Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хиллари Клинтоны эсрэг Холбооны мөрдөх товчоо ажиллаж эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ид дуулиан шуугиан дүүрэн үргэлжилсээр байна. Бүгд найрамдах намын доторх сунгаанд тавдугаар сар гарснаас хойш Тед Круз, Жон Касич нар ээлж дараалан нэрээ татаж авсан Дональд Трамп ялалт байгуулах нь нэгэнт тодорхой болсон бөгөөд одоо Ардчилсан намаас хэн ялалт байгуулан түүнтэй өрсөлдөхийг ажиглах л үлдсэн. Гэхдээ тэрбумтан эр зүгээр суугаагүй бөгөөд ээлж дараалсан шуугиант мэдэгдлүүдээрээ гол өрсөлдөгч болох Хиллари Клинтон руу довтлохын зэрэгцээ өөрийнхөө рейтингийг өсгөж, буруулж ч үзсээр байна.

АН-аас нэр дэвшигч Берни Сандер

Ардчилсан намаас өнөөг хүртэл экс тэргүүн хатагтай Хиллари Клинтон сунгаанд тэргүүлсээр байсан ч сүүлийн үед түүний нэр хүндтэй холбоотой үүсээд байгаа, магадгүй томоохон дуулиан дагуулж ч мэдэх асуудлуудаас болж рейтинг нь буурч энэ тавдугаар сард Индиана, Баруун Виржиниад болсон санал асуулгад хоёр ч удаа Берни Сандерст ялагдаад байгаа юм.

Гэсэн хэдий ч Бүгд найрамдах намын хүчтэй өрсөлдөгч Трампын эсрэг Ардчилсан намаас Хиллари Клинтон сунгаанд ялалт байгуулах нь гарцаагүй гэсэн үзэл бодолтой, санал сэтгэгдэлтэй иргэд, ажиглагчид Америкт энэ цаг мөчид дийлэнх байгаа. Харин энэ байдлыг өөрчлөх хүчийг магадгүй сүүлийн өдрүүдэд хатагтай Клинтонтой холбоотой үүсээд байгаа асуудлууд л дагуулж мэдэхээр байна.

Трамп

Учир юун гэвээс Хиллари Клинтон авлигын дуулианд холбогдоод байгаа юм. Тэрээр нөхөр Билл Клинтоны хамтаар Ойрхи Дорнодын АНУ-тай найрсаг харилцаатай байдаг, түнш ч гэж хэлж болохоор зарим улсаас зуугаас доошгүй сая ам.доллар сонгуулийн ажилдаа зориулан хандив, тусламж, бэлэглэлийн аль нэг нэг байдлаар авсан гэх асуудлын мөрөөр хуулийнхан орчихоод байна. “Daily Caller News” агентлагаас энэ тухай мэдээлснээс үзвэл АНУ-ын иргэдийн таалалд төдийлөн нийцдэггүй, хүний эрхийн тааруу үзүүлэлт тогтмол авдаг Саудын Араб, Марокко, Оман, Йемен зэрэг Арабын лигийн орнуудаас “Клинтон сан”-гаар дамжуулан багагүй хэмжээний мөнгө авч, энэ нь Америкийн сонгогчдын саналыг татахад зарцуулагдаж байж магадгүйг Холбооны мөрдөх товчооноос сэжиглэн шалгаж байгаа аж.

 

Хиллари Клинтонтой холбоотой байсгээд дэгддэг томоохон дуулиануудаас улстөрч эмэгтэйд хамгийн халтай нь байж мэдэх, сонгуулийн сунгааны ид үед дэгдэж байгаа энэ асуудлыг тэрээр олон нийтэд итгэл үнэмшилтэй тайлбарлаж чадахгүй, эс бөгөөс хуулийнханд хангалттай баримт нотолгоо бүхий баримтуудыг үзүүлж чадахгүй бол Ардчилсан намаас нэр дэвшихээсээ татгалзахад хүрнэ. Ардчилсан намын нөлөө бүхий улстөрчид эхнээсээ энэ талаар шууд хэлээгүй ч гэсэн Трампын эсрэг өрсөлдөхөд нэр цэвэр улстөрч байх хэрэгтэй гэсэн санааг цухалзуулж эхэлсэн.

Арваннэгдүгээр сарын 08-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Үлдээд буй хагас жил гаруйн хугацаанд нэр дэвшигч Клинтоны асуудалд үүсгэсэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад учир дутагдалтай, хангалтгүй нөхцөл байдалтай гэж үзвэл түүнийг нэр дэвшихээс нь хүчээр татгалзуулж, цаашид хуулийн дагуу шалгалтыг үргэлжлүүлэх боломжтой. Тэгэхээр Арабын дөрвөн орны хаад, удирдагчдаас авсан гэх их мөнгөний асуудалд хуулийнхан яаж хандах нь сонирхол татаж байгаа юм.

Politifact.com-д нийтэлснээс үзвэл ер нь хэвлэлүүд энэ дуулиант асуудлын баримтуудыг хэн хамгийн түрүүнд хуулийн байгууллагынхны гарт өгсөн, улмаар Холбооны мөрдөх товчоо зэрэг хуулийн байгууллагын удирдлагууд улс төрийн эрх ашиг, шалтгааны улмаас асуудалд хандаж байгаа юу зэргийг нарийвчлан сонирхож байгаа аж. Эргэн харвал Бүгд найрамдах намын Үндэсний хорооны тэргүүлэгч гишүүн Рейнс Прейбус энэ тухай хамгийн анх сөхөж хэвлэлд ярилцлага өгч байсан нь 2015 оны дөрөвдүгээр сар аж.

Тэгвэл түүнээс хойш жил гаруйн дараа буюу ид сунгааны үеэр энэ асуудлыг дахин сөхөж хуулийнхан шалгаж эхэлсэн нь бас ч гэж хардлага дагуулах үндэслэлийг хэвлэлийнхэнд өгч байгаа юм.

Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Коми

Ялангуяа энэ хэрэг дээр ажиллаж эхэлсэн Холбооны мөрдөх товчооны удирдлага болох захирал Жеймс Комиг хэвлэлийнхэн онилоод эхэлжээ. Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид сонгогдож байсан хүү Жорж Бушийн үед Жеймс Коми АНУ-ын тэргүүн яллагч, тойргийн прокурор, Шүүх яамны дэд сайд зэрэг өндөр албан тушаалуудыг хашиж байгаад хэсэг чөлөөнд гарсан хуульч. Барак Обамагийн үед хуулийн байгууллагын зөвшөөрөлгүй тагнаж, чагнах дуулианыг эсэргүүцэж Цагаан ордны эсрэг зоригтой үгсийг хэлж хэвлэлийнхний анхааралд өртөж байсан. Үүнээс ч шалтгаалсан уу Жеймс Комиг Барак Обама хоёр жил гаруйн өмнөөс Холбооны мөрдөх товчооны захирлаар томилсон байдаг. Мөн Ливид АНУ-ын элчин сайд амиа алдсан хэрэгт тэр үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хиллари Клинтонг буруутгаж, шүүхээс асуулт асуухад хуулийнхны бүрэлдэхүүнд багтаж байсан. Хэвлэлд бичиж байгаагаар бол улс төрийн хүрээнийхэн дунд идэвхтэй оролцоотой, холбоо сүлбээ ихтэй төвийгүй Бүгд найрамдах намынханд элэгтэй байдаг Жеймс Комиг Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны эсрэг хөдөлж эхэлсэн гэх таамаглалууд ийнхүү хөвөрч байгаа юм.

Бүгд найрамдахчуудын үзэж байгаагаар Цагаан ордны өмнөх эзэн Ардчилсан намаас тодорсон тогтоогүй уламжлалын дагуу энэ удаагийн Ерөнхийлөгч тэдний намынх байх ёстой. Тиймээс ч Трампдаа гол биш хоёр дараалан Ардчилсан намын Ерөнхийлөгчид ялагдахгүйн тулд бүхнийг хийх ёстой хэмээн үздэг гэнэ. Тэгвэл энэ хөшүүргийн дагуу Америкт хуулийн байгууллага улс төрд оролцож эхлэв үү. Хэрэг явдал ямраар төгсөх бол гэдэг нь сонирхол татна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]