Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Лха.Дарьсүрэн: Танихгүй танилуудын золголт - 1Уншсан2,493

Цэргийн холбооны байшингийн нэг өрөөнд чихэндээ чагнуур хийсэн хэдэн хүн сууцгааж, цахилгаан мэдээний хэрэгслэлийг ширтэцгээнэ.

Зохиолч Лха.Дарьсүрэнгийн "Онцгой эрх" роман нь Монголын тагнуулчдын эр зориг, авхаалж самбаа, ур чадвар алдар гавьяаг тод томруунаар харуулсан онц сонирхолтой ном билээ. Өнгөрсөн зууны сүүл, 70, 80, 90-ээд оны үед зохиолч Лха.Дарьсүрэнгийн ганц "Онцгой эрх" ч биш адал явдалт, онц сонирхолтой зохиол  бүтээлүүд уншигчдыг байлдан дагуулж байсан юм. Түүний бүтээлүүдээс "Танихгүй танилуудын золголт" хэмээх туужийг цувралаар хүргэж байна.

 

Лха.Дарьсүрэн - Танихгүй танилуудын золголт

 

Нэг.

Цэргийн яамны өндөр шургааган хашааны баруун талыг эзэлсэн том цагаан гэрийн зүүнээ хориодхон алхам зайтай байгаа дүнзэн байшингийн хэдэн цонхноос шөнө дөл өнгөртөл гэрэл гэгээ тасарсангүй. Цэргийн холбооны байшингийн нэг өрөөнд чихэндээ чагнуур хийсэн хэдэн хүн сууцгааж, цахилгаан мэдээний хэрэгслэлийг ширтэцгээнэ.

 

Гонзгойвтор царайндаа зохисон өтгөн хөмсөг дороос цогтой цоргисон алаг нүдтэй залуу эр, дугуй дамраас хөвөрч байгаа цаасан туузыг ширтэн зогсохдоо уруулаа үл мэдэг өмөлзүүлнэ. Түүнийг Зундуй гэдэг. Сар гаруйн өмнө тагнуулын түр сургууль төгсөөд нууц түлхүүр тохируулагчаар ажиллах болжээ. Зундуй арван естэй боловч угийн номхон гүдэсхэн зан, шулуун шударга чанар, илүү дутуу үгүй авир араншин нь багш мэргэжилтэн нарын анхаарлыг их татжээ.  Заасан зүйлийг тогтоох гоц авьяас, ой ухаан, холбогдолтой сэжгийг өлгөн авч соргог сэтгэх өвөрмөц чанар түүнд заяажээ. Тагнуулч хүнд байдаг тэр гойд чадварыг мэргэжилтэнгүүд анхаарч, өндөр хариуцлагатай ажилд тохоон томилсон юм. Тэрээр сургууль төгссөнөөс хойш долоо хоног бүрийн нэг шөнийг ингэж өнгөрөөхдөө сэтгэл догдолдог болсныг гадарлав. Чингэж ээлжит дохио хүлээсээр тав дахь ээлжиндээ болзоот дуудлагыг сонсоод эчнээндээ баярлажээ. Гэсэн ч сэтгэлийн ийм хөдлөл Зундуйн нүүр царайнд илэрдэггүй, жирийнхээс илүү тайван уужуу байдаг явдал гайхалтай. Тэрээр нэвтрүүлэг хүлээн авагчийн туузнаас хуулсан тоонуудыг жагсаасан цаасаа барьсаар өрөөндөө орж ирэнгүүт тоонуудыг тохирох үгээр орлуулан сийрүүлээд гүнээ санаа алдлаа.

“Нүдний шил үнэ хүрч, сахалт Харбинд панз хийнэ. Манжуурт буй ахын өр 120 лан хүрээд одоо 284 лан боллоо. Гурван баян панзчин Манжуур орох янзтай. Хүргэн хөлжөөд буцах тул хадагтай золгох хэрэгтэй. Эцэг хөх даалимбаа зоорилжээ. Хүргэн, ажин хоёр их наймаа үсэргэж, хадмаа мод бариулж хоослох нь. “ОСТАМ” гэснийг хэд дахин уншаад эл мэдээг нууц түлхүүрээр тайлахаар эдэлж хэрэглэх зүйл, уул ус, газар орон, улс гүрэн, хот суурин, бүс бараа, эд хогшил, нэр овгоор хийсэн түм шахам үгтэй толь бичгийг нууцын авдраас авлаа.
Зундуй нууц түлхүүрээр тайлсан зүйлээ нарийвчлан хянаад даргадаа танилцуулахаар бэлдээд өрөөнөөс гарав. Зуны дунд сарын шинэдээр хавирган сарны цайвар гэгээнд Цэргийн яамны уужим хашаа байшин, гэр тодоос тод харагдана. Хашааны баруун хэсэгт барьсан хоёр жангийн багашигхан байшингийн гурван цонх гэрэлтэй. Энэ байшинд Цэргийн тагнуулын газрынхан байрладаг. Зундуйг гаднаас орж ирэхэд Цэргийн тагнуулын орлосон дарга Рагчаа, ширээний араас өндийж, тамхиа асаах зуур Зундуйн царайг хэрсүүлэн ажиглаж, “Өнөөдөр бас чимээгүй байх нь?” гэж бодсон атал түүний гарт байгаа хавтсыг санамсаргүй ширтэв.

-Зундуй суугаач гэж Рагчааг хэлэхэд тэрээр хавтсан дотроосоо нууц түлхүүрээр тайлсан хуулбараа эхтэй нь нийлүүлж үдсэн мэдээтэй хамт гаргаад,

-Тамжидын хүүгийн ажиллагаа эхэллээ гэж товчхон илтгэв. Рагчаа, Зундуйгаас баримтуудыг авахдаа “Осор бүх шалгалтуудыг давж чаджээ” гэж бодох зуур нууц түлхүүрээр тайлсан бичгийг нүд гүйлгэн уншив.

“Япон, Семеновынхныг Харбинд нууц хуралдуулахаар яарч байна. Алс дорнодод байрлуулах цэргийг 284000 хүргэхээр шийдэж, Манжуурт 120 мянган цэрэг илгээлээ. Гурван баянаар манай улс руу довтлох төлөвлөгөөг хийж дууслаа. Төлөөний хүн ажлаа бүтээгээд Хүрээнээс эргэх тул хариу мэдэгдэхийг хүсье. Гүнтэнг умард хятадынхан нууцалсан байна. Төлөөний хүн, гүнгийн охинтой уулзаж, хорлон сүйтгэх ажилд ашиглах бололтой. ОСТАМ. 1922.YI.17”

Рагчаа, мэдээг унштал сүүлийн хэд хоног сэтгэлд хуйрагнасан эчнээний тээглээ сарниад давчдаж байсан цээж уужрах шиг болжээ. Гэсэн ч Рагчаа, “ОСТАМ”-ын илгээсэн баримтыг гүнзгийрүүлэн бодох тусам бурангуйн ёс, төрийг халаад жил шахам болж буй тулгар засаг төрд, гадаадын цэрэг улс төрийн түрэмгийлэл илэрхий заналхийлж, хорлон сүйтгэх ажиллагаа идэвхжихэд хүрсэн их замын уулзвар дээр зогсож байгаагаа юунаас ч илүү ухаарна.

-Зундуй... Чи энэ илгээлтийн талаар ямар бодолтой байна даа гэж Рагчааг бодолхийлон лавлахад,

-Рагчаа дарга аа! Бидний төсөөлөл баримттай боллоо шүү дээ. Япон улс, далайн эрэг хавиас цэргээ түр татахаар шийдсэн учраас Англичууд, Меркуловын Засгийн газарт амласан 15 сая алтан рублийн зээлийг цуцалсан мэдээг яаран зарласан явдал бол жирийн хэрэг биш. Англичууд Гурванбаян гэдэг төлөвлөгөөг хүлээж зээл өгөхгүй хойшлуулсаар байсан бололтой. Япончууд тэр төлөвлөгөөг биелүүлэхийн тул Зүүн умарт хятадад бүгсэн цагаантнуудыг Семеновын удирдлаганд нэгтгэхээр улайрч байгаа энэ үед Харбины “ичээнийхэн” өндийх боломжтой болж байгаа юм гэлээ.

Рагчаа, Зундуйтай нэлээн зүйл ярилцах гэснээ хойшлууллаа. Ер нь Рагчаагийн сэтгэлд хоногшсон бүхэн Зундуйд тоймлогдож байв. Засаг төрийн эсрэг чиглэсэн хуйвалдааныг цагаан хэрмийн цаана, наанаас удирдаж байгаа Хятад, Америк, Японыхон өрсөлдөх болсон энэ үед японы цэрэг, улс төрийн түрэмгий бодлогод тулгуурласан “Гурван Баян” гэдэг төлөвлөгөө, Ардын засаг төр, Ардын намыг түлхэн унагасан тэр үед эхлэх боломжтой байлаа.

-Зундуй! Нацагийг одоохон дуудуулаад, гүнгийн охин, Яндаг хоёрын хэргийг аваад ир! Харин хүрээний гудамжинд наасан, хорлон сүйтгэгчдийн ухуулах хуудсын талаар өглөө танилцуулаарай гэхэд

-Мэдлээ. Гүйцэтгэе гэж товчхон илтгэсэн Зундуй даргынхаа өрөөнөөс гарлаа.

 

*    *    *

Зуны дунд сарын хууч гарсан болохоор шөнийн тэнгэрийг нүдгүй харанхуй нөмөрчээ. Их Хүрээний Дайчин вангийн өндрийн араар тахиралдсан нарийн гудамжийг өгсөн нэг хүн, зүүн тийшээ. Энэ нь Нацаг байлаа. Нацаг Автономитын Гадаад яамны дэргэд байгуулсан сургуульд суралцаж төгсөөд гадаад яамнаа хятад, манж, япон хэлний хэлмэрчээр ажиллаж байгаад гамингийн үед ажилгүйджээ. Хүрээнд Ардын засаг ирэнгүүт Нацаг Хичээнгүй сайдтай уулзаж өөрийн хүсэлтээ уламжилж, Засгийн газар бичээчээр ажиллах болсон билээ. Чингээд хэдэн сар өнгөрсний дараа түүнийг Цэргийн яамнаа татан ажиллуулжээ. Нацаг, Рагчаагийн мэдэлд хагас жил шахам ажиллахдаа түүний хэрсүү ухаалаг, ажигч байдал, аливаа сэжгийг баримтаар батлан дүгнэх, явсан газар орны байдлыг нүдлэн тогтоохдоо авхаалжтай болохыг ажиглаад “Аргагүй л жанжны дэргэд олон жил ажилласан хүн юм даа” гэж бодоод сэтгэлдээ биширнэ. Нацаг даргатайгаа хөдөө явахдаа жанжинтай хэрхэн танилцсаныг нь лавладаг байлаа. Харин хоёр сарын өмнө Зундуйтай уулзаж ажил төрөл ярилцах зуураа даргынхаа тухай сонин зүйл сонсоод Рагчаагаар бахархмаар санагдана. Тэгээд зав чөлөөтэй үедээ Зундуйн ярьсныг эрэгцүүлэн бодно. Чухам яагаад ингэж боддог учраа Нацаг төдий л олдоггүй. Нацаг Цэргийн яамыг  чиглэн явахдаа “Рагчаа дарга намайг юунд дуудсан юм бол? Яаралтай хэрэг гарч дээ. Дотоодын хамгаалахын дүрмийг яаралтай засах хэрэг гараа юу?” гэж бодож явахдаа даргынхаа тухай бодож явлаа.

...Рагчаа эдүгээ гучин таван настай. Тэрээр Автономитын цэрэгт ирээд үе тэнгийнхэндээ “Гурай даамал” гэж хочлогджээ. Рагчааг номхон томоотой, үг хэл гаргадаггүй, мөрөөрөө явдаг болохоор цэргийн хүнсний даамал болгожээ. Сангийн яамнаас цэрэгт нийлүүлсэн хоол ундны зүйл хүрэлцэхгүй, хомс болохоор өлссөн цэргүүд Рагчааг элдэвчлэхийн зэрэгцээ заримдаа “Хоол хасаад гүзээлчихдэг мөртлөө идсэн шинжгүй гурай амьтан” гэж харааж давшлах нь цөөнгүй. Нэг өдөр Сангийн яамны их нярав, нэгэн ламыг дагуулж цэргийн хоолны мах авчирчээ. Рагчаа, хоёр хоног мах тасарсан болохоор морин тэрэгтэй махыг гал зуух руу хүргүүлэх гэснээ бүтээлэг даавууг сөхвөл хамгийн дээд талд үхрийн хоёр хаа, нэгэн гуя хаясан байлаа. Рагчаа тэр гуяыг санамсаргүй сөхвөл эхүүн үнэр хамар өөд нь сэнгэнэв.

Рагчаа тэр дороо хороо хоногт /хорооны дежур/ дуулгахаар дарга нарын гэр рүү очтол тэр өдрийн хороо хоногт Сүхбаатар сууж байлаа. Рагчаа байдлыг илтгэхэд Сүхбаатар тэр махыг үзээд агуулахаас дэнлүүний тос гаргуулж авчраад,

-Энэ махыг хогийн хонхорт аваачиж шатаа гээд Сангийн яамны их няравт: Үүнээс хойш ийм мах авчирвал өөрөө ч өршөөгдөхгүй гэж мэдээрэй гэлээ. Тэр өдөр цэргүүд үнэр орчихсон махыг шатаагаад Цэргийн яам руу жагсаалаар очиж заргалдахаар шийдээд байтал Га мэйрэн ирж, цэргүүдийг хориглож, элдэв үгээр ятгав. Гэтэл Сүхбаатар

-Мэйрэн гуай! Та учир мэдэх албаны хүн атал цэргүүдийг хоёр хоног махаар тасарч байхад дуугүй суудаг чинь албаны ёсонд таарах уу? Та энэ цэргүүдтэй хамт Цэргийн яаманд очих ёстой. Хэрэв очихгүй бол мэйрэн хэргэм танд гай болно байх гэлээ.

-Сүхбаатар минь... Хүү минь яаманд айлтгалгүй өнгөрөөж үз. Би одоохон орос дарга нарын агуулахаас үхрийн шинэ мах авч өгье. Тэгээд үүнээс хойш махаар таслахгүй. Би өөрөө хөөцөлдөж байя гэлээ. Ингээд цэргүүд Цэргийн яам руу очилгүй өнгөрч, Рагчаа ч хүнсний даамал “сэтрээ” тушааж, Га мэйрэн, түүнийг дуртай зөвшөөрчээ. Рагчаа, Сүхбаатартай ингэж танилцаад Халх голын байлдааны үеэр /1917 оны харчин гүн Бавуужавтай хийсэн тулалдаан/ бүр дотно танилцав. Нэг өдөр рагчааг Хатанбаатар ван дуудуулжээ. Тэгээд Халх голын сүмийн жасын гэрт очихдоо Сүхбаатартай уулзав. Хатанбаатар Сүхбаатар тэргүүтэй найман хүнтэй уулзаад,

-Та нар Сүхбаатарын удирдлагын дор явж, харчны дээрэмчин Баянцагааныг барьж ирнэ гээд тагнуулын хэсгийнхэнд тодорхой заавар өглөө. Тэд шөнөжингөө явж, Баянцагааны буусан газар хүрлээ. Халх гол хавийн монголчуудыг дээрэмдсэн дээрэмчид жижигхэн толгодын өвөрт бууж, зургаан майхныг хоёр эгнүүлэн босгоод баруун урдхан талд нэг гэр барьсан нь сарны саруулд тод харагдана. Шинийн арван гуравны тэргэл сарны гэгээнд гэрийн үүдний манаа хааяа үүрэглэн гэрийн хаяа түшин суусныг ажигласан Сүхбаатар,

-Рагчаа, хоёулаа энэ манааг барина. Харин Сүх, манаач орлон үлдэнэ. Та тав Сүхийг хамгаалах болно гээд цэргүүдээ тав, таван бөмбөгтэй үлдээж, гурвуулаа том гэрийн зүг мөлхөв. Сүхбаатар гэрийн хойхно очингуутаа зогсож чимээ чагнатал манаа нойрноос сэрээд босов.

-Сүхээ. Гэрийн зүүгээр манаанд ойрт. Бид хоёр баруун талаас гэтнэ. Дохио өгөхөөс нааш манаач руу дайрч болохгүй. Манаачийг бид хоёр руу зүглэвэл чи юм унагаж чимээ гаргана. Чам руу чиглэвэл бид хоёр чимээ өгнө. Тэр хооронд бид амжих хэрэгтэй гэлээ.

Сүх гэрийн зүүн хаяаг тойртол Сүхбаатар, Рагчаа хоёр баруун хаяагаар тойрлоо. Энэхэн үед гэрийн манаа зүүн талаасаа баруун тийшээ эргэв. Рагчаа, Сүхбаатар хоёр гэрийн хананд ар нуруугаар налан амьсгаа хурааж зогстол, гэрийн зүүн талд газар унаж байгаа чулууны чимээ гарлаа. Торхийх тэр чимээгээр өнөө манаа гэнэт зогсож чимээ чагнаснаа гэрийн хаалга руу эргэх тэрхэн чөлөөнд Сүхбаатар манаачийн  араас ухасхийн очиж хулхинд нь гар буугаа тулгаад

-Чимээгүй. Аминд чинь халтай шүү гэтэл нөгөө талаас Сүх гарч ирэв. Чингээд Сүх манааг орлон үлдэж, Рагчаа нөгөө манаачаа үүрч том гэрийн арын судагт аваачив.

-Гэрт ямар хүмүүс байгаа вэ? гэж Сүхбаатарыг асуухад харчин цэрэг айж гайхсаар,

-Жаа... Ба ноёнтон залуу хүүхний хамт байгаа гэж дультрав.

-Харуулын эргүүлд нууц дохио бий юу?

-Харуул эргэх хүн “Хорчин байна” гэж дохио өгөх ёстой. Одоохондоо ирэхгүй. Түрүүхэн ирээд явсан. Үүрээр ирнэ.

-Энэ зургаан майханд юу бий вэ?

-Зүүн гурван майханд бараа бий. Нөгөө гурван майханд дөчин хоёр цэрэг бий.

-Ба ноёнтны гэрт өөр хүн байхгүй юу?

-Байхгүй. Хүүхэн авчруулсан үед түүний хоёр туслах барааны майханд хонодог юм.

Сүхбаатар хүмүүсээ хуваарилж, майхны зүг гар бөмбөг шидүүлэхээр бэлдээд Рагчаатай хамт гэрт орж, согтуу дээрэмчинг баривчилжээ.

Үүр дөнгөж цайж, алсын бараа танигдах тэрхэн үед морьдын төвөргөөн үүрийн анир чимээгүйг цочоов. Сүхбаатар газрын байдлыг ажиглан хэсэгхэн зогсож, ойртож буй морин төвөргөөнийг чагнах зуур,

-Сүхээ. Баянцагааныг аваад яв. Рагчаа, Ба ноёнтонг хөтөлгөө моринд сайн баглаж өг. Бусад цэргүүд тэр жижиг толгойг уруудсан жалгын эхэнд байрла гээд өөрөө үлдэв. Сүхбаатар, Рагчааг дагуулан жалгын сүүдэрт зогстол үүрийн гэгээнд толгодын бэлээр зурайсан элсэн замаар хэсэг морьтой хүмүүс гарч ирлээ.

Эд нар хорь гаруйлаа ирлээ. Рагчаа! Энэ жалгын эхэнд очоод өөдөө гар. Жалгын эхээс наахна тохойрч мөргөцгөлсөн хамар бий. Тэр мөргөцгийн дагуу цэргээ байрлуул. Би гурван удаа буудаж дохио өгөхөөс нааш гар бөмбөгөө шидэж болохгүй гэж даалгалаа. Рагчаа таван цэргээ дагуулан Сүхбаатарын зааж өгсөн өнөө мөргөцгөлсөн хамрын дээрээс жалгыг ажвал тэр  нь ходоод шиг цүлхгэр ажээ. Харин жалгын мөргөцгөлсөн хэсэг нь жалгын зайг нарийсган ходоодны амсар шиг болгожээ. Дээрэмчид элсэн дээр гарсан мөрийг ажиглан өгсөж, жалгын цүлхгэрийг даган өөдлөв. Чухам энэхэн үед гар буу гурвантаа дуугарч дээрэмчдийн хэсэг замбараагүй байдалд орох тэрхэн үед эргэн дээр байрлаж отсон цэргүүд гар бөмбөгөө шидэв. Ийнхүү Сүхбаатарын отолтонд орсон дээрэмчдээс амь мултарсан хэд нь жалгын цүлхгэрээс гарч амжсандаа олзуурхсан янзтай жалга уруудан зугтаажээ. Сүхбаатар шөнө жалгын байдлыг сайн ажигласан болохоор хөмөрсөн аюулаас мултрах аргыг ингэж нарийн төлөвлөсөн аж. Рагчаа түүнээс хойш тагнуулд явах болгондоо зам зуур тохиолдсон дов сондуул гуу жалга, асга хад, гол мөрөн, булаг шанд бүрийг нүдлэн тогтоодог болжээ.

Рагчаа, Зүүн хязгаарын цэргээс буугаад Хиагтын харуул цэрэгт очиж Хиагтын Наймаачин хотын “доод найм” гэдэг хамгаалалтын хэсэгт хуваарилагдав. Гэтэл автономийг татан буулгахад Хиагтын цэргийг тараалаа. Рагчаа амьдрахын эрхэнд Хиагтын /Троицкосавка/ худалдаачин Кубальскийн Булгаар үйлдвэрлэх газар /Алтанбулагийн Булгаарын завод/ арьс ширний үс зумлагчаар ажиллах болов. Чингэтэл нэг өдөр Наймаачны тавин цэрэгт үлдсэн нэг танил нь ирж,

-Сүхбаатар, чамайг сураглаж байна. Бололцоо байвал Орос Хиагтын Бүтэд буриадынд ирж уулзаач гэж хэлүүллээ гэж дамжуулав. Рагчаа тэр шөнө хил давж, хуучин зүс таних Ерөөгийн алтны уурхайд ажилладаг Бүтэдийнд очиж Сүхбаатартай уулзжээ. Сүхбаатар, Ардын намын зорилт, журамт цэргийг байгуулах тухай Рагчаад яриад,

-Рагчаа! Энэ хэрэгт чамайг оролцоно гэдэгт итгэж байна. Тэгэхдээ чамд яггүй хүнд ажил оногдоно. Одоо юуны өмнө Хүрээнд үлдсэн намын нууц нөхөдтэй холбоо тогтоох хэрэгтэй. Цаашдаа Хүрээ, Хиагтын зам зуурын дагуух гамин, цагаантны хөл хөдөлгөөнийг болон цэргийн байр байдлыг тагнах хэрэгтэй байна. Чи юу гэж бодож байна гэж асуужээ. Чингээд Рагчаа Сүхбаатарын “онцгой даалгаврыг” биелүүлж эхэлсэн билээ...

Нацаг чингэж даргынхаа тухай бодсоор яваад Цэргийн яамны хашааны хаалганы дэргэд ирснээ бараг анзаарсангүй.

-Зогс! Юун хүн бэ? гэж сүртэй дуугарсан харуулын цэргийг хараад Нацагийн сэтгэлд урган, нүдэнд нь дүрслэгдэж байсан бүхэн харанхуй шөнийн тэнгэрт од харвах шиг эгшний төдийд сарнив.

 

*    *    *

Рагчаа, Шүүх яамны бүрдүүлсэн Яндангийн хэрэг, гүнгийн охиныг судалсан баримтуудыг уншаад онцгой анхаарах зүйлээ тусгайлан тэмдэглэв. Рагчаа, тамхиа асааж алгуурхан сорох зуураа Яндангийн хэрэгт холбогдох дам мэдээнүүдийг түүвэрлэн бичсэн зүйлээ авч уншаад өөр хооронд нь харьцуулна.

...Гадаадаас ирэх тэр хүнийг долоо хоногийн дөрөв дэх өдөр Дурдасны гуанзанд хүлээх ёстой... Таних тэмдэг маанийн эрхи юм... Нууц дохио нь зуун найм дахь хэрэгтэй юу? Хариулт зуун найм атугай арван хоёр дахь шүрэн толгой хэрэггүй. Сорилт нь шүрэн толгойны бөөр эмтэрчээ. Хариулт нь бүтэн болгох гэж ирлээ...
Рагчаа, Яндагийг нас барахын өмнө амжиж хэлсэн зүйлийг уншаад ширээн дээр тавингуут түүний хажууд бас нэг бичгийг тавив.

...Хүрээнд бүгсэн цагаантны хурандаатай уулзахаар Гакамоку хэмээх нууц хүн Харбинаас гарлаа. 1922 оны 5 сарын 29.

Рагчаа хилийн чанадаас ирсэн энэ баримтын хажууд өчигдөр өглөө Хүрээний нэгэн гудамжинд наасан ухуулах хуудаснаас хуулсан сүүлчийн өгүүлбэртэй бичгийг тавиад нүд чавчилгүй ширтэнэ.

...Гамин болон улаантны гарт өртөн алдагдсан Автономит хэмээх өөрөө өөртөө засан тохинох засаг төрөө сэргээн тогтооход ах дүү монголчууд нэгэн зэрэг хөдөлцгөө! Та нарт гар сунган туслах аугаа их хүч бэлэн бий шүү...

Рагчаа үүнийг уншаад сэтгэлдээ “аугаа их хүч... Орох оронгүй оргодол цагаантан, бусдын газар нутагт шунасан японы цэрэг улс төрийн дайнч хэнээтнийг ингэж өргөмжилжээ...” гэж бодсоор ОСТАМ-аас авсан баримттай харьцуулаад “Манай улсыг Гурван Баянаар довтлох тэр төлөвлөгөөг Японы Цэргийн яам батлаагүй байх нь” гэж амандаа шивнэнэ.

Рагчаа бодит баримтуудыг харьцуулан хийсвэрлэх дуртай. Түүний бодлоор бол хэтрүүлсэн хийсвэрлэл дэндүү тэнэг зөгнөл шиг санагдах атал тийм хийсвэрлэл, ямар нэг зорилгыг нэг талаас амьдралд гарцаагүй биелэгдэх зүйл болгон нотолдог байтлаа нөгөө талаар амьдралд хэзээ ч биелэхгүй хоосон зөгнөл болон илэрдэг онцлогоороо хайнга хийсвэрлэлээс ялгаатай байлаа. Гэтэл хайнга хийсвэрлэл хөдөлбөргүй баримт сэлт, цаг үеийн нөхцөл байдал, хувь хүний бодол төсөөлөл бүрийг  нэгтгэхэд саад болж “ацан шалаанд” мухардуулах нь олонтой. Чухам энэ бүхнийг ялган тунгаахыг хичээсэн Рагчаад сүүлийн хоёр хоног “нүдний хор” гаргах зав олдсонгүй.

Рагчаа, унтарсан тамхиа асаах зуур суудлаасаа босож, цонхны дэргэд очих тэрхэн хоорондоо “Яндагийг өөртөө элсүүлсэн японы тагнуулын бие төлөөлөгч Гакамоку мөн үү?” гэж бодно. Цаг үеийн олон улсын харилцааны байдлаас ажвал Америкийнхан японтой нэлээн холбоотой бөгөөд мөн Хятадаас холбоо таслаагүй байлаа. Чухам энэ ажлыг Чуулал хаалган дахь Америкийн элчин консул зохицуулж байв.
Рагчааг ингэж бодож байтал гаднаас Нацаг орж ирлээ. Рагчаа цонхны дэргэдээс эргэж, ширээний дэргэд очингуутаа,

-Ашгүй чи хүрээд ирэв үү? Наашаа ойртож суугаач гэлээ. Рагчаа, Нацагт “ОСТАМ”-ын илгээлтийг үзүүлснээр тэдний ажил хэргийн яриа эхлэв. Нацаг баримтуудыг уншаад өөрийнхөө саналыг илтгэхдээ,

-Гурван Баян төлөвлөгөө батлагдаагүй байгаа нь илэрхий. Хүрээний нууц  хүн болох төлөөний хүн төлөвлөгөөг батлагдахаас өмнө эндэх ажлаа зохицуулаад буцаж магадгүй сэжиг гарч байна. Эсвэл өөр зорилготой ч байж магадгүй. Иймээс төлөөний хүний зорилгыг тогтоох хэрэгтэй. Нөгөө талаар төлөөний хүн, Гакамоку хоёр нэг хүн байх. Учир нь хоёулаа японы тагнуулын газартай холбогдож байгаа учраас нэг ажлаар хоёр хүн илгээх нь эргэлзээтэй байна. Эцэст нь хэлэхэд японы тагнуул хүрээнд ирээд дэн буудлуудаар шагайх уу? Тэгвэл Хүрээний дэн буудлаас хэнийх нь японы болон цагаантны гар хөлд өртсөн байх вэ? гэдэг асуудлыг мухарлан шийдэх нь чухал гэж хэллээ.

-Тиймээ. Би чиний саналтай санал нэг байна. Харин миний болгоомжилсон нэг зүйл бол гүнгийн охин, энэ ажилд ямар хэмжээгээр оролцох ёстой вэ? гэдэг сонин хэрэг.

-Рагчаа дарга аа! Амьдралд цөхөрсөн, эцгийнхээ сургийг хүлээж ядсан бүсгүй хүнийг тэд яаж ч ашиглаж чадна шүү дээ.

-Чухам наад санаа чинь намайг түгшээж байна. Гүнгийн охиныг ашиглаад амьд үлдээх үү? Устгах уу? Бид засаг төрөө, хорлон сүйтгэх дайснуудаас хамгаалахын зэрэгцээ ард иргэдийнхээ амийг ч хамгаалах үүрэгтэй гээд Рагчаа хэсэг дуугүй бодолхийлсноо,

-Одоо хятадын сонинууд цуурхал тараах дон шүглээд байна. Ялангуяа Зөвлөлтийн Гадаад Хэргийг Эрхэлсэн ардын комиссар Чичерины нэр төр рүү дайрч байна. Тэгэхдээ Гадаад Монголыг аврахын тул ов мэх гаргаж байна хэмээн худлаа гүтгэсэн учраас баруун зүгийн зарим орны гадаад яамдын нөлөө бүхий хүмүүс түүнийг дэвэргэж цуурхал болгоод байна. Өөрөөр хэлбэл япон, цагаантны хуйвалдаан төдийгүй Чжан-Золингийн өрсөлдөөнөөс манай орныг хамгаалах гэсэн бодлогын нөлөөгөөр Англи улсаас Меркуловын Засгийн газар амласан зээлээ өгч, дэмжихийг бодсонгүй гэж шуугиж байна. Японы Засгийн газар Алс дорнодод зах зээлийнхээ нөлөөг алдахгүйн тулд далайн эрэг хавиас цэргээ түр татсан боловч манай улс руу өнгөлзсөн далд санаагаа орхиогүй байгаа юм. Үүний цаад учрыг мэдсэн Англи, Японтой түнш хагарчээ. Одоо Япон, Америктай холбоо тогтоохыг эрхэмлэж байна. Японы Цэргийн яамны сайд Яманаси, манай орныг “асрамжиндаа” авах талаар Америктай санаа тохиролцсон нууц хэлэлцээний тухай санамсаргүй чалчсан мэдээ, баримтуудыг шүүрэн авсан сонин сурвалжлагч нар нэлээн давсалчихсан болохоор Чжан-Золин түүнийг эвтэйхэн ашиглахыг хичээж байна. Япон, Америкаас урьдахын тулд монголоос дүрвэсэн ван, гүнгүүдийг сүрдүүлж өөртөө татаад зогсоогүй тэдний үр хүүхдийг барьцаанд авч, эрхэндээ оруулах, улмаар нам засгийн эсрэг тухирах бодолтой байгаа юм. Тиймээс гүнгийн охиныг хүний гарт алдах уу? Эсвэл түүнд иргэнийх нь үүрэг зорилгыг ойлгуулж шинэ хүн болгож чадах уу гэдэг асуудал тулгарч байгаа юм гэж анхааруулав.

-Рагчаа дарга аа! Хүрээний төлөөний хүнийг “зуун найм дахь эрхиний эзэн” гэж бодож байна уу? гэж Нацагийг асуухад,

-Ямар ч гэсэн Зундуйг бэлтгэлтэй байлгах нь илүүдэхгүй. Тиймээс Хүрээний төлөөний хүн, Гакамоку хоёрын холбогдлыг тодруулж нууц нэрийн учрыг олох хэрэгтэй. Одоо Хайлаарт 2700 морьт цэрэг бэлэн байгаа  хийгээд цагаантны генерал Щильников, Мицеевский нар Харбинаас баргын сүмд нууцаар ирсэн явдлыг харьцуулбал бидний сонирхож байгаа хүмүүс хоёр генералтай дам холбоотой байна. Ялангуяа өчигдөр өглөө зүүн хүрээний гудамжинд наасан ухуулах хуудасны өгүүлбэрийн утга санаа, нууц хүний зорилготой холбоотой бөгөөд түүнийг Хүрээнд ирсний дараа хань хамсаатнуудынх нь гараар хийгдсэн байж болох бүрэн бололцоотой. Нөгөө талаар цаг үе түгшүүртэй байдалд хүрч болохуйц нөхцөл бүрдээд байгаа одоо үед юуны өмнө Дотоодыг Хамгаалах Газрыг байгуулах явдлыг түргэтгэх хэрэгтэй байна. Өчигдөр жанжин, Дотоодыг Хамгаалах Газрын дүрэмтэй танилцаад дахин боловсруулах үүрэг өгч, яаралтай дуусгахыг даалгаж байна. Иймээс нөгөөдөр өглөө гэхэд Намын Төв Хороо, Засгийн Газарт оруулах айлтгалыг бэлэн болгож, Дотоодын Хамгаалахын дүрмийг дуусгах хэрэгтэй. Тэгэхдээ юуны өмнө Яндагийн хэрэгтэй танилц. Өнөө орой Хүрээнд ирсэн төлөөний хүний талаар дахин ярилцъя гээд ажлын удирдамж өглөө.

 

*    *    *

Хүрээний зах зээлийн хүн улам нэмэгдэж буй жин үдийн хирд, олны дундуур энэ тэрхнийг сонирхон, хайнгадуухан гэлдэрч яваа хөхөвтөр туранхай царайтай, дөч орчим насны нэг хүн, хүрэвтэр өнгийн хөөргийг үзэж шохоорхох зуур хүрээ зээлийн тэрэгчингүүдийн зүг сэм ширтэнэ. Энэ хүнийг Очир гэх боловч угтаа Дөрвөд далай ханы Жудаг гэдэг. Гэсэн ч түүнийг мэдэх атугай гадарлаж, зүс таних хүн хүрээ захаар үзэгдсэнгүй. Тэрээр герман зөөлөвчтэй, чамин хийцтэй тэрэгний урд суудалд лаглайн суусан, сахал самбайндаа дарагдсан тэрэгчин оросыг нүдний булангаар сэм ажин, хүний сиймхийг хүлээнэ. Тэрэгчин орос долоо хоногийн пүрэв гаригийн үд өнгөрмөгц хаашаа ч явалгүй, суудал дээрээ үүрэглэж, үдэш хүргээд буцдаг болсныг тэрэгчингүүд үл анзаарна. Тэрэгчин орос үндсэн гансаа нэрж, хааяа гашуун утаандаа хахаж, цацан ханиалгахыг ажваас мэнгэртэй гэмээр санжээ. Очир дамчингуудын тансаг сайхан эд барааг хачирхаж, нүд хужирласаар тэрэгчин оросын дэргэд очоод,

-Хүүш сахалт хараа! Консулын дэнж орох уу? гэж хоргоолоо.

-Гурван эрдэнийн сүм үү? гэж лавласан тэрэгчин ханиаж хахна.

-Тиймээ. Троицкын сүм рүү гэж хэлсэн Очир танимхайран инээнэ. Очирын царайг харсан тэрэгчин “Үдээрийн хөх амьтанг хэдэн долоо хоног хүлээж хатах гэж дээ” хэмээн бодсоор гоёмсог жуузны хаалгыг онгойлгож өглөө.

Очир, тэргэнд суухдаа тэрэгчний баруун хөлд буй суга таягийг хальт хараад хачирхсаныг тэрэгчин үл гадарлав. Тэрэгчин аман дотроо хэдэн юм бувтнаад жолоогоо угзарч, морио шавхуурдаад “Төвөөс явуулсан юмыг хараач! Ноосоо гээсэн халууны тэмээ шиг өөдгүй амьтан... Яах гэж яваа бол” гэж үглээд зүүн тийшээ шогшуулахдаа сэтгэлдээ хий ундууцан, морио учир зүггүй гуядаад тэрэгний хажуу руу нулимж, эчнээний бухимдлыг номхруулна. Чухам тэрхэн үед тэргэнээ тухлан суусан Очир, суудлын арын зөөлөн түшлэгийг налан нүдээ анин “Дутовын нууц хүн, хаагуур доншуучилж яваад эрэмдэг болоо бол? Хиймэл сахал, зэрэмдэг хөлийг эс тооцвол өөрчлөгдсөн юм алга. Харин азарганы дэл шиг сагсайсан сахал самбай, хиймэл мөртлөө хэний ч нүдэнд итгэгдэхээр нямбай, сайн таарчээ. Мань хүн намайг таньсангүй. Тэгэхээр арав шахам жилийн өмнө учирсан Үжнээ намайг танихгүй байх” гэж бодтол тэртээд өнгөрсөн хэрэг явдал сэтгэлд орон гаран эргэлдэж, нүдний үзүүрт сүүтэгнэн өртөнө.

...Очир хэмээгдэх Жудаг, яг арван жилийн өмнө баруун хязгаарын нэг өртөөний занги гэгдэж нэр сүртэй явжээ. Тэрээр Манж амбаны улаа шүүс, өртөө алба саатуулсан хэрэгт унаж болох хэд хэдэн эгзгээр Халх жасааны туслах түшмэлтэй ам муруйгаад эс нийцсэндээ шаралхаж, жасаа түшмэл Магсаржавт үл учрыг мэдүүлжээ. Гэтэл халх жасааны түшмэл, түүний айлтгалыг үл ойшоон, өөрийг нь шаггүй шийтгэж хэргэм бууруулжээ. Жудаг эргэцүүлэн бодвол Манж амбаны алба тасалдуулсан хэрэгт ороогдож, хар толгойгоо цусдаж болох илэрхий аюулаас өөрийгөө аврах нүх сүв хайх хэрэг тохиолдсоныг ойлгов. Тэрээр ил хэргийг Манж амбанд айлтгах арга олжээ. Гэтэл хэзээ хэзээнээсээ алба таарахаа больсон Халх жасаа, Манж амбаны хооронд дүрэлзэх шахсан далд маргаанд Жудаг хушуу нэмсэнд баярласан амбан талархаж, тал засаад цагийн аяыг дагуулан Магсаржавыг ялд унагах хавх бэлдэхээр шийджээ. Харин Ховд хотод олон жил суусан Номт, Манж амбаны эчнээний бодлыг гадарлаад нэг үдэш хар архиар ходоодоо  халаах зуур пүүснийхээ хэдэд ам мэдэн цуурчээ. Эзнийхээ гараар могой барьж сурсан нэг чунчаа /өр нэхэмжлэгч/ ил учрыг Магсаржавт дуулгажээ. Магсаржав, Хөх дэрсний жасаанаас Их хүрээг чиглээд нэлээн удаж байтал Ховдын орос худалдаачдын хэргийг хамааран захирдаг нэг орос, Жудагтай зээлийн Чантуу худгийн гудамжнаа дайралдаад гэртээ урьжээ. Тэрээр Жудагийг чамбайхан дайлж, энэ тэрхэн зүйлийг хамж шимж ярьснаа, ярианы өнгийг гэнэт өөрчилж, Жудагийн хоолойд хутганы ир тулсныг дуулгаж, анхааруулав.

-Жудаг аа! Их Хүрээнээс цэрэг хөдлөөд удаж байгаа гэнэ. Түүнийг Баргын гүн Дамдинсүрэн, Халх жасааны Магсаржав нар манлайлж яваа сурагтай. Чи үнэндээ манж, монголчуудын хооронд яс хаяж, Магсаржавт гай тарьсан шүү дээ. Чиний тэр балаг, амбан, Магсаржав хоёрыг биш манж, монголчуудын мөргөлдөөн болж хувираад байна. Монгол амбан санасандаа хүрдэг, шаггүй няхуур, яггүй хүн! Ховдыг эзлэнгүүт хэд хэдэн хүнд хатуухан шан хүртээнэ. Харин чамайг яах бол... гээд орос түшмэл үгээ зориуд таслаад ширээн дээр байгаа гоёмсог хайрцагнаас хөндий иштэй тамхи авч асаагаад цэнхэр туяатай нүдний овжин харцаар Жудагийг ажиглана. Жудаг, цүндгэр бөөртэй шилэн хундаганы амсраар цэлэлзсэн орос архи шимэх зуур “Тэгэхэд Түшээт ханы дайчин бэйсийн Мөнх зэрэг хүмүүс Магсаржавт тусалж оргуулсан. Гэтэл би... маанаг толгой тэдний хооронд яс хаячихсан болохоор ёстой өршөөгдөх замгүй болжээ. Одоо Магсаржавтны нүүрийг яаж харах вэ? Ор мөргүй зугтаах хэрэгтэй”  гэж бодсоор санаа алдаад мод толгойгоо гутлын түрүүнээс сугалж, нэржээ.

Хүний сэтгэл санааны доголдлыг мэдэх гэдэг бол дипломатч хүний нэг авьяас гэж үздэг түшмэл, санасандаа хүрэх учигнаас барьсандаа олзуурхаж, тамхиа шуналтай сорж Жудагийг ажсаар ухаан гарган,

-Чи амбанд талтай хүн. Тэгэхээр Хүрээнээс гарсан цэргийн чимээ сургийг дуулгавал ямар вэ! Амбан Синь-цзянаас туслах хүч авахгүй бол тээрмэнд орсон будаа шиг яайчуулна гэж ятгав.

-Жа ноёнтон минь. Олон хүний цус хий урсвал яана?

-Дамдинсүрэн, Магсаржав хоёр ухаантай, цэргийн жанжингууд. Тэгэхээр хамаагүй цус урсгахыг бодохгүй. Амбан үүнийг түвэггүй мэднэ гэж Жудагийг ятгаж яншихад “Нээрэн... хэн, хэн нь олны амийг бодох байлгүй” гэж бодоод яльгүй түвэгшөөсөн янзтай,

-Ноён түшмэлийн захисныг амбанд дуулгахыг хичээе гэж цааргалсан янзтай хэлэв.

-Хичээж, цөхөх юм байхгүй. Ердөө энэ бичгийг Номтын чунчаад атгуулчих. Асуувал олсон юм гэчихээр хал балгүй гээд битүүмжилсэн бичиг өглөө. Жудаг түүнийг алга тосон автал, ноён түшмэл

-Жудаг аа. Хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэдэг байх аа! Чи ёншгойт авах уу? целков уу? гэж баярхан асуулаа.

-Жа ноёнтны буян мэдэж, заяа хичээг гэж Жудагийг нэрэлхэхэд,

-Монголчуудын энэ үг нүгэлтэй ёс үг шүү. Наймаачин хүний гүн ухааныг ердөө дөрвөн үгэнд багтаажээ. Харин бид хоёрын яриаг хүн мэдэхгүй байвал энэ буян удаан үргэлжилнэ. Мэдэв үү! гээд бүхэл зуутын дэвсгэрт гаргаж барилаа. Худалдааны түшмэл, Жудагтай ингэж уулзсанаас хойш үе үе зүрх шимшрүүлэм үгээр мохоож, Манж амбаныхаар гүйдэлтэй хүмүүсийн илүү дутууг сэм чагнах арганд дасгав. Чингэж хушуу худалдаж, хов зөөх явдалд Жудагийн хэлийг зугуухан билүүдэж, багагүй барьцаар гар цайлгасан ажээ. Хүрээний цэрэг, Хар усны ганц харгантын өртөөнд хуарагнасан чимээг сонссон Жудагийн зүрх дэнслэх болсноор худалдааны орос түшмэлд бараалхаж хэрхэх тухайгаа магадлав.

-Үүнээс чинь зүрх алдаад байх юм алга. Синь-цянаас хөдөлсөн цэрэг хоёр хоногийн өмнө хилээс наашилсан. Үүнийг Магсаржавт дуулгачихвал уу! Ёстой тэнгэрээс од шүүрдэг цаг даа. Чи адтай хүн. Аргыг нь олно байгаа. Тийм үү? гэж ятгасан орос түшмэл, Жудагийг зөөлөн шахжээ. Тэгээд Жудаг нүглээ цайруулах арга олдсонд баярлаж, Ганц харгантын өртөө рүү хөл залгуулжээ. Манж амбан хотынхны хөлийг хорьж, суваг шуудуу татаж, сангийн хэрмийг бэхэлж амжсан тэр үед Жудаг, Номтын чунчаатай их зээлийн гудамжнаа дайралдаж, байдал төлөвийг сураглалаа.

-Хай! Хэцүү цаг эхэлсэн ваа. Манай амбан одоо монгол амбаныг дийлэхгүй. Өчигдөр, өргөн ширэгт манай амбаны цэрэг хиарсан шүү гээд санаа алдан, толгой сэгсэрч гасалж шогширсоор салав. Жудаг сайтар эргэцүүлэн “Синь-цзянаас гарсан цэрэг хэмх цохиулжээ. Одоо нүгэл хилэнцээ цагаатгадаг цаг. Болдог бол амбаныг бариад өгчихсөн. Юу боловч орос түшмэлтэй уулзъя” гэж боджээ. Жудаг тэр дороо орос түшмэлд бараалхаж сэтгэлдээ бодогдсон бүхнийг дэлгэв.

-Жудаг аа! Чиний энэ паянг Магсаржав гавьяа гэж үзэх болов уу! Харин хүзүүгээр чинь боомилж мэдэх юм. Урт хушуу хүзүү ороодог номтой! Монголчууд үүнийг сайн мэддэг гэж орос түшмэл, гашуун үгээр Жудагийг утаж, сэтгэлийг гашилгана. Гэсэн ч хашир түшмэл Жудагийн аргыг олж, эчнээний хорслыг архины аагаар даруулахаар шийдэж,

-Наадахаа өргөчих! Тэгээд ярилцъя. Аргагүй юм гэж байхгүй. Эгзгийг нь олбол үхлийг ч аргалж болдог далим гардаг гээд халуун үг, гашуун хорзоор Жудагийн дөрөөг чангалав.

-Жудаг аа! Чи ухаантай мөртлөө яггүй муйхар хүн юм. Бодоод үз! Хүрээнээс гарсан монгол цэргийн чимээг амбанд дуулгаад, Синь-цзяны цэргийг Ховдын хаяанд тулсныг Магсаржавт сонсгож, амбаны гарыг хоослон мухарлана гэдэг бол тагнуулч, овжин сүйтгэгчийн арга ухаан. Ингэхэд монгол жанжин, чиний холион бантанг ганц үгний өөнөөс мэдчихнэ. Тэгэхээр хэрэг явдал юу болж төгсөх вэ? гэж хэлэхэд жудаг, орос ноёны арга бачийг сая ойлгосон боловч хэтэрхий оройтсонг ухаарлаа. Жудаг, Түшмэлийн цайвар шар царайг хорсолтой харж “Муур шиг шар шулмын гууль цухуйлаа. Би сайн хүн гэж бодоод ухаан жолоогүй харайлгаж явдаг! Гэтэл хашир мягуу, цагаан цайлган сэтгэлийг хөөдөж суудаг! Шар чөтгөр еншгойт, цөлхөөв өгч гарын хуар авдаг учир ийм байжээ. Одоо ямар ухаан гаргах гэж байгаа бол! гэж бодоод байж ядсан уурандаа ам нээсэнгүй.

-Жудаг аа! Гонсойх хэрэггүй. Нэг боломж байна.

-Ноёнтны аргыг сонсъё гэж хэлсэн Жудаг хундагатай архийг хөнтрөөд орос түшмэл өөд муухай хялалзав.

-Түс тас, гүдэсхэн зан бол эр хүний нүнжиг. Тэгэхээр шулуухан ярилцъя. Манж амбаны нууцад олон хошууны өр, авлагын данс бий. Түүнийг салгах хэрэгтэй гээд орос түшмэл хундага дүүргэлээ.

-Тэр амбаны данс надтай, надгүй эзнийхээ гарт орох байлгүй.

-Хятад хүний ухаан адтай! Амбан дансыг Сангийн хэрэмний нэг буланд дарчихвал яана. Хууль хуучирдаггүй! Хятадууд хожим олоод хэл ам таталж чадна. Энэ хөл үймээнээр тэр дансыг гартаа хийчихвэл чиний барцдыг Магсаржав биш, Богд хаан өөрөө цагаатгах болно. Нөгөө талаар манайд хамаатай хэдэн нууц бичгийг салгаж өгвөл эргээд тусалж болно гэж хэлэхэд Жудаг түшмэлийн нүүрийг ширтэн гөлөрч “Өөрсдийнхөө бичиг баримтыг авахуулахын төлөө худлаа ятгаж байхыг хараач!” гэж бодоод хундагатай архийг ховх сороод хэдэр зангаар гэдийсэн янз гаргаж,

-Ноёнтон минь сонс! Надад яах ч арга байхгүй гэдгийг ойлго гэж гөжив.

-Чи, ийм зөрүүд хүн дээ. За яах вэ? Амбан дансыг яахаа өөрөө мэд! Харин манайтай холбоотой нууцыг мулталж өгнө биз.

-Өөр хүн хайсан чинь дээр гэдгийг та, ойлгохгүй байна уу?

-Ингэж ярдаглах хэнд хэрэгтэй вэ? Чамаас ийм үг сонсмооргүй юмсан. Ачийг бачаар хариулах гэвэл чамд гайтай гэдгийг бодоорой!

-Тэгээд юу гэж?

-Сангийн мөнгийг хүүдэгнэсэн, гарын хуар бүхий баримт манайд бий. Нэгэнтээ муугаа төнхөлзөхөд хүрвэл ярвигтай юм дуулна байх даа.
-Сүрдүүлж байгаа хэрэг үү? Ноён түшмэл ээ?
-Энэ бол айлгалт, далайлгалтын аль нь ч биш! Ердөө үнэнийг чин сэтгэлээсээ ярьж байгаа хэрэг. Үүнийг ухаарна биз гээд түшмэл унтарсан тамхиа асаахад Жудаг “...Муурын хумс хурц мөртлөө ил байдаг! Хүний царай эгэл атлаа муу санаа, хорон бодол, арга залиа хүний нүднээс далдалж чаддаг нь гайхалтай! Энэ шавар ханын босгоор хоёр хөлөөрөө гарахгүй байж мэдэх нь. Ёстой эр хүний арван гурван мэхээ сорьдог хэрэг болж дээ!” гэж бодлоо.
-Ноён түшмэлээ! Би бодож үзье.
-Үүнийг зөвшөөрнө. Гэхдээ эцсийнхээ шийдийг хэлтэл энд байж таарах нь гээд түшмэл өрөөнөөс гарахад Жудаг, амархан мултрахгүй гэдгээ түвэггүй ухаарлаа. Чингэтэл төдий удалгүй Жудагийн байгаа өрөөнд хоол, архитай тавиур барьсан орос хүүхэн орж ирээд тансаг амттан, идээ тэргүүтэнг ширээнээ засаад, жууз тэрэгний зөөлөн нум шиг хөдөлгөөнөөр нахилзан, сиймхий самбай шиг нимгэн хувцасны цаанаас гэрэлтсэн нүцгэн шахуу бие, бэлхүүсээ янзтайхан хөдөлгөж элдэвчлэх нь тэрээ. Жудаг эх адаггүй ориглосон уур омогтоо шатаж, орос хүүхнийг гараас нь чирч өрөөнөөс түлхэн гаргаад цонхны дэргэд очиж зогстол хуруу шиг бүдүүн төмрөөр хэрж, торлосон цонхны цаана хоёр хасаг цэрэг холхихыг хараад боож үхмээр санагджээ. Жудагийн хэмжээгүй бухимдал, шөнө дөлөөс хойш амсхийж, ов мэхээ сүйхээлэн бодох боломж гарлаа. Жудагийн сэтгэлд “Ямар аргаар эндээс мултрах вэ? Ер нь орос түшмэлд юу ч донгоссон болно. Ганцхан эндээс мултрах хэрэгтэй” гэж бодоод модон орон дээр хөлбөрсөөр үүр цайлгажээ. Өглөө орос түшмэл орж ирээд архи, дарсанд гар хүрээгүйг хараад толгой сэгсэрч, шилтэй архинаас хундагалж,
-Жудаг аа! Ганцаардаад байна уу гээд нүдээ жоотийлгон инээв.
-Энд хурим, найр болдоггүй байх аа! гэж Жудагийг  егтөл,
-Аргагүй дээ! Ууна гэдэг бол эрүүл ухаан, саруул бодлоо шилэнд хийгээд бөглөчихнө гэсэн үг! Чи намайг ачтайхан залгиж магадгүй байна шүү. Тийм үү? гээд хоолойгоо шахаж хүд хүд инээх нь адтай.
-Ууж идэх оройтохгүй. Танай бичиг баримтыг авч  өгдөг юм гэхэд унац нь хир зэрэг юм бэ? гэж хэзээ язааны мэргэжсэн хүн шиг барьц нэхлээ.
-Чамайг ийм сэргэлэн чөтгөр гэж санасангүй. Яаж хадуурах бол гэж бодохоос зүрх дэлсээд нойргүй хонолоо. Чи тун зөв шийджээ. Үүний төлөө нэг хундага өргөх ёстой биз гэлээ.
-Жудаг аа! Миний үгийг сайн сонс! гээд орос түшмэл хоосон хундагаа ширээн дээр тавингуут яриагаа эхэлж Манж амбаны нууцын өрөөг тодорхой зааж, зурж тайлбарлахыг эрэгцүүлбээс эртнээс бэлдсэн хэргээ. Тэгээд ярианы эцэст,
-Чамд өгөх шан. Үүн дээр хурууны хуар тавьчих гээд нэг бичиг гаргаж Жудагт өгөхөд “Муу хөгшин үнэг, зөнөг толгойн хударгаар ороод бөгсөн дээр чинь халуун жин тавьчихъя... ! Тэгээд Да Хүрээний бараа харчихсан байхад намайг яаж олох вэ? Тэгээд хөгшин толгой амаараа шороо үмхэж, өөрийгөө боомилох биз” гэж бодсоор барьц амалсан бичигт хурууныхаа хээг дарлаа. Чингэж шан хөлсний талыг авсан Жудаг, Ховдын орос “консулын” байшинд хэд хонож, цагийн аяыг хүлээхээр тохиролцсон тэр орой нөгөө гуалиг биетэй орос бүсгүй хоол, дарс барьсаар Жудагийн өрөөнд орж ирснээс хойш гарсангүй.
Чингэж эхэлсэн наргианд тэр хоёрын хэн, хэний нь бие сэтгэл халжээ.
Намрын тэргүүн сарын шинэдээрх хавирган сар, хэсэгхэн үүлний цаана орж, Ховд хот, нүдгүй харанхуйд умбасан тэрхэн үед орос бүсгүй гуулин тавиуранд суулгасан, асаалттай таван лааны гурвыг унтраагаад өрөөний хөшгийг татаж, хаалганы түгжээг оньслов. Чингээд бүсгүй хүний уран наалинхай аашны ид шидээр эрсийн бие, сэтгэлийн шохоорхлыг гижигдэж сурсан орос эмэгтэй Жудагийн дэргэд ирж ширээн дээрх хундагатай архийг авч, өрөөний баруун хананд шахаж зассан орны дэргэд очоод жоотойсон согтуу нүдээ ирмэж, Жудагийг дуудлаа. Жудаг, халамцуу нүднийхээ харцыг арай ядан тогтоож, орос хүүхний цайвардуу шаргал царай, нимгэн хувцасны цаанаас гэрэлтсэн нарийн бие, бэлхүүс, галбир төрхийг шохоорхон ширтэхдээ бие, сэтгэлийн далдын илч төөнөж буйг гадарлаад “Тэртээ, тэргүй дүүрсэн хүн. Усанд унасан хүн норохгүйгээр гардаггүй. Ийм сайхан амьтныг харсаар байж зүгээр өнгөрч болохгүй. Эрийн аз харина” гэж бодсоор ор руу гэлдэрлээ. Жудаг хундагатай архиа тулгасан боловч бие бадайруулсан тачаалын увьдаснаа урхидуулахын эрхэнд хундагатай архиа шал руу чулуудаад орос эмэгтэйг тэвэртэл тэрээр Жудагийн хацарт зөөлөн уруулаа хүргэлээ. Чингээд Жудаг Ховдын орос худалдааны газрын нэг байшинд амьдын жаргал эдлэн хэд хоног тухалсан ажээ.
...Арван тавдугаар жарны дөчдүгээр он, усан хулгана жил, Олноогийн хоёрдугаар оны /1912/ намрын тэргүүн сарын шинийн тавны хөх морин өдөр,  үдшийн гэгээ тасармагц их цэрэг Хар усны өртөөнөөс хөдөлж, Ховдын ойролцоох Талын Улаан, Рашаант Уул, Улаан Богоч зэрэг газраар байрлаж байлдааны болзоот дохиог хүлээнэ. Шөнө дундын хулгана цагийн жин дунд Улаан Богочоос тэнгэр өөд цоргисон их галын дөл дүрэлзэж, нүдгүй харанхуйг гийгүүлэх тэр агшинд буу тачигнаж, дөрвөн зүг найман зовхисоос уухайн түрлэг цуурайтан хадав. Буянтын хөндийгөөр морьдын төвөргөөн нижигнэх тэр хоромхонд орос худалдааны шавар хэрмэн хашааны даамангаар сэм гарсан Жудаг, их зээлийн өвгөн улиасны сүүдэрт зогсож байдлыг ажив. Монгол цэргийн түрүүч их зээлээр орж ирэх барааг харж зогссон Жудаг “Оросын хэрэмнээс мэнд мултарлаа. Энэ чигээрээ оргож болохгүй. Сангийн хэрэм чиглэхгүй бол миний сүүдрийг гэтсэн хүн, дагзанд сум зооно. Тэгж гоомойтохгүй. Аз дайрвал Амбаны сан! Ийм аз тэр болгон  заяахгүй” гэж бодсоор сангийн их дөл өөдөө мушгирч, чонын хэл шиг сунан хуйлраад, галын улаан туяанаа хотын хэрэм, байшингууд ягаарна. Жудаг, сүүдэр даган алхсаар их хэрэм бараадтал хэдэн алхмын цаана сангийн хэрэмний сүүдэрт зайдуухан зогссон хэдэн хүмүүс, зузаан хэрмийн дээгүүр нөмөрсөн улиасны мөчирт гогцоолсон аргамжаар бие, биеэ баглаад татахаар зэхэж байлаа. Хэрмийн баруун хойт буланд бөөгнөрсөн хэсэг хүмүүсийн нэг нь сөөнгө царгиа дуугаар,
-Лхүндэв гуай! Цогт алга яах вэ? гэж шивнэтэл морь барьж байсан нэг хүн тэднийг зүглэв. Жудаг ашигтай хоромхонг алдахгүйг хичээж сүүдрээс гарч тэдний дэргэд очоод,
-Та нар чинь яачих ва? Түрэглээч гэж зэмлэнгүй хэлснээ хажуудаа ойр байгаа залуугийн барьж байгаа аргамжийг шүүрэн авч цээжиндээ углаад хэрэм өөд харж зүс буруулах зуур: -За татаарай хэмээгээд шавар хэрмийн оройг ширтэв.
-Аргамжаар татуулсан цэргүүд уухайлсаар Сангийн их хэрмийн дээгүүр нисэх мэт ортол сандарсан хятад цэргүүд, Амбан яамны байшинг бараадан амь хоохойлохоор гүйлдэнэ. Түрүүчийн цэргүүд Сангийн хотын хэрмэнд оронгуут дааманг онгойлгохоор завдаж буй тэрхэн үед Жудаг, Амбан яам руу гүйхдээ өврөөсөө гар буу гаргаж, замдаа дайралдсан хятад цэргийг самбаачлан буудлаа. Тэрээр амбан яамны өрөөний хаалгыг өшиглөн нээсээр хэрэгтэй тасалгаандаа ортол ундуй сундуй хөглөрсөн том авдруудаас өөр юу ч байсангүй. Жудаг баглаатай авдруудыг харж хараал зүхэл тавиад,
-Өгөр илжигнүүд газар нүхлээд орчихмооргүй юмсан. Ядаж ганц шушмаа үлдээгүй хэрэг үү? гэж үглээд нэг авдрын цүүг тас буудтал том ширээний араас толгойгоо цагаан бөсөөр боож, янбууны тасархай гартаа барьсан хужаа босож айж, гайхсан нүдээр Жудагийг ширтэн,
-Хай, над сохор зоос байхгүй ваа гээд ээрлээ.
-Нууц бичигтэй авдар сав хаа байна? гэж Жудагийг лавлахад өнөө хужаа түүний санааг түвэггүй ойлгоод,
-Хай байхгүй ваа! Бүгдийг шатаасан. Мөнгө... мөнгө тэнд бий гээд хажуугийн өрөөний хаалга өөд бэгцэгнэв.
Жудаг, баялаг засал тавилгыг сандаачсан, тохилог янзын өрөөний нэг ханыг нүхэлж гаргасан шүүгээг алгуур онгойлгож буй хужааг ажсаар дэргэд нь очлоо. Нууц шүүгээний голд байгаа жижиг хайрцгийг гулд татан шалан дээр унагасан Жудаг, нууц баримт бичиг байхгүйг мэдээд өнөө хужаа өөд хартал тэрээр шалан дээр хэвтэж байгаа хайрцаг өөд заагаад хэдэн үг шулганав. Жудаг, хайрцагны цүүг тас буудаад тагийг нээж үзсэнээ дуу алдлаа.
-Пөөх ламаасан! Алт, мөнгө, сувд, эрдэнэ гэж уулгалтал нөгөө хужаа,
-Хурдан ав ваа! Одоо хүн ирвэл юу ч олдохгүй шүү дээ гээд орсгой шүдээ ярзайлган инээхчээн аядаж тал засав. Жудаг, эрдэнэс, сувднаас атган өвөртөө хийснээ арав арван лангаар хунтуйлж хайлсан алтан гулуузнаас хоёрыг авч өвөрлөтөл хажуугийн өрөөнөөс нэгэн залуу орж ирлээ. Тэрээр Жудагт буу тулгаж,
-Чи галзуураа юу? Сэтэрхий тэвнэ ч авч болохгүй гэснийг мартаа юу гэж анхаарууллаа.
-За... ай хөө! Нэрэлхээд яах вэ? Чи авдагаа ав. Би чамаас харамлахгүй гэж Жудагийг хэнэггүй хэлтэл өнөө залуу буугаа сумлав. Жудаг, хэрэг бишдэж магадгүйг гадарлаад өнөө залууг урьтан буудлаа. Тэгээд шалан дээрхи үхдэлийг хараад “Аашныхаа муугаас амиа алдах гэж байх уу?” гэж өөртөө хэлтэл зэргэлдээх өрөөнд буун дууны чимээ гарч Жудагийг цочоолоо...
Жудаг, чингэж эрт өнгөрсөнг бодож, аньсан нүдний зовхийг алгуур нээтэл тэрэгчин орос, ташуурын үзүүрээр гоёмсог жуузны цонхны шилийг тогшиж байлаа. Жудаг, суудлын араас толгойгоо хөндийрүүлж байдлыг ажвал нэгэн дүнзэн байшингийн хажууд иржээ. Жудаг, байшингийн хаалганы дээхэн талд хадсан хар самбар дээр оросоор “АПТЕК” гэж бичснийг хараад хэрэгтэй газраа ирснийг мэдээд тэрэгнээс буулаа. Жудаг, тавиад жилийн өмнө Хүрээнд нээгдсэн европ эмнэлгийн эмийн санд ортол намхан орос залуу түүнийг угтаж,
-Та эм залах нь уу? гэж монголоор эвлэгхэн асуулаа.
-Эндхийн эзэнтэй уулзах гэсэн юм гэж Жудагийг оросоор цэвэрхэн хэлэхэд өнөө залуу гийчнийхээ дээл хувцас, гадаад байдлыг сүрхий ажаад умгар өрөөний зүүн ханын хаалга өөд эргэлээ. Жудаг, цонхны дэргэд очиж, гадаах байдлыг хянан болгоосоор зогстол нэг хүн, оросоор,
-Сайн байна уу? Та намайг сураглаа юу? гэж асуухыг сонсоод эргэж харвал саяны тэрэгчин орос, дөрвөн жилийн өмнө Бухарын Эмирийн ордонд дураараа туйлж байсан дэгжин залуугийн дүрэнд хувилаад зогсож байлаа. Саяхан тосолсон савхин гутал өмсөж өмдний шуумгийг нугалж унжуулсан агаад цагаан цамцны захыг задгай тавьж, мөнгөн тоногтой нарийн суран бүс бүсэлснийг чамирхан харсан Очир сэтгэлдээ “Үхээд авснаасаа босоод ирэх адтай шулам шүү. Энэ үхээрийг жинхэнэ нэрээр нь дуудах уу? Эсвэл амь тээсэн хуурамч нэрээр нь үү” гэж бодоод,
-Тийм ээ! Би сурагласан. Андуураагүй бол таныг Феодор Александрович Гришин гэдэг байх аа гэж ёжтой егтөл аптекийн эзэн,
-Уучлаарай! Та яах аргагүй эндүүрчээ. Намайг Александр Александрович Лихачев гэдэг хэмээн шазруухан хэллээ.
-Талийгаач фон Штернбергийн /Барон/ хайрласан нэр танд дурсамжтай байх нь ээ! гэж тавлан асуулаа. Төрөлх нэрээ Лихачевоор сольж, Хүрээнд толгой хавчуулсан Гришин, гийчнээс болгоомжилсон янзтай дуугүй зогсохдоо элдвийг бодно. Тэрээр Нармай Монгол улсыг байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээсэн Семеновын хатгалгаар Барон Унгернтэй зуузай холбосон. Барон монгол хэл мэддэгт нь олзуурхан түүнийг 1919 онд хүрээнд илгээжээ. Тэгээд Барон Монголыг бараадсаны дараа Гришинг, Спайлотой нүүр учруулж “Улс төрийн хэргийг мөрдөн илрүүлэх товчооны” нууц хүнээр томилсон юм. Харин Барон Унгерн Хүрээнээс тонилохдоо Гришинг хувилсан дүртэй Лихачев болгож 6000 рублийн шан хайрлаж, “Хэзээ нэг цагт ирэх хүнийг хүлээж аваарай” гээд нууц нэр, дохио, түлхүүр үлдээсэн ажээ. Тэгээд Бароныг эмэгнэлтэйгээр өөд болсныг дуулаад “Бүх зүйл өнгөрсөн” гэж бодоод Хүрээнд бүгсэн хурандаа Котляровтой уулзаж, хожим түүний түлхээсээр зах сахихдаа Бароны гэрээслэлийг умартжээ. Гэтэл хурандаагийн хэлж цээжлүүлсэн нууц дохиогоор ирсэн гийчин, Лихачевыг нэрээр нь дуудаж, талийгаачийн алдар цолоор дайруулсанд эгдүүцсэн боловч байдлыг харахаар шийдэж, биеэ барьжээ.
-Танд эм авах бичиг байна уу гэж Лихачев, Бароны хайрласан нууц үгийг санаж асуутал гийчин, эмийн бичиг өврөөсөө гаргаж өглөө. Бароны үлдээсэн таних тэмдэг бүхий эмийн нэрийг нарийвчлан шалгаад
-Таныг их хүлээсэн. Ердөө үлий сахисан элээ шиг гэх үү дээ. Толгойгоо ороосон хэргээр хөөцөлдөхөө больсон. Мөр, мөрөө хөөсөн дээр байх даа гэж тоомсоргүй, дооглонгуй хэллээ.
-Спайло Бээжингийн нарсанд  тийчилж, Наран улсын гар харж байхад чи энд хар толгойгоо бодож байдаг. Ёстой дүлийдээ найдна гэдэг болоо шив гэж Очирыг хэлэхэд аптекийн эзэн, хөмсөг зангидан, уурандаа шатаж, уруулаа язав татавхийлгэлээ.
-Битгий бухимд. Хүрээ давчуу, чи багтруу. Яаж үйлс чинь бүтэх вэ! Феодор Александрович аа! Таны гуншинг дуудах хэрэггүй биз гэснээ өврөөсөө янжуур гаргаж асаагаад: “Котляровт намайг ирснийг дуулга. Би нөгөөдөр ирнэ. Уулзах өдөр, цаг, байр оронг тогтоогоорой гэж захирангуй тушаалаа. Котляровын түлхүүрээр танилцаад, Бароны дохиогоор холбоо барьж эцэстээ Зотляровын хүлээсэн нууц хүний дүрээр даажигнаж буй гийчинг ажиж, яриаг нь хянан, хөдөлгөөн бүрийг анаж байсан тэрэгчин Лихачев, “Хачин танил зүсээ. Энэ гайхалтай, хаана дайралдсан билээ” гэж бодохдоо Дундат ази, Хятадын шинэ хязгаар, Афган улсад нэр алдаршсан атман Дутовоос хагацаж, Семеновын мэдэлд ирснээс хойших үеийнхээ танилуудыг толгой дараалан бодсон боловч сэтгэлд буух сэжим гарсангүй. Лихачев зэвүүцсэн сэтгэлдээ болгоомжлон “Дотоодын хамгаалах газар байгуулах сурагтай байсан. Тэднийхэн даажигнаж байгаа хэрэг үү? Гэтэл нууц нэр, дохио, түлхүүр цөм дэс дарааллаараа олзлогдох ёсгүй” гэж хэдэнтээ бодоод гийчнийг шалгахаар зориглож,
-Хурандаа сураггүй болсон гэж дүйвүүлсэн янзтай хэлэв.
-Хий дүлэгнэх хэрэггүй. Сүмд очоод үүнийг өгөөрэй гээд Очир, хөхөвтөр чисчүү гадартай сахиус гаргаж өглөө. Лихачев сахиусыг авч Котляровын таних тэмдэг байгаа эсэхийг шалгаад,
-Өнөө оройноос хайя. Олдох болов уу гээд хариу хүлээв.
-Свято-Троицын сүмд очиж ширээт ламтанд мэдэгд. Нөгөөтэйгүүр намайг шиншлэх хэрэггүй гэхэд түрүүнээс хойш нүдэнд буусан, үл мэдэг догонцсон алхаатай гийчнийг ажаад Очирыг танингуут “Дутовын сахиус шив дээ” гэж амандаа үглээд,
-Мэдлээ гэж хэлэхэд дууны өнгө эрс өөрчлөгдсөнийг анзаарваас арслангийн бараанаар хав шарвалзахын шидийг ухаарсан гэлтэй.
Очир, Бухарт танилцсан нөхрөө үгээр идэж, сэтгэлийн тавыг хангаад эмийн сангаас гарч одлоо. Лихачев, санамсаргүй тохиолдлоор дахин уулзсан танилынхаа өгсөн сахиусыг базалж зогссоноо өрөөнөөс гарч Гурван эрдэнийн сүмийг зүглэж, эргэн тойрноо хянамгайлан гэлдрэхдээ гийчнээ ор мөргүй алга болсныг гайхсаар сүмийн хаалгаар оржээ. Эрт өнгөрснийг эргэцүүлж гайхсан Лихачевыг уужим өрөөнөө ортол түүний царайны байдлаар учир явдлыг гадарласан хурандаа
-Гийчин ирээ юү? гэж дурамжхан асуулаа.
-Ирсэн. Үүнийг өгч байна гээд сахиусыг өгтөл хурандаа ширээн дээрээс томруулдаг шилээ авч сахиусын оёог томруулж үзээд сахиусыг ханзлав. Хааш хаашаа алга дарам муутуу цаасан дээр зурсан Дүйсүмсанжаа-гурван цагийн бурханг ажаад доод хөвөөг томруулдаг шилээрээ харснаа оросын үнэн итгэлт шашны уншлагын ном авч үг түүж бичихдээ үе үе санаа алдана.
-Артур Максимович аа! Гийчин маань ямаршуухан сонинтой ирж дээ гэж Лихачевыг лавлатал хурандаа,
-Генерал Шильников зөнөж, хадан гэртээ залрах дөхөөд бид хоёрын турсгыг хуулж авсаа доторлох санаа төржээ гэж ууртай омогдоод Лихачевын нүүр өөд муухай хялалзсанаа, нууц түлхүүрээр тайлж уншсан бичгээ чулуудав. Хурандаа уурласаар өрөөндөө түгдэгнэн, нуруу үүрч алхах зуур Лихачев шалан дээрээс өнөө бичгийг авч унштал “Гогцоог эхлэх хугацааг хойшлуул! Төвийн бүрэн эрхт төлөөлөгчийн удирдамжаар ажлаа зохицуул. Сахалт” гэсэн байлаа.
-Яггүй даалгавар байна. Муугаар хэлбэл Семеновтон, бидний гараар могой барихыг хичээж байна. Танай төв хамтран ажиллах төлөвлөгөөг өөрчилсөнийг бодвол сэрдэж байгаа бололтой гэж Лихачевыг хэлтэл,
-Амаа асуулцах яагаа ч үгүй. Гийчний  санааг мэдэх хэрэгтэй. Өөрсдийнхөө санаснаас ухарна гэдэг бол шившигтэй жигшил гэж хэлээд хурандаа холбоочныхоо үгийг тагнав.
-Лихачев аа! Төвийн доншуулчинтай уулзъя гэхэд Лихачев
-Хэдийд, хаана, хэдэн цагт вэ? гэж магадлав,
-Нөгөөдөр ирсэн цагт нь танайд уулзъя. Хойноосоо шиншлүүлэхгүй гэснийг бодвол холбоочинтой юм байна гээд хурандаа ёозгүй хүйтэн инээмсэглэжээ.
 
*    *    *
Хурандаа, төвийн гийчинтэй уулзаж, ажил төрлөө лавласнаас хойш сэтгэлийн бухимдал алгуур сарнижээ. Зүүн хязгаарын зохицуулалтын дагуу “гогчоог” өөрчлөхдөө хурандаад ашигтайгаар шийдсэн нь түүнд таалагджээ. Тэрээр ул суурьтай хөдөлж, эрх дархаа алдсан ван, гүн, лам нарыг ятган босгох зорилтыг гол болголоо. Ингэхэд хугацаа хүрэлцэхүйц байлаа.
Тамхины утаа хөшиглөсөн өрөөний түшлэгтэй сандалд тухлан сууцгаасан хүмүүсийг ажвал ихэнх нь цагаантны дарга нар агаад тэдний дотор гурвын зэрэг монгол сууна. Ахлах офицерийн гитель төв даруу өмсөж, ориг буурал халимгаа цэмцийтэл самнасан, жар шахам насны хурандаа цугласан хүмүүсийн зүс царай, төрх байдлаар нь сэтгэлийн тогтворыг цэгнээд,
-Ноёд оо! Та бүхэн цаг төрийн уур амьсгалыг гадарлаж байгаа. Чухам ийм нөхцөл байдал орос, монгол хүний сэтгэлийн хүсэл эрмэлзлэлийг нэгтгэхэд хүргэсэн юм. Шулуухан хэлэхэд Саж ламтан гадаадад түших хүчгүй учраас сүйрсэн. Үүнийг ухаарсан зарим монгол ноёд Хятад, Америкийг тулгуур болгох санаатай байна. Хятад дотроо уралцаад гар сарвайх тэнхээгүй байгаа. Америк хэтэрхий хол. Ингэхээр Япон, Манжуурт байгаа манай хүч монголчуудын найдвартай тулгуур болно. Харбины төв хэтийн төлөвлөгөөнд та бүхний хүч чармайлтыг тусгаж өндрөөр үнэлж байгааг дамжуулах завшаан надад тохиолдлоо гэхэд хурандаагийн мэдэгдэлд талархсан хүмүүс алга ташлаа.
-Бид юуны өмнө Төв Хороо, Засгийн Газар, Цэргийн яамыг эзлэх, Сүхбаатарыг устгах нөхцөлийг бүрэн хангах ёстой. Нөгөө талаар Богдтой манайхан уулзаж, бослогонд ойр тойрны хүрээ хийдийн лам нарыг зэвсэглэж хүчин зүтгүүлэх талаар тохирно гэхэд өрөөнд цугларсан хүмүүс гурван монгол хүнийг нүдний булангаар сэм харна.
-Артур Максимович гуай! Богдтой хэн уулзах вэ? гэж нэг хүн асуув.
-Үүнийг жич мэдэгдэнэ. Харин Жаарай гүн, санаа оноогоо хэлээч гэхэд гүнгийн хэлмэрч үг гээлгүй нэвтрүүлнэ. Жаарай гүн том, янхигар биеэ дааж ядсан янзтай өндийснөө,
-Одоохондоо зэр зэмсэг бий. Хүн хүчний хувьд гэвэл Богдын соёрхол мэднэ гээд суудалдаа суучихлаа.
Өнгөрсөн зун, Ардын засгийг Хүрээнд ирэхэд хөдлөх гээд яаж ч чадаагүй Богдын хүн хүч, Сүхбаатараас тусгай даалгавар авсан, Нанзадад түүлгэж, годронгийн ямаа шиг хиарсныг санасан Жаарай гүн, Богдын гар харахаар шийдсэн нь хурандаагийн төлөвлөгөөг чөдөрлөжээ. Чингэж хэрэг явдал бүтэмжгүй эргэсэнд цухалдсан Котляров, айлчдаа тараахаас өөр замгүй болжээ.
Лихачев, хурандаагийн зочдыг нууц хаалгаар цувруулж гаргасны дараа өрөөндөө орж ирээд толгойгоо базлан зогсож буй хурандааг сүрхий хараад гайхав.
-Артур Максимович аа! Та ядраа юу? гэтэл тэрээр толгойгоо сэгсэрч, уур хилэнгээ тайвшруулаад,
-Лихачев минь! Шильников зөнөж, би маанагтаж, дүү минь нүдээ сохолчих уриханд орчих уу гэхээс зүрх зогсчих шахах юм гэхэд Лихачев, ханын толинд харж зовхио өргөж үзснээ хөгжилтэйгээр,
-Арай юу бол доо. Бурхан гурван эрдэнэ, Орос орны сүлд заяаг нэг мөсөн гүвчихээгүй бол гайгүй байх гэснээ санаа алдав.
-Бидний үйлс нэг л тэнгэргүй байна. Ер нь Харбины энэ элч, бидний хөлд хавх зүүчихээд, ажлаа бүтээгээд тонилчихвол яана. Бид золиосонд нь талийна шүү дээ. Миний зөн тун совинтой. Яг бодсоноор болдог гэхэд Лихачев,
-Би, генералыг галзуураа юу гэж бодож байсан. Харин үүнийг олоод сэтгэл онгойсон юм гээд энгэрийн халааснаас нэг зураг гаргаж өгөв.
-Зогсож байгаа нь чи байна. Сууж байгаа хоёрын нэг нь атаман Дутов уу гэж Котляров асуугаад Лихачев өөд харлаа.
-Тиймээ. Таны нүд тун сүрхий юм. Атаманы дэргэд сууж байгаа ёсорхуу залууг таньж байна уу?
-Харбины бүрэн эрхт төлөөлөгч үү дээ! Гөлөг чинь яг дүрээрээ шүү гэж дуу алдаад хурандаа “Яахаараа генералтай зиндаалдаг байна” гэсэн янзтай Лихачев өөд сүрхий гөлөрлөө.
-Артур Максимович аа! Наадах чинь их гарын чоно! Аяндаа та ойлгох байх гээд Лихачев ярианы сэдвийг ялигүй өөрчилж: -Барон Унгерн догшин Богдод тодрохын өмнө ямар гуншинтай явсныг дуулсан уу? гэлээ.
-Консулын галзуу шар согтуу толгой гэлцдэг байсныг сонссон.
-Хэлээд яах вэ? 1910 онд Хүрээний консулын  хамгаалалтын цэрэгт байхдаа мухлагуудын лонхтой, торхтойг тэсгээдэггүй болохоор галзуу шар, согтуу толгой гэж өргөмжилсөн гэдэг. Тэрээр галзууртлаа хөнтөрдөг мөртлөө Консулын архивын бичиг онгичиж, номын сангаас Аттилын тухай ном түүж уншдаг байж. Тэр үед Бароны аманд орчих, зөөлөн хоол бэлэн байсныг хэлээрээ түлхчихснээ хожим анзаараад гасалдаг байсан гэдэг.
-Уухай тэгээд, Бароны тухай нэлээн домог сонссон. Наад паянг дуулаагүй шүү гээд хурандаа Лихачевын ярианд шимтлээ. Лихачев яриагаа бүр үнэмшилтэй болгохыг хичээсэн юм шиг ханын шүүгээнээс хар архи гаргаж хундагалаад Котляровт бариад,
-Барон Унгерн, Ховдод очсныг дуулсан уу? гэж асуугаад бодолхийлон хэсэг зогсов.
-1914  оны хавар Барон Ховдынхноор үзэгдсэн гэдэг. Ховдод баатарлаг гавьяа байгуулахаар очсон гэж Улиастайхан хошигнодог юм гэхэд Лихачев,
-Барон 1914 оны хавар Ховдын консулд байсан нэг танилаасаа хүрээ консулын архивт байгаа нэг нууц даалгаврын тухай сонссон гэнэ. Манай тагнуулын  газрын даалгавраар Манж амбаны нууц архивыг авах ёстой байв. Тэр архивыг авч өгөхөөр ам алдсан нэг монгол залуу, манай хэдэн манагийг молигодчихоод амбаны алтны санг цөлмөөд алга болчихжээ. Барон түүнийг нутагтаа бүгсэн гэж итгээд Ховдод бэдэрч очсон юм. Тэгээд Ховдоос хоосон буцсан Бароны сэтгэлээс Манж амбаны сан, нүд аньтал нь салаагүй гэдэг.
-Үгүй ер өө! Хийморьтой сэргэлэн монгол байжээ. Тэгээд цааш нь гэж хурандаа Лихачеваас хоргоогоод хундагатай архиа дугтарчихлаа.
-Барон Семеновтой ороолдонгуут Хүрээ консулын архивыг онгичуулахаар 1918 онд нэг есаулаа /тушаал гүйцэтгэгч/ илгээж монгол залууг олж алтыг нь салгах тавилангүйгээ ухаараагүй билээ.
-Барон өөрийгөө хүннүгийн угсаатан гэх дуртай. Тэгээд Аттилыг дуурайж, Цезарь, Чингэстэй эн зэрэгцэх аян дайнд шохоорхоод сүүлдээ тэр  хүсэлдээ хүрэлгүй Амбаны алтанд шунасан байх нь ээ гээд хурандаа хоолойгоо шахан хүд хүд инээнэ.
-Барон Унгерн улс төр, цэргийн гүн зорилгогүй учраас оросыг аврах нэрийдлээр сэвж, цадиггүй баяжиж, өв хөрөнгөтэй болохыг эрхэмлэж, зүтгээд сарьсан хоншоороороо чулуу мөргөсөн гөлөг шиг хөөрхийлөлтэйгээр амиа алдсан юм. Харбины гийчин бол хэдэн Баронтой тэнцэх увьдастай хүн! Арга ухаан, авьяас заль, хувь тавилангаараа хэнийг ч дагуулахгүй, аз хийморьтой буяныг бурхан түүнд заяаж хайрласан байх гэж атаархсан сэтгэлээ барьж ядсандаа шүүрс залгилаа. Яриандаа ам халсан Лихачевыг эрүү хамхихыг хүлээж суусан хурандаа “Хүнийг атаа жөтөө ингэж захирдаг байж! Хор шартай энэ ёдрын бузар санааг гадарласан атаман Дутов өөрөөсөө зайлуулах аятайхан арга олоод Семенов руу түлхчихсэн хэрэг. Семенов хашир чонын санаагаар өөрөөсөө хөндийрүүлж Бароны хүзүүнээс зүүчихсэн бололтой! Лихачевын зүдэг занг мэдсэн бол ганзага нийлэхгүй байсан! Эвийг нь олоод шилний нь хонхорт сум шигтгэчихье” гэдэг бодол хурандаагийн сэтгэлийг эзэмдснийг Лихачев яахан мэдэх билээ.

Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]