Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шорон надад диваажин шиг л санагддагУншсан8,250

Bloomberg: Японд өндөр настнууд санаатайгаар шоронд орох нь ихэсч байна

Япон бол хүн амынх нь 27.3 хувийг 65-аас дээш насныхан эзэлж буй орон юм. Үүнийгээ дагаад өндөр настнуудтай холбоотой олон асуудлууд гарч ирж байна. Сүүлийн жилүүдэд нэгэн хачин үзэгдэл ажиглагдах болсон нь Японы өндөр настнууд жижиг дэлгүүрээс хулгай хийж багахан гэмт үйлдэл хийгээд шоронд орох нь ихэссэн явдал. Шоронгийн эмэгтэй хоригдлуудын таван хүн тутмын нэг нь өндөр настан байгаа бол эдгээр өндөр настнуудын 10 хүн тутмын нэг нь дэлгүүрээс хулгай хийсэн хэргээр яллагдсан байна.

Яагаад ийм олон настай эмэгтэйчүүд хулгайн хэргээр ийнхүү хоригдох болов оо? Өмнө нь япончууд хөгшин настай хүмүүсээ асарч халамжилдаг, асрамжийн газрууд олноор үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ ёс заншил одоо эрс өөрчлөгдсөн. 1980-аас 2015 он хүртэл гэртээ ганцаараа амьдардаг өндөр настны тоо 600 хувь өсч, бараг зургаан саяд хүрчээ. 2017 онд Токио хотын захиргаанаас хийсэн судалгаанаас үзэхэд хулгайн хэрэг хийсэн өндөр настнуудын талаас илүү хувь нь ганцаараа амьдардаг, 40 хувь нь ямар ч гэр бүлгүй, эсвэл тэдэнтэйгээ холбоогүй амьдардаг, тусламж хэрэгтэй үед эргэж тойрох нэг ч хүн байдаггүй гэжээ.

Мөн өндөр настай хүмүүст тулгарч буй нэг бэрхшээл нь эдийн засгийн байдал. “Нөхөр маань өнгөрсөн жил нас барсан. Бид хоёр хүүхэдгүй байсан болохоор би цор ганцаар үлдсэн. Хүнсний ногоо авахаар дэлгүүр ортол үхрийн мах нүдэнд туссан. Харамсалтай нь надад мах авах мөнгө байгаагүй ч би тэр махыг аваад гарчихсан” хэмээн нэгэн настай хоригдол ярьсан аж.

Шоронд байгаа өндөр настнуудын эмчилгээний зардалд 2015 онд зургаан тэрбум иен буюу ойролцоогоор 50 сая ам.долларыг Япон улс зарцуулжээ. Энэ нь өнгөрсөн 10 жилтэй харьцуулахад 80 хувь өссөн тоо юм. Мөн өндөр настай хоригдлуудыг асрах, усанд оруулах, бие засахад туслах ажилтныг олноор ажилд авах хэрэгцээ гарч байгаа ба шөнийн цагаар эдгээр үүрэг нь харуулуудад оноогддог байна.

Хатагтай Ф, 89 настай, цагаан будаа, гүзээлзгэнэ, ханиадны эм хулгайлсан

Нэг жил, хагасын ял авсан.

Хоёр дахь удаагийнх. Анх ял авахдаа 84 настай байсан.

Охин болон зээтэй.

“Би ганцаараа сэтгэл хангалуун амьдардаг байлаа. Харин охиныхоо гэр бүлтэй амьдрах болсноор тэд хамаг хадгаламж дахь мөнгийг маань хэрэглэж, хүргэнийхээ хүчирхийлэлд амьдрах болсон”

Хатагтай А, 67 настай, хувцас хулгайлсан

Анх удаа ял эдэлж байгаа. Хоёр жил, гурван сарын хорих ял авсан.

Нөхөр, хоёр хүү, гурван ачтай.

“Би 20 гаруй удаа хулгай хийсэн. Дандаа хувцас. Гэхдээ би үнэтэй хувцас огт хулгайлж байгаагүй, үргэлж гадаа гудамжинд хямдарсан хувцаснаас хулгайлдаг байсан. Хулгай хийсэн шалтгаан маань мөнгө байгаагүй л дээ. Эхний удаа хулгай хийгээд би баригдаагүй. Энэ нь надад хөгжилтэй, зугаатай, сэтгэл хөдөлмөөр мэдрэмж өгсөн. Нөхөр маань намайг хоригдсоноос хойш сэтгэлээр их дэмжиж, байнга захиа бичиж байгаа. Харин хоёр хүү маань маш их уурласан. Ач нарт маань намайг шоронд хоригдсон гэж хэлээгүй гэсэн. Тэд маань намайг эмнэлэгт хэвтсэн л гэж бодож байгаа”

Хатагтай Т, 80 настай, сагамхай загас, самар, хайруулын таваг хулгайлсан

Дөрөв дэх удаагаа хэрэг үйлдсэн. Хоёр жил хагасын ял авсан.

Нөхөр, хүү, охинтой.

“Би залуу байхдаа хулгай хийх тухай огтхон ч боддоггүй байлаа. Хамаг л насаа хүнд хүчир ажил хийж өнгөрүүлсэн. 20 гаруй жил хуванцарын үйлдвэрт ажиллаж, дараа нь эмнэлэгт асрагч хийдэг байлаа. Бид үргэлж л мөнгөөр дутагддаг байсан ч хүүгээ коллежид сургаж чадсан.

Нөхөр маань зургаан жилийн өмнө харваж, тэр цагаас хойш хэвтэрт орсон. Өндөр настай болсон миний хувьд түүнийг асрах нь биеийн болоод сэтгэлзүйн хувьд хүндхэн даваа. Гэвч би энэ тухайгаа, стресс бухимдлаа хуваалцаж хэн нэгэнтэй ярилцаж байгаагүй, яагаад гэвэл би бусад хүмүүс намайг юу гэж бодох бол гэж ичдэг байсан. Хамгийн анх 70 настай байхдаа шоронд хоригдсон. Тэр үед түрийвчинд минь мөнгө байсан ч гэсэн би хулгай хийсэн. Яагаад гэвэл гэртээ харихыг үнэхээр хүсээгүй. Гэртээ л биш бол өөр хаашаа ч хамаагүй явчихмаар байсан. Ингээд шорон л миний ганц сонголт юм байна гэж бодсон юм даа.

Шоронд байх нь надад хавьгүй амар байна. Хүү маань намайг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй, та солиорсон байх гэж хэлсэн. Гэхдээ би өөрийгөө солиорсон, галзуурсан гэж бодохгүй байна. Миний айдас, гэртээ байх үедээ мэдэрдэг сэтгэлзүйн болоод биеийн ачааллаас залхсан байдал маань л намайг хулгай хийхэд хүргэдэг гэж би боддог”

Хатагтай Н, 80 настай, ном, модон бөөрөнцөг, дэвүүр хулгайлсан

Гурав дахь удаагаа хэрэг хийсэн. Гурван жил, хоёр сарын ял авсан.

Нөхөр, хоёр хүү, зургаан ачтай.

“Би өдөр бүр ганцаараа, маш их ганцаардаг байсан. Нөхөр маань надад их мөнгө өгдөг, найз нөхөд маань намайг азтайг гайхдаг байлаа. Гэхдээ тэр их мөнгө намайг аз жаргалтай болгож байгаагүй. Би 13 жилийн өмнө анх удаа хулгай хийсэн. Би хотынхоо номын санд ороод нэг ном хулгайлсан юм. Тэгээд мэдээж баригдсан. Цагдаад хүргэгдэж очиход нэг сайхан сэтгэлтэй цагдаагийн офицер намайг байцаасан. Тэр миний хэлэхийг хүссэн бүх зүйлийг маань бүгдийг хэлүүлж, анхааралтай гэгч нь сонссон. Анх удаагаа л миний хэлсэн ярьсныг бүгдийг нь хэн нэгэн анхаарч сонсож байгаа нь тэр байлаа. Намайг ярьж дууссаны дараа тэр цагдаа найрсгаар мөрөн дээр гараа тавиад “Би таныг ганцаардаж байгааг маш сайн ойлголоо. Гэхдээ та дахиж битгий ийм зүйл хийгээрэй” гэж хэлсэн.

Шоронгийн үйлдвэрт ажиллах надад ямар сайхан бас зугаатай байдгийг би даанч танд ойлгуулж хэлж чадахгүй нь. Би өмнө нь хэзээ ч ажил хийж үзээгүй. Ажлын амт, ямар нэг зүйл бүтээхийн тэр баяр баясал надад үнэхээр сайхан санагддаг. Миний амьдрал шоронд байх нь илүү аз жаргалтай байна. Үргэлж эргэн тойронд маань хүмүүс байдаг. Хэзээ ч ганцаардал гэдгийг мэдрэхгүй. Хоёр дахь удаагаа ял эдлээд гарахдаа би хэзээ ч эргэж ирэхгүй гэж амлалт өгсөн. Гэвч гарсныхаа дараа яг л нөгөө хуучин мэдрэмж, ганцаардал намайг хүлээн авахад тэсэлгүй дахиж хулгай хийгээд эргээд ирсэн дээ”

Хатагтай К, 74 настай, кока кола, жүржийн жүүс хулгайлсан

Гурав дахь удаагийнх. Хэрэг нь хараахан шийдэгдээгүй байгаа.

Хүү, охинтой.

“Би тэтгэмжээр амьдарч байсан. Энэ маш хэцүү. Би өдөрт 1000 иен /ойролцоогоор 9 доллар/-ээр амьдрах хэрэгтэй болдог. Надад эндээс гарвал юу ч байхгүй”

Хатагтай О, 78 настай, энергийн ундаа, кофе, цай, цагаан будааны бөмбөлөг, манго жимс хулгайлсан

Гурав дахь удаагийнх. Жил, таван сарын хорих ялтай.

Охин, ачтай.

Шорон надад диваажин шиг л санагддаг. Амар амгалан, тав тухтай. Энд эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүс байгаа ч миний хувьд энэ бол санаа зовох зүйл биш. Энд өдрийн гурван удаа шим тэжээллэг хоол өгч байна. Охин маань сард нэг удаа эргэж ирдэг. Тэр надад “Би таны өмнө өөрийгөө буруутай гэж огтхон ч бодохгүй байна. Та бол өрөвдөлтэй нэгэн” гэж хэлсэн. Би ч гэсэн охинтойгоо санал нэг байна.

Орчуулсан Н.Ундарга

ЭХ СУРВАЛЖ: www.bloomberg.com

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]