Кидан зэрэг нүүдэлчдийн хэд хэдэн хүчирхэг төрт улсуудыг өвөг монголчууд ээлж дараалан босгож, бас унагаж ч иржээ.

Өнөө цагийн монголчууд нь дэлхийд хосгүй нүүдэлчдийн төв голомтыг, өв соёлыг, хязгааргүй уудам газар нутгийнхаа энгээр сэтгэдэг тэр сэтгэлгээний царааг нь өвлөн үлджээ.

Энэ бүх ер бусын түүх, цадигуудын цаана түүх сударт бичээд бичээд барагдашгүй ямархан их үйл явдал өрнөж, ямархан их үймээн бужигнаан болж, ямархан их цус, хөлс урсаж, ухаан бодол, ур чадвар зарцуулсныг, ямархан аугаа баатар эрс төрж, ямархан гайхамшигтай адал сонин явдлууд ундарч байсныг бичиж дуусгахуйяа бэрх. Монголын түүхийг судалдаг гадаадын судлаачид үе үе “Энэ бүхэн чухам яаж, ямар эрх хүчээр болж өнгөрөв өө?” хэмээн гайхан алмайрах нь цөөнгүй. Тэдний хувьд хариулт олоход хол хэцүү, харин бидний хувьд хариулт нь их ойрхон байх учиртай.

Учир нь тэр хариулт бидний сэтгэл зүрхэнд, ухаан бодолд бий.

 

***

Улс үндэстнүүдийн сэргэн мандал, хөгжил дэвшил нь зөвхөн эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс шалтгаалдаггүй. Ялангуяа дан ганц уул уурхайгаас бол бүр ч биш юм. Шингээж чадахгүй ходоодонд шар тос зохидоггүйн адил байгал эхийн баялгийг үр ашигтай, үлдээмжтэй ашиглах ухаан, чадвар үгүй бол өөрийгөө л хорлохоос цаашгүй. Үүнийг орчин үед “Баялгийн хараал” гэлцэнэ.

Сэргэн мандал гэдэг нь оюун санааны сэргэн мандлыг л хэлдэг. Оюун санаа сэргээгүй цагт мянган эдийн засаг, мянган технологийн дэвшил, мянган Оюутолгой  байгаад нэмэргүй юм. Европ дахиныг хамарсан сэргэн мандлын уг суурь нь оюун санааны сэргэн мандал байсан.

XIII зуунд Хамаг Монгол бусдаас илүү технологитойдоо, эдийн засгийн илүү их нөөцтэйдээ, их олон алтны уурхайтайдаа сэргэн мандаж, Их Гүрэн болоогүй юм. Харин ч Хамаг Монгол нь Их талын өндөрлөгт байсан Хэрэйд, Татар, Мэргид, Найманаас хүн амаар ч, эдийн засгийн нөөц боломжоор ч, хөгжил дэвшлээрээ ч, ер юм юмаараа илт дутуу байсан.

Харин ганцхан зүйлээр илүү байв, илүү илүүдээ хол тасархай давуу байсан юм. Чадваргүй гарт чичлүүр хутга бариулах осолтой. Юун өөрийгөө хамгаалах, өөрийгөө ч эсгэж, дүрж мэднэ. Харин чадварлаг гарт тэр чичлүүр хутга байваас ямар ч илднээс илүүгээр аймшигт хүчирхэг зэвсэг болж хувирна. Үүнтэй адил, ард түмний чадвар нь оюун санааны сэргэлт, ёс зүй, үзэл санааны давуу тал юм. Монголчууд чухам үүгээрээ л бусдаас илүү байсан.

Энэ давуу тал гэдэг нь Дээд тэнгэрээс заяат төрсөн Их Чингис хааны монголчуудынхаа оюун санаа, сэтгэл зүрхэнд итгэл үнэмшил болгож, зарлан тунхагласан

- үндэсний эв нэгдлийн үзэл санаа,

- нийтлэг эрх ашгийн төлөө өөрийгөө ч, үр удмаа ч золиослох эрхэм дээд ёсзүй,

- гарцаагүй үнэнийг онож чадах хөлбөрөлтгүй чин шударга зарчим, энэ гурав байв.

Чингис хаан “Сэтгэлийг нь эрхшээвээс бие нь хаа холдох...” хэмээн сургажээ. Сэтгэлийг эрхшээдэг хүчин зүйл нь чухам дээрх гурав билээ. Энэ бол шашны мухар сүсгээр эрхшээх биш, айдас хүйдсээр дарамтлан дарангуйлах ч биш, ямар нэгэн онол, изм-ээр тархи толгойг нь угаах асуудал бүр ч биш, харин байгал орчинтойгоо, хүн орчинтойгоо нэг оршихуйн эд эс болохоо мэдрэн аж төрөх энгийн үзэл санаа. Хэдий чинээ энгийн байна, тэр хэрээр байгаллаг байна. Байгал эх хэзээ ч засдаг худал хуурмаг зан, бач мэх гаргадаггүй билээ. Чухам тиймээс л эрхэмсэг болоод хүчирхэг оршдог.

Хэн бүхний мэдэх, ярих мэт ийм энгийн боловч амьдрал дээр хэзээ ч хэрэгжимгүй алс хол байдаг энэ л зарчмуудыг Чингис хаан бодитой болгож, үндэс угсаа нэгтнүүдийнхээ амьдралынх нь өдөр тутмын хэвшил, баяр баясал, утга учир болгож чадсан юм. Тэгээд ч зогсоогүй энэ зарчим нь Монголын Эзэнт их гүрэн даяар хэрэгжиж, Монголын Энх төрийн (Pax Mongolica) бодлогын цөм болж байв. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний сэтгэлийг эрхшээж байв.

Тийм учраас монголчууд тэнгэрт ивээгдэж, тийн дэлхийн энгээр дэлж, тийм эрхэмсэг оршиж байж. Чухам тийм учраас л бидний түүх далай мэт арвин баялаг, тэнгэр мэт сүр жавхлантай, аянга мэт эрх хүчирхэг байжээ.

 

***

Өнөөдөр Монгол Улс үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирсэн тухай дээр дооргүй шуугина. 2012 онд Монгол нь эдийн засгийн 17 хувийн өсөлтөөр дэлхийд хол тасарч гайхуулав. Ойрын жилүүдэд ч энэ өсөлтөөрөө дэлхийд манлайлах төлөвтэй аж. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд монголын тухай л бичдэг болж... Угтаа нүүрсээ хямдавтар үнээр түүхийгээр нь ихээр зөөснөөс бий болсон хөөсрөлт гэдгийг бараг бүгдээр мэдэж байгаа ч бид хөгжинө гэцгээн хөөрцөглөнө.

Хөгжил дэвшлийн үндэс болсон оюун санааны сэргэн мандал буюу Чингис хааны тэнгэрлиг язгуур зарчим бидний амьдралд хэвшил болоогүй цагт энэ хөгжил нь зүүд зэргэлээ л байна. Дахин тодруулбаас,

нэгд: үндэсний эв нэгдлийн ухамсар,

хоёрт: эрхэм дээд ёс зүй,

гуравт: алаггүй хэрэгждэг шударга ёс.

Манай нийгэмд хамгийн ихээр дутагдаж буй зүйлс бол энэ гурав. Үүнийг нотлох баримт жишээг дурдваас хэдэн арван боть болмоор.... Түүнээс биш нийгэм мөнгөөр дутагдсандаа эдийн засгийн томоохон зорилтуудаа шийдвэрлэж чадахгүй гацаад байгаа ч юм биш. Нөгөө талаар хүний нийгэм хэзээ ч мөнгөөр ханадаггүй гэдгийг мартаж боломгүй.

Бие биеэсээ өрсөн булааж идэх сэтгэхүйтэй, ёсзүйгүй, шударга ёсонд итгэх итгэлээ алдаж гээчихсэн нийгэмд мянган Оюутолгой, Тавантолгой байгаад нэмэргүй, тэр хайран сайхан байгалийн баялаг ходоодонд буян болж тогтохгүй, таягдаад л гадагшилж орхино. Гадна талд түүнийг хүлээгээд шүлс амаа долоолдох нохос их олон бий.

Шинэ эриний түрэмгийлэл оюун санааны хүрээнд “дайтдаг” болсон. Эхлээд ардчилал, хүний эрх чөлөө, хувьчлал, хэвлэл мэдээллийн чөлөөт байдал, чөлөөт өрсөлдөөн гэх зэрэг олон өгөөшөөр дамжуулан итгэл үнэмшилгүй байдалд, ёс суртахууны задралд татаж оруулна. Ёс суртахууны хямралд орсон нийгэмд шударга ёс алхам тутам алдагдаж эхэлнэ, иргэд нь шударгаар амьдрахад хүнд хэцүү болж, ёс суртахууны хувьд туйлдан цөхөрч, шударга ёсонд итгэх итгэлгүй болно.

Энэ даамжрахаараа ард түмэн шударга ёсны мэдрэмжээ алдаж, шударга ёсыг зүгээр л нэг мааз яриа, хошин үзэгдэл гэж харж, ойлгож эхэлдэг байна.

Арга зальтай нь, эрээ цээргүй нь, хүч түрэмгий нь, ёс зүйгүй нь завшина. Даруухан нь, ёс журмыг эрхэмлэдэг нь, хүн чанартай нь хохирно. Мөнгө бүхнийг шийддэг болж, авилга газар авч, ёс бусаар хөрөнгөжсөн хүмүүс хөрөнгөөрөө гул барин төрийн эрх мэдлийг авах хэмжээнд хүртлээ ёс бус зүйл архагшина. Хүний эрхийн тухай олон сайхан домог зохионо. Олонхи нь ийм л байх ёстой, өөр сайхан зам үгүй хэмээн итгэнэ.

Нэгэн цагт монголчууд ёс журмын үлгэр жишээг дэлхий нийтэд үзүүлж, гайхуулан бишрүүлж байлаа. Гольюм де Рубрук, Плано Карпини, Марко Поло, Жувейни, Рашид ад Дин-ээс эхлээд үйл явдлыг нүдээр үзсэн, ойрын сурвалжаас сонссон олон хүн үүнийг шагшин бичиж байв. Өгөөдэй хааны үед нэгэн монгол харуулын цэрэг албан үүргийнхээ үеэр унтаж орхижээ. Харуул унтвал өчиггүй цаазлах ялтай. Түүний унтсаныг хэн ч мэдсэнгүй, бас унтсанаас нь болж ямар нэгэн осол цалгай зүйл болсонгүй. Гэвч тэр цэрэг өөрөө унтсанаа илчилж, цаазын илдэн дор өөрөө очсон байна. Ёс журам, нэр төр гэгч амь наснаас илүү эрхэм зүйл, чухам ийм итгэл үнэмшил гүн бат шингэсэн цагт хүний нийгэм жинхэнэ утгаа олдог байна.

Ийм л ариун шударга, чигч шулуун онцгой гойд мөн чанараараа Монголын их тал нутаг өөрсдийгөө “Соёл ертөнц” хэмээн дөвийлгөн боддог Өрнө дахинаас, Араб дахинаас ялгаатай, асар давуутай байв. Тэр цагт бид үнэн, шударгыг тойрон нэгдэж чаддаг, түүнээ амь насаа цөлөн хамгаалж чаддаг байж... Тиймээс л бид хүчирхэг байж, дэлхий дахин биднийг эзэн эрхт хаадаа хэмээн хүлээн зөвшөөрч байсан юм.

Харин одоо хуурч мэхлэхгүй үнэнээрээ явахыг гэнэн тэнэг хэмээн ад шоо үзэх хэмжээнд хүртлээ бидний ухаан санаа самуурчээ.

Нийгмийн дотор ангийн буюу баян ядуугийн ялгарал улам ихэснэ. Баячууд нь ядуусаа ад шоо үзэн, хүний зэрэгт үзэхгүй, золбин нохос мэт хялайн харна. Мэдлэггүй чадваргүй, арчаагүй залхуу, тэнэг мулгууг нь гайхан шогширно. Нөгөөдүүл нь эргээд өөрсдийг нь мангас чөтгөр, цус сорогч мэт үзэн ядна. Машиных нь дэргэдүүр гарахдаа хадаасаар зураад гарахыг хичээнэ.

Баячууд нь унадаг машин, уудаг ундаагаараа өрсөлдөнө. Ярьдаг утас, барьдаг үзгээрээ хүртэл барьцана. Энийгээ эрүүл өрсөлдөөн, зүй ёсны жамт үзэгдэл гэнэ. Ёс суртхууны үнэр ч үгүй, зөвхөн сэг булаалдах нохсын мэт сэтгэхүйгээр бие биесээсээ өрсөлдөн булаалдахыг “Чөлөөт өрсөлдөөн” хэмээн хөөрцөглөнө.

Намаараа талцана, өөрийн намын хүн бол чөтгөр байсан ч хамгаална, үгсэнэ, хуйвалдана. Өөр намынх бол бурхан байсан ч шороо цацна. Ямар гээчийн самуурал, ухаангүйтэл вэ? Ямар гээчийн ёрын хараалд өртөхөөр ийм бурангуй сэтгэлгээнд эзэмдүүлнэ вэ? XIII зуунд Европ, Ази дахин чухам ийм самуунд ухаан санаа нь будангуйрсан байсандаа л цөөхөн хэдэн монголчуудад ялагдаж, толгой гудайсан юм.

Улмаар үндэстний эв нэгдэл гэгч зүйл ор мөргүй хулжин одно. Чухам ингэсэн цагт л тухайн орны баялгыг цэрэг зэвсэг гэж яршиг төвөг болохгүйгээр ховх сорох боломжтой болно. Иймэрхүү л бурангуй үйл явц өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бидний нүдэн дээр болж өрнөлөө. Манай энэ цаг үед улс орнууд бие биенээ эзлэн түрэмгийлэхгүй, их сайхан цаг үе гэж хэн нэгэн итгэж буй бол сайхан зүүд гэхээс өөр үггүй. Улс орнуудын өрсөлдөөн наанаа эдийн засаг, техник, технологийн түвшинд өрнөж буй ч цаанаа чухам үзэл суртлын буюу нэгнээ дотроос нь өмхийрүүлж унагах тэмцэлд хамаг хүчээ шавхаж байгаа. Улаандаа гарсан зарим нь илээр зэр зэвсэг улалзуулан орж ч байна.

Дэлхийн гүрэнг бүтээн босгож явсан монголчуудад гадны энэ мэт хүчин зүйлээс хараат бусаар оршиж, төрт их улсаа цогцлоон, түмэн олноо амаржуулах онол, зарчим нь, туршлага нь бэлээхэн бий билээ.

Их хааныхаа үзэл, зарчмыг бид тугаа болгосноор ёс зүй, итгэл үнэмшлийн давуу талыг олж авна, үндэсний ухамсар сэргэж, монгол хүн монголоороо, монгол хүнээрээ бахархан дээдэлж, монголоо хайрлаж, монгол хүндээ итгэж найддаг болно, нийгэмд шударга ёс тогтоно. Энэ бүхний үрээр үндэсний оюун санаа сэргэн мандана. Энэ л жинхэнэ хөгжил дэвшил, сэргэн мандал юм.

Шударга ёсыг холоос ч хайх хэрэггүй. Уг нь шударга ёс хүн бүхний сэтгэл зүрхний угт оршиж байдаг юм. Түүнийг нь л дуудан сэрээх хэрэгтэй. Үүний тулд монголын төр нь ч, сэхээтэн мэргэд нь ч, улс орныхоо ирээдүйг сэтгэл зүрхэндээ тээж яваа залуу үеийнхэн нь ч нэгийг бодож, нэгдэх цаг болсон.

У. Черчиль “Ирээдүйн эзэнт гүрэн зөвхөн оюун санааны л эзэнт гүрэн байх боломжтой” гэсэн нь зүгээр нэг үг биш юм. Ирээдүйн эзэнт гүрний тухай энэ төсөөлөл нь Холливүдийн кинонд дүрслэгддэг кибер оюун санааны эзэнт гүрэн биш. Энэ бол Монголчууд бид нэгэн цагт бүтээн босгож чадсан, шударга ёсыг тугаа болгосон, сэтгэлийг эзэмдэгч эзэнт гүрний технологи, шинжлэх ухааны өндөр хөгжилд нийцсэн ирээдүйн хувилбарын төсөөлөл юм.

Монголчууд бид хэзээ хувиа бодож, довоо шарлуулах үзэл, жалга довныхоо сэтгэлгээнээс ангижирна, хэзээ үнэнийг эрхэмлэн, нэр төрөө дээдэлдэг болно, хэзээ ёс зүй, сэтгэл зүрхний зарчмаар амьдардаг болно, тэр цагаас л бид бүхний оюун санааны эрчим нэгдэн нийлж, өдгөө үлгэр домог мэт төсөөлөгдөн буй далай мэт, тэнгэр мэт, аянга мэт их түүхийнхээ жимийг олж харах болно. Хүчирхэгжин мандсан оюун санааны эзэнт гүрэн болох болно.

Эс тэгвээс юу болохыг чухам “Тэнгэр мэдэх” билээ.

 

Улиастай, Баатархайрханы бэл.

2013 оны 4 сарын 3.

Нийтлэлч Б.Номинчимэд

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
10 сар 6. 8:15
Зочин

Ter saihan hiimorilog humuus odoo haachiv?
Bugdeeree neg untsan urvaisan darvaisan amisgaatai tsogtsosuud jildee gants tolgoi ood ni tatahaaraa hereldsen bie bieniihee ijil taliig bish gadnii huchniihnii huvaa zahir bodlogo boloh yas hayaltand uilchildeg gedsendee holoo jiiltsen ah duu aav eejee ch tanidaggui tarhia ugaalgasan zombinuud bolj.

6 сар 2. 11:57
Зочин

Ene buhniig gants Chinges haan buteesen bish ard tumen ni ter uyed hun shig hun baisan bololtoi.
Odoogiin bidniig harahad bie biendee hairgui uzen yaddag sagsuu, huiten setgelt hun durstnuud!
Bie biendee haluun dulaan handaj tuslaj demjdeg negnee tedniihen edniihen gej darj sarniulaad hamtdaa mohdog.

5 сар 1. 17:11
МОНГОЛ

ЕВРОПЫН СЭРГЭН МАНДАЛЫН ҮЕ Ч ГЭСЭН МНГОЛЫН ЭЗЭНД ГҮРЭНИЙ НӨЛӨӨГӨӨР БИЙ БОЛСОН ГЭЖ БИ БОДДОГ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]