Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Онгоц тээгчээ андуурч буусан бүтэл муутай онгоцнуудУншсан1,223

Хүлээж авсан хөлгийнхний хувьд мэдээж өөрийн талын онгоц болсон хойно ямар түлхээд далай руу хаячихалтай биш, үйлчилгээ хийж бензин тосыг нь шалгаж, нөхөж, нисгэгчийг хооллож ундаалж амрааж таарна.

Байлдааны ганган онгоц гэхээр дайснаа айлгах гэсэн сүрдмээр янз бүрийн аймшигт зурагтай сөнөөгч онгоцны тухай байх нь гэж бүү ойлгоорой. Мөн өөрийнхөө хэлбэр загвараас шалтгаалан хүний нүд булаам харагддаг Мессершмит 109, Як-3, B-1B lancer, Су-34 мэт “хөөрхөн” онгоцны тухай ч биш юм. Харин өөрийн байрладаг нисэх онгоц тээгчээ андуурч буруу хөлөгт буусан жаахан бүтэл муутай онгоцны тухай өгүүлэх болно. Дэлхийн 2-р дайны үед нисэх онгоц тээгч гэж өч төчнөөн юм хийгдсэн бөгөөд энэ тал дээр америкчуудтай ойртох улс  үндэстэн гэж үгүй. Тэдний хийсэн тэр олон нисэх онгоц тээгч дээр бүр ч олон онгоц байрлах бөгөөд тэдэн дунд сайн муу, бүтэлтэй бүтэлгүй, азтай азгүй олон зуун нисгэгч нар байх нь тодорхой.

 

Хэдийгээр нисэх онгоц тээгчийн гол талбар дээр андуурахын аргагүй тэмдэг байдаг боловч уг хөлөг нь аяллын үед хамгаалагч бусад хөлөг онгоцнуудтай тогтсон нэг байрлалаар явдаг, харин салхинаас болж онгоц буух үед хамгаалагч эсминецүүдийн байрлал нь хөөрөх үеийнхээс  бүр шал өөр болсон байх тохиолдол их гарна. Дээр нь амь өрссөн тулалдааны маш их сэтгэл хөдлөлийн дараа хүн хэт тайвшрах, шархнаас болж буруу зөв харах, онгоцны гэмтэл... гээд олон шалтгаанаас өөр бусдын нисэх онгоц тээгч дээр буухаас өөр аргагүй болж болохыг алийг тэр гэхэв. Бас угаас бүтэлгүй нөхдүүдийг ч мартаж болохгүйтэй адил будлиантай онгоц, онгоц тээгч гэж бас байдаг бололтой юм билээ.

Ингээд өөрийн талын боловч өөр харьяаллын онгоц тээгч дээр буучихлаа. Одоо яах бол? Онгоц болсон хойно “өө биш байна буцаад ниснээ” гээд эргээд гарах боломж үгүй. Хүлээж авсан хөлгийнхний хувьд мэдээж өөрийн талын онгоц болсон хойно ямар түлхээд далай руу хаячихалтай биш, (Вьетнамын дайны үеэр ийм тохиолдол гарч байсан бөгөөд энэ талаар дараа нь) үйлчилгээ хийж бензин тосыг нь шалгаж, нөхөж, нисгэгчийг хооллож ундаалж амрааж таарна. Энэ бүх үйлчилгээг хийхэд хөөрхий онгоцны техникч нар л хамгийн их хохирдог байна. “Өөрсдийнхөө сагсуу” нарыг яая даа гэж байхад бас нэг “өвчтэй юм” бууж ирээд үйлчилгээ хийхийг шаардаад унах хэцүү байлгүй яахав. Тэр тусмаа энэ онгоцыг өөрийнхөөс ялгалгүй сайн шалгаж, аюулгүй нисэх бүх л бололцоог дүүрэн хангах ёстой. Илүү цаг, нойр хоол.

Техникч нар ийм явдалд хариугаа авах ганц сайн арга олж авсан нь Америкийн тэнгисийн цэрэгт нэн даруй тархаж газар авсан байна. Тэд ямар арга олсон гээч? Хөлөг онгоц тээгч дээрх байлдааны онгоцнуудыг ашиглалтын нөхцөлөөс болж байнга будаж шунхдах хэрэгтэй байдаг гэнэ.  Тийм учраас техникч нар юугаар баян-янз бүрийн будгаар л баян... Шөнөжин ажиллаж хүний онгоцыг нислэгт бэлэн болгосон уу? Болгосон. Бүх л юмыг ном журмаар нь хийсэн үү? Хийсэн. Аан тийм жаахан будаг онгоцон дээр нь санаандгүй дусаачихсан, гэхдээ тэр зэрэг гайгүй биз дээ.

Зураг-1. F4U «Корсар» хүний онгоц дээр буугаад үйлчилгээ хийлгэсний дараа нь

Зураг -2. «Корал Си» хэмээх онгоц тээгчийн F2H «Баньши» онгоц гэрээ андуурсны дараа. Хүлээж авсан нөхдүүд түүнийг “Нисэх хүчний тэнэг буюу хуурай газрын мөлхөө нөхөр” хэмээн өргөмжилсөн бололтой.

Зураг-3. Man Hole гэж юу гэсэн үг юм бол? Муу усны нүх гэсэн утга лав байдаг бололтой. Явдаг жорлон анзааны л юм шиг.

Зураг-4. Өнөөх л«Корал Си» нисэх онгоц тээгчийн бас нэг F2H «Баньши» . Арай өмнөх биш байгаа. Урьд нь бичүүлсэн элдэв үгээ дарах гээд цагаанаар будуулчихаад явж байгаад дахиад андуурч «Рэндольф» нисэх онгоц тээгч дээр бууж харалсан юм болоогүй байлтай.

Зураг-5. Эргээд хөлөг онгоц руугаа нисэх гэсэн онгоцыг нь ийм болгоод хаячхаж. Уйлах багадаж инээх ихдээд байна аа...

Зураг-6. Энэхүү төөрсөн амьтан ямар онгоц тээгчийнх гэдгийг таа. Зөв... өнөөх л «Корал Си»

Зураг-7. Dopey гэдэг нь нойрмог, унтаахай, мангуурсан, манарсан... гэсэн утгатай юм байна.

Зураг-8.  Bonnie яасан ч гэнэв дээ?

Зураг-9. Алх хадуурт Зөвлөлтийн далбаа гэж. ЗХУ-ын хамгийн анхны ... юу вэ...

Орчин цагт элдэв навигацын төхөөрөмж дэндүү гэмээр өндөр хөгжсөн үед ийм юм болох боломж тун бага л даа. Гэхдээ саяхан Их Британийн будаг нь ханхалсан шинэ Queen Elizabeth-аас Америкийн F-35 хөөрч, буух (британи нисгэгчтэй) туршилт хийсэн тухай мэдээг харж байхдаа ийм бичиг байх нь уу гэж их л харлаа. Албан ёсны туршилт, “маркетингийн” чухал үйл ажиллагаа учир байсангүй бололтой. Жирийн үед ингэсэн бол ч ёстой ганган “пингвин” харах байсан даа. Харах юмсан.

Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]