Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Польшийг орхилоо (11-р бүлэг)Уншсан2,584

Монголчууд Пешт хотыг авсны дараа зун намрын турш энэ улсаас хэзээ ч гарч явамгүй мэт тухалж, эзэлсэн хот, гацаа суурингуудад монгол, куман даргач, түшмэл тавьж, тариачдаар ургацаа тарих, хураах ажлыг нь харгалзан хянаж, намар ургац хураахад нь их цэргийнхээ хүнс тэжээлийг базааж, агт морьдоо амраан тарга тэвээргийг нь авхуулжээ.

Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.


11-р бүлэг.
Польшийг орхилоо. Гэвч тэнд монголчуудаас үлдэж хоцорсон уу?

 

 

Харин Байдарын умард замын цэрэг Лигницийн тулалдааны дараа Чехийн армитай зууралдан байлдсангүй Нис голыг ухарч гатлаад хэсэг зуур цэргээ амраав. Богино хугацаанд эрч хүчний дээд боломжийг шавхан үзүүлсэн түүний цэрэг армид амарч, хүчээ нөхөх шаардлага зайлшгүй байсан буй за.

Чехийн Вацлав ван ч Лигницийн ялагдлыг сонсоод, зүрх мохож Тюринг, Саксонтой нийлж хүчээ зузаалхаар ухарчээ. Энэ хооронд Байдар нэг туршуул ангийг Чехийн армийн хөдөлгөөнийг тандуулахаар баруун тийш илгээсэнд Лигницээс 80 гаруй км-ын алсад байх, Ариун Ромын эзэнт улсын бараг хил дээр, Эльба мөрний зүүн цутгалын эхэнд орших Житов хот болон Бохемийн гүнлэгийн нутгийг шүүрдэж үзээд буцжээ. Монголчуудын баруунд хамгийн гүн хүрсэн цэгийг Австрийн Вена хотын баруун талд байх Корнейбург гэж үзэх нь байдаг. Житов болон Корнейбург хоёрыг өргөргийн байршлаар нь харьцуулан үзвэл Житов нь илүү баруунд юм. Тэгэхээр монголчуудын хүрсэн баруун цэг нь Житов, Бохем байх магадлалтай.

Байдар 4 сарын дундуур урагш хөдөлж, Бага Польшийн Ратибар мужийг сүйтгэн хоослов. Тэндээсээ Чехийн гол хүч I Вацлавын дэргэд умард Чехд байгааг тандан мэдээд  Чехийн өмнөд муж Морави руу халдан орж, Оломоуц хотыг бүслэн хаажээ. Энд Байдар жанжныг алуулсан гэдэг мэдээ бий. Байдар хотын хэрмийг хүчлэн дайлахаас зайлсхийж, бүслэлтээр хотыг буулгаж авах гэжээ. Хэсэг хугацааны дараа цэргүүдээ хэдэн анги болгон ойр орчмын хот, тосгодыг эзлүүлэхээр явуулж, хотын бүслэлтэд цөөн цэрэг үлдээсэн байна. Үүнийг тандаж мэдсэн хотын гарнизоныг удирдаж байсан Штернбүргийн гүн Ярослав шөнөөр сэмхэн гарч монголчуудын хүрээ буудлыг дайран довтлох үед Байдар жанжин алуулсан гэдэг. Энэ явдал ид зун эхэлж байх үед буюу 6 сарын сүүлчээр болсон нь монголчууд уг хотыг удаан хугацаанд бүслэн хаасныг илтгэнэ. Мөн хавар гурван сард ердөө хоёр гуравхан хоногт туулсан хэмжээний замыг тэд бараг хоёр гурван сард туулсан нь урагш нэг их яарахгүй байсныг харуулна. Ийнхүү Байдар  жанжин урагш Мажар руу орж, гол хүчтэйгээ нэгдэхгүй удсаныг бага Польш орчимд бэхжиж, умардаас ирэх халдлагыг халхлах зорилготой холбон ойлгож болох байх.

Монголчууд гурван хоног гашуудаж, олон зуун олзлогсдоор жанжныхаа хойтын буянд өргөл болгон тахиад, Брногоор дайран Словакт цөмрөн оржээ. Энэ нь нэгд умардаас довтлох довтолгоон үндсэндээ бүрэн хаагдсан гэж үзсэн, хоёрт IV Бела вантан Словакт буй гэсэн мэдээ авсантай холбоотой. Ингээд мажар ванг хайж, Словакийн Тренчин, Нитра зэрэг хэд хэдэн хот, балгадыг эзэлж, баруун тийш Братиславыг хүртэл дайрчээ. Словак бүрэн эзлэгдэв. Мажарт байх гол хүчнээ баруунаас халхалж, тэд Словакт зусаж, намаржижээ.

 

***

Өнөөгийн Польшийн төв хэсэгт: Лодзь, Ленчица, Ловичийн дунд Монколица хэмээх нэртэй нэгэн жаалхан тосгон бий аж. Хачирхалтай нь уг тосгоны хууччуулд өөрсдийгөө монголоос гаралтай гэж үздэг, үүнээ үе удамдаа уламжлан хэлж үлдээдэг заншил байдаг гэнэ. Тэр ч бүү хэл зарим нэгэн настай хүмүүсийн дүр төрхөд ази зүгийн шинж төрх ажиглагддаг байна. Чухам ямар учир шалтгаанаар Польшийн яг төв хэсэгт монголчууд ийн суурьшиж үлдсэнийг тогтооход бэрх ч Байдар жанжны цэрэг Ленчицаг дайран умард хил хүрээд хурдан маршаар буцаж Их Польшийн төв нутгаар буюу дээрх Монколицагийн байх газраар дамжин Врацлав руу очсон байдаг. Тийн явахдаа түргэвчилсэн маршийн ая даахгүй болсон шархдагсадаа тэндэхийн тосгонд үлдээсэн нь бүрмөсөн үлдэж, аажмаар шашин шүтлэгийг нь авч, зан ёсыг нь дагаж, нутгийнхантай уусан нэгдсэн байх гэсэн таамаг бий. Тэгээд ч монголын арми дотор загалмайн шүтлэгтэй хүмүүс олон явсан байдаг. Байдар жанжин ч тэр даруй эргэн авч чадаагүй байх магадлалтай.

Хожуу 20 орчим жилийн дараа буюу 1259-1260 он, мөн 50 гаруй жилийн дараа 1287-1288 онуудад Монголын Алтан ордын цэрэг Польшид хоёр ч удаа халдан довтолсон байдаг. Эхнийх нь дээрмийн гэмээр уулгалсан довтолгоон байсан ба Польшийн зүүн хязгаараас хэтрээгүй бол хоёр дахь нь гэрээгээ биелүүлээгүй Польшийн вангаас ял асуусан довтолгоон байжээ. Тэгэхээр хожуу болсон энэ хоёр довтолгоон нь тэр үлдсэн монголчуудтай ямар нэгэн холбоогүй бололтой.

Нэгэнт хорин жил оршин суусан бол бүтэн үе эхэлж, нутагшсан нь ойлгомжтой тул монголчууд ирсэн ч дагах магадлал бас бага юм. Иймэрхүү аялан байлдаж байсан бүс нутагтаа цөөн тоогоор ч болов гээгдэн, суурьшиж үлдсэн монголчууд дэлхийн өнцөг булан бүрд, тухайлбал, Бирм, Вьетнам, Өмнөд Хятадын Юнань, Япон, Солонгос, Энэтхэг, Иран, Армян, Мисир гээд хаа сайгүй бий.

 

***

Монголчууд Пешт хотыг авсны дараа зун намрын турш энэ улсаас хэзээ ч гарч явамгүй мэт тухалж, эзэлсэн хот, гацаа суурингуудад монгол, куман даргач, түшмэл тавьж, тариачдаар ургацаа тарих, хураах ажлыг нь харгалзан хянаж, намар ургац хураахад нь их цэргийнхээ хүнс тэжээлийг базааж, агт морьдоо амраан тарга тэвээргийг нь авхуулжээ. Тэр ч бүү хэл Бат хаан IV Бела вангийн тулааны талбараас авч амжаагүй вангийн тамгыг ашиглан Мажар даяар амгалан тайван сууцгаахыг уриалсан бичиг тарааж, өөрсдийн зоосон мөнгийг цутгаж, арилжаа гүйлгээнд тарааж эхэлсэн нь энэ нутагт монголчууд бүрэн эрхт эзэн нь болон өнөд суухаар шийдсэн мэт байв.

Тиймээс 300 гаруй жил тэр нутагт оршин тогтнож, цагтаа Галлыг хүртэл байлдан цохиж, Альпийг даван Италийн хойгийг  яг Ханибалын явсан замаар хойноос нь шувт туулан дайтаж явсан сүрхий дайнч, загалмайд үнэнч хүчирхэг энэ улсыг нэгмөсөн өнгөрлөө, харийнханд алдлаа, буцааж авах найдваргүй боллоо гэдэгт европчууд бүрэн итгээд байжээ.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 3. 20:30
mongol

manaihan utga zohioliin bolovsrol taaruu ym daa. tun hariutslagagui garchig tavisan shuu. mongolchuud hezee ch tuiveen suitgegch nar baigaagui. shudarga eos jurmiig TENGERiin tushaalaar sahiulj yavsan ymaa,

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]