Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Сталины бага хүүгийн гунигт хувь заяаУншсан23,068

Галина Александровна фронтод нөхөр дээрээ олонтоо очно. Нэгэн удаа дагалдах онгоцгүй нисч байхад нь агаарт немцийн онгоц үзэгдэв. Түүний суусан онгоц ойн цоорхойд бууж амжсан бөгөөд ийнхүү азаар амьд гарсан гэдэг.

Василийгийн дүрд

Сергей Безруков

Хоёр жилийн өмнө, Оросын “Орт 1”, саяхан Монголын үндэсний олон нийтийн телевизээр үзүүлсэн Иосиф Сталины хүүгийн тухай кино гарсан.

Василий Сталины анхны гэрлэлтийн тухай үйл явдлын өрнөлд хамгийн их “чөлөөт сэтгэлгээ” оржээ.

Сталины ач хүү Александр Бурдонскийн тухай “Жугашвили овгийн хар жонон” гэсэн ном бичсэн сэтгүүлч бүтээлээ туурвиж байхдаа Василий Иосифовичийн анхны эхнэр Галина Бурдонскаятай уулзан ярилцсан нь үйл явдлын өрнөлийн өөр хувилбарыг дэлгэж байна.

 

 
«МИНИЙ ЭХНЭР БОЛОХЫГ ЧАМААС ДАХИН ДАХИН ГУЙЯ»

Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд бага Сталины эхнэр Галина Александровна Бурдонская хүнд өвчтэй, хөлөө тайруулсан учир гэрээсээ ч гарч чадахгүй байлаа. Тэрээр хүүгийн хамт Тверийн гудамжид (тэр үеийн Горькийн гудамж) “Сыры” “Бяслаг” гэсэн дэлгүүрийн дээрх тохилог гурван өрөө байранд амьдарч байв. Тэрбээр олноос хол хөндий, зожиг нэгэн байсан гэдэг. Хүүгийнх нь олон найз нар байнга орж гарч байдаг. Хүн орж ирэхгүй өдөр гэж бараг үгүй. Түүний анхны эхнэр бусдыг сонсч, тэдний жаргал, зовлонг хуваалцаж, нөхөрлөх ер бусын чадвартай нэгэн байсан ажээ. Түүний гүн ухаантайн дээр хөнгөмсөг сахилгүй гэмээр араншин нь догь зохицсон байв. Тэрээр залуудаа ч, залуу нисгэгч Василий Сталин анхны харцаар дурласан цагт ч тийм зан чанараа өөрчлөөгүй.

Тэд кинонд гардаг шиг танилцаагүй. Галинаг Василийтай түүний сүйт хархүү байсан хоккейчин Владимир Меньшиков танилцуулжээ. Хэвлэлийн дээд сургуулийн оюутан бүсгүйг төгс үзэсгэлэнтэй гэж хэлэхгүй ч хүрэн бор нүдэнд нь гялалзах оч, уруулд тодрох үл ялиг инээмсэглэлийн дэргэдүүр анзааралгүй өнгөрөх эрэгтэй ховор. Түүний элэнц эцэг нь Орост үлдсэн Наполеоны цэрэг байжээ. Францын Бурдоне гэх овгоос Бурдонский гэсэн орос нэр үүсэлтэй аж.

-Василий өөрөө жолоодож явсан машинаасаа буугаад намайг хараад инээгээд зогсч байлаа. Түүний хар нүднийх нь харц их хурц, нүд нь хөгжилтэй, цыган шиг байсан гэж Галина Александровна хожим дурсчээ. Меньшиков найзыгаа танилцуулснаар тэр эхнээсээ л улсын эзэн Сталины хүү гэдгийг мэдэж байв. Түүнтэй танилцсан анхны оройг Василий, Володя, Галя гурав “Эрмитаж” цэцэрлэгт өнгөрөөсөн байна. Василийтай харилцахад олон жилийн танилууд мэт амархан энгийн байсан гэж Галина Александровна ярьж байв.

Бурдонская тэр цагийн элитийн бүсгүй биш байлаа. Эцэг, эх нь салсан ч жолооч байсан эцэг нь тэднийг тэтгэж байв. Галина эхийн хамт нийтийн сууцанд амьдарч, хэвлэлийн сургуульд суралцан номын редактор болохоор бэлтгэж байлаа.

…Зун, намар хормын зуур өнгөрч тэдний харилцааны чухал үе өвөл өрнөв. Тэд Петровкийн мөсөн гулгуур дээр уулзаж, ресторанд бүжиглэхээр болзоно. Галина Александровна үргэлж л найз бүсгүйчүүдээс хэн нэгнийг дагуулан очно.

 

Василий нэгэн удаа цөхрөнгөө бараад “Хоёулаа сууя гэхээр заавал нэг дагуултай байхгүй байж чадахгүй юм уу?” гэж хэлж үзэв. Галя түүнийг эхтэйгээ танилцууллаа. Тэрээр тэдний даруухан байранд дорхноо л өөрийн хүн боллоо. Тэднийд очихдоо залуу Сталин “Талх аваад очих уу эсвэл төмсөнд гүйгээд ирэх үү?” гэж дандаа асууна. Тэрээр эхнэр болох хүнийхээ адил ихэмсэг загнахгүй. Тэд хоорондоо ер нь олон талаар адилхан байлаа.

1940 он дуусч байв. Василий 1941 оны нэгдүгээр сарын 1-нд цэргийн дарга нарын дээд курст суралцахаар Липецк явах ёстой болов. Галя өвлийн нэгэн өдөр найз бүсгүйндээ байтал Василий гэнэтхэн утасдаад тэндээ хүлээхийг гуйв. Дараа нь Галина Александровнагийн дурссанаар, муу ёр зөгнөөд сэтгэл нь тавгүй болжээ. Энэ хэдэн сарын дотор Сталины хүүтэй цуг байдаг “онцгойгийнхон” яаж ч хүлээн авах юм билээ гэсэн түгшүүр түүнийг орхисонгүй. Найз бүсгүйтэйгээ ярилцаад Василий аюулыг сануулахаар ирж байна гэдэгт тэд эргэлзсэнгүй. Тэгээд ч тэр ирээд юу хэлсэн нь сонин аж.

-Галя, бидний харилцаа хэтэрхий гүнзгий боллоо. Би сарын дараа Липецк явна. Гэтэл би чамгүйгээр байж чадахгүй нь. Миний эхнэр болохыг дахин дахин гуйя. Би үүнийг маш их хүсч байна” гэж бага Сталин хэлэв. Тэрээр дахин дахин гэж давтан хэлсэн юм. Галина айж сандран түүний эцэг, “ард түмний эцэг” юу гэх бол гээд л ярьж эхлэв. Василий шууд л,

-Галя, энд чинь миний эцэг ямар хамаатай юм бэ? Би л чамд хайртай, чамтай суухыг хүсч байна. Би бие даасан нисгэгч хүн. Гэр бүлээ тэжээхтэйгээ. Хэрэв чи Липецкт очихоор зөвшөөрвөл, эхлээд хүндхэн л байх болно. Гэхдээ бид хамт байна шүү дээ. Өөрөө л шийд гээд эр хүн шиг л хэлжээ.

Галя саналыг хүлээн аваад тэд хуримаа Галинагийн гэрт арванхоёрдугаар сарын 31-нд хийжээ. Сүйт хархүү хадам эхдээ туслан Кремлиэс янз бүрийн хоол хүнс авчирсан байлаа. Харин сүйт бүсгүй улаан даашинзаар гоёжээ. Хуриманд нь найз нөхөд нь уригдсан байлаа. Сүйт бүсгүйн эцэг энэ гэрлэлтийн эсрэг байсан тул ирсэнгүй. Гайхалтай нь “Ард түмний эцэг” энэ гэрлэлтийн талаар мэдээгүй байв.

«ТЭНЭГТЭЙ СУУСАН НЬ ӨРӨВДӨЛТЭЙ БҮСГҮЙ»

Залуу хосууд Липецкт ирцгээв. Нийтийн байрны нэгэн өрөөнд амьдарч, офицерүүдийн гуанзанд хооллож байлаа. Орой нь тэд банш чимхэнэ. Банш чимхдэггүй офицерийн эхнэр гэж хэн байлаа даа? Василий эхнэртээ машин жолоодохыг заана. Василий давхих дуртай жолооч. Удалгүй Галя түүнийг дууриах болов. Хэдэн долоо хоногийн дараа Засгийн газрын бичиг хүргэсэн элч ирж цэргийн нойрмог хотхоныг сэрээв. Сталинаас хүүд нь захидал иржээ. Гэрлэсэн тухайгаа эцэгтээ бичсэний хариу нь тэр байв. Засгийн газрын бичиг цохдог улаан харандаагаараа “Гэрлэсэн бол амьдар. Ийм тэнэг хүнтэй суусан тэр эмэгтэйг өрөвдөж байна” гэж бичсэн байжээ. Сталин бэртэй болсноо зөвшөөрсөн нь тэндээс харагдана.

Василий эхнэрийн хамт 1941 оны тавдугаар сард эргэн ирэхэд нь “хааны хүслээр” эхнэртэйгээ Кремльд амьдрахыг тушаасан байна. Кремлийн байр нь даруугаараа Сталины бэрийг алмайруулжээ. Василий, Светланагийн талд хоёр унтлагын өрөө, дундын гал тогоо, номын сан гэсэн дөрвөн өрөөтэй. Сталины талд туслахын өрөө, хоолны өрөө, унтлагийн өрөө болон албан өрөө нь болдог номын сан байлаа. Эдгээр өрөөнүүдийн тавилга бүр нь бүртгэлийн дугаартай. Жолоодогч намынхаа даруу байдал, большевик үлгэр жишээгээр явдаг хүн байж.

 Сталин бага хүү, охины хамт

Галина Александровна тэнд хадам эцгээ хараагүй бөгөөд зэргэлдээ ертөнцөд амьдарч буй мэт байжээ. Гэхдээ тэндхийн хүмүүс нэн ялангуяа гүрж тогоочтой сайн найз болцгоон гүрж хоол хийж сурав.

-Нэгэн удаа Сталин гэртээ эрт ирээд надтай танилцахаар туслахдаа хэлсэн байлаа. Би айгаад орондоо үсрэн орж, хөнжлөөр бүтээгээд унтаж байгаа гэж хэлүүлсэн юм. Сталин намайг өрөвдсөн бололтой сэрээгээд хэрэггүй гэсэн хэмээн Галина Александровна хуучлав.

Зургадугаар сард дайн эхлэхэд Василий Таллин хотноо албан томилолттой байсан бөгөөд нисгэгч учир байлдаж буй армийн албанд татагдсан байлаа. Аравдугаар сарын эхээр Галина Александровна, Светлана болон Аллилуевынхны бусад хамаатнуудынхаа хамт Куйбышев хот руу нүүсэн юм. Тэнд аравдугаар сарын 14-нд хүү Александраа төрүүлжээ. Василий хүүтэй болохыг л хүснэ. Охин гаргавал төрхөмд нь буцаана гээд л шоглоом хийнэ. Дараагийн өдөр нь Василий фронтоос өөрийн найз Степан Микояны хамт нисэн ирэв. Найздаа хүүгээ гайхуулахыг тэр хүсчээ. Василийн шүтээн байсан Александр Васильевич Суворовын нэрээр хүүгээ Александр гэж нэрлэжээ.

«АРЫН АЛБАНЫ ДАРГА»

Галина Александровна фронтод нөхөр дээрээ олонтаа очно. Нэгэн удаа дагалдах онгоцгүй нисч байхад нь агаарт немцийн онгоц үзэгдэв. Түүний суусан онгоц ойн цоорхойд бууж амжсан бөгөөд ийнхүү азаар амьд гарсан гэдэг. Москвад ирэхдээ, хэн нэгэнд орон сууцтай болоход нь туслах, нөгөөд нь захидал, илгээлт хүргэх гээд бөөн даадгавартай. Бүгдийг яс биелүүлнэ. Нөхрийнх нь найз нар түүнийг “арын албаны штабын дарга” гэж нэрлэнэ.

Амьдрал нь тийм ч шулуун шударга байсангүй. Хоёр дахь хүүхдээ тээж, том хүү нь жил хагастай байхад нэртэй кино зураглаачийн эхнэр, Москвагийн сайхан хүүхнүүдийн нэг Нина Карментай нөхөр нь жиг ургуулсан дуулианыг тэр сонсчээ. Шөнийн турш гэрэл асаалгүй хүүхдийнхээ өрөөнд сууж байсныг нөхрийнх нь эгч Светлана олж мэдэв.

Кремльд буцаж ирээд Светлана эцэгтэйгээ тааралдан дүүгийнхээ талаар, бэр нь хэрхэн хүнд цохилтод орсон, ер юу мэдсэнээ түүнд ярив. Сталины гэрт тийм зүйлийг ярьдаггүй байсан нь Светланаг зогсоосонгүй. Сталин маш ихээр уурлан бэрийнхээ талд зогсчээ. Василийн хамт амьдарч байсан байшингийн сууцыг Галинагийн нэр дээр шилжүүлж, түүнд болон хүүхдүүдэд нь хүнсний тэтгэмж олгуулан ард түмний эцэг - хадам эцэг нь өөрийн цалингаас төлж эхлэв. Мөн агуу жолоодогч хүүхдийн асрагчийг нь ч хувийнхаа цалингаар цалинжуулж иржээ. Хэдэн долоо хоногийн дараа гэмшсэн нөхөр нь мөлхөх шахан ирж “Галька, бидэнд хүү бий шүү дээ” гэж байж эвлэрэв.

-Бид эвлэрч, буйдан дээр намайг хэвтэж байхад Василий цонхоор хотыг харан зогсч байгаад гэнэтхэн “Галт үст минь намайг уучил, Сталин амьд байгаа цагт л би амьд гэдгийг чи ойлгооч” гэж хэлэв. Хожим би тэр үгийг олонтаа түүнээс сонсч байлаа гэж Галина Александровна өгүүлсэн юм.

Харин тэднийг эвлэрсэн тухай сонсоод Сталин огт өөрөөр хүлээн авчээ. ”Буцаагаад авсан хэрэг үү? Тэнэг ч амьтан болог доо. Түүнийг тайван амьдарч, хүүхдүүдээ өсгөг гээд би бүхнийг хийсэн. Хүүхнүүд та нар бүгдээрээ тэнэг” гэж бэрийнхээ тухай охиндоо хэлснийг нь Галинад хожим Светлана ярьжээ. Үүнээс хойш Сталин бэрийнхээ амьдралыг төдийлөн сонирхсонгүй.

Гэсэн ч тэд салцгаасан юм. 1945 оны зун Василий эхнэр рүүгээ утасдаад гараад ирээч гэлээ.

“Бид салах хэрэгтэй. Одоогоор эх дээрээ очиж амьдар. Хүүхдүүд надтай үлдэнэ” гэж тэрээр хэлэв. Сарын цалингаа өгөөд эхийнх нь амьдарч байсан Арбатад хүргэж өгөн хацар дээр минь үнсээд л тэр яваад өглөө. Шалтгаан нь маршалын охин Екатерина Тимошенко болжээ. Удалгүй тэд Сочид очин тэнд бүртгүүлжээ. Гэрлэлтээ албан ёсоор салгаагүй учир тэр гэрлэлт албан ёсных бус. Гурав дахь Капитолина Васильева, дөрөв дэх Мария Нузберг нартай гэрлэсэн гэрлэлтүүд нь ч албан ёсных биш болж таарав.

 Василий Сталин хүү, охин хоёртойгоо

«БИД ЧИНЬ ХҮҮХДҮҮДТЭЙ ШҮҮ ДЭЭ!»

Галинад ажил олддоггүй. Паспорт дээрх тамгыг нь хараад л ажилд авдаггүй байлаа. Сталин нас барж, Василийг шоронд хорих хүртэл бүтэн найман жилийн турш хүүхдүүдээ ч харсангүй.

 Бага Сталины эхнэрүүд

Түүнийг баривчлаагүй нь гайхмаар. Дайны дараа Берия Сталиныг хамаатан саднаас нь холдуулан тусгаарлаж, Аллилуевынханы гэр бүлийн олон хүнийг шоронд суулгасан юм. Гэхдээ түүнийг оролдохгүй гэсэн мэдрэмж Галяд байсан гэдэг.

Тэр мэдрэмжийг нь Сталины охин Светланагийн яриа баталжээ. Нэгэн удаа Светлана эцгийнхээ өрөөнд ороход эцэг нь Бериятай ширүүхэн ярилцаж байв. Сталин Светланаг заагаад “Хэрэв түүнийг, эсвэл Васягийн эхнэрт гар хүрвэл толгойгүй болно гэж мэдээрэй” хэмээн Берияд хэлж байсан нь эмэгтэйчүүдийн дархлал болсон бололтой. Галина Александровна хэдэн сарыг гэрээс гаралгүй өнгөрөөн тамхийг дараалан татаж, манан дунд л мансуурч өнгөрөөв. Никотины хор нь хожим хөлгүй болгожээ.

 Сталин ба Светлана

Сталин нас барсны дараа, Василий Иосифовичийг баривчлан найман жил шоронд суулгасан юм. Галина Александровна түүнд захидал бичиж, шоронд эргэн очиж байлаа. Маршал Ворошиловын оролцоотойгоор түүнд хүүхдүүдийг нь эргүүлэн өгч, хоёр өрөө байр олгуулжээ.

Василий Сталин шоронгоос гараад төмөр замын буудлаас охин Надеждадаа “удахгүй очно” гэж утсаар хэлэв. Найз нартайгаа хамт байсан Галинаг хүү нь олж тэд дэлгүүрээс ойр зуурын юм цуглуулан түүнийг ширээ засан хүлээж байв.

-Зочид явсны дараа, дахин бүрэн бүтэн гэр бүл болон амьдрах хүсэлтэйгээ Василий хэлсэн юм. Өмнөх шигээ л “Галя, бидэнд хүүхдүүд байна шүү дээ” гэв. “Тэр миний дотны хүн, би туслахад ямагт бэлэн. Харин хамт амьдарч чадахгүй. Хагарсан аягыг нааж болдоггүй шүү дээ” гэж би түүнд хэлсэн хэмээн Галина Александровна өгүүлжээ.

...Казаньд цөлөгдөн амьдарч байсан нөхрийнхөө оршуулгад Галина Александровна очиж чадсангүй. Казаньд харин Надежда, Александр хоёр, бага Сталины гурав дахь эхнэр Капитолина Васильева нар нисэн очсон юм. Галина Александровна Бурдонская 1990 оны долдугаар сарын 24-нд ертөнцөөс хальжээ.

ВАСИЛИЙ ИОСИФОВИЧ СТАЛИН

Сталин (Жугашвили) Василий Иосифович 1921 онд Москвад төрсөн. 1962 оны гуравдугаар сарын 19-нд Казаньд нас барсан. Нисгэгч, нисэх хүчний дэслэгч генерал (1947), И.В.Сталин, Н.С.Аллилуева хоёрын бага хүү бөгөөд удирдагчийн хайртай хүү нь байв. Түүнийг Сталины хамгаалтын албаны дарга Э.С.Власик хүмүүжүүлсэн юм. Олон ааштай, сэтгэлийн тэнхээ дорой, сул хүн байжээ. Нисэх хүчинд алба хааж, дайн эхлэхэд ахмад цолтой байлаа. 1941 оноос Ажилчин, тариачны улаан армийн Нисэх хүчний шалгалтын албаны дарга, 1943 оны нэгдүгээр сард фронтод илгээгдэн Гвардийн сөнөөгч онгоцны 32-р хорооны даргаар томилогдов. 1943 оны дөрөвдүгээр сард Василий Сталины ах, жолоодогчийн том хүү Яков Жугашвили Сталин фашистуудын гарт амиа алдсанаас сарын дараа бага Сталин эцгийнхээ тушаалаар уг албанаас “архидалт, дур зоргоор авирласан” гэх тодорхойлолтын дагуу чөлөөлөгджээ. Цэрэг командлах чадвар сул гэсэн нэмэлт тодорхойлолттой.

Гэсэн ч жолоодогчийн хайртай хүү 1944 оноос 3-р сөнөөгч онгоцны дивиз, 1945 оны хоёрдугаар сараас 286-р сөнөөгч онгоцны дизизийн даргаар тус тус томилогдон ажиллав. Дайны үеэр 27 байлдааны нислэг хийж, дайсны нэг онгоцыг сөнөөжээ. Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Александр Невскийн одон, Суворовын одонгийн II зэрэг болон медалиудаар шагнуулсан. Түүний тодорхойлолтод “Сэтгэлийн хөөрөлтэй, түргэн ууртай, биеэ барих чадваргүй. Захирч буй хүмүүстээ гар хүрсэн тохиолдол бий. Биеийн эрүүл мэнд сул дорой, нэн ялангуяа мэдрэлийн систем нь тааруу, хэтэрхий түргэн ууртай. Энэ бүх дутагдал нь дивизийн дарга байхад харшилна” гэж бичсэн байна. Василий Сталин 1946 оноос корпусын захирагч, дараа нь жагсаалын хэсгийн командлагчийн орлогч, 1948 оноос Москвагийн цэргийн тойргийн нисэх хүчний командлагчаар томилогджээ. Улсын асар их мөнгийг Нисэх хүчний спортын клубт оруулж байлаа.

Эцэгтээ 1946 онд Василийн “ховлосон” хэрэг нь нисэхийн олон дарга нарыг баривчлуулж, тэр ч байтугай Улс төрийн товчооны гишүүн Г.М.Маленковыг хүртэл хамруулаад авсан байв. Бага Сталин удалгүй архины ужиг донтон болсон байлаа. Эцэг Сталин нь нас барсны дараа түүнийг цэргийн дүрэмт хувцас өмсөхийг болиулж, армиас халжээ. Лаврентий Берияг үхсэний дараа түүнийг Аюулаас хамгаалахын шинэ дарга Кругловт шилжүүлж, Круглов нь Төв хорооны тэргүүлэгчдэд бичиг явуулж, түүндээ 20 сая рублийг үрж шамшигдуулсан гэж дурдаад дээрээс нь нэмж «зөвлөлтийн эсрэг дайсагнан дайрж, гүтгэлэг явуулдаг» гэжээ.  Зөвлөлтийн эсрэг суртал нэвтрүүлэг хийж албан тушаалаа хортойгоор ашигласан (хэчнээн юм үрэгдсэнийг баталж чадсангүй) тул найман жил хорихоор шийтгэсэн байна.

Сталины хүү энэ бүх хугацааг Лефортын шоронд өнгөрөөхдөө нэргүйэзэр өнгөрөөсөн төдийгүй зөвхөн шоронгийн дарга, мөрдөн байцаагч нар түүнийг Сталин овогтой гэж мэддэг байв. Зургаан жил хоригдсоны эцэст Казань хотод 5 жилийн хугацаатай суулгахаар нутаг заасан байна. 1962 онд ердөө л дөчин хоёр настайдаа нас баржээ. Лефортын шорон, Владимирийн шоронд олон жил хоригдоод эрүүл гарч ирсэн ид насны эр хүн Казаньд гайхалтай сэжигтэйгээр “зүйл дуусах” нь энэ. Гурав дахь эхнэр нь Казань хотын захын дүүрэг Арскийн оршуулгын газар салах ёс гүйцэтгэхээр авсны тагийг онгойлгоход Василийг таньсангүй гэж  ярьсан байдаг. Нүүр нь тэр аяараа хөх няц, хамар нь бяц цохиостой байжээ. "Энэ чинь хүн биш хүүхэлдэй юм болов уу" гэж тэр эхэндээ бодсон гэнэ. Булшин дээр нь нэг таван хошуутай нимгэн банз зоогоод нэрийнх нь оронд төмөр дугаар зүүсэн байсан гэдэг.

Tolgoilogch.mn

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 13. 13:24
Власик

Василий хэдийгээр эцэг, эхийн хайр, халамжийг гүйцэд амсаагүй ч гэсэн их итгэмтгий, цагаан цайлган сэтгэлтэй, жинхэнэ мужик залуу байсан, тэр чигээрээ л дууссан юм шүү.

9 сар 15. 9:43
Зочин

Чи яасан хажууд.нь байсан юм уу

10 сар 4. 16:51
Ганаа

Наадах чинь хамт шоудаж явсан юм биш үү? Хахахахх

9 сар 12. 11:59
Зочин

ah ni eh oronch duu ni shouchin baij dee

9 сар 12. 11:58
Зочин

бас л хэцүү л түүх юм хөөрхий

2016, 11 сар 2. 9:31
Зочин

Их сонирхолтой түүх бн

2016, 10 сар 13. 6:19
Зочин

tvvx vnenig vgvilne

2016, 10 сар 12. 11:21
Зочин

kino ni bdiishd

9 сар 13. 12:00
Зочин

Эр хүний хуйх байсан учраас Оросууд одоо кино, түүхийг гаргасан байх. Тэр хадам аавын бэрдээ хэлсэн үг мундаг аа. Аугаа хүнд юу ч биш ч аймар хэлж байна шүү.

10 сар 3. 13:49
Зочин;lo;po

nas barsanii daraa sharil deer ni tsergiin.. engiin humuus ih ochdog baisan geheer muu hun baigaagui bololtoi

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү