Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хазара болон Паштүн нарын зөрчилдөөн, тэмцэлУншсан4,570

"Бурхан илжигийг бүтээхэд Хазара хүн уйлжээ” (When God created the donkey, the Hazaras wept) гэсэн хэлц үгийг Паштүн хүмүүс хэлэх дуртай гэнэ.

Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

"Бурхан илжигийг бүтээхэд Хазара хүн уйлжээ” (When God created the donkey, the Hazaras wept) гэсэн хэлц үгийг Паштүн хүмүүс хэлэх дуртай гэнэ. Би энэ үгийг сонсоод эхлээд нэг л сайн ухаж өгөхгүй байв. Уншигч та ч гэсэн чухам юу гэж байгаа юм болоо гэж гайхаж байж магадгүй. Афганистан оронтой танил хүмүүст бол энэ үгийг ойлгож ядаад байх юм үгүй юм билээ. Энэ хэлц үг нь болохоор Хазара хүн зөвхөн боолын хөдөлмөр л хийх гэж төрсөн, тэдэнд өөрөөр амь зогоох арга байхгүй, тиймээс илжиг бий болно гэдэг чинь Хазара хүн хийх ажилгүй болж амь зогоох боломжгүй болж байна гэж тайлбарладаг гэнэ. Үнэндээ энэ нь Афганистаны сүүлийн 120 гаруй жилийн түүхийн бодит байдлаас тийм ч хол зөрөөтэй үг биш байсан бөгөөд өнөө үед ч утга агуулгаа алдаагүй байгаа аж.

18 зууны дунд үеийг хүртэл Хазарууд өөртөө засаглалтай байсан ба 1747 онд Паштүн үндэстнүүд хаант улсаа байгуулахад цөөн тооны Хазара овгууд нэгдэн орсон байж болзошгүй гэж үздэг аж. Гэхдээ энэ нь өөр хоорондын тэмцэлтэй байсан зарим Хазар овгуудын хувьд улс төрийн зорилготой нэгдэл байснаас бодит харьяалал байгаагүй бөгөөд ихэнх Хазара овгууд 1893 оныг хүртэл өөртөө засаглалтай байсаар ирсэн аж. 1860 аад оноос тухайн үеийн Афганистан нь Орос Их Британ хоёрын сонирхолын бүсд орж хоёр их гүрний бодлогын өрсөлдөөний талбар болоод байсан аж. Их Британын хараат орон байсан Афганистанд хаан ширээний төлөө ширүүн тэмцэл явагдаж 1880 онд Британчуудын дэмжлэгтэйгээр Абдур Рахман хэмээх нөхөр хаан ширээнд суужээ. Эхэндээ Оросын авралд багтан Узбекстанд оргон зайлж тэнд 11 жил амь зуусан энэ Абдур хэмээх эр Англичуудын шууд тусламжтайгаар засгийн эрхийг авсан цаг мөчөөсөө эхлэн хамгийн түрүүнд Хазара нарын хүчийг сулруулах, улмаар тэднийг өөрийн захиргаанд бүрэн оруулах бодлогыг идэвхтэйгээр явуулж эхлэв. Түүхийн эх сурвалжид тэмдэглэсэнээр1880 оны дунд гэхэд нийт Хазара хүн амын ойролцоогоор тоологдох 500,000 орчим гэр бүлийн 300,000 орчим нь Абдур Рахманы шууд захиргаанд орсон байна. Абдур Рахман 1892 он гэхэд (улс төрийн аргаар, дайн тулаангүйгээр явагдсан бололтой) бүх Хазарастан нутагийг эрхшээлдээ оруулсан гэгддэг ба ингэхдээ тэрвээр Хазара хүмүүсийг онцгойлон дааж давашгүй алба гувчуур оноож, улмаар орон нутгуудад байнгын цэргийн хороо суурьшуулж Хазара нарыг байнгын зэвсэгт хяналтанд байлгах болсон байна. Энэ нь ч түүнд хангалттай санагдаагүй ба тэрвээр Хазара нарын овгийн удирдагч нар болон нөлөө бүхий хүмүүсийг баривчлан хорих, алах ажиллагааг эрчимтэйгээр явуулж эхлэв. Мөн тэрвээр суни шашинтай цөөн тооны Хазара нарыг шиа шашинтай олонхи болох бусадтай нь хагаралдуулан зэвсэгт мөргөлдөөнд хүргээд амжсан аж.

Хазара нутагт байсан Афганистаны засгийн газрын төлөөлөгчид, цэргийн анги нэгтгэлийн эрхтнүүд Хазара нарыг дарлан доромжилж, ер өтгөс, нялхас гэж үл ялган харгисалж, эрчүүдийг нь тамлан алж, эмсийг нь хүчиндэн бузарлан араатан мэт авирлах болжээ. Тэд янз бүрийн худал шалтгаар хүмүүсийг баривчлан яргалан тамлах янз бүрийн аргыг хэрэглэдэг байсан аж. Болсон үйл явдлаас зарим нэгэн жишээ дурдахад, Фархад хан хэмээх нэгэн цэргийн эрхтэн 6 Хазара эрийг алаад цогцсыг нь модноос дүүжлэн хатаасан ба өөр нэгэн тохиолд 4 эрийг модтой хүлээд мөчнүүдийг нь мориор оосорлон татуулан тастаж хаясан гэнэ. Бас нэгэн тохиолд хэсэг эрчүүдийг бурхныхаа өөдөөс нулимхыг тушаагаад, тушаалыг нь эсэргүүцлээ хэмээн амьдаар нь өлсгөлөн нохдод хаян өгч идүүлсэн байна. Хүлээтэй хүнийг нүцгэнээр нь улайсгасан чулуун дээр хэвтүүлэх, эрэгтэй хүний өмдөнд муур хийгээд муурыг нь өмднийх нь гаднаас цохин уурлуулж улмаар уурлсан муураар эрхтнийг нь идүүлэх гээд хүний санаанд оромгүй яргалалыг явуулдаг байсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Тэсэхүйеээ бэрх байдалд орсон Хазара нар 1892 онд олонхийг хамарсан зэвсэгт бослого гаргасан юм. Бослого гарахад засгийн газрын төлөөлөгчид, Паштүн үндэстнүүдээс Хазара хүмүүст хандах араатнаас доор авир шууд нөлөөлсөн юм. Абдур Рахманы үеэл болох Абдул Кодос хэмээгч өөрийн дагуул 33 Паштүн цэргийн хамт нэгэн бага тушаалын Хазара толгойлогчийн гэрт нь зэвсэг хайна гэсэн шалтгаар очоод гэрийн эзнийг барьж хүлээд нүдэн дээр нь эхнэрийг нь олуулаа ээлжлэн хүчиндсэн байна.

Ийм аймшигт доромжлолыг үзсэн гэр бүлийнхэн нийлж байгаад гэмт хэрэгт оролцсон цэргүүдийг алаад зогссонгүй, ойр байсан цэргийн нэгтгэлийг устгаж зэвсэглэж авсан аж. Тун удалгүй ийт Хазаражат (Хазара нутаг) даяар цөөн тоотой босогчидыг дэмжсэн хөдөлгөөн өрнөж, засгийн газрын цэргүүдтэй тулалдаж ялалт байгуулж эхэлсэн ба Паштүнүүдийг цөмийг нь Хазара нутгаас хөөн гаргаж чадсан аж. Абдур Рахман босогчидыг дарахаар цэрэг илгээсэн боловч бут цохиулжээ. Байдал бишдэж буйг сайн ойлгосон Абдур хан Хазара нарыг бүр мөсөн дарахаар шийдэж улс даяар онцгой байдал зарлав. Хазар нарын бослогыг дарахад нийт иргэдийн хүчийг ашиглах нь түүнд хамгийн зөв байсан ба үүнийхээ тулд тэр Хазара нарыг буруу номтнууд гээд буруу номтны эсрэг шашны дайн жихад (jihad) зарлаж үүндээ суни шашинтай бусад үндэстнүүд болох Узбек, Тажик нарыг турхиран оролцуулсан аж. Буруу номтнуудыг алах нь диваажинд хүрэх хамгийн дөт зам хэмээн ухуулж, дайнд оролцогчидод Хазара нарын газар нутаг, эмс хүүхэдийг шагнал болгон өгөхөөр амалжээ. Ингээд 40,000 явган цэрэг, 10,000 морьт цэрэг, 100,000 зэвсэглэсэн энгийн иргэд болон Хазара нартай бэлчээр булаалддаг кочи овгийн тусгай отрядуудаас бүрдсэн асар том арми Хазара нарын бослогыг дарахаар гарчээ. Ивээн тэтгэгч Британы засгийн газар ч зүгээр суусангүй өөрийн тоглоомны хүн болох Абдур Рахман хэмээх энэ яргачинд зэр зэвсгийн тусламж үзүүлээд зогсоогүй байнгын цэргийн зөвлөхүүдээ илгээсэн аж.

Тулалдаан олон сар үргэлжилсэн бөгөөд босогчид гайхалтай тулалдаж Абдур Рахманы хүчийг хэд хэд бут цохисон боловч тооны олонд автан ялагдал хүлээсээр байсан юм. Хэдийгээр хүч суларсан ч эрэлхэг чадварлагаар байлдсаар байсан босогчидын гол хүч удалгүй хүнс, сум, зэр зэвсгийн гачаалд орж мөн босогчид дотороо хагаралдан нэгдмэл байлдаан явуулах чадвараа алдсанаас ялагдал хүлээжээ.

Абдур Рахман ялагдал хүлээсэн Хазарачуудыг маш зэрлэгээр шийтгэх тушаал буулган бослогод оролцсон орлцоогүй үл хамааран мянга мянган Хазара хүмүүсийг хоморголон алж толгойг нь тастан хэд хэдэн газар гавлын ясаар том овоонууд босгосон аж. Тэр үүгээр ч зогссонгүй Хазара хүмүүсийг албан ёсоор боол болгон зарлаж бослогыг дархад оролцсон хүмүүст боол худалдаалах эрх олгосон байна. Кабул, Кандахар, Кундуз гээд Афганистаны томоохон хотуудын зах дээр хэдэн мянган гав гинжтэй Хазара боолууд маш хямдхан үнээр худалдаалагдаж байсан ба зарим тохиолдолд Хазара боол ердөө л 10 хүүдий үр, буудай тариагаар л зарагдаж байжээ. Паштунуудаас гадна Афганистаны хойд хэсэг болох Мазари Шариф хэмээх , Хазара Узбек нарын зэргэлдээ амьдардаг мужид Узбекууд Хазара овгууд руу довтолж хүчээр боолчилж байсан талаар мэдээ байдаг аж.

Хазара нарын гол хүчийг дарж ялалт байгуулсан Абдур 1893 оны 7-р сард Хазарастанд байсан өөрийн цэргийн захирагч нарт Хазара нарын овог аймагийн эрхтэн тушаалтнууд, шашин төрийн зүтгэлтэн, ер л Хазара нарын нэртэй зүстэй хэн бүхний нэр усыг цуглуулан бүгдийг нь гэр бүлийнх нь хамт Кабулд авчирах тушаал буулгасан байна. Энэ тушаалыг завхруулан Паштүн цэргийн эрхтнүүд энгийн номхон зэвсэггүй Хазара хүмүүсийг баривчлан алж устгах балмад ажиллагаагаа улам идэвхжүүлсэн нь Хазара нарыг ахин зэвсэгт бослого гаргахад хүргэжээ. Босогчид ахин идэвхтэй байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн ба, засгийн газарт захидал хүргүүлсэн байна. Тэд энэ захиандаа, Хазара нарыг хоморголон алах, тамлан зовоох, эмс охидыг нь хүчиндэх, Хазара хүмүүсийг боол болгон худалдах, дааж давшгүй алба татвар төлүүлэх, бурхан шашныг нь доромжлох нь тэсэхүйе бэрх бөгөөд засгийн газрын талд алба хааж байсан Хазара нар ч бас ялгаагүй ямар ч өршөөл үзэхгүйгээр харгислуулж байгааг эсэргүүцээд Хазарачууд боолчлолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тодорхой өгүүлжээ. Босогчид удалгүй хэд хэдэн амжилттай байлдааны ажиллагаа явуулж Хазарастаны ихэнх нутгаас засгийн газрын цэргүүдийг ахин хөөн гаргаад гол зам гүүрүүдийг боож стратегийн чухал газруудад шуудуу ухан хамгаалалт зохион байгуулж Кабул хот руу дайрах байлдаандаа бэлтгэж эхэлжээ.

Тун удалгүй Абдур Рахман “Хазара Хүмүүст Уриалах нь” захидалаа илгээсэн бөгөөд энэ захиа нь Хазара нарын эв нэгтгэлийг бутраах, тэдэн дунд хагаралдаан гаргаж байлдааны чадварыг нь сулруулах зорилгыг агуулсан байсан ба уг захиа нь тэр зорилгоо яг биелүүлсэн аж. Хазарагийн зарим удирдагч нар, тухайлбал Мухаммэд Риза Бэг байлдааныг үргэлжлүүлэх нь өөрийн овгийг сүйрэлд авчирна гэж үзээд бусадтайгаа санал зөрөлдсөний улмаас засгийн газрын талд орж байлдсан байна. Засгийн газар энэ боломжийг ашиглан 1893 оны 4-р сард босогчидын эсрэг дайралтаа эхэлсэн боловч ахин хэд хэдэн тулалдаанд ялагдан ихээхэн хохирол амсч байлдаан зун хүртэл үргэлжилсэн байна. Хазара нарын идэвхтэй байлдааны ажиллагаа нь Абдур Рахманыг цэргээ Хазарастанаас гарган босогчидын шаардлагыг хүлээн авч тэдэнтэй хэлэлцээр хийхэд хүргэсэн байна. Удаан харьцсаны эцэст, Хазара нар өөрийн бие төлөөлөгчидийг Кабул руу хэлэлцээ хийхээр илгээсэн ба, ингэхдээ нэлээд хэдэн Паштүн гэр бүлийг барьцаанд авч үлджээ. Хэлэлцээрийн үр дүнд хоёр тал харилцан буулт хийсэн ба засгийн газраас Хазара нарын эрхийг хүлээн зөвшөөрсөн аж. Зэр зэмсэг, хоол хүнсээр байнга дутагдаж, мөн халдварт өвчинд олноороо нэрвэгдээд байсан ихэнх босогчид хэлэлцээрийн үр дүнг хүлээн авах нь зөв гэж үзээд байлдааны ажиллагаагаа зогсоосон байна. Гэсэн хэдий ч босогчидын зарим хэсэг тэмцлээ 1893 оны сүүл хүртэл үргэлжлүүлсээр байсан аж.

Хазара нарын эрх чөлөөний төлөөх энэ тэмцэл бослого нь ерөнхийдөө 3 жил үргэлжилсэн гэж үздэг бөгөөд Абдур Рахманы засгийн газараас явуулсан энэхүү харгис харалган бодлого нь Хазара Паштүн хэмээх хоёр үндэстний хоорондох өнөөг хүртэл үргэлжилж буй амь тавьсан зөрчилдөөний үндэс болж, зуун дамжсан гүн гүнзгий хорсол занал, үзэн ядалтыг бий болгосон юм.

Судлаачдын үзэж буйгаар Абдур Рахман Хазара нарын бослогыг дарахдаа хүн амыг нь аль болох цөөлөх бодлого барьж маш харгис хэрцгий үйлдэл явуулсанаас нийт хүн амын 62% хувийг алж устгасан буюу гадагш дүрвүүлсэн аж. Олон тооны Хазара хүмүүс Афганистанаас дайжин гарч тухайн үед Энэтхэгийн харьяа байсан Пакистан, болон хөрш зэргэлдээх Иранд суурьшсан юм. Мөн хөрш зэргэлдээх төв Азийн улсууд болох Түркменистан, Узбекстанд ч дүрвэн гарсан гэдэг. Чухам хичнээн тооны Хазара хүмүүсийг алж устгасан тоог гаргахад төвөгтэй ба тийм бодит тоо бичигдээгүй байдаг аж. Харин хүн амын 60% аас доошгүй хувь устгагдсан гэж үздэг нь нэлээд түгээмэл олны зөвшөөрсөн тоо юм. Хэрэвээ энэ 60% хувийг ойролцоо бодит тоо гэж үзээд, дээр дурдагдсан нийт Хазара айл өрх 500,000 гэсэн тоог оролцуулаад бодвол Хазара нарын хэлмэгдлийн тоог ойролцоогоор гаргаж болох юм. Лалын шашинтай айл өрхүүд нь харьцангуй өнөр өтгөн байдаг ба нэг өрхийг дунджаар 5 хүн амтай (мэдээж энэ бол бага тоо, лалын шашинтнууд олон эхнэр авч үр хүүхэд өнөр өтгөн байдаг нь одоо ч түгээмэл) гэж үзвэл багаар бодоход 2 сая 500 мянга буюу өнөөгийн манай улсын хүн амтай тэнцэх тооны Хазарачууд тэр үед Хазарастанд (Хазара улс) амьдарч байжээ. Үүнээс 60% хувь буюу 1 сая 500 мянган хүн нь 3 жилийн хугацаанд бослогын улмаас хядуулжээ.

Өнөөгийн Афганистан дахь Хазара хүмүүсийн лавтай тоог улс төрийн шалтгааны улмаас гаргахыг хүсдэггүй талаар би түрүүчийн бичлэгтээ дурдаж байсан гэхдээ ямартай ч 3-6 сая хүн бий гэж үздэг. Энд би нэгэн сонин харьцуулалт хийх гэсэн юм. Манай Монгол улсын хүн ам 1920-30 аад онд яавч 600 мянгаас хэтэрхээргүй байсан гэдэг, гэтэл 80 гаруй жилийн дараа өдгөө бид 2.7 саяулаа. Ойролцоогоор 4.5 дахин өссөн байгаа биз. Хазара хүн амын бодит тооны талаар зүгээр нэг баримжаа мэдэхийн тулд, би цаг хугацааны хувьд ойролцоо үйл явдал, (Афганистан 1890-1900 аад оноос хойш буюу 110 гаруй жил, Монгол 1920-1930 аад оноос хойш 80 гаруй жил) амьжиргаа, нийгмийн дэвшилийн хувьд харьцангуй төстэй гэгддэг нөхцөл байдалд тулгуурлан Афганистан Монгол хоёр орны хүм амын өсөлтийг бүдүүвчлэн харьцуулж болох мэт гэж бодсон юм.

Хэрэвээ Монголын хүн амын өсөлтийн энэхүү хурдацыг тухайн үед Афганистанд 60% иа хядуулан амь гарсан 1 сая гаран Хазара хүмүүсийн тоогоор бодож үзвэл 110 гаруй жилийн дараа одоо Афганистанд хамгийн наад зах нь 4.2 сая Хазара хүмүүс байх ёстой байгаа биз. Хэдийгээр энэ тоог олдсон мэдээлэлдээ тулгуурлан тоймлон бүдүүвчлэн гаргаж ирсэн ч гэсэн, Хазара хүмүүсийн өөрсдийнх нь батлаад байгаа яаж ч байсан 4 саяас буухгүй хүн амтай гээд байгаа тоотой ойролцоо гарч байгаа юм. Мэдээж энэ тоо бол барагцаалсан тоо. Тухайн орны нийгмийн онцлог, эдийн засаг, улс төрийн байдал гээд олон зүйлийг оролцуулан байж хүн амын өсөлтийг тооцоолох л доо. Ямартай ч гэлээ бодит байдлаас хол зөрөхөөргүй барагцаалсан тоо гарч байна.

Миний л мэдэх нэг үндэстнийг үй олноор нь хоморголон алж үндэстнийх нь хувьд устгах гэж оролдсон аймшигт аллагууд дэлхий дахины түүхэнд тоотойхон гарсан байдаг. Ийм аллагыг геноцид (genocide) гэж нэрлээд байдаг. Хүн бүхний мэдэх дэлхийн хоёр дугаар дайны үед Гитлер еврей нарыг, дэлхийн нэг дүгээр дайны үед туркууд армянуудыг хоморголон хэдэн саяар нь алж геноцид хийж байсан баримтууд бий. Гэхдээ энэ аллагуудад чухам хүн амынх нь хичнээн хувь үрэгдсэн талаар маргалддаг, Хазаруудыг алж устгасан шиг тийм нийт хүн амын талаас хол илүү 62% хувь байсан болов уу? 1890 ээд оны эхээр Хазара нарыг хоморголон алж үндэстнийх нь хувьд сөнөөх гэж сая хагас хүнийг алан гавлаар нь уул босгосон энэ аллагыг өнөөдөр Хазарачууд геноцид байсан хэмээн үздэг. 1890 ээд оны Хазара нарын зэвсэгт бослого нь зохион байгуулалттай эв нэгдэлтэй эрх чөлөөний тэмцэл гэхээсээ илүү, арга үгүй байдалд орсон хүмүүсийн сулхан холбоос бүхий амь тэмцсэн тэмцэл байсан юм.

Болсон үйл явдлуудыг тодруулан уншиж байхад, Монголчууд бидэнд түгээмэл ажиглагддаг асуудалд нэгдмэл бус, бие даасан байдлаар ханддаг тэр байдал бас л ажиглагдаж байсан ба бослого дарагдсан гол шалтгаан нь Хазара нарын дотоодын зөрчилдөөн, овог аймгуудын хуваагдмал байдал, нийтлэг дайсан луугаа биш харин бие биен лүүгээ довтлох, урван тэрслэх асуудлууд байсан аж.

Хазара нарын эрх чөлөөний төлөөх зэвсэгт бослого дарагдаж, боол болон зарагдаж эхэлсэн тэр үеээс л эхлэн Хазара үндэстнүүд Афганистаны нийгмийн ёроолд шидэгдэж, бусад гол үндэстнүүд болох Паштүн , Тажик, Узбекүүдэд нүд үзүүрлэгдэн амь зогоох болсон ба тэднийг ялгаварлан гадуурхах асуудал өнөөг хүртэл Афганистаны нийгэмд амь бөхтэй оршсоор байгаа юм.

Хазара нарыг боолчлох асуудлыг 1921 онд дээр дурдсан Абдур Рахманы ач хүү Афганистаны шах Аманула (Shah Amanullah) албан ёсоор хорьсон боловч зарим Паштүн хүмүүс боолчлолыг олон жилийн турш үргэлжлүүлсээр байсан аж.

1940 өөд онд Захир Шах хэмээх баруунд боловсрол олсон Паштүн эр хаан болоод Хазара хүмүүст онцгой татвар ноогдуулсныг эсэргүүцэн Хазара нар ахин зэвсэг барин босч засгийн газрын цэргүүдтэй байлдсан ба үр дүнд нь онцгой татварыг хүчингүй болгож чадсан байна.

Мөн 1930-40 өөд оноос эхлэн Хазара нар “Афганистан дах Монгол Үндэстнүүдийн Холбоо”, “Дундад Азын Монголчуудын Нийгэмлэг”, “Лалын Шашинтнуудын Эв Нэгдлийн Холбоо” зэрэг нэртэй нийгэм улс төрийн зорилго, агуулга бүхий эвсэлүүдийг байгуулан нэгдмэл тэмцлийг бий болгох арга замыг хайж эхэлсэн юм.

Монголчууд бидэнтэй түүхэн холбоотой Хазара хэмээх энэхүү өвөрмөц хувь зохиолт ард түмний сүүлийн зуун хорь гучаад жилийн түүх нь цус нулимс, дарлал доромжлол, ялалт ялагдалаар дүүрсэн гашуун боловч баатарлаг тэмцлийн түүх юм. Энэхүү түүх яг өнөөг хүртэл уншигч таны энэ мөрийг гүйлгэн харах тэр мөчид хүртэл үргэлжилсээр байгаа гэдгийг сануулж байна.

Хазара нарын түүхэн дэх хамгийн хүнд хэцүү энэ цаг үед Монголчууд бид ч бас мөхөх сэхэхийн тэмцэлтэй байсан.

Түүхээс харж байхад 1890 ээд оны эхээс 1940 өөд оныг хүртэл Монгол үндэстнүүдийн хувьд хамгийн хүнд хэцүү, улс, үндэстнийхээ хувьд мөхөж болох тийм үе байсан юмуу гэж бодогддог юм. Үнэндээ тухайн үед Монгол улс, Монгол үндэстнүүдийг мөхөж үгүй болно, тийм нөхцөл бүрдээд байна хэмээн үзэж байсан судлаачид шинжээчид байсаар байсан. Тэр үед үнэхээр тийм нөхцөл байдал бүрдээд байсан байж ч болно, тийм бол өнөөдөр бүрэн эрхт Монгол улс маань Монгол үндэстнний гал голомт маань байж л байна. Магадгүй, өнөөдөр бид үндэстнийхээ хувьд түүхэн дэх хамгийн хүнд хэцүү үеэ өнгөрөөж ахин сэргэн мандах тэр эрин үедээ ороод явж байж ч болно. Үнэндээ тийм ч байх гэж найдаж байна!

Үргэлжлэл бий.

Х.Батсуурь. 2008 он

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 26. 16:12
зочин

1985 онд орост оюутан байхдаа афган оюутантай ойрхон амьдарч байлаа.Тэр ерөнхийдөө бүдүүлэгдүү амьтан байв. Нэг удаа хамт тв үзэж суугаад танайд сонгодог урлагын бүжигчид бий юу? гэтэл нэлээн гайхсан янзтай харсанаа -аан мэднэ мэднэ тэд нар жаахан тиймдүү гэх юм Шөнийн бүжигчид л гэнэ Би гайхаад яагаад гэтэл жоохон ичингүйрсэнээ
дуугуй болчихож билээ. Бас нэг удаа надад тэгж бна танай монголчууд манайд байдаг шдээ нэг тиймэрхүү мангардуу гээд нэг хуруугаараа тархируугаа хатгаж бна.Тийм үү яагаад гэтэл хоорондоо сууцгаасан юмнууд байдаг юм гэлээ.Сэтгэл зүрх өвдөх шиг боллоо .Хөөрхийдөө тэрээх 13 р зуунаас хойш мандаж гандаж яваа элэг нэгтнүүд минь дээ гэж хайрлах харуусах сэтгэл төрж билээ.

1 сар 15. 15:56
Зочин SNarantuya

Medwel zohih unshihad sonirhoitoi tvvhtei hvmvvs yma. Tsaash ni unshimaar bna. Vrgeljleliig bicheerei.

1 сар 15. 1:22
Зочинйыйыйый

Хазара Монгол гэдгийг батлаагүй шүү дээ. Лалын шашинт Иран хэлт ард түмэн.

1 сар 20. 12:10
Баталгаа баатар

ямар баталгаа хэрэгтэй байна?

1 сар 18. 8:57
Зочиншоого

Иран хэл гэж байдаггүй юм малаа. юм уншиж мэдлэгээ өргөжүүлчихээд энд тэнд элдэв юм бичиж бай. Перс хэл гэдэг юм

1 сар 11. 9:02
Зочин

Дэмий зүйл дэмийл байдаг юм.

1 сар 11. 0:38
Зочин

hazaar humuustei zondoo taardag harhad uneheer mongol torh ni hadaglagdaj uldsen yum shig sanagddag. mongold amidray geed irsen humuusiig mongoliin irgenshil oghod bolohgui geh uchir baihgui l gj bodnom.

1 сар 11. 17:29
Зочин

тэд ахан дүүстээ ирлээ гээд ирэх нь юу л бол. нүүрний цаана бодол бий, тэрийг хэн мэдэх юм. миний мэдэхийн хазар гээд оюутнууд нэг хэсэг зурагтаар гараад од болж билээ. гэтэл яасан гадагшаа гараад муриад өгсөн. шууд хэлэхэд бид хазар гээд таарсан царай зүс ижил гээд наалдаад байх хэрэггүй мэт. Жинхэнэ монгол хазар нь тун цөөхөн биш гэж үү. жинхэнэ хазара гэдгийг яаж батлана гэж. Тэдний сэтгэлд хөх толбо байгаа эсэхийг хэн мэднэ гэж

1 сар 10. 21:50
Зочин

Хазара бол Лалын шашны Шиа урсгалынх. лалын ертөнцөд сунни урсгалын арабын орнууд болон шиа Иран улсуудын хооронд байнга үзэн ядалт аллага явагддаг. Үүний нэг жишээ бол 8 жил үргэлжилсэн Иран - Иракийн дайн. Хазара нар шиа ч гэсэн лалын шашинтай. Тийм болохоор Монголд ирээд бас зүгээр байхгүй, терор ажиллагаа явуулахыг үгүйсгэж болохгүй. Болгоомжтой байсан нь дээр.

1 сар 10. 19:51
mongol

хазара хүмүүсийг монголын иргэн болохыг зөвшөөрөх хууль гаргах хэрэгтэй.

1 сар 11. 3:15
Зочин

hazara nariig zugeer orhi mongold heg ih olon irehgui l baih er n bol mongoliin tasarhai yas yuman deeree hazara,uvur mongol,halimag metl mongoliig avrah baih uunesl erliizuud aij bgaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]