Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нуруу нь тэг дөрвөлжин, булчин нь адууны гуя шиг ийм хүн гэж бас байдаг ааУншсан11,321

Монгол бөхийн домог болсон алдарт дархан аварга Б.Түвдэндоржийн тухай нийтлэлийн эмхэтгэлийн үргэлжлэл.

Монгол бөхийн домог болсон алдарт дархан аварга Б.Түвдэндоржийн тухай нийтлэлийн эмхэтгэлийн үргэлжлэл.

Улсын арслан Г.Цоодол: ГАРАА, ДЭВЭЭ САЙХАНТАЙ БӨХ

-Б.Түвдэндорж аварга бид нэг үеийн бөхчүүд юм. Аварга маань биеийн галбираар Хадбаатартай төстэй, суйлдаг, хөнтөрдөг, гүйж орсон хүнийг дадамгай дардаг мэхтэй байлаа. 1938 оны наадамд гурав давж, хойтон жил нь шууд түрүүлсэн хүн дээ. Түвдэндоржийг байхгүй бол наадам эзгүйрээд нэг л эвгүй байдагсан. Аваргад янз бүрийн саад тотгор тохиолдоогүй бол элбэг 10 гаруй түрүүлэх байсан. Ер нь цагийг эзэлсэн их бөх байсан даа. Гараа, дэвээ хэчнээн сайхантай гээч.

Улсын арслан Ц.Бадамсэрээжид: ТҮРҮҮЛСЭН БӨХИЙН ШАГНАЛЫГ АВАВ 

Б.Түвдэндорж аварга хувьсгалын жилүүдэд төрсөн бөхчүүдээс хамгийн тэнхээтэй мөртөө гуалигхан биетэй /120 кг орчим жинтэй/ бөх байсан юм. Агаарт эргэлдэн нисэгч бүргэд шувуу шиг уужуу тайвуухан атлаа уран гоё дэвсээр гардаг бөх байсан. Энгүүн яриа хөөрөөтэй, хэнтэй ч болов дорхноо л танилцчихдаг, сайхан зан ааштай хүн байв. 1940-өөд оны үед юм уу даа, тонн хэрийн жинтэй цементэн том хоолойг хээрээс олж дотор нь юм хум хадгалъя” хэмээн ихэд олзуурхан хүнээс үхэр тэрэг гуйж аваад түүнийгээ хүчлэн өргөж тавьтал тэрэг хэмхэрч өрөнд орж байсан гэдэг. Түүний гол мэх нь хөнтөрч суйлдаг. Тэрийгээ их чадамгай хийнэ. Хааяа хөлд нь гүйж орсон хүнийг алдалгүй бариад хүчлэн дарчихдаг байсан. 1954 оны наадамд бид хоёр үлдэж, би түүнд сээрэн дунгуй мэхээ хийсэн боловч хариу хүчтэй мэхэнд орон унаж үзүүрлэсэн юм. Намар нь спартикадын үндэсний бөхийн барилдаан бага цэнгэлдэх хүрээлэнд болоход улсын арслангаас дээш цолтой 12 бөх тойргийн журмаар барилдсан юм. Би эхлээд нэг гэсэн дугаартай сугалаа татсан нь Түвдэндоржтой таарсан байв. Түвдэндорж надаас “Чи өнөө сээрэн дунгуйгаа хийх үү” гэхэд нь би хийнэ дээ гэсэн. Тэгээд би үнэхээр сээрэн дунгуй хийх гэж байгаа дүр үзүүлээд ноцож байгаад гэнэт бусгаад зайлчихсан чинь аварга хүчиндээ ойччихдог юм байна. Тэгээд босч ирээд “Аа, чи намайг залилж унагаалаа. Жинхэнэ бяр хүчээрээ хаяагүй” гээд тахимаа өгдөггүй. Би спартикадын бөхийн комиссын дарга, улсын арслан Ванчинхүү гуайд хэлж байж тахимаа авч байж билээ. Хэд хоногийн дараа Налайхад болсон наадамд би Түвдэндоржийг аанай л сээрэн дунгуйгаараа хаяж түрүүлсэн юм. Харин аварга маань тү­рүүлсэн бөхийн шагналыг маань "Би авна" гээд авчихлаа. Яагаад гэвэл чи жинхэнэ бөх биш. Хүнийг залиар унагадаг бөх гээд өөрийнхөө шагналыг орхиод явчихаж билээ. Наргиа хошин зантай ч жинхэнэ эр хүний бяр хүчийг үзэх дуртай байсан. Түвдэндорж ер нь ам их хатуу авдаг хүн байсан. Ам авахдаа "За дүү хүүгээ хүртчихье" гэнэ. Харин үргэлж уужуухан далбаа өмсдөг байв. Түүнээс нь бариад авахад биеэ суллаж лавшруулан бариулж байгаад их хүчтэй хална. Хурууны өндөг цайртал хална даа.

Улсын арслан Ж.Чойжилсүрэн: ТҮВДЭНДОРЖ АВАРГЫГ АНХ ХАРСАН МИНЬ

Би төрсөн нутаг Архангай аймгийн Өлзийт сумын наадамд 1954 онд түрүүлснээс хойш бөхийн дон туссан хүн дээ. Хойтон жил нь хотод ирж Урт цагааны баруунтай орших хотын зах дээр Түвдэндорж аваргыг анх харсан. Тэгэхэд аварга маань мах мариа, хүч чад­лаар тааруухан хүн шиг харагдсанд “Өнөө алдарт аварга маань энэ үү” гэсэн бодол төрж, барилд­вал хаячих юм шиг санагдаж байв. Гэтэл наад­маар зодоглоод цол гун­­шингаа дуудуулаад алгуур тайван нь аргагүй дэвсээр гарч ирэхийг нь хараад өөрийн эрхгүй сүрдэж, тэр бодлоосоо ичиж билээ. Аварга маань үнэхээр Монгол бөхийн буян шингэсэн хүн байж дээ. Бөхөд хорхойтой бидний хэдэн залуусыг цуглуулж, бөхийн гараа, дэвээ, шаваа, өрөлтөөс авахуулаад их зүйлийг тун ч уйгагүй зааж өгсөн. Тэр үед бидний хичээл Дунд голын хуучин модон гүүрний дэргэдэх зүлгэн дээр явагддаг байлаа. Ажлаасаа тарж яваа олон хүн Түвдэндорж аваргыг таньж, бас сониучирхан цуглаж, дорхноо бүчээд авна. Үүнд нь бид том, багагүй баярлаж багшийнхаа заасан бүхнийг сурах гэж хичээнэ. Хичээл маань заримдаа жижиг наадам болж хувирна. Чухам энэ үед багш маань “Чамлахаар чанга атгаж барилд, аваргыг хаяж аварга болдог юм” гэж ухаан шингэсэн олон зүйлийг хэлж зөвлөдөгсөн. Чингээд "За хүүхдүүд минь архи, тамхинаас хол явж бай. Мөн бардам зан их халгаатай шүү. Би энэ гурваас болоод олон жил түрүүлэх боломжоо алдсан юм хэмээн аварга маань бяр хүчээр ааглаж явсан аатай залуу насны гэмээ чухам тэр үеэс л ойлгон ухаарч байсан юм.

Улсын арслан У.Мижиддорж: "ИЙМ ХҮН ГЭЖ БАЙДАГ АА" -Б.Түвдэндорж аварга Ардын хувьсгалын 25 жилийн ойн баяр наадамд түрүүлснийхээ дараа Булган аймагт очиж барилдахад нь анх харж билээ. Сууж ирсэн машиныхаа тэвшин дээр гарчихсан зодог шуудгаа өмсөж байхад нь хүмүүс тойроод шавчихсан "Ийм хүн гэж байдаг аа" гэж гайхаж билээ. Нуруу нь тэг дөрвөлжин, булчин нь адууны гуя шиг л юм харагдсан. Царай зүс ч гэж сайхан. Нямжав, Содном, Хорол заан нар дэргэд нь юу ч болохгүй байсан даа. Одоо бодоход бие нь хүнд, бяр их болохоор олон мэхний хэрэггүй байсан байх. 1955 онд нэлээд харьсан хойно нь Сонгинод хэд хоног цуг амарсан. Тэгэхэд л 130 гаруй кг байсан юмдаг. Хүний мэх хийхийг ашиглахдаа сүрхий, зүгээр л дарчихна. Доогуур нь орж ер болдоггүй хүн. Их даруухан, элдэв долоон үггүй, нэр төр хөөцөлддөггүй хүн. "Уг нь хичээгээд барилдсан бол 10 түрүүлчих байлаа" гэж ярьдаг байв. Би 1952 оно weос эхлэн нөхөрлөсөн. Намайг ид байхад харьж явсан хүн. 1957 оны улсын баяр наадамд долоогийн даваанд намайг амлаж, би унагасан болсон. Ид үед нь бол яагаад ч барахгүй. Ард нь гарсан ч унагаж чадахгүй байсан. Би улсын арслан цолтой бөх гэхэд Түвдэнгийн ид үед нь юу ч болохгүй хүн шүү дээ. Б.Түвдэндорж аварга гарын уртай, их ажилсаг хүн. Барьсан сууц нь одоо ч Баянхошуунд бий. Доторх ханын шүүгээнүүдийг өөрөө хийсэн. Зодог шуудгаа тун гоёмсог хийдэг хүн. Ш.Батсуурь аваргыг хоёр дахь удаагаа түрүүлдэг жил нь наймд үлдээд амлаад унасан юм. Тэгээд гарч явахдаа хар дээл өмсчихсөн, хээр морь унаад явж байхыг нь хүмүүс хараад "Морь нь даадаг юм байх даа" гэцгээж байж билээ. Ер нь Түвдэндорж аварга шиг бөх их л ховорхон төрнө дөө.

Улсын заан Ц.Лувсан: БӨХИЙН ШИНЖИЙГ САЙН МЭДДЭГ, АЖИГЧ ГЯРХАЙ ХҮН БАЙСАН

Б.Түвдэндорж аварга өөрийнхөө үеийн бөх­чүү­дээс бяр чадлаараа онцгой байсан юм. Тухайлбал, 1952 оны улсын баяр наад­мын барилдаанд Ерөнхий сургуулийн Самбуу, Б.Түвдэндорж аваргатай таарч барилдсан юм. Тэгэхэд Самбуу дэгээ ороогоод автал Б.Түвдэндорж аварга хоёр хөлөө бага зэрэг салгаснаа хоёр суган дотроос нь дээш шувт татаж өргөн дэгээг нь мултлан хаяж байсан. Б.Түвдэндорж аварга олон талын барилдаантай, мэхтэй боловч их бяртай байс­наас учраа бөхөө барьж аваад өөр рүүгээ та­­таад буцаан түлхээд үлд­­сэн хөлийг суйлах, та­­хим­­дах зэрэг гарын үзүүрээр хийдэг мэхүүдээр хял­бар­хан унагадаг байв. Ер нь Түвдэндорж аварга бөхийн шин­жийг сайн мэддэг, ажигч, гярхай хүн байсан бололтой. Тэр үеийн бөх­чүүдийн нийтлэг нэг сай­хан чанар бол маш нө­хөр­­сөг, үнэнч шударга, хуу­р­ах, мэхлэх, бие биеэ муу­лах, элдвийн яриа гэж огт байхгүй байсан. Харин элэг бүснээс удаан зуурч барилддаг бөхөд их дургуй байсан сан хэмээн Б.Түвдэндорж аваргын талаар хуучилсан юм. Өнөөг хүртэл түүний энэ амжилтыг эвдэж чадаагүй байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]