Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

​Эзэн хаан, мянганы ноён хоёрын хувь заяаны эргүүлэгУншсан2,867

Хасарын шарилыг «Алтан товч»-д тэмдэглэснээр «Их уул» хэмээх нэр нь тодорхойгүй газар онголсон боловч чухам аль нутагт онголсон нь одоо болтол тодорхойгүй билээ.

Судлаач Г.Ариунболдын сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.


Нийтийн он тооллын 1206 оны улаан барс жилийн намар Онон мөрний тэргүүн Дэлүун болдог дахь Их Аураг ордонд хамаг Монголын өргөмжлөгдөөгүй хаан асан Есүхэйн ууган хуү Тэмүжинг Чингис хаанаар өргөмжилж, шинэ залуу Монгол улсын хаант төрийг тунхаглах их ёслол, Алтан ургийн Их Хурилдай болсон билээ. Энэ нь Тэмүжинд Чингис хаан хэмээх оньсого мэт тайлагдашгүй, учир битүүлэг их алдар цол хоёр дахь удаагаа өргөмжлөх болсон нь Хамаг Монголын аймгуудын холбооны тэргүүнээр 11.. оны шарагчин тахиа жил өргөмжлөгдсөнөөс хэдбэрийн хувьд нэгэн адил мэт боловч утга агуулгын хувьд гүн гүнзгий санааг дотроо агуулсан хязгааргуй эрх дарх бүхий өргөн уудам эзэмшил нутаг, илүү их албат иргэдийг захирах болсноороо өвөрмөц онцлогтой байлаа.

 

Мэргэн гэгээний «Алтан товч»-д тэмдэглэсэнчлэн Хасар, Бэлгүтэй нарыг энэхүү их ёслол, алтан ургийн анхдугаар Их Хурилдайгаар Ван хэргэмд өргөмжилсөн мэт дурдсан нь бусад түүхэн тулгар баримт бичгүүдэд тэмдэглэгдээгүй нь түүхэн үнэнийг тогтоох магадлалын хувьд учир дутагдалтай болой. Мөн БНХАУ-ын түүхч Сайшаалын онцлон тэмдэглэсэнчлэн: «Чингис хаан өөрийнхөө төрөл садан, жишээлбэл, дүү Хасар, Бэлгүтэй, Отчигин ба хөвгүүн Зүч, Өгөөдэй нар бүр чухал их зүтгэл гаргаж цусан гавьяа байгуулсан боловч хүнд гавьяатнаар шагнаж эрхэм зэрэгт томилсонгүй байна. Эдгээр байдлаас үзвэл Чингис хааны хүн хэрэглэх зарчим нь «нүүр талаар хэрэглэдэг» хуучин ноёрхогчдын доройтлыг тусгасангүй харин «эрдэм чадвартайгаар нь» хэрэглэдэг шинэ ноёрхогч феодал ангийн мандал хөгжлийг харуулж байжээ» гэснээс үзвэл Хасар, Бэлгүтэйн тухай Мэргэн гэгээний мэдээний үнэн худлыг бага атугай ч нотлох мэт буюу.

Монголын нэгдсэн хаант төр, улсыг тунхагласнаас хойно нэлээд хугацаа өнгөрсний дараа (зарим түүхчид 1216—1217 онуудад хэмээн үздэг) Чингис хаан Алтан ургийнханд хувь албат, эзэмшил бэлчээр нутаг олгожээ.

«Монголын нууц товчоо»-ны мэдээгээр Чингис хаан өөрийн хүү Зүчид есөн мянга, Цагаадайд найман мянга, Өгөөдэйд таван мянга Толуйд таван мянган албатыг ноогдуулжээ. Харин Хасарт хүү нараасаа бага буюу дөрвөн мянган албат ногдуулсан байна.

Үүнээс гадна Японы монголч эрдэмтэн Хонт Санайнов, Персийн алдарт түүхч Рашид-ад-Дины «Судрын чуулганд» дурдсан Чингис хааны цэргийн тоог «Монголын нууц товчоо»-ны мянганы ноёдтой харьцуулан судалж, Чингис хаанаас гурван дүү ба Өэлүн эхэд хувьтгасан цэргийн тоог 12000 болохыг тогтоосон бай-даг. Үүний дотор Хасарт зөвхөн мянган цэрэг оногдсон байжээ. Чингис хаан мөн дүү Хасарт Ноён гол, Хайлаар болон Эргүнэ мөрний сав газрыг хувь эзэмшилд нь ногдуулжээ.

Чингис хаан ийнхүү Алтан ургынханд хувь албат ноогдуулахдаа юуг иш үндэс болгов гэдэг нь сонирхолтой билээ. Тухайлбал дүү Хасарт хувь албат ноогдуулахдаа өөрт нь хавьгүй хожуу зүтгэсэн өөрийн хөвгүүдийн дараа харьцангуй бага албат оногдуулжээ. Чухам үүнд Хасар хэрхэн хандаж байсан тухай тулгар бичгүүдэд тэмдэглэсэнгүй. Харин «Монголын нууц товчоо»-нд «Улус хуригасан жо-багсад экэ бигу-жэ. Кегүд-үн мин-ү аха Жүчи би-же. Дэ-чү нэр-үн мин ү нилха Өтчигин би-жэ» гээд эх, Отчигин хоёрт нэгэн түмэн иргэн(түмэн өрх)-ийг өгвөл эх чамлан эс дуугарав гэсэн байдаг.

Юуны өмнө Чингис хаан Өэлүн эх, Тэмүгэ Отчигин хоёрын дунд түмэн иргэн өгсөнд Өэлүн эх чамласан байна. Үүнийг мөн «Лу. Алтан товч»-д өгүүлснээр «...экэ-дэ Өтчигинү хуби нигэд түмэн иргэ өгбэ. Энэ чинадчү эсэ донгодба» хэмээжээ. Чухам яагаад Алтан ургынхан дотроос өөрийн хүү нарт илүү албатыг, харин Өэлүн эх ба дүү нарт бага хувь өгөв. Дээрх албат хувьтгасан байдалд Хасар Өэлүн эхийн нэгэн адил Чингист баярлаагүй нь лав.

Чингис хааны хувьд хувь албат ноогдуулахад ямар байр суурь баримталсан бэ? гэдэг асуудал анхаарал татаж байна. Үүнд:

Нэгд: Хаант монгол улсын эзэн Чингис(хаан), улс төрийн зүтгэлтний хувьд улс, үндэстний цэрэг улс төрийн дотоод ба гадаад бодлогын уг үндэс, оюун санааны төв нь болсон Алтан ургын дотор Чингис өөрийн удам угсааны байр суурийг бэхжүүлэн бататгах нь үндэстний аюулгүй байдлын нэг баталгаа болж байсан. Иймээс ч хаант төрийн эсрэг шударга ба шударга бус бүх үйлдлийг хатуу чандаар цаазлах тул Хасар эсэргүүцэл этгээдийн хувьд хувь албат оногдох үед хяхагдахад хүрсэн.

Хоёрт: Хувь хүн буюу Тэмүжиний хувьд эзэн хааны ширээ булаалдах эсэргүүцэл этгээдээс болгоомжилж асан. Тийм хүмүүсийн нэг Алтан ургын дотор яах аргагүй Хасар болж байжээ. Үнэхээр ч Хасар Алтан ургийн дотор Чингистэй сөр-гөлдөж байсан бөгөөд яваандаа эзэн хааны суурь булаалдах гол эсэргүүцэл этгээд хэмээн үйл ажиллагаагаараа нотлогдон сэжиглэгдэхэд хүрсэн. Иймээс ч Хасарыг тусад нь дарангуйлан барьж байх, хүн хүчний хувьд түүний дотор цэргийн тоогоор хүчин мөхөс байлгах нь Тэмүжиний эрх ашиг, сонирхолд бүрэн дүүрэн нийцэж асан. Үнэхээр ч хэрвээ Мэргэн гэгээний «Алтан товч»-ийн мэдээ сэлт «харьцангуй үнэнийг» агуулж буй ахул Хасар бичиг үсэг, хууль цааз, цэргийн бодлогын мэдлэгтэй, тухайн цаг үедээ нэлээд боловсролтой нэгэн байсан ч байж болох билээ.

Гэвч дээрхээс гадна бусад учир битүүлэг шалтгаан ч байсныг үгүйсгэх аргагүй билээ.

Чингис хааны дээрх санааг бусдаас эн тэргүүнд таан таньж мэдсэн Тэв тэнгэр хэмээх Хөхөчү бөө хожим үүнийг овжноор ашиглаж өөрийн зорилгыг хэрэгжүүлж байв.

Ах дүү нарын тангараг тасарсан ахул ингэж явахгүйсэн. Жишээ нь: Алтан, Хучар нарыг Чингис хэрхэснийг санахад хангалттай биз.

Харин Хасар шинэ язгууртны төлөөлөгчийн хувьд овгийн сахилга батад баригдахаас бэрхшээсэн талын чөлөөт баатруудын нэгэн адил үзэл санаатай байсны хувьд цаашдаа Чингисийн байгуулсан төр, түүний дотор Алтан ургийн нэгэн гол гишүүний эрх дархыг эдлэхийг хүсэж, овгийн байгууллын үеийнхээс ч дутахгүй хатуу чанд дэглэмд захирагдах, үргэлжийн даралт шахалт дор байх нь Хасарын хувьд үл нийцэх зам байсан, ийнхүү ах дүү хоёрыг «эзэн хаан, мянганы ноён» лугаа эрх мэдлээ хуваалцахын төлөө зөрчил тэмцэлд хүргэсэн өөрийн эрхгүй зайлшгүй гарч ирэх тулгамдсан асуудал болсон биш үү.

Мөн түүнчлэн баруун Европоос Монголд ирсэн Ромын пап ламын тусгай элч Плано Карпинийн «Монголчуудын түүх»-дээ өгүүлсэнчлэн: «Олон ноёдыг сонгох саналгүйгээр, дур зоргоороо загнаж, биеэ магтан сагсууран хаан болохыг санаархан хэрэгжүүлэх гэсэн тухай «Монголын нууц товчоо» зэрэгт дэлгэрэнгүй тэмдэглэсэн байдаг. Мөн Чингис ч ийнхүү бодож байсан нь түүний цаашдын үйл ажиллагаагаар батлагддаг.

Түүхийн тухайн цаг үеийн дэнсэн дээр бодож үзвэл чухам хаант төрийн төвөөс зугтах хүчийг цаг ямагт, цаг алдалгүй бутцохиж, барьж байх нь түүхэн ёсоор Чингис хаанд ноогдсон үүрэг байжээ. Үүнээс үзэхэд Хасарын хувьд аль ч талаас нь аваад үзсэн тухайн түүхэн цаг үед Их Монгол улсын төр эзэн Чингис хааны өмнө эн тэргүүн эсэргүүцэл этгээд буюу «дайсан» нь болон тодорч ийнхүү үнэлэгдэн тооцогдоход хүрчээ. Өөрөөр хэлбэл Хасар зөвхен санаатайгаар ч эзэн хаантай сөргөлдөн тэмцэж явсан бус, харин юуны өмнө цаг үеийнхээ «золиос» болон хувирсан бөгөөд түүний цаашдын амьдралын зам нь түүхэн «хувь заяаны эргүүлэг»-т орж нэгэнт шийдэгдэж байжээ.

Нөгөөтэйгүүр чухам Хасар эзэн Чингистэй хаан ор яг булаалдаж явсан тухай түүний бодит үйл ажиллагааны талаар бат ноттой түүхэн баримт мэдээ түүхийн сурвалж бичгүүдэд алга бололтой ажээ. Зөвхөн Чингис хаан хожим Тэв тэнгэрийн үгээр орж хардан сэжиглэж, байцааж асан тухай мэдээ байдаг билээ. Хэдий тийм боловч Хасар эзэн хааны ор суурийг булаалдаж явсан гэхэд, эзэн хаантай эрх тодорхой хэмжээний мэдэл булаалдаж явсан байж болзошгүй нь түүний үйл ажиллагаанаас ажиглагддаг. Мөн Персийн түүхч Рашид-ад-Дины «Судрын чуулган»-д өгүүлсэнчлэн түүний өөрийнх нь субъектив дүгнэлтээр бол «Чингисийн дүү Зүчи Бара буюу Зүчи Хасар мөн л тийм хүсэлтэй (хаан болох хүсэлтэй-зох), чадал тэнхээгээ, мэргэн харваачаа гайхуулахыг хүсдэг, гэвч түүнд ч бас юм олдохгүй» гэсэн байдаг. Энэ дүгнэлт нь зөвхөн сурвалж бичигт тулгуурласан, хөдөлгөөнгүй, явцуу, өнгөц бөгөөд тухайн цаг үедээ хэт хетлөгдсөн үнэлэлт болох нь Хасарын талаархи судалгаатай зөрж буй юм. Тухайлбал хэрэв Хасар Чингистэй эзэн хааны ор суурийг булаалдаж асан ахул хожим түүнд хувь албат оноож, Алтан улсыг дайлах үед тусгай даалгаварт томилж, их морьт цэргийг захируулан явахгүй асан.. Энэ бүхэн бол зөвхөн эзэн хааны байр суурь булаалдаж байсан уу, тодорхой хир хэмжээний эрх мэдэл, хувь өмч булаалдаж асан уу гэдэгтэй л холбоотой асуудал болой. Мен Хасар, Чингистэй хаан ор булаалдсан уу, эсвэл Чингис Хасараас хаан ор булаалдахаас болгоомжилж асан уу гэдэгтэй холбоотой буй заа. Харин түүхч, сударчид энэ хоёрыг шууд нэг асуудал мэт болгон үзэж байсанд алдаа нь орших бус уу.

Түүнчлэн Хасарын тухайд бусад ах дүү нарын нэгэн адил ялангуяа Есүхэй баатрын нэгэн адил талын язгууртны төлөөлегчийн хувьд нүүдэлчин овог аймгийн язгууртны үзэл санаа бүхий хүн байсан тул бүр анхнаасаа ах Чингисийн тэр үеийн бүх үйл ажиллагаа, «тухайлбал Монголын олон аймаг ханлигийг нэгтгэн нэгдмэл төр улс байгуулах их үйл хэргийг тууштай дэмжин, гар бие оролцож байсан хийгээд Чингис ч мөн Хасарыг бүр эхэндээ ч тэр, нэгдсэн төр улсыг байгуулах тэмцэлдээ, бүр хожим Алтан улсыг эзлэн авч дайлахад ч тэр, нэгэн адил хүчийг нь авч ашигласныг үгүйсгэж болохгүй байх. Хэрвээ Чингис Хаанд урвасан хүнийг хэн боловч өчүүхэн өршөөлгүйгэзр алах ёстой гэж «нэгэн зүйлд заажээ. Үүний дагуу одоо буй Гүюг хааныг ёсчлон өргөмжлөхийн өмнө сонгуульгүйгээр хаан суух гэсэн Чингис хааны нэгэн ачийг цаазалсан ажээ» хэмээснээс үзэхэд Чингис хаан өөрийн дүү байтугай, өөрийн удам угсааны ноёдыг ч хааны ор булаалдах санаархал төдийд цээрлүүлж асан байна.

ХОВ ҮГ, ХИЛС ШИЙТГЭЛ

Алтан ураг, түүний дотор Чингис хаан Хасар нарын энэ зөрчил тухайн үед тэдний ойр байсан хүмүүсийн анхаарлыг татаж байеан бололтой, тухайлбал эрх мэдэл булаалдах сонирхол бүхий, тухайн үед Монгол овог аймгийн олонх албатьн дунд нэр нөлөөтэй болоон нэгэн болох Хөхөчү бөө Тэв тэнгэрийн омог залийг хөдөлгөжээ. Тэрвээр Чингис хаан, Хасар нарын дунд үүссэн үл ойлголцох, үл итгэх байдлыг овжиноор ашиглан ах дүү хоёрыг хооронд нь эвдрэлцүүлж, мөргөлдүүлэх аян шалтаг болгосон байна. Энэ үед Хасар Тэв тэнгэрийн ах дүү нарт жанчуулсан явдал гарсан бөгөөд чухам ямар шалтгаанаас болон энэ явдал болсныг сурвалж бичгүүдэд тэмдэглэсэнгүй ажээ. Тухайн үед өөр явдалд ундууцсан Чингис хаан («Монголын нууц товчоо»-нд өгүүлснээр-зох)-д Хасар долоон хонхтонд жанчигдав хэмээн мэдүүлбэл тэрээр дүүдээ хилэгнэж: «Амитуда үлү илагдаху-ача бүлэгэ чи. Кэр илагдаха чи?» кэгэгдэжү Хасар нилбусу алдагад босчу орчижу Хасар магуилажу гурбан үдүр эсэ ирэбэ...» хэмээсэн байдаг. Мөн энд Чингис хаан юунаас болон хилэгнэж байсныг орхигдуулсан юм.

Энд тэмдэглэхэд академич Ш. Нацагдюрж «Чингис хааны цадиг» номынхоо 117 дугаар талд өгүүлсэнчлзн: «..,Ийн Хасар зөвхөн Чингист загнуулан уйлан гарсан ба гурав хоног ирээгүй төдий биш харин «Алтан товч», «Эрдэнийн товч» зэрэг тулгуур бичгийн мэдээ ёсоор Чингистэй эсэргүүцэн урган гарсан байна...» хэмээн үзсзн нь илт ташаарсан хэрэг билээ. Энэ нь юуны өмнө «Монголын нууц товчоо»-н дахь «гурав хоног ирээгүйг» мөн «Монголын нууц товчоо», «Алтан товч», «Эрдэнийн товч» дахь Чингис баригдан байцаагдсаны дараа буюу түүнээс бүр хойно хэдэн жилийн дараа Хасарын дайжин гарсантай шууд холбож авч үзсэн болов уу. Харин «Монголын нууц тов-чоо»-нд байдагчлан Хасар Чингистэй муудалцаад гурав хоног ирж уулзсангүй хэмээсэн нь бодит түүхэн үнэн, цаг хугацаа, логик дарааллын хувьд илүү зүйд нийцэх бөгөөд үнэмшилтэй билээ. Үнэхээр түүхэн бодит үйл явцын дагуу Хасар Чингист гомдон гурван өдөр уулзаагүй байх үед л Тэв Тэнгэр Чингист Хасарыг цээрлүүлэн шийтгэхийг ятгаж болох байв. Тэгээд ч Тэв Тэнгэр Чингис хаанд: «Мөнх тэнгэрийн сахиус, «Нэгэн удаа Тэмүжин улсын эрхийг барина, нэгэн удаа Хасар улсын эрхийг барина гэж зөн мэдэгдэв. Хасараас эс болгоомжилбол юу болохыг мэдэхгүй» гэж хэлсзн байна. Мөн «Монголын нууц товчоо»-нд өгүүлсэнчлэн «Чингис хаан мөн шөнө морилж, Хасарыг барихаар одвол Хүчү-Хөхөчү хоёр «Хасарыг барихаар одов» гзж Өүлэн эхэд мэдээлэв. Өүлэн эх сүйх тэргэнд цагаан тэмээ хөллөөд шөнө турш явж наран ургах үеэр хүрч ирвэл Чингис хаан Хасарын ханцуйг уяж, малгай бүсийг нь аваад байцаан асууж байв.
Чингис хаан эхээ үзээд эмээн зайлав. Өэлүн эх уурлаж тэрэгнээе буумагц Хасарын ханцуйн хүлгийг өөрөө тайлж тавиад малгай, бүсий нь Хасарт өгөөд уур хилэнгээ дарж ядаж...» байсан гэх мэт үйл явц өрнөдөг. Чухам Хасар ингэж Өэлүн эхийн ачаар нэгэн удаа амь гарсан билээ.

Хасар чухам энэ үед л дайжин гарах санаа төрсөн болов уу. «Монголын нууц товчоо»-ны мэдээ ёсоор бол Чингис эхийн уурыг амирлуулаад «Эхийн хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ больё!» гэсэн боловч «Эхдээ хэлэлгүй далдуур Хасарын зарим иргэнийг булаан авч Хасарт нэгэн мянган дөрвөн зуун иргэнийг үлдээв. Үүнийг Өэлүн эх мэдзэд сэтгэлээ зовсоор хурдан өтөлжээ» гэсэн байдаг. Үнэхээр академич Ш. Нацагдоржийн ажигласнаар мөн Хасар Чингист шийтгүүлснээс хойш нэлээд хугацаа өнгөрений дараа дайжин гарсан нь тодорхой байна. Энэ нь чухам «Монголын нууц товчоо»-нд «Өэлүн эх мэдээд сэтгэлээ зовсоор хурдан хөгширчээ … » гэснээс үзэхэд ойлгомжтой. Энэ үед «Лу. Алтан товч»-ийн мэдээгээр Чингис хаан дүү Хасарын хувь иргэдээс сэм авч хороосоор ...мянга гурван зуун иргэн үлдэх үед «Хасар эзэн дайжин дутаахуйд улсын эзэн зарлиг болж Сүбээдэй баатраар нэхүүлэв» хэмээсэн байдаг.

Чингисийн элч болон Хасарт очсон Сүбээдэй: «Хүн элигэн-эц хагацабасу, хөн-дэлэн хүмүн-ү идэши болом-ун. Уруг эли-гэн-эц хагабасу улус Монгол-ун идэши болом-ун. Өнөр хүмүүн хагацбаеу Өнөчин хүмүн-ү идэши болом-ун. Олон улуе эб-дэрэбэеү, Охорцуг хүмүн-ү идзши болом-ун Хөдөлөхү бүгүдэ олдон-ун, Хүн эли-гэн үлү олдом, Улуе иргэн олдом-ун, Ураг төрөл төрөгдсэн Үлү олдом» хэмэзн эзэн хааныхаа үгийг дуу барин дамжуулжээ.

Харин энэ үед «Монголын нууц тов-чоо»-нд «Хасарт өгсөн Жалайрын Зэвгэ* тэндээс зайлж Баргужин оронд дутаав»~ хэмээсэн нь өмнө дурдан залруулж асан Зэвгээ мөн билээ. Үүнээс үзвэл Сүбээдэйн үгийг Хасар сонсон тунгааж зөвшөөн буцсан, харин Зэвгээ амь хэлтрүүлнэ гэдэгт эргэлзэж цааш Баргужин оронд зайлан гарчэз.
* Зэвгээ бол Чингисийн наян найман гавьяатны дөчин дөрөвдүгээр(45) гавьяатан болой. *

Энд Хасар дайжин гарсантай холбогдох бас нэгэн сонирхолтой асуудал бол «Лу. Алтан товч»-д тэмдэглэснээр бол эзэн Чингист түүний хөтөч Мичин Хасарыг муулан ховлоход уурлан хэлэхдээ: «Урьд долоон хонхатонтой үг нэгдэж явав...» гэсэн нь гайхал төрүүлсэн мэдээ болно. Чухам Хасар долоон хонхатонд жанчуулсан тэрбээр тэдэнтэй нэгдсэн нь эргэлзмээр билээ. Нөгөөтэйгүүр академич Ш. Нацагдоржийн «Эрдэнийн товч»-д өгүүлсэн Хасарыг буцахыг Сүбээдэй баатар ятган мэдүүлэхэд «зөвшөөран урваж ирээд» гэдгийг онцлон үзэж тайлбарласан нь анхаарал татаж буй юм. Гэхдээ хэрэв Хасар Чингист Тэв Тэнгэрийн үгээр шийтгүүлээд дараа нь тэдэнтэй нэгдэж эсрэг тэмцэх болсон нь эргэлзээтэй билээ. Мөн дээрх тайлбарт: «Хасарыг дайжих үеэр Хөхөчү бөөгийн дэргэд есөн хэлтэн өөрөөр хэлбэл хамаг улс хуралдаж очсон, бас Чингис хааны агтны хорооноос ч олон хүн Тэв Тэнгэрт очиж захирагдсан гэж өгүүлжээ. Энэ нь өнөөх Чингисийн хэлсэн ёсоор Хасар Хөхөчү бөө нарын нэгдэн дайжсаныг хэлж байж тун магадгүй» гэсэн нь ташаарсан хэрэг юм.

Чухам «Монголын нууц товчоо»-ны мэдээгээр Хасарыг дайжсаны дараагаар л Хөхөчү бөө дээр Чингисийн албат нараас уван цуван очиж байж. Тухайлбал «Монголын нууц товчоо»-нд «...Тэгүн-ү хоина Иэсүн кэлэтэн(хамаг) иргэн Тэб Тэнгэри-түр күрижү Чингис хаган-у кирү-гэ-дэчэ олон Тэб Тэнгэри-түр хуригуи ол-ба» гэсэн байдгийг анхаарах ёстой билээ. Иймээс «Монголын нууц товчоо»-ны «...Түүний хойно» гэсэн цаг хугацааны тодотголыг мөн харгалзан үзэх ёстой болов уу. Харин Хасар чухам Долоон хонхатонтой нэгдэж байсан нь үнэн эсэх нь тодорхойгүй ч гэсэн түүний дайжсан нь үүний өмнө болсон нь лавтай хэрэг билээ.
Дээрх зүйлүүдээс авч үзэхэд Чингис, Хасар нарын хооронд зөрчил үүсэх үйл явцыг дөрвөн үе болгон авч үзэж болох кж.

Нэгд: Хасар туслах Зэвгээс «Хонгирад аймгийг урвав» гэсэн хуудуутай мэдээ авч Чингист нийлэхээр ирж явсан аймгийг замаас нь залхаан цээрлүүлж дур мэдэн шийтгэж, урван дайжихад хүргэсэн нь анх Хасарын зүгээс гарсан зөрчил үүсэх шалтгаан болсон,
Хоёрт: Чингис Хасарыг хаан ор булаалдах этгээд хэмээн хартай байсан тул хувь албат онооход няхуур зан гаргаж, чамлалттай хувь албат ноогдуулсан явдал нь Чингисийн зүгээс гарсан зөрчлийг сэдрээх бас нэгэл шалтгаан болсон,

Гуравт: Хөхөчү бөөгийн хов үг, өөрийн сэжиг зэргээс үүссэн Хасарыг хаан ширээ булаалдах гэсэн ял тулган асууж, цээрлүүлсэн нь Чингисийн зүгээс гарсан хоёрдахь үйлдэл болж зөрчил дээд туйлдаа хүрсэн,

Дөрөвт: Чингис эхээс далдуур Хасарт оноосон хувь албатаасаа сэм буцаан авч нэгэн мянга дөрвөн зуун албат үлдээсэн нь Чингисийн зүгээс гарсан гурав дахь дайралт болсон, улмаар зөрчил үргэлжилсэн ажээ. Үүний дараах үйл явдлыг «МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО»-нд тэмдэглээгүй бөгөөд хэсэг хугацаанд Хасарын тухай мэдээ ор сураггүй байж байгаад гэнэт Алтан улс руу хийсэн аян дайнд түүний бие оролцсоныг бусдаас онцлон дурдсан байдаг. Харин «Лу. Алтан товч», Мэргэн гэгээний «Алтан товч» гэх мэтэд зарим мэдээнүүд байдаг.

Өмнө өгүүлсэн бүхэн нь чухам талын нүүдэлчин язгууртан, Хамаг Монголын Есүхэй баатрын хөвгүуд болох Тэмүжин, Хасар нар хэдий Өэлүн үжин эхийн нэгэн хэвлийгээс төрж, үзэл сургаалаар нь хүмүүжин өссөн, багын бие биедээ үнэнч хань, салшгүй «ах дүү хоёр» түүхэн цаг үеийн эрхээр хувиран өөрчлөгдөж «эзэн хаан, мянганы ноён хоёр» болсныг түүх гэрчлэн өгүүлэх мэт амой. Энэ үеэс хойш тэд «эзэн хаан, мянганы ноён хоёр» болсон байлаа.

ХАСАРЫН ТУХАЙ СҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ

Хасарын хувь заяа Тэв Тэнгэрийн ятгалгаар Чингист цээрлүүлэгдэж, түүнээс нэлээн хойно Баргужин орон руу дутааж, Сүбээдэйн хамт эх нутагтаа буцаж ирснээс хойш хэрхсэн тухай мэдээ түүхэн I хоосон зай болон хоцорчээ. Энэ нь цаашид судалбал зохих сонирхол татсан асуудал юм. «Монголын нууц товчоо»-нд өгүүлсний хавар Чингис хаан Алтан улсын хойд нийслэл Бэйгин хотыт эзлэхээр довтолсон тухай тэмдэглэхэд Хасарын нэр дахин гэнэт тодрон гарч ирсэн. Анх 1211 оны намар Алтан улсын дундад нийслэл Жүндүг эзлэхээр Чингис хааны морьт цэрэг ширүүн тулалдаж, жанжин Зэв өөрийн цэргийн суут жан-жин, байлдах урлагийн хосгүй сэтгэгчдийн нэг болохоо Монголын цэргийн түүхэнд гайхуулсан билээ. Энэхүү тулалдаанд Хасарын бие оролцож явсан нь лавтай. Дээрх тулалдааны үед(1211 оны өвөл) Чингисийн цэрэг Жүндү хотын цайз бэхлэлтийн бат бэхээс болж багагүй хохирол үзсэн бололтой. Энэ нь цаашид Чингисийг цэргээ гэдрэг татаж, хэсэг хугацаанд түр амсхийн амрах шаардлагыг бий болгожээ.

Үүний дараа хоёр дахь удаа 1213 оны сүүл үед Чингис хааны цэрэг Алтан улсын дундад нийслэл Жүндүг довтлох тулалдаанд Хасар хэрхэн оролцсон тухай «Монголын нууц товчоо», «Лу. Алтан товч» зэрэг бусад түүхэн сурвалжуудад товч тодорхой өгүүлдэг ажгуу. Урьд өмнөх тулалдаануудаасаа сургамж авсан Алтан хаан Цагаан хэрмийн Цавчаал боомтын төмөр хаалгыг дотор талаас нь гагнан, хүнд хуягт кидан цэргээр сахиулсан хэдий ч Чингисийн элчээр Алтан хаанд хоёр ч удаа очиж байсан хүн Жэаэрийн зөвлөснөөр «Чинжигүан боомтоор тойрч, шөнө өдрийн дотор Цавчаал боомтод хүрч чадах нэгэн нарийн зам байдаг» гэсний дагуу Цавчаал боомтод тойруу замаар довтлон очиж, зам дагуух хотуудыг байлдан дагуулжээ. Ингээд 1213 оны 10 сарыг хүртэл бусад жижиг хот, сууринг байлдан дагуулсаар, Жүндү хотын бэхлэлтэд тулж иржээ. Элэ үед Монголын дайлаар мордсон цэрэг зуун арван мянга орчим байсан бололтой.

Жүндү хот бат бэх хамгаалагдсан явдал Чингис хааны хувьд байлдааны өмнө төлөвлөсөн шийдээ өөрчлөхөд хүргэжээ. Энэ нь юуны өмнө цаг алдахгүй байх буюу ганц нэгэн хот дээр саатан удахгүйгээр цаашдын давшилтыг нэн ашигтайгаар шийдвэрлэх явдал байв. Тухайн үед Алтан хаан гол бөгөөд бүх цэргээ Жүндү хотод бөөгнүүлсэн байв. Ингээд Чингис цэргээ гурван зам болгон хувааж довтолгоогоо Хятадын гүн тийш шилжүүлж, Жүндүг тойрон өнгөрч цаашлан довтлохоор шийджээ. Энэ үед баруун замын цэргийн Зүчийн удирдлагын дор Цагаадай, Өгөөдэй нар захиран явжээ. Тэдэнд дөчин мянган цэрэг байв. Дунд замын цэргийг Чингис хаан захирч өөрийн отгон хүү Толуйг авч явжээ. Зүүн замын цэргийг «Монголын нууц товчоо»-нд онцлон тэмдэглэсэнчлэн Хасар захирч, түүний дор Уруудын Жорчидай, Алчи ноён (Чингисийн хата Бөртийн их ах), Толон черби(Хонхотны Мэнлиг эцгийн хүү) нар явжээ, дунд болон зүүн замын хүч нийлээд далан мянга орчим цэрэгтэй байв.

Үүний дотор Хасарын удирдсан зүүн замын бие бүрэлдэхүүний талаар товч авч үзье. Энэ үед Хасар тавь орчим настай хүн байжээ. Түүний захирсан хэсэгт (бүлэглэлд) Уруудын Жорчидайн захирсан дөрвен мянган урууд мангууд цэрэг, Чингисийн их хатан Бертэ үжиний их ах, Дай сэцэний ууган хүү, хожим Өгоөдэй хааны үед төрийн нагац цол хүртсэн Алчи ноёны захирсан Хонгирадын гурван мянган цэрэг байв. Мөн Хонхотны Мэнлиг эцгийн хүү (Хасарыг жанчсан) Толон чербийн захирсан монгол, киданы цэрэг орсон байв. Монгол цэрэг бүгд морьт цэргээс бүрэлдэж байжээ. Энэ байлдаалд Чингисийн наян найман гавьяатны  зургадугаар гавьяатан болох Жорчидай Хасарын хамт зүүн гарын цэргийг командлан захирч явжээ. Хасарын захирсан зүүн замын цэрэг далайн дагуу зүүнээс довтолж Жизеу (Хэбэй мужийн Жий Сиян), Луважоу (Хэбэй мужийн Луван Сиян) ба Ляоши зэрэг газрыг довтолж эзлэн авчээ.

Мөн бусад замын цэргүүд нь өөр өөрийн зам дагуух хот балгасыг байлдан дагуулж явжээ. Энэ үед Алтан хаан өөрийн цэргийн гол хүчийг Жүндүд байрлуулсан нь бусад хот сууринг эзлэн авахад Монголын цэрэгт дөхөм хялбар болсон буюу. Мөн энэ үед Сүн улстай байлдаж гавьяа байгуулж шагнуулсан Алтан улсын баруун нийслэлийн сэргийлэгч жанжин Хү-шаху ордны хуйвалдаан хийж Вангил Юнг Жий хаанд хор идүүлэн алж, Пан Ван Вангин Шиюаныг Алтан улсын наймдугаар хаанаар өргөмжилжээ. Энэ үед Монголын их цэрэг Шаньдун, Шаньси, Хэбэй, Ляоши зэрэг нутгийн 90 гаруй хот сууринг эзлэн авсаян байлаа. Ингээд 1214 оны хөх нохой жил «Монголын нууц товчоо»-нд тэмдэглэснээр «Чингис хаан Хэ-си-вүд буугаад дараа нь Жүндүгийн Шар хээрт буув» гэжээ. Энэ үед Алтан улсын хааны ордонд дайныг зогсоох тухай асуудлаар яаралтай хурал хийж байв.

Үүнд хоёр янзын санал гарсан бөгөөд нэг нь цаашид Монгол цэрэгтэй үргэлжлүүлэн байлдах, нөгөө нь түр найрамдах санал байв. Байлдах саналыг Килжан Зүхэ Гоо-чи хэмээх түшмэл тавьж, Монголын морьд урт аянаас ядран туйлдаж эцэнхий байгаа тул шийдвэртэй байлдая гэв. Нөгөө саналыг нийтлэн захирагч Юан-Шувей Вангин Чаяхуй гэгч тавихдаа юуны өмнө Жүндүг хамгаалсан цэрэг нь янз бүрийн нутгаас ирсэн тул тэд гэр орноо санагалзаж тийм ч олигтой байлдахгүй тул шийдвэрлэх тулалдааны үед амархан бутарч таран одно гэж үзэв. Иймээс Чингистэй найрамдах нь зөв гэж бүгд шийджээ, Ингээд 1214 оны (нохой жилийн) 3 дугаар сарын цагаагчин хонин өдөр «Алтан хаан Нанжин (өмнөд нийслэл) орожу өгөр-эи элсэн мүргжү Тэнгэри нэрэтү кегү-бэ загун нөхөд-тү-и. Чингис хаган дур тургаг болтугаи кэгэя илэцүжү Име-да элсэгдэжү Чингис хаган ичүта кэгэн Цавчигал-иар тэндэ ичурди Хасар-и зэгүн гар-ун цэригүд (и)-эр далан кижил илэ-рүя Бэгии балагасү багудхун Бэгин бала-.,. га-сун-и элсэгүжиү чинана Зүрчэд-үн Фухалу-ги дагарин оджу. Фухану булга сэткигэсү хагулудхун элсэ-гэсү ин-ү ки-жигар балагад ан-у дагарин Ула Наху мүрэд кижян оджү.

Тахур мүрэн өгэд да-бажу иэхэ атуруг-тур нэилэн ирэдкүл кэдэжү ирэбэ. Хасар луга ноиад-аца Жүр-чэдэи, Алчи, Толун чэрби гурбан-и илэл-дүбэ. Хасар Бэгин балагасун оро.гулжу, Зүрчэд-үн фухану-ги элсэгүлжү Мөр-э бүмүн балагасүн-и орогулугад Хасар Та-хур мүрэн өгэдэ ирэжү иэхэ агуруг-тур багужу ирэбэ» хэмээн «Монтолын нууц товчоо»-ны 253 дугаар зүйлд өгүүлсэп нь Алтан улсын нийслэл Жүндү рүү довтолсон хоёр дахь удаагийн тулалдааны дараахь үйл явдлуудыг маш товчлон өгүүлсэн нь энэ болой. Мөн үүнд зөвхен Хасар болон түүний захирсан зүүн гарын цэргийн үйл ажиллагааны талаар маш товч дурдсан байхаас Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Толуй, Мухулай нарын талаар дурдсангүй буюу. Алтан улс руу хийсэн аян дайнаас хойш Сартуул иргэн(Хорезм) руу болон баруун зүгт хийсэн аян дайнд Хасар хэрхсэн тухай мэдээ баримт түүхэн тулгуур бичгүүдэд байдаггүй болно.

Харин зөвхөн Жамбалдоржийн «Болор толь»-д дурьдсанаар бол Хасар Сартуулд мордсон «ТУСГААР ТОГТНОЛ» байж болзошгүй тухай нэгэн домогтой л холбон үзүүштэй. Энэ нь, Чингис хаан Гүрбэлжин хатанд хорлогдсон хэмээх яриа домог хэрхэн үүссэн тухай асуудал болой. Үүнд, Сартуул(Хорезмын) Султан хааныг алаад түүний "Үнэгэн хатан нэгэн бяцхан хөвгүүнтэй ирснийг Хасар хатан болгон авсан бөгөөд тэр хатны хөвгүүн урьд өөрийн эцэг Султан хааныг алсан хийгээд, үрчилсэн эцэг Хасарыг худагт хорих зэрэгт Чингис хаанд өсөлж тийм цуу түүхийг зохиосон буюу. «Эрдэнийн товч», «Алтан товч»-д тэмдэглэснээс үзвэл Хасар, Чингис хааны хамт Урая Чингүйн бослогыг дарахад оролцож Болболон гэгч эмэгтэйг шагналд авсан тухай өгүүлсэн байдаг. Үүнээс хойш Мэргэн гэгээний «Ху. Алтая товч»- л тэмдэглэснээр Тангуд улстай хийсэн аян дайнд Хасар оролцож явсан тухай мэдээ байдаг. Тэр үед Тангуд улсын нэгэн хотын төмөр хаалганы дэргэд нэгэн сонин амьтан(буга гөрөөс буюу) хүний хэлээр өгүүлж: «Хаан хурдан буц» хэмээжээ. Энэ үед Чингис хааныг дагалдан явсая Киданы эрдэмтэн Елюй Чу Цай: «Үүнийг тэнгэр зарж хэлсэн болой. Хаан тэнгэрийн сэтгэл лүгээ нийлүүлж цэрэг буцваас «сэцэн» гэхэд Хасар үүнийг үл зөвшөөрч Елюй Чу Цайг зэмлэсэн нь хэдүйнээс кидан эрдэмтнийг бишрэн шүтэх Чингис Хасарыг донгодсон зэрэг сонирхолтой домог маягийн мэдээ байдаг.

Иймэрхүү мэдээ мөн «Юан улсын судар»-т ч тааралддаг болой. Дээрхээс үзвэл Хасар нарын зарим ноёд дайныг цаашид үргэлжлүүлэх сонирхолтой байсан бөгөөд харин ер бусын зэргээр ард олон болон аян дайнд ядарч зүдэрсэн монгол цэрэг эрс, Монголын ард олныг төлөөлүүлэн дайныг зогсоож, эх нутгийн зүг аяны жолоог залахыг хүсэж байсныг өгүүлсэн бололтой.. Чухам энэ үед Мэргэн гэгээний «Ху. Алтан товч»-д мэдээлснээр Чингис, Хасар нар мөн дахин эвдрэлцэж явсан бололтой. Энэ нь Чингис урьдын адил башир ааш гаргаж Хасарыг цаг ямагт өөрийн гарын дор дарангуйлан байхыг эрхшээж, янз бүрээр өө сэв эрэн гоочилж байсныг харуулж байна. Тухайлбал «Лу. Алтан товч»-д өгүүлснээр Чингисийн хөтөч Мичин нь Хасар, Чингисийн хооронд яс хаяж эвдрэлцүүлж байсныг өгүүлжээ. Тухайлбал Мичин хөтөч гахай жил Чингис хааныг Тангуд руу Есюй хатнаа авч мордох үед Хасарын тухай эзэндээ хошуу өргөж «Хасар дүү чинь архидаж суухдаа Хулан хатны гараас барив» хэмээн мэдүүлэхэд Чингис дүү Хасарыг баривчлан авч «гинж дөнгө өмсгөж, дөрвөн хүнээр сахиулж, бух гөрөөсний хүнс өгч, хашаат худагт хүлж тавив» гэсэн домог мэт мэдээ байдаг билээ. Үүний дараахан Чингис Хасарыг өршөөн тавиулсан байна. Ингээд 1227 оны улаан нохой жилийн өвлийн сүүл сард Хасар жаран гурван нас сүүдэртээ Хятадын Миу овогт хүнээр эмчлүүлж байгаад язгуурын хөлийн тулай өвчин нь үгдэрч түүнээс болон нас барсан тухай Мэртэн гэгээний «Алтан товч»-д тэмдэглэсэн байдаг.

Хасарын шарилыг «Алтан товч»-д тэмдэглэснээр «Их уул» хэмээх нэр нь тодорхойгүй газар онголсон боловч чухам аль нутагт онголсон нь одоо болтол тодорхойгүй билээ.

Судлаач Г.Ариунболд

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 8. 16:08
Tataruud hurtel baruun tald manai tuuh 1l bishsee

НАДАД БАС ЭРГЭЛЗЭЭТЭЙ САНАГДААД байсиймаа ЯАГААД Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Тэр их үйл явдлаас эд өлгийн,хот суурингийн УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ ЗААВАЛ.Харамсалтай олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТ аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өвлүүлж явааг нь СУДАЛЖ мэдээд ,,, БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэхэхМГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэвт шингэсэн ардын ДУУ. төрийн далбаан дээрхи ИНЯН(манай эрдэмтэд эр эм загас гэж бурдаг бсн хэхэ) гхм ЭНЭ ИХ ХЯТАДын соёлыг ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.Бидны ӨВӨӨ ЭМЭЭгийн бидэнд өвлүүлсэн мөнгөн эдлэл эмээлын баавар.дэнзэн ташуур босоо захтай дээл ГХМт, ер нь МГЛ үндэсний соёлын өв ЯГААД ЭРТны БУНХАН малтлагаар илэрдэггүйЮМ бэ..Архиологийн олдворууд шаал өөр зүг заагаад байхнь урамгүй.Та соёл өөрчлөгддөг гэх байх,гэвч ХЯТАД МАНЖийн өв соёлийг хойч үе УДАМ нь ЯЛГАХАА байтлаа ӨӨРИЙМШҮҮЛСЭН нь хэний буруу вэ.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]