Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ленин багшийг дээрэмдсэн ньУншсан10,330

1919 он Орос орон. 1917 оны дараалсан хоёр хувьсгалын дараа Орос орон замбараа цадигаа алдан, иргэний дайн, хоосрол сүйрэл, гэмт хэрэг аллага таллагад нэрвэгдэн байсан тэр цаг үе.

1919 он Орос орон. 1917 оны дараалсан хоёр хувьсгалын дараа Орос орон замбараа цадигаа алдан, иргэний дайн, хоосрол сүйрэл, гэмт хэрэг аллага таллагад нэрвэгдэн байсан тэр цаг үе.

Москва хотын шөнийн эзэд болсон олон гэмт хэргийн бүлэглэлийн дундаас хамгийн хүчтэй нь Яков Кошельков  гээч нөхрийн удирдсан дээрэмчид байсан бөгөөд тэдний “засаглал” гэмт хэргийн ертөнцийг бүрэн хамарч Москвагийн Онцгой Комиссын (алдарт ЧК буюу чекистүүд) хамгийн том өрсөлдөгч болж гарч ирсэн байна.

Яков Кошельков нь хүнийг алах гэж алдаг хүн биш, зөвхөн бие хамгаалах үедээ алдаг, маш зоригтой, гүйлгээ ухаан сайтай, зохион байгуулах мундаг авьяастай гэж тухайн үед гэмт хэргийн ертөнцөд яригддаг байсан боловч яваандаа энэ хүн улангассан алуурчин болж хувирсан байдаг.

Яков Кошельков 

Гэгээн цагаан өдрөөр том том байгууллага, банк, рестораныг цөлмөж байсан бөгөөд хэнээс ч айж ичихгүй, дээрмээ дэндүү “шоу” байдлаар хийнэ. Ганц жишээ гэхэд л үнэт эдлэлийн нэгэн том үйлдвэр дээр очиж дээрэм хийхдээ яг л дээд байгууллага нь доод байгууллагын ажил хэргийг шалгаж байгаа мэт байсан гэдэг. Яков асуух юмаа асууж, үйлдвэрийн дарга өмнө нь бөхөлзөн хэлсэн болгонд хариулаад л цаана нь зуу зуун ажилчдыг бүгдийг нь жагсаасан хэдэн нөхөд бүтээгдэхүүний дээж авна.  Тэрхүү дээж нь 3 фунт алтан гулдмай, 3,5 фунт цагаан алт, 25 000 бэлэн рубль байжээ.

Ийм нөхдүүд нэгэн шөнө архидаж байгаад гарч зугаалахаар болжээ. Зугаалж ядарсан нөхдүүд замаар явах машин дээрэмдэн авч өөр газар наргихаар шийдсэн боловч машин ер байсангүй. Сүүлдээ даарч, архи нь гарсан нөхдүүд ихээхэн уур уцаартай болж ирэх үед нэг машины гэрэл гарч ирсэн байна. Дээрэмчид ч буугаа гаргаж ирэн өнөө машины замыг хөндөлдөн зогсоцгоов.

Яков Кошельков 

Энэ машин нь Лениний сууж явсан машин байлаа.

Сүүлд энэ тухай Лениний жолооч Гиль ярихдаа :

“Зам дээр гэнэт буутай гурван хүн гарч ирэн зогс гэж хашхирсан бөгөөд би дээрэмчид байна гэж мэдээд шууд дундуур нь дайрч гарахаар шийдлээ. Гэтэл энэ үед Владимир Ильич цонх тогшоод, "Нөхөр Гиль зогс гэж байна. Зогсоод юу болж байгааг мэдэх хэрэгтэй биш үү? Шөнийн эргүүлүүд бололтой" гэв. Энэ үед араас “зогс, зогсохгүй бол буудлаа” хэмээн хашхирч байлаа.

"Тэр харж байгаа биз, эргүүлүүд байна" гэж Ильич хэлээд би ч зогссон юм.

Машин зогсонгуут хаалга онгойлгосон томоо биетэй хүн Ильичийг захан дээрээс барьж аван шууд гуд татан машинаас гаргалаа. Дараа нь мэдэхэд энэ том биетэй нөхөр бол нөгөө алдартай Яков Кошельков байсан юм билээ. Лениний бие хамгаалагч Иван Чибановыг ч бас цаад хаалгаар хөл гарыг нь сарвагануулан гулдарч чирэн гаргаж байв.

Би Ильичийг юу болж байгаа бол гэж хартал тэр үнэмлэхээ гаргаад барьчихсан байх ба хоёр талаас нь толгойд нь буу тулгасан нөхдүүд “хөдөлбөл хохь чинь шүү” гэж байхыг сонслоо.

-Та нар юу хийж байна. Би Ленин байна. Энэ миний бичиг баримт... гэж Ильич хэлэх үед миний зүрх зогсох шиг л болсон юм. Одоохон л буудах байхдаа гэж бодогдсон бөгөөд аз болж машины моторын дуунаас болсон юм уу дээрэмчид нэрийг нь буруу сонссон байлаа.

-Левин! Чиний хэн байх хамаагүй. Би шөнийн Москвагийн эзэн Кошельков байна. Тиймээс дуугүй л байж бай за юу гэж дээрэмчин хэлээд үнэмлэх цаасыг нь хураан авч нэгжсээр улаан армийн дайчны дэвтэр, түрийвч, браунинг бууг нь авч байв. Яг энэ үед гэнэт нүд харанхуйлаад явсан бөгөөд намайг хэн нэг нь машинаас унатал цохисон байлаа. Дээрэмчид машинд суугаад арилж өгсний дараа: 

-Сайхан хэрэг байна даа. Гурвуулаа байж, бүр гурвуулаа зэвсэгтэй байж машинаа дээрэмдүүлнэ гэдэг. Ичмээр юм! гэж Ильич хэлэв. Лениний бие хамгаалагч бид хоёр чухам ямар ч эсэргүүцэл үзүүлээгүйн хүчинд бид амьд үлдсэн гэдгийг Ильичид тайлбарлах гэж нэлээд юм болсон бөгөөд сүүлд нь Ильич бидний хэлж байгааг зөвшөөрсөн юм.”

Яков Кошельков ойр дотно байдаг эмэгтэйдээ энэ тухай ярихдаа ”Ленин байж гэдгийг дараа нь бичиг баримтаас нь хараад ёстой уур хүрч билээ. Ийм том загас дэгээнд өөрөө орсон байхад буцаагаад тавьчихдаг. Шууд л буцаж Ленинг орхисон газартаа яаран ирсэн боловч байсангүй. Нэгэн үе шарандаа Зөвлөл рүү очиж Ленинг барихаар шийдсэн юм. Гар бөмбөгөө бэлдээд давхиад очтол олон машин байх учир тэгсхийгээд больж билээ” гэсэн байна.

Энэ явдлаас хойш тун удалгүй гэмт хэрэг, гэмт хэрэгтэнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, ямар ч өршөөлгүй байх, тодорхой арга хэмжээ авах тухай Ленин заавар тушаал өглөө. Арга хэмжээ ч авч эхэлжээ.

Милиция (сэргийлэх) түмэн янзын арга хэмжээ авч 200 гаруй хүн баривчилсан ч тэдэн дунд Яшка-гийн ганц ч хүн байсангүй. Цаг хугацаа өнгөрсөөр сэргийлэх энэ ажлыг нугалж дийлэхгүй нь тодорхой болох үед Бүх Оросын Онцгой байдлын комиссын дарга “өнөөх” Зержинский нь Москвагийн сэргийлэхийн дарга, туршлагатай мөрдөгч Мартыновд “өөрийн биеэр ажиллаж Кошельковыг барьж авах”-ыг тушаасан байна. Мөрдөгч зүсээ хувирган дээрэмчдийн дунд шургалж янз бүрийн мэдээлэл цуглуулсаар Яшкагийн бүлгийн гурван нөхрийн нэр ус, хаягыг мэдэж авчээ. Удалгүй өнөө гурвыг барьж аван хайж байгаа хүнийхээ байж болох хэд хэдэн хаягыг олсон бөгөөд эдгээр байцаалтын зарим нэгэнд нь Зержинский өөрөө байсан гэдэг. Хаяг олж авлаа, хэрэггүй болсон нөхдийг  “өөр тийш нь” харууллаа.

Олж авсан хаяг бүхий байранд хоёр өдөр отсоны эцэст нэгэн хүн орж ирснийг барьж авчээ. Гэтэл энэ нь Яков Кошельковын өгөөш байсан ба тэрээр байнга ийм арга хэрэглэн тухайн байр, орчин аюулгүй байгаа эсэхийг мэдэж авдаг байв. Өгөөш үмхсэн Мартынов байрнаас гарч ирэх үед Яшка өөрөө сэргийлэхийн нөхрийг барьж авах гэж бас баахан хөөцөлдөөн буудалцаан болж. Адаг сүүлд нь Мартынов нь Яшка байтугай түүний хойноос хөөх, отох сэжим ч үгүй хоцорчээ.

Зержинский, Мартынов нар

Гэсэн ч шантрахгүй хайсаар 1919 оны 6-р сард Яшкагийн шинэхэн найз бүсгүй болох 20 настай хүүхнийг ёстой санаандгүй олж авсан ба тэр хүүхэн нь мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаар шалгагдаж байж. Байцаалтын үеэр яагаад ийм айхтар газар ирээд байж байгаагаа ойлгож байна уу гэсэн бараг л анхны асуултад уг хүүхэн ”Яков Кошельковтой холбоотой болохоор л тэр гэж” дуугарсан байна.  Гайхсан мөрдөгч арай л дуу алдчихаагүй гэдэг. Одоо хэрэг Мартыновын гарт шилжсэн бөгөөд ийм азтай явдлыг туршлагатай мөрдөгч юу гэж зүгээр өнгөрөөх вэ.

Энэ үед хайртай бүсгүй нь сэргийлэхэд баригдан сууж байгаа гэдгийг мэдсэн Яшка галзуурч эхэлсэн байна. Тэрээр хаа дайралдсан газраа таарах сэргийлэхийн хүмүүсийг зүгээр л буудан алж байсан ба сэргийлэх дуудах шүхэр үлээн гудмаар алхах үед тэр дууг сонсоод гүйн ирсэн бүхнийг буудсаар. Хачин гэмээр нэг зүйл нь тэрээр өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан ба энэ бүх аллагаа бичиж тэмдэглэсэн байжээ.

20 настай бүсгүйгээр дамжуулан Яшкаг олж авсан сэргийлэхийнхэн түүнийг барих гэх үед буудалцаан болсон бөгөөд үхлүүт шархтсан, цус алдсанаасаа болоод юу ч харахгүй байгаа Яшка дээш харан хэвтээд дуу гарсан зүг рүү таамаглан буудсаар үхсэн байна.

 
Нийтлэлч Чалчаа саарал
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]