Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүнбаянгийн цэрэг төрийн наадамд шууд зургаа давсан түүхУншсан7,414

Далан нэгэн онд Зүүнбаянд цэрэгт татагдаад дараа нь “Алдар” нийгэмлэгийн тамирчин болж Чимэдбазарын Дамдиншарав багшийн гарт ирсэн.

Дөрвөн жилийн өмнөх нэгэн ярилцлагыг уншигчдадаа сэргээн хүргэж байна. Халхын их хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох аваргын тухай  бөх судлаач, бөхийн тайлбарлагч Б.Цогтбаатар Өдрийн сонины сэтгүүлч, Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулгатай хэрхэн хөөрөлдсөнийг сонирхоно уу.

-“Хоёр Мөнх”-ийн араас залгаж төрсөн хүчит аваргуудын нэгэн бол яах аргагүй Дашдоржийн Цэрэнтогтох аварга. Монгол бөхөд уран хурц барилдаан, мэхний олон хувилбарыг оруулж ирсэн гэж бөх судлаачид үздэг юм билээ?

 

-Бөхийн түүхэнд “Хоёр Мөнх”-ийн араас залгаж гарч ирсэн хоёр хүчтэн бол Дашдоржийн Цэрэнтогтох, Дагвацэрэнгийн Хадбаатар нар. Цэрэнтогтох аваргын барилдаан эхнээсээ л бөхөд хайртай олны сонирхлыг татсан байдаг.

Барилдааны явцад угсраа олон мэхний хувилбар гаргаж болдгийг биеэрээ үзүүлж, Монгол бөхийн барилдааны гайхамшгийг, жинхэнэ мөн чанарыг нь бодитойгоор үзүүлсэн хүн. Үүнийг миний бие тодорхойлж хэлж байгаа юм биш. Бөх судлаачид, олон түмэн далаад оны сүүл үеэс л ингэж ярьж, бичиж эхэлсэн байдаг. Их аварга маань хувь хүнийхээ талаас цөлх Монгол ухаантай, бөхийн ёс жудаг, эрэмбэ дарааг машид баримталж хадгалж ирсэн. Гүйлгээ ухаан сайтай, сэргэлэн гярхай хүн байсан. Тэр нь барилдаанд нь нөлөөлдөг байж. Уран дайчин, иртэй зоримог барилдаан гаргаж байж л “Хоёр Мөнх”, Хадаа, Дагвасүрэн, Мөнгөн гээд тэр олон хүчтэнүүдийн дундаас цойлж гарч ирнэ шүү дээ. Далан найман онд дархан аварга Д.Дамдингаар долоо, Х.Баянмөнхөөр найм, Ж.Мөнхбатаар ес давж түрүүлэн улсын арслан цол хүртэхэд нь Цэдэнбал дарга “Хүү минь чи хаанаас гэнэт ингээд гараад ирэв дээ” гэж гайхсан, эргэлзсэн, баярласан байртай асууж байсан гэдэг. Үнэхээр Цэрэнтогтох аварга бол далаад оны дунд үеэс Монгол бөхийн дэвжээнд дуулиан шуугиантай гарч ирсэн. Түүний барилдааныг харах гэж, тухайн цагт хэнбугайд ч тахимаа өгч, элэг бүсээ тайлаагүй байсан хоёр Мөнхтэй хэрхэн барилдахыг нь үзэх гэж наадамчин олон тэсэн ядан хүлээдэг байсан. Мөнхбат, Баянмөнхийн дархан хаанчлалыг зогсоосон хүн бол Цэрэнтогтох аварга шүү дээ.

-Зүүнбаянгийн цэрэг төрийн наадамд шууд зургаа давж байв. Бас луугаруудыг унагаж байсан түүх бий?

-Далан нэгэн онд Зүүнбаянд цэрэгт татагдаад дараа нь “Алдар” нийгэмлэгийн тамирчин болж Чимэдбазарын Дамдиншарав багшийн гарт ирсэн. Дамдиншарав гуайгаар бөхийн чөлөөт барилдааныг заалгаж, их спортын тамирчин болсон түүхтэй. 1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монгол Улсаас анх алтан медаль авч байсан. 1980 оны Москвагийн олимпод тавдугаар байрын шагнал хүртэж байсан гээд их спортод үзүүлж байсан амжилтыг нь бахдаад барамгүй. Далан хоёр оны улсын баяр наадамд нөхөөстэй зодогтой цэрэг шууд зургаа давж заан цолны даваанд очиж шуугиулсан удаатай. Гурвын даваанд Архангайн Хайрханы Балдир зааны хүү, аймгийн арслан Сүхбаатарыг давсан байна. Тэгээд дөрөвт Булганы Бугатын Чимидийн Лундаа гэж аймаар амьтныг хаячихсан байна. Лундаа бол тухайн цагт ид гарч ирж байсан, тэр жил заан цолонд элбэгхэн хүрнэ гэж олны итгэн хүлээж байсан бөх л дөө.

Ингээд Зүүнбаянгийн цэрэг Цэрэнтогтохыг тавын даваанд уран барилдаант хүчит аварга, Уйлган голын Чойжилын Бээжин гуай амлаж барилдаад унасан байдаг. Бээжин аварга хоёрхон жилийн өмнө буюу 1970 оны төрийн наадамд нэг голын Дамдин аваргатай үлдэж түрүүлж байсан, ид үедээ тийнхүү цэргийн хүүд элэг бүсээ тайлсан нь энгүй их хүчтэн Цэрэнтогтох аварга байжээ. Зургаагийн даваанд төрийн наадамд гурвантаа үзүүрлэсэн хүчит арслан Пүрэвийн Дагвасүрэнг мөн л ид үед нь хаясан. Аварга улсад анх барилдсан наадмаа дурсах дуртайсан. “Дагвасүрэн гуайг хаячихаад эхлээд итгээгүй. Хөл авах гэж дайрахаар нь барьцгүй тосгуулж хавсраад унагачихсан юм. Би дэвж чаддаггүй, засуул болохоор дэвээч гээд байдаг. Дагвасүрэн арслан босохгүй удаад байсан. Сүүлд бодох нь ээ, харамсаад л байж. Тэр жил шүуд зургаа давчихна гэж огтхон ч бодогдоогүй. Гурав давбал 14 хоногийн чөлөө өгдөг байсан. Гурав давж 14 хоногийн чөлөө авч нутагтаа очихсон гэж бодсоноос цол авна чинээ санаагүй” гэж байлаа.

-Мөөеөгөөс өөр бөхөд барагтай бол тахимаа өгөөгүй босоо байсан Баянааг Цэрэнтогтох аварга хэд хэдэн удаа унагасан. Тэр тухайгаа өөрөө ч ярьдаг байсан?

-Цэрэнтогтох аварга Баянаа аваргатай барилдаж байхдаа ямар мэхэнд яагаад уначихав гэдгээ эхэн үедээ сайн мэддэггүй байж л дээ. Аваргатай барилдах учраа олохгүй байсан хэрэг. Тэгээд яавал би Баянаа аваргыг унагаж болох вэ гэдгээ маш их бодсон байгаа юм. Янз бүрийн мэхний хувилбар бодож боловсруулж, түүнийгээ өөр бөх дээр туршиж, давтаад байж. Ерөөсөө л Баянаа аваргыг давна гэсэн зорилго тээж бэлтгэл сургуулилтаа хийсэн байна. Түүнийх нь үр дүн гаралгүй яахав. Улсын заан цолтой байхдаа “Хоршоолол” нийгэмлэгт болсон Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны баярт зориулсан барилдааны их шөвөгт Баянаа аварга, Галдандагва начин, Цэрэнтогтох аварга гурав үлджээ. Баянаа аварга, Цэрэнтогтох аварга хоёр өмнөх даваануудад гоц мөргөсөн учир гурван бөх үлдэхэд хуваарь ёсоор Галдандагва начин гоц мөргөж, Баянаа Цэрэнтогтох хоёр тунажээ. Тэгэхэд Баянаа аваргыг маш өвөрмөц сонин мэхээр унагасан байдаг юм. Өөрийнх нь хэлснээр бол тал хутгаа гэж ойлгогдоод байгаа. Тэр нь самбо барилдааны мэх юм байна. Баянаа аварга хувцсаа өмсөөд зогсож байх зууртаа “Би сая хөдөөгүүр хэд хоног ан ав гэж яваад шууд ирлээ. Ямар ч бэлтгэлгүй ирээд чамд уначихлаа. Дараагийн барилдаанд бэлтгэлтэй очиж чамтай барилдана. Чи миний гараас хаа холдох вэ дээ” гэсэн байна. Уг барилдаанаас долоо хоногийн дараа Хөнгөн хүнсний үйлдвэрийн ажилчдын баярт зориулсан барилдаан болж Баянаа Цэрэнтогтох аваргууд түрүү үзүүрт шалгарсан байна. Цэрэнтогтох аварга энэ тухайгаа ингэж дурссан байдаг. “Аварга элэг бүсний барьцаа улам лавшруулж шуудагдаад бярдаж хаядаг байв. Яг тэгээд дайраад ороод ирэхээр өмнөөс нь цохио маягийн мэх хийлээ. Ийм хариу мэхийг би олон хоног бэлдсэн юм. Наадмаар хийнэ гэж бодож байсан ч тэвчээр алдаад хийчихсэн. Баянаа аварга алга болчихдог юм. “Энэ чинь яав” гэтэл дээшээ хөөрөөд явчихсан байв. Тэгээд газарт далаараа буунгуутаа өмнөөс өрсөн чигээрээ босоод ирдэг юм. Унаж үзээгүй хүн чинь тийм байдаг юм билээ. Яг тухайн агшинд өөр тийшээ анхаарал хандуулсан хүн “юу болов” гэж алмайран гайхахаар. Аваргын царай нь хүрлийгээд сонин болчихсон тахимаа өгч байсан. Одоо ч нүдэнд харагддаг” гэж байв.

-Заан болдог жилээ түрүүлчих боломж байсан гэдэг юм?

-Улсад зургаа давж одоогийнхоор бол харцага цол хүртсэний дараахь он жилүүдэд буюу 1974-1976 онд төрийн наадамд зодоглоогүй өнжсөн байдаг. Тухайн үед улсын шигшээ багийн тамирчин байсан. Олон улсын тэмцээнүүдэд яваад наадамд зодоглох боломж олдохгүй байсан нь мэдээж. Улсад зодоглоогүй тэр он жилүүдэд би Хадыгаа гүйцэхээргүй хол алдсан гэж аварга хэлдэг байсан. Өнөө Хадбаатараа хэлж байгаа хэрэг. Хадаа нь далан таван онд Мядагийн Мөнгөн, Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Донровын Долгорсүрэн нарын хүчтэнүүдийг тав, зургаа, долоогийн даваанд тунаж орхисноор заан цол, дараа жил нь П.Дагвасүрэнтэй үлдэж түрүүлэн арслан цол хүртсэн. Нэг жил начин цолыг хамт хүртэж байсан Хад нь төрийн наадмын түрүү бөх болчихсон мандаж байхыг харах Цэрэнтогтоход нь хэцүү байж. Түүнийг яаж гүйцнэ дээ гэж боддог байж л дээ. Ингээд далан долоон онтой золгосон байна. Тэгтэл ашгүй чөлөөтөөс түр хугацаагаар завсарлуулсан байна. Үндэсний бөхийн бэлтгэлдээ шамдаж тэр жилээ Мөнгөн, Дасрангийн Мягмар нараар тунаж тав, зургаа даван зааны даваанд Хадбаатартайгаа тунаж барилдан давснаар заан цолонд хүрсэн. Наймын даваанд Мөнхбат аварга Дагвасүрэн арсланг амласнаар Баянаа Цэрэнтогтох хоёр тунасан байдаг.

“Баянаа аваргыг хаях боломж байсан. Гэвч би арай л яарчихсан юм. Их ч ядарч билээ” гэж харамсч байсан удаатай. 1978 онд наадмын манлай гурван дархан аваргыг дараалуулж орхин улсад түрүүлж, арслан цол авч Бал даргыг гайхшруулж байсныг нь дээр өгүүлсэн. Харин 1979 оны улсын наадмын өмнө болсон Монголын бүх ард түмний зургадугаар спартакиадад 31 бөх тойргоор барилдсанаас нэг ч уналгүй 30 давж түрүүлэн Монгол Улсын аварга цол хүртсэн түүхтэй. Хадаа, Цэрэнтогтох хоёрын хэн нь давахыг үзэхээр очсон хүмүүс спортын төв ордонд багтахгүй, гадуур нь пиг дүүрэн, сонсоод зогсож байсан гэдэг шүү. Цэрэнтогтох аварга Монгол бөхийн дээд цол болох улсын заан, арслан, аварга, даян аварга, дархан аваргыг таван жилийн хугацаанд жил дараалан хүртсэн бөх юм. Д.Дамдин, Ж.Мөнхбат нарын алдарт аваргууд ингэж жил дараалан цол хүртсэн гэж өөрөө бахархалтайгаар хэлдэг байсан. Дамдин, Мөнхбат, Баянмөнх нарын алдарт аваргуудын халааг авч, ерээд оны эхэн үед цагийг эзэлсэн их хүчтэн Бат-Эрдэнэ аваргад Монгол бөхийн өндөрлөгийг хүлээлгэж өгөх ховор хувь тавилан Цэрэнтогтох аваргад тохиосон нь гайхмаар.

-Та бол Халхын их хүчит аваргатай ойр дотно явсан хүний нэг. Мөн нутаг ус ч нэг дорынх гэж хэлж болох юм. Цэрэнтогтох аварга Өвөрхангайн Нарийнтээл сумынх, та зэргэлдээ Хайрхандулааных?

-Миний сэтгэлдээ бишрэн дээдэлж хадгалж явдаг хүмүүсийн нэг бол их аварга маань байлаа. Урт холын аянд явчихсаныг нь сонсоод сэтгэл эзгүйрэх шиг л болсон. Гэхдээ Монгол бөхөд уран дайчин барилдаан, угсраа олон мэх, цөлх сайхан ухаан, ёс жудаг, эрэмбэ дараа гэдгийг дархлан үлдээснийг нь бодохоор өег дулаан санагдах юм. Аварга бол Нарийнтээлийн хангай, говь хосолсон үзэсгэлэнт нутаг Ханхөгшин хайрханы өвөр бэлд төрсөн хүн л дээ. Аав нь “хөл” Дашдорж гэж барилддаггүй хэрнээ бие томтой, хүдэр чийрэг хүн байж. Харин ээжийнх нь талд Довчиндагва гэж цэргийн заан цолтой, Матад, Тамсагийн дивизэд алба хаасан сүрхий эр байсан юм билээ. Тэр хүн л аваргыг багад нь хараад “Хөлийн энэ хар сайн бөх болно шүү” гэж хэлсэн гэдэг. Бөх барилдана гэдэг бяр тэнхээнээс гадна тухайн хүнээс их авьяас, мэдрэмж шаарддаг зүйл л дээ. Халхын их хүчтэн Цэрэнтогтох аваргад тэрхүү авьяас мэдрэмж илүү их заяажээ гэж бодогддог юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]