Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүх хэзээнээс гуйвж эхэлсэн бэ?Уншсан1,292

Сүүлийн үед өөртөө шилдэг гэх нэр өгсөн нийтлэлч, сэтгүүлч нар өөрсдийн нийтлэл, яриагаараа нүүдэлчид зөвхөн дээрмийн зорилгоор дайн тулаан хийдэг байсан мэтээр ярьдаг болсон нь ундууцал төрмөөр.

Уг нийтлэлд дурдагдах "нүүдэлчин" хэмээх үгийн утгыг олон мянган жилийн турш Шар мөрний сав газар, их Говийн өмнө ба хойгуур нутаглан нүүдлийн мал аж ахуйг түшиглэн амьдарч байсан ард түмэн гэж ойлгоно.

Нүүдэлчдийн сүүлийн 800 жилийн үйл явдалуудыг маш олон хэл дээр хадгалагдан үлдсэн албан ба албан бус сурвалж бичгүүдээс шүүж үзвэл нэлээн тодорхой түүхэн үнэнийг гаргаж ирэх бололцоотой. Гэвч түүнээс өмнөх үйл явдалуудыг сэргээхэд ганцхан сонголт үлдэж байгаа нь Хятад сурвалж бичгүүд юм. Гэхдээ бас хоосонгүй, Хүннү, Түрэг, Киданчууд бидэнд багагүй соёлын өвийг үлдээсэн тул, тэдгээр үлдээсэн соёлын өвөөс өвөг дээдсийнхээ түүхийг нэлээд бодитоор сэргээн харах боломжтой.

Хааяа зарим зүйлс хангалтгүй мэт санагддаг. Яагаад бидний үед Хүннү Сяньби-гийн (Хүннү Сяньби бичгээр үлдээсэн) үеээс үлдээсэн түүхэн сурвалж, ном зохиол байдаггүй юм бэ? Хэрэв байсан бол тэр үеийн үйл явдалыг сэргээн харахад илүү хялбар болох байлаа. Гэхдээ Хүннү, Сяньби бичгээр үлдээсэн түүхэн сурвалж, ном зохиол үлдээгүй гээд ганц Хятад сурвалж бичгүүдэд тулгуурлан нүүдэлчдийг дээрмийн тонуулаар амьдардаг зэрлэгүүд байсан гэж ойлгож болохгүй. Хятадууд нүүдэлчдийг бүдүүлэг боолууд, зэрлэгүүд байсан мэтээр бичиж үлдээдэг. Гэхдээ энэ нь тулааны үед зэвсэг бус бийр барьдаг эрдэмтэн, мэргэдийн тулалдах нэгэн арга нь байсан болов уу.

Сүүлийн үед өөртөө шилдэг гэх нэр өгсөн нийтлэлч, сэтгүүлч нар өөрсдийн нийтлэл, яриагаараа нүүдэлчид зөвхөн дээрмийн зорилгоор дайн тулаан хийдэг байсан мэтээр ярьдаг болсон нь ундууцал төрмөөр. Яагаад дээрэм хийсэн тулаануудыг  судалсан мөртлөө Модун, Лаошан нарын Хан улстай чөлөөт худалдаа хийхийн тулд хийсэн урт хугацааны аян дайныг тайлбарлаж өгөхгүй, санаатайгаар мартаад байдаг, яагаад Чингис хаан 500 худалдаачныг нь алсаны төлөө Отрар хотыг газрын хөрснөөс арчсаныг нь тайлбарлаж өгөхгүй байгаа юм бол?  Өнөө үед хадгалагдаж үлдээгүй сурвалж, ном зохиолыг тухайн үедээ огт байгаагүй гэж хэлэх нь алдаатай дүгнэлт. Нүүдлийн мал аж ахуйг даалгүй устаж алга болсон сурвалж бичиг, соёлын өвийг хэзээ ч бүтээгдэж байгаагүй мэтээр сэтгэж, өөрсдийгөө дээрмээс өөр зүйл мэдэхгүй зэрлэгээр нь дуудаж байгаа нь өөрөө жинхэнэ зэрлэг балмад зүйл билээ.

Өрнийн соёл Грек, Ромын үед өөрийн суурийг тавин нэгэн үе гялалзсан амжилт үзүүлэн бидний үед олон арван баримал, сурвалж бичгүүдийг үлдээсэн боловч энэ хэзээ ч дуусашгүй мэт байсан соёлын үр нэг л өдөр хэзээ ч байгаагүй мэт хойч үедээ хоосон барилга байгууламж, урлагийн бүтээл үлдээн өөрсдийх нь зэрлэгүүд гэж нэрлэдэг ард түмэнд эмэгтэйчүүд нь төрийн эрхийг барих хэмжээнд эрх чөлөөг эдлэж байхад эртний соёл иргэншилийн өлгий болсон Грек, Ромын үр сад эмэгтэйчүүдээ шулам хэмээж түүдэг галд шарж байсан нь эртний соёл иргэншлүүд хоосон урлагийн бүтээл, барилга байгууламж бүтээснээс өөр юу ч бүтээгээгүй мэт ор мөр үлдээлгүй алга болсоных биз. Хятадын соёл иргэншил ч нэгэн цагт цэцэглэн мандаж урлагийн бүтээл, оюуны их өвийг үлдээх боловч нэг мэдэхэд хоосон ном зохиол урлаг уран сайхны зүйлс үлдээн хойч үе нь түүнийг хадгалахаас цааш хэтрэлгүй хэдэн зууныг цусаар будан алацасаар нэг мэдэхэд эртний хятадын соёл иргэншилээс материаллаг зүйлс нь л үлдсэн байдаг. Энэ үйл явцыг синусойд дүрстэй зүйрлүүлэн харж болно. Тэгвэл нүүдлийн соёл иргэншил нэг үе мандан бадарч нэг үе уруудан доройтож байдаг. Нүүдлийн соёл уруудан доройтох тэр үед Хятадын соёл мандан бадарч байдаг учраас Хятадын соёл урлаг цэцэглэн хөгжиж байх тэр үед үлдээсэн сурвалж бичгүүдэд тулгуурлан нүүдэлчид мөнхөд зэрлэг бүдүүлэг байсан гэдэг нь буруу ойлголт юм. Нүүдэлчид зэргэлдээх хүчирхэг суурин соёл иргэншлийн түрэмгийллээс өөрсдийгөө хамгаалан мөнхөд тулалдаж нүүдэллэн амьдрах явцад аливаа сурвалж бичиг урлагийн бүтээлүүд нь устан алга болсон гэдэгт итгэлтэй байна. Үүний нэг нотолгоо нь нүүдэлчид хүчирхэг гүрнээ байгуулсан мөч бүртээ өөрийн бичиг үсэгтэй байсан юм. Тухайлбал “Гурван улсын хаанчлалын түүхэнд” Хятад болон Камбожийн эртний улс болох Фунан нар нь хоорондо элчин солилцож байсан тухай мэдээлжээ. Хятадын элч Камбожид МЭ 245-250 оны хооронд очжээ. Түүнд оролцсон Кань Тай Фунан улсын тухай мэдээндээ “Тэд ном хийдэг, түүнээ архивт хадгалдаг. Тэдний бичиг үсэг нь Хүннүчүүдийн бичиг үсэгтэй төстэй” гэсэн байна. Фунанчууд Энэтхэг бичиг хэрэглэдэг байв. [D.G.E. Hall]

 
Хятадууд түүхийг хэрхэн гуйвуулдаг вэ?

 

Хятад соёл өөртөө маш олон үндэстний соёлын элементийг шингээн авч тэлж байдаг онцлогтой. Ийм ч учраас Хятадууд бусдын түүхийг өөрийн болгохдоо гарамгай улс.  Хамгийн сүүлийн жишээ Манж Чин гүрний түүх. Зарчмын хувьд Хятадын төрийн толгойд Манж үндэстэн гарсан нь Хятадын түүх мөн боловч Манж үндэстэнг Хятадын нэг хэсэг байсан мэт ярьж ойлгох нь буруу зүйл. Манжууд бол эрт үеээс дорнод Сибирь, Амар мөрөн, Хянганы нуруунд нутагладаг байсан нүүдэлчин аймаг. Ийм түүхэн гуйвалт ганц үүгээр ч зогсохгүй. Үүнээс өмнөх Хятан, Тангуд, Табгач, Хүннү гэх мэт гуйвсан түүхтэй нүүдэлчид дэндүү олон.

Хятадын хил дагуу нутагшин суурьшсан дайнч Табгач /Сяньби аймаг/ омгийнхон МЭ 618 онд өөрийн төлөөний хүнийг хаан ширээнд суулгаж Тан гүрнийг байгуулсан ба түүнээс хойш 300 жилийн турш нутгийн Хятад үндэстэнд бараг уусан шингэжээ. Уугуул Хятадууд нүүрэн дээрээ Тан улсын хүн амын бүхий л давхаргатай эвсэг найртай харилцаатай мэт байвч, Тан гүрнийг хэзээ ч Хятад улс гэж хүлээн зөвшөөрдөггүй байв. [Cordier.H]
Өнөөгийн Хятад үндэстэнг Тан гүрний хойчис биш гэж үзэх нь утгагүй асуудал боловч түүхэн үнэнийг харгалзан үзвэл Хятадын соёл иргэншлийн оргил болсон Тан гүрнийг нүүдэлчид байгуулсан гэдэг нь маргаангүй үнэн баримт билээ. Иймээс Тан гүрний түүх бол гарцаагүй нүүдэлчдийн ч түүх, Хятадын ч түүх.

Хойд Хятад руу түрэн орсон олон нүүдэлчид тархай бутархай Хятадыг нэгтгэн эзэлдэг ч цаг хугацааны явцад нутгийн иргэдэд уусан, хожим Хятадын түүхийн нэг хэсэг болон хоцордог харамсалтай хувь тавилантай. Эдгээр нүүдэлчид Хятадад төрт улс байгуулснаараа Хятадын түүхийн нэг хэсэг болж, Хятадад уусан алга болсон нь маргаангүй ч Хятадын түүхийн гуйвуулгаар тэд Хятадын нэг угсаатан байсан мэт болж түүхэнд үлддэг нь харамсалтай. Тиймээс бид уг түүхэн гуйвуулганд авталгүй, сурвалж бичгүүдийг судлахдаа Хятад маягаар сэтгэн хаана хэрхэн гуйвсаныг сайтар ажиглаж чадвал өвөг дээдсийнхээ түүхийг илүү үнэн бодитойгоор харах бололцоотой болно.

 
Хятадууд хэзээнээс түүхийг гуйвуулж эхэлсэн бол?

 

Хятадын түүх бичлэгт тэмдэглэснээр одоогоос 5000 жилийн өмнө Шар мөрөн хэмээх Хатан голын дунд урсгал орчимд нэгэн угсаатан үүсэн бий болсон нь өнөөгийн Хятад үндэстний өвөг дээдэс Хуася угсаатан байжээ. Түүнээс хойшхи түүхийн урт удаан хугацааны туршид энэ угсаатан хөрш зэргэлдээх олон угсаатан ард түмнийг өөртөө нэгтгэн авсаар Хөх мөрөн, Шар мөрний хоорондох хөндийд нэгэн шинэ угсаатан бий болсон нь өнөөгийн Хан үндэстэн аж.

МЭӨ 2145-1675 оны хооронд Хатан голын Бор тохойн нутагт өөр нэгэн угсаатан оршиж байсныг Ся угсаатан гэж тэмдэглэн үлдээжээ. Энэ нь тунгус төрлийн угсаатан байж. МЭӨ 17-р зууны үед Хятадын Шан улс түүнийг мөхөөн газар нутгийг эзлэн суурьшихад хэд хэдэн зүгт нүүдэллэн одоцгоожээ. [Я.Ганбаатар]

Нийт Хятад угсаатны өвөг дээдэс нь Хуанди, Яньди гэдэг хоёр хаан байсан гэдэг. Яньди нь Хуася угсаатны өвөг дээдэс бол Хуанди нь Хятадын бусад угсаатны өвөг дээдэс гэнэ. Тийм ч учраас Хятадууд өөрсдийгөө Ян-Хуаны үр сад гэдэг. Өнөөгийн Хятадын түүх бичлэгт Хуандиг Памирын нурууны зүүн үзүүр Куньлунь уулнаас зүүнш нүүдэллэн хүрч ирсэн гэх бөгөөд улмаар дөрвөн тийш тархан суурьшжээ. Нэг хэсэг нь хожим Хятадыг нэгтгэсэн Цинь угсаатны өвөг дээдэс болсон бол өөр хоёр хэсэг нь умарш нүүдэллэн Ся угсаатныг үүсгэж, Төв Хятадын Шар мөрний соёлыг төрүүлжээ. Хожим тэд Хятадын олон газар оронд тархан суурьшиж Хөх мөрний соёлыг бий болгожээ. [Я.Ганбаатар]  

Хуанди нь Хятадад нүүдэллэн ирсэн нүүдэлчин бөгөөд “Хятадын нутаг дэвсгэрт балар эртний үеэс янз бүрийн ураг удамтай, янз бүрийн соёлтой овог, аймгууд амьдарч байлаа.” [Фань Вэнь-Лань]

Хятадын анхны төрт улсыг Ся гэж нэрлэдэг. Гэвч Ся улс өнөөг хүртэл археологийн олдвороор батлагдаагүй байгаа тул хагас домгийн улс гэж үздэг. Харин уг домгийн үргэлжлэл болж “Ся гүрний ялагдсан хааны удам Шүн-Вэй хойд зүг рүү зугтсанаар Хүннүгийн өвөг дээдэс болсон” гэдэг. [Шима Циан Түүхэн тэмдэглэл]

Ойролцоогоор 4000 орчим жилийн өмнө буюу МЭӨ 2200 оны орчимд Ся улс одоогийн Хэнань мужын нутаг дэвсгэр, Шар мөрний өмнө болон хойгуур оршин тогтнож байсан улс юм. “МЭӨ 16-р зууны дундуур Ся улс унаж Шан улсын ноёрхол тогтов. Энэ үед эртний Хятадын соёл иргэншлийн үндэс тавигдаж, эртний Хятадын ард түмэн төлөвшсөн байна. Шан бол Хятадын анхны түүхэн улс юм. Хятадад анхны төр улс үүссэн нь түүнтэй холбоотой. Түүний соёлын дүр зургийг олон тооны малтлагууд харуулж байгаа боловч улс төрийн түүх нь тодорхой бус байна.”  [Фань Вэн Лань]

Америкийн нэрт Монголч эрдэмтэн Латимор “Ся болон Шан-гийн соёл хоорондоо асар их ялгаатай, зарим талаараа хоорондоо цаг хугацааны хувьд зэрэгцэн оршиж байсан бололтой” гэж үзжээ. Үүнээс харвал Ся гүрэн нь магадгүй Хятадын домгийн улс биш, харин Шар мөрний өмнүүр болон хойгуур нутаглаж байсан нүүдэлчдийн анхны эзэнт улс байх боломжтой.

Дээрх баримтуудад тулгаарлан “Хуанди Хятадад нүүдэллэн ирж янз бүрийн соёлтой овог аймгуудыг нэгтгэжээ. Хожим Хуандигийн хойчис болох Ся угсааны нүүдэлчид хүчирхэгжин, төрт улсыг байгуулсан боловч уг улсын ихэнх хэсэг нь Хятадад уусан алга болж өнөө цагт Хятадын түүхийн нэг хэсэг болон үлдсэн юм.” гэдэг дүгнэлтийг хийж болох юм.

МЭӨ 16-р зуунд ялагдсан Ся угсааны Хааны удам Шүн-Вэй хойд зүг рүү зугтсанаар Хүннүгийн өвөг дээдэс болсон” гэдэг [Шима Циан]. Үүнийг Монгол маягаар сэтгэн Хятад түүхэн гуйвуулганд автахгүйгээр харвал Ся угсааныхан хойд зүг рүү зугтсан Хятад угсааныхан бус харин эх нутагтаа ирсэн нүүдэлчин угсааныхан байж таарна.

Үүнээс өмнө МЭӨ 18-р зуунд Ся гүрний амбан Гүн-Лю баруун зүг Рун-гийн (эртний нүүдэлчин аймаг) зүг зугтжээ. Түүнийг цөөнгүй хүмүүс дагалдсан бололтой, учир нь тэрээр тэнд хот барьж Ся улсаас тусгаарлан бие даан захирах болов. Сурвалж бичгийн мэдээнд Гүн-Лю Баруун-Рун болж хувирсан гэжээ. [Бичурин Н.Я] Үүнээс хойш түүний удмынхан 1327 онд Рунд хөөгдөж Шань-Фу вангаар толгойлуулан нутаг орондоо буцан ирж Хойд Шэньсид суурьшжээ. Шинээр төлөвшисөн энэ аймгаас Жоу угсааныхан гарсан байна. [Бичурин Н.Я]

Жоугийн вант улс одоогийн Шэньси мужийн нутаг дэвсгэр дээр байсан бөгөөд харьяатуудын дотор дайчин Рунчууд хилийн тулаанд дадсан Хятадууд цөөнгүй байжээ. Жоугийн хаан Вэн-ван хар цагаан үстэй бүдүүлгүүдийн хүчээр далай болон Түвдийн уулсын хооронд байлдан дагуулалт хийжээ. Тэрээр хүүдээ бар чонын зүрхтэй үй олон дайчдыг үлдээж Шан улсыг байлдан дагуул гэж гэрээсэлсэн гэнэ. Жоу улс Шан улсыг унагаснаар үзэл сурталыг өөрчилж ертөнцийг захирагч дээд бурхан Шан-дигийн тухай төсөөллийг бүдгэрүүлж баатруудыг шүтэх ёсыг нэвтрүүлжээ. Угсаатны холилдоон болж Хятадуудын дунд монхор хамартай, өтгөн сахалтай хүмүүс дайралдах болов. Грум Гржимайлогийн мэдүүлсэнээр, Хятадын олон хаад бүргэдийн төрхтэй, өтгөн сахалтай байжээ. Түүнчлэн Гурван улс гэдэг алдарт сурвалж бичигт олон баатруудын гадаад байдлыг яг ингэж дүрсэлсэн. Тэдний нэг улаан сахалт Сюнь Цюанийг цэнхэр нүдтэй гэж тэмдэглэжээ. [Гримм-Гржимайло]

Дээр дурдсан 2 баримтаас харвал зөрчилтэй нэг зүйл байгаа нь “Ся гүрний амбан Гүн-Лю баруун зүг Рун-гийн зүгт зугтаж, Ся гүрнээс тусгаарлан Баруун-Рун болсон бөгөөд тэд Рунтай нийлэлгүй тэдний удмынхан 1327 онд Рунд хөөгдсөн” байж таарахгүй, 300 орчим жилд ямар нэгэн онцгой зүйл болоогүй гэхэд нэг дор суурьшиж байгаа хоёр өөр соёлтой ард түмэн хоорондоо холилдож эсвэл хоорондоо их бага хэмжээгээр зөрчилдөх нь тодорхой. Хэрэв ийм зөрчил бололгүй, мөн бие биедээ уусаагүй бол нэг угсаа гаралтай ард түмэн байсан гэдэг дүгнэлтэд хүрж болно. Жоу угсааныхан Хятадын эртний түүхэн угсааныхан болох Шан угсааныхнаас өөр соёл ба төрхтэй хүмүүс байсан. Үүний нотолгоо бол дээр дурдсан “Хятадад Жоу угсааныхан гарч ирснээс хойш Хятадад монхор хамартай, өтгөн хөмсөгтэй хүмүүс дайралдах болсон” гэх баримт юм. Тэд аажимдаа Хятадад уусан, хожим Хан угсаатныг үүсгэх нэг хольц нь болсон нь гарцаагүй.

Үүнээс үзвэл Жоу угсааныхан Ся угсааны залгамж халаа бөгөөд Шан угсаатан нь Ся угсааны нүүдэлчидтэй зэрэгцэн үүссэн эртний Хятад угсааны хаант улс байсан. Хожмын Хан угсаатан Ся угсаатны хойчис нүүдэлчин Жоу угсаатан болон эртний Хятадын Шан угсаатны хольцоос үүссэн шинэ угсаатан юм.

Харин Шүн-Вэйгийн хойчис бол Ся улсын хараанд багтаагүй бусад нүүдэлчин аймгуудтайгаа нэгдэн, хожмын нүүдэлчин гүрнүүдийн өвөг дээдэс болсон байж таарна. Ингээд хэлэхтэй зэрэгцэн бид Хятадтай нэг гарал үүсэлтэй болчихлоо гэж бухимдах хэрэггүй. Аливаа шинэ угсаатан үүсэх нь шинэ хүн үүсэхтэй адил 2 өөр угсаатан холилдож шинэ угсаатныг бий болгодог. Гэхдээ үүнээс гадна олон хүчин зүйлс нөлөөлөх ч тэр хүчин зүйлүүд бидний судлах зүйлд онц шаардлагагүй учир энд дурдахгүй өнгөрч болох байх. Дотор газар түрэн орсон нүүдэлчид буцаж чадалгүй Хятадад уусан алга болдог учраас өнөөгийн Хятад угсаатан бүрэлдэн бий болоход нүүдэлчдийн Хятадад уусан шингэсэн үйл явц чухал байр эзлэх нь зүйн хэрэг.

Одоо нэгдсэн дүгнэлтэд хүрч болох нь.  Эртний Ся угсаатан нүүдэлчид байсан бөгөөд дундад газар түрэн орж эртний төрт улс байгуулсан. Ся улсын харьяанд эртний Хятад, эртний нүүдэлчид байсан. Гэхдээ Ся улсын язгууртнууд нүүдэлчид байсан. Нүүдэлчдийн энэ түрэлттэй зэрэгцэн эртний Хятадууд төрийн зохион байгуулалтанд орж эхлэн Шан улсыг байгуулан, Ся улсыг унагаж, хожим Ся улс унаснаас 300 орчим жилийн дараа Ся угсааныхан дахин хүчирхэгжин Жоу улсыг байгуулан, Шан улсыг түлхэн унагасан болж таарна.

Манай түүхчид дундад газрын олон овог аймаг, үндэстэн улсуудыг нүүдэлчид нэгтгэж байсан зүй тогтолыг анзааралгүй орхигдуулдаг. Энэ нь Хятад болон Европ төвтэй түүх бичлэгээс ихээхэн хамаардаг гэж бодож байна.

Хятадад анхны нэгдсэн эзэнт гүрэн Цинь байгуулагдаж 20 жил тогтсоноор унасан. Түүний суурин дээр Хан гүрэн байгуулагдсан. Харин тал нутагт энэ нэгдэлийн эсрэг нүүдэлчдийн анхны нэгдсэн Хүн эзэнт гүрэн байгуулагдсан. Дундад газрыг нэгтгэсэн Цинь гүрэн Хятадын түүхийн нэг хэсэг боловч Цинь гүрнийг нүүдэлчдийн эзэнт гүрэн байсан гэдэг нэг баримтыг ор тас хаяад байдаг.

Эрт цагт Циньгийн вант улс Рун-чуудтай тэмцдэг хилийн муж байлаа. Тэгээд Рунгийн 12 аймгийг захирч өөртөө нэгтгэн тэдний зан заншилд их хэмжээгээр оржээ. Цинь улс нь бусад Хятадын вант улсуудаас ихээхэн ялгаатай байсан бөгөөд Цин улсыг Рунгийн эзэмшил улс хэмээн бүх Хятадын хурал болон холбоонуудад оролцохыг тэр болгон зөвшөөрдөггүй байжээ. [Фэнь Вэнь-лань]

Мөн Хятад орныг түүхэнд анх удаа нэгтгэсэн догшин эзэн хаан Циньши Хуанди нь Сирун буюу Баруун Рун аймгаас гаралтай нүүдэлчин байсан тухай Хятадын түүхэнд тэмдэглэн бичсэн нь бий. [Жан Зинкуй]

Цинь, Тан, Юан, Чин гүрнийг тухайн үеийн Хятад үндэстнүүд хүлээн зөвшөөрдөггүй, нүүдэлчдийн эзэнт гүрэн байсан гэж хүлээн авдаг байсан боловч хожим Хятадын түүхийн оргил хэсэг болон түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин энэ түүхэн гуйвалт Цинь гүрнээс ч өмнө Ся гүрнийг ч бас дайрч өнгөрсөн гэж бодож байна.

Энхболдын Цолмон

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 24. 23:07
Narmandakh

Hubilai haan bagaasaa 5 nasnaasaa hyatad gazar osch, hyatad bagsh naraar nom zaalgaj hyatad bolson shahuu hun. Arigbohiig hucheer yalaad, Harhorumd baisan buh sudar bichgiig uragsh zooson. Ar Mongold huvi avch uldeegui. ene n tsaad hyatadiin bodlogo. Mongolchuudiin tuuhiig albaar guivuulah buh ehlel tuunees ehelsen. Harhorumiig shataaj unsen tovrog bolgoson tuunees naash Mongolchuud oodlooguiee

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]