Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хамба хутагтыг хэлмэгдүүлсэн ньУншсан3,845

Хамба Хутагтын дүрүүд нь Энэтхэг оронд дүвчин Дарамбазар, дүвчин Ёндон­гомбов нар, цаст Төвөдөд Агваандагва, Лувсаниш­данзан нар, Халхын Сайн ноён хан аймгаас Эрдэнэ номч цорж Наваангончиг, Лувсан­­хандодсэр, Дарамсэд буюу Жамбалдорж нарын хутагтууд тодрон гарчээ.

Өнгөр­сөн он жилүүдэд Мон­гол Улсын хэмжээнд улс­төрийн хэл­мэгдүүлэлтэд 31 мянган га­руй хүн хэлмэгдсэн болохыг одоогоор олж тог­тоогоод байгаа. 

Үүний 65 ор­чим хувийг лам хуврагууд эзэлдэг бөгөөд 8600 гаруй  гавьж агримба, маарамба, зээрэмбэ тэргүүтэн ихэс лам нарыг хэлмэгдүүлсэн нь нийт  шийтгэгдсэн лам нарын 50 гаруй хувийг эзэлдэг байна. 

Хэлмэгдүүлэлтийн оргил үе буюу 1937 оны 10 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд бол­сон БНМАУ-ын Дээд Шүүх Таслах Газраас Ёнзин хамба Ц.Лувсанхаймчиг тэр­гүүтэй 23 ламын хэрэг гэгчийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь дээд лам нарыг хоморголон устгах аймшигт яргаллын эхлэл байв. 

Удалгүй Гандан хүрээ болон хөдөө орон нутгийн бүх сүм хийдийн лам нар нь хувьсгалын эсэргүү японы тагнуулын байгууллагын гишүүд мөний учир тэдгээр  лам нарыг нэн  даруй  устгах тушаалыг  сахалт Сталин өгснөөр улстөрийн аймшигт хэлмэгдүүлэлт эрчээ авсан түүхтэй.    

Ийнхүү лам нарыг ба­ривч­лах ажиллагаа 1937 оны 10 дугаар сараас эрчимжиж, хот хөдөөгийн хүрээ хийдийн лам нарыг үй олноор нь хувьсгалын эсэргүү, японы тагнуулын хэргээр барив­чилжээ. 

Түүний нэг нь Халхын тамгатай 13 ху­тагтын нэг Хамба хутагт Ядамын Жамбал­дорж байв. Улс­төрийн хилс хэрэгт хэлмэг­дэгсдийн архиваас шүүж, удаан хайсны эцэст түүний тухай дараах ма­териалыг олж мэдсэн юм. 

Хамба Хутагтын дүрүүд нь Энэтхэг оронд дүвчин Дарамбазар, дүвчин Ёндон­гомбов нар, цаст Төвөдөд Агваандагва, Лувсаниш­данзан нар, Халхын Сайн ноён хан аймгаас Эрдэнэ номч цорж Наваангончиг, Лувсан­­хандодсэр, Дарамсэд буюу Жамбалдорж нарын хутагтууд тодрон гарчээ. 

Жамбалдорж нь 1886 онд Сайн ноён хан аймгийн Далай вангийн хошууны Тэрхийн Хөх нуур гэдэг газар төрж, зургаан нас хүртлээ эцэг эхийн асрамжинд өсчээ. Зургаан настай байхад нь Богд Живзундамбаас Хамба хутагтын гуравдугаар дүр мөн хэмээн зарлиг буулган, Хамбын хийдэд мандал та­хил өргөн залжээ. 

Нагац ах Соном, Төвөд гавьж, Юмжав гавьж, лхарамба Лувсан­­цэрэн, Далай нарт шавь орон Чойр, Цогчины но­муудыг заалгасан гэдэг. 1903 оны үед Хүрээнд ирж Богд Живзундамбад мөргөн, улмаар Ховдын Шар сүмийн хурал номын ажлыг 1 жил орчим удирдаж байжээ. 

Түү­нийг эрдэнэ бандида цол, Номун ханы хэргэм, долоон давхар магнаг түшлэг хамба ямба, хи­чээнгүй дуран билэгт цол харав­тар өнгийн улаан жо­лоо тэргүүтнээр дараалан шагнажээ. 

Хамба хутагт 1921 онд бурханы шашны зам мөрөөс холдон, өөрийн хошууны нам, эвлэл, үүрийн ажилд нэг бай­шин, таван лан мөнгө, ши­рээ сандал зэрэг эд хө­рөн­гөөр тусалж, Ардын зас­гийн үйл хэргийг эхнээс нь дэмжиж байв. 

Цэцэрлэг Мандалын аймгийн Намын хорооноос “Хамба ху­тагтын хэргэм зэрэг, цол ямбыг уст­гуулах тухай” ирүүлсэн бич­гийг Дотоод Явдлын Яам 1925 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцээд ёсоор болгожээ. 

1929 оны эцсээр улс орон даяар өрнөсөн хө­рөнгө хураах ажлын үеэр Хамба хутагтын хөрөнгийг тэгшит­гэн, гурван лангийн ал­тан буйгуйвч, хоёр цэнгийн ал­­тан очиртой бөгж, алтан очир жинс, шүрэн толгойт сүй­жин хөөрөг, мөн шүрэн толгойтой пийсүү хөөрөг гэх зэргийн найман ширхэг хөөрөг, адуу 87, үхэр 52, хонь 749, ямаа долоо зэргийг хураан авсан боловч хөрөнгөө нуун дарсан хэмээгдэж Завхан аймгийн шоронд хоригдсон бай­на. Түүнийг хагас жил орчим суулгаад 1932 оны Улсын баярыг  тохиолдуулан  өр­шөө­­­лөөр сул­ласан аж. 

Хамба  хутагт  хэдийгээр Ардын  засаг  байгуу­лаг­да­хаас өмнө өргөн олны дунд бурх­­ны  шашныг тү­гээн дэл­гэ­­рүү­лэхийн төлөө зүтгэж бай­­сан боловч бурхны шаш­ны талаарх төрийн бод­логод өөрчлөлт орсноор шаш­­­ны асууд­лаас нэгмөсөн хөн­дий­­рөн хар болж, жирийн хү­ний амьдралд шилжин эхнэр хүүхэдтэй болжээ. 

Зав­хан аймгийн Идэр сумын VI багийн 1933 оны хүн амын тооллогод Ядамын Жамбал­дорж эрэгтэй 48 нас­тай, эхнэр Цэрэнгийн Дуламжав, охин Жаажаа, хүү Нанзад­дорж, хүү Жигмэд­дорж, хүү Сэнгэдорж нарын хамт амь­дарч байсан гэжээ. 

Гэтэл Хамба хутагт Жамбал­­­доржийг 1938 оны 1 дүгээр сарын 16-нд дайч­лан баривчлах ордерыг БНМАУ-ын ДЯЯ-ны Зав­хан дахь хэлтсийн дарга Бямбаа баталж, төлөөлөгч Жамсранд олгосон байна. 

Тө­лөөлөгч Жамсран нь тус­лах Пүрэвжавын хамт Хамба хутагтыг Идэр сумын нутаг Мануустай хэмээх газ­раас баривчлан гэр ор­ныг нэгжин эд зүйлсийг нь битүүмжилсэн байна.

 Хамба хутагтыг 1938 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн төлөөлөгч Даваарагчаа бай­цаажээ. Түүний хавтаст хэ­рэгт Ардын засгийг устгаж түүний оронд хуучны хаант засгийг шинээр байгуулж шарын шашныг дэлгэрүүлэх, эрх ямбаа хасуулсан хутагт хувилгаад, сайд түшмэдийн эрх ямбыг дахин олгож, эд нараар засгийн эрхийг бариулах зорилготой эсэргүү бүлгэмийг анх байгуулан удирдаж ажиллаж байсан ба эсэргүү бүлгэмдээ Зав­хан айм­гийн Идэр сумын V багийн харьяат Хамбын хү­рээний агримба Маанийн Аюурбунь, Хам­бын хү­рээний агримба Гүр­жавын Гомбо­жав, Ван­дан­­гийн Гомбожав, Хам­бын хүрээний маарамба Нарангийн Чүлтэм, Думаа­гийн Жамбалжанцан ху­вил­гаан, маарамба Намсрай, Тогтохын Ламжав, Хамбын хү­рээний Ойдов гавьж, Сэ­рээ­тэр гавж, Загд гавьж, Балжин­­ням гавж, Ламжав гавьж, Рагчаа зайсан нарыг элсүүлсэн гэжээ. 

Я.Жамбалдоржийг уг хэ­рэгт нь Завхан дахь ДЯЯ-ны хэлтсийн төлөө­лөгч Бадамбазар ялын тө­лөв­­лөгөө боловсруулж, хэлт­­сийн дарга Бямбаагаар бат­­луулсан байна. Үүнд, Хам­бын хийдэд эсэргүү бүл­гэм байгуулж, гишүүдийг эл­сүүлсэн, Ардын засгийн эсрэг цуурхал дэгдээсэн хэ­мээн үзэж, 

Шүүх Цаазын Бич­­гийн 43, 44, 47 дугаар зүй­лийг баримтлан буудан алах ял төлөвлөснийг шүүхийн бус байгууллага болох Онцгой Бүрэн Эрхэт Ко­мис­сын 1938 оны 2 ду­гаар сарын 18-ны өдрийн V хур­лаар Хамба хутагт Жамбал­доржид хуулийн дээд хэмжээгээр шийтгэн гүй­­цэ­т­гэжээ. 

Тэрбээр баривчлагд­санаас хойш нэг сарын дараа бус­дын гарт өөд болсон нь энэ аж. Хамба хутагт Жамбал­доржийн хэргийг хянан хэлэлцээд 1991 оны есдүгээр сарын 19-ний өдөр БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 134 дүгээр магад­лалаар цагаатгажээ. 

Харин 1931 оны “хөрөнгө нуусан” гэх хэрэгт нь шинэ нөхцөл байдал үүсгэн эрх бүхий байгууллагаас шал­ган, ул­маар цагаатгах нь дамжиг­гүй. Чингэвэл Хамба ху­тагтыг улстөрийн хэрэгт хоёр удаа хэлмэгдүүлсэн нь тогтоогдох учиртай. 

Ийн­­хүү Халхын   тамга­тай 13 хутагтын нэг, Хамба ху­тагт  Ядамын  Жамбалдорж ороо бусгаа цагийн хар шуур­­ганд туугдан идэр за­луудаа ха­рам­сал­тайгаар хор­­воогоос буцсан ч ариун нэр төр нь 53 жилийн дараа нөхөн сэргээгдсэн билээ.

Д.Түвшин

"Өглөөний сонин"

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 12. 18:53
Зочин

Хамба хутагтын Монгол дахь дүр нь ганц энэ Жамбалдорж биш юм. Сүүлийн дүр нь одоогийнхоор Архангай аймгийн Тариат сумын нутаг байх. Өмнөх дүрүүд нь Засагт хан аймгаас тодорч байжээ. Иймээс сүүлийн дүр нь өмнөх дүрийнхээ хийд рүү залагдаж очсон хэрэг.

9 сар 17. 16:57
Зочин

хутагт байлаа гээд нийгэмд ямар үүрэгтэй байсан юм бэ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]