Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Дандар баатар монгол цэргийн морийг булаах гэсэн орос цэргийг бууджээУншсан21,009

Б.Очирбат гуайг Дотоод явдлын яамны Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байхад нь Бүгд найрамдах улс байгуулахыг санаархсан Оспаныг хороох даалгаврыг дээд газраас нь өгчээ.

Өнөөдөр сонины нэртэй сэтгүүлч Д.Заяабатын 2010 онд бичиж нийтлүүлсэн "Үсэг өрөгчөөс Сөрөх тагнуулын газрын дарга, Элчин сайд хүртэлх нууцлаг амьдрал" хэмээх сонирхолтой нийтлэлийн хэсгээс сэргээн хүргэж байна.


Төрөөс ахмад дайчдад өгсөн нэг өрөө орон сууцандаа өвгөн зээ хүүтэйгээ нам гүмхэн амьдарч байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн өмнөх хотхонд өгсөн орон сууц нь дулаахан, дуу чимээ, утаанаас хол байдагт өвгөн олзуурхан сууна. Түүнийг Б.Очирбат гэдэг.

Жирийн нэг үсэг өрөгчөөс Дотоод явдлын яамны орлогч сайд, Сөрөх тагнуулын газрын дарга, Элчин сайд хүртэлх алба хашиж явсан энэ буурлыг мэдэх хүн өдөр ирэх бүр цөөрсөөр. Өвгөн 90 насны сүүдэр зооглосон хэдий ч ухаан санаа саруул хэвээрээ. Зарим нэг хүний нэр, үйл явдлын он, сарыг шууд хэлж чадахгүй болсноо “Бие чилээрхсэнээс” хэмээн тайлбарлав.

ЮУНААС БОЛЖ ШОРОНД ОРСНОО ААВ МИНЬ МЭДЭЭГҮЙ

 

Одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын Бумбатын рашаан хэмээх газарт нутаглаж байсан малчин Дамдингийн эхнэр 1920 оны хавар нярайлж, гурав дахь хүүгээ өлгийдөн авлаа. Тэднийх жирийн нэг малчин айл байсан гэдэг. Аав, ээж нь түүнд Очирбат гэдэг нэр хайрлажээ. Малчин Дамдингийнх гурван сайхан хүүтэй байсан ч элэг бүтэн амьдарч чадсангүй. Бага хүүгээ таван ой хүрдэг жил ээж нь амаржих гэж байгаад бие баржээ.

Гурвын гурван хүүхэд өсгөх гэж тэвдэж байсан тэднийхээс бага хүү Очирбатыг нь нутгийн айл Баянбаатарынх өргөж авсан аж. Хожмоо Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө далд фронтод дайтагч, тусгаар улсаа хэд хэдэн оронд төлөөлөн суух Очирбат хүү овгоо Баянбаатарын хэмээн өөрчилсөн түүх энэ бөлгөө. Өргөж авсан эцэг нь тухайн үед нэлээд боловсролтой нэгэн байжээ. Хүүдээ таван настайгаас нь дөрвөн аргын тоо, монгол бичиг гэрээр зааж, номын мөр хөөлгөхөөр Улаанбаатарт шилжин суурьшив. Тэрбээр үлгэр жишээ бага сургуулийг алгасан дунд ангид шууд орсон нь багаасаа ном сурсны ач байлаа.

Дунд сургуульд суралцаж байгаад 1934 онд амьдралын шаардлагаар номоо орхисон аж. Аав нь хүүгээ даган хот орж Мал тариалангийн яамны аж ахуйд ажиллах болов. Угийн ажилсаг Баянбаатар тус яаманд хэдэн жил ажиллаад Зүүнхараа, Бороогийн сангийн аж ахуйг байгуулалцсан нэгэн. Тэр жил Мал тариалангийн яамны сайд Х.Чойбалсан Сангийн аж ахуйнуудаар Базарханд гэдэг хүнтэй хамт явжээ. Маршал буцахдаа эцгийг нь хот руу аваад явж. Түүнээс хойш хэдэн сар сураггүй болсон аавыг нь шоронд байгааг ээж нь хүнээс дуулжээ. Бие муутай ээж нь амьдрах аргагүй болж хэдэн хүүх дээ аваад дүн өвлөөр жаа хан хогшлоо чарганд ачаалж хотод ирлээ. Хоёр жилийн ял авч, Консулын дэнжид байх шоронд сууж байсан аавыгаа ээжтэйгээ үе үе эргэж очдог болсон аж. Тэгж байгаад хөнгөн ялтай хүмүүсийг бусад байгууллагад хөлсөөр ажиллуулж болдгийг хүнээс дуулж, хүний арга эвийг олохдоо сайн ээж нь хүн хартай уулзаж, наана цаана гүйсээр нөхрийгөө Хэвлэлийн хорооны түлээ бэлтгэгчээр гаргаж авсан гэдэг. “Ямар хэрэгт буруутган, шоронд хорих болсныг аав өөрөө ч мэдэхгүй гэдэг байсан юм” хэмээн Б.Очирбат гуай өгүүлээд зээ хүүгээрээ түшүүлэн босож цонхоор хэсэг харан зогсож байгаад яриагаа үргэлжлүүлэв.

ҮЙЛ ЯВДЛЫГ ТҮРҮҮЛЖ МЭДДЭГ ҮСЭГ ӨРӨГЧ

Аавын хийх ажлыг дагаад манайх Хэвлэлийн хорооны хашаанд буулаа. Би яахав хийх ажил байх биш. Хэвлэлийн хороогоор орж хүмүүс будаа тоншиж байгаа аятай нэг ажил хийхийг сонирхон хардаг байв. Тэр ажлыг хийж болмоор юм шиг санагдаад аавд хэллээ. “Чи чадах юм бол яах вэ. Би дарга нартай нь нэг уулзаад үзвэл яадаг бол” гэж аав хэлж байна. Хэд хоногийн дараа Хэвлэлийн хорооны нэг дарга дуудаж шалгалт аваад “Бичиг үсгийн хувьд тэнцэх юм байна” гэсэн ч насанд хүрээгүй тул болохгүй гээд халгаасангүй.

Тэгэхээр нь 1919 онд төрсөн гээд нэг нас нэмээд хэлчихлээ. Ингээд үсэг өрөгчийн дагалдан болдог юм байна. Үсэг өрөгчийн хажуугаар бусад ажлыг нь сонирхон оролдсоор хоёр сарын дараа жинхэнэ ажилтан болж удалгүй хянагч редактораар дэвших нь тэр. Тэр үед Ц.Дамдинсүрэн, Б.Рэнчин гээд манай том сэхээтн үүд Хэвлэлийн хороогоор их явна, номоо хэвлүүлнэ. Зарим асуудлаар барилцаж авах нь холгүй маргалдана. Тэдний яриаг сонсох их дуртай, ном зохиолыг хамгийн түрүүнд уншчихдаг, мэдээллийг бусдаас түрүүнд сонсдог том хүн боллоо.

Нэг өдөр хүн амьтан шуугиад явчихлаа, юу болсон юм бол гээд сонсоод байх нь эсэргүү босогчдыг “Бөмбөгөр ногоон”- д шүүх гэнэ. Тэр хурлыг их сонирхоно оо. Төв талбайд зоосон чанга яригчаар сонсоно. Тэр жил “Наадмын сонин” гэж гаргахаар болж явуулын редакц байгуулан намайг оролцууллаа.

Энэ сониныг гурван жил дараалан гаргалцсан юмдаг. Тэгж байтал Монгол, Оросын цэргийн хээрийн том сургууль хийх болж, тэр үйл явдлыг нийтлэх “Улаан од” сонины үсэг өрөгчөөр томилон Халх гол руу явууллаа. Хэнтий, Тамсагаар дайран хээрийн сургууль болох Байшинтад ирдэг юм байна. Хүрээд очтол бөөн уйлаан майлаан угтах нь тэр. Юу болоод байгааг “Улаан од” сонины орлогч эрхлэгч Тойвоос асуувал “Жанжин Дэмид Орос руу явах замдаа нас баржээ. Гашуудлын сонин гаргах болсон. Тиймээс хот руу буцна” гэж байна. Хотод иртэл тэр чигтээ уй гашуу, төрийн далбаагаа бөхийлгөчихөж. Гашуудлын сонин гаргалаа. Жанжиныг оршуулаад удаагүй байтал Гэндэн, Дэмидийн эсэргүү хэрэг гээч юм манддаг юм байна. Улс төрийн ямар учир агуулгатай үйл явдал болоод байгааг мэдэх аргагүй. Хүүхэд гээд шүүх хуралд ч оруулахгүй. Хэвлэлд гарсан мэдээ, радиогоор л тэр бүгдийг сонсоно. 1937 оноос Японы зүгээс Халх голоор янз бүрийн халдлага дайралт гарах болсон тухай мэдээ ирдэг боллоо.

Яагаад ч юм цэрэгт явмаар санагдаад болдоггүй. Тэр тухайгаа дарга нартаа яаж хэлдэг юм билээ гээд байж байтал нэг өдөр “Чамайг Эвлэлийн төв хорооны шийдвэрээр Дотоод явдлын яамны мэдэлд шилжүүлэх боллоо” гэдэг юм байна. Ингэж л тусгай албатай холбогдсон хүн дээ би хэмээн өвгөн өгүүлээд өөр юу сонирхмоор байна гэсэн шиг над руу харлаа.

ОРОСЫН 17 ДУГААР АРМИЙН “ЦЭВЭРЛЭСЭН” ДОТООД ЯВДЛЫН ЯАМ

Өвгөн тагнуулч цайгаа уун, хэсэг сууж байгаад яриагаа цааш үргэлжлүүлэв. Төрийн тусгай алба, дипломат албанд насаараа зүтгэсэн тэрбээр илүү дутуу үг унагачих вий гэсэн шиг үгээ бодон, аажуухан ярина.

-Дотоод явдлын яаманд очоод “Хэвлэлийн хорооноос явж байна, намайг энд томиллоо” гээд хэлбэл “халзан” Дамдин гэдэг хүнтэй уулз гэлээ. Тэр хүнтэй нь уулзлаа. “Төрийн нууцыг хэнд ч, хэзээч ярьж болохгүй. Улс эх орны хувь заяатай холбоотой” гээд ам тангараг авч, гарын үсэг зурууллаа. Эцэст нь Эсэргүүцэн тагнах газрын Баясгалан гэдэг хүнтэй уулзуулаад энэ газрын нэг тасгийн ажилтан болгож байгаа бололтой байна аа.

Нэг сонин нь маршал Х.Чойбалсантай хамт сангийн аж ахуйнуудаар явахдаа аавыг минь авч явсан нөгөөх Базарханд гэдэг хүний удирдлагад дагалдан сурагч гэдэг юм болдог юм байна. Энд нэг их удалгүй жинхэнэ төлөөлөгч болсон. Нэг өдөр маршал Х.Чойбалсан манай яаманд ирж хурал хийв. Энэ хурлаар “Дотоод явдлын яамны ажилд алдаа завхрал байна. Тэр алдаа завхралаа ярьцгаа” гэнэ. Хүмүүс бүгд л яаж ажиллаж байгаагаа ярьсан юмдаг. Гэтэл тэр нь нөгөө алдаа завхрал гээч юм нь болдог байгаа. 1939 оны дунд үе шиг санагдаж байна, нэг өглөө ажилдаа ирсэн чинь дарга нарын унадаг, “монхор-8” гэдэг байсан даа, машинууд нь үүдэнд бүгд сойлттой байх юм. Орвол дарга нарын малгай өлгөөтэй хэрнээ өөрсдөө байдаггүй.

Юу болов, яав ийв гээд асуучих ч хүн алга. Тэгж байтал өдөр тийшээ дарга нарыг шөнө нь дуудаад, бүгдийг нь Оросын 17 дугаар армийн тагнуулын газрынхан аваад явсан сураг дуулдлаа. Дарга нарыг маань Монголын шоронд лав хийгээгүй байна. Манай хэлтсээс гэхэд ахлах төлөөлөгч Готовсүрэн, тасгийн дар га Базарханд, хэлтсийн дарга Баясгалан баригдаад явжээ. Ер нь хэлтсийн дарга нараас үлдсэн хүн алга. Яамны сайд ч баригдсан сурагтай. Үлдсэн ажилтнууд нэг л түгшүүртэй, би ч гэсэн баригдчих юм биш байгаа даа гээд айж л байлаа.

Энэ хүмүүсийн сураг дахиж гараагүй ээ, оросууд л аваад явсан юм гэсэн. Удсан ч үгүй намайг ахлах төлөөлөгч болгочихлоо. Халх голын тулалдаанд сайн байлдсан гээд баахан хүнийг авчирч даргаар томилсон юм. Намайг хэд хэдэн тасаг дамжуулан ажиллуулж байгаад шинээр байгуулагдсан Мөрдөн байцаах хэлтсийн нэг тасгийн даргаар томилсон юмдаг. Эндээсээ Эдийн засгийн хэлтсийн даргаар дэвшдэг юм байна.

Эх орны дайны турш энэ ажлыг хийсэн. Гол нь Оросод өгөх тусламж цуглуулах, ачуулах, хамгаалах ажлын хариуцаж байсан. Эх орны дайн дууслаа, ингээд нэг амрах болов уу гэж байтал 1945 оны Чөлөөлөх дайнд явуулахаар дээд газрын шийдвэр гарчээ.

ОРОС ЦЭРЭГ БУУДСАН Л.ДАНДАР БААТАР САЛ УРСГАДАГ ЯЛТАЙ БАЙЖЭЭ

Б.Очирбат гуайг Дотоод явдлын яамны Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байхад нь Бүгд найрамдах улс байгуулахыг санаархсан Оспаныг хороох даалгаврыг дээд газраас нь өгчээ.

Энэ ажлыг найдвартай гүйцэтгэх хүнээр тухайн үед шоронд ял эдэлж байсан Улсын баатар Л.Дандарыг сонгосон байна. Тэрбээр монгол цэргийн морийг булааж унах гэсэн орос цэргийг буудсан хэргээр ял эдэлж байсан юм билээ. Улсын баатар цолоо хураалгасан Л.Дандар Галтай, Булнайгаас мод бэлтгэн Туулын голоор сал урсгадаг ажил хийдэг байж.

Нэг талаар зоригтой, нөгөө талаар ялыг нь хөнгөлөх үүднээс Оспаныг хороохыг түүнд даалгасан аж. Хамт үүрэг гүйцэтгэх хүмүүсийнхээ заримыг баатар өөрөө сонгосон гэдэг. Гэвч энэ группийн ажиллагаа амжилттай болоогүй юм. Зөн совингоороо мэдсэн үү, ямар нэг мэдээлэл авсан уу, Оспан зугтсаар байгаад амь мултарч чаджээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]