Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: XXI зууны далайн дээрэмчидУншсан3,811

Далайн дээрэмчид хэмээн ярихаар олон хүний санаанд “Карибын тэнгисийн далайн дээрэмчид” киноны “Капитан Жек Спарроу” санаанд нь ордог.

Далайн дээрэмчид хэмээн ярихаар олон хүний санаанд “Карибын тэнгисийн далайн дээрэмчид” киноны “Капитан Жек Спарроу” санаанд нь ордог. Гэхдээ энэ удаа Жек Спарроугийн тухай биш харин Том Хэнксийн тоглосон “Капитан Филиппс” кинонд гарах хагас нүцгэн, буу зэвсэг агссан эрчүүд шиг нөхдийн тухай ярих болно.

Жигтэйхэн мундаг хууль эрх зүй ярьвал  далайн дээрэмчид хэмээн бидний орчуулсан pirates болон бусад нэртэй тэр нөхдүүдийг зөвхөн тодорхой нөхцөл байдалд л далайн дээрэмчин хэмээн нэрлэж болох юм байна. Өөрөөр хэлбэл ямар ч улсын хууль үйлчлэхгүй, эргээс хол, задгай далайд дээрмийн үйл ажиллагаа явуулж байгаа нөхдүүдийг тэгж нэрлэнэ. Эргээс 200 усан миль буюу 370-380 км зайнаас тухайн улсын хил хязгаарлагдах учир үүнээс цааш та дээрмийн үйл ажиллагаа явуулж байж тэрхүү далайн дээрэмчин нэрийг авах ба харин түүнээс дотогш бол хулгайч, дээрэмчин, сайн эр, загасчин, завь нь эвдрээд аврал эрсэн хүн, тамхи асаах чүдэнзгүй болоод хөлөг онгоц зогсоож гал гуйсан хүн... гэж юу хүссэнээрээ л нэрлэж болох нь.

XXI зууны хувьд, ялангуяа Африк, Сомалийн эрэг хавиар том том худалдааны усан онгоцыг барьцаалан, дээрэмдэж байгаа тэдгээр нөхдүүдийн ихэнх нь эргээс 100-200 км дотор үйл ажиллагаагаа явуулж байгаа учир далайн дээрэмчин гэх тэрхүү “романтик” гэмээр нэрийг зүүх эрхгүй, гадныхан тэдэнтэй “харьцах” эрх зүйн боломж ч тааруу байж. Эрэг орчмын газар нутгаа хянаж, элдэв хэрэг төвөг тарьж байгаа нөхдүүдээ хууль цаазын дагуу хянаж, захиран байх ёстой Сомали улс нь өөрөө улс гэхэд хэцүүхэн байдалтай учир тэрхүү дээрэмчдийн балмад явдал улам бүр газар авч байсан нь ойлгомжтой.

 2008 оноос НҮБ энэ талаар хоёр ч конвенц гарган, далайд дээрэм хийж байгаа нөхдүүдтэй тэмцэл хийж байгаа улсын хөлөг онгоц тэрхүү дээрэмчдийг барьж авахын тулд Сомалийн усан хилд нэвтрэн орж, задгай далайд байгаатай адил эрхээр хангагдах болсон нь тухайн бүсэд замбараагаа алдаж байсан далайн дээрмийн үйл ажиллагааг хязгаарлаж, үндсэндээ зогсоосон билээ. Энэхүү түүх болсон үеийн тухай хэдэн тэнэг гэмээр сонирхолтой баримт цуглуулан хүргэх нь:

2010 оны хавар Америкийн Эшленд хэмээх десантын хөлөг онгоц Жибутийн эргээс 330 милийн зайтай явж байх үед нь нэгэн мотортой завь “давхин” ирж дотроос нь буу зэвсэг шагайсан хүмүүс харь орны хэлээр хашхиран орилж эхэлжээ. Удалгүй тэд хэд хэдэн удаа буу тавьж сүрийг үзүүлсэн байна. Эдгээр сүртэй эрчүүд чухам юу бодож байсныг мэдэхгүй. Америкийн байлдааны хөлөг онгоцыг жирийн нэг худалдааны хөлөг онгоц гэж андуурсан баймааргүй л юм. Энэ уулзалтын үр дүн нь моторт завь шатан живж нэг далайн дээрэмчин алагдсан бөгөөд бусад нь олзлогджээ.

Яг нэг жилийн өмнө бас л иймэрхүү хэдэн сүртэй нөхдүүд Америкийн тэнгисийн цэргийн цуг яваа хоёр хөлөг рүү дайрч байсан бөгөөд тэрхүү дээрэмчид маань үнэн туршлагагүй, усан дээр хөвж байгаа юм болгоныг ганц АК-даад л өөрийн болгодог гэж бодсон залуухан хүүхдүүд байсан гэнэ. Өөдөөс нь янкууд гранат шидэгч зэрэг хариу барьж ганц нэгийг нь тэнгэрийн оронд явуулан үлдсэнийг нь барьж авсан байдаг. “Залуу, урьд өмнө гэмт хэрэг бараг хийж яваагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг нь” бодоод  тэдгээр дээрэмчдийг Сомалийн засагт хүлээлгэн өгсөн боловч Сомалийн засаг захиргаа яршиг төвөг, нүднээс хол байг гээд суллаад явуулсан байдаг.

Эшленд ба шатсан завь

Харин өмнө нь дурдсан Эшленд хөлгийнхөн барьж авсан дээрэмчдээ Америкт шүүж, шоронд хорих ял оноосон байна. Энэ нь сүүлийн 150 жилд анх удаа амьд далайн дээрэмчнийг шүүсэн явдал юм гэсэн шүү.

1993 онд Оросын тэнгисийн десантын хөлөг онгоц руу далайн дээрэмчид бүхий завь довтлон ирж хоёр талд нь гаран хайчлан буудаж зогсохыг шаардаж эхэлсэн байна. Өнөөх Оросууд нь хариуд нь 57мм-ийн автомат их буугаар “үргээх” санаатай ганц нэг ээлж өгчээ. Дээрэмчдийн маань цаашдын хувь заяа тодорхойгүй бөгөөд үргээд явсан уу, эсвэл живээд далд орсон уу гэдэг нь бүү мэд.

2008 онд Францын нэгэн тансаг яхт Сомалийн эрэг хавьцаа дээрэмчдэд баригдсан байна. Дээрэмчид маань асар их мөнгө шаардаж өгөхгүй бол тастана, тамлана, живүүлнэ... гэх мэтийн хэлээр ярьсан байж таараа. Найман хоногийн дараа мөнгө ирэн “шударга дээрэмчид” маань тохирсныхоо дагуу яхтыг суллан явуулжээ.

Францын тансаг яхт болох Ле Понан дээр

Дээрэмчид маань яаж баярлаж, аархаж байсан бол? Ямар ч байсан эрэг орчмын зугаа цэнгээний газраар хэдэн хоног ёстой хаад ноёд аятай аашлан цэнгэж байтал Францын GIGN хэмээх тусгай албадын догшин нөхдүүд давхин ирж өнөөх хэдэн дээрэмчдийг буудаж алахыг нь алаад, барихыг нь бариад, мөнгөнийхөө ихэнхийг нь буцааж аваад арилсан байдаг.

2010 оны тавдугаар сард Оросын нэгэн шатахууны танкерыг Адены буланд явж байх үед нь далайн дээрэмчид довтолсон байна. Багийн гишүүд усан буугаар эсэргүүцсэн ч хүчин мөхөстөх үед мотор хэсэгт орж түгжин, ойр яваа Оросын цэргийн хөлөг онгоцнуудаас тусламж хүссэн радио мэдээ явуулжээ.  Аз болж ойрхон шумбагч онгоц эсэргүүцэгч Маршал Шапошников хөлөг явж таараад юу болж байгааг тагнуулахаар нисдэг тэрэг илгээсэн байна. Дээрэмчид ч нисдэг тэргийг буудаж нэлээдгүй цоорхой гарган хөөж явуулжээ. Нисдэг тэрэг ирж байна гэхээр ойрхон байлдааны хөлөг онгоц байна гэж толгойд нь юм бодогдоогүй л юм байх даа хөөрхий. Тун ч удалгүй хурдан завь бүхий маш их ууртай Оросын тэнгисийн явган цэргийн хэсэг нөхөд давхин ирж бүгдийг нь барьж авсан байна.

Оросын далайчид, тэнгисийн цэргийнхэн баригдсан дээрэмчдийг суллан явуулж байгаа нь

Баригдсан далайн дээрэмчдийг яадаг байсан юм бол?

Хэд хэдэн замаар дээрэмчдийн асуудлыг шийддэг байсны хамгийн шийдэмгий гэмээр арга нь, Йеменийн  Qana танкерыг далайн дээрэмчид олзолж авсныг Йеменийн тэнгисийн цэргийнхэн чөлөөлж, зургаан дээрэмчнийг газар дээр нь дүүжилж, зургааг нь шоронд хорих шийдвэрийг тэр дор нь гаргаж цаг алдалгүй биелүүлсэн гэдэг.

Нөгөө нэг арга нь дээр дурдсан америкчууд шиг дээрэмчдийг барьж аван нутагтаа авчраад шүүх явдал. Улс болгонд эрх зүйн ийм нөхцөл боломж байхгүй ч Америкт бий. Тэд олзлогдсон дээрэмчдэд бүх насаар нь хорих ял оноосон бөгөөд юмыг яаж мэдэх вэ гээд дахиад 80 жилийн ял нэмж оноосон байдаг. Дээрэмчид маань баярлах ёстой бөгөөд тэднийг Виржин биш харин өөр мужид шүүсэн бол шууд л цахилгаан сандалд шарагдах байлаа.

Орос арга барил гэдэг нь дээр дурдсан "Маршал Шапошников"-ын цэргүүдэд баригдсан дээрэмчдийг суллан явуулах явдал юм. Гэхдээ бас зарим нэг онцлогтой бөгөөд Оросын хууль номын дагуу 48 цаг дээрэмчдийг хорьж, барьж болно. Түүнээс цааш шүүхийн шийдвэр энэ тэр гээд бөөн зовлон. Тэр нь дор бол зүгээр л толгойг нь илээд явуулсан нь дээр. Яахав завинд нь буцааж суулгаад дуртай зүгтээ яв гээд л болоо. Буу зэвсэг... буу зэвсгийг нь хураахгүй яахав.  Ингээд буу зэвсэггүй болсон дээрэмчид маань завиндаа суугаад 500 миль (км?) газар явж байж нутагтаа хүрнэ дээ. Сэлүүрдээд байхаас. Оросууд мартсан уу яасан... бензин хийгээгүй байсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]