Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Ж.Самбуу, Ким Ир Сен хоёр нуувчинд шатар тоглоод үлдсэн гэдэг”Уншсан7,554

БНАСАУ-д Монгол Улсын Элчин сайдаар ажиллаж байсан дипломатч Ж.Ломбо гуайн 10 жилийн өмнө хэвлэлд өгч байсан ярилцлага.

БНАСАУ-д Монгол Улсын Элчин сайдаар ажиллаж байсан дипломатч Ж.Ломбо гуайн 10 жилийн өмнө хэвлэлд өгч байсан ярилцлага. 


-Солонгост амьдралынхаа 30 шахам жилийг өнгөрөөж, Монгол, Солонгосын харилцаатай холбоотой олон үйл явдалд биеэр оролцож явсан ахмад дипломатчийн хувьд хоёр улсын харилцааны шинэ үеийн түүхээс хүүрнэхгүй юү?

 

-Японы дарлалаас чөлөөлөгдсөний дараа Солонгосын хойгийн умард хэсэгт БНАСАУ, өмнөд хэсэгт БНСУ дэлхийн II дайны төгсгөлд холбоотон орнуудын тохиролцооны дагуу байгуулагдсан түүхтэй. Одоогоос 60 жилийн тэртээ 1948 оны есдүгээр сарын 9-нд БНАСАУ байгуулагдмагц ЗХУ (хуучин нэрээр)-ын дараа 1948 оны аравдугаар сарын 15-нд манай улс Солонгосын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч түүнтэй дипломат харилцаа тогтоосон юм. Манай хоёр орны харилцааны шинэ үе-нэгэн жарны түүх ийнхүү эхэлсэн.

-Манай хоёр орон ЭСЯ-даа хэзээ нээв?

-1950-1953 онд болсон Солонгосын дайн нь Солонгосын ард түмэнд үхэл хагацал учруулсан эмгэнэлт үйл явдал болсон бөгөөд одоо хэр ул мөр нь арилаагүй байна. Солонгосын дайны энэ хүнд үед 1951 онд манай хоёр орон ЭСЯ-аа харилцан нээсэн. Жамсрангийн Самбуу гуай манай улсаас БНАСАУ-д суугаа анхны Элчин сайдаар ажиллаж байсан юм. Ж.Самбуу гуай БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сентэй ойр дотно харилцаатай байсан бөгөөд тэдний талаар домог мэт яриа хоёр орны ард түмний дунд өнөөдөр ч байдаг юм.

Нэгийг нь дурдахад, дайны үед Пхеньян дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газруудыг аюулгүй газар нүүлгэж шилжүүлэхэд Ж.Самбуу гуай “Би нөхөр Ким Ир Сенд хань болоод эндээ байж байя” гээд нуувчинд шатар нүүж суусан гэдэг. Энэ тухай Ким Ир Сен олон удаа дурсан ярьж хожим нь 1988 онд Монголд айлчлахдаа Ж.Самбуу гуайн хүүхдүүдийг сураглаж уулзаж, нутагтаа урьж айлчлуулж, ач нарыг нь БНАСАУ-ын их сургуульд сургаж байсан.

Ж.Самбуу

-БНАСАУ-ын удирдагч агсан Ким Ир Сен манай оронд хоёр ч удаа ирсэн бөгөөд 1988 онд айлчилснаас нь хойш 20 жил болж байна. Та тэр үед хаана, ямар ажил эрхэлж, тэр айлчлалд ямар үүрэгтэй байв?

-Ким Ир Сен 1988 оны зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 1-нд албан ёсны айлчлал хийсэн. Миний бие тэр үед Монгол Улсаас БНАСАУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байсан бөгөөд айлчлалын бэлтгэлийг хангаж, айлчлалын үеэр орчуулагчаар ажиллаж дараа нь айлчлалын үед дээд хэмжээнд хэлэлцэн тохирсон зүйлүүдийг ажил хэрэг болгоход биечлэн оролцож байлаа.

1986 онд манай нам, төрийн удирдагч Ж.Батмөнх БНАСАУ-д айлчилсан бөгөөд энэ үеэр хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр нэлээд ахиц гарсан байв. Тухайлбал, Монголд жижиг, дунд үйлдвэр, эмийн ургамлын чиглэлээр хэд хэдэн хамтарсан аж ахуйн нэгж байгуулан химийн үйлдвэрийн салбарт хамтран ажиллахаар манай 20 оюутанг сургах зэргээр нэлээд ажлууд эхэлсэн боловч тэр бүр үр дүнд хүрээгүй нь харамсалтай.

-Манай орон ардчилал, зах зээлийн замд орсон 1990-ээд оноос бидний харилцаа илт суларсан. Одоо чухам ямар хэмжээнд байна гэж Та үзэж байна.

-1990-ээд онд социалист систем задарсан үед олон улсын харилцаанд бүхэлдээ ихээхэн өөрчлөлт орсон. Тэр үеэс хоёр орны харилцаа нэг хэсэг идэвхгүй болж дээр дурдсан эдийн засгийн хамтын ажиллагаа суларч эхэлсэн. Гэхдээ энэ хугацаанд хоёр орны харилцаа, ялангуяа соёл, олон нийтийн салбарт тасраагүй гэж хэлж болно. Шинэ зуун гарсаар хоёр тал уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа өнөөгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан сэргээн хөгжүүлэх бодлого, чиглэл баримтлан бүхий л салбарт хамтран ажиллаж байна.

-Таныг БНАСАУ-д Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны харилцаанд ямар ямар гол үйл явдал тохиолдов. Ямар өөрчлөлт гарав?

Ж.Самбуу гуай ЗХУ-ын Армийн генерал И.В.Федюнинскийтэй

-Би БНАСАУ-д Элчин сайдаар зургаан жил гаруй ажиллаад ирлээ. Энэ хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ нөхцөл байдалд уялдуулан сэргээх, хөгжүүлэх талаар төр, Засгийн газрынхаа бодлого, чиглэлийг хэрэгжүүлэх зорилт тавьсан. Сүүлийн жилүүдэд бидний уламжлалт харилцаа улс төр, эдийн засаг, соёлын болон бусад салбарт өргөжин хөгжлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2004 онд, Ерөнхий сайд Н.Энхбаяр 2003 онд БНАСАУ-д, БНАСАУ-ын АДХТ-ийн дарга Ким Ен Нам 2007 онд Монголд, Гадаад хэргийн сайд нар харилцан айлчлав. Хоёр орны төрийн тэргүүн нарын айлчлал 20 шахам жил завсарлаад сэргэсэн бөгөөд дээрх айлчлалын үеэр хоёр орны харилцааны эрх зүйн үндсийг бататгасан 20 шахам гэрээ, хэлэлцээр байгуулсан.

Мөн эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаа сэргэж, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх эхлэл тавигдаж, БНАСАУ-ын иргэд манай барилга, зам, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Соёл, биеийн тамир, спортын салбарт хамтын ажиллагаа өргөжин тогтмолжиж байна. Энэ онд БНАСАУ-ын циркийн хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ манай оронд айлчлан тоглов. Хоёр орны төр, засгийн болон олон нийтийн байгууллагуудын хооронд олон төлөөлөгч солилцож, соёл урлагийн нэлээд арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохиролцон бэлтгэж байна.

Ж.Самбуу

-Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан Та ном бичиж, БНАСАУ-д нийгэм, улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан гэж сонссон. Энэ тухай сонирхъё?

-Монгол Улс, БНАСАУ-ын харилцааны салбарт 30 гаруй жил ажиллаж, түүхийг нь сонирхон судалж байсны хувьд хоёр орны харилцааны түүхэнд холбогдох баримт материалыг нэгтгэн олны хүртээл болгох, судалгаа сургалтын эх материал бэлтгэж үлдээх зорилгоор “Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа: Нэгэн жаран” номыг Пхеньянд хэвлүүлсэн юм. Ном маань уншигчид болон судлаач, оюутан сурагчдад нэмэр болно байх гэж бодож буй. Номондоо хоёр орны харилцааны 60 жилийн түүхийг үечлэн харуулахыг хичээсэн. Хоёр орны холбогдох байгууллагуудын хоорондын тохиролцооны үндсэн дээр тэдний тусламж дэмжлэгтэйгээр номын хуримаа хийхээр төлөвлөж байна. Энэ маань миний ажлын нэг ёсны “тайлан” болно биз ээ.

Мөн Солонгос оронд олон жил сурч, ажиллаж байсан хүний хувьд үндсэн ажлын хажуугаар судалгааны ажил хийж БНАСАУ-д нийгэм, улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Солонгос нөхөд маань өндөр үнэлж, дэмжиж тусалсанд урамтай байгаа.

-Хоёр Солонгос нэгдэх боломжийн талаар Та ямар бодолтой байдаг вэ. Энэ асуудлаар манай улс ямар байр суурьтай байна вэ?

-Солонгосын хойгийн хоёр хэсэгт Солонгосын ард түмний дунд ажиллаж, амьдарч байхдаа улс орон, ард түмэн хуваагдмал байхын бэрхшээлийг бие сэтгэлээрээ мэдэрч, хөдөлмөрч хичээнгүй, эх оронч, эв нэгдлийг ихээхэн хүсч эрмэлздэг энэ орон, ард түмэн нэгдвэл, харилцан бие биенээ сүлж богино хугацаанд цэцэглэн хөгжсөн нэгэн гүрэн буй болбол бүс нутгийн хөгжилд ч тустай юм гэж боддог.

Умард, Өмнөд Солонгос хэдийгээр 60 гаруй жил хуваагдмал байж нийгмийн өөр өөр замыг сонгосон ч солонгос үндэстний эх оронч, эвсэг хөдөлмөрч хичээнгүй нандин чанар, эх орноо нэгтгэх хүсэл эрмэлзэл нь хэвээр үлдсэн нь энэ их үйл хэргийг хэрэгжүүлэх үндэс нь юм. Сүүлийн үед Умард, Өмнөд Солонгосын хооронд эх орноо нэгтгэх үзэл санааны дагуу нэгдэн нягтарч хамтран ажиллах зарчмыг тохиролцож, түүнийгээ ажил хэрэг болгох тодорхой алхам хийж хамтран ажиллаж байна. Цаашид энэ үйл явц улам гүнзгийрэн бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Солонгосын хойг төдийгүй бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх холбогдогч орнуудын яриа хэлэлцээнд ахиц гарч байна. Манай улс Зүүн хойд Азид оршдогийн хувьд энэ үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулах хүсэл эрмэлзлээ илэрхийлэн холбогдогч орнуудын дэмжлэгийг хүлээн бүс нутгийн асуудлаар ажил хэргийн уулзалтыг эх орондоо зохион байгуулах, бүс нутагт хамтран ажиллах талаар идэвх санаачилга гарган ажиллаж байна.

-Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрийн явц ямар байна. Сүүлийн үед ахиц муутай байна уу гэлтэй байх шиг…

-Энэ хэлэлцээр 2005 онд эхэлсэн юм. Хэсэг завсарлаад өнгөрсөн зургадугаар сард сэргэсэн. АНУ, Япон, Умард Солонгосын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Бээжинд долдугаар сард болсон. Умард Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах анхны алхмуудыг хийсэн. АНУ болон хэлэлцээрт оролцогч талууд Умард Солонгосын эрчим хүчний алдагдлыг нь нөхөх, эдийн засгийн салбарт дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлсэн. Гэвч Умард Солонгосыг террорист гэгддэг орнуудын жагсаалтаас хасах амлалтаа АНУ биелүүлэхгүй байна гэж үзээд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах эхний шатны үйл явц зогсонги байдалд орчихоод байна.

Умард Солонгос улс одоогийн хэмжүүрээр бол нэлээн хаалттай орны тоонд зүй ёсоор орно. Тэнд коммунист дэглэм хэвээр буй. Гэхдээ БНАСАУ-ын эдийн засаг тэгтлээ хүндэрч, ард түмнийх нь амьдрал ядуу зүдүү болчихоогүй бололтой. Хүн ам олноор суурьшсан газарт нь гуйлгачин, ажилгүй, амьдрал дорой хүмүүс харагддаггүй юм гэнэ лээ. Төр засаг нь ч хэтэрхий хатуу чанд бодлогоо ямар нэг хэмжээгээр зөөлрүүлж, хүн амынхаа хүнсний хангамжид анхаарч, эдийн засаг нь тогтворжих чиглэлтэй болж, өнөөгийн нөхцөл байдалтай алхаагаа ойртуулахыг хичээж байгаа гэдэг. Өрнөдөөс ч төдийлөн айхтар цэрвэхгүй, төлөөлөгчид солилцож, аялал жуулчлал хөгжүүлэхэд анхаарч байгаа гэлцэнэ. Хөрш болон Ази, Европын хуучин социалист орнуудтай сайн харилцаатай. Өмнөд Солонгостойгоо ойртох талаар нааштай зарим арга хэмжээ авч буй гэнэ.

Р.Жаргалант, Өнөөдөр сонин. 2008 он. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]