Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нийслэл хүрээний урчуудын тухай тэмдэглэлУншсан1,136

"Хар гарт" хэмээх Лувсангомбо дархан бол Түшээт хан аймгийн Зоригт Вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт төрсөн гэдэг. Тэр Богд хаант Монгол улсын хаш тамгыг бүтээж 1911 оноос 1921 оны долоодугаар сарын 30-ныг хүртэл cap бүр 30 төгрөгийн цалин хүртэж ирсэн түүхтэй. Энд тэмдэглэхэд эрт цагаас төрийн тамга хийсэн хүнд нэг насаар нь цалин пүнлүү олгох юм уу, эсвэл цаазалдаг ёс Монголд байсан гэдэг.

IX зууны сүүл XX зууны эхэн үед Монголын нэртэй урчуудын ихэнх нь Нийслэл хүрээнд ирж суурьшин төрөл бүрээр бүтээл туурвилаа хийж байв. Эдгээр урчуудын дотор Андуу нарын аймгийн Тавхайбор, Вангайн аймгийн Чүлтэмсүрэн, Ложоо, Сангийн аймгийн "Цагаан"Жамба, нэртэй бурханч Гэндэндамба, Данжин, Цэнд, Балдангомбо, Пунцаг-Осор, Хасгомбо, Б.Шарав нар хамтаараа болон дангаараа бурхан шашин, тахил шүтээний болон чөлөөт сэдвээр үлэмж хэмжээний бүтээлүүд туурвисан нь бидний үед уламжлагджээ.

XX зууны эхэн үе гэхэд Сайн Ноён хан аймгийн Үйзэн Вангийн хошууны уугуул хүрээний Сангийн аймагт харъяалагдаж явсан "Цагаан" Жамба, Засагт хан аймгийн уугуул "Марзан" Б.Шарав нар нь чөлөөт сэдвээр аж амьдрал, ёс бэлгэдлийн хэв шинжтэй зураг зурах чадвараараа бусад зураачдаас ялгаран гарч ирсэн байна. "Цагаан" Жамба нь Халх даяар "Барт Хүрээ" хэмээн алдаршиж байсан Тарган Бандида Цэвэлваанчигдоржийн хүрээн дээр шавилан сууж улмаар номын бар сийлэх эрдэмд шамдан суралцжээ. 

Ингэж "Цагаан" Жамба хөлгөн их судрын олон зуун модон барыг сийлж ном бүтээх үйлсэд хичээнгүйлэн зүтгэсээр урлан бүтээх авъяас нь тодорсон байна. Улмаар Нийлэл хүрээнд Дагинын аймаг байгуулагдахад тахил шүтээнийг урлан хийх зорилгоор залагдан ирж суурьшжээ. Тэрээр "Цагаан" Жамба Дүйнхорын Лойлон гэх шашны томоохон урлалыг бүтээлцсэнээр хутагт, хувилгаад, дээдсүүдэд таашаагдаж, нэр хүндийг олж, тахил шүтээний уламжлалт урлалыг хийхийн зэрэгцээ чөлөөт сэтгэлгээ хийгээд ёс бэлгэдлийн шинжтэй хэд хэдэн зургийг бүтээжээ.

Цагаан Жамбын бүтээл Тэмээн сүрэг

Тэр хэдийгээр уламжлалт хавтгайн зургийн аргаар бүтээж туурвиж байсан ч сэтгэлгээний хэв шинжийг нь өөрчилж аж амьдрал, ёс бэлгэдлийн хэв шинжийг гүнзгий тусган илэрхийлж байв. "Цагаан" Жамбын зурсан "Эвт дөрвөн амьтан", "Дугар зайсан", "Тэмээн сүрэг", "Жаргалын найман морь" зэрэг бүтээлүүд нь тухайн үедээ дүрслэл, өгүүлэмж, гүйцэтгэлийн хувьд цоо шинэ үзэгдэл болж байлаа.

Дан ганц бурхан шашны зураг урлалд нүд дассан хүмүүст сонин содон сэтгэмж мэдрэхүйг төрүүлж, үлэмж таашаалыг өгч байсан аж. "Тэмээн сүрэг" зурагтаа гэхэд сүргийн ерөнхий байр байдал, хөдөлгөөн, бэлчээрлэж байгаа байгаль орчин зэргийг хэм хэмжээний нарийн зохицолтойгоор зурсны дээр Гүнжин-лхам бурхныг угалзарсан гал утаан дунд зогдор үсээ хийсгэсэн, буйл бурантаггүй эмнэг тэмээ унуулан ер бусын сүр хүчийг үзүүлэн дүрсэлсэн нь тэмээн сүргийн буян хишиг дэлгэрч, сүр хүч нь бадрахын бэлгэдэл шингэсэн хэрэг. 

Мөн "Жаргалын найман морь" хэмээх бүтээлдээ зүс нь өөр өөр, давтагдашгүй хөдөлгөөнтэй, жаргалтай найман морийг энх амгалангийн ёс бэлгэдэл болгон дүрсэлсэн нь үзэж харсан хүнд нэг л амгалан тайван өнгө аяс хүүрнэнэ. Ингэж "Цагаан" Жамба амгалан сайхан аж төрхийн язгуур чанарыг илтгэн харуулсан олон тооны зургийг зурж явсаар Жа лам хэмээх Дамбийжанцангийн зураач болж хэдэн оныг элээгээд хан, ноёдын шударга биш явдлыг шоглон үзүүлсэн бүтээлээсээ болж хоёр нүдээ ухуулж таалал төгсчээ. 

Харин "Марзан" хэмээх Шарав нь Нийслэл хүрээнд удаан жил сууж дээдсийн таалалд нийцсэн олон тооны зураг бүтээсээр байсан байна. Тэр уг нь Засагт хан аймгийн уугуул бөгөөд одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир /Түмэн/ сумын нутагт төрсөн аж. 19-р зууны сүүлчээр 22 настайдаа Нийслэл хүрээнд ирж суурьшин, Бизъяагийн аймгийн Цорж ламынд сууж байгаад улмаар түүнийг таалал төгсөхөд Балдан гачингийнд суух болсон гэдэг.

Д.Сүхбаатарын захиалгаар Марзан Шаравын бүтээсэн Лениний хөрөг

Энд амьдарч байхдаа Гэндэндамба хэмээх хүрээний нэртэй бурханч умзадад шавь орж авъяас нь улам бүр хөгжиж нэлээд нэр хүндийг олсон байна. Богд Жавзандамба хутагт түүний зурсан бурхан шашны холбогдолтой зургийг үзэн ихэд таашаан соёрхож Б .Шаравыг дуудуулан ирүүлж "Чи хө, надад таалагдах зураг зурж ир" хэмээн лүндэн буулгажээ.

Эзний лүндэнгийн дагуу Б.Шарав алдарт "Нэг өдрийн явдал", "Үрс гарч байгаа нь" зэрэг зургаа зурж барихад Богд эзэн, Их хатны хамт үзэж сонирхоод "Шарав чи сайн зуржээ. Чи ер нь их Марзан хүн байна шүү" хэмээн өгүүлсэн гэдэг. Энэ цагаас зураач Б.Шарав олны дотор "Марзан" Шарав хэмээн алдаршсан аж. Тэр хүмүүсийн хийгээд орчлон ертөнцийн юмс үзэгдлийн мөн чанарыг ямар нэг дэг ёсонд баригдалгүй чөлөөт өрнөлтэйгээр зурдаг байсны дээр хошин шог, ёгт санааг суулгаж, ёс бэлгэдэл гүнзгийтэйгээр дүрслэн зурсан нь олон. Мөн хөрөг зургандаа хавтгай зургийн уламжлалыг тун онцгой гүйцэтгэлтэй бүтээдэг байжээ. 

Б.Шарав XX зууны эхэн үед "Балдан хачин", "Цорж Лувсандондов", Богд Жавзандамба", "Хатан Дондогдулам", "Шанаг цамын хувцастай Богд эзэн" зэрэг зургуудаа зурж ихээхэн хүндлэл олж байв. Б.Шарав Ардын хувьсгал ялангуут шинэ үеийн хэвлэл номын чимэглэлийн зурагт дайчлагдаж олон арван ном сэтгүүлийн зураг зуржээ. Тэр анх Д.Сүхбаатарын захиалгаар Лениний хөргийг бүтээж улмаар "Хувьсгалын бүрээч" хэмээх зураасан зургаа зурж "Уриа" сонины толгой болгосон түүхтэй. 

Тэрээр "Сургуулийн хүүхдийн сонирхон унших сургадаг бичиг" хэмээх номонд орсон 50 үлгэрийн 33-ынх нь үйл явдалд тохирсон зургийг тун хөгжилтэй зуран хэвлүүлжээ. Энэ мэтээр "Марзан" Б.Шарав нь хоёр төрийн нүүр үзэж, авьяас билгээ түмэн олныхоо тусын тулд зориулсан хүн байв. Энэ ч чанараараа тэр Монголын шинэ үеийн дүрслэх урлагийн "Загалмайлсан эцэг" болсон юм. 

Дээрх зураачдаас гадна маш жижиг зайд маш олон дүрсийг багтаан гоёмсог сайхан зурдаг хүрээний Чойнхорлин аймгийн зураач Дорж, аливаа зураг бүтээлийг хурдан хугацаанд хуулбарлан зурдаг Н.Дэндэв, Нийслэл хүрээг зурж үлдээсэн Жүгдэр зураач, Богд хаант Монгол улсын хаш тамгыг сийлсэн Зүүн хүрээний Вангайн аймгийн дархан "Хар гарт" хэмээх Лувсангомбо гээд тоочвол түүхэнд их бага хэмжээгээр нэрээ үлдээсэн хүрээний урчууд олон. 

Тухайлбал: "Хар гарт" хэмээх Лувсангомбо дархан бол Түшээт хан аймгийн Зоригт Вангийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт төрсөн гэдэг. Тэр Богд хаант Монгол улсын хаш тамгыг бүтээж 1911 оноос 1921 оны долоодугаар сарын 30-ныг хүртэл cap бүр 30 төгрөгийн цалин хүртэж ирсэн түүхтэй. Энд тэмдэглэхэд эрт цагаас төрийн тамга хийсэн хүнд нэг насаар нь цалин пүнлүү олгох юм уу, эсвэл цаазалдаг ёс Монголд байсан гэдэг.

Иймд Богд эзэн Лувсангомбод бүх насаар нь цалин олгох лүндэн буугасан байсан ч Ардын хувьсгалаар төр эргэсэн учир цуцлагдсан нь тэр аж. Монголын музей анхны дарга "Чөтгөр" хэмээх Н.Дэндэв гуай гайхамшигтай хурдан хуулбарлан зурдаг байснаас гадна чулуун сийлбэр хийхдээ гарамгай хүн байжээ. Тэр Судар бичгийн хүрээлэнгийн захирал С.Жамъянтай тохиролцооны дагуу "Монгол Данжуур"-т зориулсан хөшөөг 1928 оноос бүтээж эхэлсэн гэдэг.

Гэвч биеийн эрүүл мэндийн байдлаас болон дутуу орхиж олон жил өнгөрсөн хойно 64 насандаа гүйцээжээ. Н.Дэндэв агсан "Автай сайн хан", "Эрийн гурван наадам" зэрэг Монгол зураачдын зургийг хуулбарлан зурсан нь улсын музейд хадгалагдаж байна. "Автай сайн хаан" зураг нь Монгол хүний зурсан эртний дурсгал бөгөөд энэ зураг нь Эрдэнэзуу хийдийн Нанчин Чойжин сүмийн ар хананд залаатай байсныг нууцаар хуулан зурсан гэдэг.

Н.Дэндэв агсан уул зургийг хуулбарлан зурахаар явахад Засгийн газраас 500 төгрөг шийдэн олгож байсан аж. Эндээс үзэхэд уул зураг нь онцгой чухал дурсгал болох нь тодорхой харагдаж байна. Хуучин Нийслэл хүрээний урчууд энэ мэтээр Ардын Засгийн даалгаврыг гүйцэтгэн биелүүлэх замаар шинэ үеийн дүрслэх урлагийн түүхийг бичиж эхэлжээ. 

Н.Даваадаш /МУСГЗ/

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]