Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хинган дахь Японы арми ба монголчуудУншсан4,304

Япон улсад 2015 онд хэвлэгдээд олны таашаалыг хүртэн борлуулалтаараа тэргүүлж байсан “Хинган дахь Японы арми ба Монголчууд” нэртэй номноос зарим сонирхолтой хэсгийг орчуулан уншигч танаа болгоож байна.

Япон улсад 2015 онд хэвлэгдээд олны таашаалыг хүртэн борлуулалтаараа тэргүүлж байсан “Хинган дахь Японы арми ба Монголчууд” нэртэй номноос зарим сонирхолтой хэсгийг орчуулан уншигч танаа болгоож байна.

 

Тус номонд 1940-өөд оны эхэн үеэр Ар Монголтой нэгдэх гэсэн зарим Өвөр Монголчуудын тэмцэл, өөрсдийн амиараа дэнчин тавин япон офицеруудын амийг егүүтгэж Монгол, Зөвлөлтийн армид “чимээгүй” галын дэмжлэг үзүүлж явсан талаар өгүүлдэг юм. Хинган нь одоогийн Өвөр Монголын нэгэн аймаг бөгөөд тухайн үедээ Манжуурын нутаг дэвсгэрт багтаж байв. Тус аймагт байрлах японы цэргийн сургуульд бэлтгэгдэж байсан монгол гаралтай офицеруудын амьдрал ахуй, тэдний хоорондын харилцаа, Ар болон Өвөр Монголын тухайн үеийн шинж байдлын талаар тодорхой тусган харуулжээ.

Япончууд хэдийгээр 1939 онд Халхын голд ялагдал хүлээсэн ч 1940 оны сүүл хүртэл Манжуур дахь цэргийн нөлөө, эрх мэдлээ хадгалсаар байсан юм. Хинган дахь японы цэргийн сургуульд монгол, буриад, барга, цахар, манж зэрэг монгол гаралтай офицеруудыг цэргийн хэрэгт сурган бэлтгэж, 1931 онд зөвхөн тэднээс бүрдсэн Өвөр Монголын тусгаар тогтнолын армийг шинээр байгуулж байв. Хожмоо Манжуур дахь Японы армийн 9, 10 дугаар армийг тэднээр хариуцуулах болсон байна. 1945 оны 8 дугаар сард фашист Германыг ялаад байсан Зөвлөлт холбоот улс милитарист Японд дайн зарлаж, Зөвлөлтийн улаан арми болон Монголын Ардын Армийн цэргүүд Манжуур руу цөмрөн орох болов. Иймд Японы армийн 10 дугаар цэргийн тойргийн хүч ЗХУ, Монголын цэргүүдийн эсрэг байлдаж эхэлсэн юм. Гэтэл тус 10 дугаар цэргийн тойрогт монгол гаралтай офицерууд олноор байсан бөгөөд өөрсдийн ахан дүүсийн эсрэг буу чиглүүлэх болсондоо маш их эгдүүцэж байлаа. Гэвч тэд Японы армийн хатуу чанга дэглэмийн эсрэг эсэргүүцлээ ил тод илэрхийлж чадахгүй байв. Иймд хэдэн офицер үгсэн нарийн төлөвлөгөө боловсруулж 10 дугаар армийн удирдлагад алба хаадаг 50 орчим японы офицерыг хороохоор тохиролцжээ. Ингээд 8 дугаар сарын 22-ны шөнө японы 38 офицерыг хороож, бусдыг нь устгаж чадалгүй зугтаалгасан байдаг.

Номонд дурдагдсан сонирхолтой материалуудаас иш татвал: Анх 1905 онд Оросын эсрэг Япончууд дайн зарлан асар богино хугацаанд үнэмлэхүй ялалт байгуулан Солонгосын хойг болон Манжуурт өөрийн хүч нөлөөгөө тэлж эхэлсэн байдаг. Энэ номонд монголчуудыг ар, өвөр, хойд, гадаад, өмнөд, дотоод гэж хэд хэдэн янзаар нэрлэсэн байдаг. Үүний шалтгаан нь Манжийн үеийн цаг тооллоос эхтэй бөгөөд Ар, Өвөр Монголыг тухайлан янз бүрээр нэрлэж төвөгтэй, ойлгомжгүй байдал үүсгэн аажимдаа Монгол Улсыг хагалан бутаргаж, хэсэгчлэх бодлогын нэг байжээ.

Манжуурын газар нутаг нь түүхийн аль ч үед манж болон монгол үндэстэн оршин сууж байсан газар нутаг бөгөөд хэзээ ч хятадуудын эрхшээлд орж байгаагүй нутаг дэвсгэрийн нэг байжээ. Манж Чин улсын үед ч энэ газар нутгийг Манжийн хааны өргөө /хориотой хот/ буюу ариун газар хэмээж, хятад хүн нэвтрэхийг хатуу хориглодог байв. Тус газар нутгийн 70 гаруй хувьд нь Өвөр Монголчууд нутаглаж байсан гэсэн судалгааг мөн тус номонд дурдсан байна. Өвөр Монголчуудын одоогийн нутаг дэвсгэрт 1933 оноос автономит эрхийн төлөө хүчтэй тэмцэл өрнүүлж эхэлсэн байдаг. Тус номонд тайлбарласнаар япончууд Өвөр Монголчуудыг турхиран дээрх хөдөлгөөнүүдийг өрнүүлсэн бөгөөд тэмцэл өрнөсний ачаар япончууд Өвөр Монголд нэвтрэн орж цэргийн хүч нөлөөгөө тэлэх сайхан боломж бүрдсэн гэж тайлбарлажээ. Автономит эрхийн төлөө тэмцэл өрнөж эхэлмэгц Хятадад байсан гоминданы эрх баригчид сандарч эхэлсэн бөгөөд японд цэргийн сургууль төгсч, японы эрх бүхий албан тушаалтнууд болон Өвөр Монголчуудыг холбож орчуулагчаар ажиллаж байсан Хөхбаатар, Хатанбаатар гэгч хоёр үндсэрхэг үзэлтний амийг нь бүрэлгэж хороосон байдаг. Энэ үйлдэл нь Өвөр Монголчуудыг автономит эрхийн төлөө тэмцэх цаашлаад тусгаар тогтнох мөрөөдлийг нь мохоох биш улам бүр бадраасан юм. Япончууд Манжуурт цэргээ оруулж, өөрийн эрх мэдэл нөлөөгөө тэлэхийн тулд Өвөр Монголчуудыг овжноор ашиглаж чаджээ. Тэд Өвөр Монголын үндсэрхэг үзэлтнүүд болон цэргийн жанжнуудад “Та бүхэн Квантуны армийн хүч нөлөөг ашиглан Хятадаас бүрмөсөн салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарлаад зогсохгүй Ар Монголтой нэгдэж Нармай Монгол улс байгуулж болох юм” гэж хэлдэг байлаа. Ингэснээр Квантуны арми баргачууд, Өвөр Монголчуудын дэмжлэгийг авч Манжуурт төвөггүйхэн нэвтэрч чаджээ.

Өнгөрсөн жил АНУ-ын Тагнуулын төв газрын архивын зарим материал нууцын зэрэглэлээс гарч илт болсон. Материалуудын дунд 1940-өөд оны эхээр хоёр Монголыг нэгтгэх зорилгоор Монгол Улсад 300 орчим тагнуулын ажилтан бэлтгэж, Өвөр Монгол руу “шургуулах” ажиллагаа явуулсан тухай дурджээ. Тэгвэл энэхүү номонд ч Ар Монголоос ирсэн тагнуулын ажилтнуудын тухай баримт нэлээдгүй байдаг. Жишээлбэл, Хинганы цэргийн сургуульд хамт суралцаж байгаад сургуулиасаа ар гэрийн шалтгаанаар хасагдсан нэгэн сонсогч үргэлжлүүлэн сурч байгаа найзуудаа гэртээ цуглуулан ЗХУ болон Монголын төрийн баримталж байгаа цэрэг, улс төрийн бодлогын талаар мэдээлэл хийж байв. Мөн Өвөр Монголчуудыг цаашид яах ёстой талаар суртал ухуулгыг удаа дараа явуулж байсан аж. Дээрх үйлдэл нь дайны хөл дор байсан Манжуурын нутаг дэвсгэрт энгийн нэгэн иргэн хүн хийх алхам яавч биш юм. Нөгөөтэйгүүр Манжуурт байсан япончууд монгол гаралтай офицеруудыг цэргийн хэрэгт сургаж бэлтгэхдээ нэлээд өөриймсгөөр япон хүнтэй эн тэнцүү, ялгаварлалгүй сургаж бэлтгэж байсныг хэд хэдэн баримтаас харж болохоор байв. Жишээ нь бүрэн дунд боловсрол эзэмших шатандаа цэргийн хэрэгт суралцаж, тэндээс төгссөн сурагчид Японы эзэн хааны цэргийн академид Манжуураас Япон руу шилжин суралцдаг байв. Манжуурын 10 дугаар армийн командлагч Гонгоржавын намтар гэхэд л 1922 онд 19 настайд нь Япон руу илгээн эзэн хааны цэргийн академид суралцуулан төгсгөж, Манжуурт буцаж ирэхэд нь армийн тодорхой албан тушаалуудад томилон, 1931 онд Өвөр Монголчуудаас бүрдсэн тусгаар тогтнолын армийг шинээр байгуулан тус армийн удирдлагад ажиллуулж, хожим нь 1943 онд Манжуурын 10 дугаар армийн командлагчаар тус тус томилсон байдаг.

Дайн дууссаны дараа Өвөр Монголчууд БНХАУ-ын харьяанд орох болсон. Японы дарлалд байсан хятадууд японы офицеруудыг хөнөөсөн Өвөр Монголчуудын гавьяаг үнэлэх нь битгий хэл харин ч тэднийг япончуудын гар хөл бологсод хэмээн хавчиж шахах болжээ. Мөн Түвдэд гарсан бослогыг даруулахаар Өвөр Монголын морьт хороог илгээж байв. Монголчууд тухайн үед бүгд буддын шашинтай байсан тул лам нарын эсрэг буу зэвсэг агсахад хэр хүнд байсныг төсөөлшгүй юм. Энэхүү бослогын үеэр цөөнгүй монгол гаралтай офицерууд алагдсанаас гадна хожим соёлын хувьсгал нэрийн дор Хятадад явагдсан их хэлмэгдүүлэлтээр үлдсэн монгол офицеруудыг хоморголон устгасан байдаг.

Саяхныг хүртэл Монголын Ардын Арми нь Зөвлөлтийн армийн хувцас, хэрэглэл, цэргийн зэвсэглэл, техникийг хэрэглэж, цэргийн сургалт бэлтгэл ч ЗХУ-ын “школ”-оор явагддаг байсан бол биднээс хувь заяаны эрхээр тусгаарлагдаж хилийн цаана хэдхэн километрт үлдсэн Өвөр Монголын ахан дүүс маань Японы армийн хувцас хэрэглэлийг өмсөж, Японы армийн цэргийн хэрэгт суралцан Ар Монголтойгоо нэгдэх, тусгаар тогтнолыг мөрөөдөж явсан нь энэ номноос тодхон харагдлаа.

Хошууч Х.БААСАНДОРЖ

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]